Еховагийн ариун сүнсийг бүү гомдоо
Еховагийн ариун сүнсийг бүү гомдоо
«Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. ... Та нар Түүгээр тамгалуулсан билээ» (ЕФЕС 4:30).
1. Ехова олон сая хүний төлөө юу хийсэн бэ? Тэр хүмүүс ямар үүрэгтэй вэ?
ЕХОВА зовлон зүдүүрээр дүүрсэн ертөнцөд амьдарч буй олон сая хүний төлөө онцгой үйлс бүтээжээ. Тэрбээр цорын ганц Хүү Есүс Христээр нь дамжуулан өөртэй нь ойр дотно харьцаа тогтоох боломжийг тэдэнд олгосон (Иох. 6:44). Хэрэв та Бурханд өөрийгөө зориулсан бөгөөд амласныхаа дагуу амьдардаг бол тэр хүмүүсийн нэг нь гэсэн үг. Нэгэнт та ариун сүнсний нэрээр баптисм хүртсэн учир тэрхүү сүнсээр удирдуулан биеэ авч явах үүрэгтэй (Мат. 28:19).
2. Ямар ямар асуултыг авч үзэх вэ?
2 «Сүнсэнд таригч» бид шинэ хүнийг өмсдөг (Гал. 6:8; Ефес 4:17–24). Гэхдээ бид Бурхны ариун сүнсийг гомдоох учиргүйг элч Паул анхааруулж, зөвлөгөө өгчээ (Ефес 4:25–32-ыг уншина уу). Одоо тэр зөвлөгөөг дэлгэрэнгүй ярилцъя. Паул Бурхны сүнсийг гомдоох гэдгээр ямар санаа илэрхийлсэн бэ? Еховад өөрийгөө зориулсан хүн яавал сүнсийг нь гомдоож болзошгүй вэ? Еховагийн сүнсийг гомдоохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
Паул ямар санаа илэрхийлсэн бэ?
3. Ефес 4:30 ямар утгатайг тайлбарлана уу.
3 Юуны түрүүнд Ефес 4:30-д бичигдсэн Паулын үгийг анхааръя. Тэрбээр: «Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ» гэж бичжээ. Паул хайртай итгэл нэгтнүүдээ сүнслэг байдалдаа аюул бүү учруулаасай хэмээн хүсэж байлаа. Тэд «золилтын өдрийн төлөө» чухамдаа Еховагийн сүнсээр «тамгалуулсан» байв. Бурхан үнэнч тослогдогсдыг ариун сүнсээрээ тамгалж байсан, одоо ч тамгалдаг. Өөрөөр хэлбэл, ариун сүнсээ тэдэнд «тэмдэг» болгон өгдөг (2 Кор. 1:22, МАБ). Энэ тэмдэг нь тэднийг Бурхны эзэмшил мөн бөгөөд тэнгэрт амьдрах шагнал авахыг нь бэлгэддэг. Эцэслэн тамгалуулах хүний тоо 144 000 юм (Илч. 7:2–4).
4. Бурхны сүнсийг гомдоохгүй байх нь яагаад чухал бэ?
4 Христиан хүний хувьд сүнсийг гомдоох нь Бурхны үйлдэх хүчний нөлөөг амьдралаасаа бүрмөсөн алдах эхний алхам болдог. Ийм юм болж болдгийг Давидын, Батшебатай нүгэл үйлдсэнийхээ дараа хэлсэн үг харуулдаг. Давид ихэд гэмшин: «Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач» хэмээн Еховагаас гуйсан байдаг (Дуу. 51:11). Гагцхүү «үхэл хүртэл итгэмжтэй» байснаа баталсан тослогдогсод л тэнгэр дэх үхэшгүй мөнхийн амийн «титмийг» авна (Илч. 2:10; 1 Кор. 15:53). Дэлхийд амьдрах найдвартай христианууд ч Бурханд үргэлж үнэнч байхын тулд ариун сүнс авч байх хэрэгтэй. Үнэнч байсан цагт Христийн золиосонд итгэх итгэлийн үндсэн дээр амийн бэлэгтэй болно (Иох. 3:36; Ром 5:8; 6:23). Тиймээс бид бүгдээрээ Еховагийн ариун сүнсийг гомдоохоос болгоомжлох ёстой.
Христиан хүн яавал сүнсийг гомдоож болзошгүй вэ?
5, 6. Христиан хүн яавал Еховагийн сүнсийг гомдоож болзошгүй вэ?
