Бүтээл Бурхны сүр жавхланг тунхагладаг!
Бүтээл Бурхны сүр жавхланг тунхагладаг!
«Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж, огторгуй нь түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» (ДУУЛАЛ 19:1).
1, 2. Хүн Бурхны сүр жавхланг үзэж чадахгүйн учир юу вэ? б) «Хорин дөрвөн ахлагч» Бурхныг хэрхэн алдаршуулдаг вэ?
«ЧИ Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй» (Египетээс гарсан нь 33:20). Ехова Мосед ингэж анхааруулжээ. Хүн махан биетэй хэврэг амьтан тул Бурхны сүр жавхланг үзвэл амьд үлдэхгүй ажээ. Гэхдээ элч Иохан сүр жавхлант сэнтийдээ заларч буй Еховагийн ер бусын дүр зургийг үзэгдлээр үзжээ (Илчлэлт 4:1–3).
2 Хүнээс ялгаатай нь, үнэнч сүнсэн бүтээлүүд Еховагийн царайг харж чаддаг. Тэдний тоонд 144 000-ыг төлөөлдөг, Иоханы үзэгдэлд гардаг «хорин дөрвөн ахлагч» багтдаг (Илчлэлт 4:4; 14:1–3). Тэд Бурхны сүр жавхланг үзээд яадаг вэ? Илчлэлт 4:11-д бичсэнээр тэд: «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж тунхагладаг.
«Шалтаг байхгүйн» учир
3, 4. а) Бурхан байдаг гэдэгт итгэх нь шинжлэх ухаанд нийцэхгүй гэж үзэж болохгүйн учир юу вэ? б) Бурханд итгэхгүй байх нь заримдаа юутай холбоотой байдаг вэ?
3 Та Бурхныг алдаршуулахыг хүсдэг үү? Хүмүүсийн дийлэнх олонх нь тэгж хүсэх нь бүү хэл, зарим нь бүр Бурхан байдгийг үгүйсгэдэг. Жишээ нь, нэг одон орон судлаач: «Бурхан хөндлөнгөөс оролцож, бидний тусын тулд сансар огторгуйг ийм нарийн бүтээсэн юм гэж үү? [...] Тийм бол, сайн л байна. Харамсалтай нь, би үүнийг үнэн гэж боддоггүй. [...] Бурхан гэдэг бол хариу биш шүү дээ» гэж бичжээ.
4 Үнэндээ бол, шинжлэх ухааны судалгаа нь хүний ажиглаж, судалж чадах зүйлийн хүрээнд л хязгаарлагддаг. Тэр хүрээнээс давж гардаг юм гэхэд, ердөө л онол, таамаг байдаг. «Бурхан бол сүнс» учир шинжлэх ухааны аргаар судлах боломжгүй (Иохан 4:24). Тиймээс, Бурхан байдаг гэдэгт итгэх нь шинжлэх ухаанд харшилна гэж үзвэл биеэ тоосон хэрэг болно. Шинжлэх ухааны судалгаа бол бас л нэг ёсны «шашин» гэж Кембрижийн их сургуулийн эрдэмтэн Винсэнт Уигглесвөрт тэмдэглэжээ. Яагаад? «Шинжлэх ухааны судалгааг байгалийн үзэгдэл „байгалийн хуульд“ захирагддаг гэсэн мухар сүсэгт тулгуурлан хийдэг» гэж тэрээр хэлжээ. Тэгэхлээр, Бурхан байдгийг үгүйсгэдэг хүн ердөө л нэг итгэл үнэмшлийг нөгөөгөөр сольсон хэрэг биш үү? Заримдаа, Бурханд итгэхгүй байх нь үнэнийг зориуд хүлээн зөвшөөрөхгүй байхтай холбоотой байдаг. Дуулалч: «Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй. Түүний бодол бүхэнд „Бурхан байдаггүй“» гэж бичжээ (Дуулал 10:4).
5. Бурханд үл итгэх шалтаг байхгүйн учир юу вэ?
