Иеремиа шиг зоригтой байгтун
Иеремиа шиг зоригтой байгтун
«Еховад найдагтун. Зоригтой байж, зүрхээ бат болгогтун. Тийм ээ, Еховад найдагтун» (ДУУЛАЛ 27:14, ШЕ).
1. Еховагийн Гэрчүүд ямар ивээл арвин ихээр хүртдэг вэ?
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД сүнслэг диваажинд амьдардаг (Исаиа 11:6—9). Өнөөгийн энэ хагаралтай ертөнцөд тэд хосгүй сүнслэг орчноо Ехова Бурхантай болон өөр хоорондоо найрамдалт харьцаатай итгэл нэгтнүүдтэйгээ хамтран эзэмшдэг (Дуулал 29:11; Исаиа 54:13). Тэдний сүнслэг диваажин улам өргөжин тэлж байна. «Бурхны хүслийг зүрх сэтгэлээсээ үйлддэг» бүх хүн энэ диваажинг өргөжүүлэх үйлсэд гар бие оролцдог (Ефес 6:6). Яаж? Өөрсдөө Библийн зарчмын дагуу амьдраад зогсохгүй тэгж амьдрахад нь бусдад тусалж, тэрхүү диваажингийн ач тусыг хүртэхийг уриалдаг (Матай 28:19, 20; Иохан 15:8).
2, 3. Жинхэнэ христианууд юу тэвчих ёстой болдог вэ?
2 Гэхдээ сүнслэг диваажинд амьдардаг маань бэрхшээлтэй ер тулгардаггүй гэсэн үг биш. Бид одоо ч төгс бус хэвээрээ бөгөөд өвчин эмгэг тусаж, өтөлж хөгшрөхдөө ч зовж, эцэст нь үхдэг. Түүнээс гадна, «эцсийн өдрүүдэд» хамаатай зөгнөлүүд биелж байгааг нүдээрээ үзэж байна (2 Тимот 3:1). Дайн, гэмт хэрэг, өвчин, өлсгөлөн болон бусад зовлон зүдүүр хүн төрөлхтнийг бүхэлд нь нэрвэхдээ Еховагийн Гэрчүүдийг ч тойрч гардаггүй (Марк 13:3–10; Лук 21:10, 11 «гай гамшиг» [«тахал», ШЕ]).
3 Энэ бүхний зэрэгцээ, зөөлөн дулаан уур амьсгалтай сүнслэг диваажингийн маань гадна эсэргүүцлийн жихүүн салхи салхилж байдгийг бид сайн мэднэ. Есүс дагалдагчдадаа: «Та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. „Боол эзнээсээ илүү агуу биш“ гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» хэмээн сануулсан (Иохан 15:18–21). Өнөөдөр биднийг ч бас хавчдаг. Ихэнх хүн итгэл үнэмшлийг маань ойлгодоггүй, эсвэл хүндэтгэдэггүй хэвээрээ байна. Зарим нь биднийг шүүмжилж, элэглэн шоолохоор барахгүй, Есүсийн сануулж байснаар, үзэн яддаг (Матай 10:22). Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний эсрэг голдуу ташаа мэдээлэл тарааж, хорон явуулга хийдэг (Дуулал 109:1–3). Тийм ээ, бид бүгдээрээ л сорилтод ордог бөгөөд үүнээс болоод зарим маань зүрх алдаж байж болох юм. Тэгвэл энэ бүхнийг яаж тэвчих вэ?
4. Тэвчих хүч хаанаас авч болох вэ?
4 Ехова бидэнд тусална. Онгодоор хөтлүүлсэн дуулалч: «Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» хэмээн бичжээ (Дуулал 34:19; 1 Коринт 10:13). Еховад бүрэн дүүрэн найдвал алив хүнд бэрхийг тэвчих хүч өгдөг гэдгийг баталж чадах олон хүн бидний дунд бий. Гутарсан сэтгэл, айдсаа ялан дийлэхэд Бурхныг хайрлах хайр, «өмнө [маань] тавигдсан баяр баясгалан» тусалдаг (Еврей 12:2). Тиймээс бид бэрхшээлийг үл харгалзан, үнэний талд бат зогссон хэвээрээ байдаг.
