Еховад бүх зүрхээрээ найдагтун
Еховад бүх зүрхээрээ найдагтун
«Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно» (ДУУЛАЛ 9:10).
1, 2. Хүмүүс аюулгүй байхын тулд ямар ямар дэмий юманд найддаг вэ?
САЙН САЙХАНД маань аюул заналхийлэх нь их болсон энэ цагт аюулгүй байлгах хэн нэг хүнийг юм уу, ямар нэг зүйлийг хайх нь зүйн хэрэг. Аюулгүй ирээдүйн баталгаа бол мөнгө гэж зарим хүн үздэг. Гэтэл үнэндээ мөнгө гэдэг түр зуурын л хоргодох газар юм. Библид: «Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана» гэж өгүүлдэг (Сургаалт үгс 11:28). Бас зарим нь энэ ертөнцийн удирдагчдад найдвар тавьдаг. Гэтэл шилдэг удирдагч ч алддаг. Эцсийн эцэст бүгдээрээ үхдэг. Тиймээс Библи: «Ноёдод бүү итгэ, авралгүй хүний хүүд ч бүү итгэ» гэж хэлдэг нь ухаалаг хэрэг (Дуулал 146:3). Бурхан биднийг гадны ямар нэг тусламж авалгүй өөрийн хүчинд эрдэхээс сэрэмжлүүлэн эдгээр үгийг бичүүлжээ. Бид ч гэсэн «хүний хүү» шүү дээ.
2 Зөнч Исаиа тухайн үеийнхээ Израилийн удирдагчдыг «худлын хоргодох газарт» найддагийнх нь төлөө зэмлэжээ (Исаиа 28:15–17). Тэд аюулгүй байх гэсэндээ хөрш зэргэлдээх үндэстнүүдтэй улс төрийн холбоо тогтоожээ. Тэр холбоо нь найдваргүй буюу «худал» байв. Өнөөдөр ч гэсэн шашны олон удирдагч дээрхийн адилаар улс төрийн удирдагчидтай холбоо тогтоодог. Эдгээр холбоо ч «худал» л байх болно (Илчлэлт 17:16, 17). Тийм холбоо аюулгүй байдлыг үүрд тогтоож чадахгүй ээ.
Иошуа Калеб хоёрын сайн жишээ
3, 4. Иошуа Калеб хоёрын үг бусад арван туршуулынхаас юугаараа ялгаатай байсан бэ?
3 Тэгвэл аюулгүй байхын тулд хэнд хандах хэрэгтэй вэ? Мосегийн үед Иошуа Калеб хоёр хэнд хандсан, түүнд л хандах хэрэгтэй. Израильчууд Египетээс чөлөөлөгдсөнийхөө дараахан Канаан нутаг буюу Амласан газар очихоор зэхэж байлаа. Тэр нутгийг тагнуулахаар арван хоёр хүнийг явуулсанд 40 хоногийн дараа эргэж ирээд үзсэн харснаа ярив. Гагцхүү Иошуа Калеб хоёр л израильчуудын Канаанд очих хэрэг бүтнэ гэж нааштай үг хэлжээ. Бусад нь тэр нутгийн үзэсгэлэнтэй сайхныг магтсан ч: «Тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. [...] Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй» гэж хэлэв (Тооллого 13:27, 28, 31).
4 Израильчууд арван туршуулын үгийг дуулаад айж, тэр байтугай Мосег шүүмжилж эхлэв. Тэгтэл Иошуа Калеб хоёр: «Бидний тагнахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг болой. Хэрэв ЭЗЭН биднийг таалбал, Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү, зөгийн балаар бялхсан нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн ЭЗЭНий эсрэг бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай» хэмээн догдлон байж хэлэв (Тооллого 14:6–9). Гэтэл израильчууд үгийг нь дуулахгүй гөжсөөр, тэр үед Амласан газар очих эрхгүй болсон юм.
5. Ямар учраас Иошуа Калеб хоёр нааштай үг хэлсэн бэ?
