Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэгтүн
Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэгтүн
«Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг» (1 КОРИНТ 16:14).
1. Хүүхэд төрөхөд эцэг эх хүнд ямар санагддаг вэ?
Хүүхэдтэй болно гэдэг хүний амьдралд тохиолдох хамгийн сайхан явдлын нэг гэж эцэг эхчүүдийн ихэнх нь хэлэх байх. Алияа гэдэг эмэгтэй: «Охиноо анх хараад их баярлаж билээ. Миний харсан хамгийн өхөөрдөм хүүхэд байна даа гэж бодсон» гэж ярьсан юм. Гэхдээ хүүхэд төрөхөд эцэг эх хүн баярлахын зэрэгцээ бас санаа зовдог. Жишээ нь, Алияагийн нөхөр: «Би охиноо амьдралын нугачааг давах чадалтай хүн болгон хүмүүжүүлж чадах болов уу гэж санаа зовж байсан» гэж хэлжээ. Чухам үүнд санаа зовж явдаг олон эцэг эх үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэх хэрэгтэйг ойлгодог. Гэхдээ энэ нь амаргүй ажил бөгөөд христиан эцэг эхчүүдэд олон бэрхшээл тулгардаг. Тэдгээрийн заримыг авч үзье.
2. Эцэг эхчүүдэд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ?
2 Бид өнөөгийн тогтолцооны эцсийн өдрүүдийн төгсгөлийн үед амьдарч байна. Библид зөгнөсөнчлөн, хүний хайр их хөрчээ. Нэг гэр бүлийн хүмүүс хүртэл «үл хайрлагч», «үл талархагч, ариун бус, ...биеэ хянадаггүй, хэрцгий» болжээ (2 Тимот 3:1–5). Христианууд иймэрхүү ааш авиртай хүмүүстэй өдөр бүр харьцдаг тул гэрийнхэндээ хүртэл тэдэн шиг ханддаг болж мэдэх юм. Бас христиан эцэг эхчүүд төгс бус учраас биеэ захирч чадалгүй бусдыг гомдоох үг хэлэх, ухаалаг бус шийдвэр гаргах гэх зэргийн сул талтайгаа тэмцэх хэрэгтэй байдаг (Ром 3:23; Иаков 3:2, 8, 9).
3. Эцэг эхчүүд үр хүүхдээ сайн хүмүүжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
3 Эцэг эхчүүд иймэрхүү бэрхшээлтэй тулгардаг боловч үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, Бурхантай халуун дотно харьцаатай болгож чадна. Үүний тулд яах хэрэгтэй вэ? «Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг» хэмээсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй (1 Коринт 16:14). Хайр бол «эв нэгдлийн төгс холбоос» билээ (Колоссай 3:14). Элч Паул Коринтын христиануудад бичсэн эхний захидалдаа хайрыг олон талаас нь тайлбарлаж бичсэн байдгийн гурвыг нь авч үзээд, эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хайраа чухам хэрхэн илэрхийлж болохыг ярилцъя (1 Коринт 13:4–8).
Тэвчээртэй байх хэрэгтэйн учир
4. Эцэг эхчүүд яагаад тэвчээртэй байх хэрэгтэй болдог вэ?
4 «Хайр бол тэвчээртэй» гэж Паул бичжээ (1 Коринт 13:4). «Тэвчээртэй» гэж орчуулсан грек үг нь уурлахдаа удаан байх гэсэн утгатай аж. Ер нь, хүүхдэд тэвчээртэй хандахаас өөр аргагүй үе гардаг шүү дээ. Жишээ нь, жаахан хүүхэд нэг юм авах гэхлээрээ дахин дахин гуйдаг. Аав ээж нь болохгүй гэдгийг шууд хэлсэн байсан ч, болно гэж хэлчих байх гэсэндээ шалаад л байдаг. Өсвөр насны хүүхдийн сонирхож шохоорхож байгаа зүйлийг эцэг эх нь дэмий юм гэж мэдээд хориглоход тэд зөрүүдлэн маргадаг (Сургаалт үгс 22:15). Бас хүүхдүүд томчуудын адил, гаргасан алдаагаа давтдаг (Дуулал 130:3).
