Skip to content

Гарчиг руу орох

Таны хувьд үнэн хэр үнэтэй вэ?

Таны хувьд үнэн хэр үнэтэй вэ?

Таны хувьд үнэн хэр үнэтэй вэ?

«Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» (ИОХАН 8:32).

1. Есүсийн хэлсэн «үнэн» Пилатынхаас ямар ялгаатай вэ?

 «ҮНЭН гэж юу вэ?» Пилат ийнхүү асуухдаа үнэн гэдгийг ерөнхийд нь л сонирхсон бололтой. Үүний өмнөхөн Есүс: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлсэн билээ (Иохан 18:37, 38). Онцлог нь Есүс онцгой үнэн буюу Бурхны үнэний тухай хэлсэн юм.

Ертөнцийн зүгээс Бурхны үнэнд хандах нь

2. Үнэн үнэтэй болох нь Есүсийн хэлсэн ямар үгнээс харагддаг вэ?

2 «Бүх хүн итгэлийнх биш» хэмээн Паул хэлжээ (2 Тесалоник 3:2). Бурхны үнэний тухайд ч мөн тэгж хэлж болно. Библид үндэслэсэн үнэнийг мэдэх боломж олдоход олон хүн санаатайгаар татгалздаг. Гэлээ ч гэсэн энэ үнэн хэчнээн үнэтэй гээч! Есүс: «Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэжээ (Иохан 8:32).

3. Хуурамч сургаалтай холбоотой ямар сануулгыг анхаарах хэрэгтэй вэ?

3 Элч Паул үнэнийг хүний гүн ухаан, уламжлалаас олж болохгүй талаар хэлсэн (Колоссай 2:8). Үнэндээ тиймэрхүү сургаал хуурамч байдаг. Тэдгээрт итгэвэл сүнслэг талаараа «давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдах» нялх хүүхдүүд шиг болно гэдгийг Паул Ефесийн христиануудад урьдчилан анхааруулж байв (Ефес 4:14). Өнөөдөр Бурхны үнэнийг эсэргүүцэгчид «хүмүүсийн ов мэхийг» сурталчилж байна. Ийм суртал нэвтрүүлэг нь үнэнийг овжин аргаар худал болгож гуйвуулаад худлыг үнэн болгож тараадаг. Дотуураа идсэн тийм дарамтаас үнэнийг олж ялгахын тулд Библийг хичээнгүйлэн судлах хэрэгтэй.

Христианууд ба энэ ертөнц

4. Үнэнийг хэнд бэлэглэдэг вэ? Үнэнийг хүлээж авсан хүмүүст ямар үүрэг хариуцлага оногддог вэ?

4 Есүс Христ шавь нарынхаа төлөө: «Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн» хэмээн Еховад залбирчээ (Иохан 17:17). Есүсийн шавь болсон хүмүүс Еховад үйлчилж, түүний нэр ба Хаанчлалыг алдаршуулах зорилгоор «ариусгагдсан» буюу тусгаарлагдсан байх ёстой аж (Матай 6:9, 10; 24:14). Хэдийгээр Еховагийн үнэн бүх хүнд олдоод байдаггүй ч, түүнийг эрж хайдаг хүн бүрд үндэс гарал, арьс өнгө, соёлоос нь хамаарахгүйгээр бэлэг болгон чөлөөтэй өгөх юм. Элч Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» гэжээ (Үйлс 10:34, 35).

5. Христиануудыг юуны учир цаг ямагт хавчсаар ирсэн бэ?

5 Христиануудыг Библийн үнэнийг хуваалцах гэхэд нь хүмүүс тэр бүр таатай хүлээж авдаггүй. Есүс: «Хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» хэмээн урьдчилан анхааруулсан билээ (Матай 24:9). Библийн энэ зүйлийг Жон Коттер гэдэг ирланд лам тайлбарлан: «Дэлгэрүүлэх ажлынхаа үрээр хүмүүсийн амьдралыг өөрчлөн сайжруулах гэсэн тэдний [христиануудын] оролдлогыг ард олон талархан хүлээж авсангүй, харин ч өөрсдийг нь үзэн ядаж, хавчиж мөрдөх болжээ. Учир нь христианууд тэдний гэм нүглийг илчилсэн юм» хэмээн 1817 онд бичжээ. Тийм хавчигчид «аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй» учраас «Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдана» (2 Тесалоник 2:10–12).

