Бид Еховагийн нэр дотор үүрд мөнх алхана!
Бид Еховагийн нэр дотор үүрд мөнх алхана!
«Бид үүрд мөнх, өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» (МИКА 4:5).
1. «Мика» номын 3–5-р бүлэгт юун тухай бичсэн байдаг вэ?
ЕХОВАД ард түмэндээ хэлэх үг байсан бөгөөд түүнийгээ зөнч Микагаараа дамжуулжээ. Бурхны санаа зорилго бол ёс бус хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах явдал бөгөөд Израилийг тэрсэлснийх нь төлөө гэсгээхээр зэхэж байв. Гэхдээ, Ехова өөрийнх нь нэр дотор алхдаг хүнийг ивээдэг билээ. Энэ тухай «Мика» номын 3–5-р бүлэгт тодорхой бичсэн буй.
2, 3. а) Израилийн удирдагчид ямар чанар илэрхийлэх ёстой байсан бэ? Гэтэл, үнэн хэрэгтээ тэд яадаг байсан бэ? б) Мика 3:2, 3-т ашигласан шилжсэн утгатай үгийг та хэрхэн тайлбарлах вэ?
2 Бурхны зөнч: «Иаковын тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?» хэмээн мэдэгджээ. Тийм ээ, тэд шударга ёсыг мэдэх ёстой байсан ч, үнэн хэрэгтээ юу хийж байв аа? Цааш нь Мика: «Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд Миний ард түмний махыг идэж, тэдний арьсыг нь хуулан, тэдний ясыг нь хугалж, тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг» хэмээн хэлсэн (Мика 3:1–3).
3 Удирдагчид яахлаараа ядуу дорой, хамгаалалтгүй хүмүүсийг дарладаг юм бол оо! Микагийн зөгнөлийг сонссон хүмүүс энд ашигласан шилжсэн утгатай үгийг амархан ойлгоно. Нядалсан хонийг чанахын тулд эхлээд арьсыг нь өвчөөд дараа нь яс махыг нь үелэн жиргэдэг. Заримдаа чөмгийг нь ташдаг. Мах ясыг нь Микагийн дурдсан шиг том тогоонд чанадаг байжээ (Езекиел 24:3–5, 10). Микагийн үед хорон муу удирдагчид ард олныг дарлан дормжилж байсныг харуулах юутай тохирсон жишээ вэ!
Ехова биднийг шударга байгаасай гэж хүсдэг
4. Ехова Израилийн удирдагчдаас юугаараа ялгаатай вэ?
4 Израилийн удирдагчид халамжит Хоньчин Еховагаас эрс ялгаатай. Тэд шударга бусыг үйлддэгээсээ болоод сүргийг хамгаалах даалгавраа биелүүлж чадаагүй. Харин ч Мика 3:10-т тэмдэглэснээр, бэлэгдлийн хонинуудад шударга бусаар хандаж, цусыг нь урсган, шунахай сэтгэлээр мөлжиж байв. Эндээс бид юу мэдэж болох вэ?
5. Ехова ард түмнийх нь дунд удирдах үүрэг хүлээсэн хүмүүсээс юу хүсдэг вэ?
5 Бурхан ард түмнийх нь дунд удирдах үүрэг хүлээсэн хүмүүсийг шударга байгаасай гэж хүсдэг. Еховагийн өнөөгийн үйлчлэгчид тийм гэдгийг бид мэддэг. Түүнээс гадна, энэ нь Исаиа 32:1-д: «Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна» хэмээн бичсэнтэй тохирдог юм. Тэгвэл, Микагийн үед байдал ямар байсан бэ? «Сайныг үзэн ядаж, мууг хайрладаг» хүмүүс шударга ёсыг ичгүүргүйгээр уландаа гишгэдэг байлаа.
Бурхан хэний залбиралд хариу өгдөг вэ?
6, 7. Мика 3:4-т ямар чухал санааг онцолсон байдаг вэ?
6 Микагийн үеийн ёс бусыг үйлдэгчдэд Еховагийн тааллыг олох найдвар байсан уу? Үгүй гэдэг нь ойлгомжтой! Мика 3:4-т: «Тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу үйлс хийжээ» гэж байдаг. Энэ үг нэгэн чухал санааг онцолдог юм.