Бурхны үг Иеремиаг зоригжуулсан нь
5, 6. а) Хэцүү нөхцөлийг тэвчсэн үнэнч хүмүүсээс хэн хэний жишээг бид мэдэх вэ? б) Иеремиа зөнчөөр үйлчлэх даалгавар аваад яасан бэ?
5 Еховагийн үнэнч үйлчлэгчид хэцүү нөхцөлд ч баяр хөөртэй байсны жишээг түүхийн аль ч үеэс олж болно. Тэдний зарим нь Еховаг үнэнч бус хүмүүст уурлан, шийтгэл оноох үед амьдарч байсан. Тийм үйлчлэгчдийн тоонд Иеремиа болон түүнтэй нэг үеийн зарим хүн, мөн нэгдүгээр зууны христианууд ордог. Бидэнд урам хайрлахын тулд Библид эдгээр түүхэн жишээг тэмдэглэсэн бөгөөд судалж үзэх аваас сургамж авч болно (Ром 15:4). Жишээ болгон, Иеремиагийн тухай авч үзье.
6 Иудад зөнчөөр үйлчлэх даалгавар авахдаа Иеремиа ид залуугаараа байжээ. Даалгавар нь ч амаргүй байж. Тэр цагт олон хүн хуурамч бурхад шүтдэг байв. Иеремиаг зөнчөөр үйлчилж эхлэхэд хаан ширээнд сууж байсан Иосиа Еховад үнэнч байсан бол түүнээс хойш угсаа залгамжилсан хаад бүгдээрээ түүн шиг байсангүй. Мөн ард олныг сургах үүрэгтэй зөнч, тахилчдын ихэнх нь жинхэнэ шүтлэгийг дагадаггүй байлаа (Иеремиа 1:1, 2; 6:13; 23:11). Ехова өөрийг нь зөнчөө болгоход Иеремиа яасан бол оо? Айсан! (Иеремиа 1:8, 17). Иеремиа: «Би: „Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй“ гэв» хэмээсэн анхны сэтгэгдлээ дурсан бичсэн байдаг (Иеремиа 1:6).
7. Иеремиагийн мэдээг хүмүүс яаж хүлээж авсан бэ? Энэ нь Иеремиад яаж нөлөөлсөн бэ?
7 Иеремиагийн «хэсгийн» ихэнх хүн мэдээг нь хүлээн авахаас дургүйцэж, хүчтэй эсэргүүцэх нь олон байв. Нэг удаа тахилч Пашхур Иеремиаг жанчуулан, дөнгөлсөн. Тэгэхэд Иеремиа юу бодож байснаа: «Би: „Би Түүнийг [Еховаг] дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй“ [гэсэн]» хэмээн бичжээ. Заримдаа танд ч гэсэн тийн бодогдож, буугаад өгчихмөөр санагддаг байж болох юм. Тэгвэл Иеремиаг шантрахгүй байхад юу тусалсныг анхаараарай. Тэрээр: «Энэ нь [Бурхны үг буюу мэдээ] миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй» гэжээ (Иеремиа 20:9). Бурхны үг танд бас тийм нөлөө үзүүлдэг үү?
Иеремиагийн нөхөд
8, 9. а) Зөнч Уриа хэрхэн хулчгар зан гаргасан бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ? б) Барух яагаад урам хугарсан бэ? Ямар тусламж авсан бэ?
8 Иеремиа ганцаараа зөнчийн үүрэг хүлээсэн хүн байгаагүй. Тэрээр зорилго нэгт нөхөдтэй байсан бөгөөд энэ нь түүнийг зоригжуулдаг байсан байх учиртай. Гэсэн ч тэд заримдаа ухаалаг бус загнадаг байжээ. Жишээлбэл, зөнч Уриа Иерусалим болон Иудагийн эсрэг «Иеремиагийнхтай төстэй үгсээр» зөгнөж байв. Гэтэл Иехоиаким хаан Уриаг алах зарлиг буулгахад зөнч айсандаа Египет уруу зугтсан. Ингэлээ гээд амиа аварч чадаагүй. Хааны илгээсэн хүмүүс түүнийг нэхэн гүйцэж, бариад, Иерусалимд буцаан авчирч алжээ. Энэ нь Иеремиаг хирдхийлгэсэн хэрэг байв! (Иеремиа 26:20–23).
