Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн зүрхийг баярлуулдаг залуус

Еховагийн зүрхийг баярлуулдаг залуус

Еховагийн зүрхийг баярлуулдаг залуус

Эдгээр судлах өгүүллийг Еховагийн Гэрчүүдийн хурлын залууст тусгайлан зориулж бэлтгэсэн юм. Тийм учраас эдгээр өгүүллийг анхааралтай судлаад «Харуулын цамхаг» судлалын цуглаанаар хэлэлцэх үед идэвхтэй оролцохыг залуучууд та нарт уриалж байна.

«Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» (СУРГААЛТ ҮГС 27:11).

1, 2. а) Хэрэв чи ертөнцийн юмсад дур татагдвал Еховагийн Гэрч болж чадахгүй гэсэн үг мөн үү? (Ром 7:21). Тайлбарлана уу. б) Асафын жишээнээс ямар сургамж авч болох вэ? (14-р хуудсанд байгаа хавсралтыг үзнэ үү.)

 ЧИ өөртөө хувцас худалдаж авахаар дэлгүүрт очлоо гэж бодъё. Үзээд явж байтал санаанд чинь таарсан хувцас нүдэнд шууд өртлөө. Өнгө, загвар нь яг захиалчихсан юм шиг байсны дээр бас хямдхан. Гэвч лавшруулж сайн үзвэл ямар байсан гэж санана. Даавуу нь зах хэсгээрээ сэмэрч муудсан, оёдол нь хааш яаш байлаа. Өнгө үзэмжийн хувьд санаанд таарч байсан хэдий ч, оёдол муутай байв. Чи тийм муу юманд мөнгөө үрэх үү?

2 Энэ жишээг залуу христиан чамтай тулгарч болзошгүй нөхцөл байдалтай зүйрлэе. Анх эхлээд харахад энэ ертөнцийн юмс дээрхтэй адил дур булаам сайхан байж болно. Жишээ нь, ангийн чинь хүүхдүүд үдэшлэг цэнгүүнд явж, мансууруулах бодис хэрэглэн, архидан согтуурч, сонирхох журмаар болзоонд явах юм уу, гэр бүл болоогүй байж бэлгийн харьцаанд ордог болсон байж болох юм. Амьдралын тийм хэлбэр чамд таалагдах үе байдаг уу? Тэдний эрх чөлөө гэж ярьдаг тэр зүйлийн зах зухаас нь ч гэсэн амсаж үзэх юмсан гэж бодогддог уу? Хэрэв тэгдэг бол би их муухай зүрхтэй хүн юм байна, яав ч Еховагийн Гэрч болж чадахгүй байх гэж яаран бүү дүгнээрэй. Энэхүү ертөнц Бурханд таалагдах хүсэлтэй хүнийг ч уруу татах хүчтэй гэдгийг Библи хүлээн зөвшөөрдөг билээ (2 Тимот 4:10).

3. а) Энэ ертөнцийн юмсын хойноос хөөцөлдөх нь яагаад дэмий вэ? б) Ертөнцийн юманд тэмүүлэх нь дэмий болохыг нэгэн христиан эмэгтэй хэрхэн дүрсэлсэн бэ?

3 Худалдан авах гэж сонирхсон хувцсаа лавшруулж үзсэн шигээ энэхүү ертөнцийн санал болгодог юмсыг сайн нягталж үзээрэй. Эд юмсын энэхүү тогтолцооны «даавуу», «оёдол» зэрэг нь аль хэр чанартай вэ гэж өөрөөсөө асуугаарай. «Ертөнц... өнгөрнө» гэж Библид бичсэн байдаг (1 Иохан 2:17). Энэ ертөнцийн баяр жаргал их л сайндаа түр зуурынх байдаг. Түүнээс гадна Бурханд үл таалагдах үйл хийснийхээ төлөө их үнэ төлөх хэрэгтэй болдог. Тэгэхлээр энд ашиг тустай юм нэгээхэн ч байхгүй ээ. Амсаж буй зовлонгоо «залуу насаа шал дэмий үрсэний гор» гэж хэлсэн нэгэн христиан эмэгтэй: «Энэ ертөнц дур булаам сайхан харагдаж болно. Ер нь ертөнц ямар ч зовлон бэрхшээлгүйгээр, үргэлжид зугаацан цэнгэж болно гэдэгт чамайг итгүүлэхийг хүсдэг. Гэвч тийм байх боломжгүй юм. Ертөнц чамайг ашиглаж, хамаг шим шүүсийг чинь шавхаж дуусаад гадаа гарган хаяна» хэмээн ярьсан билээ. * Залуу насаа тэгж үрэн таран хийх хэрэг байна уу?