5. Юуны ачаар эцэг эхчүүд тэвчээртэй байж чадах вэ?
5 Тэгвэл тэвчээртэй байхад юу туслах вэ? «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг» гэж Соломон хаан бичсэн байдаг (Сургаалт үгс 19:11). Эцэг эхчүүд өөрсдөө ч гэсэн «хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг» явснаа санавал хүүхдээ ойлгож, хэрсүү ухаалаг байж чадна (1 Коринт 13:11). Та бага байхдаа томоогүй загнаж, аав ээжийгээ зовоодог байсан уу? Өсвөр насны хүүхэд байхдаа: «Аав ээж минь намайг, надад тулгардаг бэрхшээлийг даанч ойлгохгүй юм даа» гэж бодох үе байсан уу? Тэгэхлээр, одоо хүүхэд хүмүүжүүлэхдээ тэвчээртэй, тууштай байх хэрэгтэйн учир олдож байгаа биз? (Колоссай 4:6). Эртний израиль эцэг эхчүүд Еховагийн хуулийг хүүхдүүддээ «хичээнгүйлэн заах» үүрэгтэй байсан (Дэд хууль 6:6, 7). «Хичээнгүйлэн заах» гэж орчуулсан еврей үг нь «давтах», «дахин дахин хэлэх», «хоногшуулах» гэсэн утгатай ажээ. Тэгэхлээр, Бурхны хуулийг хэрэгжүүлж суртал нь хүүхдэд нэг зүйлийг олон дахин хэлэх хэрэгтэй байх нь ээ. Амьдралд хэрэгтэй бусад зүйлийг ойлгуулахад ч гэсэн дахин дахин хэлэх хэрэг гардаг.
6. Тэвчээртэй байх гэдэг нь хүүхдийн дураараа аашлахыг тэвчинэ гэсэн үг бишийн учрыг тайлбарлана уу.
6 Гэхдээ хүүхдийн дураараа загнахыг тэвчээд байхыг тэвчээр гэж хэлэхгүй. «Дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна» гэж Библи сэрэмжлүүлдэг. Ийм байдалд орохгүйн тулд яах вэ? Дээр иш татсан зүйлд: «Саваа зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө» хэмээжээ (Сургаалт үгс 29:15). Зарим хүүхэд эцэг эх нь өөрийг нь шийтгэх эрхгүй гэж боддог. Гэхдээ христиан гэр бүл бол ардчилсан тогтолцоо биш учраас хүүхэд нь эцэг эхдээ захирах эрх мэдлийг өгдөггүй. Харин гэр бүлийн хамгийн дээд Тэргүүн Ехова үр хүүхдээ хайрын сэтгэлээр хүмүүжүүлж, сахилга батын арга хэмжээ авах эрхийг эцэг эхэд олгосон (1 Коринт 11:3; Ефес 3:15; 6:1–4). Нарийн яривал, сахилга батын арга хэмжээ авах нь Паулын бичсэн, хайрын нэг талтай салшгүй холбоотой.
Хайраар сахилгажуулах нь
7. Хүүхдээ сахилгажуулахыг энэрэнгүй хэрэг гэж үзэхийн учир юу вэ? Сахилгажуулах гэдэг үгийг Библид ямар утгаар хэрэглэдэг вэ?
