Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол бидний Хоньчин

Ехова бол бидний Хоньчин

Ехова бол бидний Хоньчин

«ЭЗЭН бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй» (ДУУЛАЛ 23:1).

1—3. Давид Еховаг хоньчинтой зүйрлэсэн нь ямар учиртай вэ?

 «ЕХОВА ард түмэндээ хэрхэн санаа тавьдаг вэ?» гэж асуувал та юу гэж хариулах вэ? Үнэнч үйлчлэгчдээ хайрлан халамжилдгийг нь юутай зүйрлэх вэ? 3 000 гаруй жилийн өмнө Давид хааны зохиосон нэгэн дуулалд Еховагийн тухай өгүүлдэг. Уг дуулалд Давид залуудаа хийж явсан ажлаасаа сэдэвлэн сэтгэл хөдлөм зүйрлэл бичжээ.

2 Багаасаа л хонь хургатай хөөцөлдөж өссөн тэрбээр хонь хариулах гэж юу байдгийг сайн мэддэг байв. Эзэнгүй хонь сүргээсээ салж, хүн хар, чоно нохойн идэш болдог (1 Самуел 17:34–36). Түүнээс гадна, өвсний сор, бэлчээрийн сайныг олж чадахгүй. Давид хөгширсөн хойноо ч, хоньчин явсан сайхан цагаа дурсаж байсан нь лавтай.

3 Тэгэхлээр одоо, Давид Еховаг хоньчинтой зүйрлэсний учир ойлгомжтой боллоо. Давид 23-р дууллаа: «ЭЗЭН бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй» гэсэн үгээр эхэлдэг. Юуны түрүүнд, энэ зүйрлэлийг оновчтой гэж үзэхийн учрыг ярилцъя. Дараа нь 23-р дууллыг дэлгэрэнгүй авч үзээд, Ехова хэрхэн сайн хоньчны адилаар, үйлчлэгчдээ халамжилдгийг мэдэж авцгаая (1 Петр 2:25).

Оновчтой зүйрлэл

4, 5. Библид бичсэнээр, хонь ямар амьтан бэ?

4 Библид Еховаг олон янзаар дүрсэлсэн байдгийн дотор «хоньчин» гэсэн нь сэтгэлд хамгийн дотно буудаг (Дуулал 80:1). Уг зүйрлэл ямар учраас оновчтой болсныг ойлгохын тулд нэгдүгээрт, хонины төрөлх зан; хоёрдугаарт, сайн хоньчин байхын тулд юу хийж, ямар зан чанартай байхыг ёстойг авч үзье.

5 Хонь эзнийхээ занг мэддэг (2 Самуел 12:3), номхон (Исаиа 53:7), хүлцэнгүй амьтан (Мика 5:8) гэдгийг Библид олонтаа тэмдэглэсэн байдаг. Олон жил хонины аж ахуй эрхэлсэн нэг зохиолч: «Хонийг, хүмүүсийн боддог шиг, зөнд нь орхичихож болдоггүй. Харин ч бусад малыг бодвол, байнга анхааран халамжилж, хариулж маллаж байх шаардлагатай» гэж бичжээ. Хонь гэдэг амьтанд сайн хоньчин заавал хэрэгтэй байдаг (Езекиел 34:5).

6. Библийн нэгэн тайлбар тольд тэмдэглэснээр, эртний Израильд хоньчин хүний нэг өдөр яаж өнгөрдөг байсан бэ?