5 Гэхдээ Бурханд итгэх нь мухар сүсэг биш ээ. Учир нь Бурхан байдгийн асар олон баталгаа бий (Еврей 11:1). Одон орон судлаач Аллан Сандаж: «[Орчлонт ертөнц] дэх эмх цэгц эмх замбараагүй байдлаас бий болсон гэх нь үнэндээ үнэмшилгүй гэж би боддог. Тийм эмх цэгцтэй болгосон ямар нэг эх булаг байх ёстой шүү дээ. Миний хувьд Бурхан бол нууцлагдмал зүйл хэдий ч, юу ч үгүйгээс ахуй бий болсон гайхамшгийн тайлбар нь Бурхан мөн» гэж хэлжээ. Элч Паул Ром дахь христиануудад: «Ертөнц бүтээгдсэнээс хойш [Бурхны] үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд [Бурханд үл итгэгчдэд] шалтаг байхгүй» гэж хэлсэн (Ром 1:20). «Ертөнц бүтээгдсэнээс» хойш, ялангуяа, Бурхан байдгийг ойлгох чадвартай оюун ухаант бүтээл болох хүнийг бүтээснээс хойш хязгааргүй хүчтэй Бүтээгч буюу өөрийгөө шүтүүлэх эрхтэй Бурхан байдаг нь илэрхий харагдаж байгаа. Тиймээс Бурхны сүр жавхланг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтаг хүмүүст байхгүй. Гэхдээ бүтээл ямар баталгаа өгдөг вэ?
Орчлонт ертөнц Бурхны сүр жавхланг тунхагладаг
6, 7. а) Тэнгэр Бурхны сүр жавхланг хэрхэн тунхагладаг вэ? б) Тэнгэр ямар зорилгоор «хэмжих олсоо» сунгадаг вэ?
6 «Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж, огторгуй нь түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» гэсэн үгээр Дуулал 19:1, дээрх асуултын хариуг өгдөг. «Огторгуй» буюу агаар мандлыг нэвтлэн гялалзах од, гаригууд сүр жавхлант Бурхан байдгийг няцаахын аргагүй гэрчилдгийг Давид ойлгодог байжээ. Тэрээр цааш нь: «Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг» хэмээжээ (Дуулал 19:2). Бурхны мэргэн ухаан, бүтээх хүчийг тэнгэр өдрөөс өдөрт, шөнөөс шөнөд харуулдаг. Тэнгэр Бурхныг алдаршуулж чанга «ярьдаг» гэлтэй.
7 Гэхдээ тэрхүү гэрчлэл «хэл яриа хийгээд үг ч байхгүй, чимээ ч сонсогдохгүй» учир хэрсүү байж гэмээнэ л түүнийг «сонсож» чадна. Тэнгэрийн гэрчлэл хэдийгээр чимээгүй боловч их хүчтэй. «Дуу хоолой [«хэмжих олс», ШЕ] нь бүх дэлхийд, үгс нь ертөнцийн хязгаар хүртэл тарж түгжээ» (Дуулал 19:3, 4). Зүйрлэн хэлбэл, тэнгэр чимээгүй гэрчлэлээ дэлхийн өнцөг булан бүрд хүрсэн эсэхийг магадлахаар «хэмжих олсоо» сунгадаг.
8, 9. Нарны тухай гайхамшигтай зарим баримт хэлнэ үү.
8 Давид цааш нь Еховагийн өөр нэг гайхамшигт бүтээлийг дүрслэн: «[Тэнгэрийн] дотор Бурхан нарны төлөө майхан барьсан. Нар өргөөнөөсөө сүйт залуу мэт гарч ирж байна. Тэрээр уралдааны замд гарахаар баатар [«хүчирхэг», ШЕ] хүн шиг догдолдог. Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас, тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй» гэж бичжээ (Дуулал 19:4–6).