7 Бид нүгэл үйлддэг бол Ехова залбиралд маань хариу өгөхгүй. Энэ нь нүгэлт үйлээ нуун, Бурханд үнэнч үйлчилж байгаа хүний дүр эсгэн, хоёр нүүр гаргадаг хүнд хамаатай нь ойлгомжтой. Дуулал 26:4-т бичсэнээр Давид: «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай ч хамт явахгүй» хэмээн дуулжээ. Ялангуяа, Үгийг нь санаатай зөрчдөг хүмүүсийн залбиралд хариу огт өгөхгүй!
Бурхны сүнс хүч өгдөг
8. Микагийн үед хуурамч зөнчдөд ямар сануулга өгсөн бэ?
8 Израилийг сүнслэг асуудлаар удирдаж байсан хүмүүс юутай эмгэнэлтэй үйл хийж байж вэ! Хуурамч зөнчид Бурхны ард түмнийг сүнслэгээр төөрөлдүүлсэн. Шунахай удирдагчид: «Амар амгалан!» гэж хариулдаг боловч хэрэг дээрээ хэлэн дээр нь юм тавиагүй алив хүний эсрэг ариун дайн зарладаг. «Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө, мэргэ төлөггүй харанхуй болно. Нар эш үзүүлэгчид дээр шингэж, өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно. Үзмэрчид гутамшиг болж, мэргэчид ичиж... тэд, үнэхээр, бүгд амаа [«сахлаа», ШЕ] халхлах болно» хэмээн Ехова хэлсэн (Мика 3:5–7).
9, 10. «Сахлаа халхлах» гэдэг нь юу гэсэн үг вэ? Микад тэгэх шалтгаан байгаагүйн учир юу вэ?
9 «Сахлаа халхлахын» учир юу вэ? Микагийн үеийн ёс бусыг үйлдэгчид ичсэнээсээ сахлаа халхалдаг байжээ. Тэр өөдгүй хүмүүст ичих зүйл байсан аж. Тийм учраас тэдэнд «Бурхнаас ямар ч хариу ирэхгүй» (Мика 3:7). Ехова ихэмсэг зантай, ёс бус хүмүүсийн залбирлыг ер хайхардаггүй.
10 Микад «сахлаа халхлах» шалтгаан байгаагүй. Тэр ичих юм хийгээгүй. Ехова түүний залбиралд хариу өгдөг байв. Үнэнч зөнчийн: «Өөрөөр хэлбэл, ...би хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна» хэмээн хэлснийг Мика 3:8-д тэмдэглэжээ. Мика, Бурханд удаан хугацаагаар, үнэнч үйлчлэхдээ үргэлж «хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр дүүрэн» байсандаа маш ихээр талархдаг байв. Энэ нь «Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулд» түүнд хүч өгдөг байлаа.
11. Хүмүүс Бурхны мэдээг тунхаглах хүчийг хаанаас авдаг вэ?
11 Бурхны шүүх шийдвэрийг тунхаглахын тулд Микад хүнийхээс илүү хүч хэрэгтэй байлаа. Энэ бол Еховагийн сүнс буюу үйлдэх хүч юм. Бидний тухайд юу хэлж болох вэ? Ехова ариун сүнсээрээ хүч өгсөн цагт л бид сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа биелүүлж чадна. Хэрэв бид санаатайгаар нүгэл үйлддэг бол дэлгэрүүлэх ажил маань үр дүнгүй болно. Яагаад гэвэл, энэ ажлаа хийхэд шаардлагатай хүч гуйж залбирахад маань Бурхан хариу өгөхгүй. Бид «ЭЗЭНий Сүнсгүй» бол тэнгэрийн Эцгийнхээ шүүх мэдээг тунхаглаж чадахгүй нь тодорхой. Харин, залбирлыг маань Ехова сонсож, ариун сүнсээрээ хүч өгсний ачаар бид Бурхны үгийг, Мика шиг зоригтой ярьж чаддаг.
12. Есүсийн эртний шавь нар «Бурхны үгийг зоригтойгоор ярьж» чаддаг байсны учир юу вэ?
12 Үйлс 4:23–31-д бичсэн үйл явдлыг та лав санаж байгаа байх. Та өөрийгөө Есүсийн нэгдүгээр зууны шавь нарын нэг гээд төсөөлөөд үзэгтүн. Хэт шүтлэгтэн хавчигчид Христийн дагалдагчдын амыг хамхихыг оролдсон. Гэвч, тэр үнэнч хүмүүс Хэмжээгүй эрхт Эзэндээ хандан: «Эзэн ээ [«Ехова», ШЕ], тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийн боолуудад соёрхооч» хэмээн залбирчээ. Тэгээд юу болсон бэ? Тийнхүү залбирч байтал тэдний цугласан газар доргин чичирхийлж, хүн бүр ариун сүнсээр дүүрэн, Бурхны үгийг зоригтойгоор ярьж эхэлжээ. Тиймд бид ч гэсэн дэлгэрүүлэх ажлаа хийхдээ Еховад хандан залбирч, ариун сүнснийх нь тусламжид найдаж болно.