6 Библийн нэгэн тайлбар тольд тэмдэглэснээр, эртний Израильд хоньчин хүний нэг өдөр ингэж өнгөрдөг байжээ. «Хоньчин сүргээ өглөө эрт хотноос гаргаж, араасаа дагуулсаар бэлчээрт хүргэдэг. Хонио дутаахгүйн тулд өдөр туж нүд салгахгүй хариулна. Хэрэв ганц нэг хонь сүргээсээ салж, түр ч атугай бараа нь тасарвал, хайж явсаар олж авчирна. [...] Орой нь хонио хотлуулахдаа тоо толгой бүрэн эсэхийг магадалж, хашааны үүдэнд зогсоод таягаараа дохиж тоолдог. [...] Шөнө хотоо манаж, чоно нохой, хулгай дээрмээс хамгаалдаг ажээ». *

7. Хоньчин хүн ямар үед тэвчээртэй, уян зөөлөн сэтгэлтэй байх хэрэгтэй вэ?

7 Ялангуяа, хээлтэй хонь, нялх хурга маллахад тэвчээр, уян зөөлөн сэтгэл хэрэгтэй (Эхлэл 33:13). Библийн нэгэн нэвтэрхий тольд: «Хонь уулын энгэрээр бэлчиж явахдаа хургалах нь цөөнгүй. Хоньчин хургалж байгаа хонийг онцгойлон анхаарч, нялх төлийг нь хотондоо тэвэрч авчирдаг. Хургыг шандас суутал тэвэрч юм уу өвөртөлж явах хэрэгтэй болдог» гэж бичжээ (Исаиа 40:10, 11). Сайн хоньчинд тэвчээр, уян зөөлөн сэтгэлийн аль аль нь үнэхээр хэрэгтэй.

8. Давид Еховад итгэлтэй байдгаа ямар ямар шалтгаанаар тайлбарласан бэ?

8 Тэгэхлээр, тэнгэрийн Эцгийг маань хоньчинтой зүйрлэсэн нь үнэхээр тохирч байгаа бус уу? 23-р дууллыг анхааралтай авч үзвэл Ехова яг л сайн хоньчин шиг, бидэнд тэвчээртэй, уян зөөлөн ханддаг нь харагдана. Нэгдүгээр зүйлд Давид Бурхныг хонио юугаар ч дутаахгүй, шаардлагатай бүхнээр хангана гэдэгт итгэдгээ хэлсэн байна. Тийн итгэлтэй байдгийнхаа гурван шалтгааныг дараагийн зүйлүүдэд тайлбарлажээ. Ехова үйлчлэгчдээ удирдаж, хамгаалж, тэжээдэг. Одоо эдгээрийг тус бүрээр нь хэлэлцье.

«Тэр намайг... хөтөлдөг»

9. Давид амар тайван байдлыг хэрхэн дүрсэлсэн бэ? Хонь тийм газар яаж хүрч очих вэ?

9 Нэгдүгээрт, Ехова ард түмнээ «хөтөлдөг» буюу удирддаг. Давид: «Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг. Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө зөвийн замаар намайг хөтөлдөг» хэмээн бичжээ (Дуулал 23:2, 3). Давид ногоон бэлчээрт налайн хэвтэх хонин сүргээр айх аюулгүй, амар тайван байдлыг дүрсэлжээ. Энд «бэлчээр» гэж буулгасан еврей үг «сайхан нутаг» гэсэн утга илэрхийлдэг ажээ. Хонин сүрэг айх аюулгүй сайхан бэлчээрт өөрөө хүрэх нь юу л бол. Хоньчин л сүргээ «сайхан нутаг» уруу «хөтөлдөг».

10. Бурхан бидэнд итгэл хүлээлгэдгээ хэрхэн харуулдаг вэ?

