Бурхны Үгийг зөв заагтун
Бурхны Үгийг зөв заагтун
«Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» (2 ТИМОТ 2:15).
1, 2. а) Ажилчин хүнд ямар учраас багаж зэвсэг хэрэгтэй вэ? б) Христианууд ямар ажилд оролцдог вэ? Тэд эхлээд Хаанчлалыг хайдгаа хэрхэн харуулдаг вэ?
АЖЛАА хийж гүйцэтгэхэд нь ажилчин хүнд багаж зэвсэг хэрэгтэй. Гэхдээ багаж л байвал боллоо гэсэн үг биш ээ. Тохирсон багаж зэвсэгтэй байхын зэрэгцээ түүнийгээ зөв ашигладаг байх ёстой. Жишээ нь, саравч барьж байтал хоёр банз нийлүүлж хадах хэрэг гарлаа гэж бодъё. Алх хадаас л байвал болчихгүй шүү дээ. Наад зах нь, хадаас тахийлгахгүй хадаж чаддаг байх хэрэгтэй. Алх яаж барихыг мэдэхгүй бол бүр ч хэцүү, аягүй бол бүтэлгүйтэж ч мэднэ. Харин багажаа зөв ашиглавал ажлаа амжилттай сайн гүйцэтгэж чадна.
2 Христианууд бидний хийх учиртай, амин чухал нэг ажил байдаг. Есүс дагалдагчдадаа «эхлээд... хаанчлалыг хайхыг» уриалжээ (Матай 6:33). Энэ уриалгыг яаж биелүүлэх вэ? Нэг арга нь Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд хичээл зүтгэлтэй оролцох явдал юм. Дэлгэрүүлэх ажлаа Бурхны Үгэнд бат үндэслэх нь бас нэг арга болно. Биеэ зөв авч явах нь гурав дахь арга мөн (Матай 24:14; 28:19, 20; Үйлс 8:25, «Эзний үг» [«Еховагийн үг», ШЕ]; 1 Петр 2:12). Христиан ажил үүргээ амжилттай биелүүлж, баяр хөөр эдлэхийн тулд тохирсон «багаж зэвсэгтэй», тэдгээрийг зөв ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Христиан ёсоор хөдөлмөрлөхийн гайхамшигтай жишээг элч Паул үзүүлсэн бөгөөд өөрийг нь дуурайхыг итгэл нэгтнүүддээ уриалжээ (1 Коринт 11:1; 15:10). Тэгвэл бид хамтран зүтгэгчээсээ юунд суралцаж болох вэ?
Хаанчлалыг хичээл зүтгэлтэй тунхаглагч Паул
3. Элч Паул сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг байсан гэж хэлж болохын учир юу вэ?
3 Паул ямар ажилчин байсан бэ? Хичээл зүтгэлтэй ажилчин байсан нь гарцаагүй. Тэрээр Газрын дундад тэнгис хавийн өргөн уудам нутагт Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглахын тулд хамаг чадлаараа зүтгэсэн. Эцэж цуцахыг мэддэггүй тэр элч хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдгийнхээ учрыг тайлбарлан: «Хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» гэж хэлжээ (1 Коринт 9:16). Паул амиа л аврахыг боддог байсан уу? Үгүй ээ. Тэрээр хувиа боддог хүн байгаагүй. Харин ч бусдыг сайн мэдээний ач тусыг хүртээсэй гэж хүсдэг байсан. Паул: «Би сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд сайн мэдээний төлөө бүхнийг хийдэг» хэмээн бичжээ (1 Коринт 9:23, ШЕ).
4. Христиан ажилчдын хамгийн үнэтэй «багаж» юу вэ?
4 Элч Паул өөрийн авьяас чадварт бүрэн найдаж болохгүй гэдгийг ойлгодог, даруухан ажилчин байсан билээ. Мужаан хүнд алх хэрэгтэйн адилаар, Паулд Бурхны үнэнийг сонсогчдынхоо зүрхэнд хүргэхэд нь тохирох «багаж» бас хэрэгтэй байсан. Гол төлөв ямар «багаж» ашигладаг байсан бэ? Бурхны Үг буюу Ариун Судар. Бид ч мөн адил, шавь бэлдэх ажилдаа бүтэн Библийг гол «багажаа» болгодог.
