Skip to content

Гарчиг руу орох

Та цэвэр хэлээр чөлөөтэй ярьдаг уу?

Та цэвэр хэлээр чөлөөтэй ярьдаг уу?

Та цэвэр хэлээр чөлөөтэй ярьдаг уу?

«Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд ... ЭЗЭНий нэрийг дуудах юм» (ЗЕФ. 3:9).

1. Ехова бидэнд ямар гайхамшигтай бэлэг өгсөн бэ?

 ХЭЛ яриаг хүмүүс өөрсдөө зохиогоогүй. Харин Бүтээгч Бурхан Ехова хүнд ярих чадварыг бэлэг болгон өгсөн (Ег. 4:11, 12). Тэрбээр анхны хүн Адамыг зөвхөн ярьдаг төдийгүй, шинэ үг зохиож, үгийн сангаа баяжуулах чадвартайгаар бүтээжээ (Эх. 2:19, 20, 23). Үнэхээр гайхамшигтай бэлэг биш гэж үү? Үүний ачаар хүн төрөлхтөн тэнгэрийн Эцэгтэйгээ харьцаж, агуу нэрийг нь алдаршуулах боломжтой болсон.

2. Хүмүүс нэг хэлээр ярихаа больсны учир юу вэ?

2 Хүн төрөлхтөн бий болсноос хойш 17 зууны турш «дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай» байжээ (Эх. 11:1). Дараа нь Нимродын үеийн дуулгаваргүй хүмүүс Бурхны эсрэг тэрслэн босож, зааврыг нь зөрчин, нэг газраа суурьшихаар шийдсэн. Тэгээд Бабел хэмээн нэрлэгдэх болсон газар цугласан байна. Тэд Еховаг бус, харин өөрсдийнхөө «нэрийг алдаршуулахын» тулд маш өндөр цамхаг барьж эхэлжээ. Тэгэхэд нь Ехова хэлийг нь хутгалдуулан самууруулж, янз бүрийн хэлээр ярьдаг болгосонд тэд дэлхий даяар тархан суурьшжээ (Эхлэл 11:4–8-ыг уншина уу).

3. Бабелд Еховагийн эсрэг тэрслэн боссон хүмүүсийн хэлийг хутгалдуулахад юу болсон бэ?

3 Өнөөдөр хүн төрөлхтөн, зарим тооцоогоор 6800 гаруй хэлээр ярьдаг ажээ. Бодол санаагаа илэрхийлэх арга хэл бүрд өөр өөр байдаг. Ехова Бурхан тэрслэгчдийн хэлийг хутгалдуулан самууруулахдаа, урьд нь тэдний ярьдаг байсан хэлийг ой санамжаас нь бүрмөсөн арчсан нь илэрхий. Тэгээд ухаан санаанд нь шинэ үг оруулаад зогсоогүй, бодол сэтгэхүйг нь өөрчилж, хэл бүрийг шинэ дүрэмтэй болгожээ. Тэдгээр тэрслэгчийн барьж эхэлсэн цамхгийг, хутгалдуулан самууруулах гэсэн утгатай «Бабел» гэдэг үгээр нэрлэсэн нь гайхах зүйл биш юм (Эх. 11:9). Олон янзын хэлний үүсэл гарлын талаар бүрэн дүүрэн, хангалттай тайлбар ганцхан Библид байдаг нь сонирхол татдаг.

Шинэ, цэвэр хэл

4. Ехова орчин үед болох ямар үйл явдлын талаар зөгнөсөн бэ?

4 Ехова Бабелын хэрэг явдалд оролцсон тухай өгүүлдэг Библийн түүх сонирхолтой ч, орчин үед болж буй үйл явдал түүнээс ч илүү сонирхолтой бөгөөд чухал ач холбогдолтой. Ехова өөрийн зөнч Зефаниагаар: «Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм» хэмээн хэлүүлжээ (Зеф. 3:9). «Цэвэр хэл» гэж юу вэ? Энэ хэлээр яаж чөлөөтэй ярьдаг болох вэ?

