Шагналаа бодож явагтун
Шагналаа бодож явагтун
«[Би] шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг» (ФЛП. 3:14).
1. Элч Паул ямар шагнал авах байсан бэ?
ТАРСЫН Саул буюу элч Паул удам угсаа сайтай хүн байв. Тэрбээр Хуулийн алдартай багш Гамалиелаар эцэг өвгөдийнхөө шашны сургаалыг заалгажээ (Үйлс 22:3). Хүмүүсийн ярьдгаар, Паул амжилтад хүрэх хүн байсан боловч шашин шүтлэгээ орхин, христиан болжээ. Тэрбээр өмнөө байсан мөнх амийн шагнал буюу Бурхны тэнгэрийн Хаанчлалын бүрэлдэхүүнд багтаж, үхэшгүй мөнхийн хаан, тахилч болох завшаанаа бодож явдаг байв. Тэр Хаанчлал нь диваажин дэлхийг захирна (Мат. 6:10; Илч. 7:4; 20:6).
2, 3. Паул тэнгэрт мөнх амьдрах шагналаа хэр зэрэг өндөр үнэлдэг байсан бэ?
2 Паул: «Миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг» гэж бичсэнээс нь шагналаа хэчнээн их үнэлдэг байсан нь харагддаг (Флп. 3:7, 8). Паул хүн төрөлхтний талаарх Еховагийн санаа зорилгыг мэдсэнээсээ хойш олон хүний эрхэмлэн үнэлдэг эрх мэдэл, эд баялаг, ажил алба, алдар нэр гэх мэтийг хог гэж үздэг болжээ.
3 Харин Ехова болон Христийн тухай мэдлэгийг хамгийн чухалд тооцдог болсон. Есүс Эцэгтээ залбирахдаа тэрхүү мэдлэгийн талаар: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иох. 17:3). Мөнх амийг олж авах гэсэн Паулын чин хүсэл Филиппой 3:14-т: «[Би] Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг» гэж бичсэнээс нь илэрхий харагддаг. Тэрбээр Бурхны засгийн газрын бүрэлдэхүүнд орж, тэнгэрт мөнх амьдрах шагналд анхаарлаа төвлөрүүлдэг байв.
Дэлхийд мөнх амьдрах нь
4, 5. Өнөөдөр Бурхны хүсэл тааллыг биелүүлж байгаа хүмүүс ямар шагнал авах вэ?
4 Ехова Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээр шийдсэн ихэнх хүний авах гэж хүсэн тэмүүлбэл зохих шагнал бол Бурхны байгуулах шинэ ертөнц дэх мөнхийн амь юм (Дуу. 37:11, 29). Мөнх амьтай болох найдвар гарцаагүй биелэхийг Есүс батлан хэлсэн. Тэрбээр: «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» хэмээсэн (Мат. 5:5). Дуулал 2:8-д бичсэнээр, Есүс өөрөө дэлхийг өвлөн авах гол эзэн нь бөгөөд түүнтэй хамт 144 000 хүн тэнгэрээс дэлхийг захирна (Дан. 7:13, 14, 22, 27). Дэлхийд амьдрах хонь шиг хүмүүс «ертөнцийн сууриас өмнө [тэдэнд] бэлтгэсэн», Хаанчлалын удирдлага дорх дэлхийг «өвлөн авах болно» (Мат. 25:34, 46). Энэ бүхнийг «мэхэлдэггүй» Бурхан амласан учир заавал биелнэ (Тит 1:2). Бурхны амлалт биелнэ гэдэгт бид Иошуагийн адилаар бат итгэлтэй байж болно. Тэрбээр израильчуудад: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн» гэж хэлсэн билээ (Иош. 23:14).
5 Бид Бурхны байгуулах шинэ ертөнцөд өнөөдрийнх шиг сэтгэл дундуур амьдрахгүй. Тэр үед амьдрал их өөр болно. Дайн дажин, гэмт хэрэг, ядуурал гуйланчлал, шударга бус явдал, өвчин эмгэг, үхэл хагацал байхгүй. Хүмүүс цоо эрүүл болж, дэлхий маань диваажин болно. Бид диваажинд хүсэж мөрөөдөж байгаагаасаа ч илүү сэтгэл хангалуун амьдарч, өдөр бүр баяр хөөрөөр бялхана. Үнэхээр сайхан шагнал биш гэж үү?
6, 7. а) Есүс шинэ ертөнцөд болох үйл явдлыг хэрхэн харуулсан бэ? б) Нас барагсад амьдралаа яаж шинээр эхлэх вэ?