5 Арван туршуул муу мэдээ дуулгасан ч Иошуа Калеб хоёр нааштай үг хэлсний учир юу юм бол оо? Тэд арван хоёулаа л бат бэхлэлттэй хотууд, тэнд суурьшдаг ард олныг үзсэн билээ. Израильчууд тэр нутгийг эзлээд авчих хүчгүй гэж арван туршуулын хэлсэн нь үнэн байсан. Иошуа Калеб хоёр ч үүнийг мэдэж л байсан. Гэхдээ тэр арав байдлыг хүний нүдээр харж байсан бол Иошуа Калеб хоёр Еховад найдаж байв. Тэд Египет, Улаан тэнгис болон Синай уулын бэлд Бурхан ямар гайхамшиг үйлдсэнийг үзсэн билээ. Үүнээс хэдэн арван жилийн дараа Иерихо хотын эмэгтэй Рахаб энэ тухай дуулаад л Еховагийн ард түмний төлөө амиараа дэнчин тавьж байсан! (Иошуа 2:1–24; 6:22–25). Иошуа Калеб хоёр Еховагийн үйл хэргийг нүдээрээ үзээд, Бурхан ард түмнийхээ төлөө тэмцсээр байх болно гэж бүрэн итгэжээ. Дөчин жилийн дараа Израилийн шинэ үеийнхэн Иошуагийн удирдлагаар Канаанд очиж, тэр нутгийг эзлэн авсан нь Иошуа Калеб хоёрын итгэсэн нь талаар болоогүй гэдгийг харуулсан юм.
Еховад бүрэн найдах ёстойн учир
6. Өнөөдөр христианууд ямар учраас сорилтод ордог вэ? Хэнд найдах ёстой вэ?
6 Энэ «хэцүү цагт» бид израильчууд шиг, өөрөөсөө хүчтэй дайснуудтай учирдаг (2 Тимот ). Ёс суртахууны, сүнслэг, заримдаа бие махбодын ч сорилттой тулгардаг. Эдгээр нь хүнээс хүчтэй Сатан Диаволоос эхтэй учир бид өөрийн хүчээр давж гарч чадахгүй ( 3:1Ефес 6:12; 1 Иохан 5:19). Тэгвэл хаанаас тусламж авах вэ? Еховагийн эрт цагийн нэгэн үйлчлэгч Бурханд залбирахдаа: «Таны нэрийг мэддэг хүмүүс танд итгэлээ өгөх болно» гэж хэлжээ (Дуулал 9:10). Хэрэв бид Еховаг үнэхээр мэддэг бөгөөд нэрийнх нь утгыг ойлгодог бол Иошуа Калеб хоёрын адилаар Еховад найдах болно (Иохан 17:3).
7, 8. а) Еховагийн бүтээл хэрхэн түүнд найдах шалтгаан болдог вэ? б) Еховад найдах ямар ямар шалтгааныг Библи өгдөг вэ?
7 Бид яагаад Еховад найдах ёстой вэ? Иошуа Калеб хоёрын тийн найдсаны нэг учир гэвэл тэд Еховагийн хичнээн хүчтэй болохыг үзсэнд байжээ. Бид ч бас үздэг. Жишээ болгон олон тэрбум галактиктай орчлонт ертөнцийг оролцуулаад Еховагийн бүтээлийг авч үзье. Ехова байгалийн ер бусын агуу их хүчийг барьж байдаг нь үнэхээр Төгс хүчтэйг нь харуулдаг. Бүтээлийнх нь ямар гайхамшигтайг бодохоор, Еховагийн тухай: «Хэн Түүнийг саатуулж чадах байсан бэ? Хэн Түүнд: „Та юу хийж байна вэ?“ гэж хэлж чадах байсан бэ?» гэж хэлсэн Иовын үгтэй санал нийлдэг (Иов 9:12). Үнэхээр Ехова бидний талд байвал бүх орчлонт ертөнцөд хэнээс ч айх хэрэггүй (Ром 8:31)
8 Еховагийн Үг Библийг бас авч үзье. Бурхны мэргэн ухааны шавхагдашгүй энэ эх булаг муу зуршлаасаа салж, амьдралаа Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхэд туслах хүчтэй (Еврей 4:12). Бид чухамдаа Библиэс л Еховагийн нэрийг, нэрийнх нь утга учрыг мэддэг болсон билээ (Египетээс гарсан нь 3:14, ШЕ). Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд халамжит Эцэг, шударга Шүүгч, ялгуусан Дайчин гэх мэтээр юу л болохыг хүснэ, тийн болж чаддагийг бид ойлгодог. Хэлсэн үг нь үргэлж биелдгийг бас мэднэ. Бурхны Үгийг судлах тусам «Би Таны үгэнд итгэдэг юм» хэмээсэн дуулалчийн үгийг хэлэх хүсэл төрдөг (Дуулал 119:42; Исаиа 40:8).
9. Золиос болон Есүсийг дахин амилуулсан явдал Еховад найдах сэтгэлийг хэрхэн бэхжүүлдэг вэ?
