Skip to content

Гарчиг руу орох

Эцэг эхчүүд ээ, үнэт бэлгээ хамгаалагтун

Эцэг эхчүүд ээ, үнэт бэлгээ хамгаалагтун

Эцэг эхчүүд ээ, үнэт бэлгээ хамгаалагтун

«Мэргэн ухаан [бол] хамгаалалт юм. ...Мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой» (НОМЛОГЧИЙН ҮГС 7:12).

1. Эцэг эхчүүд үр хүүхдээ бэлэг гэж үзэх ёстойн учир юу вэ?

 ЭЦЭГ ЭХЧҮҮД дүр төрх, зан чанарын хувьд өөрсөдтэйгөө төстэй хүүхэд төрүүлдэг. Үр хүүхдийг Библид «ЭЗЭНээс ирдэг бэлэг» гэдэг (Дуулал 127:3). Ехова бол жинхэнэ Амь Өгөгч учраас, үнэн хэрэгтээ, өөртөө хамаатай зүйлийг эцэг эхчүүдэд даатгажээ гэж хэлж болно (Дуулал 36:9). Эцэг эхчүүд ээ, Бурхнаас ирдэг тэр үнэт бэлгийг та нар хэрхэн үздэг вэ?

2. Маноа удахгүй эцэг болох гэж байгаагаа дуулаад хэрхсэн бэ?

2 Тийм бэлгийг даруухнаар, талархан хүлээж авах ёстой нь ойлгомжтой. 3 000 гаруй жилийн тэртээ Маноа гэдэг израиль эрийн эхнэрт тэнгэр элч үзэгдэн, хүүхэдтэй болох гэж байгааг нь дуулгажээ. Тийм сайхан мэдээ дуулсан Маноа Еховад хандан: «ЭЗЭН минь, төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд түүгээр сургахын тулд Таны илгээсэн, Бурхны хүнийг дахин бидэнд ирүүлж соёрхооч» хэмээн залбирсан байна (Шүүгчид 13:8). Эцэг эхчүүд Маноагаас ямар сургамж авч болох вэ?

Өнөөдөр Бурхны тусламж хэрэгтэйн учир

3. Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд Бурхны тусламж өнөөдөр хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгаагийн учир юу вэ?

3 Өнөөдөр эцэг эхчүүдэд үр хүүхдээ хүмүүжүүлэхэд Бурхны тусламж хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Учир юунд вэ? Сатан Диавол болон түүний тэнгэр элчүүд тэнгэрээс дэлхий уруу хаягдсан билээ. Библи: «Газар... золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» хэмээн сэрэмжлүүлдэг (Илчлэлт 12:7–9, 12). Сатан «архирах арслан мэт» «хэн нэгнийг залгихаар хайдаг» гэж Библид бичсэн буй (1 Петр 5:8). Арслан гол төлөв хамгийн сул дорой, залуу амьтан уруу дайрдаг. Тэгэхлээр, христиан эцэг эхчүүд үр хүүхдээ хамгаалахын тулд Еховагаас удирдамж авах нь ухаалаг хэрэг болно. Үүний тулд та нар аль хэр хүчин чармайлт гаргадаг вэ?

4. а) Эцэг эхчүүд гэрийнх нь ойр хавиар арслан тэнүүчилж байгааг мэдвэл тэр даруй яах вэ? б) Хүүхдийг хамгаалахад юу хэрэгтэй вэ?

4 Хэрэв танай гэрийн ойр хавиар арслан тэнүүчилж байгааг мэдвэл та юуны түрүүнд үр хүүхдээ хамгаалах арга хэмжээ авах нь лавтай. Сатан бол махчин араатан гэсэн үг. Тэр махчин, Гэрчүүдийг Бурхны ивээлээс салгахын тулд замыг нь алдуулахыг хичээдэг (Иов 2:1–7; 1 Иохан 5:19). Хүүхдүүд олз болохдоо амархан байдаг. Тэд Сатаны урхинд орчихгүйн тулд Еховатай танилцаж, түүнд захирагдах ёстой. Үүний тулд Библийн мэдлэг хэрэгтэй. Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3). Түүнээс гадна, хүүхэд залууст мэргэн ухаан буюу олж авсан мэдлэгээ ойлгож, хэрэгжүүлэх чадвар хэрэгтэй. «Мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг» болохоор эцэг эхчүүд та нар үр хүүхдийнхээ зүрхэнд үнэнийг суулгаж өгөх шаардлагатай (Номлогчийн үгс 7:12). Яаж?

