Бурхны сүнсээр удирдуулдаг Хааны ивээлд багтагтун!
Бурхны сүнсээр удирдуулдаг Хааны ивээлд багтагтун!
«ЭЗЭНий Сүнс ... Түүн дээр оршино» (ИС. 11:2).
1. Зарим хүн дэлхий нийтийн тулгамдсан асуудлын талаар санаа зовж буйгаа хэрхэн илэрхийлсэн бэ?
«УЛС ТӨР нь тогтворгүй, байгаль орчин нь бохирдсон, нийгэм нь эмх замбараагүй ийм ертөнцөд хүн төрөлхтөн дахин зуун жил амьдарч чадах болов уу?». Астрофизикч Стивен Хокин 2006 онд ийн асуужээ. «Нью стейтсмен» сэтгүүлд нийтэлсэн нэгэн өгүүлэлд: «Бид ядуурлыг үгүй болгож, даян дэлхийд энх тайвныг тогтоож чадсангүй. Харин ч бүх юм буруугаар эргэсэн бололтой. Гэхдээ бид зүгээр суугаагүй ээ. Коммунизмаас чөлөөт зах зээл, Олон үндэстний холбооноос цөмийн зэвсгээр сүрдүүлэх бодлого гээд бүгдийг нь туршиж үзсэн. „Дайныг зогсоох дайн“ дэндүү олон удаа хийсэн боловч яаж зогсоохоо мэддэггүй маань тодорхой болсон» хэмээн бичжээ.
2. Ехова дэлхийг захирах хууль ёсны хэмжээгүй эрх мэдлийнхээ дагуу удахгүй юу хийх вэ?
2 Хүмүүс ийн ярихад Еховагийн үйлчлэгчид огт гайхдаггүй. Учир нь хүн хүнээ захирахаар бүтээгдээгүй гэж Библид бичсэн байдаг (Иер. 10:23). Ехова л ганцаараа Хэмжээгүй эрхт Эзэн учраас бидний төлөө хэм хэмжээ тогтоож, амьдралын маань зорилгыг тодорхойлж, тэр зорилго руу биднийг хөтлөх эрхтэй. Түүнээс гадна, өөрийгөө захирах гэсэн хүн төрөлхтний бүтэлгүй оролдлогыг эрх мэдлийнхээ дагуу тун удахгүй таслан зогсооно. Бас хэмжээгүй эрхт хууль ёсны Захирагч байх эрхийг нь эсэргүүцэн хүн төрөлхтнийг нүгэл, төгс бус байдал болон «энэ үеийн бурхан» Сатан Диаволын боолчлолд байлгасаар байгаа бүхнийг устгана (2 Кор. 4:4).
3. Исаиа Мессиагийн талаар юу гэж зөгнөсөн бэ?
3 Шинэ ертөнцөд Ехова Мессиагийн Хаанчлалаар дамжуулан хүн төрөлхтнийг хайрын үүднээс захирч, хэмжээгүй эрх мэдэлтэй гэдгээ илтгэн харуулна (Дан. 7:13, 14). Исаиа тэрхүү Хаанчлалын Хааны тухай: «Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана. ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино» хэмээн зөгнөжээ (Ис. 11:1, 2). Бурхны ариун сүнс ямар ямар онцгой аргаар Иессийн хожуулаас гарах нахиа буюу Есүс Христийг хүн төрөлхтнийг захирах чадвартай болгосон бэ? Түүний засаглал хүн төрөлхтөнд ямар ивээл хүртээх вэ? Тэдгээр ивээлийг хүртэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
Бурхны томилсон чадварлаг Захирагч
4-6. Есүс ямар мэдлэгийнхээ ачаар мэргэн ухаантай, өрөвч сэтгэлтэй Хаан, Тэргүүн тахилч, Шүүгч болох вэ?