«Муу нэгнээс» хамгаалах нь

4, 5. а) Есүс үхэхийнхээ өмнөхөн Еховагаас юу гуйн залбирсан бэ? б) Ингэж гуйх нь зохистой байсны учир юу вэ?

4 Еховагийн Гэрчүүдийн хурлын залуус эд юмсын энэхүү тогтолцоо хүнд сайн юм нэгээхнийг ч санал болгодоггүйг ойлгодог учраас ертөнцтэй найзлахаас зайлсхийхийг хичээдэг (Иаков 4:4). Чи эдгээр үнэнч залуусын нэг мөн үү? Хэрэв тийм бол магтаал хүлээх учиртай. Үнэндээ үеийнхнийхээ дарамт шахалтыг тэвчин, бусдаас ялгаатай байна гэдэг амаргүй ч чамд туслагч бий.

5 Есүс үхэхийнхээ өмнөхөн, шавь нарыг минь «муу нэгнээс» (МАБ) «хамгаалаач» гэж Еховад хандан залбирсан (Иохан 17:15). Эцгээсээ тийн гуйх аргагүй шалтгаан байсан юм. Дагалдагчдынх нь хувьд Бурханд үнэнч байхад нас харгалзахгүйгээр хэцүү байх болно гэдгийг Есүс мэдэж байлаа. Яагаад хэцүү байх байсан бэ? Үүний нэг шалтгаан гэвэл шавь нарынх нь эсрэг үл үзэгдэх хүчирхэг дайсан болох «муу нэгэн» буюу Сатан Диавол байв. Энэ муу сүнсэн бүтээлийг Библид «хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» гэж бичсэн байдаг (1 Петр 5:8).

6. Сатан хүүхдийг ч гэсэн өрөвдөн хайрладаггүй гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

6 Сатан хүн төрөлхтнийг үргэлж тарчилган зовоож, бахаа хангадаг. Иов болон түүний гэр бүлд Сатаны учруулсан аймшигт гай зовлонгийн талаар бодоод үз л дээ (Иов 1:13–19; 2:7). Чи амьдралдаа Сатаны догшин уур хилэнгийн ул мөр бүхий ямар нэг үйл явдал болж өнгөрснийг санаж байж болох юм. Диавол хүмүүсийг залгихаар олз хайн гэтэн явахдаа хүүхэд залуусыг ч өрөвдөн хайрладаггүй. Жишээ нь: МЭ І зууны эхээр Херод хаанд Бетлехемийн хоёр болоод түүнээс доош насны бүх хөвгүүнийг алах санаа төрсөн (Матай 2:16). Амласан Мессиа болж, өөрт нь Бурхны шийтгэл оногдуулах ёстой хүүг устгах зорилгоор Сатан Херодыг үүнд түлхсэн байж магадгүй! (Эхлэл 3:15). Сатан хүүхдийг ч гэсэн өрөвдөн хайрладаггүй нь тодорхой. Түүний цорын ганц зорилго бол аль болох олон хүнийг залгих явдал юм. Ялангуяа, энэ нь бидний энэ цаг үед тод илэрч байгаа билээ. Учир нь Сатан тэнгэрээс дэлхий уруу хаягдсан бөгөөд «өөрт нь богино хугацаа байгааг» мэдэж байгаа учраас «үлэмж их уур хилэнтэй» байгаа (Илчлэлт 12:9, 12).

7. а) Ехова Сатанаас юугаараа эрс ялгаатай вэ? б) Чамайг баяр баясгалантай амьдруулах талаар Ехова юу боддог вэ?

