Ехова өндөр настай үйлчлэгчдээ хайрлан халамжилдаг
Ехова өндөр настай үйлчлэгчдээ хайрлан халамжилдаг
«Бурхан бол ...Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» (ЕВР. 6:10).
1, 2. а) Буурал толгой хараад таны санаанд юу буудаг вэ? б) Ехова настай христиануудыг юу гэж үздэг вэ?
ЦАЛ буурал толгойтой итгэл нэгтнээ хараад та «Даниел» номд бичсэн нэг зүйлийг санадаг уу? Даниелын үзсэн үзэгдэлд Ехова Бурхан буурал үстэй дүрслэгддэг. Даниел: «Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв» хэмээн бичжээ (Дан. 7:9).
2 Хонины ноос ихэнхдээ цагаан байдаг. Тэгэхлээр, Бурхныг буурал үстэй, «Эртний Нэгэн» хэмээн дүрсэлсэн нь гүн хүндэтгэл хүлээвэл зохих нас сүүдэр, хосгүй мэргэн ухааныг нь онцолсон хэрэг ажээ. Эртний Нэгэн Ехова өндөр настай үнэнч үйлчлэгчдээ юу гэж үздэг бол? Бурхны Үгэнд: «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» гэж байдаг (Сур. 16:31). Үсээ бууралттал үнэнчээр үйлчилсэн христианууд Еховад үзэсгэлэнтэй харагддаг. Та настай Гэрчүүдийг Еховагийн нүдээр хардаг уу?
Үнэлж эрхэмлэхийн учир
3. Өндөр настай итгэл нэгтнүүдээ үнэлж эрхэмлэхийн учир юу вэ?
3 Бидний хайрлан хүндэлдэг настай христиануудын дунд Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөлийн гишүүд, явуулын харгалзагчаар үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа хүмүүс, идэвх зүтгэлтэй эхлэгчид, төлөвшсөн дэлгэрүүлэгчид бий. Сайн мэдээг олон жил идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж байгаа настангуудыг та мэддэг байж болох юм. Тэдний сайхан жишээ залуу хүмүүсийн урам зоригийг бадрааж, амьдралын зөв зам сонгоход нь тусалдаг. Хариуцлагатай үүрэг хүлээж явсан, эсвэл сайн мэдээний төлөө хавчигдаж явсан хүмүүс ч бас бий. Ехова болон «итгэмжит, ухаалаг боол» Хаанчлалын үйл хэрэгт тэдний оруулсан хийгээд оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлдэг (Мат. 24:45).
4. Настай христиануудыг хүндэтгэж, тэдний төлөө залбирах хэрэгтэйн учир юу вэ?
4 Тэд Ехова Бурхны бусад үйлчлэгчийн талархал, хүндэтгэлийг хүлээх зохистой хүмүүс юм. Тэгээд ч настангуудыг анхааран халамжилж, хүндлэн дээдлэх нь Еховаг хүндлэх буюу түүнээс эмээхтэй холбоотой байдгийг Мосегийн Хууль харуулдаг (Лев. 19:32). Тэдний төлөө тогтмол залбирч, «хайрын хөдөлмөрийнх» нь төлөө Бурханд талархаж байх хэрэгтэй. Элч Паул хамтран зүтгэгч нөхдийнхөө төлөө, хөгшин залуу гэлгүй залбирдаг байжээ (1 Тесалоник 1:2, 3-ыг уншина уу).
5. Еховагийн өндөр настай үйлчлэгчидтэй харилцан ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлж байх нь яагаад ач тустай вэ?