9 Бусад одтой харьцуулбал Нар дунд зэргийн хэмжээтэй одны тоонд ордог. Гэсэн ч өөрийг нь тойрон эргэдэг гаригуудаас олон дахин том гайхамшигтай од юм. Нэгэн бүтээлд тэмдэглэснээр Нарны масс «2-ын тооны ард 27 тэг тавьсантай тэнцэх тонн» бөгөөд энэ нь манай нарны аймгийн нийт массын 99,9 хувьтай тэнцдэг! Татах хүчнийх нь ачаар Дэлхий Нарнаас 150 сая километрийн зайд, Нарнаас холдох ч үгүй, Наранд ойртох ч үгүй түүнийг тойрон эргэж байдаг. Нарны цацруулж байгаа энергийн хоёр тэрбумны нэг орчим хэсэг нь л Дэлхийд хүрдэг боловч тэр нь Дэлхий дээрх амьдралыг тэтгэхэд хангалттай ажээ.
10. а) Нар хэрхэн «майхандаа» орж, гардаг вэ? б) Яаж «хүчирхэг хүн» шиг «аялдаг» вэ?
10 Дуулалч нарыг «хүчирхэг хүнтэй» зүйрлэн, нэг өдрийн дотор тэнгэрийн нэг хаяанаас нөгөө хаяа хүртэл гүйгээд, шөнө нь «майхандаа» хоноглодог гэж уран яруу дүрсэлжээ. Тэнгэрийн хаяанд шингэж буй нарыг ажиглан зогсоход нар яг л амрахаар «майхан» уруугаа явж буй мэт санагддаг. Өглөө болоход нар «өргөөнөөсөө сүйт залуу... гарч ирж байгаа» мэт гэрлээ цацруулсаар манддаг. Давид хоньчин байсан тул шөнийн тэсгим хүйтнийг мэддэг байв (Эхлэл 31:40). Нар тусаж, өөрийг нь болон ойр орчных нь газрыг ээж, дор нь дулаацуулдгийг санаж байсан биз ээ. Тийм ээ, нар өдөр бүр «аялахдаа» эцэж цуцалгүй, харин ч «хүчирхэг хүн» шиг дахин аялахад бэлэн байдаг нь эргэлзээгүй.
Бишрэм одод, галактикууд
11, 12. а) Библид одыг «элс мэт» гэж зүйрлэсэн нь юугаараа гайхамшигтай вэ? б) Орчлонт ертөнц хэр зэрэг уудам байж болох вэ?
11 Давидад дуран авай байгаагүй тул харсан од нь хэдхэн мянга л байсан байх. Гэхдээ саяхны нэг судалгаанаас үзвэл орчин үеийн дуран авайн тусламжтайгаар хүн 70 сикстиллион буюу 7-гийн ард 22 тэг тавьсантай тэнцэх тооны од харах боломжтой гэнэ! Ехова одны тухай «далайн эргийн элс мэт» гэж хэлсэн нь асар олон од байдгийг харуулдаг (Эхлэл 22:17).
12 Одон орон судлаачид «харагдах дүрс хэлбэр нь тодорхойгүй, жижиг хэмжээний, гэрэлтдэг, манан шиг объектууд» хэмээн тодорхойлсон зүйлийг олон жилийн турш ажиглажээ. Эрдэмтэд эдгээр «спираль хэлбэрийн мананцрыг» «Тэнгэрийн заадас» буюу манай одны аймагт (галактик) байдаг гэж таамаглаж байв. Гэтэл 1924 онд тэр мананцруудаас Дэлхийд хамгийн ойр байрлах «Адаг чуулган» мананцрыг манай гаригаас хоёр сая орчим гэрлийн жилийн зайд оршдог галактик мөн болохыг тогтоожээ! Одоо эрдэмтэд олон тэрбум галактик байдаг бөгөөд галактик тус бүр олон мянга, зарим нь бүр олон тэрбум одтой гэж тооцоолж байна. Харин Ехова «оддыг тоолдог. Тэр тэд бүгдэд нэр өгдөг» (Дуулал 147:4).
13. а) Одны орд юугаараа гайхамшигтай вэ? б) Эрдэмтэд «тэнгэрийн тогтоолуудыг» мэддэггүй гэж хэлж болохын учир юу вэ?