9 Иеремиагийн бичээч Барух нөхдийнх нь нэг байв. Барух Иеремиагийн сайн туслах байсан ч бас л сүнслэг дүн нуруугаа алдаж явсан удаатай. Тэрээр: «Би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй» гэж гомдоллох болов. Урам хугарч, сүнслэг зүйлийг үнэлэхээ больж эхэлжээ. Гэсэн ч Ехова Барухт сайхан сэтгэлээр хандан, ухаалаг зөвлөгөө өгсөнд Барух өөрийгөө засав. Тэгэхэд нь Ехова түүнд Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давж гарна гэдгийг нь батлан хэлжээ (Иеремиа 45:1–5). Барух сүнслэг асуудалд дахин зөв ханддаг болсон нь Иеремиад их урам хайрласан нь эргэлзээгүй!
Ехова зөнчөө дэмжиж байсан нь
10. Ехова Иеремиаг дэмжиж юу гэж амласан бэ?
10 Хамгийн гол нь, Ехова Иеремиаг орхиогүй. Бурхан зөнчийнхөө юу бодож байгааг ойлгож, түүнд шаардлагатай хүч өгч, тусалж дэмжсэн. Тухайлбал, Иеремиа үйлчилж чадах эсэхдээ эхлээд эргэлзэхэд нь Ехова: «Тэднээс бүү ай. „Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна“ гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлсэн. Даалгаврыг нь танилцуулсныхаа дараа: «Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй“ гэж ЭЗЭН тунхаглаж байна» хэмээн Ехова хэлсэн билээ (Иеремиа 1:8, 19). Энэ үг Иеремиаг их тайвшруулсан байх учиртай! Тэгээд ч Ехова амласандаа хүрсэн.
11. Ехова Иеремиаг дэмжинэ гэж амласнаа биелүүлснийг бид яаж мэддэг вэ?
11 Тиймээс, Иеремиа дөнгөлүүлж, олны элэг доог болж байхдаа: «ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд... бүрмөсөн ичгүүрт унах болно» хэмээн итгэлтэй хэлсэн (Иеремиа 20:11). Хожим нь Иеремиаг алахыг хэд хэдэн удаа оролдсон ч Ехова түүнтэй хамт байсан. Иеремиа, Барухын адил, Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давсан бөгөөд олзлогдоогүй. Харин түүнийг хавчиж, сануулгыг нь үл тоомсорлож байсан хүмүүс нэг бол амиа алдаж, нэг бол вавилончуудад олзлогджээ.
12. Урам хугарах олон шалтгаан байдаг ч юуг санаж явах хэрэгтэй вэ?
12 Иеремиагийн адилаар, өнөөдөр Еховагийн олон Гэрч зовлонг тэвчдэг. Өгүүллийн эхэнд дурдсанаар, бид өөрсдийн төгс бус байдал, ертөнцийн эх захгүй явдал, биднийг эсэргүүцдэг хүмүүс зэргээс болж зовдог. Эдгээрийн улмаас урам хугарч болох юм. Бурханд үйлчилж чадах эсэхдээ ч Иеремиа шиг эргэлзэж магадгүй. Заримдаа үнэхээр урам хугарах үе гардгийг бид зөвшөөрөх ёстой. Урам хугарах нь Еховаг хэр зэрэг чин сэтгэлээсээ хайрладгийг маань шалгадаг. Тиймээс Еховад үйлчлэхээс хойш суусан Уриа шиг сэтгэлээр унахгүй байх шийдвэр төгс байцгаая. Иеремиаг дуурайж, Еховаг тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байцгаая.
Урам хугарахтай тэмцэх нь
13. Иеремиа Давид хоёрын жишээг хэрхэн дуурайж болох вэ?