6 Шинэ ертөнцөд дэлхий даяар ямар гайхалтай үйл явдал болохыг Бурхны ариун сүнсний дэмжлэгтэйгээр Есүсийн үйлдсэн гайхамшгуудаас мэдэж болно. Жишээлбэл, Есүс саа өвчнөөр 38 жил шаналсан нэг эрэгтэйг босож яв гэхэд өнөөх хүн явдаг болсныг Библид бичсэн байдаг (Иохан 5:5–9-ийг уншина уу). Бас нэг удаа Есүс төрөлхийн хараагүй хүнтэй таарч, хараатай болгодог. Хожим өнөөх хүнээс хэн өөрийг нь эдгээснийг асуухад тэрбээр: «Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй. Хэрэв энэ хүн Бурхнаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан» гэж хэлдэг (Иох. 9:1, 6, 7, 32, 33). Есүс Бурхны өгсөн хүчээр энэ бүхнийг хийж чадсан. Тэрбээр хаа явсан газраа «эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээж» байв (Лук 9:11).
7 Есүс өвчтэй, тахир дутуу хүмүүсийг эдгээсэн төдийгүй үхэгсдийг амилуулж байсан. Нэг жишээ үзье. 12 настай охиноо алдсан эцэг эх хоёр туйлын их гашуудан шаналж байв. Гэтэл Есүс: «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!» гэж хэлтэл охин босоод ирэх нь тэр! Охины эцэг эх болон тэднийд байсан хүмүүст ямар санагдсан бол оо! (Марк 5:38–42-ыг уншина уу). Шинэ ертөнцөд олон тэрбум хүнийг дахин амилахад бид «бүр гайхна» даа. Учир нь «зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15; Иох. 5:28, 29). Тэд амьдралаа шинээр эхлэх, бүр цаашлаад, мөнх амьтай болох боломжтой болно.
8, 9. а) Христийн Мянган жилийн засаглалын үед Бурхан Адамаас хүн төрөлхтөнд удамшсан нүглийг яах вэ? б) «Үхэгсдийг» юунд үндэслэн шүүх вэ?
8 Бурхан дахин амилсан хүмүүсийг үхэхээсээ өмнө үйлдсэн нүгэлд нь үндэслэн шүүхгүй. Үүний ачаар тэдэнд мөнх амьтай болох боломж олдоно (Ром 6:7). Христийн Мянган жилийн засаглалын үед дуулгавартай хүмүүс золиосны ач тусыг хүртэн, төгс болж, эцэстээ, Адамын нүглийн бүх үр дагавраас бүрмөсөн чөлөөлөгдөнө (Ром 8:21). Ехова «үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» (Ис. 25:8). Бас Библид «номууд дэлгэгдэнэ» гэж байдгийг үзвэл тэр үед Бурхан хүмүүст шинэ заавар өгөх ажээ (Илч. 20:12). Дэлхий диваажин болохын зэрэгцээ «ертөнцийн суугчид зөв явдалд суралцана» (Ис. 26:9).
9 Дахин амилсан хүмүүсийг Адамаас өвлөн авсан нүгэлд бус, хойшид хийх ажил үйлсэд нь үндэслэн шүүнэ. Илчлэлт 20:12-т: «Үхэгсэд нь өөрсдийн үйлс» буюу дахин амилсныхаа дараа хийсэн үйлсийн дагуу «энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв» гэж байдаг. Ехова үнэхээр шударга, өршөөнгүй, хайрын Бурхан байгаа биз? Бас урьдын ертөнцөд зовж шаналж байсан нь тэдэнд «санагдахгүй, бодол санаанд [нь] ч үл бууна» (Ис. 65:17). Тэд Бурхнаар шинэ зүйл заалгаж, амьдралд нь үргэлж сайн сайхан үйл явдал тохиох учир урьдын муу зүйлээс болж шаналахгүй. Өмнөх зовлонгоо бүрмөсөн мартана (Илч. 21:4). Хармагедоныг эсэн мэнд давсан «үй олон хүн» ч бас тэдэн шиг байх юм (Илч. 7:9, 10, 14).
10. а) Шинэ ертөнцөд амьдрал ямар байх вэ? б) Шагналаа бодож явахад юу туслах вэ?
