Зөв шударга хүмүүс Бурхныг мөнхөд магтана
Зөв шударга хүмүүс Бурхныг мөнхөд магтана
«Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно. ... Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг» (ДУУ. 112:6, 9).
1. а) Бурхны зөв шударга гэж үздэг бүх хүнийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ? б) Ямар асуулт гарч байна вэ?
БУРХНЫ зөв шударга гэж үздэг бүх хүнийг сайхан ирээдүй хүлээж байна! Тийм хүмүүс Еховагийн бишрэм чанаруудын талаар илүү ихийг үүрд мөнхөд баяр хөөртэйгөөр сурч мэднэ. Бурхны бүтээлийн тухай улам ихийг мэдэх тусам зүрх сэтгэл нь Бурхныг магтах хүслээр бялхан цалгих болно. Тэр сайхан ирээдүйд хүрэхийн тулд тавигддаг нэг гол шаардлага бол, 112-р дуулалд онцолсноор, «зөв шударга» байх явдал юм. Гэхдээ бид зөв юм хийхийг хэчнээн хичээдэг ч алдаж энддэг. Заримдаа бүр ноцтой алдаа гаргадаг шүү дээ. Тийм атал ариун бөгөөд зөв шударга Бурхан Еховад нүгэлт хүмүүсийг зөв шударга гэж үзэх ямар үндэс байдаг вэ? (Ром 3:23; Иак. 3:2).
2. Ехова хайрын үүднээс ямар хоёр гайхамшиг үйлдсэн бэ?
2 Хайрын Бурхан Ехова нүгэлт хүмүүсийг зөв шударга гэж үзэхийн тулд тусгай арга хэмжээ авчээ. Эхлээд, хайртай тэнгэрийн Хүүгийнхээ амийг онгон бүсгүйн хэвлийд гайхамшгаар шилжүүлж, төгс хүн болгон төрүүлсэн (Лук 1:30–35). Эцэст нь, Есүсийг дайснуудынхаа гарт амиа алдсаны дараа өөр нэгэн онцгой гайхамшиг үйлдэж, түүнийг сүр жавхлантай сүнсэн бүтээл болгон амилуулсан (1 Петр 3:18).
3. Бурхан Хүүгээ шагнасны учир юу вэ?
3 Ехова Есүсийг хүн болохоос нь өмнөх үед байгаагүй зүйл буюу тэнгэрт амьдрах мөхөшгүй амиар шагнасан (Евр. 7:15–17, 28). Учир нь Есүс хүнд бэрх сорилтын үед өөрт нь төгс үнэнч байж чадсан юм. Ингэснээрээ, хүмүүс Бурханд амин хувийн эрх ашгаа бодон үйлчлэхээс бус хувиршгүй хайрын үүднээс үйлчлэхгүй хэмээсэн Сатаны гүтгэлгийг хамгийн дээд зэргээр, бүрэн дүүрэн няцаах боломжийг Эцэгтээ олгожээ (Сур. 27:11).
4. а) Есүс тэнгэрт буцаж очоод бидний төлөө юу хийсэн бэ? Ехова түүнийг нь хэрхэн хүлээн авсан бэ? б) Ехова Есүс хоёрын хийсэн зүйлийг бодохлоор танд ямар хүсэл төрдөг вэ?
4 Есүс тэнгэрт гараад, бүр ч их зүйл хийсэн. Тэрбээр «бидний төлөө Бурхны оршихуйд үзэгдэн», «Өөрийнхөө цусны» үнэ цэнийг өргөн барьсан. Хайртай тэнгэрийн Эцэг маань ч «бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл» болгон өгсөн Есүсийн үнэт өргөлийг найрсгаар хүлээн авсан болохоор бид цэвэр мөс чанараар «амьд Бурханд үйлчилдэг». Тийм ч учраас, 112-р дууллын «ЭЗЭНийг магтагтун!» хэмээсэн эхний үгийг давтан хэлдэг (Евр. 9:12–14, 24; 1 Иох. 2:2).
5. а) Бурхны өмнө үргэлж зөв шударга байхын тулд яах хэрэгтэй вэ? б) 111, 112-р дуулал хоорондоо ямар холбоотой вэ?
