Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол бидний Туслагч мөн

Ехова бол бидний Туслагч мөн

Ехова бол бидний Туслагч мөн

«Надад тэнгэр ба газар дэлхийг Бүтээгч Еховагаас тусламж ирнэ» (ДУУЛАЛ 121:2, ШЕ).

1, 2. а) Хүнд заримдаа яагаад тусламж хэрэгтэй болдог вэ? б) Ехова ямар Туслагч вэ?

 ХЭН НЭГНИЙ тусламж хэрэг болж байгаагүй хүн бидний дунд байна уу? Үнэндээ, хэцүү бэрхшээл, хагацал зовлон, хүнд сорилтыг давахад хэн хүнд тусламж хэрэг болох нь байдаг. Тийм үед хүмүүс, гол төлөв, дотно найздаа ханддаг ба хамаг зовлонгоо тоочоод сэтгэл нь амардаг байж болох юм. Гэвч, хүний хүч, боломж хязгаартай учир тэр бүр шаардлагатай тусалмж үзүүлж чаддаггүй.

2 Гэхдээ, хүч боломж нь хязгааргүй Туслагч байдаг. Тэрбээр биднийг хэзээ ч орхихгүй гэж батлан хэлдэг. Дуулалч түүний талаар: «Надад... Еховагаас тусламж ирнэ» хэмээн итгэл төгс хэлсэн (Дуулал 121:2, ШЕ). Ехова өөрт нь тусална гэдэгт дуулалч итгэлтэй байсны учир юу вэ? 121-р дууллыг судалбал үүний хариуг авна. Түүнчлэн, Еховаг Туслагчаа хэмээн итгэлтэй харж болохын учрыг бас мэдэж авна.

Тусламжийн найдвартай Эх булаг

3. Дуулалч харцаа ямар уулс уруу өргөдөг байсан байж болох вэ? Яагаад?

3 «Би харцаа уулс уруу өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Надад тэнгэр ба газар дэлхийг Бүтээгч Еховагаас тусламж ирнэ» хэмээсэн дуулалчийн үгнээс харвал, Еховад итгэлтэй байхын үндэс нь тэрбээр бүгдийг бүтээсэнд оршиж байна (Дуулал 121:1; 2, ШЕ). Дуулалч харцаа ямар ч хамаагүй аль нэг уул уруу өргөөгүй аж. Эдгээр үгийг бичиж байх үед Еховагийн сүм Иерусалимд байв. Иудагийн уулсын дээр, өндөрт байрладаг энэ хот бэлэгдлийн утгаар Еховагийн оршин байдаг газар байжээ (Дуулал 135:21). Дуулалч Еховаг тусална гэсэн итгэлтэйгээр, өөрийнх нь сүмийг дээр нь барьсан Иерусалимын уулс уруу харцаа өргөдөг байсан бололтой. Ехова өөрт нь тусалж чадна хэмээн дуулалчийн итгэлтэй байсны учир юу вэ? Учир нь Ехова «тэнгэр ба газар дэлхийг Бүтээгч» билээ. Төгс хүчит Бүтээгч өөрт нь туслахад юу ч саад болж чадахгүй гэдэгт дуулалч итгэл төгс байжээ (Исаиа 40:26).

4. Ехова үйлчлэгчдийнхээ хэрэгцээг үргэлж анхаарч байдгийг дуулалч хэрхэн харуулсан бэ? Үүнийг мэдэхэд сайхан санагддагийн учир юу вэ?

4 Цааш нь дуулалч, Ехова үйлчлэгчдийнхээ хэрэгцээнд үргэлж анхаарал тавьдгийг тайлбарлан: «Тэр чамайг хөл алдуулахгүй. Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй. Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй» хэмээн бичсэн (Дуулал 121:3, 4). Бурхан өөрт нь найдагчдыг «хөл алдуулах» буюу дахин босохгүй болтол нь унагана гэх нь санаанд багтамгүй зүйл (Сургаалт үгс 24:16). Учир нь Ехова хонио, сонор соргог хоньчны адилаар хамгаалдаг юм. Үүнийг мэдэхэд сайхан санагдахгүй гэж үү? Ехова үйлчлэгчдийнхээ хэрэгцээг нүдээ цавчилгүйгээр харж байдаг. Тэд өдөр шөнийн аль ч үед Бурхны анхаарлын төвд байдаг юм.