7 Ехова «нигүүлсэнгүй өршөөл» үзүүлдгээрээ «үлэмж их уур хилэнтэй» Сатанаас эрс ялгаатай билээ (Лук 1:78). Ехова бол тэр чигээрээ хайр юм. Чухамдаа Бүтээгч маань энэ агуу чанарыг «Бурхан бол хайр» хэмээн Библид бичсэн тэр хэмжээгээр илэрхийлдэг (1 Иохан 4:8). Энэхүү эд юмсын тогтолцооны бурхан болон чиний үйлчлэх хувь тохиосон Бурхан хоёрын хооронд юутай их ялгаа байна вэ! Сатан залгих гэж хайн явдаг бол Ехова «хэнийг ч мөхүүлэхийг хүсдэггүй» (2 Петр 3:9). Ехова хүн бүрийн амийг, түүний дотор чиний амийг ч бас их үнэтэй, эрхэм зүйл гэж үздэг. Ехова чамайг ертөнцөөс тусгаар байхыг Үгээрээ дамжуулан ятгадаг ч чамайг баяр баясгалангүй амьдруулж, эрх чөлөөг чинь хясан боогдуулахыг хүсдэггүй (Иохан 15:19). Харин ч чамайг «муу нэгнээс» хамгаалдаг юм. Тэнгэрийн Эцэг чинь чамд энэ ертөнцийн түр зуурын таашаалыг бус, түүнээс хамаагүй илүү сайныг хүсдэг. Түүний хүсэл бол чамайг «жинхэнэ амьдралд» (ШЕ) хүргэх буюу диваажин дэлхийд мөнх амьдруулах явдал юм (1 Тимот 6:17–19). Ехова чамайг энэ зорилгын төлөө явж, амжилт олоосой гэж хүсдэг (1 Тимот 2:4). Түүнээс гадна Ехова чамаас өөр нэгэн онцгой зүйлийг хүсдэг. Тэр нь юу вэ?

«Зүрхийг минь баярлуул»

8, 9. а) Чи Еховад ямар бэлэг өгч чадах вэ? б) Иовд тохиолдсон явдлаас харахад Сатан Еховаг юу гэж муулдаг вэ?

8 Чи дотно найздаа хэзээ нэгэн цагт бэлэг өгч байсан уу? Гэнэтийн бэлэг авсан найзынхаа нүүрэнд баярын мишээл тодрохыг харж, найзаасаа талархлын халуун дулаан үг дуулах таатай гэдэг нь эргэлзээгүй. Тэр найздаа таалагдах ямар бэлэг авах вэ гэж чи удаан эргэцүүлж бодсон нь магад. Тэгвэл одоо дараах асуултыг бодож үзэгтүн. Бүтээгч Ехова Бурхандаа би юу бэлэглэж болох вэ? Энэ санаа эхлээд утгагүй юм шиг санагдаж магадгүй. Төгс хүчит Бурханд хэрэг болохоор юм өчүүхэн хүн надад юу байна аа? Түүнд байдаггүй, өгч болмоор өөр юу байна вэ? Үүний хариу «Сургаалт үгс» номын 27:11-д: «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» хэмээсэн байдаг.

9 Сатан Диавол бол Еховаг муулагч гэдгийг чи Библи судлаад мэддэг болсон байх. Бурханд үйлчилж байгаа хүмүүс түүнийг хайрладагтаа бус, харин ашиг хонжоо харж үйлчилдэг хэмээн Сатан мэдэгддэг. Бэрхшээл тулгарах даруйд л тэд жинхэнэ шүтлэгийг орхино гэж Сатан тунхагладаг. Сатан зөвт хүн Иовын талаар Еховад юу гэж хэлснийг жишээ болгон авч үзье. Тэрээр: «Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно» гэжээ (Иов 1:10, 11).

10. а) Сатан зөвхөн Иовоор тогтохгүй бусад бүх хүн Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэггүй гэж мэтгэснийг бид хэрхэн мэддэг вэ? б) Хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудалд чи ямар үүрэгтэй вэ?

