Еховагийн өдөрт бэлэн байгтун
Еховагийн өдөрт бэлэн байгтун
«Бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» (МАТАЙ 24:44).
1. Еховагийн өдөр болохыг санаж байх ёстойн учир юу вэ?
ЭНЭ НЬ тулаан, хилэн, зовлон, бэрхшээл, харанхуй, эзгүйрлийн өдөр байх болно. Ноагийн үеийн ёс бус ертөнцөд Усан галав юүлсэн шиг эд юмсын энэхүү ёс бус тогтолцооны төгсгөлийг тавих Еховагийн «агуу, аймшигт өдөр» гарцаагүй ирнэ. Үүнээс хаашаа ч зугтах аргагүй. Гэхдээ «ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно» (Иоел 2:30–32; Амос 5:18–20). Бурхан дайснуудаа устгаж, ард түмнээ аварна. Зөнч Зефаниа сонор сэргэг байх хэрэгтэйг ойлгон: «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» хэмээн тунхаглажээ (Зефаниа 1:14). Гэхдээ Бурхны энэ шүүх ажиллагаа хэзээ болох вэ?
2, 3. Еховагийн өдөрт бэлэн байх нь ямар учраас амин чухал бэ?
2 «Тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ» гэж Есүс хэлжээ (Матай 24:36). Нэгэнт бид тэр цагийг яг мэдэхгүй учраас 2004 оны уриа буюу «Сонор сэргэг бай... Бэлэн бай» гэсэн Библийн үгийг анхаарч явах нь амин чухал (Матай 24:42, 44).
3 Бэлэн байсан хүмүүсийг аврахын тулд цуглуулах, харин бэлэн байгаагүй хүмүүсийг орхих үйл явц гэнэтийн байхыг тэмдэглэн, Есүс: «Хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэйг тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино» гэж хэлжээ (Матай 24:40, 41). Тэр эгзэгтэй үед та ямар байх бол? Бэлэн байх уу, эсвэл гайхан балмагдах болов уу? Одоо таны ямар байгаагаас их зүйл шалтгаална. Еховагийн өдөрт бэлэн байхын тулд өнөөдөр хүмүүсийн дунд давамгайлдаг болсон нэгэн тодорхой хандлага болон амьдралын хэв маягаас зайлсхийн, сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэх шаардлагатай
Маадгар байхаас зайлсхийгтүн
4. Ноагийн үед хүмүүс ямар байсан бэ?
4 Ноагийн үеийг эргэн санацгаая. «Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад, гэр бүлийнхээ авралын төлөө хөвөгч авдрыг сүсэглэн бэлдсэн» гэж Библид өгүүлдэг (Еврей 11:7). Хөвөгч авдар ер бусын бөгөөд сүр бараатай байсан байж таарна. Түүнээс гадна, Ноа «зөвт байдлыг тунхаглагч» байсан билээ (2 Петр 2:5). Гэсэн ч тэр үеийн хүмүүс хөвөгч авдар барихыг нь харж, дэлгэрүүлэхийг нь сонссон хирнээ өөрчлөгдөөгүй. Яагаад? Яагаад гэвэл тэд «идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа». Ноагийн дэлгэрүүлсэн хүмүүс хувийн амьдрал болон зугаа цэнгэлд хэт автсанаас «үер бууж, бүгдийг хаман одох хүртэл... ойлгоогүй [«анхаараагүй», ШЕ] юм» (Матай 24:38, 39).
5. Лотын үед Содомын оршин суугчид ямар бодолтой байсан бэ?
5 Лотын үед ч бас тийм байсан аж. «Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж, тэднийг бүгдийг нь хөнөөв» гэж Сударт тэмдэглэжээ (Лук 17:28, 29). Тэнгэр элчүүд сүйрэл нүүрлээд байгааг анхааруулахад Лот хоёр хүргэндээ юу болох гэж байгааг дуулгасан. Гэтэл тэд «түүнийг тоглоом хийж байна гэж боджээ» (Эхлэл 19:14).