13 Иеремиа Ехова Бурханд сэтгэлийнхээ гүнийг уудлан илчилж, хүч өгөхийг гуйн, байнгын харьцаатай байсан. Ийм сайхан жишээг дуурайвал зохино. Бас адилхан Эх булгаас хүч гуйдаг байсан Давид хаан: «ЭЗЭН, үгэнд минь чих тавьж, ёолох дууг минь анхаараач. Миний Хаан болон миний Бурхан, тусламж гуйн хашхирахыг минь сонсооч, учир нь Тандаа би залбирнам» хэмээн бичжээ (Дуулал 5:1, 2). Давидын амьдралын тухай Библид тэмдэглэснийг үзвэл, Ехова түүнийг тусламж гуйн залбирахад нь нэг бус удаа хариулсан байдаг (Дуулал 18:1, 2; 21:1–5). Үүнтэй адилаар, хүнд дарамт үүрсэн юм уу тулгарсан бэрхшээлээ давах аргагүй мэт санагдах үедээ Еховад хандан залбирч, зүрхээ нээвэл үнэхээр тайвширна (Филиппой 4:6, 7; 1 Тесалоник 5:16–18). Ехова биднийг дуртайяа сонсдог. Түүгээр зогсохгүй, «тэр [бидэнд] санаа тавьдаг» (ШЕ) гэдгээ батлан хэлдэг (1 Петр 5:6, 7). Гэхдээ Еховад залбирчихаад дараа нь үгийг нь авахгүй байх нь ухаалаг хэрэг байх уу даа?
14. Еховагийн үг Иеремиад яаж нөлөөлдөг байсан бэ?
14 Ехова бидэнд үгээ яаж хэлдэг вэ? Иеремиатай хэрхэн харьцдаг байсныг нь санацгаая. Иеремиа зөнч нь байсан учир Ехова түүнтэй шууд харьцдаг байв. Тэрээр Бурхны үг зүрх сэтгэлд нь хэрхэн нөлөөлдөг байсныг дүрслэн: «Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ» хэмээн бичжээ (Иеремиа 15:16). Тийм ээ, Иеремиа Бурхны нэрээр дуудагдсандаа баярлаж, үгийг нь эрхэмлэдэг байсан. Тийм ч учраас, элч Паулын адилаар, өөрт нь даалгасан мэдээг тунхаглахыг маш их хүсдэг байв (Ром 1:15, 16).
15. Еховагийн үгийг зүрх сэтгэлдээ хэрхэн суулгаж болох вэ? Юуны тухай бодож үзвэл дуугүй байхын аргагүй вэ?
15 Эдүгээ Ехова хүнтэй шууд харьцдаггүй. Гэхдээ Бурхан Библийн хуудсаар дамжуулан үгээ бидэнд өгдөг. Иймээс Библи судлахдаа буурь суурьтай хандан, сурч мэдсэнээ гүнзгий эргэцүүлэн бодвол Бурхны үг бас бидний зүрх сэтгэлийн «баяр хөөр... таашаал» болно. Энэ үгийг хүмүүстэй хуваалцахдаа тэдэнд Еховагийн нэрийг хүргэдэг гэж бодохлоор сэтгэл хөдөлдөг. Өнөөдөр Еховагийн нэрийг тунхагладаг хүн биднээс өөр байхгүй гэдгийг үргэлж санаж явцгаая. Зөвхөн Гэрчүүд нь л Бурхны тогтоосон Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, чин сэтгэлтэй хүмүүсийг Есүс Христийн шавь болоход нь тусалдаг (Матай 28:19, 20). Юутай хүндтэй үүрэг вэ! Ехова хайрын сэтгэлээс бидэнд ямар ажил даалгасныг бодож үзвэл дуугүй байхын аргагүй!
Хэнтэй нөхөрлөхөө анхаарцгаая
16, 17. Иеремиа нөхөрлөлийн тухайд ямар үзэлтэй байсан бэ? Иеремиаг хэрхэн дуурайж болох вэ?
16 Иеремиа зоригтой байхад нь тусалсан бас нэг зүйлийг тэмдэглэн: «Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ» хэмээжээ (Иеремиа 15:17). Иеремиа муу нөхөрт уруу татагдсанд орохноо ганцаараа байсан нь дээр гэж үзжээ. Бид ч гэсэн өнөөдөр тийм бодолтой байдаг. Элч Паул: «Бүү мэхлэгд. „Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг“» гэж сануулсныг ямагт санадаг. Тийм ээ, муу нөхөр бидний олон жилийн өмнөөс хэвшчихсэн сайн зуршлыг ч эвддэг (1 Коринт 15:33).