5 Бурхны өмнө үргэлж зөв шударга байя гэвэл Есүсийн асгаруулсан цусанд итгэдгээ ямагт батлан харуулах хэрэгтэй. Биднийг тэгж их хайрладгийнх нь төлөө Еховад өдөр бүр талархлаа илэрхийлж байх нь зүйтэй (Иох. 3:16). Түүнчлэн, Бурхны Үгийг байнга судлан, уншиж судалсан зүйлийнхээ дагуу амьдрахыг хамаг чадлаараа хичээх хэрэгтэй. 112-р дуулалд Бурхны өмнө цэвэр мөс чанараа хадгалахыг хүсдэг хүн бүхэнд зориулсан сайхан зөвлөгөө бий. Энэ дуулал 111-р дуулалтай нягт холбоотой. Еврей эхийг үзвэл, «Хүмүүс ээ, Яаг магтагтун!» буюу «Халлелуяа!» гэдэг үгээр эхэлдэг энэ хоёр дуулал 22 мөрөөс тогтдог бөгөөд мөр бүхэн еврей цагаан толгойн, дараалсан 22 үсгээр эхэлдэг аж. *
Аз жаргалын үндэс
6. 112-р дуулалд дүрсэлсэн Бурхнаас эмээдэг «хүн» ямар ивээл хүртдэг вэ?
6 «ЭЗЭНээс эмээдэг, Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] вэ! Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно. Шулуун шударга хүний [«хүмүүсийн», ШЕ] хойч үеийнхэн ерөөгдөх болно» (Дуу. 112:1, 2). Дуулалч эхлээд ганц тоон дээр «хүн» гэж дуулсан мөртлөө дараа нь 2-р зүйлийн төгсгөлийн хэсэгт олон тоон дээр «шулуун шударга хүмүүс» гэжээ. Эндээс 112-р дуулал олон хүнээс бүрддэг бүлэг хүний тухай өгүүлж байгаа нь харагддаг. Сонирхолтой нь, элч Паул ариун сүнсээр хөтлүүлэн, Дуулал 112:9-ийг нэгдүгээр зууны христиануудад хамааруулан иш татжээ (2 Коринт 9:8, 9-ийг уншина уу). Өнөөдөр дэлхийд байгаа Христийн дагалдагчид хэчнээн жаргалтай байхыг энэ дуулалд ямар сайхан дүрслээ вэ!
7. Бурхнаас зүй зохистойгоор эмээх ёстойн учир юу вэ? Бурхны тушаалуудад хэрхэн хандах нь зүйтэй вэ?
7 Дуулал 112:1-д бичсэнээр, жинхэнэ христианууд «ЭЗЭНээс эмээдэг» учраас их жаргалтай хүмүүс юм. Учир нь Еховагийн тааллыг алдах вий хэмээн зөв зохистойгоор эмээдгийнхээ ачаар Сатаны ертөнцийн сүнсийг эсэргүүцэж чаддаг. Бас Бурхны Үгийг судалж, тушаалуудыг нь, түүний дотор Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглах тушаалыг биелүүлдэгтээ «ихэд баярладаг». Тэд Бурхны шүүх өдөр ирж байгааг ёс бус хүмүүст сэрэмжлүүлэнгээ, бүх үндэстнийг дагалдагч болгохыг хичээдэг (Езек. 3:17, 18; Мат. 28:19, 20).
8. а) Бурхны үнэнч үйлчлэгчдийн хичээл зүтгэл ямар үр дүнд хүрсэн бэ? б) Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс ирээдүйд ямар ивээл хүртэх вэ?
8 Дэлхий дахинд буй Бурхны үйлчлэгчид тэдгээр тушаалыг дагадаг учраас эдүгээ бараг долоон саяд хүрчээ. Бурхны ард түмэн «дэлхий дээр хүч чадалтай» болж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй (Иох. 10:16; Илч. 7:9, 14). Бурхныг санаа зорилгоо биелүүлэх цагт тэд хэчнээн жаргалтай байх бол оо! Дэлхийд амьдрах найдвартай тэдгээр хүмүүс «зөвт байдал оршдог» «шинэ газрыг» бүрдүүлэхээр «агуу их гай гамшгийг» бөөнөөрөө эсэн мэнд давна. Хармагедоныг тийнхүү давсныхаа дараа бүр ч их ивээл хүртэнэ. Тухайлбал, нас барсан олон сая хүнийг дахин амилахад нь угтан авна. Сэтгэл хөдөлмөөр байгаа биз! Бурхны тушаалуудад «ихэд баярладаг» хүмүүс эцэстээ төгс болж, «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөг» үүрд эдлэх болно (2 Петр 3:13; Ром 8:21).
