Та үргэлж үнэнч байх уу?
Та үргэлж үнэнч байх уу?
«Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» (ИОВ 27:5).
1, 2. Ямар зорилгоор хүчин чармайлт гаргах хэрэгтэй вэ? Ямар ямар асуултыг авч үзэх вэ?
ТАНЫГ байшингийн зураг төсөл үзэж байна гэж бодъё. Амьдрахад их тав тухтай байхаар бодож төлөвлөсөн нь таны гайхлыг төрүүлжээ. Ийм байшинд суувал хэчнээн ая тухтай байх бол гэж бодоход л танд сайхан санагджээ. Гэхдээ сайхан зураг үзээд, юу ч бодогдсон бай, тийм байшин бариад, байшиндаа нүүж очоод, байнга амьдрахгүй л юм бол ашиг тус байхгүй гэдэгтэй таны санал нийлэх биз ээ.
2 Үүнтэй адилаар, үнэнч байж сураад, үргэлж үнэнч байхыг хэвшүүлэхгүй бол үнэнч байх нь сайн гэж хэчнээн ч бодоод ашиг тус байхгүй. Үнэнч байж сурахыг байшин барихтай зүйрлэж болно. Байшин барих гэж цаг гаргаж, хүч хөдөлмөрөө зориулахгүй байж зураг төслийг нь бодох нь ямар ч утгагүй шүү дээ (Лук 14:28, 29). Үргэлж үнэнч байя гэвэл цаг хугацаа, хүчин чармайлт гаргах хэрэгтэй бөгөөд тэр бүх хүчин чармайлт хэзээ ч талаар өнгөрөхгүй. Энэ өгүүллээр «Үнэнч байж сурахад юу хэрэгтэй вэ? Үргэлж үнэнч байхад юу хэрэгтэй вэ? Хэрэв христиан хүн хэсэг хугацаанд үнэнч байж чадаагүй бол яах нь зүйтэй вэ?» гэсэн гурван асуултыг дэлгэрэнгүй авч үзье.
Үнэнч байж сурахад юу хэрэгтэй вэ?
3, 4. а) Үнэнч байж сурахад Ехова хэрхэн тусалдаг вэ? б) Үнэнч байж сурахын тулд Есүсийн юуг дуурайх хэрэгтэй вэ?
3 Өмнөх өгүүлэлд тэмдэглэснээр, Ехова үнэнч байх эсэхээ шийдэх эрхийг бидэнд өгдөг. Гэхдээ биднийг зөнд нь орхидоггүй. Үнэнч байх гэдэг эрхэм чанарыг хэрхэн хөгжүүлэхийг бидэнд заадгийн зэрэгцээ сурснаа хэрэгжүүлэхэд маань туслан ариун сүнсээ арвин ихээр өгдөг (Лук 11:13). Түүгээр зогсохгүй, үнэнчээр явахыг хичээдэг хүмүүсийг сүнслэгээр хамгаалдаг (Сур. 2:7).
4 Тэгвэл Ехова үнэнч байхыг бидэнд хэрхэн заадаг вэ? Бурхан Хүү Есүсээ дэлхийд ирүүлсэн нь бидний хувьд үнэнч байж сурахад хамгийн их ач тустай хэрэг болсон. Есүсийн амьдрал бол дуулгавартай байхын төгс жишээ юм. Тэрбээр «үхэлд... хүртэл дуулгавартай байсан» (Флп. 2:8). Есүс юу ч хийсэн, тэр байтугай, хамгийн хүнд сорилт тулгарахад ч тэнгэрийн Эцэгтээ дуулгавартай байсан. Тэрбээр: «Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг» гэж Еховад хэлсэн байдаг (Лук 22:42). Тиймээс, христиан хүн бүр өөрөөсөө: «Би Есүс шиг дуулгавартай хүн мөн үү?» гэж асуух нь зүйтэй. Чин сэтгэлээсээ дуулгавартай байх гэж хичээдэг бол үнэнч байж чадна. Амьдралын ямар ямар хүрээнд дуулгавартай байх нь онцгой чухал болохыг ярилцъя.
