Skip to content

Гарчиг руу орох

«Тэр та нарт ойртоно»

«Тэр та нарт ойртоно»

«Тэр та нарт ойртоно»

«[Бурхан] бид бүхний хэнээс нь ч холгүй» (ҮЙЛС 17:27).

1, 2. а) Од түгсэн тэнгэрийг хараад Бүтээгчийн тухай ямар асуулт гарч болох вэ? б) Хүмүүс Еховагийн нүдэнд үнэтэй гэдгийг Библи хэрхэн баталдаг вэ?

 ЦЭЛМЭГ шөнө од түгсэн тэнгэрийг хараад гайхан биширч байв уу, та? Тоймгүй олон од, асар уудам сансар огторгуй биднийг өөрийн эрхгүй бишрүүлдэг. Хязгааргүй орчлонт ертөнцийн дунд манай дэлхий бол ердөө л элсний ширхэгтэй адил билээ. Тэгэхлээр энэ нь «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» буюу Бүтээгч хүнийг тоохооргүй тийм дээгүүр байр суурьтай, эсвэл хүмүүс түүнд хүрч, түүнийг таньж мэдэхийн аргагүй хол байдаг гэсэн үг үү? (Дуулал 83:18).

2 Хүн төрөлхтөн Еховагийн нүдэнд үнэтэй гэдгийг Библи батлан хэлдэг. Тийм ч учраас Бурхны Үг: «Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй» хэмээн түүнийг «эрж хайхыг» уриалдаг (Үйлс 17:27; Шастирын дээд 28:9). Үнэхээр ч хэрэв бид Бурханд ойртохыг чармайвал үүний хариуд тэр биднийг тосно. Яаж? «Тэр та нарт ойртоно» гэсэн 2003 оны уриагаар энэ асуултад сэтгэл дулаацуулам хариу өгч болно (Иаков 4:8). Ингээд бүгдээрээ Еховагаас өөртөө ойр байдаг хүмүүст өгдөг гайхамшигтай сайхан ивээл хишгийн заримыг авч үзье.

Еховагийн бэлэг

3. Ехова өөрт нь ойр байдаг хүмүүст ямар бэлэг өгдөг вэ?

3 Нэгдүгээрт, Ехова ард түмэндээ зориулан бэлэг бэлдсэнийг зөвхөн үйлчлэгчид нь хүртдэг. Эд юмсын энэхүү тогтолцооны ямар ч эрх мэдэл, эд хөрөнгө, мэдлэг боловсрол тэрхүү бэлгийг өгч чадахгүй ээ. Энэ бол зөвхөн өөрт нь ойр байдаг хүмүүст зориулсан Еховагийн бэлэг юм. Энэ нь юу вэ? «Хэрэв чи... ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурхны [тухай] мэдлэгийг олж авна. Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг» гэж Бурхны Үг хариулдаг (Сургаалт үгс 2:3–6). Төгс бус хүн «Бурхны тухай мэдлэгийг» олж чадна гээд та төсөөлөөд үз дээ! Бурхны Үгэнд байдаг мэдлэг буюу энэ бэлгийг «нууцлагдсан эрдэнэтэй» зүйрлэжээ. Яагаад тэр юм бол оо?

4, 5. «Бурхны тухай мэдлэгийг» яагаад «нууцлагдсан эрдэнэтэй» зүйрлэж болох вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Нөгөө талаар, Бурхны тухай мэдлэг асар их үнэтэй. Энэ мэдлэгийн ачаар хүртэж болох хамгийн эрхэм ивээл хишгийн нэг нь мөнх амьдрах найдвар билээ (Иохан 17:3). Гэхдээ энэ мэдлэг одоо ч гэсэн бидний амьдралыг утга учиртай болгодог. Жишээ нь: Бурхны Үгийг нямбай судалснаар Бурхны нэр (Дуулал 83:18, монгол бичгээр, 1838), үхсэн хүн ямар байдалд байдаг (Номлогчийн үгс 9:5, 10), дэлхий болоод хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго (Исаиа 45:18) болон Библийн мэргэн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь амьдралын хамгийн сайн зам мөн (Исаиа 30:20, 21; 48:17, 18) гэх мэтийн олон чухал зүйлийг бид мэддэг болсон билээ. Тэгэхлээр бид амьдралын санаа зовоосон асуудлаа шийдвэрлэж, жинхэнэ жаргал, сэтгэл хангалуун амьдралд хүрэхэд туслах найдвартай удирдлагатай гэсэн үг. Хамгийн гол нь Бурхны Үгийг судалснаар Еховагийн гайхамшигтай чанаруудыг таньж мэдэж, түүнд ойртох боломжтой болсон билээ. «Бурхны тухай мэдлэгт» үндэслэн Еховатай ойр дотно харьцаатай болохоос илүү үнэтэй юу байх билээ дээ?