5 Бурханд өөрийгөө зориулсан христианууд бид үргэлж «Сүнсээр явж», махан биеийн буруу хүсэл болоод бузар муу зан чанартаа үл дийлдвэл сүнсийг гомдоохгүй байж чадна (Гал. 5:16, 25, 26). Гэхдээ сүнсийг хэзээ ч гомдоохгүй гэсэн баталгаа байхгүй. Хэрэв бид яваандаа бараг өөрөө ч мэдэлгүй, Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн Үгэнд буруушаадаг байдлаар биеэ авч явдаг болбол Бурхны сүнсийг гомдооно гэсэн үг.
6 Ариун сүнсний удирдлагад захирагдахгүй яваад байвал ариун сүнс болон үүний Эх булаг болох Еховаг гомдооно. Ефес 4:25–32-ыг судалбал биеэ хэрхэн авч явах ёстойг мэдэж аваад, Бурхны сүнсийг гомдоохгүй байх боломжтой.
Сүнсийг гомдоохгүйн тулд яах вэ?
7, 8. Үнэнч шударга байх ёстойн учрыг тайлбарлана уу.
7 Үнэнч шударга байх. Ефес 4:25-д бичсэнээр, Паул: «Худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм» гэжээ. Бид «бие биедээ эрхтнүүд» болж нэгдсэн учир итгэл нэгтнүүдээ зальдах юм уу санаатайгаар төөрөгдүүлэх учиргүй. Энэ нь хуурч байгаатай адилхан юм. Ийм зангаа засдаггүй ямар ч хүний Бурхантай тогтоосон харьцаа тасарна (Сургаалт үгс 3:32-ыг уншина уу).
8 Хуурч мэхэлсэн үг яриа, үйл хэрэг хурлын эв нэгдлийг эвдэн бусниулах аюултай. Тиймд бид ямар ч завхрал гаргаагүй итгэмжит зөнч Даниел шиг байх ёстой (Дан. 6:4). Паулын зөвлөснөөр, «Христийн биеийн» эрхтнүүд буюу Есүсийн үнэнч шударга тослогдсон дагалдагчид бие биетэйгээ холбоотой бөгөөд үргэлж эв нэгдэлтэй байх учиртай. Тэнгэрийн найдвартай христиануудад өгсөн энэ зөвлөгөөг бид ч санаж явах нь зүйтэй (Ефес 4:11, 12). Диваажин дэлхийд мөнх амьдарна гэж найддаг хүмүүс ч бас үнэнийг ярих ёстой. Ингэж байж дэлхий дахины ах дүүстэйгээ эв нэгдэлтэй байна.
9. Ефес 4:26, 27-д бичсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь яагаад чухал бэ?
9 Диаволыг эсэргүүцэж, сүнслэг байдалд маань хор хөнөөл учруулах боломж өгөхгүй байх (Иак. 4:7). Ариун сүнс Сатаныг эсэргүүцэхэд тусалдаг. Жишээ нь, бид хазааргүй уур хилэнг ариун сүнсний тусламжтайгаар номхтгож чадна. Паул: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» хэмээн бичжээ (Ефес 4:26, 27). Уурлах шалтгаан үнэхээр байлаа ч тэр даруйд нь дотроо залбирвал Бурхны сүнсийг гомдоох юм хийхгүй. Харин ч дотор уужирч, биеэ барьж чадна (Сур. 17:27). Тийм учраас, уураа хадгалахгүй байж, муу юм хийлгэх гэсэн Сатаны оролдлогод автахгүй байцгаая (Дуу. 37:8, 9). Сатаныг эсэргүүцэх нэг арга бол маргаанаа Есүсийн зөвлөсний дагуу даруйхан шийдэх явдал юм (Мат. 5:23, 24; 18:15–17).
10, 11.Шударга бус байх юм уу хулгай хийх ёсгүйн учир юу вэ?
10 Шударга бус байх юм уу хулгай хийх хүсэлдээ автах ёсгүй. Паул: «Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлө» хэмээн бичжээ (Ефес 4:28). Бурханд өөрийгөө зориулсан христиан хүн хулгай хийвэл Бурхныхаа нэрийг бузарлана (Сур. 30:7–9). Ядуу зүдүү байдал хулгай хийх шалтаг болдоггүй. Бурхан болон бусдыг хайрладаг хүн хулгай хэзээ ч зөвтгөгдөхгүй гэдгийг ойлгодог (Марк 12:28–31).