10 Библид бичсэнээр Сатан ганц Иовыг ч биш, бас чамайг оролцуулаад Бурхны бүх үйлчлэгчийг Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэггүй гэж мэтгэсэн. Сатан Еховад: «Өөрт байгаа бүхнээ хүн [зөвхөн Иовоор тогтохгүй, бүх хүн] амийнхаа төлөө өгнө» хэмээн бүх хүн төрөлхтнийг хамруулан хэлжээ (Иов 2:4). Энэхүү маргаантай асуудалд чи ямар үүрэгтэйгээ ойлгож байна уу? Сургаалт үгс 27:11-д бичсэнээр чи өөрт нь ямар нэг юм өгч чадна гэдгийг Ехова хэлжээ. Энэ бол Еховаг муулагч Сатанд хариу болох үндэс юм. Орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн чамайг бүх л үеийн турш байсан маргаантай асуудлыг шийдэхэд оролцохыг урьж байна гэдгийг бодоорой. Юутай өндөр хариуцлага, хосгүй завшаан бэ! Еховагийн хүсэж байгаа юмыг чи биелүүлж чадах уу? Иов чадсан (Иов 2:9, 10). Үүнийг Есүс, тэрчлэн бүх л түүхийн туршид өөр үй олон хүн, тэр дундаа хүүхэд залуус биелүүлж чадсан (Филиппой 2:8; Илчлэлт 6:9). Чи ч мөн чадна. Гэхдээ энэ талаар тодорхой байр суурь баримтлахаас өөр арга байхгүй гэдгийг санах ёстой. Чи өөрийнхөө үйл хэргээр эсвэл Сатаныг, эсвэл Еховаг дэмжих болно. Чи энэ хоёрын хэнийг сонгох вэ?

Ехова чиний төлөө санаа тавьдаг!

11, 12. Еховад үйлчлэх эсэх чинь түүнд нөлөөлдөг үү? Тайлбарлана уу.

11 Чиний сонголт Еховад үнэхээрийн ач холбогдолтой юу? Урьд өмнө нь Бурханд үнэнч байдлаа хадгалан үлдсэн хүмүүс Сатанд зохих хариу өгч чадаагүй гэж үү? Үнэндээ, Диавол нэг ч хүн Бурханд хайрынхаа сэтгэлээс үйлчилдэггүй гэж мэдэгдсэн ч үүний худал болох нь аль хэдийн нотлогдсон билээ. Тэглээ ч гэсэн Ехова чухам чиний төлөө санаа тавьдаг учраас чамайг хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар өөрийнх нь талыг баримтлаасай гэж хүсдэг юм. Есүс: «Эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцгийн тань хүсэл биш юм» хэмээн хэлсэн (Матай 18:14).

12 Чиний ямар зам сонгохыг Ехова сонирхдог нь илэрхий. Яагаад гэвэл чиний сонголт түүнд нөлөөлдөг. Хүмүүсийн сайн, муу үйлийн аль аль нь Еховагийн сэтгэлд хүчтэй нөлөөлдгийг Библи тодорхой хэлдэг. Жишээ нь: Израильчууд дахин дахин тэрсэлж, Еховаг «өвтгөсөн» (Дуулал 78:40, 41). Ноагийн өдрүүдэд буюу Усан галавын өмнөхөн «хүмүүсийн бузар гэм нь үлэмж их» болсонд Ехова «сэтгэл зүрхэндээ гашуудав» (Эхлэл 6:5, 6). Эдгээр үгийн утгыг бодож үзээрэй. Хэрэв чи буруу замаар явбал Бүтээгчийнхээ зүрхийг өвтгөнө гэсэн үг. Энэ нь Бурхан сэтгэлийн тэнхээгүй юм уу, сэтгэл хөдлөлдөө автамхай гэсэн үг биш ээ. Үнэндээ Бурхан чамд хайртай бөгөөд чиний сайн сайхны төлөө санаа тавьдаг. Тиймээс чи зөв юм хийвэл Еховагийн зүрхийг баярлуулна. Ехова Сатанд хариу өгдөгтөө төдийгүй одоо чамайг шагнадагтаа баяртай байдаг. Тэгээд ч Ехова Шагнагч байхыг хүсдэг (Еврей 11:6). Ехова Бурхан үнэхээрийн халамжит Эцэг байгаа биз?