5. Цэвэр хэл гэж юу вэ? Хүмүүс энэ хэлээр ярьдаг болсны үр дүн юу байх вэ?

5 Цэвэр хэл гэдэг бол Ехова Бурхан болон түүний санаа зорилгын тухай Библийн үнэн юм. Бас цэвэр хэл гэдэгт Бурхны Хаанчлалын тухай, энэ Хаанчлал Еховагийн нэрийг ариусгаж, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөн, үнэнч хүмүүст мөнхийн ивээл хишиг хүртээх тухай зөв ойлголт ордог. Ехова хүн төрөлхтөнд ийм хэл өгсний үр дүн юу байх вэ? Зөгнөлд бичсэнээр, «ЭЗЭНий нэрийг дуудаж», «мөр зэрэгцэн Түүнд үйлчлэх» ажээ. Энэ нь Бабелд болсон явдлаас тэс өөр юм. Хүмүүс цэвэр хэлээр ярьдаг болсноор Еховагийн нэрийг алдаршуулж, эв нэгдэлтэйгээр түүнд үйлчлэх боломж бүрдсэн.

Цэвэр хэл сурах нь

6, 7. а) Гадаад хэл сурахын тулд яах шаардлагатай вэ? Цэвэр хэл сурах тухайд юу хэлж болох вэ? б) Одоо юун тухай ярилцах вэ?

6 Ер нь хүн гадаад хэл суръя гэвэл шинэ үг цээжлээд л болчихдоггүй. Бодож сэтгэх аргаа өөрчлөх шаардлага гардаг. Нэг хэлд утга авцалдаатай, инээд наргиантай зүйл нөгөө хэлд заавал тийм байх албагүй. Шинэ хэлний эгшиг авиаг дуудахын тулд хэл гэх зэргийн өгүүлэхүйн эрхтнээ өөрөөр ажиллуулах хэрэгтэй болдог. Библийн үнэний цэвэр хэлийг сурахад ч мөн ялгаагүй бөгөөд Библийн үндсэн хэдэн сургаалаас илүү их зүйлийг мэдэх хэрэгтэй. Түүнчлэн, бодол санаа, зүрх сэтгэлээ шинэчлэн өөрчлөх ёстой (Ром 12:2; Ефес 4:23-ыг уншина уу).

7 Цэвэр хэлийг ойлгодог болоод зогсохгүй, чөлөөтэй ярихын тулд яах вэ? Гадаад хэл сурах үндсэн хэдэн арга Библийн үнэний хэлээр чөлөөтэй ярьж сурахад тус болно. Хүмүүсийн гадаад хэл сурахдаа хэрэглэдэг үндсэн аргуудыг ярилцаж, бэлгэдлийн шинэ хэл сурахад эдгээр арга яаж тус болохыг үзэцгээе.

Цэвэр хэлээр чөлөөтэй ярих нь

8, 9. Цэвэр хэл суръя гэвэл яах ёстой вэ? Энэ нь яагаад чухал бэ?

8 Анхааралтай сонсох. Анх гадаад хэл сурч байгаа хүний чих дасаагүй байдаг учраас тэр хэл нь харь сонсогддог (Ис. 33:19). Харин сонсож буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сурах тусам үг бүрийг ялгаж, хэвшмэл хэллэгийг ойлгодог болно. Цэвэр хэлээр ярихад ч бас, «урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуул» хэмээсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь зүйтэй (Евр. 2:1). Есүс дагалдагчдадаа: «Сонсох чихтэй нь сонсогтун» гэж хэлснийг санаарай (Мат. 11:15; 13:43; Марк 4:23; Лук 14:35). Цэвэр хэлээр ойлгох чадвараа сайжруулахын тулд анхааралтай «сонсож, ухаарах» хэрэгтэй (Мат. 15:10; Марк 7:14).