13 Нэгэн удаа Ехова Иовоос: «Чи Мичид зургааг [одны ордыг] холбож, Марал гурвыг [одны ордыг] салгаж чадах уу?» гэж асуужээ (Иов 38:31). Одны орд гэж тодорхой хэлбэр үүсгэн харагддаг олон тооны одыг хэлдэг. Тийм одод хоорондоо асар хол зайтай байх боловч дэлхийгээс харахад байршил нь өөрчлөгддөггүй. Байршил нь маш нарийн байдаг учир «далайд зүг чигээ олох, сансрын нисэгчдийг хөлгөө зөв зүгт залах болон одыг зөв тодорхойлоход их тусалдаг» («The Encyclopedia Americana»). Одны ордод багтах одыг чухам юу «холбож» байдгийг хэн ч бүрэн ойлгодоггүй. Тийм ээ, эрдэмтэд одоог хүртэл Иов 38:33-т тавьсан: «Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэх үү?» гэдэг асуултад хариулж чадахгүй байна.
14. Гэрэл хэрхэн тархдаг нь яагаад нууц хэвээрээ байна вэ?
14 «Гэрэл хуваагдах... арга зам юу вэ?» гэж Иовоос асуусан бас нэг асуултад эрдэмтэд хариулж мэддэггүй (Иов 38:24). Гэрлийн тухай энэ асуултыг нэг зохиолч «орчин үеийн шинжлэх ухааны гүнзгий асуулт» гэж нэрлэжээ. Сонирхолтой нь, Грекийн зарим гүн ухаантан гэрлийг хүний нүднээс цацардаг гэж үздэг байжээ. Түүнээс арай хожуу үеийн эрдэмтэд гэрлийг маш өчүүхэн хэсгүүдээс бүрддэг гэж үздэг болсон. Харин зарим нь гэрлийг долгион хэлбэрээр тархдаг гэж боддог байв. Тэгвэл өнөөдөр шинжлэх ухаан гэрлийг өчүүхэн хэсгүүдээс ч бүрддэг, долгион хэлбэрээр ч тархдаг гэж тайлбарладаг. Гэсэн ч гэрлийн мөн чанарыг, хэрхэн «хуваагддагийг» бүрэн ойлготол зай бий.
15. Тэнгэрийг харж, эргэцүүлэн бодоход бидэнд Давидад төрсөн шиг ямар сэтгэгдэл төрөх ёстой вэ?
15 Энэ бүхнийг эргэцүүлэн бодохлоор, Давидын үг өөрийн эрхгүй сэтгэлд буудаг. Тэрээр: «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?» гэж уулга алджээ (Дуулал 8:3, 4).
Дэлхий болон дэлхий дээрх бүтээлүүд Еховаг алдаршуулдаг
16, 17. «Далайн гүнүүд» дэх амьтад Еховаг хэрхэн магтан алдаршуулдаг вэ?
16 Бурхны сүр жавхланг тунхагладаг бусад бүтээлийг 148-р дуулалд тоочин бичжээ. Тухайлбал, 7-р зүйлд: «Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун. Далайн амьтад болон далайн гүнүүд [магтагтун]» хэмээжээ. Тийм ээ, «далайн гүнүүд» Бурхны мэргэн ухаан, хүчийг харуулдаг гайхамшгаар дүүрэн. Жишээ нь, цэнхэр халим дунджаар 120 тонн жинтэй байдаг нь 30 зааныг нийлүүлсэнтэй тэнцэнэ гээд бод доо! Ганц зүрх нь л гэхэд 450 гаруй кг хүнд бөгөөд 6 400 кг цус шахах чадалтай! Ийм аварга том далайн амьтан усан дотор хөдөлж ядсан, болхи байдаг байх даа? Яалаа гэж. Халим хамгаалах нэг байгууллагын мэдээлснээр цэнхэр халим «далайн усанд нисэх мэт гайхамшигтай хурдан аялдаг» ажээ. Хиймэл дагуулаар хийсэн ажиглалтаас үзвэл «цэнхэр халим 16 000 гаруй км зайг 10 сарын хугацаанд туулсан» тохиолдол гарчээ («European Cetacean Bycatch Campaign»).