9 Еховад найдах өөр нэг шалтгаан бол золиос юм (Матай 20:28). Бидний төлөө золиос болгон үхүүлэхээр Бурхан Хүүгээ илгээсэн нь юутай гайхамшиг вэ! Тэр золиос үнэхээр ач холбогдолтой. Чин сэтгэлээсээ нүглээ гэмшиж, Еховад хандсан бүх хүний нүглийг золиос цайруулдаг (Иохан 3:16; Еврей 6:10; 1 Иохан 4:16, 19). Золиос төлөх арга хэмжээний нэг хэсэг нь Есүсийг дахин амилуулсан явдал байсан юм. Олон зуун хүний нүдээрээ үзсэн энэхүү гайхамшиг нь Еховад найдах бас нэгэн шалтгаан болдог. Энэ нь итгэл найдвар маань «урам хугалахгүй» гэдгийн нотолгоо юм (Үйлс 17:31; Ром 5:5; 1 Коринт 15:3–8).
10. Еховад найдах ямар ямар хувийн шалтгаан байдаг вэ?
10 Еховад бүрэн найдаж болох хийгээд найдах ёстойн зарим шалтгааныг дээр дурдлаа. Өөр олон шалтгаан байдгийн зарим нь хувийн шинжтэй юм. Жишээ нь, амьдралд бэрхшээл бишгүй л тохиолддог. Тэдгээрийг Еховагийн удирдлага заавраар шийдэхээрээ тэр нь хичнээн ач тустай болохыг ойлгодог (Иаков 1:5–8). Өдөр тутмын амьдралын асуудалд хандахдаа Еховад илүү найдсанаар сайн үр дүнд хүрч байгаагаа хараад түүнд найдах найдвар маань тэр хирээр бэхэжнэ.
Давид Еховад найдсан
11. Ямар ямар нөхцөлийг үл харгалзан Давид Еховад найддаг байсан бэ?
11 Эртний Израильд амьдарч байсан Давид Еховад найддаг хүн байлаа. Өөрийг нь алах гэсэн Саул хаан болон, Израилийг эзлэх гэсэн Филистийн хүчтэй армийн зүгээс Давидад аюул нүүрлэж байжээ. Гэвч тэрээр энэ бүхнийг даван туулснаар барахгүй ялан дийлжээ. Үүнийхээ учрыг Давид өөрөө: «ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?» хэмээн тайлбарлажээ (Дуулал 27:1). Бид ч гэсэн Еховад найдах юм бол бүх сорилтыг ялах болно.
12, 13. Эсэргүүцэгчдийг хэлээ зэвсэг болгон ашиглахад ч Еховад найдах ёстойн учрыг Давид хэрхэн харуулсан бэ?
12 Нэгэн удаа Давид: «Бурхан, миний гомдлын дууг сонсооч. Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач. Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан, гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач. Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм» гэж залбирчээ (Дуулал 64:1–4). Чухам яагаад ингэж залбирах болсныг нь бид нарийн мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр эсэргүүцэгчид тэр үеийнх шиг үг хэлээ зэвсэг болгон ашиглаж, «хэлээ... ирлэдэг» гэдгийг мэднэ. Тэд гүтгэж, гуйвуулан ярьж, бичиж, гэм зэмгүй христиануудыг «сум мэт» үгээр «харвадаг». Хэрэв бид Еховад гуйвшгүй найддаг бол ямар үр дүнд хүрэх вэ?
13 Давид цааш нь: «Бурхан тэднийг сумаар харвана. Тэд гэнэтхэн шархадна. Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг. [...] Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно» хэмээжээ (Дуулал 64:7–10). Тийм ээ, дайснууд бидний эсрэг хэлээ ирлэдэг ч эцсийн эцэст тэдний «хэл өөрсдийнх нь эсрэг» болно. Ехова өөрт нь найддаг хүнийг өөрийнхөө дотор баярлуулан, энэ асуудлыг сайнаар эргүүлнэ.
Хезекиагийн найдвар талаар болоогүй
14. а) Ямар аюултай байдалд Хезекиа Еховад найдаж байсан бэ? б) Ассиричуудын худал үгэнд итгээгүйгээ Хезекиа хэрхэн харуулсан бэ?