10 Шинэ ертөнцөд хүмүүс өвчин тусахгүй, үхэхгүй. «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Ис. 33:24). Шинэ ертөнцийн оршин суугчид өдрөөс өдөрт эрүүл болж, өглөө бүр гэгээн тунгалаг шинэ өдөртэй учран золгоно. Хүн бүр сэтгэлдээ нийцсэн ажилтай, зөвхөн сайныг хүсдэг анд нөхөдтэй болно. Ийм амьдрал гайхамшигтай шагнал биш гэж үү? Одоо та Библиэ нээгээд Исаиа 33:24; 35:5–7-д байдаг зөгнөлийг жишээ болгон унш даа. Тэгээд эдгээр зөгнөл биелэхийг үзэж байна гэж бодоорой. Ингэж төсөөлж байх нь шагналаа бодож явахад тустай.
Шагналаа умартсан хүмүүс
11. Соломон хаан болохдоо ямар байсан бэ?
11 Бид шагнал авна гэдгээ мэддэг. Гэхдээ шагналаа үргэлж бодож явахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Учир нь шагналаа мартахын аюул байдаг. Жишээ нь эрт цагт Соломон Израилийн хаан болохдоо ард түмнийг нь зөв удирдахын тулд Бурхнаас мэргэн ухаан, ялгах чадвар гуйн даруухнаар залбирч байсан (Хаадын дээд 3:6–12-ыг уншина уу). Бурхан залбиралд нь хариулан «мэргэн ухаан, ухааран ялгах чадварыг ихээр өгчээ» гэж Библид байдаг. Тиймээс «Соломоны мэргэн ухаан дорны бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ» (Х.дээд 4:29–32).
12. Ехова хаан болох хүмүүст ямар тушаал өгсөн бэ?
12 Гэхдээ Ехова хаан болсон хэн ч бай «өөрийнхөө төлөө адуугаа өсгөх ч ёсгүй», «өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй» гэж урьд нь тушаасан байлаа (Д.хууль 17:14–17). Хэрэв хаан адуугаа өсгөвөл улс үндэстнийхээ аюулгүй байдлыг жинхэнэ Хамгаалагч Еховад бус, цэрэг армид даатгасан хэрэг болох байв. Олон эхнэр авлаа гэхэд тэдний дунд хуурамч бурхан шүтдэг, хөрш зэргэлдээх харь үндэстэн хүн байхыг үгүйсгэх аргагүй байв. Тийм эмэгтэйчүүд хааныг жинхэнэ шүтлэгээс хөндийрүүлэх аюултай байжээ.
13. Соломон Бурхны тушаалуудыг яаж зөрчсөн бэ?
13 Гэвч Соломон тэр тушаалуудыг зөрчжээ. Бурхны онцолж хэлсэн, хаан хүнд хориотой зүйлийг хийж, олон мянган адуу, морьтонтой болсон (Х.дээд 4:26). Бас долоон зуун эхнэр, гурван зуун татвар эмтэй байсны ихэнх нь харь үндэстэн байжээ. Тэд «түүний сэтгэлийг өөр бурхад руу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл ... Бурхны төлөө бүхлээрээ зориулагдсангүй». Соломон харь үндэстэн эхнэрүүдийнхээ шүтдэг жигшүүртэй хуурамч шашныг шүтэх болжээ. Үүнээс нь болж Ехова түүнээс «хаанчлалыг үнэхээр тастан авахаа» мэдэгдсэн (Х.дээд 11:1–6, 11).
14. Соломон хаан болон израиль үндэстэн дуулгаваргүйн харгайгаар юу амссан бэ?
14 Соломон жинхэнэ Бурхныг төлөөлөх хосгүй завшаанаа умартан, хуурамч шашинд бүрмөсөн уусжээ. Яваандаа, израиль үндэстэн бүхэлдээ Еховад тэрсэлж, улмаар МЭӨ 607 онд устгагдсан. Хожим нь иудейчүүд жинхэнэ шүтлэгийг сэргээсэн. Гэвч хэдэн зууны дараа Есүс тэдэнд: «Бурхны хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» гэж хэлсэн. Энэ үг нь ч ёсоор болсон. Есүс: «Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» гэсэн (Мат. 21:43; 23:37, 38). Израильчууд үнэнч бусын харгайгаар жинхэнэ Бурхны ард түмэн байх хосгүй завшаанаа алдсан. МЭ 70 онд Ромын арми Иерусалим хотыг сүмтэй нь үнсэн товрог болгож, амьд үлдсэн иудейчүүдийг олзолсон.
15. Чухал зүйлийг үл тоомсорлосон хүмүүсийн жишээ хэлнэ үү.