6. Христиан хүн ямар хүсэл тачаалаа хөгжүүлэх ёсгүй вэ?

6 Элч Иохан энэхүү дайсагнасан ертөнцөд амьдран буй христиануудад: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. [...] ...Ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм» хэмээн сануулжээ (1 Иохан 2:15, 16). Иохан «ертөнцөд байгаа бүхэн» гэж хэлэхдээ нэг ч зүйлийг хасаагүй юм. Тийм учраас бид ертөнцийн зүгээс санал болгодог, үнэнээс холдуулах гэсэн ямар ч юмыг эзэмших хүсэл тачаалаа хөгжүүлэхгүй байхыг хичээдэг. Иоханы зөвлөгөөг анхаарвал бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлнэ. Яаж?

7. Үнэний мэдлэг чин сэтгэлтэй хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?

7 2001 онд Еховагийн Гэрчүүд дэлхий даяар сар тутам 4,5 сая гаруй Библи судлалыг ганцаарчлан болон хэсэг бүлэг хүмүүст явуулж, Бурханд таалагддаг амьдралд тавигдах шаардлагуудыг зааж сургасан. Үүний дүнд 263 431 хүн баптисм хүртлээ. Энэ шинэ шавь нар үнэний гэрлийг үнэлдэг болж, муу харьцаа холбоогоо тасалж, энэ ертөнцөд өргөн тархсан Бурханд үл таалагдах ёс суртахуунгүй амьдралаас татгалзсан юм. Тэд баптисм хүртсэн цагаасаа эхлэн христиан хүн бүрд тавигддаг Еховагийн хэм хэмжээгээр амьдарсаар байна (Ефес 5:5). Тэгвэл таны хувьд үнэн үнэтэй юү?

Ехова бидэнд санаа тавьдаг

8. Ехова биднийг хамаг бүхнээ өөрт нь зориулахад яаж хүлээн авдаг вэ? «Эхлээд Түүний хаанчлалыг хайх» нь яагаад ухаалаг хэрэг вэ?

8 Ехова бидний төгс бусыг үл харгалзан, хайрын сэтгэлээр үйлчлэгчээ болгон хүлээн авч, үлгэрлэвэл, доош бөхийн биднийг өөртөө татдаг гэлтэй. Бид Еховагаас суралцдагийн ачаар эрхэм зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болдог (Дуулал 113:6–8). Ехова бидэнд өөртэй нь дотно харьцаа хөгжүүлэх боломж олгодог бөгөөд «эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайвал» халамжлан санаа тавихаа амладаг. Бид энэ шаардлагыг биелүүлж, сүнслэг байдлаа хадгалсан цагт бидэнд «бүхнийг нэмж өгөх болно» (Матай 6:33).

9. «Итгэмжит ухаалаг боол» гэж хэн бэ? Ехова бидний төлөө санаа тавихдаа энэхүү «боолыг» хэрхэн ашигладаг вэ?

9 Есүс Христ 12 элчээ сонгож, «Бурхны Израиль» гэж нэрлэгдэх болсон тослогдсон христиануудын хурлын үндсийг тавьсан билээ (Галат 6:16; Илчлэлт 21:9, 14). Хожим тэд «амьд Бурхны хурал, үнэний багана ба түшиг» гэгдэх болжээ (1 Тимот 3:15, ШЕ). Есүс энэ хурлын гишүүдийг «итгэмжит ухаалаг боол» ба «итгэмжит ухаалаг нярав» хэмээн нэрлэсэн. Есүсийн хэлснээр энэхүү «боол» нь христиануудад «цагт нь хоол ундыг өгөх» үүрэгтэй (Матай 24:3, 45–47; Лук 12:42). Хоол ундгүй бол өлсөж үхдэг. Үүнтэй адил, хэрэв бид сүнслэг хоол ундгүй бол сульдаж, сүнслэгээр үхнэ. Тэгэхлээр «итгэмжит ухаалаг боол» байгаа явдал бол Ехова бидэнд санаа тавьдгийн өөр нэгэн баталгаа мөн. «Боолоор» дамжуулан өгч байгаа үнэт сүнслэг хоол ундыг цаг үргэлж үнэлж байя (Матай 5:3).

