Skip to content

Гарчиг руу орох

Сатаны удирдлага бүтэлгүйтэх нь дамжиггүй

Сатаны удирдлага бүтэлгүйтэх нь дамжиггүй

Сатаны удирдлага бүтэлгүйтэх нь дамжиггүй

«Гэмт хүн[д] ... сайн юм үгүй» (НОМ. 8:13).

1. Ёс бусыг үйлдэгч бүхэн удахгүй шүүгдэнэ гэсэн мэдээ хүмүүсийн санааг амраадгийн учир юу вэ?

 ЁС БУСЫГ үйлдэгч бүхэн эрт орой хэзээ боловч шүүгдэж, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ (Сур. 5:22; Ном. 8:12, 13). Энэ мэдээ ёс бус хүмүүсийн шударга бус явдал, хатуу ширүүн харьцааны золиос болж явсан, зөв шударгыг хайрладаг хүмүүсийн санааг амраадаг. Хамгийн түрүүнд ёс бус бүхний эцэг Сатан Диавол шүүгдэнэ (Иох. 8: 44).

2. Еденд дэгдсэн маргаантай асуудлыг шийдэхэд цаг хугацаа хэрэгтэй байсны учир юу вэ?

2 Эрт цагт Еденд байсан элэнц эцэг эх маань бардам ихэмсэг Сатаны үгэнд орж Еховад захирагдахаас татгалзжээ. Ингэснээрээ Еховагийн эрх мэдлийн зөв шударга эсэх талаар маргаантай асуудал дэгдээсэн Сатаны хамсаатан болж, Бурхны нүдэнд нүгэлтнүүд болцгоосон (Ром 5:12–14). Өөрийг нь үл хүндэтгэсэн энэ тэрс явдал эргээд тэдэнд яаж нөлөөлөхийг Ехова мэдэж байсан нь ойлгомжтой. Гэхдээ зайлшгүй гарах ёстой тэрхүү үр дагаврыг оюун ухаант бүх бүтээл мэдэж авах шаардлагатай байсан тул маргаантай асуудлыг шийдэж, уг самуун явдал туйлын буруу байсныг батлахад цаг хугацаа хэрэгтэй байлаа.

3. Хүний засгийн газруудад бид хэрхэн ханддаг вэ?

3 Хүмүүс нэгэнт Еховагаар удирдуулахаас татгалзсан учир өөрсдөө засаглалын хэлбэрийг тогтоох хэрэгтэй болжээ. Элч Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа хүний засаглалын хэлбэрүүдийг «дээд эрх мэдлүүд» хэмээсэн байдаг. Паулын үед дээд эрх мэдлүүд нь МЭ 54–68 онд төр барьж байсан эзэн хаан Нерон тэргүүтэй Ромын засгийн газар байв. Паул тийм дээд эрх мэдлүүдийг «Бурханаар тогтоогдсон» гэжээ (Ром 13:1, 2-ыг уншина уу). Үүгээрээ хүний засаглалыг Бурхныхаас дээгүүр гэж хэлсэн хэрэг үү? Огт үгүй. Хүний засаглалын оршин байхыг Ехова зөвшөөрсөн учраас энэ хугацаанд христианууд «Бурханы тогтоолыг» хүндэтгэж, тэдгээр удирдагчдыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг л хэлсэн хэрэг ажээ.

Сүйрэлд хүргэдэг зам

4. Хүний засаглал бүтэлгүйтэх нь тодорхой гэдгийн учрыг тайлбарлана уу.

4 Гэхдээ Сатаны нөлөөнд автсан хүний засаглал бүтэлгүйтэх нь тодорхой. Яагаад гэвэл, тэд Бурхны мэргэн ухаанаар удирддаггүй. Ехова л ганцаараа төгс мэргэн ухаантай. Тиймээс засаглалын ямар хэлбэр амжилтад хүрэхийг зөвхөн Ехова мэддэг (Иер. 8:9; Ром 16:27). Ехова хамгийн сайн аргыг мэддэгээрээ бэрхшээл амсаж, алдаан дээрээ суралцдаг хүмүүн удирдагчдаас ялгаатай. Бурхны зааврыг дагадаггүй бол ямар ч засгийн газрын авсан арга хэмжээ амжилтад хүрэхгүй. Сатан ямар хорон санаа өвөрлөж байсныг үл дурдан, ганц энэ л шалтгааныг аваад үзэхэд, хүний засаглалаар дамжуулан захирах гэсэн Сатаны удирдах арга эхнээсээ амжилт олохгүй нь тодорхой байсан.

5, 6. Сатан ямар учраас Еховаг эсэргүүцэх болсон бэ?