5, 6. а) Өөр хүнгүй үед ч үнэнч байхын чухлыг Давид хэрхэн онцолсон бэ? б) Өнөөдөр христианууд ганцаараа байхдаа ямар ямар сорилттой тулгардаг вэ?
5 Бид ганцаараа байхдаа ч Еховад дуулгавартай байх хэрэгтэй. Ганцаараа байхдаа үнэнч байхын чухлыг дуулалч Давид онцолжээ (Дуулал 101:2-ыг уншина уу). Давид, хаан байсан тул хэдэн зуу, бүр хэдэн мянган хүний анхаарлын төвд байх үе олон байсан биз ээ (Дуулал 26:12-той харьцуулна уу). Тийм үед үнэнч байх нь их чухал байжээ. Учир нь ард түмэндээ үлгэр жишээ үзүүлэх ёстой байв (Д.хууль 17:18, 19). Гэхдээ Давид ганцаараа буюу «гэртээ байхдаа» ч үнэнч байх хэрэгтэйг ухаарсан юм. Тэгвэл бид үүний чухлыг ойлгодог уу?
6 «Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй» хэмээсэн Давидын үг Дуулал 101:3-т байдаг. Өнөөдөр, ялангуяа, ганцаараа байхдаа хорон юмыг үзэж харах боломж их болжээ. Эдүгээ бараг хүн бүр Интернетэд нэвтрэх боломжтой болсон учир нүднийхээ өмнө хорон юм байлгахгүй байх нь олон хүнд амаргүй болоод байна. Элдэв зохисгүй юм, цаашлаад, порно үзэж сонирхдог болох амархан. Хэрэв ингэвэл Давидыг ариун сүнсээрээ удирдан, дээрх үгийг бичүүлсэн Бурханд дуулгаваргүй загнасан хэрэг болохгүй гэж үү? Порно материал нь хүнд гаж буруу хүсэл төрүүлэх, хуял тачаалыг хөдөлгөх, мөс чанарыг сэвтүүлэх, гэр бүлийг сүйтгэх, нэр хүндийг гутаах гэх зэргийн аюултай (Сур. 4:23; 2 Кор. 7:1; 1 Тес. 4:3–5).
7. Ганцаараа байхдаа ч үнэнч байхад Библийн ямар зүйл тус болох вэ?
7 Үнэндээ, Еховад үйлчилдэг хүн хэзээ ч цор ганцаараа байдаггүй. Тэнгэрийн халамжит Эцэг маань биднийг үргэлж харж байдаг (Дуулал 11:4-ийг уншина уу). Хорхой хүргэм зүйлийг тэвчихийг тань үзээд Ехова үнэхээр их баярладаг. Хорхой хүргэм зүйлийг тэвчих нь Матай 5:28-д байдаг Есүсийн хэлсэн сэрэмжлүүлгийг хүлээн авч байгаа хэрэг юм. Буруу юм хийх хүсэл төрүүлэх юуг ч үзэж харахгүй байя гэж эрс тууштай шийдээрэй. Үнэнч байх гэдэг эрхэм чанараа порно материал үзэх, унших гэх мэтийн ичгүүртэй явдлаас болж бүү гээгээрэй.
8, 9. а) Даниел болон түүний гурван нөхөрт ямар сорилт тулгарсан бэ? б) Өнөөдөр христиан залуус Ехова Бурхан болон итгэл нэгтнүүдээ хэрхэн баярлуулдаг вэ?