5. Үр өгөөжтэй дэлгэрүүлэхийн тулд Библиэс иш татахаас гадна өөр яах хэрэгтэй вэ?
5 Библиэс иш татаж унших нь Бурхны Үгийг зөв заахад хангалтгүй гэдгийг Паул ойлгодог байсан учраас «итгүүлэхийг хичээдэг» байв (Үйлс 28:23). Яаж? Хаанчлалын тухай үнэнийг итгүүлэн, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Бурхны Үгийг чадмаг ашигладаг байсан. Тэрээр хүмүүсийг тунгаан бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь тусалдаг байв. Паул Ефес хотын синагогт гурван сарын турш «Бурхны хаанчлалын тухай сургамжлан, ятгажээ [«итгүүлжээ», ШЕ]». «Зарим нь... дуулгаваргүй, зөрүүдэлж» байхад зарим нь түүнийг сонсдог байсан. Паулыг Ефест дэлгэрүүлсний ачаар «Эзний [«Еховагийн», ШЕ] үг үлэмж хүчтэй тархан бэхэжсээр байлаа» (Үйлс 19:8, 9, 20).
6, 7. Паул үйлчлэлээ яаж алдаршуулсан бэ? Энэ тухайд Паулыг яаж дуурайж болох вэ?
6 Паул хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгч байсны хувьд үйлчлэлээ алдаршуулсан (Ром 11:13, «өөрийн үйл хэргийг томруулдаг» [«үйлчлэлээ алдаршуулдаг», ШЕ]). Яаж? Тэрээр өөрийгөө алдаршуулахыг зориогүй бөгөөд Бурхны хамтран зүтгэгч гэдгээ олонд мэдэгдэхээс ичээгүй. Харин ч Еховад үйлчлэхийг хамгийн нэр төртэй хэрэг гэж үзэн, Бурхны Үгийг чадварлаг, үр өгөөжтэй заадаг байв. Паулын бүтээлч ажиллагаа бусдад урам зориг хайрлаж, дэлгэрүүлэх ажил хийхэд нь түлхэц болсон. Тэр үүгээрээ ч гэсэн үйлчлэлээ алдаршуулсан юм.
7 Еховагийн үйлчлэгчид бид Паулын адилаар, Бурхны Үгийг тогтмол, үр өгөөжтэй ашиглан, үйлчлэлээ мөн алдаршуулж чадна. Бид ямар ч хэлбэрээр дэлгэрүүлсэн, аль болох олон хүнд Библиэс уншиж өгөхийг зорилгоо болгох хэрэгтэй. Ингэхдээ тэднийг яаж итгүүлэх вэ? Гурван чухал аргыг авч үзье. Үүнд: 1) Библийг хүндэтгэх сэтгэл төрүүлэхийн тулд Бурхны Үгэнд анхаарлыг нь хандуулах, 2) Библиэс уншсан зүйлийг эвтэйхэн тайлбарлаж, ярилцаж буй сэдэвтэй ямар холбоотойг ойлгуулах, 3) Судраас үнэмшилтэйгээр ярьж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслах гэсэн гурван арга орно.
8. Дэлгэрүүлэх ажлын ямар ямар «багаж» бидэнд байдаг вэ? Та тэдгээрийг хэрхэн ашигладаг вэ?
8 Орчин үеийн дэлгэрүүлэгчдэд Паулын үед байгаагүй тийм «багаж» олон байдаг. Энэ нь ном, сэтгүүл, товхимол, цуглааны урилга, танилцуулга, аудио болон видео хуурцаг юм. Өнгөрсөн зуунд дэлгэрүүлэх ажилд гэрчлэх хуудас, эгшигт хайрцаг, чанга яригчтай машин болон радио нэвтрүүлэг ашигладаг байсан. Гэхдээ Библи одоог хүртэл хамгийн сайн «багаж» мөн бөгөөд бид юугаар ч сольшгүй энэ «багажаа» зөв, сайн ашиглах хэрэгтэй.
Дэлгэрүүлэх ажил Бурхны Үгэнд бат үндэслэх ёстой
9, 10. Бурхны Үгийг ашиглах тухайд Паулын Тимотод өгсөн зөвлөгөөнөөс юунд суралцаж болох вэ?