7 Паул: «Хайр бол... энэрэнгүй» гэж бичжээ (1 Коринт 13:4). Үр хүүхдээ хайрладаг хүн тэднийгээ сахилгажуулахдаа энэрэнгүй, тууштай байж, Еховаг дуурайдаг. «Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм» гэж Паул бичсэн. Ер нь, Библид сахилгажуулах гэдэг үгийг зөвхөн шийтгэх гэсэн утгаар бус, сургах, хүмүүжүүлэх гэсэн утгаар хэрэглэдэг. Тэгвэл зорилго нь юу вэ? «Сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг» гэж Паул бичжээ (Еврей 12:6, 11). Эцэг эх нь Бурхны хүсэл таалалд нийцүүлэн сургаж хүмүүжүүлбэл хүүхэд нь амар амгалан, зөв хүн болж төлөвшдөг. «ЭЗЭНий сахилгажуулалтыг» хүлээн авдаг хүүхэд алт мөнгөнөөс хавьгүй үнэтэй мэргэн ухаан, мэдлэг, ухаарлыг олж авдаг (Сургаалт үгс 3:11–18).
8. Хүүхдийг сахилгажуулахгүй байх нь ямар үр дагавартай вэ?
8 Харин сахилгажуулахгүй байх нь энэрэнгүй хэрэг биш юм. Ехова Соломон хааныг ариун сүнсээр удирдан: «Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн» гэж бичүүлжээ (Сургаалт үгс 13:24). Зохих ёсоор сахилгажуулаагүй хүүхэд аминч үзэлтэй, баяр баясгалангүй хүн болж өсдөг байхад эцэг эх нь тууштай хүмүүжүүлсэн бол хүүхэд хичээлдээ сайн, хүнтэй эвтэйхэн харьцдаг, өөдрөг хүн болдог байна. Тэгэхлээр, хүүхдийг сахилгажуулна гэдэг энэрэнгүй хандаж байгаа хэрэг юм.
9. Христиан эцэг эх хүүхдэдээ юу зааж, ойлгуулах ёстой вэ? Хүүхэд юуг ухамсарласан байх хэрэгтэй вэ?
9 Хүүхдийг хайраар, энэрэнгүй сэтгэлээр сахилгажуулахын тулд яах хэрэгтэй вэ? Чухам юу хийх ёстойг нь тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Жишээ нь, Библийн үндсэн сургаалыг багаас нь зааж, христиан үйл хэрэгт оролцох нь амьдралын салшгүй хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй (Египетээс гарсан нь 20:12–17; Матай 22:37–40; 28:19; Еврей 10:24, 25). Эдгээр нь заавал биелүүлэх ёстой шаардлага гэдгийг хүүхэд ухамсарласан байх ёстой.
10, 11. Эцэг эхчүүд гэрийн дотоод дүрэм зохиохдоо хүүхдүүдийнхээ саналыг харгалзан үзэж болохын учир юу вэ?
10 Гэхдээ гэрийн дотоод дүрэм зохиох болбол хүүхдүүдтэйгээ ярилцаж болох юм. Учир нь хүүхдүүд санал бодлыг нь сонсож байгаад гаргасан дүрмийг илүү дуртай баримталдаг. Хүүхэд хэдэн цагт гэртээ ирэх ёстойг шийдэх боллоо гэхэд эцэг эх өөрсдөө цаг товлож болно. Эсвэл хүүхдээсээ асууж, санал бодлыг нь сонссоныхоо дараа өөрсдөө саналаа хэлж, учрыг нь тайлбарлаж болно. Ер нь, эцэг эх, хүүхдийн санал тэр бүр нийлдэггүй учир энэ асуудлаар ч санал зөрөлдөж мэднэ. Тэгвэл яах вэ? Хэрэв Библийн зарчимтай зөрчилдөхөөргүй бол хүүхдийнхээ хүсэлтийг харгалзан үзэж болох юм. Тэгвэл энэ нь эцэг эхчүүд хүүхдэдээ дийлдэж, эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг үү?
