Skip to content

Гарчиг руу орох

Согтууруулах ундаа хэрэглэхдээ дүн нуруутай хандагтун

Согтууруулах ундаа хэрэглэхдээ дүн нуруутай хандагтун

Согтууруулах ундаа хэрэглэхдээ дүн нуруутай хандагтун

«Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш» (СУРГААЛТ ҮГС 20:1).

1. Олон сайхан бэлэг өгдөгт нь дуулалч Еховад хэрхэн талархсан бэ?

 «АЛИВАА сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцгээс бууж ирдэг» гэж шавь Иаков бичжээ (Иаков 1:17). Бурхан олон сайхан бэлэг өгдөгт талархсан дуулалч: «Тэрбээр мал сүрэгт зориулан өвсийг, хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг. Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон хүний зүрхийг баясгадаг дарсыг, нүүрийг өнгөлдөг тосыг болон хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм» хэмээн дуулжээ (Дуулал 104:14, 15). Дарс болон бусад согтууруулах ундаа нь хүнсний ногоо, тос гэх мэтийн хоол хүнсний адилаар Бурхнаас ирдэг бэлэг мөн. Тэдгээрийг хэрхэн хэрэглэх нь зохистой вэ?

2. Согтууруулах ундаа хэрэглэх тухайд ямар ямар асуулт авч үзэх вэ?

2 Бэлгийг зөв ашиглавал сэтгэлийн таашаал авдаг. Жишээ нь, зөгийн бал «сайн» боловч «хэтрүүлж идэх нь сайн... биш» (Сургаалт үгс 24:13; 25:27). Дарсыг «бага зэрэг» уухад болохгүй юм байхгүй ч хэтрүүлэх нь ноцтой асуудалд хүргэдэг (1 Тимот 5:23). «Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш» гэж Библи анхааруулдаг (Сургаалт үгс 20:1). «Согтуурсан» гэж юу гэсэн үг вэ? * Хэр зэрэг уувал их уусан болох вэ? Энэ асуудалд яаж дүн нуруутай хандах вэ?

«Согтуурсан» гэж юу гэсэн үг вэ?

3, 4. а) Архидан согтуурахыг Библи буруушаадаг гэдгийг юу харуулдаг вэ? б) Согтсоны зарим шинж юу вэ?

3 Эртний Израильд танхай балмад, архичин хүүг гэмшихгүй бол чулуу шидэж алдаг байсан (Дэд хууль 21:18–21). Харин христиануудад элч Паул: «Хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй... Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй» хэмээн сануулсан байдаг. Тэгэхлээр, архидан согтуурахыг Судар буруушаадаг нь тодорхой байна (1 Коринт 5:11; 6:9, 10).

4 Библид согтсоны шинжийг дүрслэн: «Улаан байхад нь, аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь, доошоо зөөлөн урсаж байхад нь, дарс уруу бүү хар. Эцэст нь тэр хорт могой шиг хатгах болно. Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна» гэж бичжээ (Сургаалт үгс 23:31–33). Хэтрүүлж уухад дотор муухайрч, ухаан самуурч, бүр мэдрэлээ алддаг нь хорт могойд хатгуулахтай адил юм. Согтуу хүн «элдвийн» буюу хий юм үздэг. Түүнчлэн, эрүүлдээ бодож санадаггүй эрээ цээргүй үг ярьж, зохисгүй авирладаг.

5. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ямар хөнөөлтэй вэ?

5 Согтсон гэж харагдахгүй л бол хэчнээнийг ч уусан яах вэ гэж бодох нь ямар вэ? Зарим хүн их уусан ч согтсон шинж бараг байдаггүй. Гэхдээ, үүнийг ямар ч гаж нөлөөгүй гэж бодох нь өөрийгөө л хуурч байгаа хэрэг (Иеремиа 17:9). Тийм хүн яваандаа архигүй бол байж чадахаа больж, «дарсанд хэт боолчлогддог» (Тит 2:3). Зохиолч Каролайн Напп: «Архинд орох явц удаан, аажмаар, анзаарагдамгүйгээр явагддаг» гэж бичжээ. Архинд толгойгоо мэдүүлэх нь үхлийн аюул дагуулдаг үнэхээрийн зальтай урхи ажээ!