5. Ехова үйлчлэгчдийнхээ «баруун гар талд» байдаг гэсэн нь ямар утгатай вэ?

5 Ехова үйлчлэгчдээ үнэнчээр хамгаалдаг гэдэгт итгэсэн дуулалч: «ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм. Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, шөнөөр сар ч хөнөөхгүй» хэмээн бичжээ (Дуулал 121:5, 6). Ойрх Дорнодоор явган аялж байгаа хүнд сүүдэр газар л аминд орж, нарны төөнөм халуунаас хамгаалдаг. Тэгвэл, Ехова үйлчлэгчдийнхээ тухайд «сүүдэр» болж, тэднийг гай гамшгийн шатаам халуунаас хамгаалдаг. Ехова бидний «баруун гар талд» байдаг гэснийг анхаараарай. Дээр үед цэргүүд тулалдахдаа бамбайгаа зүүн гартаа барьдаг байсан учраас баруун тал нь бүрэн халхлагддаггүй байжээ. Баруун талд нь зогсоод тулалддаг үнэнч нөхөр нь тэр талыг нь хамгаалдаг байсан байна. Түүн лүгээ адил, Ехова үйлчлэгчдийнхээ дэргэд үнэнчээр зогсон, тэдэнд туслахад хэзээ ямагт бэлэн байдаг.

6, 7. а) Ехова үйлчлэгчдэдээ туслахаа хэзээ ч болихгүй гэдгийг дуулалч хэрхэн батлан илэрхийлсэн бэ? б) Дуулалчийн итгэлийг хуваалцах ямар үндэс байдаг вэ?

6 Ехова хэзээ нэгэн цагт үйлчлэгчдэдээ туслахаа болих болов уу? Тийм юм хэзээ ч болохгүй. Уг дуулал: «ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахина. ЭЗЭН чиний орох, гарах бүрийг өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална» гэсэн үгээр төгссөн байдаг (Дуулал 121:7, 8). Дуулалч өмнөх 5-р зүйлд: «ЭЗЭН бол чамайг хамгаалагч» хэмээн еврей хэлний одоо цаг дээр бичсэн бол энд: «ЭЗЭН чамайг... хамгаална» гэж ирээдүй цаг дээр хэлснийг анхаараарай. Энэ бол Ехова өөрт нь үнэнч хүмүүст ирээдүйд ч тусална гэдгийг батлан харуулж байгаа юм. Тэднийг хаана ч явсан, ямар ч хор хөнөөл учирсан Бурхан тусламжийн гараа сунгахад ямагт бэлэн байх болно (Сургаалт үгс 12:21).

7 Төгс хүчит Бүтээгч үйлчлэгчдээ халамжит хоньчин, сэрэмжтэй манаачийн адилаар анхааран харж, сахин хамгаалдаг гэдэгт 121-р дууллыг бичигч итгэлтэй байсан нь эргэлзээгүй. Ехова өөрчлөгдөшгүй учраас бидэнд дуулалчийн итгэлийг хуваалцах бүрэн үндэс бий (Малахи 3:6). Энэ нь, бидний бие махбод бүрэн хамгаалагдсан гэсэн үг үү? Үгүй ээ. Хэрэв бид Еховаг Туслагчаа хэмээн хандах аваас тэрбээр сүнслэг хор хөнөөл учруулж болох бүхнээс биднийг хамгаална. Тэгвэл, «Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?» гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тусалдаг дөрвөн аргынх нь тухай авч үзье. Энэ өгүүллээр Бурхан үйлчлэгчдэдээ дээр үед хэрхэн тусалж байсан тухай, харин дараагийн өгүүллээр өнөөдөр хэрхэн тусалж байгаа тухай үзэх юм.

Тэнгэр элчүүдийн тусламж

8. Тэнгэр элчүүд Бурхны дэлхий дэх үйлчлэгчдийн сайн сайхны төлөө онцгой анхаарал тавьж байдагт гайхах хэрэггүйн учир юу вэ?