10 Өнөөдөр Ехова биднийг яаж удирддаг вэ? Нэг арга нь өөрөө үлгэр жишээ үзүүлдэг. «Бурхныг дуурайгчид болохыг» Библи бидэнд уриалдаг (Ефес 5:1). Энэ зүйлийн хам сэдэвт «энэрэх», «уучлах», «хайрлах» гэсэн үг байдаг (Ефес 4:32; 5:2). Эдгээр сайхан чанарын хамгийн сайн жишээг Ехова үзүүлдэг нь эргэлзээгүй. Гэхдээ, дуурайхыг уриалсан нь бүтэшгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш үү? Үгүй ээ. Харин ч бидэнд итгэл хүлээлгэдгээ харуулж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан биднийг «дүр төрхийнхөө дагуу» буюу ёс суртахуунтай, сүнслэг зүйлийг ойлгох чадвартай бүтээсэн (Эхлэл 1:26). Тиймээс, бид хэдий төгс бус ч гэлээ, үлгэрлэн үзүүлдэг тэр л чанаруудыг нь хөгжүүлж чадна гэдгийг Ехова мэддэг. Бурхан биднийг өөр шиг нь байж чадна гэж итгэдэг гээд бодоод үз дээ. Бид л үлгэр жишээг нь дуурайх юм бол, тэрбээр биднийг «сайхан нутаг» уруу «хөтөлнө». Бурхны сайшаалыг хүлээдгээ мэдэхлээр сэтгэл маань «амар амгалан» болж, хүчирхийллээр дүүрсэн өнөөгийн ертөнцөд ч «аюулгүй аж төрдөг» (Дуулал 4:8; 29:11).

11. Ехова биднийг удирдахдаа юуг харгалзан үздэг вэ? Харгалзан үздэгээ яаж харуулдаг вэ?

11 Ехова биднийг удирдахдаа тэвчээр, уян зөөлөн сэтгэл гаргадаг. Хоньчин мал сүргийнхээ хэр чадлыг мэддэг учраас «аясыг [нь] тааруулдаг» (Эхлэл 33:14). Ехова ч бидний боломж бололцоо, нөхцөл байдлыг харгалзан үзээд, «аясыг тааруулан» удирддаг. Хүч чадлаас маань ахадсан шаардлага тавьдаггүй. Ердөө л, чин сэтгэлээсээ үйлчлэхийг шаарддаг (Колоссай 3:23). Нас ахиж, урьдынх шигээ үйлчилж чадахаа больсон бол, эсвэл хүнд өвчнөөс болоод хийдэг тань хязгаартай болбол яах вэ? Ийм л цагт, Ехова, хамгийн гол нь, чин сэтгэлээсээ үйлчлэхийг шаарддаг нь хэчнээн ухаалаг болохыг бид ойлгодог. Яг адилхан хоёр хүн байдаггүй. Бурханд үйлчлэхийн тулд та өөрт байгаа бүх хүч чадал, боломж бололцоогоо бүрэн дайчилдаг бол чин сэтгэлээсээ үйлчилж байгаа тань тэр юм. Ехова биднээс өө сэв хайдаггүй, харин бүх зүрхээрээ үйлчилж байгааг маань үнэлдэг (Марк 12:29, 30).

12. Ехова ард түмнийхээ «аясыг тааруулж» удирддагийг Мосегийн хуулийн ямар заалт харуулдаг вэ?

12 Мосегийн хуульд гэмийн төлөөх тахилын тухай юу тэмдэглэсэн байдгийг авч үзвэл Ехова биднийг «мал сүргийнхээ аясыг тааруулдаг» хоньчин шиг удирддаг нь харагддаг. Ехова ард олныг талархах сэтгэлийнхээ үүднээс тахил өргөөсэй гэж хүсэж байсны зэрэгцээ тахилыг хүмүүсийн хэр чадалд тохируулан ангилсан байлаа. Жишээ нь, «Хэрэв... хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг... авчрах болой» гэж Хуульд заасан байв. Гэтэл хоёр тагтаа ч авчрах чадалгүй бол яах вэ? «Сайн гурил» авчирч болдог байжээ (Левит 5:7, 11). Тахил өргөх хүний хэр хэмжээнээс хэтэрсэн юм шаарддаггүй байсан нь эндээс харагдаж байна. Бурхан өөрчлөгдөшгүй учир одоо ч ялгаагүй үйлчлэгчдийнхээ чадлаас ахадсан шаардлага тавьдаггүй. Харин чадах чинээгээрээ хийвэл дуртайяа хүлээн авдаг гэдгийг мэдэхлээр сэтгэл амардаг (Малахи 3:6). Биднийгээ ингэж сайн ойлгодог Хоньчноор удирдуулдаг маань юутай сайхан!

