Skip to content

Гарчиг руу орох

Ариун цуглааныг хүндэтгэгтүн

Ариун цуглааныг хүндэтгэгтүн

Ариун цуглааныг хүндэтгэгтүн

«Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно» (ИСАИА 56:7).

1. Цуглааныг хүндэтгэх ёстойн учрыг Библид үндэслэн тайлбарлана уу.

 ЕХОВА тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчдийг ард түмнээ болгон, өөрийгөө шүтүүлэхээр «ариун ууландаа» цуглуулжээ. Тэд Еховагийн «залбирлын өргөө» буюу сүнслэг сүм болсон «бүх ард түмний залбирлын өргөөнд» баяртайгаар үйлчилдэг (Исаиа 56:7; Марк 11:17). Ард түмнээ цуглуулахын тулд хийсэн бүхнийг нь бодож үзвэл, бид шүтлэгээ ариун байлгаж, бүхнээс дээгүүр тавих ёстой нь харагддаг. Бурхныг шүтэж, Библи судлах зорилготой цуглааныг хүндэтгэдэг бол Еховаг дуурайн, ариун юмыг эрхэмлэдгээ батлан харуулна.

2. Ехова мөргөлийн асар болон Иерусалимын сүмийг ариун гэж үздэг байсныг хаанаас мэдэж болох вэ? Есүс бас тийн үздэгээ хэрхэн харуулсан бэ?

2 Эртний израильчууд Еховад мөргөл үйлддэг газрыг ариун гэж үзэх ёстой байсан. Мөргөлийн асрыг бүх тавилга, хэрэгслийнх нь хамт «хамгийн ариун болгохын тулд» тосолж, ариусгадаг байжээ (Египетээс гарсан нь 30:26–29). Асрын нэг тасалгааг «Ариун газар», нөгөөг нь «Ариунаас Ариун газар» гэдэг байв (Еврей 9:2, 3). Мөргөлийн асрыг хожим нь Иерусалимд барьсан сүмээр сольсон түүхтэй. Иерусалимыг Еховаг шүтэх шүтлэгийн төв болгосноос үүдэн «ариун хот» гэдэг болжээ (Нехемиа 11:1; Матай 27:53). Есүс дэлхийд байхдаа, сүмд худалдаа наймаа хийдэг болон зам товчлон сүмээр дайран өнгөрч байсан хүмүүсийг хатуу зэмлэсэн нь сүмийг ариун гэж үздэгийнх байв (Марк 11:15, 16).

3. Израильчууд цуглааныг ариун гэж үздэг байсныг хаанаас мэдэж болох вэ?

3 Израильчууд Еховад мөргөл үйлдэж, Хуулийг нь уншиж, сонсох гэж тогтмол цуглахаас гадна зарим баяр ёслолоо «ариун цугларалт» гэж нэрлэдэг байжээ. Тийнхүү уг арга хэмжээг ариун гэж үздэгээ харуулдаг байв (Левит 23:2, 3, 36, 37). Нехемиа Езра нарын үед олон түмэн цугларч, левичүүд «бүх ард түмэнд хуулийг тайлбарлажээ». «Бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байсан» тул левичүүд: «Өдөр нь ариун учраас чимээгүй байцгаа» гэж хэлсэн байдаг. Дараа нь израильчууд Майхан баярыг долоо хоног тэмдэглэн, «аугаа баяр хөөр болж», «анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурхны хуулийн номоос уншиж байсан. Тэд долоон хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу ёслолын чуулганыг хийжээ» (Нехемиа 8:7–11, 17, 18). Эдгээр нь ирсэн хүн болгоны хүндэтгэвэл зохих ариун цуглаан байлаа.

Христиан цуглаан бол ариун цуглаан

4, 5. Цуглаан ариун гэдгийг юу харуулдаг вэ?

4 Өнөөдөр Еховаг шүтэх тусгай сүм бүхий ариун хот дэлхий дээр байхгүй. Гэхдээ Еховаг шүтэх зорилготой ариун цуглаан байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бид Библи уншиж, судлахын тулд долоо хоногт гурван удаа цугладаг. Нехемиагийн үед Бурхны Үгийг «ойлгуулахын тулд тайлбарладаг» байсан шиг өнөөдөр ч бас цуглаан дээр Библийг тайлбарладаг (Нехемиа 8:8). Цуглаан болгоны эхэн болон төгсгөлд залбирч, ихэнх цуглаан дээр Еховаг магтан дуулдаг (Дуулал 26:12). Шүтлэгийн маань салшгүй хэсэг болсон цуглаанд бид чин сэтгэлээсээ, хүндэтгэлтэй хандах учиртай

