Хүмүүсийг хайрлан энэрдгээ үг яриагаараа илэрхийлцгээе
Хүмүүсийг хайрлан энэрдгээ үг яриагаараа илэрхийлцгээе
«Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг [«хайр энэрлийг», ШЕ] сургадаг» (СУР. 31:26).
1, 2. а) Еховагийн үйлчлэгчид ямар чанар хөгжүүлэх хэрэгтэй вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ЭРТНИЙ хаан Лемуелийн эхийн хүүдээ айлдсан сургаалын дотор сайн эхнэрийн нэг чухал шинж байдаг. Үүнийг Лемуел: «Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг [«хайр энэрлийг», ШЕ] сургадаг» хэмээн тэмдэглэн үлдээжээ (Сур. 31:1, 10, 26). Хайр энэрэл бол ухаалаг эхнэрийн болон Ехова Бурханд таалагдахыг хүсдэг бүх хүний илэрхийлэх ёстой сайхан чанар юм. Бурхны жинхэнэ үйлчлэгчдийн үг ярианаас хайр энэрэл тод харагдах ёстой.
2 Хайр энэрэл гэж юу вэ? Энэ чанарыг хэнд илэрхийлэх учиртай вэ? Хайр энэрлийг үг яриагаараа илэрхийлдэг болоход юу туслах вэ? Энэ нь гэрийнхэн болон итгэл нэгт христиануудтай харьцах харьцаанд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
Үнэнч хайраас гарсан энэрэл
3, 4. а) Хайр энэрэл гэж юу вэ? б) Хайр энэрэл жирийн нэг энэрлээс ямар ялгаатай вэ?
3 Хайр энэрэл гэж орчуулсан үг хайр, энэрэл хоёрын аль алиных нь онцлогийг тусгадаг. Тустай үйл хийх, үгээ бодож ярих зэргээр хүнд хувьчлан санаа тавих нь энэрэлтэй холбоотой. Бас бусдын төлөө сэтгэл гаргадаг нь тэднийг хайрладгийнх юм. Гэхдээ хайр энэрэл хэмээн орчуулсан эх хэлний үг нь хайраас урган гардаг энэрлээс илүү өргөн утгатай. Хайр энэрэл гэдэг бол хэн нэгний төлөө өвөрлөсөн зорилгоо бүрэн хэрэгжтэл тэр хүндээ үнэнч байн, энэрэнгүй хандах сэтгэл юм.
4 Хайр энэрэл бас нэг утгаар жирийн энэрлээс ялгаатай. Ер нь жирийн энэрлийг танихгүй хүмүүст ч илэрхийлж болдог. Мальт арлын оршин суугчид усан онгоцны сүйрэлд өртсөн элч Паул болон түүнтэй хамт явсан 275 хүнийг огт танихгүй хэр нь тэдэнд ийм энэрлийг үзүүлсэн (Үйлс 27:37–28:2). Харин хайр энэрэл бол бие биедээ үргэлж үнэнч байдаг сайн танилуудын хооронд л илэрдэг чанар юм. * Нэг нэгнээ үнэнчээр хайрлавал халуун дотно, үүрдийн харьцаатай болдог. Энэ чанарын ачаар Ехова болон ард түмнийх нь хооронд тасаршгүй бат холбоо тогтдог (Д.хууль 7:9).
Эргэцүүлэн бодох, залбирах нь амин чухал
5. Хэл амаа хазаарлахад юу туслах вэ?
5 Хайр энэрлийг үг яриагаараа илэрхийлнэ гэдэг тийм ч амар юм биш ээ. Шавь Иаков үг ярианы талаар бичихдээ: «Хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн» гэжээ (Иак. 3:8). Хянаж байхад тун хэцүү энэ эрхтнийг хазаарлахад юу туслах вэ? Тухайн үеийнхээ шашны удирдагчдад хэлсэн Есүсийн үгнээс их юм ойлгож болно. Тэрбээр: «Зүрхний бялхалаас ам ярьдаг» хэмээн айлджээ (Мат. 12:34). Хайр энэрлийн тусламжтайгаар хэл амаа захирдаг байхын тулд энэ чанарыг зүрх буюу дотор хүндээ суулгаж өгөх хэрэгтэй. Эргэцүүлэн бодож, залбирах нь үүнд хэрхэн тус болдгийг ярилцъя.
6. Еховагийн хайр энэрлийг харуулах үйл явдлыг талархан бодох хэрэгтэйн учир юу вэ?