9 Сонсохын тулд анхаарлаа төвлөрүүлээрэй. Энэ нь амаргүй хэдий ч хүчин чармайлт гаргах хэрэгтэй (Лук 8:18). Та цуглаан дээр тайлбарлаж байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг үү? Эсвэл өөр юм бодоод суудаг уу? Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Эс бөгөөс, хатуу чихтэй болж болзошгүй (Евр. 5:11).

10, 11. а) Анхааралтай сонсохоос гадна өөр яах хэрэгтэй вэ? б) Цэвэр хэлээр ярих тухайд юу хэлж болох вэ?

10 Чөлөөтэй ярьдаг хүмүүсийг дуурайх. Гадаад хэл эхлэн суралцагчид анхааралтай сонсохоос гадна, чөлөөтэй ярьдаг хүмүүсийн дуудлага, үг хэллэгийг даган дуурайх хэрэгтэй байдаг. Ингэвэл аялгагүй ярьж сураад, хүмүүстэй чөлөөтэй харьцдаг болно. Түүнтэй адилаар, цэвэр хэл «заах урлаг» эзэмшсэн хүмүүсээс суралцах хэрэгтэй (2 Тим. 4:2, ШЕ). Тэднээр туслуулаарай. Алдааг тань засаж өгвөл, уриалагхан хүлээж аваарай (Еврей 12:5611-ийг уншина уу).

11 Цэвэр хэлээр ярина гэдэг нь Библийн үнэнд итгэж, бусдад заахаас гадна Бурхны хууль, зарчмын дагуу биеэ авч явахыг хэлнэ. Үүний тулд бат итгэлтэй, хичээл зүтгэлтэй хүмүүсийг дуурайх хэрэгтэй. Бас Есүсийн амьдрал, үйл хэргийг дуурайх нь чухал (1 Кор. 11:1; Евр. 12:2; 13:7). Хэрэв христиан хүн бүр үргэлж ийм байдаг бол Бурхны ард түмэн цэвэр хэлээр аялгагүй ярьж, хоорондоо эв нэгдэлтэй байх болно (1 Кор. 4:16, 17).

12. Гадаад хэл сурахад цээжлэх арга ямар ач холбогдолтой вэ?

12 Цээжлэх. Хэл сурч буй хүмүүс шинэ үг хэллэг гэх зэргийн олон юм цээжлэх хэрэгтэй болдог. Христианууд ч бас цэвэр хэл эзэмшихийн тулд цээжилж тогтоох аргыг хэрэглэдэг. Жишээ нь, Библийн номуудын нэрийг дэс дараагаар нь цээжлэх нь сайн байдаг. Зарим хүн Библийн зүйлийг үг үсэггүй цээжлэх юм уу тухайн зүйл хаана байдгийг цээжлэх зорилго тавьдаг. Зарим нь Хаанчлалын дуу, Израилийн овгуудын болон 12 элчийн нэр, сүнсний үр жимсийг бүрдүүлдэг чанаруудыг цээжилж, ач тусыг нь хүртдэг. Эрт цагт израильчууд дууллыг цээжилдэг байжээ. Орчин үед ч бас тийм хүмүүс байдаг. Нэг хүү 6-хан настай байхдаа Библийн 80 гаруй зүйлийг үг үсэггүй цээжилжээ. Бид ч бас энэ чадвараа ашиглаж болохгүй нь юу билээ?

13. Давтах арга яагаад чухал бэ?

