Skip to content

Гарчиг руу орох

Амийн бэлгийг зөв үнэлэгтүн

Амийн бэлгийг зөв үнэлэгтүн

Амийн бэлгийг зөв үнэлэгтүн

«Христийн цус нь амьд Бурханд үйлчлүүлэхийн тулд бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэнэ» (ЕВРЕЙ 9:14).

1. Бид амиа өндөр үнэлдгээ хэрхэн харуулдаг вэ?

 ХЭРЭВ танаас амийн тань үнийг асуувал та хэд гэж хэлэх вэ? Бид өөрийн болон бусдын амийг өндөр үнэлдэг. Тийм ч учраас, өвдсөн үедээ эмчид үзүүлэх юм уу урьдчилан сэргийлэх үзлэгт байнга ордог. Бид амьд мэнд, эрүүл саруул явахыг хүсдэг. Тэр байтугай, өндөр настай, тахир дутуу хүмүүсийн ихэнх нь амьд явахыг хүсэхээс бус үхэхийг хүсдэггүй.

2, 3. а) Сургаалт үгс 23:22-т ямар үүргийг онцлон тэмдэглэдэг вэ? б) Сургаалт үгс 23:22-т тэмдэглэсэн үүргийг биелүүлэх нь Бурхны өмнө хүлээсэн үүрэгт ямар хамаатай вэ?

2 Амиа хэр зэрэг үнэлдэг маань бусадтай харьцах харьцаанд ч нөлөөлдөг. Жишээлбэл, Бурхны Үг: «Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой» гэж тушаадаг (Сургаалт үгс 23:22). Энд «сонс» гэсэн нь үгийг зүгээр сонсоно гэсэн үг биш, харин сонсож мэдсэн зүйлээ дагаж мөрдөнө гэсэн үг юм (Египетээс гарсан нь 15:26; Дэд хууль 7:12; 13:18; 15:4; Иошуа 22:2; Дуулал 81:13). Бурхны Үг бидэнд эцэг эхийнхээ үгийг сонс гэж тушаадгийн учир юу вэ? Эцэг эх тань танаас насаар ах, туршлагаар илүү гэдгээс л болж байгаа юм биш ээ. Тэд таны «төрсөн» эцэг эх шүү дээ. Зарим орчуулгад энэ зүйлийг: «Амь өгсөн эцгийнхээ үгийг сонс» гэж буулгасан байдаг. Хэрэв та амиа үнэлдэг бол танд амь өгсөн тэр нэгний өмнө үүрэг хүлээдгээ шууд зөвшөөрөх биз ээ.

3 Хэрэв та жинхэнэ христиан бол Еховаг амийнхаа хамгийн дээд Эх Булаг гэж үздэг нь лавтай. Та «амьдарч, хөдөлж», мэдрэх чадвартай бүтээлийн хувьд үйлдэл хийж, «оршин тогтож» байгаа нь Бурхны ач юм. Бас ирээдүйгээ, тэр дундаа, мөнх амьтай болох тэр цагаа бодож, төлөвлөж байгаа (Үйлс 17:28; Дуулал 36:9; Номлогчийн үгс 3:11). Тэгэхлээр, Сургаалт үгс 23:22-т бичсэний дагуу, Бурхны үгийг дуулгавартай «сонсож», амийн талаарх үзэл бодлыг нь ойлгож, удирдлага болгох нь амийн тухай өөр ямар нэг үзэл баримтлалыг дагаснаас зөв юм.

Амийг хүндэтгэгтүн

4. Амийг хүндэтгэх нь их чухал асуудал гэдэг нь хүн төрөлхтний түүхийн эхэнд хэрхэн тодорхой болсон бэ?

4 Хүн амийг хүссэнээрээ ашиглах эрхгүй гэдгийг Ехова хүн төрөлхтний түүхийн эхэнд тодорхой ойлгуулсан. Каин атаа хорсолдоо автаж, ямар ч гэмгүй дүү Абелынхаа амийг хөнөөсөн. Каинд хүний амь насны асуудлыг тэгж шийдэх эрх байсан уу? Бурхан тэгж үзээгүй. Тэрээр Каиныг хариуцлагад татан: «Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна» гэж хэлсэн (Эхлэл 4:10). Каин Абелыг зэрлэгээр хөнөөж, цус урсгасан. Газар асгарсан Абелын цус амийг нь төлөөлж байсан бөгөөд Бурхан уруу «хашхирч», өшөө авахыг шаардаж байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй (Еврей 12:24).

