Skip to content

Гарчиг руу орох

«Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!»

«Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!»

«Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!»

«Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» (ДУУЛАЛ 119:97).

1, 2. а) 119-р дууллыг Бурхны онгодоор хөтлүүлэн зохиосон хүн ямар зовлон үзсэн бэ? б) Дуулалч тийн зовж байхдаа ч ямар байсан бэ? Яагаад?

 ЗУУН АРВАН ЕСДҮГЭЭР дууллыг зохиогч их зовлон үзжээ. Бурхны хуулийг үл тоомсорлодог бардам дайснууд нь түүнийг ихэд тохуурхан, гүтгэлэг зохиож, ноёд түүний эсрэг зөвлөлдөн, хяхаж хавчиж байв. Хорон муу хүмүүс өөрийг нь тойрон хүрээлж, амь насанд нь хүртэл аюул учруулж байлаа. Энэ бүхэнд дуулалч шаналан гашуудаж, «сэтгэл нь уйлдаг» байж (Дуулал 119:9, 23, 28, 51, 61, 69, 85, 87, 161). Гэлээ ч тэрбээр: «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» хэмээн дуулжээ (Дуулал 119:97).

2 Бурхны хууль энэ дуулалчийг яаж тайвшруулдаг байсан юм бол оо? Ехова өөрийг нь анхаардаг учраас дэмждэг гэдэгт дуулалч итгэдэг байжээ. Эсэргүүцэгчид нь түүнийг зовоож байсан ч, Бурхны хайрын сэтгэлээсээ өгсөн хуулийг сахидгийнхаа ачаар жаргалтай байв. Ехова өөрт нь сайнаар ханддагийг тэрбээр ойлгодог байжээ. Бурхны хуулийг сахин биелүүлэхэд дайснуудаасаа илүү мэргэн болж, тэр битгий хэл, аюулаас хамгаалагддаг байсан аж. Мөн сэтгэл санаа нь амгалан болж, сайн мөс чанартай болдог байжээ (Дуулал 119:1, 9, 65, 93, 98, 165).

3. Орчин үед Библийн хэм хэмжээгээр амьдрах нь христиануудад яагаад хэцүү байдаг вэ?

3 Өнөөдөр ч бас Бурхны зарим үйлчлэгч итгэлийн хүнд сорилтод ордог. Бид дуулалч шиг, амь насанд аюултай юмтай учрахгүй байж болох ч «хэцүү цагт» амьдарч байгаа билээ. Эргэн тойрны маань хүмүүс сайн муугийн талаарх Бурхны үзэл бодлыг үнэлдэггүй. Энэ нь, аминч үзэлтэй, эд хөрөнгө хураах зорилготой, ихэрхэг бардам зантай, бусдыг хүндэлж мэддэггүй гэсэн үг юм (2 Тимот 3:1–5). Түүнчлэн, залуу христиануудыг цэвэр ариун амьдрах шийдвэрээс нь няцаах гэсэн аюул байнга заналхийлж байдаг. Ийм нөхцөлд үргэлж Еховаг хайрлаад, зөв юманд дурлаад байх амаргүй. Өөрсдийгөө яаж хамгаалах вэ?

4. Дуулалч Бурхны хуулийг эрхэмлэдгээ яаж харуулсан бэ? Христианууд бас дуулалчийг дуурайн яах ёстой вэ?

4 Дарамт шахалтад бууж өгөхгүй байхад нь дуулалчид нэг зүйл тус болжээ. Тэрбээр Бурхны хуулийг нямбай судалж, эргэцүүлэн бодох цаг гаргадаг байв. Ийнхүү Бурхны хуульд хайртай болжээ. 119-р дууллын бараг зүйл болгонд Еховагийн хуулийг тодорхойлохдоо өөр өөр үг хэрэглэсэн байдаг. * Орчин үеийн христианууд эртний Израилийн ард түмэнд өгсөн Бурхны Хуульд захирагддаггүй (Колоссай 2:14). Гэхдээ Хуулийн зарчмууд одоо ч үнэ цэнээ алдаагүй. Уг зарчмууд дуулалчийн сэтгэлийг тайвшруулж байсан шигээ өнөөгийн хэцүү бэрх амьдралыг туулж буй Бурхны үйлчлэгчдийг ч тайвшруулах нь дамжиггүй.