5 «Бурхны тухай мэдлэгийг» «нууцлагдсан эрдэнэтэй» зүйрлэх өөр нэг шалтгаан бий. Эрдэнэс ховор байдаг шиг энэхүү мэдлэг ч бас энэ ертөнцөд харьцангуй ховор зүйл юм. Дэлхийн зургаан тэрбум хүнээс зургаан сая гаруй нь л Еховаг шүтдэг. Өөрөөр хэлбэл, 1 000 хүний нэг нь «Бурхны тухай мэдлэгийг» олжээ. Бурхны Үгийн үнэнийг мэддэг байх гэдэг юутай ховор завшаан болохыг ойлгохын тулд ганц л жишээ татъя. Үхсэнийхээ дараа хүн яадаг вэ гэдэг асуултыг Библийн үүднээс авч үзье. Хүнд үхэшгүй мөнхийн сүнс байдаггүй бөгөөд үхэхээрээ юу ч мэдрэхээ больдог гэж бид Судраас мэддэг болсон (Номлогчийн үгс 9:5, 10). Гэтэл хүний дотор, үхсэнийх нь дараа амьд үлддэг ямар нэг юм байдаг гэсэн буруу ойлголтыг энэ ертөнцийн ихэнх шашин баримталдаг. Энэ бол христ шашны ертөнцийн нэг үндсэн сургаал юм. Түүнчлэн, буддизм, даосизм, жайнизм, индуизм, иудаизм болон лал, сикхийн шашин, синтоизм гэх мэтийн шашинд ч уг сургаал том байр эзэлдэг. Олон тэрбум хүн энэ хуурамч сургаалд хууртдаг гээд бодоод үз дээ!

6, 7. а) «Бурхны тухай мэдлэгийг» зөвхөн хэн олж чадах вэ? б) «Ухаант хүмүүс, мэргэдийн» ойлгодоггүй Библийн үнэнийг ойлгох мэргэн ухааныг Ехова бидэнд өгснийг ямар жишээ харуулж байна вэ?

6 «Бурхны тухай мэдлэгийг» ямар учраас тийм цөөн хүн олсон юм бол оо? Бурхны Үгийг өөрийнх нь тусламжгүйгээр хүн гүйцэд ойлгож чаддаггүй юм. Энэ мэдлэг бол бэлэг гэдгийг санаарай. Ехова Үгийг нь үнэн сэтгэлээсээ, даруухнаар хайдаг хүмүүст л энэ бэлгийг өгдөг. Тэд «махан биеийн талаас мэргэн» биш байж мэднэ (1 Коринт 1:26). Харин ч ихэнх нь энэ ертөнцийн хэмжүүрээр «эрдэм номгүй, боловсролгүйд» тооцогдож болох юм (Үйлс 4:13). Гэхдээ энэ бол чухал зүйл биш ээ. Ехова бидний зүрхний чанарыг үзээд «Бурхны тухай мэдлэгээр» шагнадаг.