9 Бурхны Үгийг яаж ашигтай «багаж» болгох вэ? Үүний тулд Паулаас хамтран зүтгэгч Тимотдоо: «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» гэж бичсэн үгийг анхаарах хэрэгтэй (2 Тимот 2:15). «Үнэний үгийг зөв заах» гэж юу гэсэн үг вэ?
10 «Зөв заах» гэж орчуулсан грек үгийг үгчлэн буулгавал «шулуун зүсэх» юм уу «шулуун зам тавих» гэсэн санаа илэрхийлдэг байна. Христиан Грек Сударт энэ үг Паулын Тимотод бичсэн сануулгад л байдаг. Мөн энэ үгээр тариан талбайд шан татах гэсэн санаа илэрхийлж болдог ажээ. Туршлагатай тариаланч шангаа муруй татчихвал санаа зовмоор хэрэг болох биз ээ. Тэгэхлээр, «ичих явдалгүй ажилчин» байхын тулд Бурхны Үгийн үнэн сургаалыг огтхон ч гажуудуулах ёсгүйг Тимотод сануулсан хэрэг байлаа. Тимот хувийн үзэл бодлоо заах учиргүй байв. Харин дэлгэрүүлэх болон заах ажлаа зөвхөн Сударт үндэслэх ёстой байжээ (2 Тимот 4:2–4). Ингэж гэмээнэ, чин сэтгэлтэй хүмүүс аливаад ертөнцийн гүн ухааны биш, харин Еховагийн үзэл бодлын үүднээс ханддаг болох байв (Колоссай 2:4, 8). Өнөөдөр ч гэсэн ийм л байдаг.
Бид биеэ зөв авч явах ёстой
11, 12. Бурхны Үгийг зөв заахад биеэ авч явах байдал хэрхэн нөлөөлдөг вэ?
11 Бид Бурхны Үгийн үнэнийг тунхаглан, зөв заахаас гадна, тэр дагуу биеэ авч явах ёстой. «Бид Бурхны хамтран зүтгэгчид» тул хоёр нүүртэй ажилчин байж хэрхэвч болохгүй (1 Коринт 3:9). Бурхны Үгэнд: «Бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? „Хулгай бүү хий“ гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу? „Бүү завхайр“ гэж ярьдаг та өөрөө завхайрдаггүй юм уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог юм уу?» гэж тэмдэглэжээ (Ром 2:21, 22). Тиймээс Бурхны орчин үеийн хамтран зүтгэгч бидний хувьд Бурхны Үгийг зөв заах нь нэг талаар: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэсэн сануулгыг анхаарахтай холбоотой юм (Сургаалт үгс 3:5, 6).
12 Бурхны Үгийг зөв заавал ямар үр дүнд хүрэх вэ? Бурхны Үг чин сэтгэлтэй хүмүүсийн амьдралд хэчнээн хүчтэй нөлөөлдгийг авч үзье.
Бурхны Үг өөрчлөх хүчтэй
13. Бурхны Үгийг амьдралдаа хэрэгжүүлэх нь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
13 Бурхны Үгийн мэдээг сэтгэлээсээ хүлээн авбал энэ нь хүнд нөлөөлж, амьдралдаа дорвитой өөрчлөлт хийхэд нь тусалдаг. Эртний Тесалоник хотын хүмүүсийг христиан болоход нь Бурхны үг хэрхэн нөлөөлснийг Паул нүдээрээ үзжээ. Тиймээс тэдэнд: «Та нар биднээс Бурхны захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурхны үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм» гэж хэлсэн (1 Тесалоник 2:13). Тэр христиануудын хувьд, хүний ухаан бол Бурхны хамгийн дээд мэргэн ухаантай зүйрлэхийн аргагүй өчүүхэн байв. Үнэндээ, Христийн жинхэнэ дагалдагчид бүгдээрээ тийн үздэг (Исаиа 55:9). Тесалоник хотын христианууд «үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван», бусад итгэл нэгтэндээ үлгэр жишээ болсон (1 Тесалоник 1:5–7).
