Skip to content

Гарчиг руу орох

Ехова «өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс» өгдөг

Ехова «өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс» өгдөг

Ехова «өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс» өгдөг

«Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» (ЛУК 11:13).

1. Ямар үед ариун сүнсний тусламж онцгой хэрэг болдог вэ?

 «БУРХАН ариун сүнсээ өгч туслахгүй л бол би энэ сорилтыг өөрийн хүчээр яасан ч давж чадахгүй нь!» Ингэж хэлэх үе танд байсан уу? Ихэнх христианд тийм үе байдаг. Жишээ нь, хүнд өвчин туссанаа мэдээд, эсвэл хань ижлээ алдаад, эсвэл юмыг өөдрөгөөр харахаа болих цагт ингээд хэлчихдэг. Хэрэв Ехова ариун сүнсээрээ «хэрээс хэтэрсэн хүч» (ШЕ) өгөөгүй л бол амьдралынхаа хар бараан өдрүүдийг давж гарч чадахгүй байсан гэж тэд боддог (2 Коринт 4:7–9; Дуулал 40:1, 2).

2. а) Жинхэнэ христиануудад ямар сорилт тулгардаг вэ? б) Энэ өгүүллээр ямар хоёр асуултыг авч үзэх вэ?

2 Ёс бус ертөнцийн зүгээс жинхэнэ христиануудыг хавчиж, эсэргүүцэх явдал улам гаарч байгаа билээ (1 Иохан 5:19). Үүний зэрэгцээ, Сатан Диавол ч «Бурхны хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг» тэр хүмүүстэй ширүүн тэмцэл явуулж, өөрийн биеэр довтолж байна (Илчлэлт 12:12, 17). Ийм үед Бурхны сүнсний тусламж хэзээ хэзээнээс илүү хэрэг болох нь ойлгомжтой. Бурхны ариун сүнсийг тасралтгүй авч байхын тулд яах хэрэгтэй вэ? Сорилтын үед Ехова бидэнд шаардлагатай хүчийг дуртайяа өгдөг гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? Эдгээр асуултын хариуг Есүсийн хэлсэн хоёр жишээнээс авцгаая.

Цөхрөлтгүй залбирагтун

3, 4. Есүс ямар жишээ татсан бэ? Жишээгээрээ залбирлын талаар юу хэлэх гэсэн бэ?

3 Нэгэн шавь нь Есүсээс: «Эзэн, ...хэрхэн залбирахыг... бидэнд зааж өгөөч» гэж гуйжээ (Лук 11:1). Хариуд нь Есүс хоорондоо уялдаатай хоёр жишээ хэлж өгчээ. Эхний жишээнд гэртээ зочин хүлээн авсан хүний тухай гардаг бол, хоёр дахь жишээнд хүүгийнхээ хүссэнийг өгсөн аавын тухай гардаг. Энэ хоёр жишээг дэлгэрэнгүй ярилцъя.

4 Есүс ярьсан нь: «Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж: „Найз аа, надад гурван талх зээлдүүлээч, найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга“ гэхэд нь дотроос тэр: „Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй“ гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юм аа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно» гэжээ. Тэгээд, энэ жишээгээрээ залбирлын талаар юу хэлэх гэснээ тайлбарлаж: «Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ» хэмээн ярьжээ (Лук 11:5–10).

5. Шаргуу зантай хүний жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

5 Шаргуу зантай хүний жишээ хэрхэн залбирах ёстойг хэлж өгдөг. Тэр хүн «цөхрөлтгүй» гуйсныхаа ачаар хэрэгтэй юмаа авч чадсаныг Есүс онцолсон байдаг (Лук 11:8). «Цөхрөлтгүй» гэж орчуулсан грек үг Библид ганцхан удаа гардаг бөгөөд үгчилбэл «ичгүүр сонжуургүй» гэсэн утгатай. Ичгүүр сонжуураа алдсан хүнийг сайн гэж хэлэхгүй нь лав. Гэхдээ, сайн юмны төлөө «ичгүүр сонжуургүй» буюу «цөхрөлтгүй» байх нь муу биш ээ. Есүсийн ярьсан жишээний гол баатар чухамдаа ийм л зан гаргажээ. Тэрбээр хэрэгтэй юмаа цөхрөлтгүй гуйхаасаа огтхон ч ичиж зовоогүй. Энэ хүнийг Есүс бидэнд сайн үлгэр дуурайл болгон ярьсан учраас бид Бурханд залбирахдаа цөхөрдөггүй байх хэрэгтэй. Ехова биднийг үргэлж гуйж, хайж, тогшоосой гэж хүсдэг. Хэрэв тэгвэл, «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй».

6. Есүсийн үед зочлох ёс ямар байсан бэ?