6 Еховаг хайр энэрлээр бялхам Бурхан гэж Библид бичсэн байдаг (Ег. 34:6). Дуулалч: «Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн» хэмээн дуулжээ (Дуу. 119:64). Ехова өөрийнхөө үйлчлэгчдэд хайр энэрлээ хэрхэн илэрхийлж байсныг харуулах олон үйл явдлыг Сударт тэмдэглэжээ. Еховагийн «үйлсийг» талархан боддог бол энэ сайхан чанарыг нь хөгжүүлэх хүсэл төрнө (Дуулал 77:12-ыг уншина уу).
7, 8. а) Ехова Лот болон эхнэр хүүхдүүдийг нь хайрлан энэрснээ хэрхэн харуулсан бэ? б) Бурхны хайр энэрлийг хүртсэн Давид ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
7 Жишээ нь, Ехова Абрахамын ач дүү Лот болон түүний эхнэр хүүхдүүдийн амьдарч байсан Содом хотыг устгахдаа тэднийг хэрхэн аварсныг бодъё. Хотыг устгах цаг болоход Лотынд айлчилсан тэнгэр элчүүд түүнийг ятган гэрийнхнээ аваад, хотоос хурдан гарахыг шавдуулжээ. «Лотыг тээнэгэлзэхэд [тэнгэр элчүүд] түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив». Бурхан аврагч болсон энэ түүхийг эргэцүүлэн бодоход сэтгэл догдолж, хайр энэрлээ илэрхийлснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй болдог (Эх. 19:16, 19).
8 Эртний Израилийн хаан Давидын жишээг бас бодъё. Тэрбээр: «[Ехова] чиний бүх гэм бурууг уучилж, чиний бүх өвчнийг илааршуулдаг» хэмээн дуулсан байдаг. Батшебатай үйлдсэн нүглийг нь уучилсан Еховад Давид хэчнээн их талархсан бол оо! Тиймээс Еховаг магтан дээдэлж, «Тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм» гэжээ (Дуу. 103:3, 11). Сударт бичигдсэн энэ мэт түүхийг эргэцүүлэн бодохлоор зүрх маань Еховагийн хайр энэрлийн төлөө талархах сэтгэлээр дүүрч, түүнийг магтаж, талархлаа илэрхийлэх хүсэл төрдөг. Талархах хүсэл төрөх тусам жинхэнэ Бурхныг тэр хэмжээгээр дууриадаг болно (Ефес 5:1).
9. Еховагийн үйлчлэгчид өдөр тутам хайр энэрэл илэрхийлж байх нь яагаад чухал бэ?
9 Ехова өөртэй нь хэдийнээ дотно харьцаа тогтоосон хүмүүст хайр энэрэл буюу үнэнч хайраа илэрхийлдгийг Судрын жишээнүүд харуулдаг. Тэгвэл амьд Бурхантай харьцдаггүй хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Ехова тэдэнд хахир хатуу, хүйтэн хөндий ханддаг уу? Огтхон ч үгүй! Лук 6:35-д: «[Бурхан] үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг» гэж байдаг. «Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм» (Мат. 5:45). Бид үнэнийг мэдэж, үнэний дагуу амьдрахаасаа өмнө Бурхны энэрэл буюу бүх хүн төрөлхтөнд илэрхийлдэг тэр сайхан сэтгэлийнх нь үр шимийг хүртдэг байсан. Харин үйлчлэгчид нь болсноор үнэнч хайр буюу мөнхийн хайр энэрэлд нь багтах болсон (Исаиа 54:10-ыг уншина уу). Үүний төлөө талархаад ч баршгүй! Тэгэхлээр хайр энэрлийг үг яриагаараа төдийгүй өдөр тутмын бүхий л үйл хэргээрээ харуулах нь хэчнээн чухал бэ!
10. Хайр энэрлийг өөрийн болгоход залбирал үнэлж баршгүй ач тустайн учир юу вэ?
10 Хайрлан энэрч сурахад залбирал үнэлж баршгүй ач тустай. Учир нь хайр энэрлийг бүрдүүлдэг хайр ч, энэрэл ч Еховагийн ариун сүнсний үр жимсний хэсэг юм (Гал. 5:22). Тиймд ариун сүнсээр удирдуулсан цагт л зүрх сэтгэлийнхээ угаас хайрлан энэрч сурдаг. Еховагийн сүнсийг авах хамгийн энгийн арга нь ариун сүнс гуйж залбирах явдал юм (Лук 11:13). Бурхны сүнсийг дахин дахин гуйж, сүнсээр удирдуулах нь зүйтэй. Хүмүүсийг хайрлан энэрдгээ үг яриагаараа илэрхийлье гэвэл эргэцүүлэн бодож, залбирах нь үнэхээр чухал ач холбогдолтой.