7 Жишээ авч үзье. Христ шашны ертөнцийн олон судлаач Библийг дэлгэрэнгүй тайлбарласан ном зохиол бичдэг. Тэд бүтээлдээ тухайн үеийн түүхэн нөхцөл байдал, еврей болон грек үгийн утга гэх мэтийн олон зүйлийг тайлбарладаг. Гэвч тэд сурч мэдснээрээ дамжуулаад «Бурхны тухай мэдлэгийг» үнэхээр олсон уу? Жишээ нь, Библийн гол сэдэв буюу Ехова тэнгэрийн Хаанчлалаараа дамжуулан хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөх асуудлыг зөв ойлгодог уу? Ехова Бурхан бол Гурвал биш гэдгийг мэдэх үү? Харин бид эдгээр асуултыг нарийн зөв ойлгодог. Яагаад? «Ухаант хүмүүс, мэргэдийн» ойлгодоггүй сүнслэг үнэнийг ойлгох мэргэн ухааныг Ехова бидэнд өгсөн (Матай 11:25). Ехова өөрт нь ойр байдаг хүмүүсийг яасан гайхамшигтай ивээдэг юм бэ!

«ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг»

8, 9. а) Еховад ойр байдаг хүмүүсийн хүртдэг өөр нэг ивээлийг Давид хэрхэн дүрсэлсэн бэ? б) Жинхэнэ христиануудад Бурхны хамгаалалт яагаад хэрэгтэй байдаг вэ?

8 Еховад ойр байдаг хүмүүс өөр нэг ивээл хүртдэг. Энэ бол Бурхны хамгаалалт юм. Олон бэрхшээлийг биеэрээ туулсан дуулалч Давид: «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна. ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг» гэж бичжээ (Дуулал 145:18–20). Тийм ээ, Ехова өөрийг нь хайрладаг хүмүүст ойр байдаг болохоор тусламж гуйн «хашхирахад» хурдан тусалж чадна.

9 Бидэнд Бурхны хамгаалалт яагаад хэрэгтэй вэ? Жинхэнэ христианууд «хэцүү цагт» амьдрахын зовлонг амсдагаас гадна Еховаг Эсэргүүцэгч Сатан Диаволын хувьд гол бай болж байдаг (2 Тимот 3:1). Тэр зальт дайсан биднийг «залгихаар» хамаг чадлаараа зүтгэдэг (1 Петр 5:8). Сатан биднийг мөрдөн мөшгөж, хавчин хяхаж, хорхой хүрэм зүйлээр сорьж байдаг. Бас бидний оюун санаа болон зүрх сэтгэлээс өөртөө ашигтайгаар эргүүлчихэж болох тийм хандлагыг хайж байдаг. Түүний зорилго бол бидний итгэлийг эвдэн бусниулж, сүнслэгээр үхүүлэх явдал юм (Илчлэлт 12:12, 17). Бид ийм ширүүн тулаанд ордог ч «ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг» гэдгийг мэдээд тайвширдаг.

10. а) Ехова ард түмнээ яаж хамгаалдаг вэ? б) Хамгийн чухал хамгаалалт юу вэ? Яагаад?

10 Гэхдээ Ехова ард түмнээ яаж «сахин хамгаалдаг» вэ? «Сахин хамгаална» гэж амласан нь биднийг энэ ертөнцөд толгой өвтгөхгүй амьдруулна, эсвэл бидний төлөө гайхамшиг үйлдэнэ гэсэн баталгаа биш ээ. Гэхдээ Ехова ард түмнээ бүхэлд нь бодитоор хамгаалдаг. Ямар ч байлаа гэсэн, жинхэнэ христиануудыг газрын хөрснөөс арчин хаяхыг Диаволд хэзээ ч зөвшөөрөхгүй! (2 Петр 2:9). Хамгийн гол нь Ехова биднийг сүнслэг талаар хамгаалдаг. Сорилтыг тэвчиж, өөртэй нь тогтоосон харьцаагаа хадгалахад хэрэгтэй бүхнээр биднийг хангадаг. Эцсийн эцэст сүнслэг хамгаалалт хамгийн чухал нь юм. Учир нь Еховатай тогтоосон харьцаагаа хадгалж байсан цагт юу ч, тэр бүү хэл үхэл ч үүрдийн хөнөөл учруулж чадахгүй (Матай 10:28, ШЕ).

11. Ехова ард түмнээ сүнслэг талаар хамгаалахын тулд ямар ямар арга хэмжээ авсан бэ?