14, 15. Бурхны Үгийн мэдээ хэр зэрэг хүчтэй вэ? Яагаад?
14 Бурхны Үг бол Эх булаг шигээ их хүчтэй. Энэ үг «амьд Бурхнаас» гардаг. Түүний «үгээр тэнгэрүүд... бүтээгдсэн» бөгөөд тэр үг илгээсэн зорилгыг үргэлж хэрэгжүүлдэг (Еврей 3:12; Дуулал 33:6; Исаиа 55:11). Нэгэн Библи судлаач эрдэмтэн: «Бурхан Үгээ өөрөөсөө салгадаггүй. Өөрт нь хамаагүй юм шиг хэлсэн Үгнээсээ буцдаггүй. [...] Тиймээс Үг нь хэзээ ч үхдэггүй бөгөөд үгийг хэлсний дараа болсон үйл явдалд автдаггүй. Учир нь Үг амьд Бурхантай холбоотой» гэж тэмдэглэжээ.
15 Бурхны бичүүлсэн Үгийн мэдээ хэр зэрэг хүчтэй вэ? Ер бусын хүчтэй. Элч Паул: «Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй [«хүчтэй нөлөөлдөг», ШЕ], хоёр талдаа иртэй ямар ч илднээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм» гэж бичсэн нь үнэхээр зөв юм (Еврей 4:12).
16. Бурхны Үг хүнийг хэр зэрэг хүчтэй өөрчилдөг вэ?
16 Бурхны Үгэнд бичсэн мэдээ «хоёр талдаа иртэй ямар ч илднээс хурц» билээ. Тиймээс энэ нь хүний бүтээсэн ямар ч багаж, ямар ч зэвсгээс илүү, нэвтрэх агуу хүчтэй. Бурхны Үг хүний хамгийн гүн хэсэгт нэвтрэн орж, үзэл бодол, эрхэмлэдэг зүйлд нь нөлөөлж, дотор хүнийг нь өөрчлөн, Бурханд таалагддаг ажилчин болгодог. Юутай хүчтэй «зэвсэг» вэ!
17. Бурхны Үг өөрчлөх хүчтэйг тайлбарлана уу.
17 Хүн өөрийгөө юу ч гэж бодож, бусдад ямраар ч харуулдаг байсан, Бурхны Үг хүний жинхэнэ мөн чанарыг илчилдэг (1 Самуел 16:7). Муу хүн ч гэсэн сайхан сэтгэлтэй юм уу сүсэгтэй хүний дүрээр жинхэнэ мөн чанараа нууж чаддаг. Хорон хүн хар санаа өвөрлөн, үнэн нүүр царайгаа халхалдаг. Бардам хүн даруу дүр эсгэвч олны магтаалыг хүсэмжилдэг. Гэхдээ Бурхны Үг зүрхэнд чухам юу байдгийг илчлэн, даруу хүнийг хуучин хүнээ хойш тавьж, «зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөхөд» хүчтэй нөлөөлдөг (Ефес 4:22—24). Бурхны Үгийн сургаал хулчгар хүнийг ч зоригтой Гэрч, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгч болгон өөрчилдөг (Иеремиа 1:6–9).
18, 19. Эдгээр догол мөр юм уу хувийн туршлагадаа үндэслээд, Библийн үнэн хүний бодлыг хэрхэн өөрчилдгийг ярина уу.
18 Бурхны Үг газар газрын хүмүүсийг өөрчлөгдөхөд нь хүчтэй нөлөөлдөг. Үүний нэг жишээг үзье. Камбожийн Пномпень хотын дэлгэрүүлэгчид Компонгчам мужид сард хоёр удаа дэлгэрүүлдэг байжээ. Тэндхийн сүмийн нэг пастор эмэгтэй бусад пасторын Еховагийн Гэрчүүдийг эсэргүүцэн ярихыг сонсоод, Гэрчүүдийг дараа ирэхэд уулзахаар шийджээ. Тэгээд тэдэнтэй уулзаад, баяр наадам тэмдэглэх тухай асуултаар булж гарчээ. Гэрчүүдийг Библид үндэслэн хариулахад нь анхааралтай сонсож байв. Дараа нь тэрээр: «Манай пасторууд та нарын тухай худлаа ярьсныг би одоо мэдлээ! Та нарыг Библи ашигладаггүй гэж тэд хэлсэн юм. Гэтэл та нар миний асуултад хариулахдаа Библи л ашиглалаа шүү дээ!» гэж уулга алджээ.