11 Паул бидний юу хийх ёсгүйг дурдаад зогсоогүй, бас юу хийх ёстойг зааж өгсөн. Хэрэв бид сүнсээр амьдарч, сүнсээр явбал гэр бүлээ тэжээх, «гачигдалтай хүнд хуваалцах юмтай» байхын тулд нөр их хичээл зүтгэл гаргана (1 Тим. 5:8). Есүс болон түүний элч нар ядууст туслах зорилгоор мөнгө хадгалдаг байв. Тэгтэл урвагч Искариотын Иудас тэр мөнгөнөөс завшдаг байжээ (Иох. 12:4–6). Тэр хүн ариун сүнсээр удирдуулж байгаагүй нь тодорхой. Бурхны сүнсээр удирдуулдаг бид Паулын нэгэн адил, «бүх юманд үнэнч шударга байхыг хүсдэг» (Евр. 13:18, ШЕ). Ингэвэл Еховагийн ариун сүнсийг гомдоохгүй.
Сүнсийг гомдоохгүйн тулд өөр яах вэ?
12, 13. а) Ефес 4:29-д бичсэнээр, бид ямар үг ярих ёсгүй вэ? б) Бидний үг яриа ямар байх ёстой вэ?
12 Үг яриагаа хянах. Паул: «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө» гэж хэлжээ (Ефес 4:29). Энд ч бас бидний юу хийх ёсгүйг төдийгүй юу хийх ёстойг хэлж өгсөн байна. Хэрэв бид Бурхны сүнсээр удирдуулдаг бол «сонсож буй хүнд нигүүлслийг» өгөх, босгон байгуулах тустай үгийг хэлнэ. Түүнээс гадна, амнаасаа «ялзарсан үг» гаргахгүй. «Ялзарсан» гэж орчуулсан грек үгээр жимс, загас, махны муудсаныг хэлдэг байна. Бид тийм хоол хүнснээс жигшдэг шигээ Еховад таагүй санагддаг үг яриаг үзэн ядах учиртай.
13 Бидний үг яриа зохистой, эелдэг, «давсаар амт оруулсан мэт» байх ёстой (Кол. 3:8–10; 4:6). Бусдаас өөр байдаг маань бидний үг ярианаас илт мэдэгдэхүйц байх учиртай. Тиймээс босгон байгуулах тустай үг хэлж байцгаая. Тэгвэл, «Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» хэмээсэн дуулалчийнх шиг сэтгэл бидэнд ч төрнө (Дуу. 19:14).
14. Ефес 4:30, 31-д бичсэнээр бид юунаас ангижрах ёстой вэ?
14 Аливаа хорсол, хилэн, гүтгэлэг, бузар муу бүхнээс ангижрах. Паул Бурхны сүнсийг гомдоохоос сэрэмжлүүлснийхээ дараа: «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» гэж бичжээ (Ефес 4:30, 31). Бид бүгдээрээ төгс бус учраас бодол санаа, үйл хэргээ хянахын тулд чамгүй их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. «Аливаа хорсол, уур, хилэнд» эзэмдүүллээ гэхэд Бурхны сүнсийг гомдоож байна гэсэн үг. Бас бусдыг өөрсдөд маань муу юм хийснийг үргэлж санан, дургүйцэн гомдоллож, эвлэрэхгүй яваад байвал сүнсийг гомдооно. Тэр байтугай, Библийн зөвлөгөөг үл тоомсорлож эхлэхэд л сүнсний эсрэг нүгэл үйлдэх хандлагатай болж, гашуун үр дагавар амсаж мэдэх юм.
15. Хэн нэг нь бидэнд муу юм хийвэл яах хэрэгтэй вэ?
15 Энэрэнгүй, уян зөөлөн, уучламтгай байх. Паул: «Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» гэж бичжээ (Ефес 4:32). Хэн нэг нь бидэнд муу юм хийснээс болж голдоо ортол гомдсон байлаа ч Бурхныг дууриан тэр хүнийг уучилцгаая (Лук 11:4). Жишээ нь, итгэл нэгтэн маань биднийг муулжээ гэж бодъё. Энэ асуудлыг шийдэх гээд тэр хүн дээр очтол, тэр үнэн сэтгэлээсээ харамсаж, уучлал гуйжээ. Тэгвэл түүнийг уучилж таарна. Гэхдээ үүнээс ч илүү зүйлийг хийх хэрэгтэй. Левит 19:18-д: «Чи өөрийнхөө ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН» гэж бичжээ.
Сонор сэрэмж хэрэгтэй
16. Еховагийн сүнсийг гомдоохгүйн тулд тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй байж болохыг харуулах жишээ хэлнэ үү.