«Би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт байна»

13. Дуулал 23:4-т Давид Еховад элгэмсэг дотно хандсанаа хэрхэн харуулсан бэ? Ямар учраас тийм дотно харьцаатай байсан бэ?

13 Ехова хонио хамгаалдаг нь Давидын итгэлтэй байх удаах шалтгаан болжээ. Тэрбээр: «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг» хэмээн бичжээ (Дуулал 23:4). Өмнөх зүйлүүдэд Давид Еховаг гуравдугаар биеийн төлөөний үгээр буюу «тэр» гэж бичиж байсан бол энэ зүйлд «та» хэмээн элгэмсэг дотно ханджээ. Хэцүү бэрхийг тэвчихэд нь Ехова тусалдаг байсан учраас тийм дотно харьцаатай байсан байна. «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулсан» гэдэг нь амь насанд нь нэг бус удаа аюул учирч байсныг хэлсэн хэрэг аж. Гэсэн ч, Бурхан «саваа», «таягаа» бариад, хэрэгтэй цагт туслахад бэлэн дэргэд нь байсныг мэдэрч байсан тул айж хулчийгаагүй. Хамгаална гэдгийг нь мэдэж байсан учир Давид тайвширч, Еховатай улам дотно болсон нь эргэлзээгүй. *

14. Ехова хамгаална гэж амласныг хэрхэн зөв ойлгох вэ?

14 Тэгвэл өнөөдөр Ехова хонио яаж хамгаалдаг вэ? Чөтгөр, хүн, хэн ч бай, Бурхны хонин сүргийг газрын хөрснөөс арчин хаяж чадахгүй гэдгийг Библи баттай мэдэгддэг. Ехова хэнээр ч, хэзээ ч тийм юм хийлгэхгүй (Исаиа 54:17; 2 Петр 2:9). Гэхдээ Хоньчин маань биднийг бүхий л гамшгаас хамгаална гэсэн үг бас биш ээ. Бид хүнд тохиолддог элдэв бэрхшээлийг амсаж, жинхэнэ христиан болгонд учирдаг эсэргүүцэл хавчлагатай тулгардаг (2 Тимот 3:12; Иаков 1:2). Давидын хэлсэн «үхлийн харанхуйн хөндийгөөр туулах» үе ч бас гардаг. Жишээлбэл, хүнд өвчин, эсэргүүцэл хавчлагын улмаас бидний амь насанд аюул учрах юм уу дотнын хүний маань амь нас хутганы ирэн дээр ирж, эсвэл биднийг орхин одож болох юм. Тийм «харанхуй» өдрүүдэд Хоньчин маань бидэнтэй хамт байдаг бөгөөд биднийг хамгаална. Яаж?

15, 16. а) Бэрхшээлийг давахад Ехова бидэнд ямар ямар аргаар тусалдаг вэ? б) Сорилтыг тэвчихэд Ехова яаж тусалдгийг жишээгээр хэлнэ үү.

15 Ехова ер бусаар хамгаална гэж амлаагүй. * Гэхдээ ямар ч саад тотгор учирсан даван туулахад тусална гэдэгт эргэлзэх хэрэггүй. «Элдвийн сорилтыг» давах мэргэн ухаан өгнө (Иаков 1:2–5). Эртний Израильд хоньчин хүн саваа, таягаараа хонио араатнаас хамгаалдаг байсны зэрэгцээ зөв зүг залахын тулд зөөлөн чичдэг байж. Үүнтэй адилаар, Ехова бас биднийг зөөлөн «чичих» буюу тухайн нөхцөлд чухал ач холбогдолтой Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг итгэл нэгтнээр маань ч юм уу хэлүүлж болох юм. Түүнээс гадна, тэвчээртэй байх хүч өгдөг (Филиппой 4:13). Ариун сүнсээрээ дамжуулан «хирээс хэтэрсэн хүч» хайрладаг (2 Коринт 4:7, ШЕ). Сатан ямар ч сорилт учруулсан, Бурхны сүнсний дэмжлэгтэйгээр бид тэвчиж чадна (1 Коринт 10:13). Бидэнд туслахад үргэлж бэлэн байдгийг нь мэдэхэд үнэхээр сэтгэл амардаг!