6. Ямар хандлагаас зайлсхийх ёстой вэ?
6 «Хүний Хүүгийн залран байх үе» (ШЕ) Ноа болон Лотын үед болсон явдалтай адил байх болно гэж Есүс мэдэгдсэн (Матай 24:39; Лук 17:30). Үнэхээр ч, өнөөдөр олон хүн маадгар байх хандлагатай болжээ. Бид тэдэн шиг байхаас зайлсхийх ёстой. Амттай хоол идэж, архи дарсыг тохируулан уух нь буруу биш ээ. Түүнээс гадна, гэр бүл бол Бурхны санаачилсан арга хэмжээ мөн. Гэхдээ иймэрхүү асуудлыг эн тэргүүнд, харин сүнслэг асуудлыг дараагийн дугаарт тавибал Еховагийн аймшигт өдөрт бэлэн байна гэж үзэж болох уу даа?
7. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө ямар чухал асуулт авч үзэх ёстой вэ? Ямар учраас?
7 Элч Паул: «Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт... болох ёстой аж» гэж хэлсэн (1 Коринт 7:29–31). Бурхны даалгасан, Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэх хугацаа бага байгаа билээ (Матай 24:14). Гэр бүлтэй хүмүүс бие биеэ л анхаараад, Хаанчлалын үйл хэргийг хоёрдугаарт тавихгүй байхыг Паул сануулжээ. Өөрөөр хэлбэл, маадгар байхаас болгоомжлохыг зөвлөсөн нь тодорхой. Есүс ч бас: «Эхлээд... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун» гэж захисан (Матай 6:33). Тиймээс аливаа шийдвэр гаргах юм уу ямар нэг ажил барьж авахаасаа өмнө: «Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавихад энэ шийдвэр яаж нөлөөлөх вэ?» гэсэн чухал асуултыг авч үзэх нь зүйтэй.
8. Өдөр тутмын аар саар зүйлд баригдчихсан байвал яах ёстой вэ?
8 Гэтэл амьдралын өдөр тутмын аар саар зүйлд аль хэдийнээ автаад, сүнслэг асуудлыг анхаарлын гадна орхисноо ойлговол яах вэ? Бид Библийн нарийн зөв мэдлэггүй, Хаанчлалын тухай дэлгэрүүлдэггүй хүмүүсээс ялгарахгүй шахам амьдардаг юм биш биз? Хэрэв тийм бол, энэ байдлаасаа гарахын тулд залбирах шаардлагатай. Ехова биднийг зөв бодол санаатай болоход тусална (Ром 15:5; Филиппой 3:15). Ямагт Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьж, сайныг үйлдэж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд Бурхан тусална (Ром 12:2; 2 Коринт 13:7).
Сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэгтүн
9. Илчлэлт 16:14–16-гийн дагуу сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэх нь яагаад чухал бэ?
9 Удахгүй болох Армагеддон буюу «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайны» тухай зөгнөл зарим хүн сонор сэргэг байж чадахгүйг анхааруулдаг. Эзэн Есүс Христ: «Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий» гэж хэлсэн (Илчлэлт 16:14–16). Энд дурдсан «хувцас» гэдэг нь биднийг Еховагийн Гэрчүүд гэж ялгаруулдаг таних тэмдэг буюу Хаанчлалын тухай тунхаглах ажил болон христиан ёсоор биеэ авч явах байдалтай холбоотой. Хэрэв сүнслэгээр сэрүүн байж чадалгүй, унтаж буй мэт идэвхгүй болбол христиан «хувцсаа» тайлчихаж мэднэ. Ингэвэл ичгүүртэй бөгөөд аюултай хэрэг болно. Бид сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэх буюу үлбэгэр байдалд орохоос зайлсхийх ёстой. Яаж тэмцэх вэ?
10. Библийг өдөр бүр унших нь сүнслэгээр сэргэг байхад тустайн учир юу вэ?