6 Есүс цөхрөлтгүй залбирах хэрэгтэйг заагаад зогсоогүй, чухам яагаад тийн залбирах ёстойг хэлж өгсөн. Есүсийн үед зочлох ёс ямар байсныг үзвэл дээрх жишээний учрыг илүү сайн ойлгоно. Эрт цагийн хүмүүс, тэр дундаа, Бурхны үйлчлэгчид зочин гийчнээ хөл хөөрцөг болон угтаж, ихэд хүндэтгэн зочилдог байсан түүх Библид олон бий (Эхлэл 18:2–5; Еврей 13:2). Харин зочноо зохих ёсоор хүндэтгээгүй бол шившиг болдог байжээ (Лук 7:36–38, 44–46). Үүнийг бодож байгаад, Есүсийн хэлсэн жишээг дахин нэг ярилцъя.

7. Есүсийн жишээнд гардаг гэрийн эзэн найзаа сэрээхээс яагаад ичээгүй вэ?

7 Жишээний гол баатрынд шөнө дүлээр зочин иржээ. Зочноо дайлах гэтэл «өмнө нь тавих юм юу ч» байсангүй. Гэрийн эзэн ч эвгүй байдалд орж! Юу ч болсон, идэх юм олж ирэх хэрэгтэй боллоо. Ингээд найзындаа очоод, ичих ч үгүй, сэрээв. «Найз аа, надад гурван талх зээлдүүлээч» гэж хашгирлаа. Талх аван автлаа ингэж шалж зогсов. Талх авсан цагт л сая зочныхоо өмнө нүүр улайхгүй болох байв.

Хэдийчинээ их хэрэг болно, төдийчинээ цөхрөлтгүй гуйгтун

8. Христианууд ямар учраас Еховагийн ариун сүнсийг цөхрөлтгүй гуйдаг вэ?

8 Тэгвэл яагаад цөхрөлтгүй залбирах ёстой вэ? Есүсийн жишээнд гарсан гэрийн эзэн зочноо дайлахад талх заавал хэрэгтэй гэж бодож байсан учраас найзыгаа шалсаар байсан (Исаиа 58:5–7). Талхгүй бол зочноо дайлж чадахгүйд хүрэх байв. Үүнтэй адилаар, үүргээ биелүүлэхэд Бурхны сүнс зайлшгүй хэрэгтэйг мэддэг учраас жинхэнэ христианууд бид Бурхнаас ариун сүнс гуйж байнга залбирдаг (Зехариа 4:6). Тийм ээ, ариун сүнс байхгүй бол бид үүргээ биелүүлж чадахгүй (Матай 26:41). Ариун сүнсний тусламжийг хэдийчинээ их хэрэгтэй гэж үзнэ, Бурхнаас сүнсийг нь гуйж төдийчинээ цөхрөлтгүй залбирна гэсэн чухал сургамжийг дээрх жишээнээс авч болохоор байна.

9, 10. а) Бурхны ариун сүнсийг гуйн цөхрөлтгүй залбирах хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу. б) Өөрөөсөө үе үе юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?

9 Есүсийн ярьсан жишээг орчин үеийн хувилбарт оруулъя. Танай гэрийнхнээс хэн нэг нь шөнө дунд өвджээ гэж бодъё. Танд түргэн тусламж дуудах боломж байхгүй ч, танай хөрш айлд эмч хүн амьдарч байж. Та тэр эмчийг сэрээж, тусламж гуйх уу? Тийм сүртэй юм биш л бол заавал эмч дуудахгүй байх. Харин зүрх нь хүчтэй өвдөх ч юм уу өөр аюултай өвчин туссан бол эмч дуудахаасаа зовохгүй. Учир нь хүний амь нас яригдаж байгаа шүү дээ. Тийм үед эмнэлгийн тусламж авахгүй л бол гарцаагүй үхнэ. Түүн шиг, жинхэнэ христиануудыг байнгын аюул отож байдаг. Учир нь, Сатан биднийг «архирах арслан» шиг «залгихыг» хичээдэг (1 Петр 5:8). Сүнслэгээр үхэхгүй байхад ариун сүнс зайлшгүй хэрэгтэй. Бурхнаас тусламж гуйхгүй бол гашуун үр дагавар амсана. Тиймээс бид ариун сүнс гуйн цөхрөлтгүй залбирдаг (Ефес 3:14–16). Тэгж байж л, «эцсээ хүртэл тэвчиж» чадна (Матай 10:22; 24:13).

10 Тиймээс, «Би хэр зэрэг цөхрөлтгүй залбирдаг вэ?» гэж өөрөөсөө үе үе асууж байх хэрэгтэй. Бурхны тусламж зайлшгүй хэрэгтэйг хэдийчинээ сайн ойлгоно, ариун сүнсийг төдийчинээ цөхрөлтгүй гуйх болно.