5 Түүнээс гадна, хурлын гишүүн бүр өндөр настай христиануудтай харилцан ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлж байх нь ач тустай. Еховагийн өндөр настай үнэнч үйлчлэгчид их юм судалж, олон зүйлийг ажигласан, арвин баялаг туршлагатай, үнэлж баршгүй их мэдлэгтэй хүмүүс байдаг. Тэд бэрхшээлийг тэвчиж, өрөөлийг өрөвдөж сурсан бөгөөд сурч мэдсэнээ хойч үеийнхэндээ зааж сургахдаа өөрсдөө хэмжээлшгүй ихээр баярлан, сэтгэл дүүрэн байдаг (Дуу. 71:18). Залуучууд аа, мэргэн байж, гүн худгаас ус татахтай адил, шавхагдашгүй энэ эх булгаас мэдлэгийг нь «гадагш гаргаж» байгаарай (Сур. 20:5).
6. Ахмад хүмүүсийг чин сэтгэлээсээ үнэлж эрхэмлэдгээ хэрхэн харуулж болох вэ?
6 Ехова настан буурлуудыг өндөр үнэлдэг шиг та ч бас тэднийг үнэлэн эрхэмлэдгээ харуулаарай. Жишээ нь, Бурхандаа үнэнч байдгийнх нь төлөө тэднийг хайрладгаа, санал бодлыг нь үнэлдгээ хэлж болох юм. Түүнээс гадна, зааж зөвлөснийг нь хэрэгжүүлж, чин сэтгэлээсээ хүндэтгэж байгаагаа харуулах хэрэгтэй. Настай итгэл нэгтнүүдийнхээ өгсөн мэргэн зөвлөгөөг хэрэгжүүлээд, насан туршдаа ач тусыг нь хүртэж яваагаа дурсдаг ахмад христиан олон бий. *
Настангуудыг асран халамжлагтун
7. Бурхан настангуудыг тэтгэх гол үүргийг хэнд оноосон бэ?
7 Бурхан настангуудыг тэтгэх гол үүргийг гэр бүлийнхэнд нь оноосон (1 Тимот 5:4, 8-ыг уншина уу). Гэр бүл, төрөл төрөгсөд нь энэ үүргээ биелүүлж, настан буурлуудад өөр шиг нь санаа тавьдаг бол Ехова баярладаг. Бурхан тийм айлыг хүчин чармайлт гаргаж, аливаа бүхнээ золиосолсных нь төлөө ивээн, тусалж дэмждэг.
8. Хурлууд настай христиануудад санаа тавих ёстойн учир юу вэ?
8 Түүнчлэн, гачигдал зовлонтой ч, туслах хүнгүй юм уу итгэгч биш гэр бүлтэй настангуудад хурлынхан нь туслахад Ехова баярладаг (1 Тим. 5:3, 5, 9, 10). Хурлууд үүгээрээ «энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг» гэдгээ харуулдаг (1 Петр 3:8). Настай итгэл нэгтнүүдийнхээ төлөө хурлуудын тийнхүү санаа тавьдгийг Паул жишээгээр тайлбарлаж, хүний биеийн нэг эрхтэн зовбол «түүний хамт бүх эрхтнүүд зовно» гэж хэлсэн (1 Кор. 12:26). Настангуудынхаа төлөө өрөвч сэтгэлийн үүднээс ач тустай үйлс хийх нь «Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн» хэмээсэн Паулын зөвлөгөөг дагаж байгаа хэрэг юм (Гал. 6:2).
9. Өндөр настнуудын үүрдэг ачаа аль хэр хүнд вэ?
9 Өндөр настнуудын үүрдэг ачаа аль хэр хүнд вэ? Тэд амархан ядардаг. Эмнэлэг явах; байр, цахилгаан, утасны төлбөр тооцоо хийх; гэр орноо цэвэрлэх; хоол ундаа бэлдэх гэх мэтийн хамгийн энгийн зүйлийг хийхэд ч тэдэнд төвөгтэй байдаг. Нас ахихын хэрээр өлсөж цангах нь багасдаг учраас шаардлагатай хэмжээнээс бага идэж, уудаг болж магадгүй юм. Сүнслэгээр хооллох тухайд ч мөн ялгаагүй. Хараа, сонсгол нь муудсанаас цуглаан дээр уншиж, сонсоход хэцүү байдгийн дээр, зүгээр л цуглаанд явах нь тэдний хувьд амаргүй ажил болдог. Тийм буурлууддаа хэрхэн тусалж болох вэ?