6. Согтууруулах ундаа болон хоол хүнсээ хэтрүүлэхээс зайлсхийх ёстойн учир юу вэ?

6 Түүнчлэн, Есүс: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно» гэж сануулсаныг авч үзье (Лук 21:34, 35). Уудаг хүн заавал согтдог байх албагүй ч, шууд болон сүнслэг утгаар нойрмог, залхуу болдог. Тийм байдалтай байхад нь Еховагийн өдөр ирвэл яана аа?

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхийн уршиг

7. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь 2 Коринт 7:1-д бичсэнтэй яагаад тохирохгүй вэ?

7 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэнд болон сүнслэг байдалд олон аюул учруулдаг. Жишээ нь, элэгний хатуурал, үрэвсэл зэрэг эмгэг үүсэж, архины цагаан солио гэх мэтийн мэдрэлийн хямралд орж болох талтай. Согтууруулах ундаа он удаан жил хэтрүүлэн хэрэглэх нь хорт хавдар, чихрийн шижин, зүрхний болон ходоодны зарим өвчнөөр өвчлүүлдэг. Түүнчлэн, энэ зуршил «өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурхнаас эмээж, ариун байдлыг төгс болгоё» гэсэн Судрын уриалгатай яавч тохирохгүй (2 Коринт 7:1).

8. Архинд орохын аюулыг Сургаалт үгс 23:20, 21-д юу гэж бичсэн бэ?

8 Архинд орвол мөнгөө үрэн таран хийж, ажил ч үгүй хоцрох аюултай. Эртний Израилийн хаан Соломон: «Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь» гэж сануулаад, үүнийхээ учрыг тайлбарлан: «Дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно» хэмээн бичжээ (Сургаалт үгс 23:20, 21).

9. Тээврийн хэрэгсэл жолоодох хүн согтууруулах ундаа уухгүй байх нь ямар учраас ухаалаг вэ?

9 Бас нэг аюулын тухай нэгэн нэвтэрхий тольд: «Согтууруулах ундаа жолоо барих чадвар, тэр дундаа, хариу үйлдэл хийх болон анхаарал төвлөрүүлэх чадвар, хөдөлгөөний эвсэл, нүдний хараа, эрүүлээр сэтгэх чадварыг сулруулдаг нь судалгаагаар тогтоогдсон» гэж тэмдэглэжээ («The Encyclopedia of Alcoholism»). Согтууруулах ундаа уучихаад жолоо барих нь эмгэнэлт явдалд хүргэдэг. Жишээ нь, АНУ-д л гэхэд согтуугаар үйлдсэн зам тээврийн ослоос болж жил бүр хэдэн арван мянган хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүн гэмтэж бэртдэг. Ялангуяа, жолоо барих туршлага бага, архи яаж нөлөөлдөг тухай мэдлэг нимгэн залуус энэ аюулд их өртдөг. Согтуугаар жолооны ард суудаг хүнийг Ехова Бурхны өгсөн амийн бэлгийг хүндэтгэдэг гэж хэлж болох уу даа? (Дуулал 36:9). Амиа хүндэтгэдэг хүн жолоо барихдаа согтууруулах ундаа огт уухгүй байх нь хамгийн зөв юм. Тээврийн хэрэгсэл жолоодохын өмнө буюу жолоодох үед согтууруулах ундаа хэрэглэхийг албан ёсоор хориглодог оронд христианууд улсынхаа хуулийг сахидаг.

10. Согтууруулах ундаа ухаан санаанд яаж нөлөөлдөг вэ? Яагаад аюултай вэ?