Яавал итгэлтэй залбирах вэ?

11. Есүс эцэг хүү хоёрын тухай жишээгээрээ залбирлын талаар юу хэлэх гэсэн бэ?

11 Есүсийн татсан эхний жишээний гол баатар цөхрөлтгүй залбирч байгаа хүнийг харуулдаг бол, хоёр дахь жишээний баатар залбирлыг маань сонсдог Ехова Бурхныг төлөөлдөг. Есүс: «Эцгүүд та нарын нэгнээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ?» гэж асуугаад, энэ жишээг залбиралтай холбон: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» хэмээн дүгнэжээ (Лук 11:11–13).

12. Халамжит эцгийн тухай жишээ Ехова залбирлыг дуртайяа сонсдог гэсэн санааг хэрхэн онцолдог вэ?

12 Ехова өөрт нь залбирдаг хүмүүст ямар сэтгэл гаргадгийг хүүгийнхээ хүслийг биелүүлсэн эцгийн жишээ харуулдаг (Лук 10:22). Одоо энэ жишээг эхнийхтэй харьцуулъя. Эхний жишээнд гардаг хүн найздаа туслахдаа хойрго байсан бол, хоёр дахь жишээний баатар хүүхдийнхээ хүсэлтийг дуртайяа биелүүлдэг. Ехова яг л тэр халамжтай эцэг юм (Дуулал 50:15). Есүс бидэнд төгс бус хүмүүн эцэг болон тэнгэрийн төгс Эцгийн хоорондох ялгааг харуулжээ. Ехова бидэнд туслахдаа үргэлж дуртай байдгийг эндээс мэдэж болно. Хүн хэдий төрөлхийн нүгэлтэйгээсээ болоод «бузар» ч гэсэн, хүүхдэдээ сайн юм бэлэглэдэг бол, тэгэх тусмаа үргэлж сайныг үйлддэг тэнгэрийн Эцэг маань хүүхдүүд бидэндээ ариун сүнс өгөх нь дамжиггүй! (Иаков 1:17).

13. Залбирахдаа юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

13 Хэрэв бид тэнгэрийн Эцгээсээ ариун сүнс гуйвал хүсэлтийг маань дуртайяа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй (1 Иохан 5:14). Цөхрөлтгүй залбирдаг хүнд Ехова: «Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийнээ түгжсэн» гэж хэзээ ч хэлэхгүй (Лук 11:7). Харин ч, «Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ» гэж Есүс хэлсэн билээ (Лук 11:9, 10). Тийм ээ, Ехова «бидний дуудах өдөрт... хариулна» (Дуулал 20:9; 145:18).

14. а) Зарим хүн сорилтод орохлоороо юу гэж боддог вэ? б) Бид сорилтод орсон үедээ яагаад итгэлтэй залбирдаг вэ?

14 Еховагийн бидний төлөө хийдэг сайн үйлсийг эцэг хүний үр хүүхдийнхээ төлөө хийдэг сайн үйлстэй харьцуулахын аргагүй агуу болохыг халамжит эцгийн тухай жишээ бас харуулдаг. Тиймээс, сорилтыг Бурхны шийтгэл гэж үзэж хэрхэвч болохгүй. Бидний гол дайсан Сатан л ингэж бодуулахыг хүсдэг (Иов 4:1, 7, 8; Иохан 8:44). Тийн бодох нь Библийн үндэсгүй юм. Ехова биднийг «бузар муугаар» сорьдоггүй (Иаков 1:13). Тэрбээр «могой» шиг, «хилэнцэт хорхой» шиг сорилт учруулдаггүй. Тэнгэрийн Эцэг маань «Өөрөөс нь гуйдаг хүмүүст... сайныг өгдөг» (Матай 7:11; Лук 11:11–13). Ехова бидэнд тусалж, сайныг өгөхөд бэлэн байдгийг ойлгох тусам итгэлтэй залбирах хүсэл төрдөг. Хэрэв тэгвэл, «Бурхан үнэхээр сонссон юм. Тэр миний залбирлын дуунд чих тавьсан» хэмээсэн дуулалчийн үгийг давтан хэлнэ (Дуулал 10:17; 66:19).

Ариун сүнс бидний туслагч

15. а) Есүс шавь нартаа юу гэж амласан бэ? б) Ариун сүнс авдгийн маань нэг баталгаа юу вэ?