5. а) Бурхан Ноагийн үед юуг хориглосон бэ? Энэ нь хэнд хамаатай вэ? б) Энэ хориг нь ямар асуудлаар чухал алхам болсон бэ?

5 Усан галавын дараа хүн төрөлхтний түүхийн эхлэлийг наймхан хүн шинээр тавьсан. Бурхан бүх хүнд хамаатай тушаалдаа амь болоод цусыг хэрхэн үздэгээ илүү тодорхой мэдэгдэж, хоол хүнсэндээ мах хэрэглэхийг зөвшөөрсөн ч: «Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна. Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй» гэж хоригложээ (Эхлэл 9:3, 4). Иудаизмыг шүтдэг зарим хүн энэ зүйлийг амь нь тасраагүй байгаа амьтны мах юм уу цусыг идэж болохгүй гэсэн утгатай гэж тайлбарладаг. Гэтэл, үнэндээ, амийг тэтгэхийн тулд цус хэрэглэхийг хориглосон байсан нь хожим тодорхой болсон. Түүнээс гадна, Бурхан Ноагаар дамжуулан тушаал өгсөн нь цустай холбоотой агуу санаа зорилгоо биелүүлэхэд нь чухал алхам болсон юм. Энэ санаа зорилгынх нь ачаар хүмүүс мөнх амьтай болох байв.

6. Бурхан амийг хэр зэрэг үнэлдгээ Ноагаар дамжуулан яаж мэдэгдсэн бэ?

6 Бурхан цааш нь: «Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ. Хэн хүний цусыг урсгана, түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ» гэж хэлсэн (Эхлэл 9:5, 6). Цус хүний амийг төлөөлдөг гэж Бурхан үздэг болохыг хүн төрөлхтөнд хандсан тэрхүү мэдэгдэл харуулдаг. Бүтээгч л хүнд амь өгдөг бөгөөд цусаар бэлэгддэг тэр амийг авах эрх хэнд ч байхгүй. Хэрэв хүн Каины адилаар бусдын амийг хөнөөвөл Бүтээгч тэр алуурчнаас амийг нь «нэхэх» эрхтэй.

7. Бурхан Ноагаар дамжуулан цусны талаар мэдэгдсэнийг бид ямар учраас анхаарах ёстой вэ?

7 Бурхан дээрх мэдэгдлээрээ цус хэрэглэх тухайд хязгаар тогтоожээ. Ямар учраас тэгж тушаасан юм бол гэж та бодож байсан уу? Бурхан цусыг тэгж үздэгийн цаад учир юу вэ? Энэ асуултын хариу Библийн хамгийн чухал сургаалуудын нэгтэй холбоотой юм. Энэ сургаалыг христ шашны олон урсгал чухалчлан анхаардаггүй ч үнэндээ жинхэнэ христиануудын хүргэдэг мэдээний гол цөм мөн. Тэгвэл тэр нь ямар сургаал бэ? Таны амьдрал, гаргах шийдвэр, үйл хэрэгт ямар хамаатай вэ?

Цусыг ямар зорилгоор хэрэглэх вэ?

8. Цус хэрэглэхийг Ехова Мосегийн хуулиар хэрхэн хязгаарласан бэ?