5 Ард түмэн нь өөрийг нь шүтэж, Үгийг нь судалж, бие биеэ сэргээн урамшуулах зорилгоор цуглахад Ехова ивээдэг (Дуулал 133:1). Тийм учраас Бурхны ивээлийг хүртэхийн тулд цуглаанд очиж, хөтөлбөрийг анхааралтай сонсох хэрэгтэй. Есүс: «Хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна» гэж хэлсэн. Хам сэдвийг нь үзвэл, энэ үг итгэл нэгтнүүдийн хувийн асуудлыг шийдэхээр уулзаж буй ахлагчдад хамаатай боловч, зарчмын хувьд, цуглаанд ч мөн хамаатай (Матай 18:20). Өөрийнх нь нэрээр цугласан хүмүүсийн дунд Есүс Христ ариун сүнсээр байдаг тул цуглааныг ариун гэж үзэх ёстой.

6. Цуглаан, чуулган явуулах газрыг юу гэж үзэх нь зүйтэй вэ?

6 Ехова хүний гараар барьсан сүмд оршдоггүй нь үнэн. Гэхдээ Хаанчлалын танхим бол жинхэнэ Бурхныг шүтэхэд зориулсан газар мөн (Үйлс 7:48; 17:24). Бид Еховагийн Үгийг судалж, залбирч, Бурхнаа магтан дуулахаар танхимд очдог. Чуулганы танхимд ч адилхан зорилгоор очдог. Чуулган явуулахаар түрээсэлсэн концерт, үзэсгэлэнгийн танхим, цэнгэлдэх хүрээлэн зэрэг нь ч бас ариун цуглааны үеэр Еховаг шүтэхэд зориулсан газар болдог. Бид цар хүрээнээс нь үл хамааран, цуглаанд хүндэтгэлтэй хандаж, биеэ зөв авч явах учиртай.

Цуглааныг хүндэтгэдгээ харуулах нь

7. Цуглааныг хүндэтгэдгээ харуулах нэг арга юу вэ?

7 Цуглааныг хүндэтгэдгээ харуулах олон арга бий. Жишээ нь, Хаанчлалын дуу дуулах. Ихэнх дуу залбирал шиг байдаг учир хайнга хандах ёсгүй. Элч Паул Есүсийг, «Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, чуулганы дунд Таныг Би магтан дуулна» гэж Еховад хэлж байгаагаар бичихдээ 22-р дууллаас иш татжээ (Еврей 2:12). Цуглаан дээр хөтлөгчийг дууны дугаар зарлахаас өмнө байраа эзлээд, утга санааг нь бодож байгаад дуулаарай. «Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө» гэж бичсэн дуулалчийнх шиг сэтгэлээр дуулдаг байя (Дуулал 111:1). Еховаг магтуу дуугаар алдаршуулах нь цуглаанд хоцролгүй очиж, дундаас нь явахгүй байх хүндтэй шалтгаан юм. *

8. Цуглаан дээр залбирахад анхааралтай сонсож, хүндэтгэлтэй хандах ёстойг Библийн ямар жишээ харуулдаг вэ?

8 Цуглаанд ирсэн бүх хүнийг төлөөлж нэг хүн залбирдаг бөгөөд энэ нь цуглааныг сүнслэг уур амьсгалтай болгодог. І зуунд Иерусалимын христианууд хамтдаа цуглан, «Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар» шаргуу залбирсан байдаг. Үүний ачаар, тэд эсэргүүцэлд бууж өгөлгүй, «Бурхны үгийг зоригтойгоор ярьж», дэлгэрүүлэх ажлаа хийсээр байсан (Үйлс 4:24–31). Тийн залбирах үеэр хэн нэг нь өөр юм бодож байсан болов уу? Яалаа гэж! Тэд «нэгэн санаагаар» залбирсан шүү дээ. Цуглаан дээр бусдыг төлөөлж залбирах хүнтэй санал нэгтэй байхын тулд анхааралтай сонсож, хүндэтгэлтэй хандах ёстой.

9. Цуглаан, чуулганыг хүндэтгэдгээ хувцас хунар, биеэ авч явах байдлаараа хэрхэн харуулах вэ?