11 Ехова өөрт нь ойр байдаг хүмүүсийг сүнслэг талаар хамгаалахын тулд олон арга хэмжээ авчээ. Бурхан Үгээрээ буюу Библиэр дамжуулан элдвийн сорилтыг давж гарах мэргэн ухаан бидэнд өгдөг (Иаков 1:2–5). Сударт байдаг ашигтай зөвлөгөөг хэрэгжүүлэх нь хамгаалалт болдог. Түүнээс гадна, Ехова «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс» өгдөг (Лук 11:13). Энэ сүнс орчлонт ертөнцийн хамгийн агуу хүч учир ямар ч сорилт, хорхой хүрэм зүйл учирсан түүнийг амжилттай давахад бидэнд тусалж чадах нь дамжиггүй. Түүнчлэн, Христээр дамжуулан Ехова «хүн бэлгүүдийг» өгдөг (Ефес 4:8, ШЕ). Сүнслэг талаараа төлөвшсөн энэ эрчүүд итгэл нэгтнүүддээ туслахдаа Еховагийн өрөвч сэтгэлийг аль болох дуурайхыг хичээдэг (Иаков 5:14, 15).

12, 13. а) Ехова ямар аргаар бидэнд сүнслэг хоолыг цагт нь өгдөг вэ? б) Ехова бидний сүнслэг сайн сайханд санаа тавьдаг нь танд ямар санагддаг вэ?

12 Ехова биднийг хамгаалах бас нэг арга хэмжээ авчээ. Энэ бол цагт нь өгдөг сүнслэг хоол юм (Матай 24:45). «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл болон бусад хэвлэл, цуглаан, чуулганаар дамжуулан Ехова бидэнд хэрэгтэй зүйлийг цагийг нь олж өгдөг. Цуглаан юм уу, эсвэл чуулган дээр сонссон зүйл сэтгэлийг тань догдлуулж, сэргээж, тайвшруулж байсныг санаж байна уу, та? «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлээс ямар нэг өгүүлэл уншаад үүнийг яг надад л зориулж бичиж дээ гэж санагдах үе байв уу?

13 Сатаны ашигладаг нэг хүчирхэг зэвсэг бол биднийг сэтгэлээр унагах явдал юм. Сэтгэлээр унадаггүй хүн гэж байдаггүй. Хүн удаан хугацаагаар гутранги байдалд байвал сэтгэлийн тэнхээгүй болж, тэр байтугай эмзэг болдог гэдгийг Диавол андахгүй мэддэг (Сургаалт үгс 24:10, ШЕ). Сатан сэтгэлээр унасан үеийг ашиглахыг хүсдэг учраас бидэнд тусламж хэрэгтэй байдаг. Заримдаа «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд сэтгэлээр унасан үед тус болох өгүүллүүд гардаг. Ийм нэг өгүүллийн талаар нэг эгч: «Би тэр өгүүллийг бараг өдөр бүр уншаад, уйлдаг. Сэтгэлээр унах үедээ унших гэж орныхоо дэргэд байлгадаг. Энэ өгүүллийг уншихдаа Ехова намайг хамгаалан тэвэрч байдгийг мэдэрдэг» * гэж хэлжээ. Ехова сүнслэг хоолыг цагт нь өгдөгт бид талархдаггүй гэж үү? Сүнслэг сайн сайхны маань төлөө энэ бүхнийг өгдөг нь тэрээр бидэнд ойрхон байдаг бөгөөд хамгаалдаг гэдгийн баталгаа болохыг бүү мартаарай.

«Залбирлыг сонсдог Нэгэнд» хандах нь

14, 15. а) Ехова өөрт нь ойр байдаг хүмүүст өөр ямар бэлэг өгдөг вэ? б) Еховад дуртай цагтаа залбирах боломж бол хосгүй бэлэг мөний учир юу вэ?

