Skip to content

Гарчиг руу орох

Хаанчлалыг хүлээн авах зохистой хүмүүс

Хаанчлалыг хүлээн авах зохистой хүмүүс

Хаанчлалыг хүлээн авах зохистой хүмүүс

«Энэ нь та нар Бурхны хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурхны зөв шүүлтийн шинж тэмдэг юм» (2 ТЕС. 1:5).

1, 2. Хүмүүсийг шүүх Бурхны санаа зорилго юу вэ? Хэн шүүх вэ?

 МАНАЙ ЭРИНИЙ 50 оны орчим элч Паул Афин хотоор явж байлаа. Тэрбээр шүтээн шүтэх явдал өргөн тархсаныг үзээд эгдүүцсэндээ өөрийн эрхгүй дэлгэрүүлж эхлэв. Маш чадварлаг гэрчлэн ярьж, «Эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг [Бурхан] хүмүүст хандан тунхаглаж байна. Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүнд нотолсон ажгуу» хэмээн үгээ төгсгөсөн нь хуурамч бурхад шүтдэг тэдгээр хүмүүсийн анхаарлыг татсан биз ээ (Үйлс 17:30, 31).

2 Ехова хүн төрөлхтнийг шүүх өдрөө тогтоосон гэдэг нь эргэцүүлж бодох ёстой маш чухал асуудал мөн! Шүүгч нь хэн байхыг Паул хэлээгүй ч тэр нь дахин амилсан Есүс Христ гэдэг нь тодорхой. Шүүгдэх хүмүүс эсвэл мөнх амиар шагнуулна, эсвэл үхлээр шийтгүүлнэ.

3. Ехова Абрахамтай гэрээ байгуулсны учир юу вэ? Бурхныг санаа зорилгоо биелүүлэхэд хэн онцгой үүрэг гүйцэтгэх вэ?

3 Шүүх өдөр 1000 жил үргэлжилнэ. Бурхны Хаанчлалын Хаан Есүс шүүх ажиллагааг Еховагийн нэрийн өмнөөс удирдан явуулах боловч ганцаараа шүүхгүй. Мянган жил Есүстэй хамт захирч, шүүх ажиллагаанд оролцох өөр хүмүүсийг Ехова хүн төрөлхтний дундаас сонгосон (Лук 22:29, 30-тай харьцуулна уу). 4000 шахам жилийн өмнө Ехова өөрийн үнэнч үйлчлэгч Абрахамтай гэрээ байгуулж, Шүүх өдрийн үндсийг тавьжээ (Эхлэл 22:17, 18-ыг уншина уу). МЭӨ 1943 онд хүчин төгөлдөр болсон уг гэрээ хүн төрөлхтөнд ямар ач холбогдолтой болохыг Абрахам сайн ойлгоогүй нь лавтай. Харин бид тэр гэрээнээс, Бурхан хүн төрөлхтнийг шүүх санаа зорилгоо биелүүлэхдээ Абрахамын үрээр онцгой үүрэг гүйцэтгүүлэх учиртайг мэддэг.

4, 5. а) Абрахамын үрийн гол хэсэг хэн бэ? Тэрбээр Хаанчлалын тухай юу гэж хэлсэн бэ? б) Хаанчлалын бүрэлдэхүүнд багтах боломж хэзээ нээгдсэн бэ?

4 МЭ 29 онд ариун сүнсээр тослогдож, амласан Мессиа буюу Христ болсон Есүс Абрахамын үрийн гол хэсгээр тодорчээ (Гал. 3:16). Түүнээс хойш гурван жил хагасын хугацаанд Есүс Иудейн ард түмэнд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх учиртай байв. Баптисм хүртээгч Иоханыг баривчлагдсаны дараа тэрбээр: «Тэнгэрийн хаанчлал нь баптисм хүртээгч Иоханы үеэс өнөөг хүртэл хүмүүсийн тэмүүлж байгаа зорилго бөгөөд тийн тэмүүлэгч хүмүүс түүнийг олж авч байна» хэмээн хэлж, Хаанчлалын бүрэлдэхүүнд багтах боломж хүмүүст байгааг мэдэгджээ (Мат. 11:12, ШЕ).

5 Есүс тэнгэрийн Хаанчлалыг «олж авах» хүмүүсийн тухай ярихаасаа өмнө: «Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэй хүнээс төрсөн хүмүүсийн дунд баптисм хүртээгч Иоханаас илүү агуу хүн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ» гэж хэлсэн нь сонирхол татдаг (Мат. 11:11). Яагаад тэгж хэлсэн бэ? Гагцхүү МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс асгарснаар үнэнч хүмүүс Бурхны Хаанчлалын бүрэлдэхүүнд багтах боломжтой болсон. Харин баптисм хүртээгч Иохан түүнээс өмнө нас барсан билээ (Үйлс 2:1–4).