10. Цуглаанд тогтмол очих нь бидэнд яагаад амин чухал бэ?

10 Сүнслэгээр хооллох гэдэгт бие даан судлах, итгэл нэгтнүүдтэйгээ харьцах, цуглаанд очих зэрэг орно. Та зургаан сарын өмнө ч юм уу, эсвэл зургаан долоон хоногийн өмнө юу идсэнээ тодорхой санаж байна уу? Үгүй л болов уу. Тэглээ ч гэсэн, таны идсэн ямар ч хоол тэжээл тамир тэнхээтэй байхад тань хэрэгтэй байсан биз ээ. Тэгээд та яг тийм хоолыг олон ч удаа идсэн байх. Манай цуглаанаар өгдөг сүнслэг хоол ундны талаар мөн тийн хэлж болно. Цуглаанаас сонссон бүхнээ нэгбүрчлэн санахгүй байж болох юм. Тухайн үед авч үзсэн материал нэг бус удаа яригдсан ч байж юун магад. Ямартай ч, энэ бол бидний сайн сайханд амин чухал сүнслэг хоол унд юм. Манай цуглаанаар чанар сайтай сүнслэг хоол тэжээлийг цагт нь байнга өгдөг билээ.

11. Цуглаанд очиход ямар үүрэг хариуцлага оногддог вэ?

11 Түүнчлэн, цуглаанд очих нь үүрэг хариуцлага оногдуулдаг. Итгэл нэгнүүдээ «хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулж, нэг нэгнээ зоригжуулахыг» христиануудад сануулсан буй. Бүх цуглаандаа бэлдэж, очиж, оролцох нь өөрсдийн маань итгэлийг бэхжүүлэхийн хамт бусдыг зоригжуулдаг (Еврей 10:23–25). Хүүхэд шиг хоолоо голж шилдэг зарим хүнийг сүнслэг хоол унд идэхэд нь тогтмол урамшуулах хэрэгтэй (Ефес 4:13). Хэрэгтэй цагт нь тийнхүү урамшуулах нь хайрын илрэл болдог ба төлөвшсөн христиан болоход нь тусалдаг. Элч Паул: «Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэж бичсэн байдаг (Еврей 5:14).

Сүнслэг байдлаа анхаарах нь

12. Биднийг үнэний зам дээр үлдэхэд хэн гол үүрэгтэй вэ? Тайлбарлана уу.

12 Амьдралын хань юм уу, эцэг эх маань биднийг үнэний замд зоригжуулж чадна. Бас хурлын ахлагч нар ч хонин сүргээ асран хариулдаг хоньчин адил бидний төлөө санаа тавьдаг (Үйлс 20:28). Гэвч үнэний замаар тууштай явахад маань хэн гол үүрэгтэй вэ? Мэдээж ямар ч нөхцөлд бид өөрсдөө гол үүрэгтэй. Жирийн үед ч, хэцүү цагт ч ялгаагүй. Нэг жишээ үзье.

13, 14. Хурганы тухай жишээнээс үзэхэд шаардлагатай сүнслэг тусламжийг хэрхэн олж авч болох вэ?

13 Хэдэн хурга нугад бэлчиж байв. Тэгтэл нэг нь ижлээсээ тасран, толгойн энгэрээр явж байснаа жалга уруу уначихжээ. Хурга бэртээгүй ч ихэд айж, дээшээ авиран гарч чадсангүй. Тэгээд өрөвдөлтэй нь аргагүй майлж гарчээ. Эх нь хурганыхаа майлах дууг сонсоод хариу майлж эхэлтэл хоньчин ирж хургыг олж авчээ.

14 Үйл явдлын дарааллыг анхаараарай. Хурга тусламж дуудан майлахад, эх нь хариу майлсан. Тэгтэл дохио авсан хоньчин хургыг аврахаар гүйн очсон. Эх хурга хоёр аюулыг мэдрээд нэн даруй тусламж дуудаж байхад бид ч бас сүнслэгээр бүдрэх юм уу, Сатаны ертөнцөөс ирсэн гэнэтийн аюултай нүүр тулахдаа тэгж болохгүй гэж үү? (Иаков 5:14, 15; 1 Петр 5:8). Бага залуугаасаа болоод ч юм уу, эсвэл Бурхны үнэнтэй танилцаад удаагүйдээ туршлага дутвал бүр ч тэгэх хэрэгтэй.