9 Цуглааныг хүндэтгэдэг эсэх маань үс зүс, хувцас хунараас харагддаг. Гадаад байдал зохистой бол цуглааны нэр төрийг өргөдөг. Элч Паул: «Би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. Үүний адилаар, эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, харин Бурхнаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн» гэж зөвлөжээ (1 Тимот 2:8–10). Цэнгэлдэх хүрээлэн, задгай талбайд явуулах чуулганд очихдоо хувцсаа цаг агаар, орчиндоо тохируулах нь зүйтэй боловч намбатай, даруу байлгах учиртайг мартаж болохгүй. Түүнээс гадна, хөтөлбөрийн үеэр юм идэх, бохь зажлах зэргээр үл хүндэтгэсэн байдал гаргахгүй байх нь зүйтэй. Үзэмжтэй хувцаслаж, биеэ зөв авч явах нь Ехова Бурхнаа, шашин шүтлэгээ, итгэл нэгтнүүдээ хүндэтгэж байгаа хэрэг.

Цуглаан дээр биеэ зөв авч явах нь

10. Цуглаан дээр биеэ зөв авч явах шаардлагатайг элч Паул хэрхэн харуулсан бэ?

10 1 Коринт номын 14-р бүлэгт элч Паул цуглааныг хэрхэн явуулах учиртайг зөвлөөд, эцэст нь: «Бүх юм зохистой, эмх журмынхаа дагуу байг» хэмээсэн байдаг (1 Коринт 14:40). Цуглаан христиан хурлын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд бид цуглаан дээр биеэ зөв авч явах учиртай.

11, 12. а) Хүүхдэд юуг ойлгуулах хэрэгтэй вэ? б) Хүүхдүүд цуглаан дээр итгэл үнэмшлээ хэрхэн илэрхийлж болох вэ?

11 Ялангуяа, хүүхэд багачууд цуглаан дээр биеэ зөв авч явж сурах хэрэгтэй. Хаанчлалын танхим болон Ном судлалын цуглаан явуулдаг газар бол тоглох газар биш, харин Еховаг шүтэж, Үгийг нь судалдаг газар гэдгийг эцэг эхчүүд үр хүүхдэдээ ойлгуулах шаардлагатай. Мэргэн ухаант хаан Соломон: «Бурхны өргөө рүү явахдаа чи алхмаа хянагтун. ...Ойртон очоод чагнасан нь дээр» гэж бичсэн байдаг (Номлогчийн үгс 5:1). Мосе томчуудыг «хүүхэд багачуудтай» нь хамт нэг дор цуглуулаад: «Ард түмнийг... цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго. Та нар... хүүхдүүддээ түүнийг сонсгож, ЭЗЭН Бурхнаасаа айн эмээхийг сурга» гэж хэлсэн байдаг (Дэд хууль 31:12, 13).

12 Өнөөдөр ч гэсэн, хүүхдүүд эцэг эхээ дагаж цуглаанд ирдгийн гол зорилго нь сонсохын зэрэгцээ сурах явдал юм. Хүүхдүүд цуглаан дээр анхааралтай сонсож, Библийн үндсэн сургаалыг ойлгодог болбол итгэл үнэмшлээ «амаараа хүлээн зөвшөөрөх» буюу асуултад товч хариулан цуглаанд оролцох боломжтой (Ром 10:10). Ойлгосон асуултдаа цөөн үгээр хариулж болно. Ер нь, хүүхэд хариулж сурахын тулд эхэндээ ном хэвлэлээс уншдаг боловч яваандаа өөрийнхөө үгээр ярьж сурдаг. Энэ нь өөрт нь сонирхолтой, тустай байдгийн зэрэгцээ итгэл үнэмшлээ ийнхүү чин сэтгэлээсээ илэрхийлэхэд томчуудад ч сайхан санагддаг. Эцэг эхчүүд өөрсдөө үлгэр жишээ үзүүлэн, цуглаан дээр хариулдаг байх нь зүйтэй. Бас хүүхэд эцэг эхээсээ тусдаа Библи, дууны ном, цуглаанаар үзэх ном хэвлэлтэй байвал сайн. Ингэвэл ном хэвлэлийг ариг гамтай эдэлж сурдаг. Энэ бүхний ачаар хүүхдүүд христиан цуглааныг ариун гэж ойлгодог болно.

13. Бид цуглаанд анх удаа ирсэн хүнд ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг вэ?

13 Христ шашны зарим урсгалын цуглаан хөндий хүйтэн уур амьсгалтай, хэт ёсорхог, эсвэл шоу концерт шиг дуу чимээ ихтэй болдог. Гэхдээ Еховагийн Гэрчүүдийн цуглаан өөр байх учиртай. Бид цуглаанаа халуун дулаан, элэгсэг дотно уур амьсгалтай байлгахыг хичээдэг. Гэхдээ энэ нь амарч алжаалаа тайлж байгаа мэт ёс журамгүй байна гэсэн үг биш ээ. Еховаг шүтэх зорилгоор цугладаг учир биеэ намбатай авч явах ёстой. Цуглаанд анх удаа ирсэн хүн ч хөтөлбөр сонсож, хүүхэд багачууд болон томчуудын биеэ авч явах байдлыг ажиглаад: «Бурхан үнэхээр та нарын дунд байна» хэмээн хэлээсэй гэж бид хүсдэг (1 Коринт 14:25)