5 Аливаад болгоомжтой ханддаг хүн, амжилтад хүрэхгүй нь нэгэнт тодорхой болсон зүйлийн хойноос явдаггүй. Хэрэв тоохгүй, тэр чигээрээ зүтгэвэл алдаж эндэж байж л ухаарна. Төгс хүчит Бүтээгчийг эсэргүүцээд нэмэргүй гэдгийг түүх олон удаа баталсан (Сургаалт үгс 21:30-ийг уншина уу). Гэсэн ч биеэ тоож, бардам зандаа сохорсон Сатан Диавол Еховагаас нүүр буруулан, сүйрэл рүү хөтлөх зам руу дөргүй бух шиг зүтгэжээ.

6 Сатаны бардам занг хожим нь Вавилоны нэгэн захирагч илэрхийлсэн. Тэрбээр ихэд гайхуулан: «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» хэмээн хэлж байжээ (Ис. 14:13–15). Энэ бодлогогүй амлалт нь бүтэлгүйтсэн бөгөөд Вавилоны хаадын угсаа гутамшигтайгаар тасарсан билээ. Түүнтэй адил, Сатан болон түүний ертөнц удахгүй бүрмөсөн ялагдана.

Зөвшөөрсний учир

7, 8. Ехова ёс бус байдлыг түр хугацаагаар зөвшөөрсөн нь ямар ач тустай вэ?

7 Хүмүүсийг Сатаны талд орж, бүтэлгүйтэх нь тодорхой байсан удирдлагыг нь дагах гэхэд Ехова яагаад саад хийж болиулаагүй юм бол гэж зарим хүн гайхдаг. Ехова Төгс хүчит Бурхан учраас саад хийж чадах байсан нь ойлгомжтой (Ег. 6:3). Гэвч тэгээгүй. Хүмүүсийн дэгдээсэн самуун хэргийг түр хугацаагаар зөвшөөрөх нь эцэстээ тустай гэдгийг мэргэн ухаанаараа ойлгожээ. Яваандаа, Еховагийн зөв шударга, хайрын сэтгэлтэй Захирагч гэдэг нь батлагдаж, үнэнч хүмүүс гаргасан шийдвэрийнх нь ач тусыг хүртэх байлаа.

8 Хэрэв хүмүүс Сатаны замаар явалгүй, Бурхнаар удирдуулсан бол гай зовлон амсахгүй байх байсан! Гэвч эсрэгээрээ болсон учир Ехова хүмүүст өөрсдийгөө удирдахыг түр хугацаагаар зөвшөөрсөн. Энэ нь ч сайн болсон юм. Бурхныг сонсож, түүнд найдах нь мэргэн ухаалаг хэрэг гэдгийг чин сэтгэлтэй хүмүүс гүнзгий ойлгожээ. Хүн төрөлхтөн олон зууны турш засаглалын янз бүрийн хэлбэрийг туршсан боловч аль нь ч төгс болж чадаагүй. Энэ нь Еховагийн удирдлага хамгийн сайн гэдэгт итгэх Бурхны үйлчлэгчдийн итгэлийг улам батжуулдаг. Ехова Сатаны ёс бус удирдлагыг зөвшөөрснөөр хүн төрөлхтөн, тэр дундаа Бурханд үнэнчээр үйлчилдэг хүмүүс ч гай зовлон амсдаг нь үнэн. Гэхдээ ёс бус байдлыг түр хугацаагаар зөвшөөрсөн нь тэдгээр үнэнч үйлчлэгчдэд тустай байсан.

Самуун дэгдсэн нь Еховаг алдаршихад хэрхэн нөлөөлсөн бэ?

9, 10. Еховаг алдаршихад Сатаны удирдлага яаж нөлөөлснийг тайлбарлана уу.

9 Хүмүүс Сатаны нөлөөнд автан, өөрсдийгөө захирах болсон нь Еховагийн удирдлага хэрэггүй боллоо гэсэн үг биш байлаа. Харин ч эсрэгээрээ байсан! Хүмүүс өөрсдийгөө удирдан захирч чадахгүй хэмээн Иеремиагаар хэлүүлсэн Бурхны үг үнэн байсныг түүх баталдаг (Иеремиа 10:23-ыг уншина уу). Түүнээс гадна, Сатаны дэгдээсэн самууны үрээр Еховагийн сайхан зан чанар илүү тодорхой харагдах болсон. Яагаад тэгж хэлж болох вэ?