11 Энэ асуултад хариулахын тулд Ехова Лотын гэр бүлийнхэнтэй харьцахдаа эрх мэдлээ хайрын сэтгэлээр хэрхэн хэрэгжүүлснийг авч үзье. Тэнгэр элчүүд Лотыг эхнэр, охидынх нь хамт Содомоос гаргасныхаа дараа: «Уул руу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно» гэж хэлдэг. Гэтэл Лот өөр саналтайгаа хэлж: «Үгүй, эзэд минь! [...] Тэр хот руу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач» гэж гуйдаг. Тэгэхэд нь Ехова яасан бэ? «За, би чиний хүсэлтийг хүлээн авъя» гэдэг (Эхлэл 19:17–22). Энэ нь Ехова эрх мэдлээ хэрэгжүүлээгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Харин ч Лотын хүсэлтийг харгалзан үзэж, дахиад энэрэнгүй хандсан хэрэг байв. Тэгвэл, гэрийн дотоод дүрэм зохиохдоо хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзэх боломж танайд байдаг уу?
12. Эцэг эх ямар байвал хүүхэд тайван байдаг вэ?
12 Хүүхэд гэрийн дотоод дүрмийг ч, дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэлийг ч мэддэг байх ёстой. Ямар шийтгэл оноохыг ярилцаж, ойлголцсоны дараа дотоод дүрмийг баримталж эхлэх нь зүйтэй. Гэтэл дүрэм зөрчихөд нь шийтгэдэггүй бол энэрэнгүй хандаж байгаа хэрэг биш юм. «Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж» гэж Библид бичжээ (Номлогчийн үгс 8:11). Хүүхдээ олны нүдэн дээр юм уу найз нөхдийнх нь дэргэд шийтгэж эвгүй байдалд оруулахаас болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ эцэг эхчүүд «за» бол за, «үгүй» бол үгүй гэсэн зарчмыг тууштай баримталдаг, шаардлагатай үед шийтгэдэг бол хүүхэд тайван байж, эцэг эхээ илүү хайрлан, хүндэтгэдэг болно (Матай 5:37).
13, 14. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ Еховагийн юуг дуурайх хэрэгтэй вэ?
13 Энэрэнгүй эцэг эх хүүхдээ шийтгэхдээ тохирсон арга хэрэглэдэг. Пам гэдэг эмэгтэй: «Бид хоёр хүүхдэдээ сахилга батын өөр өөр арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Нэгэнд нь тохирох арга нөгөөд нь тохирдоггүй байсан» гэж ярьжээ. Түүний нөхөр Ларри: «Манай том охин нэлээд зөрүүд хүүхэд байжээ билээ. Тиймээс сахилга батын хатуу арга хэмжээ л тохирдог байсан. Харин бага охин маань хатуухан үг хэлэхэд, бүр ширүүхэн харахад л шууд ойлгодог байсан» гэж ярьсан юм. Ийнхүү энэрэнгүй эцэг эхчүүд хүүхэд нэг бүрдээ тохирсон сахилга батын арга хэмжээ авахыг хичээдэг.
14 Ехова үйлчлэгч нэг бүрийнхээ давуу болон сул талыг мэддэг нь эцэг эхчүүдэд үлгэр жишээ болдог (Еврей 4:13). Бас сахилга батын арга хэмжээ авахдаа ч хэтэрхий хатуу, эсвэл хэтэрхий зөөлөн ханддаггүй. Харин ч ард түмнээ үргэлж «зохистой» сахилгажуулдаг (Иеремиа 30:11, ШЕ). Эцэг эхчүүд ээ, та бүхэн хүүхдүүдийнхээ давуу болон сул талыг мэддэг үү? Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэр мэдлэгээ үр дүнтэй ашигладаг уу? Хэрэв тийм бол, хүүхдэдээ хайртайгаа батлан харуулж байгаа хэрэг.
Илэн далангүй харьцдаг болгох нь
15, 16. Хүүхдээ яаж илэн далангүй харьцдаг болгох вэ? Христиан эцэг эхчүүдийн туршлагаас үзэхэд, үр дүнтэй ямар ямар арга байдаг вэ?