Яаж туслах вэ?
10. Настай Гэрчүүдэд бодит тусламж үзүүлэх талаар ахлагчид юу хийж болох вэ?
10 Настай Гэрчүүддээ туслах талаар сайхан үлгэр жишээ үзүүлдэг хурал олон бий. Хурлын гишүүд дэлгүүр явах, хоол унд бэлдэх, гэр орныг нь цэвэрлэх гэх зэргийн ажлыг хайрын сэтгэлээс хийдэг. Библи судлах, цуглаандаа явах, дэлгэрүүлэх ажлаа тогтмол хийхэд нь тусалдаг. Бас хань бараа болж хамт явах юм уу машин унаагаар тусалдаг. Хэрэв гэрээсээ гарч чадахгүй бол цуглааны хөтөлбөрийг хуурцаг гэх зэрэгт бичиж аваад, сонсгодог. Ахлагчид хурлынхаа ахмад христиануудын хэрэгцээг хангахад шаардлагатай бодит тусламж үзүүлэх талаар боломжийнхоо хэрээр анхаардаг. *
11. Нэг айл өндөр настай Гэрчид хэрхэн тусалсан бэ?
11 Хувь хүн ч бас настай итгэл нэгтнүүддээ өгөөмөр сэтгэл гарган, зочлон хүндэлж болно. Өндөр настай нэг Гэрч, эхнэрээ нас барсны дараа тэтгэврийнхээ мөнгөөр байрны хөлсөө төлж чадахгүй болоход, урьд нь тэднээр Библийн хичээл заалгадаг байсан нэгэн гэр бүл түүнийг гэртээ суулгахаар болж, хоёр өрөө гаргаж өгчээ. Тэднийх өсвөр насны хоёр охинтой бөгөөд их том байшинтай айл байв. Тэд 15 жил хамт хооллож, инээж наргин, бие биеэ ах дүүсийн ёсоор хайрлажээ. Хүүхдүүд өвөөгийнхөө итгэл болон арвин баялаг туршлагаас их зүйлийг сурч, өвөө ч тэдэнтэйгээ харьцаж, цагийг сайхан өнгөрүүлдэг байв. Гэрч өвөө 89 насалсан бөгөөд насан өөд болтлоо тэднийд байжээ. Тэр айл өвөөтэй хамт байхдаа их ивээл хүртсэндээ Бурханд одоо ч талархдаг аж. Тэд Есүс Христийн шавьд тусалсан учир «шагналаа» алдаагүй (Мат. 10:42). *
12. Нас дээр гарсан итгэл нэгтнүүдээ хэрхэн асран халамжилж болох вэ?
12 Та өндөр настай итгэл нэгтнүүддээ тэр гэр бүл шиг тусалж чадахгүй байж болох ч цуглаан, дэлгэрүүлэх ажилд хамт явж чадна шүү дээ. Бас гэртээ урьж, хамт салхинд гарч болно. Өвчтэй юм уу гэрээс гарч чадахгүй үед нь эргэж тойрч болно. Түүнээс гадна, настай хүмүүстэй хүүхэд шиг харьцаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Настангуудад хамаатай асуудлыг шийдэхдээ ухаан нь саруул бол тэдний саналыг харгалзан үзэж байх нь зүйтэй. Хүн зөнөглөсөн ч өөрийг нь хүндэлж байгаа, үгүйг ойлгодог.
Ехова та нарын үйл хэргийг мартахгүй
13. Настай христиануудын сэтгэл санааг ойлгож харьцах нь яагаад чухал бэ?