14 Хүн хүч чадалтай, эрх мэдэлтэй болоод ирэхээрээ өөрөөсөө доогуур хүмүүсээс хол хөндий болдгийг та анзаарч байв уу? Тэгвэл Ехова Бурхны тухайд юу хэлж болох вэ? Хүний үгийг сонсохооргүй тийм хол байдаг уу? Огт тийм биш ээ! Залбирал бол өөрт нь ойр хүмүүст Еховагийн өгсөн бас нэг бэлэг юм. «Залбирлыг сонсдог Нэгэнд» дуртай цагтаа хандах гэдэг үнэхээр хосгүй бэлэг мөн (Дуулал 65:2). Яагаад?

15 Жишээ татан ярилцъя. Том компанийн гүйцэтгэх захиралд үүрэгт ажил их бий. Ямар ажлаа биечлэн хийж, ямрыг нь бусдад хариуцуулахаа өөрөө шийддэг. Үүнтэй адилаар орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Захирагч ямар асуудалд биечлэн оролцож, ямар асуудлыг бусдад хариуцуулахаа шийдэх эрхтэй. Ехова хайртай хүү Есүстээ олон зүйлийг хариуцуулжээ. Жишээлбэл: Хүү нь «шүүлтийг гүйцэтгэх эрх мэдэлтэй» (Иохан 5:27). Түүний «эрхэнд тэнгэр элчүүд... захирагддаг» (1 Петр 3:22). Есүсийг дэлхий дээрх шавь нараа удирдахад нь туслах зорилгоор Ехова хүчирхэг ариун сүнсээ түүний мэдэлд өгсөн (Иохан 15:26; 16:7). Тийм ч учраас Есүс: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн» гэж хэлжээ (Матай 28:18). Гэхдээ бидний залбирлыг Ехова өөрөө биечлэн хариуцахаар шийдсэн аж. Библи биднийг Есүсийн нэрээр зөвхөн Еховад хандан залбирахыг тушаадгийн учир энэ юм (Дуулал 69:13; Иохан 14:6, 13).

16. Ехова бидний залбирлыг үнэхээр сонсдог гэдэгт яагаад итгэж болох вэ?

16 Ехова бидний залбирлыг үнэхээр сонсдог болов уу? Хэрэв тэр огт хайхардаггүй байсан бол «залбиралд өөрсдийгөө зориул», «ачаагаа [надад] даатга», «бүх зовнилоо [надад] үүрүүл» гэж хэзээ ч уриалахгүй байсан (Ром 12:12; Дуулал 55:22; 1 Петр 5:7). Ехова залбирлыг сонсдог гэдэгт Библийг бичиж байх үеийн үнэнч үйлчлэгчид нь бүрэн итгэдэг байсан (1 Иохан 5:14). Тийм ч учраас дуулалч Давид: «[Ехова] дууг минь сонсоно» гэж хэлжээ (Дуулал 55:17). Ехова бидэнд ойрхон бөгөөд биднийг хүсэл бодол, санаа зовж явдаг зүйлээ хэлэхэд бүгдийг нь сонсоход бэлэн байдаг гэдэгт итгэх бүрэн үндэс бидэнд ч бий.

Ехова үйлчлэгчдээ шагнадаг

17, 18. а) Ехова оюун ухаант бүтээлүүдийнхээ үнэнч үйлчлэлийг хэрхэн үздэг вэ? б) Бидний «энэрэнгүй» үйлсийг Ехова анзаардгийг Сургаалт үгс 19:17-д хэрхэн үзүүлдгийг тайлбарлана уу.

17 Хүний үйл хэрэг Еховагийн орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн байх эсэхэд огт нөлөөлдөггүй. Гэхдээ Ехова бол талархуу Бурхан билээ. Тэрээр оюун ухаант бүтээлүүдийнхээ үнэнч үйлчлэлийг үнэлдэг, нарийн яривал эрхэмлэн үздэг (Дуулал 147:11). Энэ бол Еховад ойр байдаг хүмүүсийн хүртдэг бас нэгэн ач тус юм. Өөрөөр хэлбэл Ехова үйлчлэгчдээ шагнадаг (Еврей 11:6).