Нөхөр эхнэрүүд хайр энэрлийг үг яриагаараа илэрхийлэх нь
11. а) Ехова нөхрүүдээс эхнэрээ хайрлан энэрээсэй гэж хүсдэгийг хаанаас мэдэж болох вэ? б) Хэл амаа захирахад нь нөхөр хүнд хайр энэрэл хэрхэн тусалдаг вэ?
11 Элч Паул нөхрүүдэд: «Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэж уриалжээ (Ефес 5:25). Бас Адам Ева хоёрт Еховагийн юу гэж хэлснийг тэдэнд сануулж: «Эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно» гэж бичжээ (Ефес 5:31). Үүнээс үзэхэд, Ехова нөхрүүдийг эхнэртэйгээ нийлэх буюу эхнэртээ үргэлж үнэнч байгаасай гэж хүсдэг аж. Үүний тулд нөхрүүд эхнэрээ хайрлан энэрч байх учиртай. Үг яриагаараа үнэнч хайраа илэрхийлдэг нөхрүүд эхнэрээ хэл амаар доромжилдоггүй бөгөөд алдаа дутагдлыг нь зарладаггүй. Харин ч эхнэрээ чин сэтгэлээсээ магтдаг (Сур. 31:28). Ямар нэг шалтгаанаас болоод зөрчил гарлаа гэхэд хайр энэрэлдээ хөтлөгдөн хэл амаа хазаарлаж, эхнэрээ басамжлахаас зайлсхийдэг.
12. Эхнэр хүн хайр энэрлийн тусламжтайгаар хэл амаа хэрхэн хазаарлаж болох вэ?
12 Эхнэрүүд ч бас хайр энэрлийн тусламжтайгаар хэл амаа хазаарлах учиртай. Эхнэр хүний үг яриа ертөнцийн сүнсний нөлөөнд автах ёсгүй. «Нөхрөө гүн хүндэтгэн», бусдад сайнаар ярьдаг бол хүмүүс нөхрийг нь улам хүндэтгэдэг болдог (Ефес 5:33, ШЕ). Эцгээ хүндэтгэх хүүхдүүдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэдний дэргэд нөхөртэйгөө санал зөрөлдөх юм уу санаа бодолд нь эргэлзсэн байдал гаргадаггүй. Асуудлыг нөхөртэйгөө хоёулхнаа байхдаа л шийддэг. «Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг» гэж Библид бичжээ (Сур. 14:1). Тийм эмэгтэйн нөхөр, хүүхдүүд гэртээ тав тухтай, баяр хөөртэй байдаг.
13. Хайр энэрлийг хаана илэрхийлж байх нь онцгой чухал бэ? Хэрхэн илэрхийлэх вэ?
13 Гэртээ хоёулхнаа байхдаа ч нөхөр эхнэрүүд бие биеэ хүндэтгэдгээ үг яриагаараа илэрхийлж байх ёстой. Паул: «Та нар ... уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун» гээд, цааш нь: «Өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. ... Хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж бичжээ (Кол. 3:8, 12–14). Эцэг эх нь хайрын сэтгэлээр, эелдэг харьцаж ярьдгийг байнга сонсдог хүүхдүүд жаргалтай байдаг төдийгүй эцэг эхийгээ дууриаж ярьдаг болох нь лавтай.
14. Өрхийн тэргүүнүүд эхнэр хүүхдээ үг яриагаараа хэрхэн тайтгаруулж болох вэ?
14 Дуулалч: «Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай» хэмээн бичжээ (Дуу. 119:76). Еховагийн үйлчлэгчдээ тайтгаруулдаг нэг шилдэг арга нь зөвлөгөө, удирдамж өгдөг явдал юм (Дуу. 119:105). Өрхийн тэргүүн хүн тэнгэрийн Эцгийнхээ жишээнээс ямар ач тус хүртэж, эхнэр хүүхдээ үг хэлээрээ хэрхэн тайтгаруулж болох вэ? Шаардлагатай удирдамж заавар өгч, урамшуулан дэмжих хэрэгтэй. Гэр бүлийн хичээлээр Библийн эрхэм нандин мэдлэгтэй болох сайхан боломж олддог! (Сур. 24:4).
Итгэл нэгтнүүдээ үнэнчээр хайрлагтун
15. Ахлагчид болон сүнслэгээр төлөвшсөн бусад хүн хурлынхаа гишүүдийг хамгаалахын тулд юу ярих нь зөв бэ?
15 Давид хаан: «Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач» гэж залбирчээ (Дуу. 40:11). Христиан ахлагчид болон сүнслэгээр төлөвшсөн бусад хүн энэ талаар Еховаг хэрхэн дууриаж болох вэ? Хүмүүсийн анхаарлыг Библид үндэслэсэн мэдээлэлд хандуулдаг бол энэ нь хайрлан энэрч буйн шинж юм (Сур. 17:17).