Эд баялгаа ухаалаг ашиглах нь
9, 10. Жинхэнэ христианууд сүнслэг баялгаа хэрхэн ашигладаг вэ? Тэдний «зөв шударга байдал» хэрхэн «мөнхөд байх» вэ?
9 «Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд түүний зөв шударга байдал мөнхөд байдаг. Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө, шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг» (Дуу. 112:3, 4). Библи бичигдэж байх үед Бурхны зарим үйлчлэгч эд хөрөнгөөр баян байсан нь үнэн. Гэхдээ хүн Бурхны тааллыг олбол эд хөрөнгөтэй болохгүй ч жинхэнэ утгаар баян болдог. Бурхны өмнө даруу байхаар шийдсэн хүмүүс ихэнхдээ Есүсийн үеийнхэн шиг ядуу дорой харагддаг байж болох юм (Лук 4:18; 7:22; Иох. 7:49). Гэхдээ хүн эд хөрөнгөөр баян ч бай, ядуу ч бай, сүнслэгээр баян болж болдог (Мат. 6:20; 1 Тим. 6:18, 19; Иаков 2:5-ыг уншина уу).
10 Тослогдсон христианууд болон тэдний нөхөд сүнслэг эд баялгаа хав дараад байдаггүй. Харин ч Бурхны мэргэн ухаан хийгээд мэдлэгийн сүнслэг баялгаас ашиг тус хүртэхэд нь хүмүүст тусалж, Сатаны харанхуй ертөнцөд «шулуун шударга хүний төлөө» «гэрэл цацруулдаг». Эсэргүүцэгчид Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг зогсоохыг хичээдэг ч тэдний оролдлого талаар болдог. Харин ч энэхүү зөв шударга ажлын үр дүн «мөнхөд байна». Бурхны үйлчлэгчид зөв шударгын замаар тэвчээртэй явбал «мөнхөд байх» буюу мөнх амьдрах баталгаатай болно.
11, 12. Бурхны ард түмэн эд баялгаа яаж ашигладаг вэ?
11 Тослогдсон боолын анги болоод «үй олон хүнийг» бүрдүүлдэг хүмүүс эд материалын тухайд ч өгөөмөр сэтгэл гаргадаг. Дуулал 112:9-д: «Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн» гэж бичжээ. Жинхэнэ христианууд гачигдал зовлонтой итгэл нэгтнүүд болон бусад хүмүүст ч хандив тусламж байнга үзүүлдэг. Бас гамшигт өртсөн хүмүүст эд материалаар тусалдаг. Есүсийн хэлснээр, энэ нь мөн л аз жаргалын үндэс болдог (Үйлс 20:35; 2 Коринт 9:7-г уншина уу).
12 Түүнээс гадна, «Харуулын цамхаг» сэтгүүлийг 172 хэлээр хэвлэхэд хэчнээн хэмжээний зардал гардгийг бодоод үзээрэй. Тэдгээр хэлийг мэддэг хүмүүсийн дотор ядуу хүн олон бий. Бас энэ сэтгүүлийг сонсголгүй хүмүүст зориулж янз бүрийн дохионы хэлээр, хараагүй хүмүүст зориулж Брайль үсгээр хэвлэн гаргаж байна.
Нигүүлсэнгүй бөгөөд шударга
13. Нигүүлсэнгүй сэтгэлээр өгөхийн хамгийн сайн жишээг хэн хэн үзүүлдэг вэ? Тэдний жишээг хэрхэн дуурайж болох вэ?