17 Муу нөхөр бидний ухаан санааг «ертөнцийн сүнсээр» бохирлож болно (1 Коринт 2:12; Ефес 2:2; Иаков 4:4). Тиймээс, бүгдээрээ хор хөнөөл авчрах нөхрийг таньж, зайлсхийхийн тулд «мэдрэмж» буюу «ялган ойлгох чадвараа» (ШЕ) сургацгаая (Еврей 5:14). Хэрэв Паул өнөөдөр дэлхий дээр байсан бол, садар самуун, харгис хэрцгий явдлыг сурталчилсан кино үздэг, хүчирхийллийн шинжтэй спорт сонирхдог христиан хүнд юу гэж хэлэх байсан бол оо? Барааг нь ч хараагүй хүнтэй Интернетээр танилцаж, нөхөрлөдөг хүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Хэдэн цагаар видео тоглоом тоглодог, эсвэл зурагт үздэг атлаа бие даан Библи судалж зуршаагүй христианыг юу гэж үзэх байсан бол? (2 Коринт 6:14б; Ефес 5:3–5, 15, 16).
Сүнслэг диваажиндаа үлдэгтүн
18. Сүнслэгээр хүчтэй байхад юу юу туслах вэ?
18 Бид сүнслэг диваажингаа эрхэмлэдэг. Сүнслэг диваажинтай маань өчүүхэн ч атугай төстэй зүйл энэ ертөнцөд ганц ч байхгүй. Христиануудын бие биеэ хайрлах, хүндлэх, энэрэх сэтгэлийг христиан биш хүмүүс хүртэл сайшаан ярьдаг (Ефес 4:31, 32). Гэлээ ч гэсэн, урам хугарахтай тэмцэх нь одоо хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Сайн нөхөр, залбирал, бие даан судлах сайн зуршил сүнслэгээр хүчтэй байхад тусална. Эдгээр нь биднийг ямар ч сорилттой тулгарсан Еховад бүрэн дүүрэн найдах хүч өгнө (2 Коринт 4:7, 8, «хүчний давамгайлал» [«хирээс хэтэрсэн хүч», ШЕ]).
19, 20. а) Хүнд нөхцөлийг тэвчихэд юу туслах вэ? б) Дараагийн өгүүллийг хэнд зориулсан бэ? Мөн хэнд сонирхолтой байх вэ?
19 Бид Библийн мэдээг үзэн яддаг хүмүүсээс айж, итгэлээсээ няцах ёсгүй. Иеремиаг хавчиж байсан хүмүүсийн адилаар биднийг эсэргүүцдэг хүмүүс, мөн чанартаа, Бурхныг эсэргүүцдэг. Тэд дийлэхгүй. Биднийг эсэргүүцэгчдээс хавьгүй илүү хүчтэй Ехова өөрөө бидэнд: «Еховад найдагтун. Зоригтой байж, зүрхээ бат болгогтун. Тийм ээ, Еховад найдагтун» гэж хэлдэг (Дуулал 27:14, ШЕ). Еховад найдах найдвараа зүрх сэтгэлдээ гүн үндэслүүлэн, «сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая». Иеремиа Барух нар шиг, «шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна» гэдэгтээ итгэлтэй байцгаая (Галат 6:9).
20 Олон христиан хүн гутарсан сэтгэлээ ялахын тулд тасралтгүй тэмцэх хэрэгтэй болдог. Тэр дундаа, залуучууд онцгой сорилттой тулгардаг. Гэхдээ чухам залуу насанд хосгүй боломж олон олддог. Дараагийн өгүүллийг залууст зориулан тусгайлан бэлдсэн болно. Хурлынхаа залуучуудад үг яриа, үлгэр жишээ, үйл хэргээрээ тусламж үзүүлж чадах эцэг эхчүүд болон хурлын бусад гишүүдэд ч уг өгүүлэл сонирхолтой байх нь эргэлзээгүй.
Та хэрхэн хариулах вэ?
• Урам хугарах үе байдгийг бид яагаад хүлээн зөвшөөрдөг вэ? Хэнээс тусламж авч болох вэ?
• Иеремиа хэцүү даалгавар авсан ч гутарсан сэтгэлээ яаж ялсан бэ?
• Хэцүү нөхцөлд ч зүрх сэтгэлийн маань «баяр хөөр... таашаал» болох зүйл юу вэ?
[Догол мөрийн асуулт]