Библийн зөгнөлүүд Христ дээр төвлөрдөг
Библийн зөгнөлүүд Христ дээр төвлөрдөг
«Есүсийн [тухай] гэрчлэл бол зөгнөлийн сүнс мөн» (ИЛЧЛЭЛТ 19:10, МБОХ, 1996 он).
1, 2. а) МЭ 29 оноос эхлэн израильчууд ямар асуудалтай тулгарсан бэ? б) Энэ өгүүллээр юун тухай үзэх вэ?
МЭ 29 он гарав. Бурхны амласан Мессиагийн тухай яриа Израиль даяар тархжээ. Баптисм хүртээгч Иоханы үйл ажиллагаа олны горьдлогыг улам л лавшруулж байв (Лук 3:15). Харин, Иохан өөрийгөө Христ биш гэж үгүйсгэхийн зэрэгцээ Назарын Есүсийг: «Энэ бол Бурхны Хүү мөн гэдгийг би гэрчилж байна» хэмээн хэлж байлаа (Иохан 1:20, 34). Хүмүүс удалгүй Есүсийн сургаалыг сонсож, өвчнөөсөө салахын тулд түүний араас бөөн бөөнөөрөө дагах болов.
2 Дараагийн саруудад Ехова Есүсийг Хүүгээ гэж олон удаа нотолжээ. Судрыг судалдаг, Есүсийн үйл хэргийг ажиглан хардаг хүмүүсийн тухайд Есүст итгэх бүрэн үндэс байв. Гэвч, Бурхантай гэрээ байгуулсан израильчуудын ихэнх нь итгэхгүй байлаа. Харьцангуй цөөхөн хүн Есүсийг Христ бөгөөд Бурхны Хүү гэж хүлээн зөвшөөрчээ (Иохан 6:60–69). Хэрэв та тэр үед байсан бол яах байсан бэ? Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрч, үнэнч дагалдагч нь болох байсан болов уу? Амралтын өдрийн тухай хууль зөрчлөө гэж буруутгахад нь Есүс өөрийгөө хэн болохыг хэрхэн нотолсон хийгээд үнэнч шавь нарынхаа итгэлийг цаашид яаж бэхжүүлсэн тухай баримтыг авч үзье.
Есүс өөрөө нотолсон
3. Есүс ямар ямар нөхцөл байдлын улмаас Мессиа мөн гэдгээ нотлоход хүрсэн бэ?
3 МЭ 31 оны Дээгүүр өнгөрөх баяраар Есүс Иерусалимд байхдаа 38 жил өвчтэй байсан хүнийг эдгээсэн аж. Гэтэл, иудейчүүд түүнийг Амралтын өдөр хүн эдгээлээ хэмээн хавчжээ. Түүнчлэн, тэд Есүсийг Бурхныг доромжилсон гэж буруутган, алахыг завдаж байлаа. Учир нь тэрбээр Бурхныг Эцгээ хэмээжээ (Иохан 5:1–9, 16–18). Есүсийн өөрийгөө хамгаалж хэлсэн үгэнд чин сэтгэлтэй ямар ч иудей хүнд Мессиа мөн гэдгээ итгүүлэх баттай гурван баримт байдаг.
4, 5. Иоханы даалгавар юу байсан бэ? Даалгавраа хэр зэрэг биелүүлсэн бэ?
4 Есүс юуны түрүүнд: «Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухай тэр гэрчилсэн билээ. Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан» гэж хэлэн, өөрт нь мөр гаргаж өгсөн, Баптисм хүртээгч Иоханы гэрчлэлд олны анхаарлыг хандуулсан (Иохан 5:33, 35).
5 Баптисм хүртээгч Иохан, Мессиагийн замыг бэлд гэсэн Бурхны даалгаврыг Херод хааны шударга бус шийдвэрээр шоронд хоригдох хүртлээ биелүүлж байсан учир «асаж, гэрэлтэж байсан дэнлүү» байв. Иохан: «[Мессиа] Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн. ...Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр: „Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн“ гэж надад айлдсан юм. Би харсан. Энэ бол Бурхны Хүү мөн гэдгийг би гэрчилж байна» хэмээн хэлжээ * (Иохан 1:26–37). Иохан, Есүсийг Бурхны Хүү буюу Еховагийн амласан Мессиа мөн болохыг нь шууд хэлж байлаа. Иоханы гэрчлэл маш тодорхой байсан нь түүнийг үхсэнээс хойш найман сар орчмын дараа чин сэтгэлтэй олон иудей хүн: «Энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ» хэмээн хүлээн зөвшөөрснөөс харагддаг (Иохан 10:41, 42).