13 «Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно» (Дуу. 112:5). Бусдад тусламж үзүүлдэг хүмүүс бүгдээрээ нигүүлсэнгүй байдаггүйг та лав анзаарсан байх. Зарим нь баярхан гайхуулах зорилгоор өгдөг байхад, зарим нь зөв харж инээн, буруу харж уйлан байж өгдөг. Тийм хүнээс тусламж авахад хэнд ч таатай санагдахгүй. Гэтэл нигүүлсэнгүй хүний тусламж сэтгэл сэргээдэг. Ехова нигүүлсэнгүй сэтгэлээр өгөхийн хамгийн сайн жишээ үзүүлдэг (Иак. 1:5, 17). Есүс Христ Эцгийнхээ нигүүлсэнгүй сэтгэлийн жишээг төгс дуурайсан (Марк 1:40–42). Тэгэхлээр, Бурхны өмнө зөв шударга байя гэвэл, ялангуяа, дэлгэрүүлэх ажилд оролцон, хүмүүст сүнслэг тусламж үзүүлж явахдаа нигүүлсэнгүй сэтгэлээр, баяртайгаар өгдөг байх хэрэгтэй.
14. «Үйл хэргээ шударгаар явуулах» ямар ямар арга байдаг вэ?
14 «Тэрбээр үйл хэргээ шударгаар явуулдаг» (Дуу. 112:5, ШЕ). Зөгнөсөн ёсоор, итгэмжит нярвын анги Эзний хөрөнгийг харж хамгаалахдаа Еховагийн шударга ёсонд нийцүүлдэг (Лук 12:42–44-ийг уншина уу). Энэ нь ноцтой нүгэл үйлдсэн хурлын гишүүний асуудлыг шийдэх талаар ахлагчдад өгдөг Библид үндэслэсэн удирдамж заавраас харагддаг. Түүнчлэн боолын анги бүх хурлыг болон миссионерүүд, бетелчдийн амьдрал, үйл ажиллагааг Библийн үндэстэйгээр удирдан зохион байгуулдаг нь асуудалд шударгаар ханддагийн бас нэг баталгаа юм. Ахлагчид төдийгүй, бусад христианууд бие биетэйгээ болон итгэгч бус хүмүүстэй харьцахдаа шударга байх ёстой. Энэ нь бизнесийн асуудалд ч хамаатай (Мика 6:8, 11-ийг уншина уу).
Зөв шударга хүмүүсийн хүртэх ивээл
15, 16. а) Зөв шударга хүмүүс ертөнцийн муу мэдээг хэрхэн хүлээн авдаг вэ? б) Бурхны үйлчлэгчид ямар ажлыг тууштай хийдэг вэ?
15 «Тэр хэзээ ч ганхуулагдахгүй. Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно. Тэрээр муу мэдээнээс айхгүй. ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм. Түүний зүрх гуйвшгүй. Тэрээр өстнүүд рүүгээ бах нь ханан харах хүртэл айхгүй» (Дуу. 112:6–8). Дайн, терроризм, шинэ болон дахин сэргэсэн өвчин, гэмт хэрэг, ядуурал, байгалийн бохирдол гэх зэргийн тухай муу мэдээ өнөөдөр хэзээ хэзээнээс их сонсогдох болжээ. Бурханд зөв шударга гэж тооцогддог хүмүүс ийм муу мэдээ үзэж сонсоод зүрх сэтгэл нь өвддөг ч, айн балмагддаггүй. Тэдний зүрх «бат» бөгөөд «гуйвшгүй» юм. Учир нь тэд Бурхны зөвт шинэ ертөнц ойрхон байгааг мэддэг тул ирээдүйгээ итгэлтэйгээр хардаг. Гамшигт нэрвэгдлээ гэхэд Еховаг тусалж дэмжинэ гэдэгт итгэн, нөхцөл байдлыг илүү сайн тэвчиж чаддаг. Ехова зөв шударга үйлчлэгчдээ «ганхуулалгүй», тэвчих хүч өгч тусалдаг (Флп. 4:13).
