Еховагаар заалгахын давуу тал
Еховагаар заалгахын давуу тал
«Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг» (ФЛП. 3:8).
1, 2. Зарим христиан ямар шийдвэр гаргадаг вэ? Яагаад?
РОБЕРТ сургуульд анх орсон цагаасаа л тэргүүний сурагч байв. Түүнийг наймхан настай байхад нэг багш эцэг эхтэй нь зориуд уулзаад Робертод сурч чадахгүй юм гэж байхгүй хэмээжээ. Бас түүнийг эмч болох байх гэж найдаж явдгаа хэлсэн аж. Роберт дунд сургуулиа үнэхээр амжилттай төгссөн учир улсынхаа хамгийн нэр хүндтэй аль ч их сургуульд сурах эрхтэй болсон байна. Гэвч тэрбээр байнгын эхлэгчээр үйлчлэх зорилгодоо хүрэхийн тулд, хүмүүсийн ярьдгаар, амьдралд ганц л олдох боломжоос татгалзжээ.
2 Робертын адилаар, олон христианд өнөөгийн тогтолцоонд ахиж дэвших боломж олддог. Гэхдээ зарим нь тийм боломжийг бүрэн дүүрнээр ашиглахгүй байхаар шийддэг нь сүнслэг үйл хэргийг гол зорилго болгодгийнх аж (1 Кор. 7:29–31). Роберт шиг христианууд дэлгэрүүлэх ажилд тэгтлээ их дурладаг нь ямар учиртай юм бол? Гол нь, тэд Еховаг хайрладгийн зэрэгцээ Еховагаар заалгахын давуу талыг үнэлдэг. Хэрэв та Бурхны тухай үнэнийг мэдээгүй байсан бол амьдрал тань өдийд ямар байх байсныг бодож үзсэн үү? Еховагаар заалгадгийнхаа ачаар ямар хосгүй ивээл хүртдэгээ эргэцүүлэн бодохын хэрээр сайн мэдээг үнэлж, хичээл зүтгэл гарган бусадтай хуваалцах хүсэл төрдөг.
Бурхнаар заалгах нь завшаан
3. Ехова төгс бус хүмүүст заахдаа дуртай гэдэгт итгэж болохын учир юу вэ?
3 Сайхан сэтгэлт Ехова Бурхан төгс бус хүмүүст зааж сургахдаа дуртай байдаг. Исаиа 54:13-т: «Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно» гэж байдаг нь тослогдсон христиануудад хамаатай зөгнөл юм. Энэ үг зарчмын хувьд Христийн «өөр хонинуудад» ч бас хамаатай (Иох. 10:16, ШГ). Үүнийг өнөөдөр биелж байгаа өөр нэг зөгнөл харуулдаг. Исаиа бүх үндэстний хүмүүс жинхэнэ шүтлэг рүү цутган ирж, бие биедээ: «ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм» гэж хэлэхийг үзсэнээ бичжээ (Ис. 2:1–3). Бурхнаар заалгана гэдэг үнэхээр хосгүй завшаан буюу!
4. Ехова өөрөөр нь заалгадаг хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
4 Тэгвэл Еховагаар заалгахын тулд ямар байх хэрэгтэй вэ? Хамгийн гол нь, даруу байх шаардлагатай. Дуулалч Давид: «ЭЗЭН бол сайн бөгөөд ... [даруу хүнд] Өөрийн замыг сургадаг» гэж бичжээ (Дуу. 25:8, 9). Бас Есүс: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» гэж хэлсэн байдаг (Лук 10:21). «Даруу хүнд нигүүлслээ өгдөг» Бурханд таны сэтгэл татагдахгүй гэж үү? (1 Петр 5:5).
5. Хүн өөрийнхөө хүчээр Бурхныг мэддэг болж чадах уу?
5 Еховагийн үйлчлэгчид бид өөрийн сайндаа үнэнийг мэддэг болсон гэж хэлж болох уу? Болохгүй. Бид дан ганц өөрсдийн хүчээр Бурхныг танин мэдэж хэзээ ч чадахгүй байх байсан. Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иох. 6:44). Ехова «бүх үндэстнээс үнэтэйг нь» буюу хонь мэт хүмүүсийг дэлгэрүүлэх ажил болон ариун сүнсээр өөртөө татдаг (Хаг. 2:7, ШЕ). Та Еховагийн Хүү рүүгээ татсан хүмүүсийн тоонд багтдагтаа баярладаг биз дээ? (Иеремиа 9:23, 24-ийг уншина уу).
Бурхнаар заалгахад амьдрал сайжирдаг
6. Еховагийн тухай мэдлэг хүнийг хэрхэн гайхамшигтайгаар өөрчилдөг вэ?