10 Сонор сэргэг, сэрэмжтэй байхын чухлыг Библид олонтаа тэмдэглэдэг. Тухайлбал, Евангелид: «Сонор сэргэг бай», «соргог бай», «сонор сэрэмжтэй байгтун» (Матай 24:42; 25:13; Марк 13:35, 37); «бэлэн бай» (Матай 24:44; Лук 12:40); «анхаар, сонор сэрэмжтэй байгтун» (Марк 13:33) гэх зэргээр сануулдаг. Элч Паул Еховагийн өдөр гэнэт ирэхийг тэмдэглэснийхээ дараа: «Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай [«сонор сэрэмжтэй», ШЕ] байцгаая» хэмээн итгэл нэгтнүүддээ уриалжээ (1 Тесалоник 5:6). Хаан болон алдаршсан Есүс Христ гэнэт очихоо онцлон: «Би удахгүй очно» гэж хэлснийг Библийн сүүлийн номд тэмдэглэжээ (Илчлэлт 3:11; 22:7, 12, 20). Олон еврей зөнч Еховагийн шүүх өдрийг дүрслэн бичиж, анхааруулж байсан (Исаиа 2:12, 17; Иеремиа 30:7; Иоел 2:11; Зефаниа 3:8). Бурхны Үг буюу Библийг өдөр бүр уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож байх нь сүнслэгээр сэргэг байхад их тустай.
11. Сүнслэгээр сонор сэргэг байхад бие даан Библи судлах яагаад амин чухал бэ?
11 Тийм ээ, «итгэмжит ухаалаг боолын» өгдөг Библид үндэслэсэн хэвлэлийн тусламжтайгаар Судрыг хичээнгүйлэн судлах нь сүнслэгээр сэргэг байх чухал хөшүүрэг болдог (Матай 24:45–47). Гэхдээ бие даасан судлалаа үр өгөөжтэй болгохын тулд дэс дараатай, гүнзгийрүүлэн судлах шаардлагатай (Еврей 5:14–6:3). Сүнслэг бор хоолыг байнга хүртэж байх хэрэгтэй. Үүний төлөө цаг гаргах нь өнөө үед их хэцүү байж болох юм (Ефес 5:15, 16). Гэхдээ Библи болон Нийгэмлэгийн хэвлэлийг завтай үедээ л уншчихаад яваад байх нь учир дутагдалтай. Хэрэв бид «итгэл дотор эрүүл», сүнслэгээр сэрүүн байя гэвэл бие даан судлах цаг тогтмол гаргах ёстой (Тит 1:13).
12. Сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэхэд цуглаан болон чуулган хэрхэн тусалдаг вэ?
12 Сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэхэд цуглаан болон чуулган тусалдаг. Учир нь эдгээрээр дамжуулан бид сэргэг байх заавар авдаг. Еховагийн өдөр ойрхон байгааг бидэнд цуглаан, чуулганаар сануулдаг биз дээ? Түүнчлэн, долоо хоног тутмын цуглаанаар «хайр болон сайн үйлсэд бие биеэ... хөхүүлэн урамшуулах» боломж олддог. Ийнхүү урам зориг нэмэх нь сэргэг байхад түлхэц болдог. Тиймээс «тэр [Еховагийн] өдрийг ойртох тусам» хамтдаа цуглаж байхыг тушаасанд гайхах хэрэггүй (Еврей 10:24, 25).
13. Сүнслэгээр сэргэг байхад дэлгэрүүлэх болон заах ажил ямар тустай вэ?
13 Түүнээс гадна, дэлгэрүүлэх болон заах ажилд чин сэтгэлээсээ оролцох нь сэргэг байхад тустай. «Цаг үеийн тэмдгүүдийг» учир холбогдолтой нь санаж байхын тулд тэдгээрийн тухай бусдад ярихаас илүү сайн арга байна уу? Мөн бидэнтэй Библи судалдаг хүмүүсийн сүнслэгээр өсөж, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж байгааг харахад сонор сэргэг байхын чухлыг улам сайн ухаардаг. Элч Петр: «Та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай [«сонор сэрэмжтэй», ШЕ] бай» гэж хэлсэн (1 Петр 1:13). «Эзний үйл хэрэгт үргэлж бялхсан байх» нь сүнслэгээр идэвхгүй болохоос сэргийлэх сайн эм мөн (1 Коринт 15:58).