16, 17. Хүмүүсийг хайрлан энэрдгээ үг яриагаараа хэрхэн илэрхийлж болох вэ?
16 Хэн нэг христианыг Библийн зарчимтай зөрчилдсөн юм хийх гэж байгааг анзаарсан хүн яах хэрэгтэй вэ? Тэр хүнийг засрахад нь тустай үг хэлэхэд хайр энэрэл хэмээх энэ чанар тус болох ёстой (Дуу. 141:5). Хэрэв бид итгэл нэгтнийхээ ноцтой нүгэл үйлдсэнийг мэдсэн бол үнэнч хайрынхаа үүднээс тэр хүнд «чуулганы ахлагчдыг дуудахыг» зөвлөнө. Тэгвэл ахлагчид «Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбирна» (Иак. 5:14). Харин нүгэл үйлдсэн хүн ахлагчидтай уулзахгүй байвал бид ахлагчдад хэлэх ёстой. Хэлэхгүй бол хайрлахгүй, энэрэхгүй байна гэсэн үг. Бидний дунд урам нь хугарсан, ганцаардсан, өөрийгөө үнэ хүндгүй гэж боддог, эсвэл сэтгэлээр унасан хүн байж болох юм. Тийм хүнд хайр энэрлийг үг яриагаараа илэрхийлэх нэг сайхан арга бол «гутарсан хүмүүсийг тайвшруулах» явдал юм (1 Тес. 5:14, ШЕ).
17 Бурхны дайснууд итгэл нэгтнүүдийн маань талаар цуу үг тараавал яах вэ? Ах дүүсийнхээ үнэнч эсэхэд эргэлзэхийн оронд дуугүй өнгөрөх юм уу эсвэл нөгөө хүн нь ухаалгаар бодож чаддаг хүн байвал, үнэхээр баттай баримтад үндэслэн шүүмжилж байгаа эсэхийг нь лавлаарай. Бурхны ард түмний дайснууд ах дүүсийг маань хорлох зорилгоор хаана байгааг нь мэдэх гэвэл бид тэднийгээ үнэнчээр хайрладаг учир тэдний тухай мэдээлэл өгөхгүй (Сур. 18:24).
Хайр энэрэл илэрхийлдэг хүн амийг олдог
18, 19. Итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа тэднийг хайрлан энэрдгээ үг яриагаараа ямагт илэрхийлж байх ёстойн учир юу вэ?
18 Бид итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа үнэнч хайраа үргэлж илэрхийлж байх учиртай. Хэцүү нөхцөлд ч хайр энэрлээ үг яриагаараа илэрхийлэхээ мартах ёсгүй. Израилийн хөвгүүдийн хайр энэрэл «эртлэн алга болдог шүүдэртэй адил» болоход Еховагийн сэтгэл их дундуур байсан (Хос. 6:4, 6). Харин хайр энэрлийг байнга илэрхийлбэл Ехова баярладаг. Тийм хүмүүсийг яаж ивээдэг вэ?
19 Сургаалт үгс 21:21-д: «Зөв шударга ба үнэнийг [«хайр энэрлийг», ШЕ] хайдаг хүн нь амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог» гэж бичжээ. Тийм хүний хүртэх олон ивээлийн нэг нь амь юм. Тэр нь зуурдын богинохон амьдрал биш, эцэс төгсгөлгүй үргэлжлэх үүрдийн амьдрал байх болно. Ехова тийм хүнийг «жинхэнэ аминд» хүргэнэ (1 Тим. 6:12, 19). Тэгэхлээр, нэг нэгнээ цаг ямагт хайрлан энэрч байцгаая (Зех. 7:9, ШЕ).
[Зүүлт]
^ Хайр энэрэл нь үнэнч байдал, энэрэл, хайр гэх зэрэг чанараас ямар ялгаатайг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 5 сарын 1-ний дугаарын 15, 16, 19-р хуудаснаас дэлгэрэнгүй үзээрэй.
Тайлбарлана уу
• Та хайр энэрлийг хэрхэн тодорхойлох вэ?
• Хайр энэрлийг үг яриагаараа илэрхийлдэг болоход юу туслах вэ?
• Нөхөр эхнэрүүд бие биеэ үнэнчээр хайрладгаа үг яриагаараа хэрхэн илэрхийлж болох вэ?
• Итгэл нэгтнүүдээ хайрлан энэрдгээ үг хэлээрээ хэрхэн илэрхийлж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[23-р хуудасны зураг]
Давид Еховаг хайр энэрлийнх нь төлөө магтан дээдэлсэн
[24-р хуудасны зураг]
Та нар Гэр бүлийн Библийн хичээл тогтмол хийдэг үү?