Абрахамын үр зөвт хэмээн тунхаглагдсан нь

6, 7. а) Абрахамын үр «тэнгэрийн одод» шиг олон болно гэдэг нь юу гэсэн үг байсан бэ? б) Абрахам ямар ивээл хүртсэн бэ? Абрахамын үр түүний хүртсэнтэй адилхан ямар ивээлийг хүртдэг вэ?

6 Бурхан Абрахамын үрийг «тэнгэрийн одод» хийгээд далайн эргийн элс шиг олон болгоно гэж амласан (Эхл. 13:16; 22:17). Абрахамын үр хэр олон болохыг тэр үед таах аргагүй байв. Гэвч тэрхүү сүнслэг үрийн тоо эцэстээ илчлэгдэж, Есүсээс гадна 144000 болох нь тодорхой болжээ (Илч. 7:4; 14:1).

7 Абрахамын итгэлийн талаар Бурхны Үгэнд: «[Абрахам] ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав» хэмээн бичжээ (Эхл. 15:5, 6). Үнэндээ, төгс зөвт хүн гэж байдаггүй (Иак. 3:2). Гэсэн ч Абрахам агуу итгэлтэй байсан учир Ехова түүнтэй, зөвт хүнтэй харьцаж байгаа мэт харьцан, тэр бүү хэл, түүнийг найзаа гэж үзсэн (Иса. 41:8). Абрахамын сүнслэг үрийг бүрдүүлдэг хүмүүс ч бас Есүстэй хамт зөвт хэмээн тунхаглагдаж, Абрахамын хүртсэнээс илүү их ивээл хүртдэг.

8. Абрахамын үрийг бүрдүүлдэг хүмүүст ямар ямар ивээл хүртэх боломж нээгдсэн бэ?

8 Тослогдсон христианууд Есүсийн золиосонд итгэдэг учраас тэднийг зөвт хэмээн тунхагладаг (Ром 3:24, 28). Ехова тэднийг нүглээс чөлөөлөгдсөн мэт үздэг бөгөөд сүнслэг хөвгүүдээ буюу Есүс Христийн дүү нар болгон ариун сүнсээр тосолдог (Иох. 1:12, 13). Тэд шинэ гэрээнд багтаж, «Бурхны Израиль» хэмээх шинэ үндэстнийг бүрдүүлдэг (Гал. 6:16; Лук 22:20). Энэ бол үнэхээр агуу завшаан мөн! Бурхан энэ бүхнийг өөрсдийнх нь төлөө хийсэн учир тослогдсон христиануудад дэлхийд мөнх амьдрах тухай бодол байдаггүй. Тэд дэлхийд амьдрахгүй болсондоо харамсдаггүй бөгөөд Шүүх өдрийн туршид Есүстэй хамт байж, түүнтэй хамт тэнгэрээс захирна гэхээс хөл нь газар хүрэхгүй баярладаг (Ром 8:17-г уншина уу).

9, 10. а) Христианууд анх хэзээ ариун сүнсээр тослогдсон бэ? Дараа нь тэд яах ёстой байсан бэ? б) Ехова тослогдсон христиануудад яаж тусалдаг байсан бэ?

9 Шүүх өдөр Есүстэй хамт захирах хүмүүсийн тоонд багтах боломж МЭ 33 оны Пентекостын өдөр Бурханд үнэнч хэсэг хүнд олджээ. Есүсийн 120 орчим шавь ариун сүнсээр баптисм хүртэн, анхны тослогдсон христианууд болсон. Гэхдээ энэ нь тэдний хувьд зөвхөн эхлэл байлаа. Амийн титэм авахын тулд тэд Сатаны учруулах ямар ч сорилтыг тэвчин, үхэн үхтэлээ Еховад үнэнч байх шаардлагатай байв (Илч. 2:10).

10 Тийм учраас Ехова тослогдсон христиануудыг Үгээрээ болон христиан хурлаар дамжуулан ятган, урамшуулж байсан. Жишээ нь, элч Паул Тесалоникийн тослогдсон христиануудад: «Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсан... Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм» гэж бичжээ (1 Тес. 2:11, 12).

11. «Бурхны Израилийн» гишүүдэд зориулж Ехова юу бичүүлсэн бэ?

