Ехова бол үнэний Бурхан
Ехова бол үнэний Бурхан
«Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон» (ДУУЛАЛ 31:5).
1. Худал хуурмаг явдал байдаггүй байсан тэр цагт тэнгэрт болоод дэлхий дээр байдал ямар байсан бэ?
ХУДАЛ ХУУРМАГ явдал огт байдаггүй цаг байжээ. Үл үзэгдэх тэнгэрт амьдардаг төгс сүнсэн бүтээлүүд Бүтээгч, «үнэний Бурхандаа» үйлчилдэг байлаа (Дуулал 31:5). Тэнд худал ярих, хуурч мэхлэх явдал байдаггүй байв. Ехова сүнсэн хөвгүүддээ хайртай бөгөөд тэдний сайн сайхны төлөө асар их санаа тавьдаг учраас тэдэнд зөвхөн үнэнийг хэлдэг байв. Дэлхий дээр ч мөн тийм байв. Ехова анхны эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээгээд, тэдэнтэй өөрийн тогтоосон харилцах сувгаараа цаг ямагт ойлгомжтой бөгөөд илэн далангүй, зөв шударга харьцдаг байв. Юутай гайхамшигтай байж вэ!
2. Худал хуурмагийн үндсийг хэн тавьсан бэ? Ямар учраас?
2 Гэвч хожим нь Бурхны нэгэн сүнсэн хүү өрсөлдөгч бурхан болохыг санаархан, Еховагийн эсрэг ичгүүргүйгээр босжээ. Сатан Диавол болж тодорсон тэрхүү сүнсэн бүтээл бусдаар өөрийгөө шүтүүлэхийг хүссэн аж. Тэрээр зорилгоо биелүүлж, бусдыг эрхшээлдээ оруулах явцдаа худал хуурмагийн үндсийг тавьсан ба ингэснээрээ «худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь» болсон байна (Иохан 8:44).
3. Сатаны худал үгийг Адам Ева хоёр хэрхэн хүлээн авсан бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?
3 Сатан анхны эмэгтэй Евад могойгоор дамжуулан, чи Бурхны тушаалыг үл хайхран, хориглосон жимс идлээ ч үхэхгүй гэж хэлсэн. Энэ нь худал байлаа. Бас, тэр жимсийг идвэл эмэгтэйг сайн мууг мэддэг, Бурхан лугаа адил болно гэж хэлсэн. Энэ нь ч бас худал байв. Ева урьд нь худал үг ер сонсож байгаагүй ч могойн хэлж байгаа үг өөрийнх нь нөхөр Адамд хэлсэн Бурхны үгтэй зөрчилдөж байгааг ойлгох ёстой байлаа. Ямартай ч тэр эмэгтэй Еховад бус, Сатанд итгэхээр шийджээ. Шургаж унатлаа мэхлэгдсэн Ева жимсийг авч идэв. Хожим нь Адам мөнөөх жимсийг бас идэв (Эхлэл 3:1–6). Адам, Евагийн адил урьд нь худал яриа ер сонсож байгаагүй ч Ева шиг мэхлэгдээгүй (1 Тимот 2:14). Харин хийсэн үйлээрээ Бүтээгчээсээ татгалзсанаа харуулсан. Үүнээс хүн төрөлхтөнд учрах үр дагавар гунигтай байлаа. Адамын дуулгаваргүй байдлаас болоод түүний бүх үр удамд ялзрал завхрал хийгээд зовлон гамшгийн далайд живүүлдэг нүгэл ба үхэл тархжээ (Ром 5:12).
4. а) Еденд хэлсэн худал үгийн мөн чанар юу байсан бэ? б) Сатаны заль мэхэнд автахгүйн тулд бид яах ёстой вэ?