10 Архидан согтуурах нь эрүүл мэндэд ч, сүнслэг байдалд ч хохирол учруулдаг. «Дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг» гэж Библид бичжээ (Хосеа 4:11). Тийм ээ, согтууруулах ундаа ухаан санаанд нөлөөлдөг. АНУ-ын мансуурал судлалын үндэсний хүрээлэнгийн нэг хэвлэлд: «Согтууруулах ундаа хоол боловсруулах эрхтний системээр дамжин цусанд шингэж, тархинд хурдан нөлөөлдөг. Улмаар сэтгэн бодох болон сэтгэлийн хөдөлгөөнийг хянах үүрэгтэй тархины хэсгийн ажиллагааг удаашруулдаг. Тэгэхэд хүн биеэ хянахаа больж, дураараа загнадаг» гэж тэмдэглэжээ. Тийм байдалд байгаа хүн «согтуурч», дур зоргоороо авирлах, хорхой хүрэм олон зүйлд өртөх аюул ихэсдэг (Сургаалт үгс 20:1).

11, 12. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь сүнслэг байдалд ямар хохирол учруулдаг вэ?

11 Түүнээс гадна, Библи: «Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» гэж тушаадаг (1 Коринт 10:31). Архидан согтуурдаг хүн Бурхныг алдаршуулна гэж үү? Архаг архичин гэж нэрлүүлэхийг хүсэх христиан хүн нэг ч байхгүй нь ойлгомжтой. Тийм нэр зүүдэг хүн Еховаг гутаана уу гэхээс алдаршуулахгүй.

12 Христиан хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдгээс болж итгэл нэгтэн нь, магадгүй, шинэ тутам баптисм хүртсэн хүн бүдэрсэн бол яах вэ? (Ром 14:21). Есүс: «Хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр» гэж анхааруулсан (Матай 18:6). Хэт их уудгаасаа болж христиан хүн хуралд үүрэг хариуцлага хүлээх эрхгүй болдог (1 Тимот 3:1–3, 8). Түүний зэрэгцээ, гэр бүлд учрах аюулын тухай дурдахгүй өнгөрөх аргагүй.

Аюулаас хэрхэн зайлсхийх вэ?

13. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх гол арга юу вэ?

13 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх гол арга бол хэтрүүлэх согтох хоёрынхыг бус, тааруулах хэтрүүлэх хоёрын ялгаа заагийг мэдэж, хязгаар тогтоох явдал юм. Таны хувьд тэр хязгаар хаанаас эхлэх вэ гэдгийг хэн тогтоох вэ? Олон зүйлийг тооцож үзэх хэрэгтэй учир төчнөөнийг уувал их уусан болно гэж шууд хэлэх аргагүй. Хүн болгон дор бүрнээ хязгаар тогтоож, түүнийгээ давж гарахгүй байх ёстой. Хэчнээнийг хэрэглэвэл хэтэрсэн болох вэ гэдгийг тодорхойлоход юу туслах вэ? Удирдлага болох ямар нэг зарчим байна уу?

14. Тааруулах хэтрүүлэх хоёрын ялгаа заагийг тогтооход ямар зарчим удирдлага болох вэ?

14 Библид: «Саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахиж, энэ бүхнийг нүднээсээ бүү салга. Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь, хүзүүнд чинь гоёл болно» гэж тэмдэглэсэн байдаг (Сургаалт үгс 3:21, 22). Тэгэхлээр, удирдлага болох зарчим энэ байна. Эрүүлээр сэтгэх чадварыг тань сулруулж, «хэрсүү ухааныг» тань самууруулж байгаа тэр хэмжээ таны хувьд хэтэрхий ихдэж байна гэсэн үг юм. Гэхдээ та тэр хязгаараа шударгаар тогтоох ёстой!

15. Ямар ямар тохиолдолд бага хэмжээтэй байсан ч хэтэрхий ихэд тооцогдож болох вэ?