Одоо ч элбэг дэлбэг ивээл хишиг

13. Еховад үйлчлэх нь одоо ч хэрхэн ивээл хишиг авчирдаг вэ?

13 Еховад үйлчилдэг хүмүүс зөвхөн ирээдүйд л ивээл хишгийг хүртэх юм биш ээ. Еховагийн Гэрчүүдийн хурлын хөвгүүд охид өнөөдөр ч гэсэн баяр баясгалан, аз жаргал эдэлдэг бөгөөд энэ нь ч бүрэн үндэстэй юм. Дуулалч: «ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг» хэмээн бичжээ (Дуулал 19:8). Бидэнд юу нь сайн гэдгийг Ехова хэнээс ч илүү мэддэг. Ехова зөнч Исаиагаар дамжуулан: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» хэмээн хэлсэн (Исаиа 48:17, 18).

14. Өр ширний зовлонгоос зайлсхийхэд чинь Библийн зарчмууд хэрхэн тусалж болох вэ?

14 Библийн зарчмуудыг сахин мөрдсөнөөр чи олон гай зовлонгоос зайлсхийнэ. Жишээ нь: Хүмүүс мөнгөний хойноос улайран хөөцөлдвөл «түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэнэ» гэж Библид бичсэн байдаг (1 Тимот 6:9, 10). Библийн энэ үгийн үнэн болохыг гашуун туршлагаараа мэдэрсэн хүн чиний үеийнхэн дотор бий юү? Зарим залуус хамгийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл эзэмших гэж улайраад өрөнд баригддаг. Үнэхээрийн хүч хүрэхгүй юмаа авах гэж өндөр хүүтэй зээл авбал урт хугацаагаар зовлонгийн боол болно шүү! (Сургаалт үгс 22:7).

15. Библийн зарчмууд чамайг садар самуун явдлын улмаас үүдэж болох зовлонгоос хэрхэн хамгаалдаг вэ?

15 Тэрчлэн садар самуун явдлаас үүдэх бэрхшээлийн талаар аваад үзье. Дэлхий даяар жил бүр нөхөрт гараагүй өсвөр насны өчнөөн олон охин жирэмсэлдэг. Зарим нь хүсээгүй, бас түүний хажуугаар өсгөж чадахгүй байж хүүхэд төрүүлдэг. Нөгөө зарим нь ураг хөндүүлж, түүнээсээ болоод мөс чанар нь шаналж явдаг. Зарим хөвгүүд, охид ДОХ гэх мэтийн бэлгийн замын халдварт өвчнөөр өвддөг. Еховаг мэддэг хүний тухайд хамгийн аюултай үр дагавар бол Еховатай тогтоосон харьцаагаа эвдэх явдал юм * (Галат 5:19–21). Библийн: «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэж хэлдэг нь дэмий зүйл биш ээ (1 Коринт 6:18).

«Жаргалтай Бурханд» үйлчлэх нь

16. а) Ехова чамайг залуу насандаа баяртай байгаасай гэж хүсдэгийг хаанаас мэдэж болох вэ? б) Ехова чамд мөрдвөл зохих удирдамж тогтоож өгсний учир юу вэ?

16 Библид Еховаг «жаргалтай Бурхан» гэсэн байдаг (1 Тимот 1:11, ШЕ). Тэр чамайг бас жаргалтай байгаасай гэж хүсдэг. Түүний Үг: «Залуудаа баяртай байгтун. Залуу насныхаа турш жаргалтай байгтун» гэж хэлдэг (Номлогчийн үгс 11:9, «Today’s English Version»). Гэвч Ехова тухайн үеийнхээс цаашхыг хардаг бөгөөд сайн хийгээд муу явдал алс хэтдээ ямар үр дагаварт хүргэхийг мэддэг. Тийм ч учраас Ехова чамд: «Хүнд өдрүүд ирж, „Энэ амьдралд жаргал үзсэнгүй“ гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» хэмээн сануулдаг (Номлогчийн үгс 12:1).

17, 18. Еховад үйлчлээд жаргалтай байдгаа нэгэн христиан охин хэрхэн илэрхийлсэн бэ? Тийм баяр баясгаланг чи хэрхэн хүртэж болох вэ?