6 Хүний зан чанар өөрчлөгдөх тухай Исаиагийн бичсэн уран тод дүрслэл бүхий нэг зөгнөл өнөөдөр биелж байна. Урьд нь харгис хэрцгий явсан хүмүүс одоо аядуу зөөлөн зантай болцгоожээ (Исаиа 11:6–9-ийг уншина уу). Арьс өнгө, яс үндэс, овог аймаг, хэл соёлын ялгаанаас болж өөр хоорондоо дайсагнаж байсан хүмүүс эдүгээ эв нэгдэлтэй амьдарч сурчээ. Зүйрлэн хэлбэл, тэд «илдээ анжисны хошуу ... болгон давтжээ» (Ис. 2:4). Юуны ачаар ингэж гайхмаар өөрчлөгдөж байна вэ? Тэд «ЭЗЭНий [тухай] мэдлэгтэй» болж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлдгийн ач юм. Бурхны үйлчлэгчид төгс бус боловч олон улсын ахан дүүгийн жинхэнэ барилдлагыг бүрдүүлдэг. Сайн мэдээ газар газрын хүмүүсийн сэтгэлийг татаж, тэр хүмүүст ямар сайхан зан чанар бий болгодгийг бодож үзэхэд Бурхнаар заалгахын давуу тал илэрхий харагддаг (Мат. 11:19).
7, 8. а) Бурхнаар заалгадгийн ачаар хүмүүс ямар «цайзуудаас» чөлөөлөгддөг вэ? б) Еховагаар заалгадаг хүмүүс Еховаг яаж алдаршуулдаг вэ? Жишээ хэлнэ үү.
7 Элч Паул дэлгэрүүлэх ажил хийхийг сүнслэг тулалдаанд оролцохтой адилтгажээ. Тэрбээр: «Бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгадаг» хэмээн бичсэн (2 Кор. 10:4, 5). Хүн Бурхнаар заалгадгийнхаа ачаар ямар «цайзуудаас» чөлөөлөгддөг вэ? Хуурамч сургаал, мухар сүсэг, гүн ухаан гэх зэргээс чөлөөлөгддөг (Кол. 2:8). Бас Бурхнаар заалгадгийн үрээр муу зуршлаа хаяж, Бурханд таалагддаг зан чанарыг хөгжүүлж сурдаг (1 Кор. 6:9–11). Мөн гэр бүлийнхээ амьдралыг сайжруулж, ирээдүйн найдвартай болж, амьдралын утга учрыг ухаардаг. Өнөөдөр хүмүүст ийм л боловсрол хэрэгтэй биз дээ?
8 Ехова өөрөөр нь заалгадаг хүмүүст олон сайхан чанар хөгжүүлэхэд нь, тухайлбал, үнэнч шударга болоход нь тусалдгийг харуулах нэг жишээ үзье (Евр. 13:18). Энэтхэгт амьдардаг нэг эмэгтэй Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж, яваандаа баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болжээ. Нэгэн удаа Хаанчлалын танхим барих ажилд оролцоод харих замдаа автобусны буудлын орчмоос 800 долларын үнэтэй алтан гинж олжээ. Эмэгтэй хэдийгээр ядуу боловч өнөөх гинжийг цагдаагийн газар аваачиж өгчээ. Тэгтэл цагдаа нүдэндээ ч итгэхгүй байв! Дараа нь өөр нэгэн цагдаа: «Та энэ гинжийг яагаад аваагүй юм бэ?» гэхэд эмэгтэй: «Би Библи судлаад өөрчлөгдсөн. Одоо би шударга хүн болсон» гэж хэлжээ. Үүнийг сонсоод, гайхаж биширсэн цагдаа эмэгтэйтэй хамт ирсэн ахлагчид: «Манай муж 38 сая гаруй хүн амтай. Хэрэв та нар энэ эмэгтэйд тусалсан шигээ дахиад арван хүнд тусалж чадвал үнэхээр их юм өөрчлөгдөнө дөө» гэж хэлжээ. Еховагаар заалгасны ачаар олон сая хүний амьдрал сайжирсныг бодож үзэхлээр Еховаг алдаршуулах олон шалтгаан байдаг нь ойлгогддог.
9. Хүн юуны ачаар амьдралаа эрс өөрчилдөг вэ?