16 Ямар ч «харанхуйн хөндийгөөр» явах ёстой болсон, бид ганцаараа биш ээ. Чухам яаж тусалж байгааг нь бид эхэндээ сайн ойлгохгүй байж болох ч, Хоньчин маань үргэлж биднийг дэмжиж, олон талаар тусалдаг. Тархины хорт хавдар туссан нэг ахлагчид тохиолдсон явдлыг авч үзье. Тэр ах: «Би эхэндээ, Ехова надад уурлажээ, бүр хайргүй юм байна гэж бодож байснаа нуухгүй ээ. Гэсэн ч Еховагаас холдож хөндийрөхгүй байхаар шийдсэн. Тэгээд сэтгэл зовж байгаагаа хэлэхэд Ехова, гол нь, итгэл нэгтнүүдээр маань дамжуулан сэтгэлийг минь засаж, надад тусалсан юм. Олон хүн надтай туршлагаа хуваалцан, ул суурьтай зөвлөгөө өгч, би л ганцаараа тийм айхтар зовлонд унасан юм биш байна гэдгийг ойлгуулсан. Ах эгч нар маань сайхан сэтгэл гарган бодит тусламж үзүүлж байсан нь Ехова намайг орхиогүй юм байна гэдгийг мэдрүүлсэн дээ. Би одоо хэр өвчинтэйгээ тэмцэж байгаа. Ямар үр дүнд хүрэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ л Еховаг надтай хамт байдаг гэдэгт, энэ сорилтыг тэвчихэд тусалсан хэвээрээ байна гэдэгт нь итгэлтэй байгаа» гэж хэлжээ.

«Та... надад ширээ засдаг»

17. Дуулал 23:5-д Давид Еховаг хэнтэй зүйрлэсэн бэ? Энэ нь хоньчны тухай зүйрлэлтэй хэрхэн зохицдог вэ?

17 Давид Хоньчиндоо итгэлтэй байдгийнхаа гурав дахь шалтгааныг энд тэмдэглэжээ. Ехова хонио тэжээдэг, тэгэхдээ бүр цадтал нь тэжээдэг. Давид: «Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг» гэж бичжээ (Дуулал 23:5). Энэ зүйлд Давид Еховаг зочноо сэтгэл харамгүй дайлдаг гэрийн эзэнтэй зүйрлэжээ. Еховаг сайн хоньчинтой, өгөөмөр сэтгэлтэй гэрийн эзэнтэй зүйрлэсэн нь тун сайхан зохицжээ. Сайн хоньчин л өвс ногоо, ус ундарга сайтай бэлчээр хаана байдгийг мэддэг бөгөөд сүргээ юугаар ч дутаадаггүй билээ (Дуулал 23:1, 2).

18. Ехова биднийг сэтгэл харамгүй дайлдаг гэдгийг юу харуулдаг вэ?