16 Түүнээс гадна, эсэргүүцэгчид Бурхны зөв шударга үйлчлэгчдийг үзэн ядаж, тэдний талаар худал хуурмагийг тараадаг ч жинхэнэ христиануудын амыг таглаж чаддаггүй, чадах ч үгүй. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, нааштай хүлээн авсан бүх хүнийг дагалдагч болгох ажлыг Ехова үйлчлэгчдэдээ өгсөн бөгөөд тэд энэ ажлаа гуйвж дайвалгүй, тууштай хийдэг. Зөв шударга хүмүүс төгсгөл ойртох тусам улам их эсэргүүцэл хавчлагад өртөх нь дамжиггүй. Тэрхүү үзэн ядалт Сатан Диаволыг Магогийн Гогийн дүрээр гарч ирэн, дэлхий дахиныг хамарсан өргөн довтолгоогоо эхлүүлснээр оргилдоо хүрнэ. Эцэст нь бид «өстнүүдийнхээ» шившигтэйгээр ялагдахыг харна. Еховагийн нэр бүрэн төгс ариусахыг харахад ямар сайхан байх бол оо! (Езек. 38:18, 22, 23).
«Хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө»
17. Зөв шударга хүмүүс хэрхэн «хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөх» вэ?
17 Диавол болон түүний ертөнцийн эсэргүүцэл хавчлагаас ангид орчинд Ехова Бурхнаа нэгэн дуугаар магтах юутай сайхан! Бурхны өмнө үргэлж зөв шударга байдаг хүн бүхэн ийм жаргалыг үүрд мөнх эдэлнэ. Ехова зөв шударга үйлчлэгчээ «хүндэтгэлтэйгээр өргөмжлөхөө» амласан байдаг учраас тэд хэзээ ч ялагдаж, шившиг болохгүй (Дуу. 112:9). Харин ч Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд дайсагнадаг бүхний сүйрлийг ялагчийн ёсоор баярлан харна.
18. 112-р дууллын сүүлчийн үг хэрхэн биелэх вэ?
18 «Хорон санаатан хараад унтууцан, шүдээ хавиран, устаж үгүй болно. Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно» (Дуу. 112:10). Бурхны ард түмнийг эсэргүүцдэг бүх хүн өөрсдийнхөө атаа жөтөө, үзэн ядалтаас болж удахгүй «устаж үгүй болно». Тэд бидний үйл хэргийн бүтэлгүйтэхийг харах гэсэн хүсэлтэйгээ хамт мөдхөн болох «агуу их гай гамшгаар» «сөнөнө» (Мат. 24:21).
19. Бид юунд итгэлтэй байж болох вэ?
19 Та агуу их гай гамшгийг эсэн мэнд давсан жаргалтай хүмүүсийн дунд байх болов уу? Аль эсвэл Сатаны ертөнц мөхөхөөс өмнө өвчин эмгэг, өндөр насны улмаас бие барлаа гэхэд, дахин амилах «зөвт» хүмүүсийн дунд байх уу? (Үйлс 24:15). Хэрэв та Есүсийн золиосонд итгэдгээ цаг үргэлж батлан харуулж, 112-р дуулалд гардаг зөв шударга «хүн»-ээр төлөөлүүлдэг хүмүүс шиг Еховаг дуурайсаар байвал тийм гэж хариулна (Ефес 5:1, 2-ыг уншина уу). Ехова зөв шударга үйлчлэгчдээ хэзээ ч мартахгүй, зөв шударга үйлсийг нь үргэлж харж, тэднийг мөнхөд «дурсаж», мөнхөд хайрлах болно (Дуу. 112:3, 6, 9).
[Зүүлт]
^ Энэ хоёр дуулал хоорондоо харилцан холбоотой байдаг нь тэдгээрийн бүтэц, агуулгаас харагддаг. Жишээ нь, Дуулал 111:3, 4-ийг Дуулал 112:3, 4-тэй харьцуулж үзвэл 111-р дуулалд өгүүлсэн Бурхны зан чанарыг 112-р дуулалд гардаг Бурхнаас эмээдэг «хүн» дуурайсан байдаг.
Эргэцүүлж бодоорой
• «Халлелуяа» гэж хашгирах ямар ямар шалтгаан байдаг вэ?
• Орчин үед жинхэнэ христианууд юунд баярладаг вэ?
• Ехова ямар сэтгэлээр өгдөг хүнийг хайрладаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[25-р хуудасны хавсралт]
Бурхны өмнө үргэлж зөв шударга байхын тулд Есүсийн асгаруулсан цусанд итгэдэг байх ёстой
[26-р хуудасны хавсралт]
Сайн дурын хандивын ачаар тусламжийн болон Библид үндэслэсэн хэвлэл тараах ажил амжилттай явагддаг