4 Түүнчлэн худал хуурмаг тархан дэлгэрэв. Еден цэцэрлэгт хэлсэн тэр худал үг Еховагийн өөрийнх нь үнэнч байдлын эсрэг чиглэсэн дайралт байсан гэдгийг бид ойлгох ёстой. Бурхан анхны хүмүүн хосыг хуурч мэхлэн, ямар нэгэн сайн зүйлээс нь салгасан хэмээн Сатан мэдэгдсэн. Энэ нь тийм биш байсан гэдэг нь ойлгомжтой. Адам Ева хоёрын дуулгаваргүй байдал тэдэнд ач тустай юу ч авчраагүй. Тэд Еховагийн сануулсан ёсоор үхэцгээсэн. Гэсэн хэдий ч Сатан Еховаг гүтгэсэн хэвээр байсан бөгөөд олон зуун жилийн дараа элч Иохан Бурхны онгодоор хөтлүүлэн бичихдээ Сатаныг «бүх ертөнцийг мэхлэгч» хэмээжээ (Илчлэлт 12:9). Сатан Диаволын заль мэхэнд автахгүйн тулд бид Ехова болон түүний Үгийн үнэнд бүрэн дүүрэн итгэх ёстой. Та Еховад итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж, бэхжүүлэх хийгээд Дайсных нь заль мэх, худал хуурмагаас өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ?
Ехова үнэнийг мэддэг
5, 6. а) Еховагийн мэдлэг ямар вэ? б) Хүний мэдлэгийг Еховагийнхтай харьцуулбал ямар вэ?
5 Ехова «бүх юмсыг бүтээсэн» гэж Библи нэг бус удаа өгүүлдэг (Ефес 3:9). Тэрбээр «тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн» Нэгэн мөн бөлгөө (Үйлс 4:24). Ехова Бүтээгч учраас бүх юмны үнэнийг мэддэг. Жишээ болгон, байшингийнхаа зураг төслийг өөрөө гаргаад, өөрөө барьж дуусгасан хүний тухай аваад үзье. Тэр хүн байшингийнхаа талаар хэн нэгэн хөндлөнгийн хүнийг бодвол хамаагүй илүү, гарын таван хуруу шигээ сайн мэднэ. Тийм ээ, хүмүүс өөрийн гараар хийсэн юмаа маш сайн мэддэг. Үүнтэй адилаар, Бүтээгч бүтээсэн бүхнээ төгс сайн мэддэг.
6 Еховагийн мэдлэгийн хүрээ хичнээн өргөн болохыг зөнч Исаиа гайхалтай илэрхийлсэн буй. Исаиа 40:12–14-т: «Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ? Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан, эсвэл Түүний зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ? Хэнтэй Тэр зөвлөлдөн, хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ? Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?» гэж байдаг. Үнэндээ, Ехова бол «хамгийг мэдэгч Бурхан» бөгөөд «мэдлэгээр төгс нэгэн» билээ (1 Самуел 2:3; Иов 36:4; 37:16). Түүнийхтэй харьцуулбал бидний мэдлэг дэндүү өчүүхэн бөлгөө! Хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг гайхаж биширмээр хэдий ч бодит ертөнцийн талаарх бидний ойлголт «[Бурхны] замуудын захад» нь ч хүрдэггүй. Зүйрлэвэл, «хүчит нүргээний» дэргэд «шивнээ» лугаа адил юм (Иов 26:14, ШЕ).
7. Еховагийн мэдлэгийн талаар Давид юуг хүлээн зөвшөөрсөн бэ? Энэ талаар бид юу ухаарах ёстой вэ?
7 Ехова бүтээсэн учраас биднийг маш сайн мэддэг нь ойлгомжтой. Давид хаан үүнийг хүлээн зөвшөөрч: «Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, миний бүх явдлыг дотно сайн мэддэг. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг» хэмээн бичжээ (Дуулал 139:1–4). Бурхан хүмүүсийг өөрт нь захирагдах, эс захирагдахаа өөрсдөө сонгох эрх чөлөөтэйгөөр бүтээснийг Давид ойлгож байсан нь эргэлзээгүй (Дэд хууль 30:19, 20; Иошуа 24:15). Гэхдээ, Ехова биднийг өөрсдөөс маань илүү, дэндүү сайн мэддэг. Тэрбээр бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг бөгөөд замыг маань чиглүүлэх чадвартай (Иеремиа 10:23). Үнэн хэрэгтээ, бидэнд үнэнийг Еховагаас илүү зааж, биднийг Еховагаас илүүгээр, мэргэн ухаан, аз жаргалтай болгох чадварлаг багш, мэргэжилтэн, зөвлөх нэг ч байхгүй ээ.