13 Настай хүмүүсийн сэтгэл санааг ойлгож харьцах нь туйлын чухал. Тэд идэр залуу, хүч тэнхээтэй байхдаа хийж чаддаг байсан зүйлдээ хүч хүрэхгүй болсондоо гутарч шаналдаг нь гайхах зүйл биш. Жишээ нь, Еховад 50 шахам жил идэвх зүтгэлтэй үйлчилсэн, бас байнгын эхлэгч байсан нэгэн эмээ хүнд өвчний улмаас цуглаанд очиход хэцүү болжээ. Тэрбээр урьдын үеэ одоогийнхтойгоо харьцуулаад уйлж, толгой гудайлган: «Чадах юм ч байхгүй болж дээ» хэмээн хэлжээ.
14. Еховагийн өндөр настай үйлчлэгчдийг дуулал хэрхэн тайвшруулдаг вэ?
14 Хэрэв та өндөр настай бол дээрхтэй адилхан санагдах үе байдаг уу? Эсвэл заримдаа Ехова таныг орхисон юм шиг санагдаж болох юм. Дуулалч бас насныхаа эцэст тийн бодож байсан бололтой. Учир нь тэрбээр Еховагаас: «Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч» хэмээн гуйжээ (Дуу. 71:9, 18). Ехова дуулалчийг орхиогүй шигээ таныг ч бас орхихгүй. Өөр нэгэн дуулалд Давид, Бурхан өөрийг нь дэмжиж тэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байдаг (Дуулал 68:19-ийг уншина уу). Хэрэв та үнэнч хэвээрээ байвал Ехова тантай хамт байж, өдөр бүр тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаарай.
15. Настай хүмүүс яавал өөдрөг үзэлтэй байх вэ?
15 Өндөр настай Гэрчүүд ээ, Ехова өөрийнх нь алдрын төлөө урьд хийсэн болон одоо хийж байгаа бүхнийг тань хэзээ ч мартахгүй. Библид: «Бурхан бол ...Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж байдаг (Евр. 6:10). Тийм учраас, хөгширлөө, Еховад хэрэггүй боллоо гэж бодож болохгүй шүү. Гутранги үзлийг таягдан хаяж, өөдрөг юм бодохыг хичээгээрэй. Одоо хүртэж буй ивээл, ирээдүйд хүрэх сайхан бүхнээ бодоод, баяр хөөртэй байгаарай! Бидэнд хамгийн сайн «ирээдүй ба найдвар» байгаа бөгөөд энэ нь баттай гэдгийг Бүтээгч маань нотолсон билээ (Иер. 29:11, 12; Үйлс 17:31; 1 Тим. 6:19). Ирээдүйд ямар ивээл хүртэхээ эргэцүүлэн бодож, зүрх сэтгэл, оюун ухаанаараа залуу байхыг хичээн, хуралдаа хэрэгтэй хүн гэдгээ үргэлж санаж яваарай!
16. Өндөр настай нэгэн Гэрч өөрийгөө ахлагчаар үйлчлэх эрхгүй гэж бодсоны учир юу вэ? Ахлагчид түүнд хэрхэн урам хайрласан бэ?
16 Хүнд өвчтэй эхнэр Санигаа байнга асардаг, 80 настай Иоханы жишээг авч үзье. * Хурлынх нь Гэрч эмэгтэйчүүд Иоханыг цуглаандаа тогтмол очиж, дэлгэрүүлэх ажилдаа тасралтгүй оролцоход нь туслах зорилгоор Саниг ээлжээр асардаг болжээ. Гэсэн ч сүүлдээ Иоханы сэтгэлийн тэнхээ барагдаж, өөрийгөө цаашид ахлагчаар үйлчлэх эрхгүй гэж бодох болсон байна. Тэгээд: «Надад ахлагч байх гавьяа алга. Би хуралдаа хэрэгтэй юу хийж байгаа юм бэ?» хэмээн нулимс мэлмэрүүлэн байж хэлжээ. Хуримтлуулсан туршлага, гаргадаг санал нь үнэлж баршгүй чухал гэдгийг ахлагчид түүнд батлан хэлж, хийж чадах зүйл нь хомсдсон ч ахлагчаараа үйлчлэхийг ятгажээ. Сэтгэлийн дэм авч, урамшсан Иохан ч ахлагчаараа үйлчилж, хуралдаа их тус болж явна.