5. а) Хүүхдийг мэргэн ухаанд хэрхэн сургаж болох вэ? б) «Сургаалт үгс» номд мэргэн ухааны үнэ цэнийн талаар юу гэж байдаг вэ?

5 Эцэг эхчүүд хүүхдэдээ Бурхны Үгнээс уншиж өгвөл сайн. Ер нь уншиж өгөх ч ёстой. Гэхдээ ингээд л бүх юм болчихгүй. Еховаг хайрлаж, түүнд захирагдахын тулд уншсан зүйлийг хүүхэд ойлгох шаардлагатай. Жишээ аваад үзье л дээ. Хүүхдэд зам хөндлөн гарахдаа зүүн, баруун тийшээ харж байгаарай гэж хэлж захидаг. Гэтэл, зарим хүүхэд үгэнд ордоггүй. Үүний учир гэвэл, машинд дайруулах аюул байдгийг сайн тайлбарлаж өгөөгүйгээс тэр аюулын тухай ойлголт хүүхдийн толгойд хоногшоогүй байж болох юм. Тийнхүү, осол эндэлд хүргэх «мунхаг байдал» хүүхдийг дийлдэг. Мэргэн ухаанд сургахын тулд цаг хугацаа, ихээхэн тэвчээр хэрэгтэй. Гэхдээ, мэргэн ухаан их үнэтэй гэдгийг санаарай! Библид: «Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй» гэж байдаг (Сургаалт үгс 3:13–18; 22:15).

Мэргэн ухаанд сургах нь

6. а) Хүүхдүүд ухаалаг бус юм хийдгийн учир юу вэ? б) Өнөөдөр ямар дайн болж байна вэ?

6 Хүүхдүүд буруу юм хийдэг нь, зөв юм хийхийг заагаагүйгээс бус, харин хэлж заасан зүйл тэдний зүрх сэтгэл буюу дотор хүнд хүрээгүйтэй холбоотой байдаг. Диавол хүүхэд залуусын зүрхийг олзлохын төлөө дайтаж байна. Тэрбээр хүүхэд залуус өөрийнх нь захирдаг ертөнцийн ёс бус нөлөөнд автахдаа амархан байдгийг ашигладаг. Тэрчлэн, муу юманд татагдах төрөлхийн нүгэлт хүслийг нь ашиглахыг хичээдэг (Эхлэл 8:21; Дуулал 51:5). Сатан хүүхдүүдийнх нь зүрхийг олзлохын төлөө жинхэнэ дайн хийж байгааг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

7. Ингэх нь зөв, буруу гэж хэлээд л орхичих нь яагаад учир дутагдалтай вэ?

7 Эцэг эхчүүд хүүхдэдээ гол төлөв ингэх нь зөв, тэгэх нь буруу гэж хэлдэг бөгөөд үүнийгээ ёс суртахууны тодорхой зарчимд сургаж байна гэж боддог. Тухайлбал, худал хэлэх, хулгай хийх, гэр бүл болоогүй байж бэлгийн харьцаа тогтоох зэрэг нь буруу гэх мэтээр хэлж болох юм. Гэхдээ, дан ганц эцэг эхийнхээ хэлснээр хүүхэд дуулгавартай болчихдоггүй. Хүүхдэд илүү хүчтэй нөлөөлөх зүйл хэрэгтэй байдаг тул дээрх шаардлага бол Еховагийн хууль гэдгийг хэлэх нь зүйтэй. Бурхны тушаалуудад захирагдах нь ухаалаг хэрэг гэдгийг хүүхдүүд ойлгодог болох ёстой (Сургаалт үгс 6:16–19; Еврей 13:4).

8. Хүүхдийг яаж сургавал асуудалд ухаалаг ханддаг болох вэ?