15 Заримдаа бага хэмжээтэй байсан ч хэтэрхий ихэд тооцогдож болох юм. Хэвлий дэх ургийнхаа аюулгүй байдлын төлөө хөл хүндтэй эмэгтэй огт амсахгүй байж болно. Мөн урьд нь архидан согтуурах дутагдалтай байсан юм уу согтууруулах ундаа уухыг мөс чанар нь зөвшөөрдөггүй хүний дэргэд уухгүй байх нь түүнийг хүндэтгэсэн хэрэг болохгүй гэж үү? Мөргөлийн асарт үйлчилж, тахилчийн үүрэг гүйцэтгэдэг байсан хүмүүст Ехова: «Үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун» хэмээн тушаасан (Левит 10:8, 9). Тиймээс, цуглаанд явахын өмнө, дэлгэрүүлэх ажилд оролцох болон бусад сүнслэг ажил хийх үедээ согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийгээрэй. Түүнээс гадна, согтууруулах ундаа хэрэглэхийг албан ёсоор хориглодог буюу тодорхой насанд хүрсэн хүмүүст л зөвшөөрдөг газар, улсынхаа хуулийг зохих ёсоор хүндэтгэх учиртай (Ром 13:1).

16. Өмнө тань согтууруулах ундаа байгаа үед юуны тухай бодох хэрэгтэй вэ?

16 Танд согтууруулах ундаа өгөхөд эсвэл өмнө тань байгаа үед хамгийн түрүүнд: «Ер нь уух хэрэг байна уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв уухаар бол, хэмжээгээ тодорхойлж, хэтрүүлэхгүй байх ёстой. Таныг дайлж байгаа хүний өгөөмөр занд бүү автаарай. Заримдаа хурим найр, үдэшлэг цэнгүүний үеэр согтууруулах ундааг хэн дуртай хүн чөлөөтэй хэрэглэхээр бэлтгэсэн байдаг. Тиймэрхүү газар архинд хэт шунахаас болгоомжлоорой. Насанд хүрээгүй хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхийг олон оронд зөвшөөрдөг. Гэхдээ эцэг эхчүүд үр хүүхдэдээ энэ асуудлаар зохих ойлголт өгч, биеэ хэрхэн авч явдгийг нь хянах үүрэгтэй (Сургаалт үгс 22:6).

Та дутагдлаа засаж чадна

17. Согтууруулах ундаа хэтрүүлдэг дутагдалтай эсэхээ мэдэхэд юу туслах вэ?

17 Дарс, сархадыг тохируулж чаддаггүй дутагдал танд бий юү? Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь нууц нүгэл болж байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт илэрч л таарна. Тиймээс, өөрийгөө шударгаар, сайтар шалгаж: «Би урьдынхаасаа олон уудаг болчихоод байна уу? Илүү хатууг уудаг болсон уу? Сэтгэлээр унаж, шаналсан үедээ, бэрхшээлээсээ халширсандаа уудаг бил үү? Ингэж ууж байгаад минь найз нөхөд болон гэр бүлийн гишүүдээс санаа зовж байгаагаа хэлсэн үү? Энэ дутагдлаас болж манай гэр бүлд бэрхшээл гардаг уу? Долоо хоног, сар эсвэл хэдэн сар уухгүй байя гэвэл хэцүү санагддаг уу? Би хэдий хэмжээтэй уудгаа бусдаас нуудаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв зарим асуултад «тийм» гэж хариулбал яах вэ? «Төрөлх нүүр царайгаа толинд... хараад эргэхдээ... ямар байснаа тэр даруйд мартдаг» хүн бүү болоорой (Иаков 1:22–24). Дутагдлаа засах арга хэмжээ аваарай. Ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

18, 19. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээ яаж болих вэ?

18 Элч Паул христиануудад: «Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн бай» хэмээн сануулжээ (Ефес 5:18). Өөрийн тань хувьд хэчнээн хэмжээний согтууруулах ундаа уухад хэтэрдгийг тодорхойлоод, зохих хязгаар тогтоогоорой. Тэр хязгаараа хэтрүүлэлгүй, өөрийгөө захирдаг байх хэрэгтэй (Галат 5:22, 23). Хэтрүүлж уухыг өөгшүүлдэг найз нөхөдтэй бол болгоомжтой байгаарай. «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» (Сургаалт үгс 13:20).