15 Есүс хоёр жишээндээ дурдаж байсан нэг чухал санааг үхэхийнхээ өмнөхөн бас давтан хэлжээ. Элч нартаа ариун сүнсний тухай ярьж байхдаа: «Би Эцгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна» гэж амласан (Иохан 14:16). Тэрхүү туслагч буюу ариун сүнс ирээдүйн дагалдагчдад нь ч туслах байв. Өнөөдөр тийм тусламж авдгийн маань нэг баталгаа бол ариун сүнс бидэнд янз бүрийн сорилтыг тэвчихэд тусалдаг явдал юм. Олон удаа сорилтод орж явсан элч Паул Коринт хотын христиануудад илгээсэн захидалдаа, ариун сүнс өөрт нь хэрхэн тусалж байсныг бичсэн байдаг. Юу гэж бичсэнийг нь товчхон үзье.

16. Бидний нөхцөл байдал Паулынхтай юугаараа адилхан байж болох вэ?

16 Эхлээд Паул «махан биеийн өргөс» буюу ямар нэг сорилттой тулгарснаа итгэл нэгтнүүддээ нууж хаалгүй бичжээ. Дараа нь: «Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзнээс [Еховагаас] гурвантаа хүсэмжлэн гуйсан юм» гэжээ (2 Коринт 12:7, 8). Зовлонгоос ангижруулж өгөхийг Бурхнаас гуйсан ч байдал өөрчлөгдөөгүй аж. Та ч бас Паулын нэгэн адил хэцүү сорилтод орчихоод, итгэлтэйгээр, цөхрөлтгүй залбирч, сорилтоос ангижруулж өгөхийг Еховагаас гуйсан байж болох юм. Дахин дахин залбирсан ч юу ч өөрчлөгдөөгүй байж мэднэ. Тэгвэл, Ехова таны залбиралд хариулж, ариун сүнсээ өгч туслахгүй байна гэсэн үг үү? Яалаа гэж дээ! (Дуулал 10:1, 17). Элч Паул дараа нь юу гэж хэлснийг үзье.

17. Ехова Паулын залбиралд яаж хариулсан бэ?

17 Бурхан Паулын залбиралд хариулан: «Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно» гэхэд нь Паул: «Би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ» гэж хэлжээ (2 Коринт 12:9; Дуулал 147:5). «Миний дотор орших» гэж орчуулсан грек үг «над дээр майхан адил байсаар байх» гэдэг санаа илэрхийлдэг. Ийнхүү Паул Бурхны хүчирхэг хамгаалалтыг Христээр дамжуулан өөрийн биеэр үзсэн нь майханд хоргодсонтой адил байжээ. Өнөөдөр ч Ехова бидний залбиралд мөн тийнхүү хариулдаг. Тэрбээр биднийг хамгаалдаг нь майханд хоргодуулж байгаатай адил юм.

18. Сорилтыг тэвчиж чаддагийн маань учир юу вэ?

18 Майхан бороог зогсоож, салхийг намдаахгүй нь үнэн ч, цаг агаарын эдгээр үзэгдлээс тодорхой хэмжээгээр хамгаалдаг. Үүн шиг, «Христийн хүчээр» дамжуулан Бурхны өгсөн хоргодох газар, сорилт бэрхшээлийг маань бүрмөсөн арилгадаггүй ч, ёс бус ертөнцийн хорон муу нөлөө болон ертөнцийн захирагч Сатаны довтолгооноос сүнслэгээр хамгаалдаг (Илчлэлт 7:9, 15, 16). Тиймээс, ямар нэг сорилт танаас «салахгүй» байлаа ч гэсэн, Ехова таны хэрхэн тэмцэж байгааг мэдэж, «уйлах дууг» тань сонсдог гэдэгт итгээрэй (Исаиа 30:19; 2 Коринт 1:3, 4). «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд... гарах замыг... өгдөг юм» гэж элч Паул бичсэн байдаг (1 Коринт 10:13; Филиппой 4:6, 7).

19. Бид яах ёстой вэ? Яагаад?

19 Өнөөдөр ёс бус ертөнцийн «эцсийн өдрүүдийн» «хэцүү цаг» билээ (2 Тимот 3:1). Гэлээ ч гэсэн, Бурхны үйлчлэгчид бид хүнд бэрх сорилтыг давж чаддаг. Үүний учир нь Бурхны ариун сүнс биднийг дэмжиж, хамгаалдагт байдаг. Ехова цөхрөлтгүй, итгэлтэйгээр гуйдаг хүмүүст сүнсээ арвин ихээр, дуртайяа өгдөг. Тиймд, Еховагаас ариун сүнсийг нь өдөр бүр гуйдаг байя (Дуулал 34:6; 1 Иохан 5:14, 15).

Хариулна уу

• Бурхны ариун сүнсийг авахын тулд яах хэрэгтэй вэ?

• Ариун сүнс гуйсан залбиралд маань Ехова хариулна гэдэгт яагаад итгэлтэй байх хэрэгтэй вэ?

• Сорилтыг тэвчихэд ариун сүнс яаж тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]