Бурхны удирдлагыг дагавал жаргана

15. Нэгэн эмэгтэй Еховагийн Гэрчүүдийн хуралд нэгдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

15 Библийг ойлгохын ач холбогдол болоод үнэний Бурханд үйлчилдэг хүмүүсийн сэтгэл санааны тайван байдлыг авч үзье. Насаараа англикан шашны сүмд явсан 70 настай нэгэн авгай Еховагийн Гэрчтэй Библи судлахаар болжээ. Удалгүй тэр, Бурхны нэрийг Ехова гэж мэдсэн ба тэндхийн Хаанчлалын танхимд очдог болж, залбирлын дараа бүх хүнтэй хамт «амен» гэж хэлдэг болсон байна. Тэгээд их өндөр сэтгэгдэлтэй: «Та нарын хувьд Бурхан төгс бус хүмүүсээс асар дээр, алс хол байдаг нэгэн биш юм. Дотнын найз шиг хажууд маань байдаг юм байна. Урьд нь надад хэзээ ч ингэж санагдаж байсангүй» хэмээн ярьсан юм. Чин сэтгэлтэй энэ эмэгтэй Библийн үнэнээс төрсөн анхны сэтгэгдлээ хэзээ ч мартахгүй биз ээ. Бид ч бас үнэнийг анх хүлээж авахад хэчнээн үнэтэй байсныг хэзээ ч мартахгүй байцгаая.

16. а) Мөнгийг амьдралынхаа тэргүүн зорилго болговол юу тохиолдож болох вэ? б) Яавал жинхэнэ аз жаргалтай болох вэ?

16 Их мөнгө аз жаргал авчирна гэж итгэдэг хүн олон байдаг. Гэтэл бид мөнгийг амьдралынхаа тэргүүн зорилго болговол «сэтгэлийн түмэн зовлонд» шаналах болно (1 Тимот 6:10, «Phillips»). Хэчнээн олон хүн их мөнгө олно гэж хий мөрөөдөн хонжворт сугалаа сугалж, казинод мөнгөө үрж, үнэт цаасны зах зээлд бодлогогүй наймаа хийж байна даа. Даанч дэндүү цөөхөн хүнд аз таардаг. Тэгээд ийм аргаар гэнэт баяжсан ч илүү жаргалтай болдоггүй. Харин Еховагийн хүсэл тааллыг биелүүлж, ариун сүнсний нь удирдлага болон тэнгэр элчүүдийн тусламжийг авдаг христиан хуралтай хамтран ажиллаж байж л жинхэнэ аз жаргалыг олж авдаг билээ (Дуулал 1:1–3; 84:4, 5; 89:15). Ингэсэн цагт гэнэтийн ивээл аяндаа ирэх болно. Амьдралд тань тийм их ивээл авчрагч үнэн таны хувьд хэр үнэтэй вэ?

17. Петр арьсчин Симоныд байснаараа ямар үзэл бодолтой гэдгээ харуулсан бэ?

17 Элч Петрт тохиолдсон явдлыг авч үзье. Тэрээр МЭ 36 онд Шароны талд миссионерийн аялал хийж явахдаа Луддад түр буудаллажээ. Тэнд саа өвчтэй Айни гэдэг хүнийг эдгээсний дараа Иоппа хэмээх боомт хотод очсон. Тэндээ Доркас нэртэй эмэгтэйг амилуулав. Үйлс 9:43-т: «Петр хэд хоног Иоппад үлдэж, арьсчин Симоныд байлаа» гэжээ. Энэ товч тэмдэглэлээс харахад Петр уг хотынхонд ялгаваргүй хандсан нь харагдаж байна. Ямар баталгаа байна? Библи судлаач Фредерик Фаррарын бичсэнээр: «Аман [Мосегийн] хуулийг чанд, тууштай баримтлагч нэг ч хүн арьсчны гэрт суухгүй байх байсан. Арьсчин хүн ажлынхаа шаардлагаар янз бүрийн амьтны хүүр, арьс ширтэй өдөр бүр харьцдагийн улмаас, мөн үүнд хэрэглэгддэг материалуудаас болоод хуулийг чанд баримтлагчдын нүдэнд бузар, жигшүүртэй харагддаг аж». Симоны гэр ажлаас нь хол, «тэнгисийн дэргэд» байсан ч Симон өөрөө «бусдын жигшдэг ажлыг хийдэг байсан бөгөөд энэ ажлыг эрхэлдэг бүх хүн өөрсдийгөө дорд үздэг байжээ» гэж Фаррар хэлсэн байна (Үйлс 10:6).