9 Бурхны Үг болон Еховагийн ариун сүнсний тусламжтайгаар хүн амьдралаа шинэчлэн өөрчилж чаддаг (Ром 12:2; Гал. 5:22, 23). Колоссай 3:10-т Бүтээгчийн «дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн» «шинэ хүнийг өмсөх» талаар бичсэн байдаг. Бурхны Үг Библи нь «идэвхтэй» буюу дотор хүнд нөлөөлж, үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ч өөрчлөх хүчтэй (Еврей 4:12-ыг уншина уу). Хүн Библийг нарийн зөв мэддэг болж, амьдралаа Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцүүлбэл Бурхантай анд нөхрийн ёсоор дотносож, мөнх амьдрах найдвартай болно.
Ехова биднийг ирээдүйд бэлтгэдэг
10. а) Ганцхан Ехова биднийг ирээдүйд бэлтгэж чадна гэхийн учир юу вэ? б) Удахгүй дэлхий дахинд ямар том өөрчлөлт болох вэ?
10 Ехова ирээдүйд юу болохыг мэддэг учир биднийг ирээдүйд бэлтгэж чадах цорын ганц нэгэн юм. Тэрбээр хүн төрөлхтний ирээдүйг харах чадвартай (Ис. 46:9, 10). «ЭЗЭНий агуу өдөр ойрхон байгаа» нь Библийн зөгнөлөөс харагддаг (Зеф. 1:14). Сургаалт үгс 11:4-т тэр өдрийн тухай: «Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө» гэж байдаг нь биелнэ. Сатаны ертөнцийг шүүх Еховагийн цаг ирэхэд мөнгө төгрөг бус, Еховатай тогтоосон харьцаа хамгийн чухалд тооцогдоно. Тэгээд ч Езекиел 7:19-д: «Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно» гэж байдаг. Бид энэ тухай мэддэгийнхээ ачаар одоо ухаалаг амьдарч чаддаг.
11. Бурхан ямар аргаар биднийг ирээдүйд бэлдүүлдэг вэ?
11 Ехова бидэнд зөв зорилго тавихыг зааж өгдөг нь удахгүй болох тэр өдөрт бэлдүүлж байгаа нэг өвөрмөц арга юм. Элч Паул Тимотод: «Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин ... Бурханд найд хэмээн тушаа» гэж захисан байдаг. Бид баян чинээлэг биш байлаа ч, Бурхнаас өгүүлсэн энэ зөвлөгөөг сахих нь ач холбогдолтой. Тэгвэл бид энэ зөвлөгөөг юу гэж ойлгох вэ? Эд хөрөнгө цуглуулахын оронд «сайныг үйлдэж», «сайн үйлсээрээ баян болохыг» хичээх учиртай. Сүнслэг үйл хэргийг эн тэргүүний зорилгоо болговол «ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хураана» (1 Тим. 6:17–19). Ийнхүү өөрийгөө золиосолж амьдрах нь мэргэн ухааныг үйлсээрээ харуулж байгаа хэрэг юм. Учир нь Есүс: «Хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?» гэж хэлсэн (Мат. 16:26, 27). Еховагийн өдөр ойртож байгааг бодож үзээд хүн бүр өөрөөсөө: «Би хаана эд баялаг хурааж байна вэ? Би Бурханд үйлчилж байна уу, эсвэл эд баялагт үйлчилж байна уу?» гэж асуух нь зүйтэй (Мат. 6:19, 20, 24).
12. Хүмүүс дэлгэрүүлэх ажлыг маань үл хайхарсан ч бид шантрах ёсгүйн учир юу вэ?
12 Бурхны Үгэнд бичсэнээр, христиан хүний эн тэргүүнд хийх ёстой «сайн үйлсийн» нэг нь хүний амь настай холбоотой, Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажил юм (Мат. 24:14; 28:19, 20). І зууны христиануудыг дэлгэрүүлэхэд зарим хүн хайхардаггүй байсан шиг өнөөдөр ч бас хайхардаггүй хүмүүс бий (1 Коринт 1:18–21-ийг уншина уу). Ингэлээ гээд тунхагладаг мэдээ маань үнэ цэнээ алдахгүй. Бас цаг байгаа дээр нь сайн мэдээнд итгэх боломжийг хүн бүрд олгох ажлын ач холбогдол ч буурахгүй (Ром 10:13, 14). Бурхнаар заалгахын ач тусыг хүртэхэд нь хүмүүст тусалбал Бурхан биднийг арвин ихээр ивээнэ.
Өөрийгөө золиосолбол Ехова ивээдэг
13. Элч Паул сайн мэдээний төлөө юугаа золиосолсон бэ?