Ехова бол үнэнч Бурхан
8. Еховаг үнэнч гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
8 Үнэнийг мэдэх нэг хэрэг. Харин дандаа үнэнийг ярих буюу үнэнч байх гэдэг өөр асуудал. Жишээ нь, Диавол «үнэн дотор зогсохоос» татгалзсан (Иохан 8:44). Түүний дэргэд Ехова «үнэнээр бялхам билээ» (Египетээс гарсан нь 34:6). Еховаг үнэнч гэдгийг Судар нэг бус удаа гэрчилдэг. Элч Паул, «Бурхны хувьд худал айлдах боломжгүй» бөгөөд «мэхэлдэггүй Бурхан» хэмээн бичсэн (Еврей 6:18; Тит 1:2). Үнэнч байдал бол Бурхны нэг чухал чанар мөн. Ехова үнэнч учраас бид түүнд итгэж, найдаж болно. Тэрбээр үнэнч үйлчлэгчдээ огт хуурдаггүй.
9. Еховагийн нэр үнэнтэй ямар холбоотой вэ?
9 Еховагийн нэр өөрийг нь үнэнч гэдгийг гэрчилдэг. Бурхны нэр бол «Тэр болгодог» гэсэн утгатай үг юм. Энэ нь Ехова өөрийгөө, амлалтаа алхам алхмаар биелүүлдэг Биелүүлэгч болгодгийг харуулдаг. Өөр хэн ч тэгж чадахгүй. Яагаад гэвэл, Ехова бол Хамгийн дээд Нэгэн учраас санаа зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болж чадахгүй. Ехова үнэнч төдийгүй амласан бүхнээ биелүүлэх хүч болоод мэргэн ухаантай цорын ганц бодгаль юм.
10. а) Иошуа Еховагийн үнэнчийг хэрхэн мэдсэн бэ? б) Та Еховагийн ямар ямар амлалт биелснийг үзсэн бэ?
10 Иошуа бол Еховагийн үнэнчийг батлах олон гайхамшигт үйл явдлыг нүдээр үзсэн олон хүний нэг мөн. Ехова египетчүүдэд тухай бүрд нь урьдчилан сануулж байгаад арван гамшиг учруулах үед тэр тэнд байсан. Түүнээс гадна, Ехова израильчуудыг Египетээс чөлөөлж, тэднийг эсэргүүцэж байсан Канааны хүчирхэг армийг ялуулан, Амласан газар оруулах амлалтаа хэрхэн биелүүлснийг Иошуа үзсэн. Иошуа насан өөд болохынхоо өмнөхөн Израилийн ард түмний ахлагчдад: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» хэмээн хэлжээ (Иошуа 23:14). Та Иошуагийн харсан тэр гайхамшгуудыг үзээгүй ч Бурхны амлалтуудын үнэн болохыг эдүгээ харж байна уу?
Ехова үнэнийг илчилдэг
11. Ехова хүмүүст үнэнийг хэлэхийг хүсдэг нь юунаас харагддаг вэ?
11 Их өргөн мэдлэгтэй хэрнээ хүүхдүүдтэйгээ хуваалцахдаа хойрго эцэг эх байна гээд төсөөлөөд үзэгтүн. Еховаг тийм бишид та талархдаггүй гэж үү? Хайрын Бурхан Ехова хүмүүст мэдлэгээ харамгүйгээр хэлж өгдөг. Сударт түүнийг «Багш» гэсэн байдаг (Исаиа 30:20). Сайхан сэтгэлтэй тэрбээр өөрийг нь тэр бүр сонсох дургүй хүмүүстэй хүртэл харьцдаг. Жишээ нь: Ехова, хүлээж авахгүйг нь мэдэж байсан ч гэсэн тэр хүмүүст дэлгэрүүлэхийг Езекиелд тушаасан. Ехова: «Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл» хэмээн айлджээ. Дараа нь урьдчилан сануулж: «Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр, Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм» гэж хэлсэн. Энэ нь хүнд даалгавар байлаа. Гэвч Еховагийн өрөвч сэтгэлийг тусгасан Езекиел даалгавраа үнэнчээр биелүүлсэн. Дэлгэрүүлэх ажлын үеэр танд бэрхшээл тулгарвал Бурханд найдаарай. Бурхан зөнч Езекиелээ бэхжүүлсэн шиг таныг ч бас бэхжүүлнэ гэдэгт бүрэн итгэж болно (Езекиел 3:4, 7; 9).