4 Ехова хүмүүн албатуудаа жинхэнэ мэргэн ухаантай, өрөвч сэтгэлтэй Хаан, Тэргүүн тахилч, Шүүгчид захируулан, аажмаар төгс болгохыг хүсдэг. Ийм чухал үүрэг гүйцэтгэх чадварыг Есүст ариун сүнсээрээ өгч, түүнийг хүн төрөлхтний Захирагчаар сонгожээ. Есүс, Бурхны өгсөн даалгаврыг төгс биелүүлнэ гэхийн учир юу вэ? Зарим шалтгааныг авч үзье.
5 Бурхны тухай Есүс хамгийн сайн мэддэг. Цорын ганц Хүү нь олон тэрбум жил хамт байсны хувьд Эцгээ хэнээс ч илүү мэддэг. Энэ хугацаанд Есүс Еховагийн тухай их олон зүйлийг мэдэж авсан учир түүнийг «үл үзэгдэгч Бурханы дүр» гэж бичсэн байдаг (Кол. 1:15). Есүс өөрийнхөө тухай: «Намайг харсан хүн Эцэгийг харсан» гэж хэлжээ (Иох. 14:9).
6 Есүс бүх бүтээл, түүний дотор хүнийг хамгийн сайн мэддэгээрээ Еховагийн дараа ордог. Колоссай 1:16, 17-д: «[Бурхны Хүүгийн] дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс ... бүтээгдсэн. ... Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог» гэж бичжээ. Бурхны «уран дархан» (МБОХ, 2000) Есүс бүх зүйлийг бүтээхэд гар бие оролцсон гээд бод доо! Тийм учраас, бодисын хамгийн жижиг хэсгээс авахуулаад нарийн нийлмэл бүтэцтэй хүний уураг тархи гээд орчлонт ертөнцийн бүхий л нарийн ширийн зүйлийг мэддэг. Тийм ээ, Христийг мэргэн ухаан болгон дүрсэлсэн нь үнэхээр зөв юм! (Сур. 8:12, 22, 30, 31).
7, 8. Бурхны сүнс Есүст хэрхэн тусалж байсан бэ?
7 Бурхан Есүсийг ариун сүнсээрээ тосолсон. Есүс: «Эзэний [Еховагийн] Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой» гэж хэлжээ (Лук 4:18, 19). Есүсийг баптисм хүртэх үед ариун сүнс түүнд хүн болохоосоо өмнө сурсан бүхнийг нь, бас дэлхийд Мессиагийн үүрэг гүйцэтгэх хугацаанд нь Бурхан түүгээр юу хийлгэхийг хүсэж байсныг сануулсан бололтой (Исаиа 42:1; Лук 3:21, 22; Иохан 12:50-ийг уншина уу).
8 Есүс ариун сүнсний хүчийг авсан бөгөөд бие махбод, оюун ухааны хувьд төгс байсан учраас дэлхийн хамгийн агуу хүн төдийгүй, хамгийн агуу Багш байжээ. Сонсогчид нь «Түүний сургаалыг гайхаж байлаа» (Мат. 7:28). Тэрбээр хүн төрөлхтний бэрхшээлийн уг үндэс нь нүгэл, төгс бус байдал, Бурхныг үл мэдэх явдал гэдгийг мэддэг байсан. Мөн түүнчлэн хүмүүсийн зүрх сэтгэлийг харж, чухамдаа ямар хүн бэ гэдгийг мэддэг, тэр дагуу тэдэнтэй харьцдаг байв (Мат. 9:4; Иох. 1:47).
9. Дэлхий дээрх амьдралыг нь эргэцүүлэн бодохлоор Есүсийг Захирагч гэдэгт итгэх итгэл тань хэрхэн бэхжиж байна вэ?