13 Элч Паул христиан болохоосоо өмнө иудейчүүдийн дунд байр суурь, нэр нөлөө бүхий хүн болох гэж эрдэм боловсрол эзэмшжээ. Тэрбээр төрсөн хот Тарсаасаа гарч Иерусалимд ирээд, хуулийн алдартай багш Гамалиелд шавь орохдоо 13 орчим настай байжээ (Үйлс 22:3). Яваандаа тэрбээр үе тэнгийнхнээсээ онцгойрч эхэлсэн бөгөөд тэр замаараа явсан бол иудейн шашны нэр нөлөө бүхий зүтгэлтэн болох байв (Гал. 1:13, 14). Гэхдээ Паул сайн мэдээг хүлээн авч, дэлгэрүүлэх ажилд оролцдог болж тэр бүхнийг ардаа орхижээ. Ийм шийдвэр гаргасандаа харамссан болов уу? Паул: «Би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмны гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг» хэмээн бичсэнийг нь бодвол огтхон ч харамсаагүй аж (Флп. 3:8).
14, 15. «Бурханы хамтран зүтгэгч» бид ямар ямар ивээл хүртдэг вэ?
14 Өнөөгийн олон христиан Паулын адилаар сайн мэдээний төлөө өөрсдийгөө золиосолдог (Марк 10:29, 30). Ингэлээ гээд тэд сайн сайхан юмаа алддаг уу? Өгүүллийн эхэнд гарсан Роберт өөр шигээ олон христианыг төлөөлөн: «Би огт харамсдаггүй шүү. Би байнгын эхлэгчээр үйлчилдэгтээ баяр баясгалантай, сэтгэл хангалуун явдаг. Бас „Ехова сайн гэдгийг амсаж үзэж“ байна. Сүнслэг зорилгодоо хүрэх гэж ямар нэг юмаа золиослох болгонд Ехова надад золиосолсноос минь илүү ихийг өгдөг. Тэгэхлээр, би үнэндээ юуг ч алддаггүй. Харин ч ихийг олж авдаг» гэж ярьсан юм (Дуу. 34:8; Сур. 10:22).
15 Хэрэв та дэлгэрүүлэх болон заах ажилд оролцдог болсон бол Еховагийн сайн гэдгийг амсаж үзсэн нь лавтай. Сайн мэдээг тунхаглахдаа Еховагийн сүнсний тусламж авснаа мэдэрсэн үе бий юү? Ехова зүрхийг нь нээхэд сайн мэдээг анхааран сонсож, баяр хөөр болж байсан хүмүүстэй та таарч байв уу? (Үйлс 16:14). Та Еховагийн тусламжтайгаар бэрхшээлийг давах юм уу үйлчлэлээ өргөжүүлэх боломжтой болж байсан уу? Хүч тэнхээ барагдсан мэт санагдах хүнд үед Ехова таныг дэмжиж, сүнслэг үйл хэргээ үргэлжлүүлэхэд тань тусалж байсан уу? (Флп. 4:13). Бурханд үйлчлэн, тусламжийг нь өөрийн биеэр мэдрэхлээр Ехова бидэнд илүү бодитой санагдаж, бид ч түүнтэй илүү дотно болдог шүү дээ (Ис. 41:10). Бурхнаар заалгахад нь хүмүүст туслах агуу ажилд оролцон, «Бурханы хамтран зүтгэгч» байна гэдэг хосгүй ивээл биш гэж үү? (1 Кор. 3:9).
16. Бурхнаар заалгахад нь хүмүүст туслахын тулд хүчин чармайлт гаргаж, өөрийгөө золиослох нь одоо танд ямар санагдаж байна вэ?
16 Амьд явах хугацаандаа үүрдийн ач тустай үйлс бүтээхийг олон хүн хүсдэг. Гэвч тийм агуу үйлс ч дэндүү хурдан мартагддагийг амьдрал харуулдаг. Харин нэрээ ариусгах зорилгоор явуулж буй Еховагийн үйл хэрэг теократ түүхэнд мөнхрөн үлдэх бөгөөд үүрд дурсагдана (Сур. 10:7; Евр. 6:10). Бурхнаар заалгахад нь хүмүүст туслах мартагдашгүй ажилд оролцох завшаанаа эрхэмлэн үнэлцгээе!
Хариулна уу
• Ехова өөрөөр нь заалгадаг хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
• Бурхны олгодог боловсрол хүний амьдралыг яаж сайжруулдаг вэ?
• Бурхнаар заалгахад нь хүмүүст тусалбал ямар ямар ивээл хүртдэг вэ?
[Догол мөрийн асуулт]
[23-р хуудасны зураг]
Еховагаар заалгадаг хүмүүс олон улсын ахан дүүгийн жинхэнэ барилдлагыг бүрдүүлдэг
[24-р хуудасны зураг]
«Бурханы хамтран зүтгэгч» байна гэдэг хосгүй ивээл