Skip to content

Гарчиг руу орох

Диаволд байр бүү өгөгтүн

Диаволд байр бүү өгөгтүн

Диаволд байр бүү өгөгтүн

«[Диаволд] завшааныг бүү өгөгтүн» (ЕФЕС 4:27, МАБ).

1. Хүмүүс Диавол байдаг гэдэгт эргэлздэгийн учир юу вэ?

 ОЛОН зууны турш христийн шашинтай орнуудад Диаволыг эвэртэй, ац туурайтай, улаан нөмрөгтэй, гартаа өвсний сэрээ барьсан, тэр сэрээгээрээ муу хүмүүсийг галт тамд хаядаг нэгэн мэтээр төсөөлж иржээ. Харин Библид тийм санаа байдаггүй. Иймэрхүү буруу ойлголтоос болоод олон сая хүн Диавол байдагт эргэлзэх юм уу, эсвэл Диавол гэдэг үгээр хүний зүрхэнд хурдаг хорон муу санааг хэлдэг хэмээн боддог болжээ.

2. Диаволын талаар Библид ямар ямар нотолгоо байдаг вэ?

2 Диаволыг нүдээр үзсэний нотолгоо хийгээд оршин байдгийг нь батлах баримтууд Библид бий. Есүс Христ түүнийг тэнгэрт байхад нь харж, дэлхий дээр байхдаа түүнтэй ярьж байсан (Иов 1:6; Матай 4:4–11). Энэхүү сүнсэн бүтээл анх ямар нэртэй байсныг Библид бичээгүй ч Бурхныг гүтгэснээс нь хойш Диавол («Гүтгэгч» гэсэн утгатай) гэж нэрлэх болжээ. Мөн Еховаг эсэргүүцсэн болохоор нь Сатан («Эсэргүүцэгч» гэсэн утгатай) гэдэг. Сатан Диаволыг «эртний могой» гэсэн нь Еваг мэхлэхдээ могой ашигласных бололтой (Илчлэлт 12:9; 1 Тимот 2:14). Энэ этгээд бас «муу нэгэн» хэмээн алдаршжээ (1 Иохан 5:19). *

3. Ямар асуултыг ярилцах вэ?

3 Еховагийн үйлчлэгчид бид жинхэнэ Бурхны гол дайсан Сатантай адилхан байхыг яасан ч хүсэхгүй. Тийм болохоор, элч Паулын: «[Диаволд] завшааныг бүү өгөгтүн» хэмээн зөвлөснийг анхаарах ёстой (Ефес 4:27, МАБ). Тэгвэл Сатаны ямар ямар зан авирыг дуурайж болохгүй вэ?

Анхны гүтгэгчийг бүү дуурайгтун

4. «Муу нэгэн» Бурхныг хэрхэн гүтгэсэн бэ?

4 «Муу нэгнийг» Диавол буюу гүтгэгч гэж нэрлэх нь зүйд нийцнэ. Хорон санаа өвөрлөн худал хэрэг тулгах, гутаан доромжлохыг гүтгэх гэдэг. Бурхан Адамд тушааж: «Чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» хэмээн анхааруулсан (Эхлэл 2:17). Ева ч энэ тухай мэдсэн байсан. Гэтэл Диавол түүнд могойн цаанаас: «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэж хэлжээ (Эхлэл 3:4, 5). Энэ бол Ехова Бурхныг хорон санаатайгаар гүтгэсэн хэрэг байлаа.

5. Диотреф Иоханыг гүтгэдэг байсныхаа хариуцлагыг хүлээх нь яагаад зүйн хэрэг байсан бэ?

5 Израильчууд «Ард олныхоо дунд хов зөөгч [«гүтгэгч», ШЕ] мэт бүү яв» гэсэн тушаалтай байв (Левит 19:16). Элч Иохан тухайн үеийнхээ нэг гүтгэгчийн талаар: «Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. Иймээс хэрэв би очвол түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм» гэж бичжээ (3 Иохан 9, 10). Диотреф Иоханыг гүтгэдэг байсан учраас хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх нь зүйн хэрэг байв. Диотрефын араас орж, анхны гүтгэгч Сатаныг дуурайх хүн жинхэнэ христиануудын дунд байх учиргүй.