6. Бурхны дэмжлэг авдаг гэдгийг Есүсийн үйлс хүмүүст итгүүлэх ёстой байсны учир юу вэ?
6 Дараа нь Есүс Мессиа мөн гэдгээ батлах өөр баримт хэлсэн. Тэрбээр: «Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг» хэмээн, Бурхан өөрийг нь дэмждэгийн нотолгоо болгон хийсэн сайн үйлсийнхээ талаар хэлсэн (Иохан 5:36). Есүсийн дайснууд ч энэ нотолгоог үгүйсгэж чадаагүй юм. Учир нь тэд Есүсийн үйлдсэн олон гайхамшгийг мэддэг байв. Хожим нь тэдний зарим нь: «Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна» хэмээн асууж байжээ (Иохан 11:47). Гэсэн хэдий ч, Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүс бас байсан билээ. Тэд: «Хэрэв Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү?» хэмээж байлаа (Иохан 7:31). Эцгийнх нь чанаруудыг Хүүгээс нь олж харах сайхан боломж хүмүүст байжээ (Иохан 14:9).
7. Еврей Судар Есүсийг хэрхэн гэрчилдэг вэ?
7 Эцэст нь Есүс няцаах аргагүй бас нэгэн баримт хэлсэн. Тэрбээр: «Судрууд... Намайг гэрчилдэг билээ. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм» гэж хэлсэн (Иохан 5:39, 46). Мосе бол Есүсийг дэлхийд ирэхээс өмнө Христийн тухай бичиж байсан гэрчүүдийн нэг нь байсан билээ. Олон зуун зөгнөл хийгээд нарийн тодорхой угийн бичиг агуулдаг тэдний бичээс бүгд Мессиа дээр төвлөрдөг (Лук 3:23–38; 24:44–46; Үйлс 10:43). Тэгвэл, Мосегийн хуулийн тухайд юу хэлж болох вэ? Элч Паул: «Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов» хэмээн бичжээ (Галат 3:24). Тийм ээ, «Есүсийн [тухай] гэрчлэл бол зөгнөлийн сүнс [буюу мөн чанар, агуулга, зорилго] мөн» (Илчлэлт 19:10, МБОХ, 1996 он).
8. Олон израиль хүн Есүсийг Мессиа гэж итгээгүйн учир юу вэ?
8 Иоханы тодорхой гэрчлэл, Есүсийн өөрийнх нь агуу үйлс болон Бурхны чанаруудыг тусгасан байдал, мөн Сударт бичигдсэн хөдөлшгүй баримт зэрэг нь Есүсийг Мессиа мөн гэдэгт итгүүлэх нотолгоо болж чадахгүй гэж үү? Бурхныг болон Үгийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хэнд ч гэсэн Есүсийг Еховагийн амласан Мессиа гэж түвэггүй таньж, итгэх боломж байлаа. Гэвч, Израильд тийм хайр дутуу байжээ. Есүс өөрийг нь эсэргүүцэгчдэд хандан: «Та нарын сэтгэл дотор Бурхныг хайрлах хайр алга гэдгийг би мэднэ» гэж хэлсэн (Иохан 5:42, ШГ). Тэд «Бурхнаас алдрыг хайхын» оронд «бие биеэсээ алдрыг хүлээн авдаг» ажээ. Тэд, нэр алдарт дурлах үзлийг Эцэг шигээ үзэн яддаг Есүстэй таардаггүй байсанд гайхах явдал үгүй! (Иохан 5:43, 44; Үйлс 12:21–23).
Зөгнөлт үзэгдэл итгэлийг бэхжүүлсэн нь
9, 10. а) Тэнгэрийн тэмдэг үзүүлэх нь Есүсийн шавь нарын хувьд цаг үеэ олсон байсны учир юу вэ? б) Есүс шавь нартаа ямар гайхалтай юм амласан бэ?
9 Есүс өөрийгөө Мессиа болохыг батлан, дээр дурдсан баримтуудыг дэлгэн тавьж байсан тэр цагаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. МЭ 32 оны Дээгүүр өнгөрөх баяр ард үлдэн хоцорсон байлаа. Есүст итгэсэн олон хүн хавчлага, материаллаг сонирхол, амьдралын санаа зовнил гэх зэргээс болоод ч юм уу түүнийг дагахаа больжээ. Ард олон түүнийг хаан болгох гэхэд нь татгалзсан болохоор зарим хүн эргэлзэх юм уу урам нь хугарсан байж ч мэднэ. Иудейн шашны удирдагчид өдөж, өөрийгөө алдаршуулах тэнгэрийн тэмдэг үзүүлэхийг хүсэхэд нь Есүс татгалзсан (Матай 12:38, 39). Тийнхүү татгалзсан нь зарим хүнийг мухардалд оруулсан байж болох юм. Түүнээс гадна, Есүс өөрийгөө «Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилчид болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах... ёстой» зэрэг ойлгоход хэцүү зүйлсийг шавь нартаа илчилж эхэлжээ (Матай 16:21–23).