12, 13. Бурхан хүмүүстэй ямар замаар харьцдаг вэ?
12 Ехова «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тимот 2:4). Тэрбээр зөнчид, тэнгэр элчүүдээр болон хайртай Хүү Есүс Христээрээ хүртэл дамжуулан айлдаж байсан (Еврей 1:1, 2; 2:2). Есүс Пилатад: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно» гэж хэлсэн. Хүн төрөлхтнийг аврахын тулд Еховагийн авсан арга хэмжээний үнэнийг Бурхны Хүүгээс өөрөөс нь дуулах хосгүй боломж Пилатад байжээ. Гэвч Пилат үнэний талд байгаагүй бөгөөд Есүсээс суралцахыг хүсээгүй юм. Харин ч: «Үнэн гэж юу вэ?» хэмээн асуун, увайгүй загнажээ (Иохан 18:37, 38). Пилат ямар том алдаж вэ! Ер нь Есүсийн тунхагласан үнэнийг олон хүн хүлээн авсан. Тэрбээр шавь нартаа: «Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ» гэж хэлсэн (Матай 13:16).
13 Ехова Библиэр дамжуулан, үнэнийг дэлхийн бүх хүнд хүргэх боломжтой болгосон. Библи алив юмсын үнэнийг илчилдэг. Бид Библиэс Бурхны зан чанар, санаа зорилго, тушаал болон ертөнцийн юмс үзэгдлийн жинхэнэ үнэнийг мэддэг. Есүс Еховад хандан залбирахдаа: «Таны үг бол үнэн мөн» гэж хэлсэн (Иохан 17:17). Эндээс Библи бол хосгүй ном гэдэг нь харагддаг. Бүгдийг мэддэг Бурхан, ганцхан Библийг л онгодоор бичүүлсэн (2 Тимот 3:16). Библи бол хүн төрөлхтөнд Бурхны өгсөн үнэт бэлэг бөгөөд үйлчлэгчдийнх нь хувьд эрдэнэс лугаа адил билээ. Хэрэв бид Библийг өдөр бүр уншдаг бол энэ нь мэргэн ухаалаг хэрэг мөн.
Үнэнээс чанга зуурагтун
14. Ехова юу хийнэ гэж амласан бэ? Түүнд нь итгэх ёстойн учир юу вэ?
14 Еховагийн, Үгээрээ дамжуулан хэлж байгаа зүйлд бид нухацтай хандах ёстой. Тэрбээр өөрийгөө байгаагаар нь тодорхойлж бичсэн бөгөөд амласан зүйлээ яг таг биелүүлэх болно. Бурханд найдах бүрэн үндэс бидэнд бий. Ехова хэлсэн ёсоороо: «Бурхныг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авна» гэдэгт итгэж болно (2 Тесалоник 1:8). Тэрчлэн, шударга зөвийн араас явагчдыг хайрладаг ба итгэдэг хүмүүст мөнх амийг өгнө, мөн өвчин, уй гашуу, болон үхлийг хүртэл устгана хэмээн хэлсэн Еховагийн үгэнд итгэж болно. Ехова элч Иоханд: «Бичигтүн, эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн» хэмээн тушааж, энэхүү сүүлчийн амлалтад нь бүрэн найдаж болохыг онцолсон (Илчлэлт 21:4, 5; Сургаалт үгс 15:9; Иохан 3:36).
15. Сатаны ашигладаг ямар ямар худал хуурмаг зүйл байдаг вэ?