6, 7. Бид ямар учраас бусдыг гүтгэхээс зайлсхийдэг вэ?

6 Еховагийн үйлчлэгчдийн тухай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж, хилсээр буруутгах нь олонтаа. Тухайлбал, «ахлах тахилч нар, хуулийн багш нар [Есүсийг] хатуу ширүүн буруутгаж байжээ» (Лук 23:10). Мөн тэргүүн тахилч Ананиа болон бусад хүн Паулыг хилсээр буруутгаж байв (Үйлс 24:1–8). Библид Сатаныг: «Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй... буруутгагч» гэдэг (Илчлэлт 12:10). Хилсээр буруутгагдсан тэр ах дүүс гэдэг нь өнөөгийн эцсийн өдрүүдэд дэлхий дээр байгаа тослогдсон христианууд юм.

7 Христиан хүн хэнийг ч гүтгэж, хилсээр буруутгах ёсгүй. Хэрэв нарийн учрыг мэдэхгүй байж хүн буруутгавал гүтгэлэг болох аюултай. Мосегийн хуулиар, санаатайгаар «худал гэрчилбэл» үхэх ялтай байжээ (Египетээс гарсан нь 20:16; Дэд хууль 19:15–19). Түүнээс гадна, Еховад жигшил зэвүүцэл болдог зүйлийн дотор «худал чалчдаг хуурамч гэрчлэгч» ордог (Сургаалт үгс 6:16–19). Тийм учраас, бид гол гүтгэгч бөгөөд хилсээр буруутгагчийг дуурайхаас зайлсхийдэг.

Анхны алуурчны араас орохоос болгоомжлогтун

8. Диавол «эхнээсээ алуурчин байсан» гэдэг нь ямар утгатай вэ?

8 Диавол бол алуурчин. Есүс түүнийг «эхнээсээ алуурчин байсан» гэж хэлсэн (Иохан 8:44). Сатан анх Адам Ева хоёрыг Бурхнаас хөндийрүүлж, тэднийг болон үр удмыг нь үхэлд хүргэснээр эхнээсээ алуурчин болсон ажээ (Ром 5:12). Ийм үйлдлийг бодгальд хамааруулан үзэхээс биш хүний зүрхэнд төрдөг хорон муу санаа төдийхнөөр тайлбарлаж болохгүй юм.

9. 1 Иохан 3:15-д бичсэнээр, хүн яавал алуурчин болох вэ?

9 Израильд өгсөн Арван тушаалд: «Чи хүн бүү ал» гэсэн заалт багтдаг (Дэд хууль 5:17). Элч Петр христиануудад: «Та нараас хэн нь ч алуурчин... мэт бүү зовог» гэж бичжээ (1 Петр 4:15). Еховагийн үйлчлэгчид бид санаатайгаар хүн алахгүй нь ойлгомжтой. Гэхдээ итгэл нэгтнээ үзэн ядаж, үхээсэй гэж хүсдэг бол Бурхны өмнө буруутан болно. Элч Иохан: «Ах дүүгээ үзэн яддаг нэг нь алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ» хэмээн бичсэн байдаг (1 Иохан 3:15). Бурхан израильчуудад: «Нутгийнхаа залууг [«ах дүүгээ», ШЕ] зүрхэндээ бүү үзэн яд» гэж тушаажээ (Левит 19:17). Христианууд бид хоорондоо том, жижиг ямар ч асуудлаар маргалаа гэхэд, хурдан шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол, алуурчин Сатан христиан эв нэгдлийг маань эвдэн бусниулна (Лук 17:3, 4).

«Худал хуурмагийн эцгийг» бат эсэргүүцэгтүн

10, 11. «Худал хуурмагийн эцэг» Сатаныг бат эсэргүүцэхийн тулд яах ёстой вэ?