8 Ехова Мосегоор дамжуулан израильчуудад Хууль өгөхдөө амь болоод цусыг хэрхэн үздэгээ илүү тодорхой мэдэгдсэн. Ийнхүү Бурхан санаа зорилгоо биелүүлэх цаашдын алхам хийсэн. Хуульд зааснаар Бурханд тариа, тос, дарсаар өргөл өргөх шаардлагатай байсныг та мэдэх биз ээ (Левит 2:1–4; 23:13; Тооллого 15:1–5). Түүнээс гадна, амьтнаар тахил өргөх ёстой байсан. Энэ тухай Бурхан: «Махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд [«өөрсдийгөө цайруулахад зориулж», ШЕ] тахилын ширээн дээр... өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм. Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд: „Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй...“ хэмээн айлдсан» гэж хэлжээ. Ехова цааш нь, анчин юм уу малчин хүн хүнсэнд хэрэглэх зорилгоор амьтан нядалбал цусыг нь газар юүлээд, шороогоор дарах ёстой гэж тушаасан. Газар бол Бурхны «хөлийн гишгүүр» билээ. Тиймээс хүн цусыг газар асгаснаар амийг Амь Өгөгчид буцаан өгснөө харуулдаг (Левит 17:11–13; Исаиа 66:1).

9. Хуульд зааснаар цусыг ганцхан ямар нөхцөлд хэрэглэж болох байсан бэ? Энэ нь ямар зорилготой байсан бэ?

9 Хуулийн энэ заалт ямар ч ач холбогдолгүй шашны ёслол төдий юм биш байсан. Израильчууд хүнсэндээ цус хэрэглэдэггүй байсны учрыг та ойлгов уу? Бурхан: «Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд: „Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй...“ хэмээн айлдсан» гэж хэлсэн. Чухам учир нь юу вэ? «Түүнийг [цусыг] Би та нарт өөрсдийгөө цайруулахад зориулж тахилын ширээн дээр... өгсөн юм» гэж тайлбарлажээ. Бурхан Ноагаар дамжуулан хүмүүст цус идэхийг хориглосны учрыг ойлгоход энэ зүйл тусалж байгаа биз дээ? Бүтээгч цусыг их чухалд үзэж, олны амийг аврах тусгай зорилгоор хэрэглэхээр шийджээ. Цус нүглийг цайруулах буюу бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой байжээ. Тийм учраас, Ехова өөрөөс нь өршөөл хүртэхийг хүссэн израильчуудыг цайруулахад зориулж цусыг зөвхөн тахилын ширээн дээр хэрэглэхийг Мосегийн хуулиар зөвшөөрчээ.

10. Амьтны цусаар бүрмөсөн уучлуулж чадахгүйн учир юу вэ? Мосегийн хуульд заасан тахил юу сануулдаг байсан бэ?

10 Энэ ойлголт христиануудын үзэл баримтлалтай тохирдог. Бурхны тогтоосон Хуулийн уг заалтын тухай элч Паул: «Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ» гэж тэмдэглэжээ (Еврей 9:22). Гэхдээ израильчууд Хуулиар шаардсан тахил өргөөд төгс, нүгэлгүй болж чадаагүйг Паул тодорхой харуулсан. Тэрээр: «Эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм» хэмээн бичжээ (Еврей 10:1–4). Гэлээ ч гэсэн, амьтнаар өргөдөг тахил тодорхой зорилготой байв. Тахилын ачаар израильчууд нүгэлтэй гэдгээ, бүрмөсөн уучлуулахын тулд тэдэнд ямар нэг илүү юм хэрэгтэй гэдгийг ойлгодог байсан. Гэхдээ амьтны амийг төлөөлдөг цус хүний нүглийг бүрмөсөн бүтээж чадахгүй юм бол ямар цус ингэж чадах юм бол оо?

Амь Өгөгчийн шийдвэр

11. Амьтны цусаар өргөх тахил өөр юмыг зааж байсныг бид хаанаас мэддэг вэ?

11 Үнэндээ бол, Мосегийн хууль Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд илүү ач холбогдолтой өөр нэг зүйлийг зааж байсан билээ. Паул: «Тэгвэл юуны тулд Хууль байгаа юм бэ?» хэмээн асуугаад: «Энэ нь амлалтыг авсан нэгэнд үр иртэл зуучийн [Мосегийн] гараар тэнгэр элчүүдээр дамжуулж тогтоогдон, нүгэл хилэнцээс болж [«нүгэл хилэнцийг мэдүүлэхийн төлөө», ШГ] нэмэгджээ» гэж хариулсан (Галат 3:19). Паул мөн дээрхтэй ижил санаа илэрхийлэн: «Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг» гэж бичсэн (Еврей 10:1).