5. Мосегийн хуулийн ямар ямар заалтыг авч үзэх вэ?

5 Одоо, Мосегийн хуулийн гурван заалтыг дэлгэрэнгүй ярилцаж, бидэнд ямар ач холбогдолтой болохыг үзье. Энэ нь: Амралтын өдрийг сахих; ургацын үлдэгдлийг цуглуулах; шунахайрахгүй байх тухай юм. Өнөөгийн бэрхшээлийг давж гарахад эдгээр заалтын цаадах зарчмыг ойлгох нь чухал байдгийг мэдэж авцгаая.

Сүнслэг хэрэгцээгээ хангах нь

6. Хүн бүр ямар үндсэн хэрэгцээтэй вэ?

6 Хүн олон хэрэгцээтэй бүтээгдсэн билээ. Эрүүл чийрэг байхад хоол унд, орон гэр зайлшгүй хэрэгтэй. Мөн үүний хажуугаар, «сүнслэг хэрэгцээгээ» ч анхаарах шаардлагатай. Энэ хэрэгцээгээ хангахгүй бол жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч чадахгүй (Матай 5:3, ШЕ). Ехова ард түмнээ өдөр тутмын үйл хэргээ түр зогсоож, сүнслэг асуудлыг анхаараасай гэсэндээ долоо хоног бүр бүтэн нэг өдөр гаргахыг тушаасан нь төрөлхийн энэ хэрэгцээг хангах нь үнэхээр чухал гэж үзсэн хэрэг юм.

7, 8. а) Бурхны хуулиар, Амралтын өдөр бусад өдрөөс ямар ялгаатай байсан бэ? б) Амралтын өдрийн зорилго юу байсан бэ?

7 Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхийн тулд цаг гаргах чухал гэдэг нь Амралтын өдрийг сахих тушаалаас тод харагддаг. Израильчууд цөлд манна идэх болсон үеийн түүхийг уншвал Библид «Амралтын өдөр» гэдэг үгийг анх хэрэглэснийг мэдэж болно. Израильчууд гайхамшгаар бий болсон энэ талхыг зургаан өдөр хураах ёстой байлаа. Долоо дахь өдөр нь юу ч өгөхгүй тул зургаа дахь өдөр нь «хоёр өдрийн талх» хураах байв. Долоо дахь өдөр Еховагийн «ариун амралтын өдөр» болж, «хүн бүр байрандаа байх» ёстой байжээ (Египетээс гарсан нь 16:13–30). Арван тушаалын нэгд Амралтын өдрөөр ямар ч ажил хийж болохгүй гэж заажээ. Учир нь тэр өдөр ариун байв. Уг тушаалыг сахиагүй хүн үхэх ялтай байжээ (Египетээс гарсан нь 20:8–11; Тооллого 15:32–36).

8 Ехова ард түмнийхээ өдөр тутмын хэрэгцээнд санаа тавихын зэрэгцээ өөртэй нь тогтоосон харьцаагаа бэхжүүлээсэй гэж хүсдэг байсан нь Амралтын өдрийг сахих заалтаас харагддаг. «Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон» гэж Есүс хэлжээ (Марк 2:27). Израильчууд энэ өдөр амраад зогсохгүй, бас Бүтээгчдээ улам ойртож, хайртайгаа харуулах боломжтой байсан (Дэд хууль 5:12). Энэ өдрийг дан ганц сүнслэг үйл хэрэгт зориулсан ажээ. Сүнслэг үйл хэрэг гэдэг нь гэр бүлээрээ Бурхныг шүтэх, залбирах, Бурхны Хуулийг эргэцүүлэн бодох зэрэг юм. Энэ арга хэмжээ израильчуудыг эд хөрөнгөний хойноос явахад хамаг цаг зав, хүч чадлаа тарамдахаас сэргийлэх зорилготой байсан. Еховатай тогтоосон харьцаа нь амьдралынх нь хамгийн чухал зүйл гэдгийг Амралтын өдөр тэдэнд сануулдаг байжээ. Есүс: «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» гэж хэлэхдээ дээрх мөнхийн зарчмыг давтан хэлжээ (Матай 4:4).

9. Амралтын өдрийг сахих заалт христиануудад ямар сургамжтай вэ?