10 Диавол бол худалч. «Тэр худлаа хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм» (Иохан 8:44). Сатан Евад худал хэлсэн. Харин Есүс үнэнийг гэрчлэхээр ертөнцөд ирсэн (Иохан 18:37). Христийн дагалдагчид бид Диаволыг бат эсэргүүцье гэвэл худал хуурмаг, заль мэх хэрэглэх ёсгүй. Бид «үнэнийг хэлэх» ёстой (Зехариа 8:16; Ефес 4:25). «Үнэний Бурхан [Ехова]» үнэнч Гэрчүүдээ л ивээдэг. Хорон муу хүнд Бурхныг төлөөлөх эрх байхгүй (Дуулал 31:5; 50:16; Исаиа 43:10).

11 Хэрэв бид Сатаны худал хуурмагаас ангид, сүнслэгээр эрх чөлөөтэй байдгаа эрхэмлэдэг бол «үнэний замаар» явах буюу христиан сургаалыг чанд баримтална (2 Петр 2:2; Иохан 8:32). Христиан сургаал тэр чигээрээ «сайн мэдээний үнэн» юм (Галат 2:5, 14). Аврагдах эсэх маань «үнэний дотор хэрхэн явж буйгаас» буюу үнэнийг чанд дагаж, «худал хуурмагийн эцгийн» эсрэг бат зогсож байгаагаас шалтгаална (3 Иохан 3, 4, 8).

Анхны тэрслэгчийг эсэргүүцэгтүн

12, 13. Тэрслэгчдэд яаж хандах ёстой вэ?

12 Диавол болсон сүнсэн бүтээл цагтаа үнэнийг дагадаг байжээ. Гэвч тэр «үнэн дотор зогсдоггүй [«зогсож чадаагүй», ШЕ]. Учир нь түүнд үнэн байдаггүй» гэж Есүс хэлсэн (Иохан 8:44). Энэхүү анхны тэрслэгч Сатан «үнэний Бурхныг» хайр найргүй эсэргүүцдэг болсон. Нэгдүгээр зуунд зарим христиан үнэнээс хазайж, төөрөлдсөний улмаас Сатаны золиос болжээ. Ингэж «Диаволын торонд орсон» байна. Тиймээс, тэднийг сүнслэгээр сэргэж, Сатаны торноос гарахад нь туслахын тулд «төлөв байдал дотор» заахыг Паул хамтран зүтгэгч Тимотдоо захижээ (2 Тимот 2:23–26). Анхнаасаа л үнэнээс чанга зуурч, тэрслүү үзэлд урхидуулахгүй байвал илүү сайн.

13 Анхны хоёр хүн Диаволын үгийг сонсож, худал хуурмагаас нь зайлсхийгээгүй учраас Бурханд тэрсэлсэн. Тэгвэл бид саваагүйтэн тэрслэгчдийн үгийг сонсож, сонин хэвлэлийг нь уншиж, Интернэтээс Вэб сайтыг нь сонирхох шаардлага байна уу? Бурханд хайртай, үнэнд дуртай бол хэзээ ч тийм юм хийхгүй. Тэрслэгчдийг гэртээ оруулах нь байтугай, мэндлэх ч ёсгүй. Хэрэв тэгвэл тэдний «бузар үйлсэд оролцож байгаа хэрэг» болно (2 Иохан 9–11). «Хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулж», «худал хуурмаг үгсээр биднийг ашиглахыг» хичээдэг хуурамч багш нарыг даган, «үнэний замаа» орхиж, Диаволын заль мэхэнд хэзээ ч автахгүй байцгаая (2 Петр 2:1–3).

14, 15. Паул Ефесийн ахлагчид болон хамтран зүтгэгч Тимотдоо юу анхааруулсан бэ?

14 Паул Ефес хотын христиан хурлын ахлагчдад: «Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурхны чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» гэж хэлжээ (Үйлс 20:28–30). Яваандаа тийм тэрслэгчид гарч, «гажууд зүйлс заах» болсон байна.