8 Еховагийн мэдэлд олон сая тэнгэр элч байдаг (Даниел 7:9, 10). Бурхны тэдгээр сүнсэн хөвгүүд Эцгийнхээ хүсэл тааллыг үнэнчээр биелүүлдэг (Дуулал 103:20). Ехова дэлхий дэх үйлчлэгчдэдээ хязгааргүй хайртай бөгөөд тэдэнд туслахыг хүсдэг гэдгийг тэнгэр элчүүд сайн мэддэг. Тийм болохоор, тэднийг Бурхны дэлхий дэх үйлчлэгчдийн сайн сайхны төлөө онцгой анхаарал тавьж байдагт гайхах зүйлгүй (Лук 15:10). Ехова тэнгэр элчүүдийг хүмүүст туслуулахаар илгээхэд тэд маш их баярладаг нь эргэлзээгүй. Дээр үед Ехова дэлхий дэх үйлчлэгчдэдээ туслуулахаар тэнгэр элчүүдийг яаж ашигладаг байсан бэ?

9. Бурхан өөрт нь үнэнч хүмүүсийг хамгаалах бүрэн эрхийг тэнгэр элчүүдэд олгодог байсныг харуулах жишээ хэлнэ үү.

9 Бурхан өөрт нь үнэнч хүмүүсийг хамгаалж, аврах эрх мэдэл, хүчийг тэнгэр элчүүдэд олгодог байжээ. Содом, Гоморра хотыг устгах үеэр тэндээс зугтаж гарахад нь хоёр тэнгэр элч Лот болон түүний охидод тусалсан (Эхлэл 19:1, 15–17). Иерусалимд заналхийлж байсан Ассирийн 185 000 цэргийг ганцхан тэнгэр элч устгажээ (Хаадын дэд 19:35). Даниелыг арслангийн нүхэнд хаяхад Ехова «тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан» (Даниел 6:21, 22). Нэгэн тэнгэр элч, элч Петрийг шоронгоос сулласан (Үйлс 12:6–11). Тэнгэр элчүүд Бурхны үйлчлэгчдийг хамгаалж байсан тухай өөр жишээ Библид олон байдаг бөгөөд үүний баталгаа нь Дуулал 34:7 юм. Тэнд: «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг» гэж байдаг.

10. Ехова, зөнч Даниелыг зоригжуулахын тулд тэнгэр элчийг хэрхэн ашигласан бэ?

10 Заримдаа Ехова үйлчлэгчдээ зоригжуулж, бэхжүүлэхийн тулд тэнгэр элчүүдийг илгээдэг байсан. «Даниел» номын 10-р бүлэгт энэ тухай сэтгэл хөдөлгөм жишээ байдаг. Тэр үед Даниел 100 орчим настай байсан бололтой. Иерусалим хоосорсон хийгээд сүмийг сэргээн босгох ажил урагш ахихгүй байгаагаас болоод зөнч сэтгэлээр их унаж байсан нь илэрхий. Бас аймшигт үзэгдэл үзсэн нь түүнийг зовоож байв (Даниел 10:2, 3, 8). Бурхан түүнийг өрөвдөн хайрлаж, зоригжуулахаар тэнгэр элч илгээсэн. Тэр тэнгэр элч, Бурханд «ихэд хүндлэгддэг» гэдгийг нь Даниелд нэг биш удаа сануулжээ. Үүний үр дүн юу байсан бэ? Өндөр настай болсон зөнч тэнгэр элчид: «Та намайг хүч тэнхээтэй болгосон» гэж хэлсэн байдаг (Даниел 10:11, 19).

11. Ехова сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг удирдахдаа тэнгэр элчүүдийг ашиглаж байсан ямар жишээ байдаг вэ?

11 Түүнчлэн, Ехова сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг удирдахдаа тэнгэр элчүүдийг ашигладаг байсан. Филип нэгэн тэнгэр элчийн заавраар этиоп тайган амбанд Христийн тухай сайн мэдээ дэлгэрүүлсэнд тэрбээр баптисм хүртжээ (Үйлс 8:26, 27, 36, 38). Үүнээс хойш удалгүй Бурхан хөвч хөндүүлээгүй еврей биш хүмүүст сайн мэдээ хүргүүлэх учиртай байв. Бурхнаас эмээгч, еврей биш Корнелд тэнгэр элч үзэгдэн, элч Петр уруу хүн илгээхийг тушаажээ. Корнелын илгээсэн хүмүүс Петрийг олоод: «Корнел... таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм» хэмээн хэлэхэд Петр урилгыг хүлээн авчээ. Тийнхүү хөвч хөндүүлээгүй анхны еврей биш хүмүүс христиан хурлын гишүүн болсон билээ (Үйлс 10:22, 44–48). Зөв хандлагатай хүнийг олоход тань тэнгэр элч тусалсныг мэдсэн бол танд ямар сэтгэгдэл төрөх байсныг төсөөлөөд үз дээ!