8 Үнэнч байя гэвэл Гэрч бус хүмүүсийн дунд байхдаа ч Еховад дуулгавартай байх хэрэгтэй. Даниел болон түүний гурван нөхрийг санацгаая. Тэд бага залуу байхдаа олзлогдон, Вавилонд хүргэгджээ. Тэнд тэд Еховаг ерөөсөө мэддэггүй эсвэл муухан мэддэг хүмүүсийн дунд байсан бөгөөд Бурхны хуулиар хориглосон амттан шимттэнээс идэх шаардлагатай болов. Тэдний хувьд итгэл үнэмшлээсээ няцахад ядах юмгүй байв. Тэднийг буруу юм хийсэн ч эцэг эх, ахмад настнууд, тахилчид мэдэхгүй байх байсан. Тэгвэл хэн ч мэдэхгүй байх байсан уу? Үгүй ээ, Ехова мэдэх байсан шүү дээ. Тиймээс тэд дарамт шахалт, амь насанд нь учирч болох аюулыг сөрөн, итгэл үнэмшлээ тууштай баримтлан, Еховад дуулгавартай байсан (Дан. 1:3–9).
9 Өнөөдөр дэлхий дахинд Еховагийн Гэрч залуучууд тэдний үлгэр жишээг дуурайн, Бурхны тогтоосон хэм хэмжээг чанд баримталдаг учир үеийнхнийхээ нөлөөнд автдаггүй. Залуус та нар мансууруулах бодис, зодоон цохион, хараал зүхэл, садар самуун зэргээс хол байдаг бол Еховад дуулгавартай байгаа хэрэг шүү дээ. Бас үнэнч байгаа гэсэн үг. Ийнхүү та нар өөрсдийгөө хамгаалаад зогсохгүй Ехова Бурхнаа ч, итгэл нэгтнүүдээ ч баярлуулдаг (Дуу. 110:3).
10. а) Зарим христиан залуу үнэнч байж чаддаггүй нь садар самууны талаарх ямар ойлголттой холбоотой вэ? б) Үнэнч байх нь садар самууны аюулаас зайлсхийхэд хэрхэн туслах вэ?
10 Түүнээс гадна, бид эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа Бурханд дуулгавартай байх хэрэгтэй. Бурхны Үгэнд садар самууныг эрс буруушаадгийг бид мэддэг. Гэхдээ дуулгавартай хүн ч дуулгаваргүй болоход амархан. Жишээ нь, зарим залуус амаар юм уу хошногоор секс хийх, бие биеийнхээ бэлгэ эрхтнийг илж таалах зэргийг жам ёсны бэлгийн харьцаа биш хэмээн үздэг учир буруу гэж бодолгүй иймэрхүү үйлдэл хийдэг байна. Гэтэл Библид «садар самуун» гэж орчуулдаг үгэнд дээрх бүх үйлдэл багтдаг бөгөөд христиан хүн иймэрхүү үйлдэл хийвэл хурлаас хасагдах аюулд хүрдгийг тэд мартдаг ч юм уу эсвэл зориуд үл тоомсорлодог бололтой. * Үнэнч байхын чухлыг үл ойшоодог нь бүр ч тоогүй. Бид үнэнч байх гэж хамаг чадлаараа хичээдэг учир Бурхны хуульд «цоорхой» байна уу гэж хайдаггүй. Шийтгэл авахгүй л бол нүгэлд ойртож очиж болно гэж боддоггүй. Буруу юм хийвэл шийтгүүлнэ гэж бодох нь бидний анхаарах ёстой гол зүйл биш ээ. Харин Еховад таалагддаг зүйл хийхийг, Еховагийн сэтгэлийг өвтгөх юм хийхээс зайлсхийхийг голлон анхаарах учиртай. Нүгэлд хэр зэрэг ойртож болдгийг үзэх гэхийн оронд нүглээс хол байж, «садар самуун явдлаас зугтан явах» ёстой (1 Кор. 6:18). Ингэвэл чин сэтгэлээсээ үнэнч байдгаа батлан харуулна.
Үргэлж үнэнч байхад юу хэрэгтэй вэ?