Шүтлэгийн салшгүй хэсэг

14, 15. а) «Бурхныхаа өргөөг орхихгүйн» тулд яах хэрэгтэй вэ? б) Исаиа 66:23 өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

14 Ехова ард түмнээ цуглуулдаг бөгөөд ард түмэн нь ч «залбирлын өргөө» буюу сүнслэг сүмд нь баяр хөөртэй үйлчилдгийг бид өгүүллийн эхэнд тэмдэглэсэн билээ (Исаиа 56:7). Бурхны үнэнч үйлчлэгч Нехемиа тухайн үеийнхээ иудейчүүдэд Иерусалимын сүмийн үйл ажиллагааг дэмжин, өргөл хандив өргөж, сүмийг ариун гэж үздэгээ харуулах учиртайг сануулан: «Бид Бурхныхаа өргөөг орхихгүй» гэж хэлж байсан (Нехемиа 10:39). Бурхан биднийг «залбирлын өргөөндөө» урьж, өөрийг нь шүтэх завшаан өгсөн. Бид энэ завшаанаа эрхэмлэх учиртай.

15 Зөнч Исаиа: «„Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ“ гэж ЭЗЭН айлдаж байна» хэмээн бичсэн байдаг нь Еховаг шүтэх зорилгоор цуглаанд тогтмол очих хэрэгтэйн учрыг харуулдаг (Исаиа 66:23). Энэ зөгнөл өнөөдөр биелж байна. Еховагийн Гэрчүүд Бурхандаа «мөргөхөөр» долоо хоног бүр «ирдэг». Цуглаанд очих, дэлгэрүүлэх ажилд оролцох зэрэг нь Бурхандаа «мөргөж» байгаа хэрэг. Та Исаиагийн зөгнөлийг биелүүлдэг үү?

16. Цуглаан амьдралын маань салшгүй хэсэг байх ёстойн учир юу вэ?

16 Дээрх зөгнөл Еховагийн амласан шинэ ертөнцөд бүрэн биелнэ. Тэр цагт үнэхээр «бүх махан бие» «шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл... [Еховагийн] өмнө мөргөх» буюу үүрд мөнх Еховаг шүтнэ. Үүнийг бодож үзвэл, Еховаг шүтэх зорилготой цуглаан ирээдүйд ч амьдралын маань салшгүй хэсэг байх аж. Тэгвэл одооноос цуглаанд тогтмол очиж хэвших нь ухаалаг хэрэг биш гэж үү?

17. «Тэр өдөр ойртох тусам» цуглаанд тогтмол очих хэрэгтэйн учир юу вэ?

17 Төгсгөл ойртохын хэрээр цуглаанд илүү ул суурьтай хандаж, ариун гэж үзэх ёстой. Тийм хүн ажил алба, хичээл сургууль, гэрийн даалгавар зэргээр шалтаглан, сав л хийвэл, цуглаан таслаад байхгүй. Цуглаанд тогтмол очих нь сүнслэгээр бэхжүүлэх, итгэл нэгтнүүдтэйгээ дотно танилцах, «хайр болон сайн үйлсэд... хөхүүлэн урамшуулж, ...зоригжуулах» ач тустай. «Тэр өдөр ойртох тусам» энэ бүхэн бүр ч чухал (Еврей 10:24, 25). Тиймээс цуглаанд тогтмол очиж, зохистой хувцаслаж, биеэ зөв авч яван, ариун цуглааныг хүндэтгэцгээе. Тэгсэн цагт Еховаг дуурайж, ариун юмыг эрхэмлэдгээ батлан харуулна.

[Зүүлт]

^ Таны мэддэг хэлээр дууны ном байхгүй бол цуглаанд бэлдэхдээ дууны үндэс болсон Библийн зүйлийг урьдчилж уншаад дуу дуулж байх үеэр суудлаасаа босож, утгыг нь бодоорой. Эсвэл цуглааны өмнө гадаад хэл мэддэг хүнээр дууны утга санааг яриулж, дууны үеэр эргэцүүлэн бодоорой.

Давтах асуулт

• Еховагийн ард түмний цуглааныг ариун гэж үзэх учиртайг хаанаас мэдэж болох вэ?

• Цуглаан ариун гэдгийг юу харуулдаг вэ?

• Хүүхэд багачууд цуглааныг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?

• Цуглааныг амьдралынхаа салшгүй хэсэг болгох ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]