Ариун сүнсээрээ тусалдаг байсан

12, 13. а) Ариун сүнс өөрсдөд нь тусална гэдэгт Есүсийн элч нар бүрэн итгэх ямар үндэс байсан бэ? б) Ариун сүнс І зууны христиануудад эрх мэдэл, хүчийг хэрхэн өгдөг байсан бэ?

12 Есүс үхэхээсээ өмнөхөн элч нараа тусламжгүй орхихгүй гэдгээ батлан хэлсэн. Эцэг нь тэдэнд «Туслагч буюу... Ариун Сүнс» өгөх учиртай байлаа (Иохан 14:26). Өөрсдөд нь ариун сүнс тусална гэдэгт итгэх бүрэн үндэс элч нарт байсан юм. Яагаад гэвэл, Бурхны онгодоор бичигдсэн Сударт, үйлчлэгчдэдээ туслахын тулд Ехова хамгийн агуу хүч болох ариун сүнсийг хэрхэн ашиглаж байсан тухай жишээ дүүрэн байдаг.

13 Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд ариун сүнсээрээ хүмүүст эрх мэдэл, хүч өгдөг байсан тохиолдол олон. Ариун сүнс Израилийг аврах эрх мэдэл, хүчийг шүүгчдэд өгсөн (Шүүгчид 3:9, 10; 6:34). Мөн ямар ч эсэргүүцлийг үл тоон, зоригтой дэлгэрүүлэх эрх мэдэл, хүчийг І зууны христиануудад өгдөг байсан (Үйлс 1:8; 4:31). Ариун сүнс үйлчилж байсны тод нотолгоо нь тэдний дэлгэрүүлэх ажлын амжилт байлаа. «Эрдэм номгүй, боловсролгүй» хүмүүс сайн мэдээг тэр үеийн соёл иргэншилт ертөнц даяар дэлгэрүүлж чадсаныг өөрөөр яаж тайлбарлах билээ? (Үйлс 4:13; Колоссай 1:23).

14. Хүмүүсийг, ойлгох чадвартай болгохын тулд Ехова ариун сүнсээ хэрхэн ашигладаг байсан бэ?

14 Түүнчлэн, Ехова үйлчлэгчдээ ойлгох чадвартай болгохын тулд ариун сүнсээ ашигладаг байсан. Иосеф Бурхны сүнсний тусламжтайгаар фараоны зүүдний зөгнөлийн утгыг тайлбарлаж чадсан (Эхлэл 41:16, 38, 39). Ехова сүнсээ ашиглан, санаа зорилгоо бардам хүмүүсээс нууж, даруу хүмүүст илчилсэн (Матай 11:25). «Өөрийг нь хайрладаг хүмүүст» Еховагийн өгдөг юмсын талаар элч Паул: «Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм» хэмээн хэлжээ (1 Коринт 2:7–10). Хүн Бурхны хүсэл тааллыг зөвхөн ариун сүнсний тусламжтайгаар зөв ойлгож чадна.

Бурхны Үгийн тусламж

15, 16. Амжилтад хүрэхийн тулд Иошуа яах шаардлагатай байсан бэ?

15 Еховагийн, онгод оруулан бичүүлсэн Үг «заахад... тустай» бөгөөд Бурхны үйлчлэгчид «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» (2 Тимот 3:16, 17). Дээр үед Бурхны үйлчлэгчид хэдийнээ бичигдчихсэн байсан Үгийнх нь хэсгүүдээс тусламж хэрхэн авдаг байсан тухай жишээ Библид олон бий.