9 Өнөөдөр «Амралтын өдөр» түүх болон үлдэж, Бурхны ард түмэн энэ тушаалыг сахиж мөрдөх шаардлагагүй болсон. Гэсэн хэдий ч энэ тушаалын цаана одоо ч ач холбогдолтой нэгэн зарчим бий (Колоссай 2:16). Амралтын өдрийг сахих тушаал сүнслэг үйл хэргийг эн тэргүүнд тавих ёстойг бидэнд ч мөн сануулдаг. Бурхныг шүтэх асуудлыг эд хөрөнгө, зугаа цэнгэлээс илүү чухал гэж үзэх ёстой (Еврей 4:9, 10). Тэгэхлээр бид дор бүрнээ: «Амьдралдаа би юуг нэгдүгээрт тавьдаг вэ? Библи судлах, залбирах, цуглаанд очих, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг нэгдүгээрт тавьдаг уу? Аль эсвэл эдгээрийг бусад зүйл шахан зайлуулж байна уу?» гэж асууж үзэх хэрэгтэй. Сүнслэг асуудлыг нэгдүгээрт тавьдаг бол зайлшгүй хэрэгтэй зүйлээр дутахгүй гэдгийг Ехова бидэнд батлан хэлдэг (Матай 6:24–33).

10. Сүнслэг хэрэгцээгээ хангах цаг гаргах нь ямар ач тустай вэ?

10 Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл судалж, эргэцүүлэн бодох цаг гаргавал Еховад улам ойртдог (Иаков 4:8). Сьюзан гэдэг христиан эмэгтэй 40-өөд жилийн өмнөөс Библи тогтмол судалж эхэлжээ. Эхэндээ энэ нь ямар ч сонирхолгүй, харин ч төвөгтэй санагддаг байсныг тэрбээр нуулгүй хэлсэн юм. Гэвч унших тусам сонирхлыг нь улам татах болжээ. Хэрэв ямар нэг шалтгаанаар Библиэ бие даан судалж чадахгүй бол түүнд үнэхээр хэцүү санагддаг гэнэ. «Библиэ тогтмол судалсны ачаар Еховаг Эцгээ гэж үздэг болсон. Одоо би Еховад бүрэн дүүрэн итгэж найддаг, чөлөөтэй залбирдаг. Ехова үйлчлэгчдээ хэчнээн их хайрладгийг, бас надад хэрхэн санаа тавьж, яаж тусалж байгааг харахад үнэхээрийн биширмээр» гэж Сьюзан ярьсан юм. Тийм ээ, сүнслэг хэрэгцээгээ үргэлж хангахад үнэхээр их баяр хөөр эдэлдэг!

Ургацын үлдэгдлийг цуглуулах заалт

11. Ургацын үлдэгдлийг цуглуулах заалт ямар ач холбогдолтой байсан бэ?

11 Одоо, энэ өгүүллээр ярилцах хоёр дахь зүйлийг авч үзье. Бурхан ард түмэндээ санаа тавьдгаа харуулан, ургацын гээгдсэн үлдэгдлээс түүх эрхийг Мосегийн хуулиар ядууст олгосон байлаа. Газрын эзэд ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг гачигдалтай хүмүүст түүлгэх тушаалтай байв. Тэд тариагаа хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хаддаггүй, мөн усан үзэм, чидун жимсний үлдэгдлийг түүдэггүй байв. Санаандгүй орхисон юүжилсэн тариаг ч дахин түүх ёсгүй байсан. Энэ нь ядуус, харийнхан, өнчин хүмүүс, бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайрлан халамжилсан хэрэг байлаа. Тэр хүмүүсийн хувьд хаягдсан тариа түүх нь амар ажил биш ч, үүний л ачаар гуйлга гуйдаггүй байжээ (Левит 19:9, 10; Дэд хууль 24:19–22; Дуулал 37:25).

12. Ургацаас үлдээх арга хэмжээ газрын эздэд ямар завшаан өгдөг байсан бэ?