12. Бурхан цустай холбоотой санаа зорилгоо хэрхэн илчилсэн бэ?

12 Одоо дээр ярилцсанаа дүгнэхэд, Бурхан Ноагийн үед хүмүүст амьтны мах идэхийг зөвшөөрсөн ч цус хэрэглэхийг зөвшөөрөөгүй гэдгийг санацгаая. Хожим нь, Бурхан: «Махан биеийн амь нь цусанд байдаг» хэмээн мэдэгдсэн. Ехова цусыг амийн бэлэгдэл гэж үзээд: «Түүнийг [цусыг] Би та нарт өөрсдийгөө цайруулахад зориулж тулд тахилын ширээн дээр... өгсөн юм» гэж хэлсэн. Гэхдээ Бурхан санаа зорилготойгоо холбоотой гайхамшигтай нарийн баримтыг хожим нь илчлэх байлаа. Учир нь Хууль бол «ирэх сайн юмсын сүүдэр байсан» шүү дээ. Чухам ямар сайн юм бол оо?

13. Есүсийн үхэл ямар учраас чухал байсан бэ?

13 «Ирэх сайн юмсын жинхэнэ дүр» нь Есүс Христийн үхлийг зааж байжээ. Есүсийг тарчлааж, шонд хадаж алсныг та мэднэ. Тэрээр гэмт хэрэгтэн мэт үхсэн. Паул: «Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. ...Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» гэж бичсэн (Ром 5:6, 8). Христ бидний төлөө үхэхдээ нүглийг маань бүтээх золиос болсон. Энэ золиос бол христиануудын хүргэдэг мэдээний цөм билээ (Матай 20:28; Иохан 3:16; 1 Коринт 15:3; 1 Тимот 2:6). Гэхдээ золиос, амь болоод цустай ямар холбоотой вэ? Танд ямар хамаатай вэ?

14, 15. а) Библийн зарим орчуулгад Ефес 1:7-г хөрвүүлэхдээ Есүсийн үхлийг хэрхэн онцлон тэмдэглэдэг вэ? б) Ефес 1:7-гийн ямар чухал санааг хасаж болохгүй вэ?

14 Христ шашны зарим урсгал Есүсийн үхлийг онцолдог бөгөөд тэдгээр урсгалыг баримтлагчид: «Есүс миний төлөө үхсэн» гэх мэтээр ярьдаг. Библийн зарим орчуулгад Ефес 1:7-г яаж хөрвүүлсэн байдгийг авч үзье. «Христ бидний золиос болж үхсэн учир, агуу хишигт Бурхан бидний нүгэл хилэнцийг уучилжээ» («Шинэ Гэрээ», ОҮМБОХ, 1998 он). «Ертөнцийн Эзэний... энэ их хайрыг харуулахын тулд түүний илгээсэн Есүс алагдаж, бидний гэмийн ялыг амь насаараа цагаатгаж өглөө» («Шинэ Гэрээ», МБН, 2000 он). «Христийн үхлээр бид чөлөөлөгдөж, нүглээ уучлуулсан» («Today’s English Version», 1966 он). «Христ дотор болон түүгээр, тэр амиа золиосолсноор бид чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн гэдэг нь нүглээ уучлуулсан гэсэн үг» («The New Testament», Уильям Баркли, 1969 он). Эдгээр орчуулгад Есүсийн үхлийг онцолсон байгааг та анзаарсан байх. «Гэхдээ Есүсийн үхэл үнэхээр чухал шүү дээ. Тэгээд эдгээр орчуулгын юу нь болохгүй байгаа юм бэ?» гэж зарим хүн асууж болох юм.

15 Та зөвхөн эдгээр орчуулгыг ашиглавал их чухал нэг санааг орхигдуулж, улмаар Библийн мэдээг гүйцэд ойлгож чадахгүй. Дээрх орчуулгууд нь эх Библийн Ефес 1:7-д байдаг «цус» гэсэн утгатай грек үгийг орхисон байна. Гэхдээ Библийн бусад олон орчуулгад, тухайлбал, «Ариун Библи»-д (МБОХ, 2000 он): «Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг» гэж буулгасан байдаг нь эх Библийн санаанд илүү ойрхон очдог.