17 Нэгэн зүйл далайн гахай (Tursiop truncatus) ер нь усанд 45 метр гүн шумбадаг ч 547 метр гүн шумбасан тохиолдол байдаг байна! Сүүн тэжээлтэн энэ амьтан тэгж гүн шумбасан мөртлөө яаж амьд гарч ирж чаддаг байна аа? Шумбах үед зүрхнийх нь цохилт удааширч, цус нь зүрх, уушги, тархинд нь хуримтлагддаг байна. Түүнээс гадна, хүчилтөрөгч нөөцөлдөг химийн бодис булчинд нь байдаг ажээ. Далайн заан болон кашалот (нэг зүйлийн халим) тэрнээс ч гүн шумбадаг. Нэгэн сэтгүүлд: «Гүн шумбахад усны даралтаас болж уушги нь бүрмөсөн агшдаг» гэж тэмдэглэжээ («Discover»). Гэхдээ тэд шаардлагатай хүчилтөрөгчийн ихэнхийг булчиндаа нөөдөг. Энэ амьтад бүхнээс хүчит Бурхны мэргэн ухааны амьд гэрчлэл яах аргагүй мөн!
18. Далайн ус Еховагийн мэргэн ухааныг хэрхэн харуулдаг вэ?
18 Далайн ус хүртэл Еховагийн мэргэн ухааныг илчилдэг. Шинжлэх ухааны нэгэн сэтгүүлд: «Далайн ус 100 метр хүртэл гүний дусал бүрдээ „фитопланктон“ гэдэг бичил хөвмөл ургамлыг олон мянгаар нь агуулдаг» гэж бичжээ («Scientific American»). Энэ «үл үзэгдэм ой» олон тэрбум тонн нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авч, агаарыг цэвэршүүлдэг. Бидний амьсгалдаг хүчилтөрөгчийн талаас илүү хувийг фитопланктон ялгаруулдаг байна.
19. Гал болон цас Еховагийн хүсэл тааллыг хэрхэн биелүүлдэг вэ?
19 Дуулал 148:8-д «гал ба мөндөр, цас ба үүлс, [Бурхны] үгийг гүйцэтгэдэг шуурга салхины» тухай тэмдэглэжээ. Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд амьгүй байгалийн хүчийг ч ашигладаг. Жишээ болгон, галыг аваад үзье. Хүмүүс урьд нь ойн түймрийг аюултай л гэж мэддэг байсан. Харин одоо судлаачдын үзэж буйгаар ойн түймэр, хөгшин болон өмхөрсөн модыг устгаж, олон янзын үр тархах, тэжээлийн бодисыг эргэлтэд ороход нөлөөлж, том хэмжээний түймэр гарах аюулыг бууруулах зэргээр экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг нь үнэхээр гайхалтай. Цас ч гэсэн хөрсийг усалж, бордож, гол мөрний усны хэмжээг нэмэгдүүлж, ургамал, амьтдыг хөлдөж үхэх аюулаас хамгаалдаг амин чухал үүрэгтэй.
20. Уул, мод хүн төрөлхтөнд ямар тус хүргэдэг вэ?
20 Дуулал 148:9-д «уулс ба бүх толгод, жимсний модод ба бүх хушны» тухай тэмдэглэсэн байдаг. Сүрлэг өндөр уулс Еховагийн агуу хүчийг гэрчилдэг (Дуулал 65:6). Түүнээс гадна, байгальд чухал үүрэг гүйцэтгэдэг. Швейцарийн Берн хотноо байдаг Газар зүйн хүрээлэнгээс: «Дэлхийн томоохон бүх гол мөрөн уулнаас эх авдаг. Хүн амын талаас илүү хувь нь ууланд хуримтлагддаг усаар цэвэр усны хэрэгцээгээ хангадаг. [...] Энэ „ус түрэх цамхгууд“ хүн төрөлхтний сайн сайханд шийдвэрлэх ач холбогдолтой» гэж мэдэгджээ. Жирийн нэг мод ч Бүтээгчээ алдаршуулдаг. НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн тайланд «аль ч орны хүмүүсийн амьдралд [мод] чухал үүрэг гүйцэтгэдэг. [...] Олон төрөл зүйлийн мод эдийн засгийн ач холбогдолтой байдаг нь модон эдлэл, жимс, самар, давирхай, цавуу гэх мэтийн бараа бүтээгдэхүүний эх үүсвэр болдогтой холбоотой. Дэлхий дахинд хоёр тэрбум хүн хоолоо хийж, гэрээ дулаацуулахдаа мод ашигладаг» гэж тэмдэглэжээ.