13 Давтах нь цээжилж тогтоосноо мартахгүй байхад тустай арга юм. Тиймд христианууд дахин дахин сануулах аргыг сургалтдаа өргөн хэрэглэдэг. Элч Петр: «Хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүгээ өөрсдөд чинь байгаа үнэн дотор батажсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг сануулахад ямагт бэлэн байх болно» хэмээн бичжээ (2 Петр 1:12). Мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, үзэл бодлоо тэлж, Еховагийн замаар явах гэсэн шийдвэрээ батжуулахад сануулга зайлшгүй хэрэгтэй. Бурхны тогтоосон хэм хэмжээ, хууль зарчмыг тогтмол давтаж байх нь өөрийгөө шалгаж, «мартамхай сонсогч» болохгүй байхад тустай (Иак. 1:22–25). Үнэнийг өөртөө сануулж байхгүй бол зүрх сэтгэл маань өөр бусад зүйлд татагдаж, улмаар цэвэр хэлээр ярьж чадахгүйд хүрнэ.

14. Цэвэр хэл сурахад туслах нэг арга юу вэ?

14 Чанга унших. Зарим хүн хэл сурахдаа аман дотроо уншдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Цэвэр хэл судалж байхдаа анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зарим үед нам дуугаар унших хэрэгтэй. «ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг [«нам дуугаар уншдаг», ШЕ]» хүн жаргалтай гэж дуулалч хэлсэн байдаг (Дуулал 1:2). Хэрэв тийн уншдаг бол, уншиж буй материал ухаан санаанд тамгалагдан үлддэг. «Нам дуугаар унших» гэж хөрвүүлсэн еврей үг эргэцүүлэн бодох гэдэгтэй ойролцоо утгатай. Хоолоо шингээх нь биед тустай байдаг шиг уншсан зүйлээ сайн ойлгохын тулд эргэцүүлэн бодох хэрэгтэй. Та судалж буй зүйлээ эргэцүүлэн бодох хангалттай цаг гаргадаг уу? Библиэ уншсаныхаа дараа гүн гүнзгий бодож байгаарай.

15. Цэвэр хэлний «дүрмийг» хэрхэн судалж болох вэ?

15 Дүрэм судлах. Хэл үзэж эхэлснээс хойш тодорхой шатанд хүрээд, хэлзүйн дүрэм буюу өгүүлбэрийн бүтцийг судлах нь үр дүнтэй байдаг. Тэгвэл тухайн хэлний бүтцийг ойлгож, зөв ярьж сурдаг. Хэл болгон дүрэмтэй байдаг шиг Библийн үнэний цэвэр хэл бас дүрэм буюу «эрүүл үгсийн жишээтэй» (2 Тим. 1:13). Бид тэрхүү «жишээг» дуурайх хэрэгтэй.

16. Ямар хандлагаа засах хэрэгтэй вэ? Яаж засах вэ?

16 Зогсолтгүй ахих. Зарим хүн үзэж буй хэлээрээ ойр зуурын зүйл ойлголцдог болмогцоо цаашаа явахаа больчихдог. Цэвэр хэлээр ярьдаг хүмүүс бас тийм хандлагатай болж болох юм (Еврей 5:11–14-ийг уншина уу). Энэ хандлагаа яаж засах вэ? «Үгийн сангаа» арвижуулах талаар урьдынх шигээ мэрийгээрэй. «Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж, төлөвшилт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ үхсэн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэх итгэлийн, баптисмууд болон гараа тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя» (Евр. 6:1, 2).

17. Тогтмол судалж хэвших нь яагаад чухал бэ? Жишээгээр тайлбарлана уу.

17 Тодорхой хуваариар судлах. Олон цагаар алдаг оног судалснаас, цөөхөн цагаар ч хамаагүй, тогтмол судлах нь дээр байдаг. Толгой сэргэг, сатаарах зүйлгүй үеэр судлаарай. Гадаад хэл сурах нь балар ойд жим гаргахтай агаар нэг юм. Тэр жимээр хэдийчинээ олон удаа явна, аялахад төдийчинээ хялбар болдог. Харин явахгүй удвал жим баларч, явахад хэцүү болно. Тэгэхлээр, үргэлж, уйгагүй хөдөлмөрлөх нь чухал! (Дан. 6:16, 20). Библийн үнэний цэвэр хэлээр ярьдаг болохын тулд залбирч, «цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг байх» хэрэгтэй (Ефес 6:18).