9 Есүс хүн байсан. Өөрөө хүн байж үзсэн бөгөөд төгс бус хүмүүстэй дотно нөхөрлөж явсан нь чадварлаг хаан болоход нь ихээхэн тусалсан. Элч Паул: «Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд [Есүс] бүх талаараа Өөрийн ах дүү нартай төстэй болгогдох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна» гэж бичжээ (Евр. 2:17, 18). Есүс «соригдсон» учир сорилтод орогсдыг өрөвддөг. Тэрбээр өрөвч сэтгэлтэй хүн байсан нь дэлхий дээр үйлчлэх хугацаанд нь тодорхой харагдсан. Өвчтэй, тахир дутуу, дарлагдсан хүмүүс, тэр байтугай хүүхдүүд хүртэл айж эмээлгүй түүн рүү очдог байсан (Марк 5:22–24, 38–42; 10:14–16). Бас номхон даруу, сүнслэгээр өлссөн хүмүүс түүнд татагддаг байсан. Харин бардам ихэмсэг, сэтгэл зүрхэнд нь «Бурханы хайр байхгүй» хүмүүс Есүсийг үл тоомсорлодог, үзэн яддаг, эсэргүүцдэг байсан (Иох. 5:40–42; 11:47–53).
10. Есүс бидэнд хайртайгаа хэрхэн баталсан бэ?
10 Есүс бидний төлөө амиа өгсөн. Захирагч байхад тохирно гэж үзэх хамгийн гол шалтгаан нь бидний төлөө амиа дуртайяа зориулсан явдал юм (Дуулал 40:6–10-ыг уншина уу). Христ: «Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй» гэж хэлжээ (Иох. 15:13). Есүс хүн төрөлхтний төлөө амиа өгснөөрөө, ард түмнээ дарлан мөлждөг, тэдний хөлс хүчээр баян тансаг амьдардаг төгс бус хүмүүн удирдагчдаас ялгаатай (Мат. 20:28).
Золиосны ач тус хүртээх эрх мэдэлтэй
11. Есүс биднийг золиосны ачаар аварна гэдэгт бүрэн итгэж болохын учир юу вэ?
11 Есүс Тэргүүн тахилчийн хувьд золиосныхоо ач тусыг хүртээх ажлыг удирдахад үнэхээр тохирно! Бидний төлөө амиа золиосолсон Есүс Мянган жилийн засаглалынхаа үед юу хийхээ дэлхийд үйлчилж байхдаа харуулсан. Өвчтэй, тахир дутуу хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулж, олон мянган хүнийг хооллож, тэр ч байтугай, байгалийн хүчийг захирч байсан (Мат. 8:26; 14:14–21; Лук 7:14, 15). Гэхдээ энэ бүхнийг эрх мэдэл, хүч чадлаа гайхуулах гэсэндээ бус, харин өрөвч сэтгэл, хайрынхаа үүднээс хийжээ. Өвчнөө эдгээлгэхээр өөрт нь хандсан уяман өвчтэй хүнд Есүс: «Би хүсэж байна» гэж хэлдэг (Марк 1:40, 41). Мянган жилийн засаглалынхаа үед ч дэлхийн бүх хүнд тийнхүү өрөвч сэтгэлээр хандах болно.
12. Исаиа 11:9 хэрхэн биелэх вэ?
12 Христ болон түүний хамтран захирагчид 2 000 жилийн өмнө эхлүүлсэн, Бурхны тухай, түүний санаа зорилгын тухай мэдлэг олгох хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Тийнхүү Исаиа 11:9-д: «Далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» хэмээн бичсэн зөгнөл биелнэ. Бурхны өгөх боловсролын энэ хөтөлбөрт анх Адамд өгсөнтэй адил, газар дэлхий болон түүн дээрх тоо томшгүй олон ан амьтныг хэрхэн арчлан маллах заавар орох нь эргэлзээгүй. Мянган жилийн эцсээр Эхлэл 1:28-д бичсэн Бурхны анхны санаа зорилго биелж, золиос ач тусаа бүрэн өгнө.
Шүүх эрх мэдэлтэй
13. Есүс зөвт байдлыг хайрладгаа хэрхэн харуулсан бэ?