18 Хоньчин маань биднийг сэтгэл харамгүй дайлдаг нь маргаангүй үнэн! Бид хэчнээн шим тэжээлтэй, хэдэн янзын сүнслэг хоол ундыг хэдий хэмжээтэй хүртдэг билээ дээ. «Итгэмжит, ухаалаг боолын» ангиар уламжлан Ехова бидэнд хэрэгтэй ном хэвлэл өгч, цуглаан, чуулганаар чанартай сургалт явуулдаг. Энэ бүхэн сүнслэг хэрэгцээг маань хангадаг (Матай 24:45–47). Сүнслэг хоолоор дутах юм бидэнд үнэхээр алга. «Итгэмжит, ухаалаг боол» Библи болон Библи судлахад зориулсан гарын авлага, ном хэвлэлийг олон сая хувиар хэвлэж, эдүгээ 413 хэлээр ном хэвлэлээ гаргаж байна. Ехова биднийг олон нэр төрлийн сүнслэг хоолоор хангаж, «сүү» буюу Библийн үндсэн сургаалаас эхлээд «бор хоол» буюу гүнзгий сургаалаар «тэжээдэг» (Еврей 5:11–14). Үүний ачаар бид бэрхшээлтэй тулгарах юм уу шийдвэр гаргах үедээ хэрэгтэй мэдээллийг ихэнхдээ олж чаддаг. Ийм хоол байгаагүй бол бид өдий зэрэгтэй явах байсан болов уу? Хоньчин маань бидэнд сүнслэг хоолыг үнэхээр сэтгэл харамгүй өгдөг! (Исаиа 25:6; 65:13).

«Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно»

19, 20. а) Дуулал 23:6-д Давид юунд итгэлтэй байдгаа хэлсэн бэ? Яавал түүн шиг итгэлтэй байж болох вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Еховаг хоньчин, өгөөмөр сэтгэлтэй гэрийн эзэнтэй зүйрлэн бичсэнийхээ дараа Давид: «Сайн сайхан хийгээд хайр энэрэл насан туршид минь намайг лавтайяа дагана. Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно» гэж дууллаа төгсгөсөн байна. Давидын зүрх өнгөрсөн үеэ санасан талархах сэтгэл, ирээдүйгээ харсан итгэлээр бялхаж байжээ. Өөрөө хоньчин явсан Давид тэнгэрийн Хоньчиндоо ойр байх буюу «өргөөнд [нь] суусан» цагт аюулгүй амьдарч, үргэлж хайр халамжид нь багтана гэдэгтээ итгэлтэй байсан.

20 23-р дуулалд үнэхээр утга төгөлдөр үнэн үг бичжээ. Ехова үйлчлэгчдээ хэрхэн удирдаж, хамгаалж, тэжээдгийг үүнээс өөрөөр яаж хэлэх билээ! Давид сэтгэлийн үгээ ийн бичиж үлдээсэн нь биднийг ч бас Еховаг Хоньчноо гэж итгэлтэй байхад тусалдаг. Биднийг л ойр байх юм бол Ехова сайн Хоньчны ёсоор «мөнхөд» санаа тавина. Гэхдээ бид агуу Хоньчин Еховатай хамт алхахын тулд тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Бурхантай хамт алхах гэж юу гэсэн үг вэ гэдгийг дараагийн өгүүллээр үзье.

[Зүүлт]

^ Эхлэл 29:7; Иов 30:1; Иеремиа 33:13; Лук 15:4; Иохан 10:3, 4-ыг үзнэ үү.

^ Давид өөрийн зохиосон хэд хэдэн дуулалдаа Еховаг аюулаас аварсан гэж магтан алдаршуулсан байдаг. 183456, 575963-р дууллын өмнөх үгийг жишээ болгон үзнэ үү.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 10-р сарын 1-ний дугаараас «Бурхан хамгаалдаг гэдэг нь юу гэсэн үг вэ?» өгүүллийг үзнэ үү (англи).

Санаж байна уу?

• Давид Еховаг хоньчинтой зүйрлэсэн нь яагаад оновчтой болсон бэ?

• Ехова биднийг удирдахдаа юуг харгалзан үздэг вэ?

• Сорилтыг тэвчихэд яаж тусалдаг вэ?

• Ехова биднийг өгөөмөр сэтгэлээр дайлдаг гэдгийг юу харуулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]