18. Боломж олдох бүрд цэвэр хэлээр ярих хэрэгтэйн учир юу вэ?

18 Ярь! Ярь! Ярь! Гадаад хэл үзэж буй зарим хүн ичээд, эсвэл алдаа гаргахаасаа айгаад тэр хэлээрээ ярьдаггүй. Энэ нь урагш ахихад саад болдог. Гадаад хэл эзэмшихийн тулд «Оролдлого сайт оройд нь гарна» гэдэг зүйр үгийг санавал зохино. Үзэж буй хэлээрээ хэдийчинээ их ярина, төдийчинээ зүгширч, ярихад хялбар болдог. Түүн шиг, боломж л гарвал цэвэр хэлээр ярих хэрэгтэй. «Хүн зүрхэндээ итгэн, зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн [«бүх нийтэд тунхаглан», ШЕ], авралд хүрнэ» (Ром 10:10). Бид зөвхөн баптисм хүртэхдээ төдийгүй, дэлгэрүүлэх ажилд оролцох зэргээр боломж олдох бүрд Еховагийн тухай «бүх нийтэд тунхаглах» ёстой (Мат. 28:19, 20; Евр. 13:15). Бас цуглаан дээр цэвэр хэлээр товч, тодорхой ярих завшаан олддог (Еврей 10:23–25-ыг уншина уу).

Мөр зэрэгцэн үйлчилж, Еховаг цэвэр хэлээр магтагтун

19, 20. а) Орчин үед Еховагийн Гэрчүүд ямар гайхамшиг үйлдэж байна вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

19 МЭ 33 оны сиван сарын 6-ны ням гаригийн өглөө Иерусалимд байсан хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлжээ! Дээд давхрын өрөөнд цугласан тэд өглөөний есөн цаг ч болоогүй байхад гайхамшгаар «харь хэлээр ярьж эхлэв» (Үйлс 2:4). Харин орчин үед Бурхан үйлчлэгчдэдээ тийм бэлэг өгдөггүй (1 Кор. 13:8). Гэхдээ Еховагийн Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээг 430 гаруй хэлээр тунхаглаж байна.

20 Бид ямар ч хэлээр ярьдаг бай, Библийн үнэний цэвэр хэл биднийг нэгтгэдэг нь үнэхээр бахархалтай! Бабелд болсон явдал өнөөдөр эсрэгээрээ болж, Еховагийн ард түмэн Бурхныхаа нэрийг нэг «хэлээр» алдаршуулж байна (1 Кор. 1:10). Дэлхий дахинд буй христиан ах дүүстэйгээ «мөр зэрэгцэн» үйлчилж, тэнгэрийн Эцэг Еховагаа алдаршуулахын тулд цэвэр хэлээр улам чөлөөтэй ярьж сурцгаая (Дуулал 150:1–6-г уншина уу).

Хариулна уу

• Цэвэр хэл гэж юу вэ?

• Цэвэр хэлээр ярина гэж яахыг хэлдэг вэ?

• Цэвэр хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны хавсралт]

Цэвэр хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд

анхааралтай сонсоорой.

Лук 8:18; Евр. 2:1

чөлөөтэй ярьдаг хүмүүсийг дуурайгаарай.

1 Кор. 11:1; Евр. 13:7

цээжилж, давтаарай.

Иак. 1:22–25; 2 Петр 1:12

чанга уншаарай.

Дуу. 1:2

«дүрэм» судлаарай.

2 Тим. 1:13

зогсолтгүй ахиарай.

Евр. 5:11–14; 6:1, 2

тодорхой хуваариар судлаарай.

Дан. 6:16, 20; Ефес 6:18

яриарай.

Ром 10:10; Евр. 10:23–25

[24-р хуудасны зураг]

Еховагийн ард түмэн нэг л цэвэр хэлээр ярьдаг