15 МЭ 65 оны орчим элч Паул «үнэний үгийг зөв заахыг» Тимотод захижээ. «Хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж. Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай Филет нар байна. Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийнээ болж өнгөрсөн хэмээн ярьж зарим хүний итгэлийг бусниулж байна» хэмээн бичсэнээс нь үзвэл, тэрс явдал гараад эхэлчихсэн байжээ! «Хэдий тийм боловч Бурхны бат суурь нь хэвээрээ байна» гэж Паул бичсэн юм (2 Тимот 2:15–19).

16. Анхны тэрслэгчийн заль мэхэнд авталгүй, Бурхан болон түүний Үгэнд үнэнч байхад юу тусалдаг вэ?

16 Сатан жинхэнэ шүтлэгийг завхруулахын тулд тэрслэгчдийг ашигласаар ирсэн боловч тэр арга нь бүтэлтэй болж байсангүй. 1868 оны орчим Чарлз Тейз Расселл христ шашны ертөнцийн сүмүүдийн он удаан жил зааж ирсэн сургаалыг нарийвчлан судалж эхэлжээ. Ингээд, Библийг буруу тайлбарлаж байсныг мэдсэн байна. Расселл Библийн үнэнийг эрэлхийлэгч цөөн хэдэн хүний хамт АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотноо Библи судлалын бүлгэм байгуулжээ. Тэр цагаас хойш 140-өөд жил өнгөрөхөд, Еховагийн үйлчлэгчид Бурхан болон түүний үгийн тухай улам ихийг мэдэж, улам илүү хайрлах болсон. «Итгэмжит, ухаалаг боолын» анги сүнслэгээр сонор сэрэмжтэй байдгийн ачаар жинхэнэ христианууд анхны тэрслэгчийн заль мэхэнд авталгүй, Ехова болон түүний Үгэнд үнэнч үлдэж чаддаг (Матай 24:45).

Ертөнцийн захирагчид бүү эзэмдүүлэгтүн

17-19. Диаволын мэдэлд байдаг ертөнц гэж юу вэ? Бид ямар учраас энэ ертөнцийг хайрлах ёсгүй вэ?

17 Биднийг урхидахдаа хэрэглэдэг Сатаны бас нэг арга бол энэ ертөнц буюу Бурхнаас хөндийрсөн, зөв бус хүний нийгмийг хайрлуулах явдал юм. Есүс Диаволыг «ертөнцийн захирагч» гэж нэрлээд, «тэр намайг эзэмдэж чадахгүй» гэж хэлсэн байдаг (Иохан 14:30, ШЕ). Бид ч бас Сатанд эзэмдүүлэхгүй байцгаая! «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг» бид ойлгодог (1 Иохан 5:19). Диавол тийм эрх мэдэлтэй учраас Есүсийг өөрт нь ганц мөргөчихвөл «дэлхийн бүх хаанчлалуудыг» өгөхөө амлаж байсан. Гэвч Бурхны Хүү эрс татгалзсан (Матай 4:8–10). Сатаны захирдаг энэ ертөнц Христийн дагалдагчдыг үзэн яддаг (Иохан 15:18–21). Тэгэхлээр, элч Иохан бидэнд ертөнцийг хайрлахгүй байхыг анхааруулсанд гайхах хэрэггүй ажээ!

18 Иохан: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» хэмээн бичжээ (1 Иохан 2:15–17). Ертөнцийн амьдрал биднийг нүгэлт үйл хэрэгт уруу татдаг бөгөөд Ехова Бурхны хэм хэмжээтэй эрс зөрчилддөг учраас бид ертөнцийг хайрлах ёсгүй.

19 Гэтэл бид энэ ертөнцийг хайрладаг бол яах вэ? Энэ хайрыг үгүй болгож, махан биеийн хүсэл тачаалаа захирахад туслахыг Еховагаас залбиран гуйцгаая (Галат 5:16–21). «Бузар муугийн сүнслэг хүч» гэдэг нь зөв бус хүний нийгмийг захирдаг үл үзэгдэх «ертөнцийн хүчнүүд» юм гэдгийг санаж явбал «дэлхийгээс бохирдолгүй» өөрсдийгөө хамгаалах гэж мэрийнэ (Ефес 6:11, 12; 2 Коринт 4:4; Иаков 1:27).