8 Орчлонт ертөнцийн нарийн нийлмэл бүтэц зохион байгуулалт, амьд байгалийн түмэн үзэгдэл, дөрвөн улирал ээлжлэн солигдох гэх зэрэг нь мэргэн ухаант Бүтээгч байдгийг ойлгоход хүүхдэд тусалдаг (Ром 1:20; Еврей 3:4). Түүнээс гадна, хүүхдэд: «Бурхан чамд хайртай. Чамайг мөнх амьдруулах гэж Хүүгээ золиос болгон өгсөн. Чи Бурханд дуулгавартай байвал түүнийг баярлуулна» гэдгийг хэлж, заах хэрэгтэй. Тэгвэл хүүхдэд, Диаволын учруулдаг саадыг үл тоон, Еховад үйлчлэх хүсэл төрж болно (Сургаалт үгс 22:6; 27:11; Иохан 3:16).

9. а) Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд юу шаардлагатай вэ? б) Эцгүүд яах тушаалтай вэ? Энэ нь юу гэсэн үг вэ?

9 Хүүхдийг өөрийгөө хамгаалах чадвартайн дээр зөв юм хийх хүсэлтэй болгон хүмүүжүүлэхэд цаг хугацаа, анхаарал халамж, нарийн төлөвлөгөө шаардлагатай. Үүний тулд эцэг эхчүүд Бурхнаас удирдлага авах хэрэгтэй. Библид: «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ... Эзэний [«Еховагийн», ШЕ] дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» гэж байдаг (Ефес 6:4). Энэ юу гэсэн үг вэ? Энд «сургамж» гэж буулгасан грек үг нь «ухаан суулгах» гэсэн утгатай ажээ. Тэгэхлээр, эцгүүд үр хүүхдэдээ Еховагийн ухааныг суулгаж өгөх учиртай болж байна. Ийм л ухаан хүүхэд залуусыг найдвартай хамгаална! Хэрэв хүүхдүүд Бурхны үзэл бодлыг, бодох аргыг оюун ухаандаа шингээвэл муу юм хийхээс зайлсхийдэг болно.

Хайранд хөтлөгдсөн хүсэл

10. Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд юу мэдэх нь чухал бэ?

10 Үр хүүхдээ зөв, сайн хүмүүжүүлэх гэсэн хүслээ биелүүлэхийн тулд тэднийг хайрладаг байх хэрэгтэй. Бодол санаагаа илэн далангүй хуваалцах нь маш чухал. Хүүхдийнхээ амьдралд юу тохиолдож байгааг сонирхож, ямар бодолтой байдгийг нь мэдэхийг хичээгээрэй. Тэгэхдээ тухтайхан суугаад, эвтэйхэн ярилцах хэрэгтэй. Заримдаа та хүүхдийнхээ амнаас санаанд оромгүй юм сонсож магадгүй. Сандарч тэвдэх хэрэггүй. Харин анхааралтай сонсоорой.

11. Эцэг эхчүүд хүүхдэдээ Бурхны ухааныг хэрхэн суулгаж өгч болох вэ?

11 Та хүүхдэдээ садар самууныг хориглосон Бурхны хуулийн талаар Библиэс нэг бус удаа уншиж өгсөн байх (1 Коринт 6:18; Ефес 5:5). Эндээс хүүхэд тань Еховад юу таалагддаг хийгээд юу таалагддаггүйг ойлгодог болсон буй заа. Гэхдээ, хүүхдэд Еховагийн ухааныг суулгаж өгөхөд үүнээс илүү зүйл шаарддагддаг. Еховагийн хуулиуд чухал гэдгийг ухаарахад нь хүүхдэдээ туслах хэрэгтэй. Хүүхдүүд Бурхны хуулийг зөв бөгөөд тустай гэдэгт итгэх, мөн тэдгээрт захирагдах нь зохистойн дээр хүнд дарамт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ Судрын үндсэн дээр шүүн ярилцаж, Бурхны үзэл бодлыг хүлээж авахад нь тусалж байж гэмээнэ тэдэнд Бурхны ухааныг суулгаж өгнө.

12. Эцэг эхчүүд үр хүүхдээ бэлгийн харьцааны талаар зөв ойлголттой болоход нь хэрхэн тусалж болох вэ?