15 Искариотын Иудас Есүсийн 12 элчийн нэг нь байсан. Тэрбээр Есүсийн гайхамшигтай сургаалыг чихээрээ сонсож, Бурхны ариун сүнсний тусламжтайгаар үйлдсэн гайхамшгуудыг нь нүдээрээ үзсэн хүн байв. Гэхдээ зүрхээ хамгаалаагүй юм. Иудас Есүс болон элч нарын мөнгөний хүүдийг хариуцдаг байсан ч «дотор нь хийснийг нь авчихдаг» «хулгайч» байв (Иох. 12:6). Эцэст нь, сувдаг шунахай сэтгэлдээ дийлдэн гучин мөнгөн зоосны төлөө Есүсийг ахлах тахилчдад барьж өгчээ (Мат. 26:14–16). Чухал зүйлийг үл тоомсорлосон өөр нэг хүн бол элч Паулын хамтрагч байсан Дем юм. Тэр ч бас зүрхээ хамгаалаагүй аж. Паул: «Дем ... өнөө үеийг хайрлаж, намайг орхисон» гэж бичсэн байдаг (2 Тим. 4:10; Сургаалт үгс 4:23-ыг уншина уу).
Хүн бүхэнд сургамжтай
16, 17. а) Бидэнд хэр зэргийн хүчтэй эсэргүүцэл тулгардаг вэ? б) Сатаны учруулдаг бүх эсэргүүцлийг тэвчих хүчийг яаж олж авах вэ?
16 «Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» гэж Библид байдаг учир Бурхны үйлчлэгчид бид Библийн баатруудын жишээг эргэцүүлэн бодож байх учиртай (1 Кор. 10:11). Тэгээд ч бид өнөөгийн ёс бус тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа билээ (2 Тим. 3:1, 13).
17 «Энэ үеийн бурхан» Сатан Диавол «өөрт нь богинохон хугацаа байгааг ... мэдэж байгаа» (2 Кор. 4:4; Илч. 12:12). Тэрбээр Еховагийн үйлчлэгчдийн үнэнч байдлыг эвдэн бусниулахын тулд чадах бүхнээ хийх нь гарцаагүй. Энэ ертөнц болон суртал ухуулгын суваг нь Сатаны мэдэлд байдаг. Гэхдээ Еховагийн үйлчлэгчдэд түүнээс ч илүү хүчтэй нэг зүйл бий. Тэр нь «хэрээс хэтэрсэн хүч» юм (2 Кор. 4:7, ШЕ). Бурхны өгдөг энэ хүчинд найддаг бол Сатан биднийг яаж ч байсан тэвчиж чадна. Тиймээс бид Еховаг «өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгнө» гэсэн итгэлтэйгээр тогтмол залбирах ёстой (Лук 11:13).
18. Энэ ертөнцийг юу гэж үзэх нь зүйтэй вэ?
18 Бид Сатаны ертөнц удахгүй бүрмөсөн устгагдаж, жинхэнэ христианууд эсэн мэнд үлдэнэ гэдгийг мэддэгийнхээ ачаар сүнслэгээр бат бэх байдаг. «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» (1 Иох. 2:17). Ийм байсаар атал Бурхны үйлчлэгч хүн Еховатай тогтоосон харьцаанаас нь илүү үнэ цэнэтэй зүйл өнөөгийн ертөнцөд байдаг гэж бодвол үнэхээрийн мунхаг хэрэг болох бус уу? Сатаны мэдэлд байгаа өнөөгийн ертөнцийг живж буй хөлөг онгоц гэвэл христиан хурлыг Бурхнаас үнэнч үйлчлэгчдэдээ өгсөн аврах завь гэж үзэж болно. Бурхны үйлчлэгчид шинэ ертөнц рүү урагшлах тусмаа «Бузар мууг үйлдэгчид таслагдана, харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно» гэсэн амлалтад улам бүр итгэх болно (Дуу. 37:9). Тиймээс бүгдээрээ энэ гайхамшигтай шагналаа бодож явцгаая!
Санаж байна уу?
• Паул шагналаа хэр зэрэг үнэлдэг байсан бэ?
• Дэлхийд мөнх амьдрах хүмүүсийг юунд үндэслэн шүүх вэ?
• Таны хувьд одоо ямар алхам хийх нь ухаалаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[12, 13-р хуудасны хавсралт]
Та Библи уншихдаа өөрийгөө шагналаа авчихсанаар төсөөлдөг үү?