11. Нэг удаа ч дуулгавартай байхыг чухал гэж үзэхийн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
11 Үнэнч байж сурахын тулд дуулгавартай байх хэрэгтэй. Тэгэхлээр, үргэлж үнэнч байя гэвэл үргэлж дуулгавартай байх шаардлагатай. Нэг удаа дуулгавартай байх нь ашиггүй мэт санагдаж болох ч удаа бүр дуулгавартай байвал үнэнч байдгаа харуулж байгаа хэрэг. Жишээ нь, ганц ширхэг тоосго ямар ч ашиггүй мэт санагдаж болох ч нэг нэгээр нь нэмж өрөхөд байшин босдог шүү дээ. Үүнтэй адилаар, бага юманд ч дуулгавартай байгаад байвал үргэлж үнэнч байж чадна гэсэн үг (Лук 16:10).
12. Давид зүй бус харьцаа, шударга бус явдлын золиос болсон ч үнэнч байснаа хэрхэн харуулсан бэ?
12 Саад бэрхшээл, зүй бус харьцаа, шударга бус явдалтай тулгарахдаа ч тэвчээртэй байвал үнэнч байдгаа батлан харуулна. Давидын жишээг үзье. Тэрбээр залуу байхаасаа, Еховагийн өгсөн эрх мэдлийг урвуулан ашигласан нэгэн хааны хавчлагыг тэвчих ёстой болсон. Ехова өөрийг нь таалахаа больж, харин Давидыг таалдаг болсонд Саул хаан атаархдаг болжээ. Тэрбээр хаан ширээнд заларсаар байсан бөгөөд израилийн армийг гар хөлөө болгон Давидыг мөрдөн мөшгөж байлаа. Ехова энэ шударга бус явдлыг тэр даруйд нь таслан зогсоогоогүй юм. Тэглээ гээд Давид Бурханд уураа гаргасан уу? Тэвчихийн хэрэг алга гэж бодсон уу? Тэгээгүй. Давид Саулыг Еховагийн тосолсон хүн хэмээн ихэд хүндэтгэж байсан төдийгүй хорлох далим гарахад ч өшөө аваагүй юм (1 Сам. 24:2–7).
13. Бусад хүн биднийг гомдоосон ч үргэлж үнэнч байхад юу туслах вэ?
13 Давидын жишээ өнөөгийн бидэнд ч их сургамжтай. Бид дэлхий дахины ахан дүүгийн барилдлагын гишүүд билээ. Энэ барилдлагыг бүрдүүлдэг төгс бус хүмүүсийн хэн нь ч бидэнд шударга бус хандах юм уу бүр үнэний замыг орхиж болох юм. Гэхдээ бид Бурхны ард түмэн нийтдээ завхран гажууддаггүй сайхан цагт амьдарч байна. Гэвч хэн нэгэн хүн бидний урмыг хугалах юм уу биднийг гомдоолоо гэхэд яах нь зүйтэй вэ? Итгэл нэгтэндээ юм санаснаас болж зүрхээ хордуулбал Бурхандаа үнэнч байж чадахгүйд хүрэх аюултай. Бид бусдыг зохисгүй авирлалаа гээд Бурханд уураа гаргах юм уу үнэний замыг орхих учиргүй (Дуу. 119:165). Сорилтыг тэвчих нь үргэлж үнэнч байхад ач тустай.
14. Үнэнч хүн зохион байгуулалтын өөрчлөлт юм уу шинэ тайлбар гарахад хэрхэн ханддаг вэ?
14 Үргэлж үнэнч байхын тулд шүүмжлэх, өө сэв хайх явдлаас зайлсхийж, Еховагийн байгууллагад ч үнэнч байх хэрэгтэй. Орчин үед Ехова ард түмнээ урьдынхаасаа илүү их ивээж, жинхэнэ шүтлэг түүхэнд урьд хожид байгаагүйгээр түгэн дэлгэрч байгаа билээ (Ис. 2:2–4). Библийн зүйлийн талаар шинэ тайлбар гарлаа гэхэд эсвэл байгууллагаас зохион байгуулалтын шинэ арга хэмжээ авлаа гэхэд бид хүлээн авах учиртай. Сүнслэг гэрэл улам бүр тодорч байгаад бид баярладаг (Сур. 4:18). Гэхдээ шинэ тайлбар юм уу шинэ арга хэмжээг хүлээн авахад хэцүү байвал Еховагаас тусламж гуйж залбирах нь зүйтэй. Дараа нь, ойлготлоо дуулгавартай байх нь үнэнч байгаагийн шинж юм.