12 Та хүүхэдтэйгээ бэлгийн харьцааны талаар ярилцахдаа: «Еховагийн хууль гэр бүл болохоос өмнө бэлгийн харьцаанд орохыг хориглодог нь хүний аз жаргалыг хааж боодог хэрэг үү? Чи юу гэж бодож байна вэ?» гэж асууж болох юм. Тэгээд үзэл бодлоо хэрхэн тайлбарлахыг нь сонсоорой. Бурхны, хүнд өгсөн хүүхэд төрүүлэх гайхамшгийн талаар ярилцахдаа: «Хайрын Бурхан биднийг жаргалтай амьдрахад саад болох хууль гаргах байсан уу?» гэж, эсвэл «Бурхны хууль биднийг жаргааж, хамгаалдаг уу? Чи юу гэж бодож байна вэ?» гэж асууж болох юм (Дуулал 119:1, 2; Исаиа 48:17). Энэ асуудлаар хүүхдийнхээ ямар бодолтой явдгийг мэдэх нь чухал. Дараа нь садар самуун явдал ямар зовлон шаналгаа дагуулдгийг харуулах жишээ ярьж өгч болно (2 Самуел 13:1–33). Бурхны үзэл бодлыг хүүхэдтэйгээ шүүн хэлэлцэн, ойлгож, хүлээж авахад нь тусалж байгаа тань түүнд Бурхны ухааныг суулгаж өгөхийн тулд ихийг хийж байгаа хэрэг мөн. Гэхдээ, ингээд л бүх юм болчихлоо гэсэн үг биш ээ.

13. Хүүхэд юуг ойлговол Еховад захирагдах хүсэлтэй болох вэ?

13 Үр хүүхдэдээ Еховад дуулгаваргүй байхын үр дагаврын талаар хэлэхээс гадна бидний биеэ авч яваа байдал Еховад яаж нөлөөлдгийг бас тайлбарлах хэрэгтэй. Хүсэл тааллынх нь эсрэг юм хийвэл Еховагийн зүрх өвддөгийг Библиэс үзүүлээрэй (Дуулал 78:41). «Чи Еховаг ямар учраас гомдоохыг хүсдэггүй вэ?» гэж асуугаад: «Бурхны дайсан Сатан, биднийг Еховад хайртайдаа бус, амиа боддог учраас Бурханд үйлчилдэг гэж батлан хэлдэг» гэдгийг тайлбарлаж болно. Дараа нь, Иов үнэнч байдлаа хадгалснаар Еховаг баярлуулж, Сатаны үгийн худал болохыг нотолсныг тайлбарлаж өгөөрэй (Иов 1:9–11; 27:5). Хүн биеэ хэрхэн авч явснаараа Бурхныг эсвэл гуниглуулдаг, эсвэл баярлуулдаг гэдгийг хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй (Сургаалт үгс 27:11). Энэ болон бусад олон чухал зүйлийг «Агуу Багшаас суралцагтун» ном ашиглан зааж болно. *

Нааштай үр дүн

14, 15. а) «Багш» номын ямар ямар бүлэг хүүхдүүдийг сайн юм хийх хүсэлтэй болгодог вэ? б) Энэ номыг ашигласнаар та ямар сайн үр дүнд хүрсэн бэ? (10-р хуудсанд буй хавсралтыг үзнэ үү.)

14 «Багш» номыг долоон настай ач хүүгийнхээ хамт уншиж байгаа Хорватын нэгэн өвөө ачийнхаа юу гэж хэлснийг: «Ээж намайг нэг юм хий гэж хэлсэн ч би хиймээргүй байсан. Гэхдээ „Дуулгавартай байдал чамайг хамгаална“ гэдэг бүлгийг санангуутаа би ээж дээрээ эргэж очоод, хийе гэдгээ хэлсэн» хэмээн бичжээ. АНУ-ын Флорида мужийн нэгэн гэр бүлийн хос «Худал хэлж болохгүйн учир» хэмээх бүлгийн талаар: «Энэ бүлэгт хүүхдийн зүрх сэтгэлийг нээх увдистай олон асуулт байдаг ба хүүхдүүд алдаагаа өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг» гэж хэлжээ.

15 «Багш» ном 230 гаруй зурагтайн дээр зураг болгон асуулт буюу тайлбартай. Нэгэн эх: «Миний хүү зургаас нүд салгана гэж үгүй. Тэр үедээ хуудас эргүүлэх их дургүй. Зургууд нь хараад баймаар төдийгүй хүүхдэд сургамжтай. Тийм зураг үзсэн хүүхэд юм асуухгүй өнгөрнө гэж байхгүй. Харанхуй өрөөнд суугаад зурагт үзэж байгаа хүүгийн зургийг хараад хүү маань: „Ээж ээ, энэ хүүхэд юу хийж байна аа?“ гэж асуусан юм. Тэр хүүхдийг буруу юм хийж байгааг ойлгосон нь дууных нь өнгөнөөс мэдэгдэж байв» хэмээн ярьсан билээ. Уг зураг: «Бидний хийж байгаа бүхнийг хэн харж байдаг вэ?» гэсэн асуулттай аж.