10 Есүс ес, арван сарын дараа «энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих» ёстой байлаа (Иохан 13:1). Үнэнч шавь нартаа санаа нь ихэд зовсон Есүс итгэлгүй иудейчүүдэд үзүүлэхээс татгалзсан чухам тэр зүйл буюу тэнгэрийн тэмдэг үзүүлэхээ тэдний заримд амлажээ. Есүс тэдэнд: «Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана» хэмээн хэлжээ (Матай 16:28). Энд, шавь нарынхаа хэн нэгийг нь Мессиагийн Хаанчлал тогтох 1914 он хүртэл амьд байна гэж хэлээгүй нь тодорхой. Есүс ирээдүйн засаглалынхаа сүр жавхланг хамгийн дотнын гурван шавьдаа гайхамшгаар үзүүлэх бодолтой байв. Сүр жавхлангаа урьдчилан үзүүлсэн энэ үзэгдлээр Христ «хувирч өөрчлөгдсөн».
11. «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдлийг дүрслэн хэлнэ үү.
11 Зургаан өдрийн дараа Есүс, Петр Иаков Иохан гурвыг дагуулан өндөр ууланд гарчээ. Тэр нь Хермон уулын аль нэг хяр байсан болов уу. Тэнд Есүс «тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа». Түүнчлэн, зөнч Мосе Елиа хоёр үзэгдэн, Есүстэй ярилцаж байв. Сүрдмээр энэ үйл явдал шөнийн цагаар болсон бололтой. Тийм ч учраас онцгой хурц тод байсан биз ээ. Петр, Есүс Мосе Елиа гуравт зориулан, гурван цацар барихыг санал болгосноос үзэхэд энэ үзэгдэл яг бодитой юм шиг байсан нь харагддаг. Петрийг ярьж байх хооронд тэднийг гэрэлт үүл бүрхэж, үүлнээс: «Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун» гэх дуу гарчээ (Матай 17:1–6).
12, 13. «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл Есүсийн шавь нарт яаж нөлөөлсөн бэ? Яагаад?
12 Петр урьд нь Есүсийг «Христ, амьд Бурхны Хүү мөн» хэмээн батлан хэлж байсан билээ (Матай 16:16). Гэхдээ, Есүсийг Тослогдсон Хүү нь мөн болохыг баталсан Бурхны өөрийнх нь гэрчлэлийг сонсох ямар байсныг төсөөлөгтүн! Петр Иаков Иохан нар «хувирч өөрчлөгдсөн» энэ үзэгдлийг үзээд итгэл нь ямар их бэхэжсэн бол оо! Тийнхүү тэдний итгэл ихэд бэхжиж, өмнөө тохиолдох алив бүхнийг ажрахгүй даван, христиан хуралд гүйцэтгэх чухал үүргээ амжилттай биелүүлэхэд бүр ч бэлэн болжээ.
13 «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл шавь нарт арилшгүй сэтгэгдэл үлдээжээ. 30 гаруй жилийн дараа Петр: «[Есүсийг] Эцэг Бурхнаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед Сүр Жавхлант Алдраас: „Энэ бол Миний хайртай Хүү. Түүнд Миний таалал оршино“ гэсэн дуу гарав. Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ» хэмээн бичжээ (2 Петр 1:17, 18). Энэ үйл явдал Иоханы сэтгэлийг ч мөн адил хөдөлгөсөн аж. Есүсийг «хувирч өөрчлөгдсөнөөс» хойш 60 гаруй жилийн дараа: «Бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцгийн цорын ганц Хүүгийн алдар» хэмээн бичсэнээс үзэхэд уг үйл явдлыг дурссан нь илэрхий (Иохан 1:14). Гэхдээ, «хувирч өөрчлөгдсөн» үзэгдэл бол Есүсийн дагалдагчдын үзэх сүүлчийн үзэгдэл биш байв.