Сүнслэг байдалд хөнөөлтэй амьдралын хэв маягаас зайлсхийгтүн
14. Лук 21:34–36-д бичсэнээр Есүс амьдралын ямар хэв маягаас сэрэмжлүүлсэн бэ?
14 Залран байх үеийнхээ шинж тэмдгийн тухай зөгнөхдөө Есүс бас нэг зүйлээс сэрэмжлүүлжээ. Тэрээр: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун» гэж хэлсэн (Лук 21:34–36). Есүс энэ үгээрээ хүмүүсийн яаж амьдардгийг буюу ховдоглон идэж, ууж согтууран, сэтгэлийн зовлонтой амьдардгийг тун онож хэлжээ.
15. Ховдоглон идэж, согттолоо уухаас зайлсхийх ёстойн учир юу вэ?
15 Ховдоглон идэж, согттолоо уух нь Библийн зарчимтай зөрчилддөг бөгөөд үүнээс зайлсхийх нь зүйтэй. «Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь» гэж Библид бичжээ (Сургаалт үгс 23:20). Заавал ховдоглон иддэг, согттолоо уудаг хүн л сүнслэг аюултай байдалд ордог юм биш. Учир нь идэж, уух явдал хэмжээнээс хэтрээгүй байхад ч гэсэн хүн нойрмог, залхуу болж болох юм. «Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй» гэж Библи хэлдэг (Сургаалт үгс 13:4). Тийм хүн Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хүсдэг байж болох ч цалгар назгай байдал нь хүслийг нь хясдаг.
16. Гэр бүлдээ хэт санаа зовохоос хэрхэн зайлсхийж болох вэ?
16 Есүс ямар зовнилоос сэрэмжлүүлсэн бэ? Энэ нь хувийн амьдрал, гэр бүлээ тэжээх гэх мэтийн асуудалтай холбоотой. Эдгээрт санаа зовсондоо сүнслэг зүйлээс хөндийрөх нь юутай мунхаг хэрэг вэ! Есүс: «Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?» гэж асуусан байдаг. Тэрээр сонсогчдодоо: «„Бид юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм» хэмээн зөвлөжээ. Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьж, хэрэгцээгээ хангахад маань Ехова санаа тавина гэдэгт итгэлтэй байх нь хэт санаа зовохоос сэргийлж, сүнслэгээр сэргэг байхад тустай (Матай 6:25–34).
17. Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх нь яагаад санаа зовох шалтгаан болдог вэ?
17 Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх нь санаа зовох бас нэг шалтгаан болдог. Жишээ нь, зарим хүн бэл бэнчиндээ тохируулан амьдраагүйгээс өөртөө төвөг уддаг. Зарим хүн богино хугацаанд их мөнгө олох юм уу санхүүгийн хувьд эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаанд аз турших дуртай байдаг. Тэгвэл өөр нэг бүлэг хүний хувьд боловсролыг хангалуун амьдралын үндэс гэж үздэг нь урхи болдог. Ажил хөдөлмөр эрхлэхийн тулд зохих хэмжээний боловсрол хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ боловсролоо дээшлүүлэх гэж цаг алддагаас зарим хүн сүнслэг талаар хохирол амсдаг нь гашуун үнэн билээ. Еховагийн өдөр ойртож байгаа энэ үед тийм байдал тун аюултай! Библид: «Баяжих хүсэлтэй хүмүүс сорилт ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг» гэж сэрэмжлүүлдэг (1 Тимот 6:9).
18. Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхгүйн тулд ямар чадвар хөгжүүлэх ёстой вэ?