12 Газрын эзэд ядууст хэдий хэмжээний ургац үлдээх ёстойг уг заалтад нарийн тусгаагүй. Тиймээс үлдээх газрынх нь өргөн ямар хэмжээтэй байхыг өөрсдөө шийдэх учиртай байжээ. Энэ арга хэмжээ өгөөмөр занд сургадаг байв. «Үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч Бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг» юм. Тийм учраас, ургацыг өгөөмрөөр хайрлагч Эзнээ хүндэтгэдгээ харуулах завшаан газрын эздэд олддог байсан (Сургаалт үгс 14:31). Боазад ч мөн тийм боломж олджээ. Тэрбээр өөрийнх нь талбайгаас хаягдал тариан түрүү түүж байсан бэлэвсэн эмэгтэй Рутэд сайхан сэтгэл гаргаж, талбайдаа ахиухан тариа үлдээхийг зарц нартаа захиж байсан. Өгөөмөр сэтгэлийнх нь төлөө Ехова түүнийг арвин их ивээсэн (Рут 2:15, 16; 4:21, 22; Сургаалт үгс 19:17).

13. Ургацын үлдэгдлийг цуглуулах заалт бидэнд ямар ач холбогдолтой вэ?

13 Ургацын үлдэгдлийг цуглуулах заалтын цаадах зарчим өөрчлөгдөөгүй. Ехова үйлчлэгчдээ хүмүүст, ялангуяа ядууст өгөөмөр сэтгэл гаргадаг байгаасай гэж хүсдэг. Бид хэдийчинээ өгөөмөр байна, төдийчинээ их ивээл хүртэнэ. Есүс: «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно» гэж хэлсэн байдаг (Лук 6:38).

14, 15. Яаж өгөөмөр зан гаргах вэ? Өгөөмөр зан гаргаж хүмүүст туслах нь өөрсдөд маань ч, өрөөл бусдад ч ямар ач тустай вэ?

14 Элч Паул биднийг «бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэхийг» уриалжээ (Галат 6:10). Тиймээс, итгэл нэгтнүүдээ хүнд сорилтод орох цагт нь сүнслэг тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн, Хаанчлалын танхимд очих, дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулахад нь ч тусалж болох юм. Бас өндөр настай, өвчин хуучтай, гэрээс гарч чаддаггүй хүмүүсийг эргэж тойрч сэтгэлийг нь сэргээн, боломжийнхоо хэрээр тусалбал ямар вэ? Хэрэв бид тийм боломжийг үргэлж хайдаг бол Ехова гачигдалтай хүмүүсийн залбиралд хариулахдаа биднийг ашиглаж болох юм. Христиан хүн итгэл нэгтэндээ санаа тавина гэдэг бол үүргээ биелүүлж байгаа төдийгүй өөртөө ч тустай үйл хийж байгаа хэрэг юм. Итгэл нэгтнээ жинхэнэ ёсоор хайрлавал Еховагийн сайшаалыг хүртэж, асар их баяр хөөртэй, сэтгэл хангалуун болдог (Сургаалт үгс 15:29).

15 Хүмүүст өгөөмөр сэтгэл гаргах бас нэг чухал арга бол Бурхны санаа зорилгыг ярих цаг зав гаргаж, хүч чадлаа зориулах явдал юм (Матай 28:19, 20). Еховад өөрийгөө зориулахад нь бусдад туслахын баяр жаргал амссан хүн «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» буюу жаргалтай гэж Есүсийн хэлсэн үгийн үнэнийг ойлгодог (Үйлс 20:35).

«Бүү шунахайр»

16, 17. Арав дахь тушаалаар яахыг хориглосон байдаг вэ? Яагаад?

16 Одоо бидний хэлэлцэх гэж байгаа гурав дахь заалт бол шунахайрахыг хориглосон арав дахь тушаал юм. Тэнд: «Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр» гэж тушаажээ (Египетээс гарсан нь 20:17). Хүн хэзээ ч хүний зүрхийг харж чадахгүй учраас ийм тушаал гаргаж чадахгүй. Хүний гаргасан хуулийг Бурхны хуультай харьцуулах ч аргагүйг энэ тушаал харуулдаг. Зүрхийг хардаг Еховагийн өмнө хариуцлага хүлээх ёстойг нь израиль хүн бүрд уг тушаал ойлгуулдаг байсан (1 Самуел 16:7). Мөн, олон хууль бус үйлдлийн шалтгааныг илчилдэг байжээ (Иаков 1:14).