14 Еховад итгэж найдсан нь талаар болоогүй бас нэг хүн бол Хезекиа хаан юм. Түүнийг захирч байх үед Ассирийн хүчирхэг арми Иерусалим уруу дайрахаар заналхийлэв. Энэ арми урьд нь олон хаант улсыг эзэлж байжээ. Сеннахериб Иерусалимаас бусад Иудагийн бүх хотыг эзэлчихээд Иерусалимыг ч бас эзэлнэ гэж сагсуурч байлаа. Египетийн тусламжид найдаад нэмэргүй гэж Рабшакегаар хэлүүлсэн нь ч зөв байлаа. Гэхдээ дараа нь тэрээр: «Чиний итгэдэг Бурхан: „Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй“ хэмээн чамайг бүү мэхлэг» гэж хэлсэн (Исаиа 37:10). Харин Хезекиа, Ехова мэхлэхгүй гэдгийг мэдэж байв. Тийм ч учраас: «Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг [ассиричуудын] гараас авраач» гэж залбирчээ (Исаиа 37:20). Ехова ч залбирлыг нь сонсов. Ганцхан шөнийн дотор нэг тэнгэр элч Ассирийн 185 000 цэргийг устгажээ. Иерусалим бүрэн бүтэн үлдэж, Сеннахериб Иудагийн нутгийг орхин зайлав. Энэ тухай дуулсан хүмүүс Еховаг хичнээн агуу Бурхан болохыг ойлгов.
15. Өнөөгийн тогтворгүй нийгэмд алив хэцүү байдалд биеэ бэлдэхэд зөвхөн юу туслах вэ?
15 Өнөөдөр бид Хезекиагийн адилаар дайны байдалд амьдардаг. Гэхдээ энэ бол сүнслэг дайн билээ. Сүнслэг дайчин бид амьд үлдэхийн тулд чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, довтолгооныг урьдаас мэдээд, тэдгээрийг няцаах чадвараа хөгжүүлэн биеэ бэлдэх хэрэгтэй (Ефес 6:11, 12, 17). Өнөөгийн тогтворгүй нийгэмд байдал огцом өөрчлөгдөж мэднэ. Гэнэт үймээн самуун дэгдэж, шашинд хүлцэнгүй ханддаг улс орон тэвчихээ больж магадгүй. Хэрэв бид Хезекиагийн жишээгээр Еховад бүрэн найдах сэтгэлийг хөгжүүлэн биеэ бэлддэг бол юу ч болсон бэлэн байх болно.
Еховад найдах гэдэг юу гэсэн үг вэ?
16, 17. Бид Еховад найддагаа хэрхэн харуулдаг вэ?
16 Еховад найдах гэдэг бол хэлэх төдий зүйл биш ээ. Энэ нь бидний зүрх сэтгэлтэй холбоотой бөгөөд үйл хэргээр маань биеллээ олдог. Хэрэв бид Еховад найддаг бол түүний Үг Библид ч бас итгэнэ. Өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодож, амьдралынхаа удирдлага заавар болгоно (Дуулал 119:105). Тэрчлэн, ариун сүнсний хүчинд найдах хэрэгтэй. Ариун сүнсний тусламжтайгаар Еховад таалагддаг үр жимсийг хөгжүүлж, дадал болсон муу зуршлаасаа салж чадна (1 Коринт 6:11; Галат 5:22–24). Тухайлбал, олон хүн ариун сүнсний тусламжтайгаар тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг муу зуршлаасаа салж чадсан. Зарим нь садар самуун амьдралаа орхижээ. Тийм ээ, хэрэв бид Еховад найддаг бол өөрийнхөө бус, харин түүний хүчээр бэхэжнэ (Ефес 3:14–18).
17 Түүнээс гадна, Еховад найдна гэдэг нь Еховагийн итгэдэг хүнд итгэнэ гэсэн үг юм. Жишээлбэл, Ехова Хаанчлалын дэлхий дэх үйл хэргийг хариуцуулахаар «итгэмжит ухаалаг боолыг» томилсон билээ (Матай 24:45–47). Бид Еховагийн байгууламжид найддаг учир энэ зохион байгуулалтыг үл тоомсорлон, дур мэдэн үйл ажиллагаа явуулдаггүй. Түүнээс гадна, Еховагийн Гэрчүүдийн хурал болгонд ахлагчид үйлчилдэг бөгөөд элч Паулын бичсэнээр тэднийг ариун сүнсээр томилдог (Үйлс 20:28). Хурлынхаа ахлагчидтай хамтран ажиллах нь Еховад найддагаа харуулж буй хэрэг юм (Еврей 13:17).
Паулын жишээг дуурайгтун
18. Христианууд өнөөдөр Паулын жишээг хэрхэн дуурайдаг вэ? Гэвч юунд найддаггүй вэ?