20. Бид яагаад «ертөнцийнх биш» вэ?

20 Есүс шавь нарынхаа тухай: «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж хэлжээ (Иохан 17:16). Тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчид энэ ертөнцөөс тусгаар байж, ёс суртахуун болон сүнслэг талаараа цэвэр байхыг чармайдаг (Иохан 15:19; 17:14; Иаков 4:4). Бид зөв бус ертөнцөөс тусгаар байж, «зөвт байдлыг тунхагладаг» учраас энэ ертөнц биднийг үзэн яддаг (2 Петр 2:5). Үнэндээ, амьдарч буй нийгэм маань садар самуун явдалтнууд, завхайрагчид, дээрэмчид, шүтээн шүтэгчид, хулгайч нар, худалч хүмүүс, архичдаар дүүрэн байдаг (1 Коринт 5:9–11; 6:9–11; Илчлэлт 21:8). Гэхдээ бид «ертөнцийн сүнсний» нөлөөнд автахгүйн тулд үүгээр амьсгалдаггүй (1 Коринт 2:12).

Диаволд байр бүү өгөгтүн

21, 22. Ефес 4:26, 27-д бичсэн Паулын зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ?

21 Бид «ертөнцийн сүнсний» нөлөөнд автдаггүй, харин Бурхны сүнсээр удирдуулдаг. Энэ нь хайр, өөрийгөө захирах байдал зэрэг чанарыг бий болгодог (Галат 5:22, 23). Эдгээр чанарынхаа ачаар итгэлийг маань эвдэн бусниулах гэсэн Диаволын дайралтыг давж гардаг. Диавол биднийг «бузар мууг л үйлдээсэй» гэж хүсдэг байхад, Бурхны сүнс «уурлахаа больж, хилэнгээ мартахад» тусалдаг (Дуулал 37:8). Уурлах шалтгаан заримдаа гардаг. Гэсэн ч Паул: «Уурласан ч нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» хэмээн зөвлөсөн байдаг (Ефес 4:26, 27).

22 Уур хилэнгээ дарахгүй бол нүгэл үйлдэж болзошгүй. Диавол үүнийг маань далимдуулж, хурлын эв нэгдлийг эвдэн бусниулах юм уу биднийг муу үйл хэрэгт уруу татаж мэднэ. Тиймээс бусадтай санал зөрөлдвөл Библийн зарчмын дагуу хурдан шийдэх хэрэгтэй (Левит 19:17, 18; Матай 5:23, 24; 18:15, 16). Тэгэхлээр, биеэ барих чадварыг хөгжүүлж, уурлах шалтгаан байсан ч бусдад дайсагнаж, муу санаж, үзэн ядахын оронд Бурхны сүнсээр удирдуулцгаая.

23. Зарим хүний асуудаг ямар ямар асуултыг дараагийн өгүүллээр авч үзэх вэ?

23 Энэ өгүүллээр Диаволын ямар ямар зан авирыг дуурайж болохгүй тухай ярилцлаа. Зарим хүн: «Сатанаас айх хэрэгтэй юү? Сатан христиануудыг яагаад хавчдаг вэ? Диаволд мэхлүүлэхээс хэрхэн зайлсхийх вэ?» гэх зэргээр асууж болох юм.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005/11/15-ны дугаарт нийтэлсэн «Диавол үнэхээр байдаг уу?» гэсэн сэдэвтэй цуврал өгүүллийг үзнэ үү (англи).

Та юу гэж хариулах вэ?

• Бид яагаад хэнийг ч, хэзээ ч гүтгэж болохгүй вэ?

1 Иохан 3:15-д бичсэнээр, хүн яавал алуурчин болох вэ?

• Тэрслэгчдэд хэрхэн хандах ёстой вэ? Яагаад?

• Ертөнцийг хайрлах ёсгүйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]