Мэдвэл зохих зүйл

16. Өнөөдөр хүүхдүүдэд заах ёстой чухал зүйл юу вэ? Яагаад?

16 Хүүхдүүд бэлгийн зохистой болон зохисгүй харьцааны талаар мэдлэгтэй байх ёстой. Гэвч, эцэг эхэд хүүхэдтэйгээ энэ сэдвээр ярилцах тэр бүр амар биш байдаг. Нэгэн сонины тоймч бэлэг эрхтэнтэй холбоотой үг хэлж, ярихыг бүдүүлэг гэж үздэг байсан цагт өсөж хүмүүжжээ. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тулгарсан асуудлынхаа талаар тэр эмэгтэй: «Би ичиж зовдог сэтгэлээ ялах хэрэгтэй болсон» хэмээн бичжээ. Үнэндээ, эцэг эхчүүд ичиж зовдгоосоо болоод бэлгийн харьцааны сэдвээр ярихаас зайлсхийх нь хүүхдээ хамгаалахаас зайлсхийж байгаа хэрэг юм. Хүүхдийг садар самуунд уруу татагчид мэдлэггүй байдлыг нь ашигладаг. «Агуу Багшаас суралцагтун» номд энэ сэдвийг эвтэйхэн, хүндэтгэлтэйгээр тайлбарласан байдаг. Хүүхдүүдэд бэлгийн харьцааны асуудлаар ярих нь тэдний гэнэн цагаан сэтгэлийг эвдэж байгаа хэрэг биш, харин ч яриагүйгээс болж тэд тэр эрхэм чанараа хадгалж чадахгүйд хүрдэг.

17. Үр хүүхдээ бэлгийн харьцааны талаар зөв ойлголттой болгон хүмүүжүүлэхэд «Багш» ном эцэг эхчүүдэд хэрхэн тусалдаг вэ?

17 Тэнгэрээс буун ирж, эцэг болсон ёс бус тэнгэр элчүүдийн тухай өгүүлдэг 10-р бүлэгт: «Бэлгийн харьцааны талаар чи юу мэддэг вэ?» гэсэн асуулт байдаг. Уг ном энэ асуултад энгийн бөгөөд зохистой хариулдаг. Цааш нь, 32-р бүлэгт хүүхдийг садар самуунд уруу татагчдаас хэрхэн хамгаалах тухай өгүүлдэг. Энэ тухай мэдлэгтэй болох нь амин чухал гэдгийг уншигчдаас ирсэн олон захидал харуулдаг. Нэг ээж: «Би өнгөрсөн долоо хоногт хүү Жаванаа үзүүлэхээр хүүхдийн эмчид очиход эмч биднээс бэлгийн харьцааны талаар хоорондоо ярилцсан эсэхийг асуусан юм. Эл асуудлыг шинэ номынхоо тусламжтайгаар аль хэдийн ярилцсан байсныг маань дуулаад эмч их гайхсан шүү» хэмээн бичжээ.

18. Үндэсний бэлэг тэмдэгт хүндэтгэл үзүүлэхийг «Багш» номд хэрхэн тайлбарладаг вэ?

18 Уг номын өөр нэг бүлэгт Вавилоны төрийн бэлэг тэмдэг болох баримал хөрөгт мөргөхийг хүсээгүй Шадрах, Мешах, Абед-него гэдэг гурван еврей залуугийн тухай өгүүлдэг (Даниел 3:1–30). Зарим хүн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх болон туг далбаанд ёслохыг хоорондоо адилхан зүйл гэж үздэггүй байж магадгүй. Гэтэл «Багш» номд энэ хоёрыг адил үйлдэл гэж бичжээ. Зохиолч Эдвард Гаффнийн «Ю. С. Католик» сэтгүүлд өгсөн ярилцлага сонирхол татдаг. Охин нь сургуульд орсон анхны өдрөө хичээлээсээ ирээд «сургууль дээр шинэ забирал» сурснаа хэлэхэд аав нь түүнийгээ уншиж өгөхийг гуйжээ. Гаффни: «Охин гараа зүрхэн дээрээ тавиад, бахархалтайгаар: „Далбаанд үнэнч байхаа тангараглая“ хэмээн уншиж эхлэв. Тэгэхэд л би Еховагийн Гэрчүүдийн зөв байжээ гэдгийг ойлгосон юм. Манай сургуулиудад нэгдүгээр ангиас эхлэн хүүхдүүдийг эх орондоо хязгааргүй үнэнч байх үзлээр хүмүүжүүлдэг нь шашин шүтлэгийн нэг хэлбэр юм даа» хэмээн ярьжээ.