21. Жирийн нэг навчны бүтэц Бүтээгч байдгийг хэрхэн баталдгийг тайлбарлана уу.
21 Модны бүтэц хүртэл мэргэн ухаантай Бүтээгч байдгийн баталгаа болдог. Жирийн навчаар жишээ авъя л даа. Гадуур нь байдаг лав шиг бүрхэвч навчийг хатахаас хамгаалдаг. Уг бүрхэвчийн яг дор нь хлорпласт агуулсан олон эс навчийг мөн бүрхдэг. Хлорпластад байдаг хлорфилл буюу ногоон нөсөөнүүд гэрлийг шингээж авдаг. Фотосинтез гэдэг урвалын ачаар навч «хүнсний үйлдвэр» болдог. Мод үндсээрээ ус шингээж аваад, тэр усаа нарийн бүтэцтэй «ус түгээх хоолойгоор» навчинд дамжуулна. Навчны доод хэсэгт байдаг амсар буюу олон мянган өчүүхэн «хавхлага» нээгдэж хаагдаж, нүүрсхүчлийн хийг шингээж авдаг. Гэрлийн нөлөөгөөр үүсдэг энерги нүүрсхүчлийн хийг устай хольж нүүрс-ус бий болгодог. Ийнхүү ургамал өөрийнхөө үйлдвэрлэсэн хүнсээр хооллодог. Ингэхдээ энэ үйлдвэр чимээгүй ч ажилладаг, сайхан ч харагддаг. Орчныг бохирдуулах биш, харин ч хүчилтөрөгчийг дайвар бүтээгдэхүүн болгон гаргадаг.
22, 23. а) Зарим шувуу, хуурай газрын амьтан ямар гайхамшигтай чадвартай вэ? б) Өөр ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?
22 Дуулал 148:10-т «араатан амьтад ба бүх мал сүрэг, мөлхөгчид ба жигүүртэн шувуудын» тухай тэмдэглэжээ. Хуурай газрын амьтад болон жигүүртэн шувууд гайхамшигтай чадвартай байдаг. Жишээ нь, нэг зүйл хурмастын элч шувуу (Diomedea immutabilis) асар хол нисэж чаддаг. Нэгэн удаа 40 000 км зайг ердөө 90 хоногт туулсан тохиолдол гарчээ. Өөр нэг зүйл донгоддог шувуу (Dendroica striata) Хойд Америкаас Өмнөд Америк уруу нүүдэллэхдээ 80 цаг зогсолтгүй нисдэг. Тэмээ, хүмүүсийн боддог шиг бөхөндөө бус, хоол боловсруулах системдээ ус хадгалж, удаан хугацаанд усгүй явдаг ажээ. Тэгэхлээр, инженерүүд шинэ бүтээл, материал зохион бүтээхдээ амьтдыг сайтар ажигладаг нь гайхах зүйл биш ээ. Зохиолч Гаал Клийр: «Сайн ажилладаг, ...орчиндоо өөгүй сайн тохирох юм бүтээе гэж бодож байгаа бол байгалиас л сайн жишээ олж чадна» гэж хэлжээ.
23 Тийм ээ, бүтээл Бурхны сүр жавхланг яасан гайхамшигтай тунхагладаг юм бэ! Одот тэнгэр, өвс ургамал, ан амьтан гээд бүгд л өөрийнхөөрөө Бүтээгчээ алдаршуулдаг. Тэгвэл хүмүүс бидний тухай юу хэлж болох вэ? Бид ч гэсэн Бүтээгчээ хэрхэн алдаршуулж болох вэ?
Та санаж байна уу?
• Бурханд үл итгэх шалтаг байхгүйн учир юу вэ?
• Од, гариг Бурхны сүр жавхланг хэрхэн тунхагладаг вэ?
• Далай болон хуурай газрын амьтад халамжит Бүтээгч байдгийг хэрхэн гэрчилдэг вэ?
• Амьгүй байгалийн хүч Еховагийн хүсэл тааллыг хэрхэн биелүүлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]