17 Бүү шунахайр гэсэн тушаал нь Бурхны ард түмнийг эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх, сувдаг шунахай зантай болох, амьдралдаа сэтгэл дундуур байхаас сэргийлдэг байв. Түүнчлэн, хулгай, садар самуунд уруу татагдахаас хамгаалдаг байсан. Их эд хөрөнгөтэй юм уу аль нэг талаараа биднээс илүү яваа мэт санагдах хүмүүс хэзээд байна. Хэрэв бид бодол санаагаа захирахгүй бол сэтгэлээр унаж, тийм хүмүүст атаархаж ч мэднэ. Библид шунахай сэтгэлийг «ёс суртахуунгүй оюун санааны» илрэл гэдэг. Шунахайрдаггүй бол туйлын сайн (Ром 1:28–30).

18. Өнөөгийн нийгэмд ямар хандлага зонхилж байгаа вэ? Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

18 Өнөөгийн нийгэмд өнгө мөнгөний шунал, өрсөлдөх сэтгэлгээг өөгшүүлэх хандлага зонхилж байна. Худалдаа арилжааныхан шинэ бүтээгдэхүүнээ сурталчлан хүмүүсийн хүслийг гижигдэж, үүнийг л авахгүй бол жаргалтай байж чадахгүй гэсэн бодол төрүүлдэг. Энэ бол Еховагийн Хуулиар эрс буруушаадаг хандлага яах аргагүй мөн. Түүнчлэн, ямар ч үнээр хамаагүй, амжилтад хүрч, эд баялаг хураах гэсэн хүслийг зэмлэн буруушаадаг. Элч Паул: «Баяжих хүсэлтэй хүмүүс сорилт ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол [«мөнгийг хайрлах нь», МАБ] бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүн үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» гэж бичжээ (1 Тимот 6:9, 10).

19, 20. а) Еховагийн хуулийг хайрладаг хүмүүст жинхэнэ үнэ цэнтэй юм юу вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

19 Бурхны хуулийг хайрладаг хүмүүс эд хөрөнгөөр хөөцөлдөхийн аюулыг ойлгодог агаад энэхүү аюулаас өөрсдийгөө хамгаалж чаддаг. Жишээ нь, дуулалч: «Зүрхийг минь олз руу бус, Өөрийн гэрчлэл рүү хандуулаач. Таны амнаас гарсан хууль надад мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм» хэмээн Еховад залбирчээ (Дуулал 119:36, 72). Энэ үг үнэн гэдэгт итгэх нь үргэлж дүн нуруутай байж, эд хөрөнгөөр хөөцөлдөх, сувдаг шунахай зантай болох, амьдралдаа сэтгэл дундуур байх зэрэг урхинаас хол байхад тустай. Хурааж хуримтлуулсан эд хөрөнгө бус, гагцхүү Бурханд үнэнч байдал л хүний олж болох хамгийн «агуу ашиг» юм (1 Тимот 6:6).

20 Эртний Израилийн ард түмэнд өгсөн Еховагийн Хуулийн цаадах зарчмууд Мосегийн үед ач холбогдолтой байсан шигээ өнөөгийн хэцүү үед ч ач холбогдолтой хэвээрээ байна. Тэр зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийн хэрээр улам сайн ойлгож, хайрладаг болж, өөрсдөө ч илүү жаргалтай болно. Хуульд бидний хувьд үнэ цэнтэй, сургамж болох зүйл олон байдаг бөгөөд үүнийг Библийн баатруудын амьдрал, туршлага тод сануулдаг. Эдгээрийн заримыг дараагийн өгүүллээр үзье.

[Зүүлт]

^ Энэ дууллын 176 зүйлийн 4-өөс бусдад нь Еховагийн «тушаал», «тогтоол», «хууль», «зарлиг», «гэрчлэл», «үг», «зам»-ын аль нэгийг дурджээ.

Та юу гэж хариулах вэ?

119-р дууллыг зохиогч Еховагийн хуулийг ямар учраас хайрладаг байсан бэ?

• Амралтын өдрийг сахих заалт христиануудад ямар сургамжтай вэ?

• Ургацын үлдэгдлийг цуглуулах заалтын цаана ямар хуучиршгүй зарчим байдаг вэ?

• Бүү шунахайр гэсэн тушаал биднийг яаж хамгаалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]