Бурханд үнэнч хүмүүс цаашид гэгээрсэн нь
14, 15. Иохан Есүсийг ирэх хүртэл байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
14 Есүс дахин амилсныхаа дараа Галилын тэнгисийн хавьд шавь нартаа үзэгдэв. Тэнд Петрт: «Хэрэв Би ирэх хүртлээ [Иоханыг] байлгая гэж хүссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна?» хэмээн хэлжээ (Иохан 21:1, 20–22, 24). Энэ нь элч Иохан бусад элчээс урт насална гэсэн үг үү? Тийм бололтой. Яагаад гэвэл, Иоханыг түүнээс хойш Еховад 70 орчим жил үнэнч үйлчилснийг бид мэдэх билээ. Гэхдээ, Есүсийн энэ үг илүү гүнзгий утгатай байжээ.
15 «Би ирэх хүртлээ» гэж хэлсэн Есүсийн энэ үг бидэнд «Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэх» гэдэг үгийг сануулдаг (Матай 16:28). Есүсийг иртэл байна гэдэг нь элч Иохан Есүсийг Хаан болон ирэхийг нь хожим зөгнөлт үзэгдлээр үзнэ гэсэн үг ажээ. Иохан амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд, Патм арал дээр цөллөгт байхдаа «Эзний өдөр» болох бүх үйл явдлыг зөгнөсөн гайхалтай үзэгдэл буюу «Есүс Христийн илчлэлтийг» хүлээн авсан билээ. Энэ гайхалтай үзэгдэлд алмайрч гайхсан Иохан, Есүсийг: «Тийм ээ, Би удахгүй ирнэ» гэж хэлэхэд нь, «Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!» хэмээн дуу алджээ (Илчлэлт 1:1, 10; 22:20).
16. Итгэлээ тасралтгүй бэхжүүлэх нь яагаад чухал бэ?
16 Нэгдүгээр зуунд амьдарч байсан чин сэтгэлтэй хүмүүс Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрч, түүнд итгэж байв. Гэвч, эргэн тойронд нь үл итгэгчид зонхилж, хийх ажил их, тулгарах сорилт олон байсныг тооцож үзвэл тэдэнд итгэлээ бэхжүүлэх шаардлага байжээ. Есүс үнэнч дагалдагчдаа урамшуулан зоригжуулахын тулд Мессиа мөн болохоо олон баримтаар нотолсны дээр зөгнөлт үзэгдэл олныг үзүүлж гэгээрүүлсэн. Өнөөдөр бид «Эзний өдөр» амьдарч байна. Христ удахгүй Сатаны эд юмсын ёс бус тогтолцоог бүхэлд нь устгаж, Бурхны ард түмнийг чөлөөлнө. Тийм учраас, бид ч бас итгэлээ бэхжүүлэх шаардлагатай. Үүний тулд сүнслэг сайн сайхны маань төлөө Еховагийн хангаж өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
«Харанхуй» хийгээд гай гамшгийн турш хамгаалагдах нь
17, 18. Нэгдүгээр зуунд Есүсийн дагалдагчид болон Бурхны санаа зорилгыг эсэргүүцэгчдийн хооронд ямар том ялгаа байсан бэ? Тэдэнд юу тохиолдсон бэ?
17 Есүсийг үхсэний дараа шавь нар нь түүнийг «Иерусалим, бүх Иудей, Самари, тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл» гэрчлэх тушаалыг зоригтойгоор биелүүлсэн (Үйлс 1:8). Мөрдлөг хавчлагын хүчит давалгаа хуйларч байсан хэдий ч Ехова шинэ тутам үүсэж байсан христиан хурлыг ивээж, сүнслэгээр гэгээрч, тооны хувьд өсөхөд нь тусалж байлаа (Үйлс 2:47; 4:1–31; 8:1–8).
18 Нөгөө талаар, сайн мэдээг эсэргүүцдэг хүмүүсийн байдал улам дордож байв. Сургаалт үгс 4:19-д: «Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ» гэж байдаг. МЭ 66 онд Ромын цэрэг Иерусалимыг бүслэхэд тэр «харанхуй» улам түнэр болсон. Ромчууд үл мэдэгдэх шалтгаанаар Иерусалимыг түр орхиж явсныхаа дараа МЭ 70 онд эргэж ирээд уг хотыг газартай тэгшилсэн. Иудейн түүхч Иосефын бичсэнээр тэр үед сая гаруй иудей хүн алагджээ. Тийм хэдий ч, үнэнч христианууд үхлээс зайлж чадсан билээ. Яаж? Ромын цэрэг Иерусалимыг түр орхиж явах зуур, тэд «уулс уруу зугт» гэсэн Есүсийн тушаалыг биелүүлсэн юм (Лук 21:20–22).