13. Иерусалим болон Самарид юу тохиолдох ёстой байсан бэ? Яагаад?
13 Микагийн үед дахин эргэж очъё. Мика 3:9–12-т бичсэнээр цусны буруутай захирагчид нь хахууль аван шүүж, тахилчид нь үнэ хөлсөөр зааварчлан, хуурамч зөнчид нь мөнгөний төлөө мэргэлдэг байжээ. Тийм учраас Ехова Иудагийн нийслэл Иерусалимыг «сүйрлийн овоо» болгохоор зарлиг буулгасан нь гайхах зүйл биш ээ! Хуурамч шүтлэг хийгээд ёс суртахууны завхрал Израильд ч мөн адил газар авч байсан болохоор Мика онгодоор хөтлүүлэн, Бурхан Самарийг «сүйрлийн овоо» болгох гэж байгааг сануулж бичсэн (Мика 1:6). Зөгнөл ёсоор МЭӨ 740 онд Ассирийн цэрэг Самарийг сүйрүүлэхэд зөнч амьд мэнд байжээ (Хаадын дэд 17:5, 6; 25:1–21). Иерусалим болон Самарийн эсрэг энэхүү аймшигт мэдээг зөвхөн Еховагийн хүчний тусламжтайгаар тунхаглаж болох нь тодорхой.
14. Мика 3:12-ын зөгнөл хэрхэн биелсэн бэ? Энэ нь бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ?
14 Иуда Еховагийн шийтгэлээс мултарч чадахгүй нь тодорхой байлаа. Мика 3:12-т зөгнөснөөр Сион «талбай мэт хагалагдах» ёстой байв. ХХІ зуунд амьдарч байгаа бид МЭӨ 607 онд вавилончууд Иуда болон Иерусалимыг сүйрүүлснээр уг зөгнөл биелснийг мэддэг. Энэ зөгнөл, зөгнөснөөс нь хойш олон жилийн дараа биелсэн ч уг үйл явдал заавал болно гэдэгт Мика итгэлтэй байсан. Эд юмсын өнөөгийн ёс бус тогтолцоо урьдаас зөгнөсөн «Бурхны өдрөөр» төгсгөл болно гэдэгт бид ч гэсэн бат итгэлтэй байх ёстой (2 Петр 3:11, 12).
Ехова хэрэг явдлыг залруулдаг
15. Мика 4:1–4-т бичсэн зөгнөлийг та өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?
15 Микагийн зөгнөлийг цааш нягтлан үзвээс сэтгэл хөдөлгөм, итгэл найдварын мэдээ байгааг үзэх болно. Мика 4:1–4-т байдаг үгс их урам хайрладаг. Энд Мика: «Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүн уруу цутгана. [...] Тэр [Бурхан] олон ард түмний хоорондхыг шүүж, хүчирхэг, холын үндэстнүүдэд зориулан шийдвэрийг гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Өөрсдийг нь айлгах ямар ч хүнгүйгээр тэдний хүн тус бүр нь өөрийн усан үзмийн болон инжрийн модны доор сууна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав» хэмээн хэлжээ.
16, 17. Мика 4:1–4-ийн зөгнөл өнөөдөр хэрхэн биелж байна вэ?
16 Зөгнөлд гардаг «олон ард түмэн» ба «хүчирхэг үндэстнүүд» гэж хэн бэ? Тэд бол энэ ертөнцийн үндэстэн, засгийн газрууд биш ээ. Энэ зөгнөл нь жинхэнэ шүтлэгийн Еховагийн ууланд үйлчлэх ариун үйлчлэлд нэгдсэн, үндэстэн бүрийн хүмүүст хамаатай юм.