19 Пастор байхыг нь болиулна гэж сүрдүүлж байсан ч, эмэгтэй, Гэрчүүдтэй уулзаж, Библийн тухай ярилцсаар байв. Тэгээд энэ тухайгаа найздаа хэлсэнд тэр ч бас Гэрчүүдтэй Библи судлах болжээ. Сурсан мэдсэн зүйлдээ сэтгэл нь хөдөлсөн найз нь нэг удаа сүмийнхээ цулааны үеэр: «Та минь, Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаач!» гэж хэлж орхижээ. Удалгүй пастор асан эмэгтэй болон бусад хүн Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлжээ.
20. Ганад амьдардаг нэг эмэгтэйн түүх Бурхны Үгийн хүчийг хэрхэн харуулдаг вэ?
20 Гана улсын Паулина гэдэг эмэгтэйн түүх Бурхны Үгийн хүчийг мөн тод харуулдаг. Бүрэн цагаар үйлчилдэг нэг эгч түүнтэй «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» * номоор Библийн хичээл хийжээ. Нөхөр нь олон эхнэртэй байсан болохоор Паулина амьдралаа өөрчлөх хэрэгтэйг ойлгожээ. Гэсэн ч түүнийг нөхөр болон бүх хамаатан нь эрс эсэргүүцсэн аж. Дээд шүүхийн шүүгч, сүмийн пастор өвөө нь Матай 19:4–6-г буруу тайлбарлан, тийм юм хийхгүй байхыг ятгажээ. Шүүгчийн үг үнэмшилтэй юм шиг байв. Гэхдээ энэ нь Сатан Есүс Христийг сорихдоо Судрыг гуйвуулж байсантай адил явдал болохыг Паулина шууд ойлгожээ (Матай 4:5–7). Бурхан хүнийг эр эмээр нь бүтээснээс биш, эрэгтэйг олон эмэгтэйтэй бүтээгээгүй; гурав биш, хоёулаа нэг бие махбод болдог гэж гэр бүлийн талаар Есүсийн тодорхой хэлснийг санаж байв. Тэрээр шийдвэрээсээ няцахгүй байсаар, нутгийнхаа ёс заншлын дагуу, олон эхнэртэй нөхрөөсөө салжээ. Тэгээд удалгүй баптисм хүртэн, Еховад баяртай үйлчлэх болсон байна.
Бурхны Үгийг зөв заасаар байгтун
21, 22. а) Хаанчлалыг тунхаглагчид бид ямар чадвар хөгжүүлэх ёстой вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
21 Үнэндээ Бурхны Үг бол хүчирхэг зэвсэг бөгөөд бид энэ зэвсгийг ашиглан, амьдралаа өөрчилж, Бурханд ойртоход нь хүмүүст тусалдаг (Иаков 4:8). Чадварлаг ажилчин ажлаа амжилттай сайн хийхийн тулд багаж зэвсэг ашигладаг шиг бид ч гэсэн Бурхны Үг буюу Библийг Еховагийн даалгасан, Хаанчлалыг тунхаглах ажилдаа чадварлаг ашиглахыг бүх талаар хичээцгээе.
22 Шавь бэлдэх ажилдаа Судрыг яаж илүү үр өгөөжтэй ашиглах вэ? Нэг арга бол итгүүлэх чадвараа хөгжүүлэх явдал юм. Дараагийн өгүүллээр Хаанчлалын тухай мэдээ хүлээн авахад нь бусдад хэрхэн тусалж, зааж болохыг дэлгэрэнгүй үзэцгээе.
[Зүүлт]
^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл
Та санаж байна уу?
• Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэгчдэд ямар ямар «багаж» байдаг вэ?
• Паул ямар талаар үлгэр жишээ христиан ажилчин байсан бэ?
• Бурхны Үгийг зөв заах гэдэг юу гэсэн үг вэ?
• Еховагийн Үг хэр зэрэг хүчтэй вэ?
[Догол мөрийн асуулт]