11 Тослогдсон христиануудын хурлын анхны гишүүдийг сонгосноос хойших жар гаруй жилийн хугацаанд Ехова Есүсийн дэлхий дэх үйл ажиллагааны тухай болон I зууны тослогдсон христиануудад хэрхэн хандаж, ямар зөвлөгөө өгч байсныг нь бичүүлэн үлдээсэн. Тийнхүү, онгодоор хөтлөн бичүүлсэн байсан Еврей Судар дээрээ нэмж Грек Судрыг бичүүлсэн юм. Анх Еврей Судар Израилийн ард түмнийг Бурхантай онцгой харьцаатай байх үед, тэдэнд зориулан бичигджээ. Христиан Грек Судрыг, гол нь, Еховагийн сүнслэг хөвгүүд буюу Христийн дүү нар болж тослогдсон «Бурхны Израильд» зориулсан. Гэхдээ израиль биш хүмүүс ч Еврей Судрыг судлаад ач тус хүртдэг байсны адил, ариун сүнсээр тослогдоогүй христианууд Грек Судрыг судалж, зөвлөгөөнийх нь дагуу амьдраад, хэмжээлшгүй ач тус хүртдэг (2 Тимот 3:15–17-г уншина уу).

12. Паул тослогдсон христиануудад юу гэж сануулсан бэ?

12 Бурхан I зууны христиануудыг зөвт хэмээн тунхаглаж, ариун сүнсээр тослон, тэнгэр дэх өвөө авах боломж олгосон. Гэхдээ тослогдогсод дэлхийд байх хугацаандаа нэг нэгнээ захирах хаанаар өргөмжлөгдсөн гэсэн үг биш байсан юм. Гэтэл зарим христиан үүнийг умартан, итгэл нэгтнүүдийнхээ дунд өндөр байр суурьтай болохыг эрмэлзэж эхэлсэн бололтой. Тийм учраас Паул тэдэнд: «Та нар хэдийн бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болжээ. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хэчнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!» гэж хэлэхэд хүрчээ (1 Кор. 4:8). Тэгээд, тухайн үеийнхээ тослогдсон христиануудад: «Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм» гэж сануулсан (2 Кор. 1:24).

Урьдчилан хэлсэн тоо гүйцэх нь

13. Тослогдогсдыг сонгох ажил МЭ 33 оноос хойш ямар явцтай байсан бэ?

13 Тослогдсон 144000 христианыг бүгдийг нь I зуунд сонгоогүй. Тэднийг сонгох ажил элч нарын үед эрчимтэй явагдаж байгаад, түүнээс хойш удааширсан бололтой. Гэхдээ өнөөдрийг хүртэл зогсоогүй (Мат. 28:20). Есүсийг 1914 онд хаанчилж эхэлсний дараа үйл явдал улам өрнөсөн.

14, 15. Тослогдогсдыг сонгох ажил «эцсийн өдрүүдэд» хэрхэн явагдаж байна вэ?

14 Эхлээд Есүс Бурхны захирах эрхийг эсэргүүцэгчдийг тэнгэрээс үлдэн хөөсөн (Илчлэлт 12:10, 12-ыг уншина уу). Дараа нь тэнгэрийн засгийн газрынхаа үлдсэн гишүүдийг цуглуулж, тоог нь 144000 болгож гүйцээх ажлыг анхаарах болсон. Энэ ажил 1930-аад оны дунд гэхэд дуусах шатандаа орсон бололтой. Тэр үед сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн дотор тэнгэрт гарах хүсэлгүй хүн олон байв. Сүнс тэднийг Бурхны хүүхдүүд гэж гэрчлээгүй (Ром 8:16-тай харьцуулна уу). Гэхдээ тэд диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай «өөр хонинууд» гэдгээ ойлгожээ (Иох. 10:16, ШГ). Тиймд, 1935 оноос хойш, дэлгэрүүлэх ажлын гол зорилго нь «үй олон хүнийг» цуглуулах явдал болсон. Тэд бол элч Иоханы үзсэн, «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах хүмүүс юм (Илч. 7:9, 10, 14).

15 Гэхдээ 1930-аад оноос хойш өнөөдрийг хүртэл цөөн хүн тэнгэрт амьдрахаар сонгогдож байна. Үүний учир нь, урьд сонгогдоод үнэнч бус болсон хүмүүсийг тэднээр нөхөх зорилготой байж болох юм (Илчлэлт 3:16-тай харьцуулна уу). Паул ч бас үнэний замыг орхисон хүмүүсийг мэддэг байжээ (Флп. 3:17–19). Ехова тэднийг хэнээр нөхөхөө өөрөө шийдэх нь ойлгомжтой. Гэхдээ христиан болоод удаагүй хүнийг бус, харин Есүсийг Оройн зоог зохион байгуулах үед дэргэд нь байсан шавь нар шиг, тодорхой хугацаанд үнэнч байдлаа батлан харуулсан хүмүүсийг сонгоно гэж бодох нь зүйтэй * (Лук 22:28).