19, 20. а) Өнөөгийн ертөнцийн төгсгөл ойртож байгаа ч Бурхны ард түмэн айдаггүйн учир юу вэ? б) 1914 он гарахаас бүр хэдэн арван жилийн өмнө тослогдсон христианууд Еховагийн тусламжтайгаар ямар чухал үнэнийг ойлгосон бэ?
19 Бидний нөхцөл байдал тэр үеийнхтэй адилхан байгаа билээ. Бараа нь харагдан айсуй агуу их гай гамшиг Сатаны эд юмсын ёс бус тогтолцоо бүхлээрээ устахын дохио болж байна. Есүс: «Харагтун, үеийн [«эд юмсын энэхүү тогтолцооны», ШЕ] төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» хэмээн амласан учраас Бурхны ард түмний хувьд айх хэрэг байхгүй (Матай 28:20). Есүс эртний шавь нарынхаа итгэлийг бэхжүүлж, ирээдүйд тохиолдох үйл явдлуудад бэлтгэхийн тулд тэдэнд, тэнгэрт Мессиа Хаан болон заларч байгаа сүр жавхлант дүрээ үзэгдлээр үзүүлсэн. Тэгвэл өнөөдөр юу болж байна вэ? Энэ үзэгдэл 1914 онд бодит зүйл болсон. Ийнхүү бодит зүйл болсон нь Бурхны ард түмний итгэлийг үнэхээр их бэхжүүлсэн! Түүнчлэн, гайхамшигт ирээдүйг амладаг бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хирээр Еховагийн үйлчлэгчид Мессиагийн Хаачлалын тухай улам сайн ойлгох болсон. Өнөөгийн харанхуй ертөнцийн дунд «шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байна» (Сургаалт үгс 4:18).
20 Бүр 1914 оноос өмнө тослогдсон христиануудын нэгэн жижиг бүлэг Эзний эргэж ирэхтэй холбоотой чухал үнэнийг ойлгож эхэлсэн билээ. Тухайлбал, МЭ 33 онд Есүсийг тэнгэр өөд явах үед шавь нарт үзэгдсэн хоёр тэнгэр элчийн хэлснээр Есүс үл үзэгдэх байдлаар ирнэ гэдгийг тэд ойлгожээ. Есүсийг үүлэнд орж, шавь нарт харагдахгүй болсны дараа тэнгэр элчүүд: «Та нараас салаад тэнгэрт өргөгдсөн Есүс тэнгэрт очихыг нь та нарын үзсэн шиг яг тэрхүү маягаар дахин ирнэ» (ШГ) хэмээн хэлжээ (Үйлс 1:9–11).
21. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
21 Есүсийн тэнгэр өөд явахыг зөвхөн үнэнч дагалдагчид нь л харж байсан билээ. «Хувирч өөрчлөгдсөн» үзэгдлийг дотнын гурван шавиас нь өөр хүн үзээгүйн адил Есүсийг явахад чухам юу болсныг ертөнц бүхэлдээ мэдээгүй юм. Христ, Хаанчлалын эрх мэдлээ аван эргэж ирэх нь дээрхтэй адил байх ажээ (Иохан 14:19). Есүсийн, Хаанаар залран байхыг тослогдсон үнэнч шавь нар нь л таньж мэдэх учиртай байлаа. Энэ ойлголт тэдэнд хэрхэн нөлөөлсөн хийгээд Есүсийн дэлхий дэх олон сая харьяат албатыг цуглуулахад хүргэсэн тухай дараагийн өгүүллээр үзнэ (Илчлэлт 7:9, 14).
[Зүүлт]
^ Есүсийг баптисм хүртэх үед Бурхны дуу хоолойг ганцхан Иохан сонссон бололтой. Есүсийн яриаг сонсож байсан тэр иудейчүүд «хэзээ ч [Бурхны] дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй» ажээ (Иохан 5:37).
Та санаж байна уу?
• Амралтын өдрийн тухай хууль зөрчиж, Бурхныг доромжиллоо гэж буруутгахад нь Есүс Мессиа мөн гэдгээ ямар баримтаар нотолсон бэ?
• Есүсийн эртний шавь нар «хувирч өөрчлөгдсөн» үзэгдлээс ямар тус хүртсэн бэ?
• Есүс өөрийг нь ирэх хүртэл Иоханыг байна гэж хэлсэн нь ямар утгатай үг байсан бэ?
• 1914 онд ямар үзэгдэл бодит зүйл болсон бэ?
[Догол мөрийн асуулт]