17 Микагийн зөгнөл ёсоор Еховаг шүтэх цэвэр шүтлэг удахгүй үгийнхээ бүрэн утгаар дэлхий даяар хэрэгжих болно. Өнөөдөр «мөнхийн амийн талаар зөв хандлагатай» хүмүүс Еховагийн замуудад суралцаж байна (Үйлс 13:48, ШЕ). Ехова Хаанчлалын талд зогсдог хүмүүсийн төлөө сүнслэг талаар «шүүж, ...шийдвэрийг [«хэрэг явдлыг залруулдаг» ШЕ] гаргадаг. Тэд «үй олон хүний» хэсэг болохын хувьд «агуу их гай гамшгийг» (ШЕ) эсэн мэнд давна (Илчлэлт 7:9, 14). Тэд илдээ анжисны хошуу болгон давтчихсан учраас итгэл нэгт Еховагийн Гэрчүүдтэйгээ болон бусад хүмүүстэй өнөөдөр ч гэсэн эв найртай амьдарч байна. Ийм хүмүүсийн дунд байх юутай сайхан бэ!
Еховагийн нэр дотор алхахаар зориг шулуудсан нь
18. «Усан үзэм хийгээд инжрийн модныхоо доор суух» гэдэг нь юуны бэлэгдэл бэ?
18 Өтгөн хар үүл шиг айдас дэлхийг нөмөрсөн энэ өдрүүдэд олон хүн Еховагийн замуудад суралцаж байгаад бид баяртай байдаг. Бид, Бурхныг хайрладаг бүх хүн цаашид дайтахад үл суралцан, усан үзэм хийгээд инжрийн модныхоо доор суух цаг удахгүй болоосой гэж тэсэн ядан хүлээдэг юм. Инжрийн модыг гол төлөв усан үзмийн цэцэрлэгт тарьдаг байжээ (Лук 13:6). Усан үзэм хийгээд инжрийн модныхоо доор сууна гэдэг нь амар тайван, хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын бэлэгдэл ажээ. Еховатай тогтоосон харьцаа маань одоо ч гэсэн бидэнд сэтгэл санааны амар тайван, сүнслэг аюулгүй байдлыг өгдөг. Хаанчлал захирах үед дээр дурдсан нөхцөл байдал бодитой болох бөгөөд бид айх аюулгүй, амар жимэр амьдрах болно.
19. Еховагийн нэр дотор алхах гэж юу гэсэн үг вэ?
19 Бурханд таалагдан, ивээлийг нь хүртэхийн тулд түүний нэр дотор алхах ёстой. Энэ санааг Мика 4:5-д тод томруун илэрхийлсэн байдаг бөгөөд зөнч: «Бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч, бидний хувьд, бид үүрд мөнх, өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» хэмээн тунхаглажээ. Еховагийн нэр дотор алхах гэдэг нь түүнийг миний Бурхан гэж хэлэх төдийхнөөр хязгаарлах асуудал биш юм. Цуглаанд явах, Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд оролцох зэрэг нь амин чухал хэдий ч үүнийг л гүйцэтгэчихвэл болчихож байгаа хэрэг бас биш ээ. Бид Еховад өөрсдийгөө зориулчихаад, түүнийг бүх зүрхээрээ хайрлан, түүнд үнэнч үйлчлэхээр чармайж байгаа бол түүний нэр дотор алхаж байна гэсэн үг (Матай 22:37). Еховагийн үйлчлэгчид бид өөрийн Бурхан Еховагийнхаа нэр дотор үүрд мөнх алхахаар зориг шулуудсан маань маргашгүй үнэн.
20. Мика 4:6–13-т юун тухай зөгнөсөн бэ?
20 Одоо Мика 4:6–13-т хэрхэн зөгнөснийг авч үзье. «Сионы охин» «Вавилон уруу» цөллөгт явах ёстой байв. Энэ зөгнөл МЭӨ 7-р зуунд Иерусалимын оршин суугчид дээр биелсэн. Гэсэн хэдий ч, үлдэгдэл Иудад буцаж ирэх ба Сионыг сэргээн босгох цагт Ехова дайснуудыг нь «бут цохино» гэдгийг Микагийн зөгнөл хэлдэг.
21, 22. Мика 5:2-ын зөгнөл хэрхэн биелсэн бэ?
21 «Мика» номын 5-р бүлэгт сэтгэл хөдөлгөм өөр үйл явдлын талаар зөгнөсөн байдаг. Тухайлбал, Мика 5:2–4-т юун тухай өгүүлснийг авч үзье. «Гарч ирэх нь эртнээс... байсан», Бурхны томилсон Захирагч Бетлехемд төрнө гэдгийг Мика зөгнөсөн. Тэрээр хоньчин лугаа адил «ЭЗЭНий хүчээр» захирна. Түүнээс гадна, тэрхүү Захирагч Израильд төдийгүй, «дэлхийн зах хязгаар хүртэл» агуу нэгэн байх болно. Тэр Захирагч хэн болохыг ертөнц ерөнхийдөө мэдэхгүй байж болох ч энэ нь бидний хувьд нууц биш бөлгөө.