Үр хүүхдээ хамаг чадлаараа хүмүүжүүлэх хэрэгтэй

19. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлбэл ямар шагнал хүртдэг вэ?

19 Үнэндээ эцэг эхчүүд үр хүүхдээ хамаг чадлаараа хүмүүжүүлэх хэрэгтэй. АНУ-ын Канзас мужид суудаг нэг ээж хүүгээсээ захидал аваад, нулимс унагажээ. Хүү нь: «Сэтгэл санааны хувьд тогтвортой, асуудалд дүн нуруутай ханддаг болж хүмүүжсэндээ би өөрийгөө азтайд тооцдог. Аав та хоёртоо хязгааргүй баярлаж явдаг шүү» хэмээн бичсэн байжээ (Сургаалт үгс 31:28). «Агуу Багшаас суралцагтун» ном үнэт бэлэг болсон үр хүүхдээ хамгаалж, хүмүүжүүлэхэд нь өөр олон эцэг эхэд туслах нь дамжиггүй.

20. Эцэг эхчүүд юун тухай үргэлж санаж явах ёстой вэ? Энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?

20 Эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ төлөө аль болох их цаг гаргаж, анхаарал тавьж, хүчин чармайлт гаргах үүрэгтэй. Хүүхэд нас дэндүү хурдан өнгөрдгийг битгий мартаарай. Үр хүүхдтэйгээ хамт байж, тэдэндээ туслах боломж бүрийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээгтүн. Ингэсэндээ та нар хэзээ ч харамсахгүй. Харин ч, үр хүүхэд тань та нарыг хайрладаг болно. Үр хүүхэд бол Бурхнаас та нарт өгсөн бэлэг гэдгийг үргэлж санаж яваарай. Тэд үнэхээрийн үнэт бэлэг мөн! (Дуулал 127:3–5). Тийм учраас, эцэг эхчүүд та нар үр хүүхдээ үнэт бэлэг гэж үзэн, хүмүүжилд нь анхаарах ёстой бөгөөд яаж хүмүүжүүлснийхээ төлөө Бурхны өмнө хариуцлага хүлээдэг.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл. «Еховаг хэрхэн баярлуулах нь» гэсэн гарчигтай 40 дүгээр бүлгийг үзнэ үү.

Та хэрхэн хариулах вэ?

• Эцэг эхчүүд үр хүүхдээ хамгаалах асуудал өнөөдөр хэзээ хэзээнээс чухлаар тавигдаж байгаагийн учир юу вэ?

• Хүүхдийг мэргэн ухаанд сургахын тулд яах хэрэгтэй вэ?

• Өнөөдөр үр хүүхэдтэйгээ хэлэлцэх ямар ямар чухал асуудал байна вэ?

• «Агуу Багшаас суралцагтун» ном үр хүүхдээ хүмүүжүүлэхэд нь эцэг эхчүүдэд хэрхэн тусалж байна вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны хавсралт]

Хүүхдээр тогтохгүй бүх хүнд зориулсан ном

«Агуу Багшаас суралцагтун» гэдэг номыг эцэг эхчүүд болон насанд хүрэгчдэд Есүс Христийн сургаалыг хүүхдүүдтэйгээ хамт уншиж, ярилцахад нь туслах зорилгоор гаргасан билээ. Гэсэн хэдий ч, энэ номыг уншсан насанд хүрэгчид өөрсдөө тэндээс сурч мэдсэн зүйлдээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын Техас мужид суудаг нэгэн эрэгтэй: «„Агуу Багшаас суралцагтун“ ном энгийн мөртлөө яруу сайхнаар бичигдсэн бөгөөд 76 хүрсэн надаас өгсүүлээд ямар ч насны хүний шимтэн уншихаар ном болжээ. Бага залуугаасаа өдий хүртэл Еховад үнэнчээр үйлчилж байгаа өвгөн би та нарт маш их баярлалаа» хэмээн хэлжээ.