17 Өнөөдөр олон залуу хүн Еховад үйлчлэн асар их жаргал эдэлж байна. Жишээ нь, 15 настай Лина: «Би цээж тэнэгэр явдаг. Тамхи татаж, мансууруулах бодис хэрэглэдэггүй учраас бие минь эрүүл, хөнгөн байдаг. Би Сатаны аймшигтай шахалт хавчилтыг тэсвэрлэн эсэргүүцэхэд тустай үнэтэй удирдамж зөвлөгөөг хурлаар дамжуулан авдаг. Цуглаан дээр сүнслэгээр бэхжүүлдэг итгэл нэгтнүүдтэйгээ харьцдаг учраас миний царай аз жаргалаар гэрэлтэн байдаг. Бүхнээс чухал нь би дэлхий дээрээ мөнх амьдрах хосгүй найдвартай» хэмээн хэлсэн билээ.

18 Олон христиан залуу Лина шиг итгэлийн төлөө ширүүн тэмцдэг бөгөөд энэ нь тэдэнд баяр баясгалан авчирдаг. Түр зуурын бэрхшээл тохиолддог ч гэсэн тэд амьдралаа жинхэнэ утга учиртай, ирээдүйтэй гэдгийг ойлгодог. Тийм учраас чиний сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг Бурханд тасралтгүй үйлчлэгтүн. Түүний зүрхийг баярлуулаарай. Тэгвэл тэр чамайг одоо ч баярлуулна. Мөн ирээдүйд үүрд мөнх баярлуулна! (Дуулал 5:11).

[Зүүлт]

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 1996 оны 10-р сарын 22-ны дугаарт нийтлэгдсэн «Амьдралыг минь үнэн эргүүлж өгсөн» нэртэй өгүүлэл үзнэ үү (англи).

^ Гэмшин, буруу явдлаа орхиж, нүглээ улайдаг хүнийг Ехова «өгөөмрөөр уучлахыг» мэдэх нь юутай тайвшрам бэ! (Исаиа 55:7).

Та санаж байна уу?

• «Муу нэгэн» буюу Сатаны зүгээс чамд ямар аюул заналхийлдэг вэ?

• Чи Еховагийн зүрхийг хэрхэн баярлуулж болох вэ?

• Ехова чиний төлөө санаа тавьдгийг Библи хэрхэн харуулдаг вэ?

• Еховад үйлчилснээр ямар ямар ивээл хишиг хүртдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны хавсралт/зураг]

Бүдрэх шахсан зөвт хүн

Асаф бол эртний Израильд Еховагийн сүмийн хөгжимчнөөр үйлчилдэг, алдар хүндтэй левит хүн байлаа. Тэрээр нийтийн шүтлэгийн үеэр дуулдаг дууг хүртэл зохиож байсан аж. Гэвч Асаф тийм нэр хүндтэй үүрэг гүйцэтгэж байсан хэрнээ, Бурхны хуулийг уландаа гишгэж байсан үеийнхнийхээ ёс бус явдалд нэгэн үе хөл алдан татагдсан ажээ. Хожим нь Асаф алдаагаа хүлээн зөвшөөрч: «Би бараг хөл алдаж, бараг хальтрах шахлаа. ...Би хорон муу хүний амжилтыг харан, сайрхагчид атаархсан» хэмээн бичжээ (Дуулал 73:2, 3).

Дараа нь Асаф Бурхны ариун газарт орж, өөрт нь юу тохиолдсоныг уудлан илчилж, залбирчээ. Тэрээр дахин сүнслэг хараатай болж, Ехова ёс бусыг үзэн яддагийг болон зөвт ба «хорон муу» хүмүүсийн аль аль нь эцэстээ юу тарьснаа л хурааж авдгийг ойлгожээ (Дуулал 73:17–20; Галат 6:7, 8). Үнэндээ, ёс бус хүмүүс хальтиргаатай газар зогсдог. Эцсийн эцэст, Ехова энэхүү ёс бус тогтолцоог устгахад тэд унах болно (Илчлэлт 21:8).