22 Бетлехемд төрөгсдөөс хамгийн агуу нь хэн байсан бэ? Хэн «дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх» вэ? Мессиа Есүс Христээс өөр хэн ч биш ээ! Их Херод хаан ахлах тахилчид болон хуулийн багш нарыг цуглуулан, Мессиаг хаана төрөх ёстойг асуухад, тэд: «Иудейн Бетлехемд» хэмээн хариулжээ. Тэр бүү хэл, тэд Мика 5:2-оос иш татсан байна (Матай 2:3–6). Энгийн хүмүүс үүнийг бас мэддэг байсан ба «„Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна“ гэж Сударт хэлдэг биш үү?» хэмээн хэлсэн үгийг нь Иохан 7:42-т иш татсан байдаг.
Хүмүүсийг жинхэнээр сэргээх нь
23. Мика 5:7-ийн зөгнөл өнөөдөр хэрхэн биелж байна вэ?
23 Мика 5:5–15-д түр зуурын амжилт олох Ассирийн довтолгоо болон дуулгаваргүй үндэстнүүдээс Бурхан өшөө авах тухай өгүүлсэн байдаг. Мика 5:7-д гэмшсэн, иудейчүүдийн үлдэгдлийг эх нутагт нь буцаах тухай амлалт байдаг. Гэхдээ энэ үг бидний үед ч бас хамаатай билээ. Мика: «Иаковын үлдэгсэд нь олон ардын дунд... ургамал ногоон дээр асгардаг аадар мэт, Еховагаас ирдэг шүүдэр мэт болох ёстой» хэмээн тунхагладаг. Сүнслэг Иаков буюу Израилийн үлдэгдэл Бурхнаас хүмүүст өгөх ивээл хишиг болно гэдгийг ийм сайхан бэлэгдлийн тусламжтайгаар зөгнөн хэлжээ. Есүсийн, дэлхийн найдвартай «өөр хонинууд» хүмүүсийг сүнслэгээр сэргээхэд нь «Бурхны Израилийн» орчин үеийн үлдэгдэлд туслан, тэдэнтэй мөр зэрэгцэн үйлчилдэгтээ баяртай байдаг (Иохан 10:16, МБОХ, 1996; Галат 6:16; Зефаниа 3:9). Үүнтэй холбоотой эргэцүүлэн бодох маш чухал асуудал байдаг. Бид Хаанчлалыг тунхаглагчдын хувьд хүмүүсийг жинхэнээр сэргээдэг хосгүй завшаанаа эрхэмлэх ёстой.
24. Та «Мика» номын 3–5-р бүлгээс ямар санаа олж авсан бэ?
24 «Мика» номын 3–5-р бүлгээс та юу мэдэж авсан бэ? Дараах зүйл байж болох юм. Үүнд: 1) Бурхан, ард түмнийх нь дунд удирдах үүрэг хүлээсэн хүмүүсээс шударгыг үйлдэхийг хүсдэг. 2) Санаатайгаар нүгэл үйлддэг бол Ехова залбиралд хариу өгөхгүй. 3) Бурхан ариун сүнсээрээ хүч өгсөн цагт л бид дэлгэрүүлэх даалгавраа биелүүлж чадна. 4) Бурханд таалагдахын тулд түүний нэр дотор алхах ёстой. 5) Бид Хаанчлалыг тунхаглагчдын хувьд хүмүүсийг жинхэнээр сэргээдэг хосгүй завшаанаа эрхэмлэх ёстой. Таны толгойд эдгээрээс өөр санаа буусан байж болох юм. Библийн зөгнөлийн энэ номоос өөр юу мэдэж болох вэ? Микагийн, итгэл бэхжүүлдэг зөгнөлийн сүүлийн хоёр бүлгээс ач тустай сургамж авахад маань дараагийн өгүүлэл тусална.
Та хэрхэн хариулах вэ?
• Ард түмнийх нь дунд удирдах үүрэг хүлээсэн хүмүүсээс Бурхан юу хүсдэг вэ?
• Еховад үйлчлэхэд маань залбирал болон ариун сүнс чухал байдгийн учир юу вэ?
• Хүмүүс хэрхэн «ЭЗЭНий нэр дотор алхдаг» вэ?
[Догол мөрийн асуулт]