Английн Лондон хотод суудаг нэг эмэгтэй: «Гайхалтай сайхан зургууд нь хүүхдийн төдийгүй эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг эзэмддэг. Асуулт болоод номын зураг чимэглэл нь үнэхээрийн хосгүй бөгөөд „Бурхан Есүсийг хэрхэн хамгаалсан нь“ гэсэн 32-р бүлэгт олон эмзэг асуудлыг хэчнээн эвтэйхэн тайлбарласан нь гайхалтай» хэмээн бичжээ. Тэр эмэгтэй: «Энэ ном юуны түрүүнд Еховагийн Гэрчүүдийн хүүхдүүдэд зориулагдсан хэдий ч багш нар, бусад хүмүүс ийм номтой болбол маш их баярлах байх гэж бодож байна. Би энэ номыг одоо ч, ирээдүйд ч ашигласаар байх болно» гэсэн үгээр захидлаа төгсгөжээ.

АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч нэг эмэгтэй «маш няхуур бодож хийсэн зураг» олон байгааг тэмдэглэжээ. Тэр эмэгтэй: «Эл ном хүүхдэд зориулагдсан хэдий ч доторх сэдвүүд нь Еховатай тогтоосон харьцааныхаа талаар бодоход том хүмүүс бидэнд ч туслахаар чамбай болжээ» хэмээн бичсэн байна.

АНУ-ын Мейн мужийн нэг эмэгтэй: «Ямар гайхамшигтай ном бэ!» хэмээн дуу алджээ. Тэрбээр: «Үүнийг зөвхөн хүүхэд багачуудад бус, Бурхны хүүхэд болсон хүн болгонд зориулсан байна. Энэ номын үгс зүрх сэтгэлийн минь гүнд хүрч, би ихэд догдолсноо дараа нь тайвширч, хачин сайхан амгалан болсноо, мөн Эцэг Еховагаа яг дэргэдээ байгааг мэдэрч билээ. Олон жилийн турш хуримтлагдсан зовлон гунигийг минь зайлуулж, санаа зорилгыг нь сайтар ойлгох боломжийг Ехова надад олгосон юм» хэмээн бичжээ. Тэгээд уг захидлаа: «Энэ номыг хүн болгон унших болтугай» хэмээн төгсгөжээ.

Японы Киото хотын нэгэн эмэгтэй: «Уг номыг ач нартаа уншиж өгөхөд тэд: „Энэ хүү юу хийж байгаа юм бэ? Энэ охиныг яагаад зэмлэж байгаа юм бэ? Энэ ээж юу хийж байна вэ? Энэ арслан яаж байгаа юм бэ?“ гэх зэрэг олон асуулт асуусан. Энэ номд бидний үнэхээрийн сонирхдог юм байдаг учраас би энэ номд бусад ямар ч номоос илүү дуртай» хэмээн бичжээ.

Канад улсын Калгари хотод суудаг нэг эцэг уг номыг авсан даруйдаа охин хүү хоёртоо уншиж өгчээ. Охин нь 6, хүү нь 9 настай аж. «Хүүхдүүдэд ном шууд л таалагдсан. Тэд их анхааралтай сонсож, асуултуудад чин сэтгэлээсээ хариулж байв. Өөрсдийгөө хичээлд оролцогч гэж үзэж байсан учраас санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Тэд ихэд урамшсан бөгөөд охин маань орой болгон шинэ номоороо хичээл хийх хүсэлтэйгээ хэлсэн» хэмээн тэр эцэг бичжээ.

Нэгэн эцэг хүүтэйгээ уг номоор хичээл хийснийхээ дараа: «Хүү бид хоёр Еховагийн тухай, мөн түүний санаа зорилгын тухай нилээд хэдэн цаг ярилцлаа. Эндээс хүүд минь асар ихийг мэдэх хүсэл төрсөн байлаа. Хүүгээ, сайхан нойрсоорой гэж хэлээд: „Аав аа, бид дахиад тийм хичээл хийнэ биз дээ? Надад асуумаар юм маш их байна. Еховагийн тухай бүгдийг мэдмээр байна“ гэж хэлэхэд нүдийг минь нулимс бүрхээд ирж билээ» хэмээн ярьжээ.