18 Ехова өөрийг нь шүтэгчдийн үйлсийг үнэлдэг гэдгийг Библи тодорхой хэлдэг. Тухайлбал, Библид: «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» гэж байдаг (Сургаалт үгс 19:17). Ехова ядуу хүнийг өрөвддөг нь Мосегийн Хуулиас харагддаг (Левит 14:21; 19:15). Бид ядуу хүнтэй харьцахдаа өрөвч сэтгэлийг нь дуурайхад Еховад ямар санагддаг бол оо? Ядуу хүнд хариу нэхэлгүйгээр өгөхөд Ехова үүнийг өөрт нь зээлүүлсэнтэй ижил үздэг. Тэгээд тэр зээлийг ивээлээр буцааж төлөхөө амладаг (Сургаалт үгс 10:22; Матай 6:3, 4; Лук 14:12–14). Тийм ээ, биднийг гачигдалтай итгэл нэгтнүүддээ өрөвч сэтгэлээр хандахад Еховагийн зүрх баярладаг. Бидний «энэрэнгүй» үйлсийг тэнгэрийн Эцэг маань анзаарч байдагт бид үнэхээр талархдаг! (Матай 5:7).

19. а) Бидний хийдэг дэлгэрүүлэх болон шавь бэлтгэх ажлыг Ехова үнэлдэг гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? б) Хаанчлалыг нь дэмжиж хийсэн үйлийг Ехова хэрхэн шагнадаг вэ?

19 Хаанчлалын төлөө бидний юу хийдгийг Ехова онцгой үнэлдэг. Еховад ойртвол Хаанчлалын тухай дэлгэрүүлэх болон шавь бэлтгэх ажилд аль болох их оролцохын тулд цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө зориулах хүсэл өөрийн эрхгүй төрдөг (Матай 28:19, 20). Заримдаа бид хийснээ чамладаг байж болох юм. Төгс бус зүрхтэй болохоор, Ехова хүчин чармайлтыг маань таалж байгаа юм уу даа гэж хүртэл бодох үе байдаг (1 Иохан 3:19, 20). Гэхдээ Ехова чин сэтгэлийнх л бол бага гэлгүй бэлэг бүрийг үнэлдэг (Марк 12:41–44). Библи: «Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж баталдаг билээ (Еврей 6:10). Үнэхээр ч Ехова Хаанчлалыг нь дэмжиж хийсэн бага хэргийг ч санаж, шагнадаг. Бид одоогийн хүртэж байгаа арвин их сүнслэг ивээлээс гадна, ирээдүйд Ехова мутраа өгөөмрөөр дэлгэн, өөрт нь ойр бүх хүний зөвт хүслийг хангах тэр шинэ ертөнц дэх жаргалтай амьдралыг хүсэн хүлээж болно! (Дуулал 145:16; 2 Петр 3:13).

20. Оны уриаг 2003 оны турш хэрхэн үргэлж санаж явах вэ? Үр дүн нь юу байх вэ?

20 Тэнгэрийн Эцэгтээ ойртохын төлөө үргэлж хичээдэг эсэхээ 2003 оны турш өөрсдөөсөө асууцгаая. Бид л хичээвэл тэр амласнаа заавал биелүүлнэ гэдэгт итгэж болно. Эцсийн эцэст «Тэр [бол] мэхэлдэггүй Бурхан» билээ (Тит 1:2). Таныг ойртвол тэр танд ойртоно (Иаков 4:8). Үүний үр дүн нь юу байх бол оо? Бид одоо ч их ивээл хүртдэг. Бас Еховад үүрд мөнх улам бүр ойртох боломжтой болно!

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 5-р сарын 1-ний дугаарын 28—31-р хуудсанд нийтэлсэн «Ехова бидний зүрхнээс агуу билээ» өгүүллийн талаар уншигчаас ирсэн захидал (англи).

Санаж байна уу?

• Ехова өөрт нь ойртдог хүмүүст ямар бэлэг өгдөг вэ?

• Ехова ард түмнээ сүнслэгээр хамгаалахын тулд ямар ямар арга хэмжээ авсан бэ?

• Еховад дуртай цагтаа залбирах боломж хосгүй бэлэг мөний учир юу вэ?

• Ехова оюун ухаант бүтээлүүдийнхээ үнэнч үйлчлэлийг үнэлдэг гэдгийг Библи хэрхэн харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]