18, 19. а) Петр үзсэн үзэгдлээ юуны учир ойлгож ядан байсан бэ? б) Петр гэнэтийн ямар ивээл хүртсэн бэ?

18 Петр Симоныд сэжиггүй зочлуулсан бөгөөд тэнд байхдаа Бурхнаас гэнэтийн заавар авсан билээ. Петр иудейн хуулиар ариун бус гэгддэг амьтдыг идэхийг тушаасан нэгэн үзэгдэл үзээд, «Би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй» хэмээн эсэргүүцдэг. Гэвч түүнд гурван удаа: «Бурхны цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн» гэж хэлдэг. Тэгэхлээр, «үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байсан» нь ойлгомжтой (Үйлс 10:5–17; 11:7–10).

19 Урьд өдөр нь Симоныхоос 50 км зайтай байдаг Кайсари хотод Корнел (еврей үндэстэн биш) гэгч хүн үзэгдэл үзсэнийг Петр мэдээ ч үгүй байв. Еховагийн тэнгэр элч, зарц нараа явуулж, арьсчин Симоныхоос Петрийг олуулахыг Корнелд тушаасан аж. Корнелийн зарц нар Симоны гэрт очиж, Петртэй цуг Кайсарид буцаж ирэв. Петр тэнд очоод, Корнел болон хамаатан садан, найз нөхдөд нь Бурхны өгсөн мэдээг ярьсан. Үүний үр дүнд тэд хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдээс анх удаа Христэд итгэж, ариун сүнс авсан Хаанчлалын өв залгамжлагчид болжээ. Петрийн мэдээг сонссон хүмүүс хөвч хөндүүлээгүй хирнээ бүгдээрээ баптисм хүртсэн. Тийнхүү иудейчүүдийн үздэгээр ариун бус үндэстнүүдэд христиан хурлын гишүүн болох зам нь нээгдсэн билээ (Үйлс 10:1–48; 11:18). Петр үнэнийг эрхэмлэн үнэлснээрээ Еховагийн удирдлагыг дагаж, итгэлээрээ үйлддэг байсан нь түүний хувьд ямар их аз завшаантай хэрэг байгаа вэ!

20. Үнэнийг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавивал Бурхан яаж туслах вэ?

20 Паул: «Хайр дотор үнэнийг ярин, бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой» гэж уриалсан байдаг (Ефес 4:15). Тийм ээ, хэрвээ бид үнэнийг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавин, Еховагийн ариун сүнсээр алхаагаа удирдуулбал зүйрлэшгүй аз жаргал эдэлнэ. Тэрчлэн, бидний дэлгэрүүлэх ажилд ариун тэнгэр элчүүд тусалдаг гэдгийг бүү мартаарай (Илчлэлт 14:6, 7; 22:6). Еховагийн бидэнд даалгаж өгсөн ажилд тийм туслагч байдаг нь ямар их завшаантай хэрэг вэ! Хэрэв бид эцсээ хүртэл үнэнч байвал үнэний Бурхан Еховагаа үүрд магтан алдаршуулах болно. Үүнээс үнэтэй юм гэж байх уу? (Иохан 17:3).

Бид юу мэдэж авав?

• Бурхны үнэнийг олон хүн хүлээж авдаггүйн учир юу вэ?

• Сатаны ертөнцөд христианууд хэрхэн хандах ёстой вэ?

• Цуглаанд яаж хандах ёстой вэ, яагаад?

• Сүнслэг байдлаа анхаарахын тулд яах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]