15 Хайр «зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг» (1 Коринт 13:6). Зөвт байдал, үнэнийг хайрладаг болгохын тулд хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Хүүхдийг санасан бодсоноо, тэр байтугай эцэг эхэд нь төдийлөн таатай санагдахгүй зүйлийг ч илэн далангүй ярьж сургах нь амин чухал юм. Хүүхдийнх нь үзэл бодол, санаа сэтгэл Бурхны хэм хэмжээтэй нийцэж байгааг сонсоход эцэг эхэд нь сайхан санагддаг. Гэхдээ заримдаа хүүхдийн чин сэтгэлийн үг буруу хандлагыг нь илчилдэг (Эхлэл 8:21). Тэгвэл эцэг эх яах нь зүйтэй вэ? Зарим эцэг эх шууд л загнаж зэмлэдэг нь буруу юм. Ийм зантай эцэг эхийн хүүхэд сонсох дуртай зүйлийг нь л ярьж сурдаг. Мэдээж, бүдүүлэг, доромжилсон үг хэлбэл дор нь засаж байх хэрэгтэй. Гэхдээ боловсон харьцаанд сургах, хүссэн юмаа яриулж сургах хоёр эрс ялгаатай.
16 Тэгвэл яаж илэн далангүй харьцдаг болгох вэ? Өгүүллийн эхэнд гарсан Алияа: «Хүүхдүүдтэйгээ илэн далангүй харьцаатай байхын тулд нөхөр бид хоёр тэднийг таагүй зүйл ярихад ч сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байхыг хичээдэг байсан» гэж хэлжээ. Том гэдэг христиан эрэгтэй: «Бид охиноо санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг, биднээс өөр бодолтой байсан ч, нууж хаахгүйгээр хэлж ярихыг уриалдаг байсан. Яриаг нь үргэлж таслаад, өөрсдийнхөө бодлыг хүчээр тулгаад байвал охины маань урам хугарч, чин сэтгэлийн үгээ хэлэхээ больчих вий гэж болгоомжилдог байсан. Өөрийг нь анхааралтай сонсдог болохлоор охин маань ч биднийг сонсдог юм» гэж ярьжээ. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх ёстой нь үнэн (Сургаалт үгс 6:20). Гэхдээ эцэг эх нь илэн далангүй харьцдаг бол хүүхэд хэрсүү болдог. Дөрвөн хүүхэдтэй Винсент: «Бид ямар нэг асуудлын эерэг болон сөрөг талыг нухацтай ярилцдаг. Үүний дүнд манай хүүхдүүд ухаалаг шийдвэр гаргаж сурсан бөгөөд хэрсүүжсэн» гэж туршлагаасаа хуваалцсан юм (Сургаалт үгс 1:1–4).
17. Эцэг эхчүүд юунд итгэлтэй байж болох вэ?
17 Хүүхэд хүмүүжүүлэхдээ Библийн зөвлөгөөг төгс хэрэгжүүлж чадах хүн мэдээж байхгүй. Гэсэн ч, үр хүүхдэдээ тэвчээртэй, энэрэнгүй хандаж, хайраар хүмүүжүүлбэл тэднээсээ талархал хүлээх нь гарцаагүй. Ехова ч бас таны хичээл зүтгэлийг заавал ивээнэ (Сургаалт үгс 3:33). Бурхныг хайрладаг христиан эцэг эхчүүдийн гол зорилго бол хүүхдээ Еховад хайртай болгох явдал юм. Энэ эрхэм зорилгод яаж хүрэх вэ? Дараагийн өгүүллээр зарим аргыг дэлгэрэнгүй авч үзье.
Санаж байна уу?
• Эцэг эхийг тэвчээртэй байхад хэрсүү ухаан хэрхэн тусалдаг вэ?
• Энэрэнгүй байх, сахилгажуулах хоёр ямар холбоотой вэ?
• Үр хүүхэдтэйгээ илэн далангүй харьцаатай байх нь яагаад чухал бэ?
[Догол мөрийн асуулт]