Христиан хүн үнэнч байж чадаагүй бол яах нь зүйтэй вэ?
15. Таны үнэнч байхыг болиулж чадах цорын ганц хүн хэн бэ?
15 Энэ бол үнэхээр бодууштай асуулт юм. Үнэнч байх нь туйлын чухал гэдгийг бид өмнөх өгүүллээр ярилцсан. Үнэнч байж эс чадваас Еховатай тогтоосон харьцаагаа ч, ирээдүйн найдвараа ч алдана. Үнэндээ бол, таны үнэнч байхыг болиулж чадах хүн нэг л байгаа. Тэр нь та өөрөө юм шүү. Иов: «Үхэн үхтэлээ би үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэж хэлсэн нь үүнийг сайн ойлгодог байсныг нь харуулдаг (Иов 27:5). Та Иов шиг шийдэмгий байж, Еховатай үргэлж дотно явбал үүрд үнэнч байж чадна (Иак. 4:8).
16, 17. а) Христиан хүн нүгэл үйлдсэн бол яах нь буруу вэ? б) Яах нь зүйтэй вэ?
16 Зарим хүн үнэнч байхаа больдог. Ноцтой нүгэл үйлдэж зуршсан хүмүүс элч нарыг амьд сэрүүн байхад мэр сэр байсан шиг өнөөдөр ч бас байна. Хэрэв тийм юм болсон бол яах ч аргагүй гэсэн үг биш шүү. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Эхлээд, яах ёсгүйг ярилцъя. Ер нь, хүн буруу юм хийснээ эцэг эх, итгэл нэгтнүүд буюу ахлагчдаас нуудаг. Гэхдээ Библид: «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ» гэж байдаг (Сур. 28:13). Бурхнаас юуг ч нуух аргагүй учир нүгэл үйлдсэнээ нууна гэдэг ноцтой алдаа юм (Еврей 4:13-ыг уншина уу). Зарим хүн нүгэл үйлддэг ч Еховад үйлчилдэг дүр эсгэдэг. Энэ нь үнэнч байгаа хэрэг хэрхэвч биш бөгөөд харин ч Бурхнаас урвасантай адил юм. Ноцтой нүглээ нуудаг хүмүүсийн шүтлэг мөргөлийг Ехова таалдаггүй. Хоёр нүүртэй ийм хүмүүс Бурхны уурыг хүргэдэг (Сур. 21:27; Ис. 1:11–16).
17 Христиан хүн ноцтой нүгэл үйлдлээ гэхэд яах ёстойг нь Библи тодорхой хэлдэг. Ахлагчдаас тусламж авах хэрэгтэй. Ехова сүнслэгээр хүнд өвдсөн хүмүүст туслах арга хэмжээ авсан билээ (Иаков 5:14-ийг уншина уу). Сахилга батын арга хэмжээ авахуулах байх, шийтгүүлэх байх гэж айгаад сүнслэг эрүүл мэндээ муутгах хэрэггүй. Амь насанд аюултай өвчин туссан хүн тариа тариулах, мэс засал хийлгэх гэх мэтийн эмчилгээ хийлгэж, түр зуур өвдөхөөс айгаад биеэ эмчлүүлэхгүй явбал мунхаг хэрэг болох бус уу? (Евр. 12:11).
18, 19. а) Ноцтой нүгэл үйлдсэн хүн урьдынх шигээ үнэнч болж болдгийг Давид хэрхэн харуулсан бэ? б) Та үнэнч байхын тулд ямар шийдвэр гаргаж байна вэ?