18 Эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхгүйн тулд аливаа шийдвэр гаргахдаа зөв бурууг ялгах чадвар хөгжүүлэх нь амин чухал юм. Үүний тулд «төлөвшсөн хүмүүст зориулагддаг» сүнслэг «бор хоолыг» тогтмол идэж, «мэдрэмжээ дадлагажуулан сургах» шаардлагатай (Еврей 5:13, 14). «Илүү чухал юм нь юу болохыг магадлах» (ШЕ) нь эн тэргүүнд тавих зүйлээ буруу сонгохоос хамгаална (Филиппой 1:10).
19. Сүнслэг үйл хэрэгт маш бага цаг зарцуулдгаа мэдвэл яах хэрэгтэй вэ?
19 Эд хөрөнгөний хойноос хөөцөлдвөл сүнслэг үйл хэрэгт оролцохоо багасгах юм уу эсвэл бүр больж, харалган болдог. Тийм урхинд орохгүйн тулд өөрийгөө яаж шалгаж, амьдралын тийм хэв маягаас хэрхэн зайлсхийх вэ? Залбирч байгаад амьдралаа яаж, хэр зэрэг энгийн болгож болохыг авч үзэх хэрэгтэй. Эртний Израилийн хаан Соломон: «Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ» гэж хэлсэн (Номлогчийн үгс 5:12). Бид төдийлөн шаардлагагүй эд хогшлоос болж байдаг цаг, хүчээ бардаг юм биш биз? Хэр зэрэг их юм эдэлж хэрэглэнэ тэр чинээгээр арчилж тордох, даатгуулж сэргийлэх, сахин хамгаалах юм их болдог. Зарим хогшлоо нэг тийш болгож, энгийн амьдарвал бидэнд амар биш үү?
Бэлэн байхыг хамаг чадлаараа хичээгтүн
20, 21. а) Еховагийн өдрийн тухай элч Петр юу гэж батлан хэлсэн бэ? б) Еховагийн өдөрт бэлэн байгаагаа ямар ямар үйлээр харуулах ёстой вэ?
20 Ноагийн үеийн ертөнц устсан шиг эд юмсын энэхүү тогтолцоо бас устана. Элч Петр: «Эзний [«Еховагийн», ШЕ] өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана [«илчлэгдэнэ», ШЕ]» гэж батлан хэлсэн. Бэлэгдлийн тэнгэр буюу ёс бус засгийн газрууд ч, бэлэгдлийн газар буюу Бурхнаас хөндийрсөн хүн төрөлхтөн ч Бурхны шатаж буй уур хилэнг давж чадахгүй. Гэхдээ Петр: «Нэгэнт энэ бүх зүйл нь тийн задран унах учир та нар биеэ ариунаар авч яван, Бурханд үнэнч байдлын үйлс хийхдээ ямар хүмүүс байх ёстой вэ гэвэл, Еховагийн өдрийн байх үеийг хатуу санаж, хүлээгтүн!» (ШЕ) гэж анхааруулан, яаж бэлэн байхыг тэмдэглэжээ (2 Петр 3:10–12).
21 Цуглаанд таслахгүй очиж, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь «Бурханд үнэнч байдлын үйлсэд» ордог. Еховагийн агуу өдрийг тэвчээртэй хүлээнгээ эдгээрийг Бурхны төлөө гэсэн чин сэтгэлээр хийцгээе. Бүгдээрээ «амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр [Бурханд] олдохыг» хамаг чадлаараа хичээцгээе (2 Петр 3:14).
Санаж байна уу?
• Еховагийн өдөрт бэлэн байх ёстойн учир юу вэ?
• Амьдралын аар саар асуудлыг эн тэргүүнд тавьдаг болсон бол яах ёстой вэ?
• Сүнслэгээр зүүрмэглэхийн эсрэг тэмцэхэд юу туслах вэ?
• Амьдралын ямар ямар хэв маягаас зайлсхийх ёстой вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]