10 Сатаны удирдлага бүтэлгүйтсэн ч Еховагийн төгс зан чанар урьдынхаас илүү тодорхой болсон. Тийнхүү Ехова өөрийг нь хайрладаг хүмүүсийн өмнө өргөмжлөгдсөн. Сатаны удирдлага Бурхныг алдаршуулахад хувь нэмэр болсон нь итгэмээргүй ч гэсэн үнэн зүйл. Энэ нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй нь холбоотой маргаантай асуудлыг хамгийн зохистой аргаар шийдвэрлэж байгааг онцлон харуулдаг. Энэ үнэнийг батлахын тулд Еховагийн зарим зан чанарын тухай товч ярилцаж, Сатаны ёс бус удирдлагаас болоод Ехова зан чанараа хэрхэн илүү тодорхой илэрхийлснийг үзье.

11. Еховагийн хайр юунаас харагддаг вэ?

11 Хайр. Библид «Бурхан бол хайр» гэж байдаг (1 Иох. 4:8). Бурхан хүнийг бүтээсэн нь юуны түрүүнд хайрынх нь илрэл байлаа. Түүнээс гадна, сүрдмээр, гайхамшигтай бүтээгдсэн маань Бурхны хайрыг гэрчилдэг. Ехова хүн төрөлхтөнд хайртай учраас сайхан орон гэр өгчээ. Тэнд жаргалтай амьдрахад шаардлагатай бүх зүйл байлаа (Эх. 1:29–31; 2:8, 9; Дуу. 139:14–16). Гэвч хүмүүс ёс бусыг үйлдсэн учраас Ехова хайраа өөрөөр илэрхийлэх болсон. Элч Иохан Есүсийн хэлсэн үгийг иш татан: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» хэмээн бичжээ (Иох. 3:16). Бурхан нүгэлт хүмүүсийг зольж авахын тулд цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээхээс илүүгээр хүн төрөлхтөнд хайраа илэрхийлж чадах байсан гэж үү? (Иох. 15:13). Хайрын энэ агуу илрэл хүмүүст жишээ болж, Бурхны илэрхийлсэн өөрийгөө золиослох хайрыг Есүстэй адилаар өдөр тутмын амьдрал дээрээ тусган харуулах боломж олгосон (Иох. 17:25, 26).

12. Еховагийн хүч юунаас харагддаг вэ?

12 Хүч. Зөвхөн «Төгс хүчит Эзэн Бурхан» л амийг бий болгож чадна (Илч. 11:17; Дуу. 36:9). Хүн анх төрөхдөө, зүйрлэвээс, цагаан цаас мэт байдаг. Харин үхэхдээ уг цаасыг шийдвэр, үйл хэрэг, амьдралын туршлагаараа дүүргэсэн байдаг. Тухайн хүний хувийн онцлог, зан чанарыг тодорхойлдог тэрхүү мэдээллийг Ехова ой санамжиндаа хадгалж, цаг нь болохоор дахин амь өгч, өөр хэнийхтэй ч жишимгүй өмнөх амьдралыг нь сэргээх хүчтэй (Иох. 5:28, 29). Бурхны анхны санаа зорилгоор бол хүн үхэх ёсгүй байсан. Гэвч хүн үхдэг болсон нь Еховад нас барагсдыг амилуулах хүчээ харуулах боломж олгосон. Үнэхээр Ехова бол «Төгс хүчит Эзэн Бурхан» мөн.

13. Есүсийн золиос Еховагийн төгс шударга чанарыг хэрхэн харуулсан бэ?

13 Шударга. Ехова худал хэлдэггүй бөгөөд шударга бусыг ч үйлддэггүй (Д.хууль 32:4; Тит 1:2). Шударга үнэний хамгийн дээд хэм хэмжээг цаг үргэлж, тэр байтугай өөрөө хохирох байсан ч сахидаг (Ром 8:32). Хайртай Хүүгээ Бурхныг доромжлогчийн адилаар тарчлаах шонд хадуулж үхэхийг нь харах Еховад хэчнээн хэцүү байсан бол оо! Гэвч төгс бус хүмүүст хайртай учраас шударга ёсны төгс хэм хэмжээгээ баримтлахын тулд энэ зовлонг тэвчсэн (Ром 5:18–21-ийг уншина уу). Шударга бус явдлаар дүүрсэн ертөнц Еховад дээд зэргийн шударга Бурхан гэдгээ харуулах боломж олгосон.

14, 15. Еховагийн агуу мэргэн ухаан болон тэвчээр юунаас харагддаг вэ?