18 Тэгвэл бүрэн эдгэрэх боломж байдаг уу? Үнэнч байж чадаагүй хүн урьдынх шигээ үнэнч болж чадах болов уу? Дахиад Давидын жишээг үзье. Тэрбээр нэгэн удаа ноцтой нүгэл үйлджээ. Хүний эхнэрийг тачаадан харснаасаа болж садар самуун үйлдчихээд, арга заль зохион гэмгүй нөхрийнх нь амийг хөнөөжээ. Тийм юм хийчихээд байхад нь Давидыг үнэнч хүн гэж хэлэх аргагүй байсан. Тэгвэл засрах найдваргүй болсон гэсэн үг үү? Давидыг хатуу шийтгэх шаардлага гарсан бөгөөд Давид ч шийтгүүлсэн юм. Тэрбээр чин сэтгэлээсээ гэмшсэн учраас Еховагаас өршөөл хүртсэн. Давид сахилга батын арга хэмжээнээс сургамж авч, тухайн үед төдийгүй хожим хойно нь ч Бурханд дуулгавартай байсныхаа ачаар урьдынх шигээ үнэнч хүн болсон ажээ. «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» хэмээсэн Сургаалт үгс 24:16-ийн үгийн үнэнийг Давид амьдралаараа баталсан. Ехова Давидыг нас барснаас хойш хүү Соломонд нь: «Чи Миний өмнө эцэг Давид шигээ буюу шударга [«үнэнч», ШЕ] сэтгэл ба зөвт байдлаар яв» гэж хэлснийг нь бодохлоор Давидыг үнэнч хүн гэж үзсэн нь тодорхой байна (Хаадын дээд 9:4). Хэрэв хүн чин сэтгэлээсээ гэмших л юм бол Ехова ноцтой нүглийн толбыг ч ул мөргүй арилгадаг (Ис. 1:18).
19 Үнэнч байхын тулд чин сэтгэлээсээ дуулгавартай байгаарай. Бас тэвчээртэй байгаарай. Ноцтой нүгэл үйлдсэн бол чин сэтгэлээсээ гэмшээрэй. Үнэнч байна гэдэг их эрхэм чанар юм шүү. Бүгдээрээ «Миний хувьд, би үнэнч байдлаараа яв[на]» хэмээсэн Давид шиг шийдэмгий байцгаая (Дуу. 26:11).
[Зүүлт]
^ «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 9-р бүлгийн 7-р догол мөрийг үзнэ үү.
Хариулна уу
• Үнэнч байж сурахад юу хэрэгтэй вэ?
• Үргэлж үнэнч байдгаа ямар ямар аргаар харуулах вэ?
• Ноцтой нүгэл үйлдсэн ч урьдынх шигээ үнэнч хүн болохын тулд яах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны хавсралт]
«Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ!»
Таван сартай жирэмсэн эмэгтэй өөрт нь сайхан сэтгэл гаргасан нэг үнэнч хүний талаар ярихдаа дээрх үгийг хэлжээ. Тэрбээр кафед ороод гарахдаа түрийвчээ мартсанаа хэдэн цагийн дараа мэдсэн аж. Тэр үед эмэгтэй жирийн үед авч явдгаасаа их мөнгө буюу 2000 доллартай явж байж. «Би ёстой ухаан алдах шахсан» гэж эмэгтэй сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Гэтэл нэг бүсгүй тэр түрийвчийг олсон даруйдаа эзнийг нь хайсан ч олж чадаагүй учраас цагдаагийн газар очиход цагдаа нар олсон байна. Баярлаж талархсан эмэгтэй: «Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ!» гэж хэлжээ. Бүсгүй ямар учраас тэр мөнгийг буцааж өгөх гэж тийм их хүчин чармайлт гаргасан юм бол оо? «Багаасаа шүтсэн шашныхаа ачаар үнэнч байж сурсан» хэмээн Еховагийн Гэрч бүсгүйн хэлснийг сонинд бичсэн байна.
[9-р хуудасны зураг]
Сорилт тулгарахад залуучууд ч гэсэн үнэнч байж чадна
[10-р хуудасны зураг]
Давид нэг удаа үнэнч байж чадаагүй ч сүнслэгээр эдгэсэн