16. «Цус нь» гэдэг үг бидэнд юуны тухай бодуулах учиртай вэ?

16 «Цус нь» гэдэг үг гүнзгий утгатай бөгөөд бидэнд ихийг бодуулах учиртай. Хэн нэг хүний, тэр байтугай, төгс хүн Есүсийн үхлээс ч илүү зүйл шаардлагатай байв. Мосегийн хуулийн, ялангуяа, «Цайруулах өдрийн» (ШЕ) «сүүдэр» болж байсан зүйл Есүс дээр биелсэн. Тэрхүү онцгой өдөр Хуульд тодорхойлон заасан амьтдаар тахил өргөдөг байсан. Тэгээд тэргүүн тахилч тэр амьтдын цуснаас хэсгийг авч, мөргөлийн асар буюу сүмийн Ариунаас ариун газар орж өргөдөг нь, бэлэгдлийн утгаар, Бурхантай уулзсантай адил хэрэг байв (Египетээс гарсан нь 25:22; Левит 16:2–19 «эвлэрүүлэл хийх», [«цайруулах», ШЕ]).

17. Цайруулах өдрийн «сүүдэр» болж байсан зүйл Есүс дээр хэрхэн биелсэн бэ?

17 Цайруулах өдрийн «сүүдэр» болж байсан зүйл Есүс дээр биелснийг Паул тайлбарлажээ. Израилийн тэргүүн тахилч жилд ганц удаа Ариунаас ариун газар орж, «өөрийнхөө [төлөө] болон хүмүүсийн мэдэхгүйгээр үйлдсэн нүглийн төлөө» цус өргөдөг байсныг эхлээд дурджээ (Еврей 9:6, 7). Яг тэр үлгэр загварын дагуу Есүс сүнсэн бүтээл болон дахин амилсныхаа дараа тэнгэрт өөрт нь орсон. Мах цусан биегүй сүнс болохын хувьд тэрээр «бидний төлөө Бурхны оршихуйд» очиж чадсан. Тэгээд Бурханд юу өргөсөн бэ? Тэр нь материаллаг биш ч, их үнэ цэнтэй зүйл байсан. Паул цааш нь: «Христ... Тэргүүн Тахилч болж үзэгдэхдээ... ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон. Учир нь хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд... ямаа болоод бухын цус... ариусгадаг юм бол, тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь амьд Бурханд үйлчлүүлэхийн тулд бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэнэ шүү дээ!» хэмээн бичжээ. Тийм ээ, Есүс Бурханд цусныхаа үнэ цэнийг өргөсөн (Еврей 9:11–14, 24, 28; 10:11–14; 1 Петр 3:18).

18. Цусны тухай Библид бичсэн бүхэн өнөөгийн христиануудын хувьд ч чухал гэж хэлэхийн учир юу вэ?

18 Бурхны илчилсэн энэ үнэний ачаар бид Ехова ямар учраас цусыг тэгж чухалчлан үздэг, бид цусыг хэрхэн үзэж, цус хэрэглэх талаар Бурхны тогтоосон хоригийг хүндэтгэх ёстойн учир зэрэг Библид цусны талаар юу гэж байдгийг гайхалтай өргөн хүрээтэй ойлгодог болсон. Христиан Грек Сударт Христийн цусны тухай олонтаа бичсэн байдгийг унших явцдаа мэдэж болно. (14-р хуудасны хавсралт үзнэ үү.) Христиан хүн бүр «Түүний [Есүсийн] цусанд» итгэх ёстой гэдгийг тэдгээр зүйл тодорхой харуулдаг (Ром 3:25). Зөвхөн «Түүний [Есүсийн]... цусаар» л бид нүглээ уучлуулж, Бурхантай найрамдах боломжтой (Колоссай 1:20). Энэ нь, ялангуяа, Есүсийн байгуулсан тусгай гэрээнд багтаж, өөртэй нь хамт тэнгэрээс захирах хүмүүсийн хувьд маргашгүй үнэн юм (Лук 22:20, 28–30; 1 Коринт 11:25; Еврей 13:20). Түүнээс гадна, удахгүй болох «агуу их гай гамшгийг» (ШЕ) эсэн мэнд давж, диваажин дэлхийд мөнх амьдрах «үй олон хүний» хувьд ч тийм байна. Зүйрлэн хэлбэл, тэд «Хурганы цусаар дээлээ угаадаг» (Илчлэлт 7:9, 14).