16 Судар Бурхны үйлчлэгчдэд найдвартай удирдлага өгдөг байсан. Ехова Иошуад Израилийг удирдах үүрэг оноохдоо: «[Мосегийн бичсэн] Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно» гэж хэлсэн. Бурхан Иошуаг гайхамшгаар мэргэн ухаантай болгоно гэж амлаагүйг анхаараарай. Харин, Иошуа «хуулийн... номыг» уншиж, эргэцүүлэн бодох аваас амжилтад хүрэх учиртай байжээ (Иошуа 1:8; Дуулал 1:1–3).

17. Даниел болон хаан Иосиа тэр үед байсан Судрын хэсгүүдээр дамжуулан хэрхэн тусламж авсан бэ?

17 Түүнчлэн, Бурхан Үгээрээ хүсэл таалал хийгээд санаа зорилгоо илчилдэг байсан. Жишээлбэл, Даниел Иерусалимын хоосрол хэдэн жил үргэлжлэхийг «Иеремиа» номоос мэдсэн (Иеремиа 25:11; Даниел 9:2). Мөн Иудагийн хаан Иосиагийн хаанчлалын үед юу болсныг аваад үзье. Тэр үед иудейчүүд төөрөн, Еховагаас салж явсан ба хаад нь Хуулийг сахих нь бүү хэл, өөртөө зориулж хуулж авдаг ч үгүй болсон нь илэрхий байна (Дэд хууль 17:18–20). Гэвч, сүмийг сэргээн босгох үед Мосегийн бичсэн байж болох «хуулийн ном» олджээ. Энэ нь 800 орчим жилийн тэртээ бичигдсэн эх бичвэр байж болох талтай. Иосиа тэр номд юу бичсэнийг дуулаад, ард түмэн нь Еховагийн замаас салан, хэчнээн хол явсныг ойлгож, тэнд бичигдсэний дагуу үйл хийхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авчээ (Хаадын дэд 22:8; 23:1–7). Энэ бүхнээс харахад, Бурхны эрт цагийн үйлчлэгчид тэр үед байсан Ариун Судрын хэсгээр дамжуулан тусламж авч байсан нь тодорхой байна бус уу?

Итгэл нэгтнүүдээр нь дамжуулж тусалдаг байсан

18. Бурхны үйлчлэгчид нэг нэгэндээ тусалдгийг Бурхны ач гэж хэлж болохын учир юу вэ?

18 Еховагийн тусламж итгэл нэгтнүүдээр нь дамжиж ирэх нь олонтаа байдаг. Бурхны үйлчлэгчид нэг нэгэндээ тусалдаг нь, үнэн хэрэгтээ, Бурхны ач юм. Тийн хэлж болохын учир юу вэ? Үүнд хоёр шалтгаан байдаг. Нэг нь Бурхны ариун сүнстэй холбоотой. Ариун сүнсэнд автдаг хүмүүс түүний нөлөөгөөр хайр, сайхан сэтгэл зэрэг үр жимс ургуулдаг (Галат 5:22, 23). Тийм учраас, Бурхны үйлчлэгчдийн хэн нэгэнд, бусдадаа туслах хүсэл төрвөл, энэ нь Еховагийн ариун сүнс үйлчилж байгаа хэрэг юм. Хоёр дахь шалтгаан нь гэвэл бид Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн явдал (Эхлэл 1:26). Тийм болохоор бид энэрэл, өрөвч сэтгэл зэрэг Бурхны чанаруудыг тусгах чадвартай. Тэгэхлээр, Еховагийн үйлчлэгчид бие биедээ тусалдгийн жинхэнэ Эх булаг бол тэднийг дүр төрхийнхөө дагуу бүтээсэн Нэгэн өөрөө юм.

19. Библид бичсэнээр, Ехова үйлчлэгчдэдээ итгэл нэгтнүүдээр нь дамжуулан хэрхэн тусалдаг байсан бэ?