Ехова чин сэтгэлээсээ санаа тавьдаг
17. Библи настай христиануудыг хэрхэн тайвшруулдаг вэ?
17 Өтгөс буурлууд хөгшрөхийн зовлон амсдаг ч сүнслэгээр цэцэглэсээр байна гэдгийг Библи тодорхой хэлдэг. Дуулалч: «ЭЗЭНий өргөөнд суулгагдсан тэд ...хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна» хэмээн дуулжээ (Дуу. 92:13, 14). Элч Паул өвдөж зовж, «гаднах хүн нь ялзарч» байсан ч бууж өгөөгүй (2 Коринт 4:16–18-ыг уншина уу).
18. Настай христианууд болон тэднийг асран халамжилдаг хүмүүст бусдын тусламж хэрэгтэйн учир юу вэ?
18 Ахмад христианууд «жимс гаргаж» чаддагийг орчин үеийн олон жишээ баталдаг. Гэхдээ өвчин хууч, өндөр насны зовлон хайр халамжтай гэр бүлтэй хүмүүсийг ч дарамталдаг. Настангуудыг халамжлан асардаг хүмүүс ч ядардаг. Тийм хүмүүсийн аль алинд хайрын үүднээс тус дэм үзүүлнэ гэдэг бол хурлынх нь гишүүдийн хувьд завшаан ч, үүрэг ч байдаг (Гал. 6:10). Тийнхүү, тэд зүгээр нэг «амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай» гэж хэлдэг хүмүүс биш гэдгээ харуулдаг (Иак. 2:15–17).
19. Өндөр настай үнэнч христианууд ирээдүйгээ итгэл төгс харж болохын учир юу вэ?
19 Өндөр насны улмаас христиан хүний хүч чадал, хөдөлмөрийн бүтээмж нь тодорхой хэмжээгээр буурч болох юм. Гэхдээ өндөр настай үнэнч үйлчлэгчдээ гэсэн Еховагийн хайр дундардаггүй. Ехова тэднийг бүгдийг нь үнэ цэнтэй гэж үздэг бөгөөд хэзээ ч орхихгүй (Дуу. 37:28; Ис. 46:4). Тэднийгээ насан туршид нь дэмжиж тэтгэн, удирдан залсаар байх болно (Дуу. 48:14).
[Зүүлт]
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 6-р сарын дугаарын «Настай хүмүүс хойч үеийнхэнд үлгэр дуурайл болдог» гэсэн гарчигтай өгүүллийг үзнэ үү.
^ Өндөр настнуудад үзүүлдэг нийгмийн халамжийн тусламж байдаг бол түүнийгээ олж авахад нь тусалж болох юм. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 6-р сарын 1-ний дугаарын «Бурхан өндөр настнуудад санаа тавьдаг» гэсэн гарчигтай өгүүллийг үзнэ үү (англи).
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 5-р сарын дугаарын «Христиан хүн өндөр настнуудад санаа тавих үүрэгтэй» гэсэн гарчигтай өгүүллийн хавсралтуудыг үзнэ үү.
^ Нэр өөрчлөв.
Хариулна уу
• Та өндөр настай үнэнч христиануудыг яагаад үнэлж эрхэмлэдэг вэ?
• Өндөр настай итгэл нэгтнүүдээ хэрхэн асран халамжилж болох вэ?
• Еховагийн өндөр настай үйлчлэгчдийг өөдрөг үзэлтэй байхад нь юу туслах вэ?
[Догол мөрийн асуулт]
[18-р хуудасны зураг]
Хурлынх нь гишүүд настангуудаа хүндэтгэж, асран халамжилдаг