19, 20. а) Бурхан цус хэрэглэхийг хориглосон нь ямар учиртай вэ? Үүнийг бид хэрхэн үзэх ёстой вэ? б) Бид юу мэдэх ёстой вэ?

19 Бурхан цусыг онцгойлон үздэг нь тодорхой байна. Бид ч бас тийн үзэх ёстой. Амийг хүндэтгэдэг Бүтээгч цус яаж хэрэглэхийг шийдэх эрхтэй. Бидэнд үнэхээр санаа тавьсандаа цусыг маш чухал нэг зорилгоор хэрэглэхээр шийдсэн билээ. Зөвхөн үүнийх нь ачаар бид мөнх амьдрах боломжтой болдог. Энэ нь Есүсийн үнэ цэнтэй цустай холбоотой. Ехова Бурхан бидний л тусын тулд Хүүгийнхээ цусыг хэрэглэн амийг маань аврах арга хэмжээ авсанд бид гүнээ талархах ёстой! Мөн бидний төлөө өөрийгөө золиослон цусаа урсгасан Есүст талархах учиртай! Элч Иохан: «Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж, биднийг Хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцгийн төлөөх тахилчид болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен» хэмээн догдлон хэлсэн шиг сэтгэл бидэнд ч төрдөг (Илчлэлт 1:5, 6).

20 Бүхнээс мэргэн ухаантай, Амь Өгөгч Бурхан маань амь аврах энэ чухал арга хэмжээг эртнээс бодож байжээ. Тиймээс бид өөрсдөөсөө: «Энэ нь миний гаргах шийдвэр, хийх үйл хэрэгт яаж нөлөөлөх ёстой вэ?» гэж асууж болох юм. Дараагийн өгүүллээр энэ асуултыг хэлэлцье.

Та хэрхэн хариулах вэ?

• Абел болон Ноатай холбоотой явдлаас Бурхан цусыг хэрхэн үздэг тухай юу мэдэж авч болох вэ?

• Цус хэрэглэхийг Ехова Мосегийн хуулиар хэрхэн хязгаарласан бэ? Яагаад?

• Цайруулах өдрийн «сүүдэр» болж байсан зүйл Есүс дээр хэрхэн биелсэн бэ?

• Есүсийн цус бидний амийг хэрхэн аварч болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны хавсралт]

ХЭНИЙ ЦУС АМЬ АВАРДАГ ВЭ?

«Бурхан Өөрийн [«Хүүгийн», ШЕ] цусаар Өөртөө худалдаж авсан Бурхны чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» (Үйлс 20:28).

«Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно» (Ром 5:9).

«Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа. Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов» (Ефес 2:12, 13).

«Бурхны сайн таалал нь Түүний дотор хамаг бүрэн бүтэн нутаглах хийгээд Түүний загалмайн [«тарчлаах шон дээр асгасан», ШЕ] цусаар энх тайвныг тогтоон, ...бүх юмыг Түүгээр Өөртэйгөө эвлэрүүлэх явдал байв» (Колоссай 1:19, 20).

«Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар... ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа» (Еврей 10:19, 20).

«Та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаасаа... устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн» (1 Петр 1:18, 19).

«Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс ангижруулдаг ажээ» (1 Иохан 1:7).

«Хуйлмал номыг авч, лацнуудыг нь эвдэх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ» (Илчлэлт 5:9).

«Ах дүүсийг маань... буруутгагч доош хаягдсан... Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ» (Илчлэлт 12:10, 11).