15 Сатан Еховагаас тэс ондоо. Гэгээрүүлэхийн оронд мэхэлдэг. Хүмүүсийг цэвэр шүтлэгээс холдуулах гэсэн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Сатан ард олныг хуурч мэхэлдэг. Жишээ нь: Бурхан хүмүүсээс хол хөндий байдаг бөгөөд дэлхийд буй зовлон зүдүүрт хайхрамжгүй ханддаг гэдэгт биднийг итгүүлэхийг оролддог. Гэтэл, Ехова бүтээлүүдийнхээ төлөө их санаа тавьдаг бөгөөд ёс бус байдал, зовлон зүдүүрийг тэвчдэггүйг Библи илчилдэг (Үйлс 17:24–30). Тэрчлэн, Сатан сүнслэг асуудлаар хөөцөлдөх нь цагаа дэмий үрж байгаа хэрэг гэдэгт хүмүүсийг итгүүлэхийг хичээдэг. Харин Судар: «Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэдгийг батлан илэрхийлдэг. Түүнээс гадна, «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдгийг» тов тодорхой хэлдэг (Еврей 6:10; 11:6).
16. Христианууд үргэлж сонор сэрэмжтэй байж, үнэнээс чанга зуурах ёстойн учир юу вэ?
16 Элч Паул Сатаны тухай: «Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурхны алдрын дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ» хэмээн бичжээ (2 Коринт 4:4). Зарим хүн Сатан Диаволын мэхэнд Ева шиг бүрмөсөн автсан байдаг. Нөгөө зарим нь мэхлэгдээгүй боловч санаатайгаар үл захирагдах зам сонгосон Адамын араас дагадаг (Иуда 5, 11). Тийм учраас христиануудын хувьд үргэлж сонор сэрэмжтэй байж, үнэнээс чанга зуурах нь амин чухал асуудал мөн.
Ехова «чин үнэнч итгэлтэй» байхыг шаарддаг
17. Бид Еховагийн ивээлийг хүртэхийн тулд яах ёстой вэ?
17 Ехова бүх талаар үнэнч учраас үйлчлэгчдээ бас үнэнч байгаасай гэж хүсдэг. Дуулалч: «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн [сууна]» хэмээн бичжээ (Дуулал 15:1, 2). Иудейчүүдийн дуулдаг байсан энэ дуулалд Еховагийн ариун уулын тухай гардаг нь тэдэнд Сион уулыг санагдуулдаг байсан нь эргэлзээгүй. Давид хаан тэнд гэрээний авдар авчирж, түүндээ зориулан майхан босгосон билээ (2 Самуел 6:12, 17). Уул болон майхан нь бэлэгдлийн утгаар Еховагийн оршдог газар байлаа. Тэнд хүмүүс Еховад ойртож, ивээлийг нь гуйж болдог байв.
18. а) Бурхантай анд нөхөр байх хүнээс юу шаарддаг вэ? б) Дараагийн өгүүллээр юу авч үзэх вэ?
18 Бурхантай анд нөхөр байх хүсэлтэй хэн боловч үнэнийг амаараа төдийгүй «зүрхэндээ» хэлэх ёстой. Үнэний үйл хэрэг зүрхнээс гардаг учраас Бурхны жинхэнэ анд нөхөр бол үнэнч зүрхтэй бөгөөд «чин үнэнч итгэлтэйгээ» батлан харуулах ёстой (1 Тимот 1:5; Матай 12:34, 35). «Залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг» учраас Бурхны анд нөхөр үнэнч бус буюу хуурамч байж болохгүй (Дуулал 5:6). Еховагийн Гэрчүүд дэлхий даяар Бурхнаа дуурайж, үнэнч байхыг хамаг чадлаараа хичээдэг. Дараагийн өгүүллээр энэ тухай авч үзнэ.
Та хэрхэн хариулах вэ?
• Ехова бүх юмны үнэнийг мэддэгийн учир юу вэ?
• Ехова үнэнч гэдгийг юу харуулдаг вэ?
• Ехова үнэнийг хэрхэн илчилдэг вэ?
• Үнэний тухайд биднээс юу шаарддаг вэ?
[Догол мөрийн асуулт]