18 Бидэнд олон бэрхшээл тулгардгийн адилаар элч Паул ч олон саадтай учирч байсан. Тэр үеийн эрх мэдэлтнүүд христиануудын талаар буруу ташаа ойлгодог байсан бөгөөд Паул заримдаа энэ байдлыг засаж залруулах юм уу, дэлгэрүүлэх ажлыг «хуулийн дагуу зохион байгуулахыг» (ШЕ) хичээдэг байжээ (Үйлс 28:19–22; Филиппой 1:7). Өнөөдөр христианууд түүний жишээг дуурайдаг. Боломжтой газар бүрд бүх бололцоогоо дайчлан, бусдад үйл ажиллагааныхаа тухай мэдүүлэхийг хичээдэг. Бас сайн мэдээний ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, хамгаалахын төлөө ажилладаг. Гэсэн ч иймэрхүү хүчин чармайлтад бидний бүрэн найддаггүйн учир гэвэл шүүхээс заргаа авах, мэдээллийн хэрэгслээр таатай үг дуулах зэргээр амжилтаа тодорхойлдогт биш, харин Еховад найддагт байгаа юм. Тэрээр эртний Израилийг: «Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн» хэмээн зоригжуулсныг бид санаж явдаг (Исаиа 30:15).
19. Хавчлагад өртсөн ч ах дүү нарын маань итгэл найдвар талаар болоогүй нь юунаас харагддаг вэ?
19 Орчин үеийн түүхэнд Зүүн болон Баруун Европ, Ази Африкийн зарим хэсэг, Өмнөд болон Хойд Америкийн улс орнуудад манай үйл ажиллагааг хориглож, хязгаарлаж байсан үе бий. Энэ нь Еховад найдсан маань талаар болсон гэсэн үг үү? Үгүй ээ! Ехова заримдаа харгис хавчлагыг тодорхой зорилгоор зөвшөөрсөн ч тийм хавчлагын хатууг нуруундаа үүрсэн хүмүүсийг хайрлан, бэхжүүлж байсан. Хавчлагад өртсөн олон Гэрч Бурханд итгэж, найддаг хүмүүс гэсэн гайхамшигтай нэр алдрыг бий болгосон билээ.
20. Бид хуулиар эрх чөлөө олгодогт талархдаг ч ямар асуудлаар ер буулт хийдэггүй вэ?
20 Нөгөө талаас биднийг олон улс оронд албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний тухай таатай мэдээ үе үе гардаг. Үүнд бид талархдагийн зэрэгцээ энэ нь Еховагийн санаа зорилгод бас үйлчилдгийг ойлгодог. Бид эрх чөлөөгөө хувийн амьдралаа сайжруулахын төлөө бус, харин Еховагийн дэмжлэгтэйгээр олны өмнө Бурханд гүйцэд үйлчлэхийн төлөө ашигладаг. Гэхдээ эрх мэдэлтнүүдэд аятай сэтгэл төрүүлэхийн төлөө төвийг сахихдаа буулт хийх, дэлгэрүүлэх ажлаа багасгах зэрэг ямар нэг байдлаар Еховад үйлчлэхээ хэзээ ч болихгүй. Бид Мессиагийн Хаанчлалын албат бөгөөд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн төлөө хатуу зогсдог. Эд юмсын энэхүү тогтолцоонд бус, шинэ ертөнцөд дэлхийг захирах цорын ганц засгийн газар болох Мессиагийн тэнгэрийн Хаанчлалд найддаг. Ямар ч бөмбөг, пуужин, тэр байтугай цөмийн зэвсэг тэр засгийн газрыг ганхуулж, өөрөөр хэлбэл, тэнгэрээс унагаж үл чадна. Энэ засгийн газар ялагдашгүй бөгөөд Бурхны санаа зорилгыг биелүүлэх юм (Даниел 2:44; Еврей 12:28; Илчлэлт 6:2).
21. Бид ямар замаар явах итгэл төгс байна вэ?
21 Паул: «Бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ» гэж бичсэн байдаг (Еврей 10:39). Тиймээс бүгдээрээ Еховад төгсгөл хүртэл үнэнч үйлчилцгээе. Еховад одоо болон үүрд бүрэн найдах бүх үндэс бидэнд бий (Дуулал 37:3; 125:1).
Та юу мэдсэн бэ?
• Ямар учраас Иошуа Калеб хоёр Амласан газрын тухай нааштай үг хэлсэн бэ?
• Еховад бүрэн найдах ёстойн зарим шалтгаан юу вэ?
• Еховад найдах гэдэг юу гэсэн үг вэ?
• Бид Еховад найдахдаа ямар байр суурь баримтлах шийдвэр төгс байдаг вэ?
[Догол мөрийн асуулт]