16 Бидэнд, ганцаараа байхдаа Бурхны таалалд үл нийцэх юм хиймээр санагдах үе гарч мэднэ. Жишээ нь, нэг Гэрч залуу зохисгүй дуу хөгжим сонсдог байлаа гэж бодъё. Гэтэл «итгэмжит, ухаалаг боол»-ын гаргасан ном хэвлэл дэх Библийн зөвлөгөөг үл тоомсорлодогтоо сэтгэл нь өвдөж эхэлнэ (Мат. 24:45). Тэгээд энэ талаар залбирч, Ефес 4:30-д байдаг Паулын үгийг санаад, Бурхны сүнсийг гомдоох ямар ч юм хийхгүй байхаар хатуу шийднэ. Үүнээс хойш зохисгүй дуу хөгжим огт сонсохгүй ажээ. Ехова энэ залууг зөв хандлагатай байсных нь төлөө ивээнэ. Бүгдээрээ Бурхны сүнсийг гомдоохоос цаг ямагт сэргийлж байцгаая.
17. Үргэлж залбирч, сонор сэрэмжтэй байхгүй бол ямар аюултай вэ?
17 Байнга залбирч, сонор сэрэмжтэй байхгүй бол сүнсийг гомдоох цэвэр бус, буруу юм хийж зурших аюултай. Тэнгэрийн Эцгийнхээ зан чанарыг илэрхийлэхэд ариун сүнс бидэнд тусалдаг. Тиймд ариун сүнсийг гомдоох нь Еховаг гомдоохтой адил юм. Бид ийм юм хийхийг яасан ч хүсэхгүй (Ефес 4:30). Нэгдүгээр зууны Иудейн хуулийн багш нар Есүсийн үйлдсэн гайхамшгийг Сатаных мэтээр ярьсан нь нүгэл байв (Марк 3:22–30-ийг уншина уу). Христийн дайсан тэд «Ариун Сүнсийг доромжлогч» болж, уучилшгүй нүгэл үйлджээ. Бид тийм болохыг яасан ч хүсэхгүй!
18. Уучилшгүй нүгэл үйлдээгүй гэдгээ хэрхэн тогтоож болох вэ?
18 Бид уучилшгүй нүгэл үйлдэхэд хүргэх аюултай ямар ч алхам хийхийг хүсдэггүй учир сүнсийг гомдоохоос сэрэмжлүүлсэн Паулын үгийг мартах ёсгүй. Харин ноцтой нүгэл үйлдсэн бол яах вэ? Гэмшээд, ахлагчдаас тусламж авсан бол өөрийгөө Бурхны өршөөлийг хүртсэн бөгөөд ариун сүнсний эсрэг нүгэл үйлдээгүй гэж үзэж болно. Өөр ямар ч байдлаар сүнсийг дахин гомдоохгүй байхад Бурхан тусална.
19, 20. а) Бид юунаас зайлсхийх ёстой вэ? б) Бид юунд шийдэмгий байх учиртай вэ?
19 Бурхан ариун сүнсээрээ ард түмнийхээ дундах хайр, баяр баясгалан, эв нэгдлийг хөгжөөдөг (Дуу. 133:1–3). Тийм учраас, хов жив ярих юм уу сүнсээр томилогдсон хоньчдын нэр хүндийг унагах юм хэлэх зэргээр сүнсийг гомдоохыг цээрлэх учиртай (Үйлс 20:28; Иуда 8). Харин хурлынхаа итгэл нэгт ахан дүүстэйгээ эвтэй байж, тэднийг хүндэтгэх нь зөв юм. Бурхны ард түмний дунд хэсэг бүлэг болж талцах явдал байж болохгүй. Паул: «Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя» гэж бичжээ (1 Кор. 1:10).
20 Сүнсийг нь гомдоохгүй байхад Ехова бидэнд туслахыг хүсдэг бөгөөд тусалж чадна. Тиймээс үргэлж ариун сүнс гуйн залбирцгаая. Бас ариун сүнсийг гомдоохгүй байхаар эргэлт буцалтгүй шийдэцгээе. Байнга «Сүнсэнд таригч» байж, эдүгээ ч, ирээдүйд ч сүнсний удирдлагыг шаргуу гуйцгаая.
Хариулна уу
• Бурхны сүнсийг гомдоох гэж юу гэсэн үг вэ?
• Еховад өөрийгөө зориулсан хүн яавал сүнсийг нь гомдоож болзошгүй вэ?
• Ариун сүнсийг гомдоохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]
[30-р хуудасны зураг]
Маргаанаа даруйхан шийдээрэй
[31-р хуудасны зураг]
Зүйрлэвэл, таны үг яриа аль жимстэй нь адил бэ?