19 Библи бичигдэж байх тэр үед Ехова үйлчлэгчдэдээ итгэл нэгтнүүдээр нь дамжуулан хэрхэн тусалдаг байсан бэ? Ехова гол төлөв нэг үйлчлэгчдээ нөгөөгөөр нь зөвлөгөө өгүүлдэг байсан. Жишээ нь, Иеремиа Барухт аминд нь орсон зөвлөгөө өгсөн (Иеремиа 45:1–5). Заримдаа, Бурхны үйлчлэгчид бие биедээ материаллаг тусламж үзүүлдэг байв. Тухайлбал, Иерусалим дахь ах дүүсээ гачигдах үед Македони болон Ахайн христианууд халуун сэтгэлээр тусалж байв. Элч Паул тийм өгөөмөр сэтгэл «Бурханд өргөх талархлуудыг» зүй ёсоор бий болгодог гэж тэмдэглэжээ (2 Коринт 9:11).

20, 21. Ромын христианууд элч Паулд ямар нөхцөлд, яаж хүч өгсөн бэ?

20 Ялангуяа, Еховагийн үйлчлэгчид бие биедээ хүч өгч, урам хайрлахын тулд хэчнээн их хүчин чармайлт гаргадаг байсан нь сэтгэл хөдөлгөдөг. Элч Паулд тохиолдсон жишээг авч үзье. Паул гэмт хэрэгтэнд тооцогдон, Ромд хүргэгдэхээр, «Аппиугийн зам» гэдэг алдартай замаар явж байлаа. Замын төгсгөл хэсэг нам дор, намагтай байсан учир аялал тун таагүй болж иржээ. * Ром хотын христианууд Паулын ирж явааг мэдэж байв. Тэд яасан бэ? Паулыг ирэн иртэл, гэртээ тухлан хүлээсээр байсан уу?

21 Энэ талаар, уг аяллын үеэр Паулын бараа болж явсан, Евангели бичигчдийн нэг болох Лук: «Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар [Ромоос] Аппиу Форум [буюу зах] болон „Гурван дэн буудал“-д хүртэл ирсэн байлаа» хэмээн хэлжээ. Юу болсныг төсөөлж байна уу? Паулын ирж явааг мэдсэн зарим христиан түүнийг угтахаар Ромоос хөдөлсөн байна. Тэдний нэг хэсэг нь Ромоос 74 км зайтай оршдог Аппиугийн захын дэргэд байдаг алдартай өртөөн дээр, нөгөө хэсэг нь мөн хотоос 58 км зайтай оршдог «Гурван дэн буудал» зогсоол дээр хүлээж байлаа. Үүнийг хараад Паулд ямар сэтгэгдэл төрсөн бол оо? Лук: «Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров» гэж бичсэн буй (Үйлс 28:15). Паул тийм амаргүй зам туулан ирсэн итгэл нэгтнүүдээ харуут л тайвширч, хүч орсныг төсөөлөөд үзэгтүн! Мөн тийм тусламжийн төлөө Паул хэнд талархсан бэ? Уг тусламжийг өгсөн жинхэнэ эзэн болох Ехова Бурханд талархсан.

22. 2005 оны жилийн уриа юу вэ? Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?

22 Библид тэмдэглэгдсэн Бурхны үйлс нь түүнийг хосгүй Туслагч гэдгийг тов тодорхой харуулдаг. Еховагийн Гэрчүүд 2005 оны жилийн уриагаа Дуулал 121:2-оос авсан нь тун оножээ. Тэнд: «Надад... Еховагаас тусламж ирнэ» гэж байдаг (ШЕ). Тэгвэл, өнөөдөр бидэнд Ехова яаж тусалдаг вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр үзнэ.

[Зүүлт]

^ Тэр замаар аялсан Ромын яруу найрагч Гораций (МЭӨ 65—68 он) энэ хэсгийн бэрхийг өөрийн биеэр амссан нэгэн. Гораций Аппиугийн захыг «завьчид хийгээд зоогийн газрын харамч эздээр дүүрэн» байдаг хэмээн бичжээ. Түүнчлэн, «ёрын муу шумуул, мэлхий» хийгээд «бохир заваан» устай хэмээн гомдоллосон байдаг.

Та санаж байна уу?

Ехова үйлчлэгчдэдээ туслахдаа...

• тэнгэр элчүүдийг...

• ариун сүнсээ...

• Үгээ...

• итгэл нэгтнүүдийг нь хэрхэн ашигладаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны товчлол]

2005 оны жилийн уриа: «Надад... Еховагаас тусламж ирнэ» (Дуулал 121:2, ШЕ).