16. Тослогдогсдын тухай ямар баталгаа биднийг баярлуулдаг вэ? Юунд итгэлтэй байж болох вэ?

16 Гэхдээ 1930-аад оноос тэнгэрийн найдвартай болон сонгогдсон бүх хүн үнэний замыг орхисон тослогдогсдыг нөхөхгүй бололтой. Тослогдсон христианууд «агуу их Вавилоныг» устгагдтал бидний дунд байна гэдгийг Ехова батлан хэлсэн нь тодорхой харагддаг * (Илч. 17:5). Тэгэхлээр, 144000 гишүүний тоо Еховагийн товлосон цагт гүйцэж, тэд тэнгэрийн засгийн газарт зохих байраа бүгд эзэлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Түүнчлэн, улам өсөн нэмэгдэж буй үй олон хүн үнэнч гэдгээ батална хэмээн зөгнөсөн Бурхны Үгэнд итгэж болно. Удахгүй тэд Сатаны ертөнцөд учрах «үлэмж их зовлонгоос гарч ирэн», Бурхны шинэ ертөнцөд баяр хөөртэйгөөр хөл тавина.

Тэнгэрийн засгийн газрын гишүүдийн ихэнх нь шагналаа авсан!

17. 1 Тесалоник 4:15–17; Илчлэлт 6:9–11-д бичсэнээр, үхэн үхтэлээ үнэнч байсан тослогдогсод яасан бэ?

17 МЭ 33 оноос хойш хэдэн арван мянган тослогдсон христиан бат итгэлтэйгээ харуулан, үхэн үхтэлээ үнэнч байсан. Тэд Хаанчлалыг хүлээн авбал зохистойд тооцогдож, шагналаа хэдийнээ авчээ. Энэ нь Христийн залран байх үеийн эхэн үеэс эхэлсэн бололтой (1 Тесалоник 4:15–17; Илчлэлт 6:9–11-ийг уншина уу).

18. а) Одоо дэлхийд байгаа тослогдсон христианууд юунд итгэлтэй байдаг вэ? б) Өөр хонинууд тослогдсон итгэл нэгтнүүдийнхээ талаар ямар бодолтой байдаг вэ?

18 Одоо дэлхийд байгаа тослогдсон христианууд үнэнч хэвээрээ байвал удахгүй шагнал хүртэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Олон сая «өөр хонинууд» тослогдсон ах дүүсийнхээ итгэлийг эргэцүүлэн бодохдоо элч Паулын хэлсэнтэй санал нийлдэг. Тэрбээр Тесалоникийн итгэл нэгтнүүдийнхээ тухай: «Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурхны чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг. Энэ нь та нар Бурхны хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурхны зөв шүүлтийн шинж тэмдэг юм. Бурхны хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ» хэмээн хэлсэн байдаг (2 Тес. 1:3–5). Тослогдсон христиануудын сүүлчийн гишүүн хэзээ дэлхийг орхино, тэр цагт Бурхны тэнгэрийн засгийн газрын гишүүдийн тоо гүйцнэ. Тэгэхэд тэнгэр, газарт хэчнээн их баяр хөөр болох бол оо!

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 5 дугаар сарын 1-ний дугаарын «Уншигчдын асуулт» буланг мэддэг хэлээрээ үзнэ үү.

Тайлбарлана уу

• Шүүх өдрийн талаар Ехова Абрахамд юу илчилсэн бэ?

• Абрахамыг яагаад зөвт хэмээн тунхагласан бэ?

• Абрахамын үрийг бүрдүүлэгч, зөвт гэж тунхаглагдсан хүмүүс яах вэ?

• Христианууд юунд итгэлтэй байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[20-р хуудасны зураг]

Есүс дагалдагчдадаа Хаанчлалыг олж авахыг уриалсан

[21-р хуудасны зураг]

МЭ 33 оны Пентекостын өдөр Ехова Абрахамын үрийн туслах хэсгийг сонгож эхэлсэн

[23-р хуудасны зураг]

Өөр хонинууд эцсийн өдрүүдэд тослогдсон христиануудтай хамт байгаадаа баяртай байдаг