14 Мэргэн ухаан. Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэн тэр даруйд Ехова тэдний дэгдээсэн самуун явдлын муу үр дагаврыг арилгах арга замаа илчлэн хэлсэн (Эх. 3:15). Тийнхүү шуурхай арга хэмжээ авсны зэрэгцээ үйлчлэгчдэдээ энэ арга хэмжээнийхээ нарийн ширийнийг аажим аажмаар илчилснээр мэргэн ухаан нь улам тод харагдсан (Ром 11:33). Аливаа асуудлыг амжилттай шийдвэрлэхэд нь Бурханд юу ч саад болж чадахгүй. Садар самуун, дайн дажинтай, хахир хатуу, дуулгаваргүй, харгис хэрцгий, ялгаварладаг, хоёр нүүр гаргадаг энэ ертөнцөд жинхэнэ мэргэн ухаан гэж юу болохыг бүтээлүүддээ харуулах бүрэн боломж Еховад бий. Есүсийн шавь Иаков: «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй» гэж хэлжээ (Иак. 3:17).

15 Тэвчээр. Төгс бус, нүгэлтэй, алдаа гаргадаг хүмүүстэй харьцах шаардлагагүй байсан бол Еховагийн тэвчээр тодорхой харагдах аргагүй байв. Харин Ехова төгс бус хүмүүстэй олон мянган жилийн турш харьцаж байгаа нь төгс тэвчээртэйн шинж бөгөөд бид үүнд талархах учиртай. Элч Петр «Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц» гэж тун оновчтой хэлжээ (2 Петр 3:9, 15).

16. Еховагийн уучлахад бэлэн байдаг нь яагаад баярлах шалтгаан болдог вэ?

16 Уучлахад бэлэн. Бид бүгд нүгэлтэй бөгөөд олон юман дээр бүдэрдэг (Иак. 3:2; 1 Иох. 1:8, 9). Ехова биднийг «өгөөмрөөр» уучилдагт нь талархах учиртай! (Ис. 55:7). Хэрэв хүн төгс, нүгэлгүй төрдөг байсан бол Бурхнаар алдаагаа уучлуулахын баяр баясгаланг мэдрэхгүй байх байсан (Дуу. 51:5, 9, 17). Еховагийн энэхүү сэтгэл дулаацуулам чанарыг биеэрээ мэдрэхлээр түүнийг хайрлах хайр гүнзгийрч, бусадтай харьцахдаа жишээг нь дагах хүсэл төрдөг (Колоссай 3:13-ыг уншина уу).

Ертөнц өвчилсний учир

17, 18. Сатаны удирдлага бүтэлгүйтэж буй нь юунаас харагддаг вэ?

17 Сатаны удирдлагын үр дүн болсон түүний тогтолцоо бүхэлдээ хэдэн зууны турш бүтэлгүйтсээр ирсэн. 1991 онд европын нэгэн сонинд: «Хүний ертөнц өвчилсөн үү? Тийм ээ, үнэхээр өвчилжээ. Гэхдээ ... Бурхны үйлс биш. Хүмүүс өөрсдөө ертөнцийг өвчлүүлсэн» гэж бичжээ (The European). Юутай үнэн үг вэ! Элэнц эцэг эх маань Сатаны нөлөөнд автан, Еховагаар удирдуулахын оронд өөрөө өөрсдийгөө удирдан захирах замыг сонгосноор, бүтэлгүйтэх нь гарцаагүй байсан засаглалын эхийг тавьжээ. Дэлхий даяар хүмүүсийн амсаж буй зовлон зүдгүүр бол хүний засаглал аймшигт өвчинд нэрвэгдсэний шинж юм.

18 Сатаны удирдлага аминч үзэлд уриалан дууддаг. Гэвч энэ үзэл нь Еховагийн удирдлагын үндэс болсон хайр хэмээх чанарыг хэзээ ч дийлэхгүй. Сатаны удирдлага тогтвортой, аз жаргалтай, аюулгүй байдлыг бий болгож чадаагүй, чадах ч үгүй. Тэгэхлээр, Еховагийн удирдлага зөв гэдэг нь батлагдаж байна! Үүнийг нотлох орчин үеийн ямар нотолгоо байна вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр үзнэ.

Та дараах Библийн зүйлээс удирдлагын талаар юу мэдэж авсан бэ?

Ром 13:1, 2

Сургаалт үгс 21:30

Иеремиа 10:23

Колоссай 3:13

[Догол мөрийн асуулт]

[25-р хуудасны зураг]

Сатаны удирдлага хүн төрөлхтөнд хэзээ ч тус болж байгаагүй

[Зураг эзэмшигч]

U.S. Army photo

WHO photo by P. Almasy

[26-р хуудасны зураг]

Ехова нас барагсдыг ч амилуулах хүчтэй

[27-р хуудасны зураг]

Еховагийн хайр ба шударга чанар Хүүгийнх нь золиосноос харагддаг