19 Бэрхшээлээс халширсандаа согтууруулах ундаа хэрэглэх нь түүнийг шийдвэрлэх оновчтой арга биш ээ. Харин Бурхны Үгийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл хэцүү байдлыг давж болно (Дуулал 119:105). Дотно харьцдаг христиан ахлагчаас ичиж зоволгүй тусламж аваарай. Сүнслэг байдлаа бэхжүүлэхийн тулд Еховагийн авдаг бүх арга хэмжээний ач тусыг хүртэх хэрэгтэй. Байнга залбирч, ялангуяа, сул талаа хэлж, Бурхантай тогтоосон харьцаагаа зузаатгаарай. Еховагаас гуйвал «оюун бодол, зүрхийг» тань цэвэршүүлж өгнө (Дуулал 26:2). Өмнөх өгүүлэлд уриалснаар, Бурханд үнэнч байдлаа хадгалахын тулд чадах бүхнээ хийгээрэй.

20. Хэтрүүлж уудаг дутагдлаа ялахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ?

20 Хичээж чармайгаад ч дутагдлаа засаж чадахгүй бол яах вэ? Тэгвэл Есүсийн: «Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд [буюу бүрмөсөн устгалд] хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм» гэж зөвлөснийг дагах ёстой (Марк 9:43). Өөрөөр хэлбэл, ерөөсөө уухгүй байх хэрэгтэй. Ирен гэж бидний нэрлэх эмэгтэй чухам тийм арга хэрэглэжээ. Тэрбээр: «Би архи уулгүй бараг хоёр жил хагас болчихоод байв. Тэгтэл, одоо яахаа үзье, ганц л удаа ууя гэж бодогдсон. Гэхдээ тэгж санагдсан даруйд Еховад залбирсан. Би шинэ ертөнц иртэл, бүр тэнд ч согтууруулах ундаа дахиж амсахгүй байхаар шийдсэн юм» гэж хэлжээ. Бурхны амласан диваажинд амьдрахын тулд согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байх нь хэтэрхий их юм золиосолж байгаа хэрэг биш ээ (2 Петр 3:13).

«Ялахын тулд ийнхүү гүйцгээ»

21, 22. Амийн төлөө уралдааны барианд ороход юу саад болох вэ? Энэ саадыг яаж давах вэ?

21 Элч Паул христиан хүний амьдралыг уралдаан тэмцээнтэй зүйрлэн: «Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ. Тэмцээнд өрсөлдөгч хүн бүр бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм. Тиймээс би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус, харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож, ...боол болгодог» гэж хэлсэн (1 Коринт 9:24–27).

22 Уралдааныг амжилттай дуусгасан хүмүүс л шагнал авдаг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь амийн төлөө уралдааны барианд ороход саад болно. Тиймээс, өөрийгөө захирах ёстой. Зорилготой гүйхийн тулд «архидаж» үл болно (1 Петр 4:3). Үүний оронд, «бүх талаараа биеэ барих» хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэх тухайд «бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэж, ...ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрах» нь зүйтэй (Тит 2:12).

[Зүүлт]

^ Энэ өгүүлэлд тэмдэглэсэн «согтууруулах ундаа» гэдэг нь шар айраг, дарс болон нэрэх аргаар гаргаж авсан бусад ундааг хэлж байгаа болно.

Та санаж байна уу?

• Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх гэж юу вэ?

• Архидан согтуурах нь ямар уршигтай вэ?

• Согтууруулах ундаа хэтрүүлэх аюулаас хэрхэн зайлсхийх вэ?

• Хэтрүүлж уудаг дутагдлаа яаж засах вэ?

[Догол мөрийн асуулт]