13 Христ бол «Бурханаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч» мөн (Үйлс 10:42). Есүсийг зөвт ба үнэнч байдлыг бэлхүүсээрээ чанга бүсэлсэн шударга Захирагч гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! (Ис. 11:5). Тэрбээр шунахай зан, хоёр нүүр гаргах явдал болон бусад ёс бус байдлыг үзэн ядаж, зовж зүдэрсэн ардад хүйтэн цэвдэг ханддаг хүмүүсийг зэмлэн буруушаадаг байсан (Мат. 23:1–8, 25–28; Марк 3:5). Түүнчлэн, «хүний дотор юу байдгийг мэдэж байсан» тул гаднах байдалд хууртдаггүй байсан (Иох. 2:25).
14. Есүс зөвт байдал, шударга ёсыг хайрладгаа өнөөдөр хэрхэн харуулдаг вэ? Өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ?
14 Есүс зөвт байдал, шударга ёсыг хайрладгаа одоо ч харуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн агуу ажил болох дэлгэрүүлэх, заах ажлыг удирдан харгалзаж байна. Одоо боллоо гэж Бурхныг хэлэхээс нааш хүн, хүний засаглал, муу сүнсний аль нь ч энэ ажлыг зогсоож чадахгүй. Хармагедоны дараа Бурхны шударга ёс дэлхий дахинд ноёлно гэдэгт бат итгэж болно (Исаиа 11:4; Матай 16:27-г уншина уу). Та өөрөөсөө: «Би дэлгэрүүлэхдээ хүмүүст зохистой ханддаг байсан Есүсийг дууриадаг уу? Бие тааруу, боломж бололцоо хязгаартай байлаа ч Еховагийн төлөө чадах бүхнээ хийдэг үү?» гэж асуугаарай.
15. Юуг санаж явбал Бурханд чадах бүхнээ зориулах вэ?
15 Дэлгэрүүлэх ажил бол Еховагийн ажил гэдгийг санаж явбал түүнд чин сэтгэлээсээ үйлчилж чадна. Тэгээд ч ингэхийг Бурхан өөрөө тушаасан. Тэрбээр Хүүгээрээ дамжуулан дэлгэрүүлэх ажлыг удирддаг. Дэлгэрүүлэх ажилд оролцож байгаа хүмүүсийг ариун сүнсээрээ чадвартай болгодог. Та Бурхны сүнсээр удирдуулдаг Хүүтэй нь хамтран ажилладаг завшаанаа өндөр үнэлдэг үү? Ихэнх нь «эрдэм номгүй, боловсролгүй» долоон сая гаруй хүнд Хаанчлалын тухай сайн мэдээ 236 оронд дэлгэрүүлэх хүслийг Еховагаас өөр хэн өгч чадах билээ? (Үйлс 4:13).
Христээр дамжуулан ивээл хүртэгтүн!
16. Эхлэл 22:18-д бичсэн үг Бурхны ивээлийн талаар юу хэлдэг вэ?
16 Ехова Абрахамд: «Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно» хэмээн айлджээ (Эх. 22:18). Энэ нь, талархах сэтгэлтэй хүмүүс амласан Үр болох Мессиагийн өгөх ивээлийг хүртэнэ гэж итгэлтэй хүлээж болно гэсэн үг юм. Тэр хүмүүс ивээл хүртэхээ хүлээнгээ идэвх зүтгэлтэй үйлчилдэг.
17, 18. Дэд хууль 28:2-т Еховагийн ямар амлалт байдаг вэ? Энэ амлалт нь ямар утгатай вэ?
17 Бурхан нэгэн удаа Абрахамын үр сад болох Израилийн ард түмэнд: «Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал [Хуулийн гэрээнд тусгагдсан] эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ» гэжээ (Д.хууль 28:2). Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд энэ үг бас хамаатай. Хэрэв та Еховагийн ивээлийг хүртэхийг хүсэж байгаа бол «дуулгавартай» байгаарай. Тэгвэл Бурхны ивээл «чам дээр бууж, чамд хүрнэ». Яавал дуулгавартай байгаагаа харуулах вэ?
18 Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлд бичигдсэн зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй (Мат. 24:45). Бас Бурхан болон Хүүгийнх нь үгэнд ордог байх учиртай. Есүс: «Намайг „Эзэн минь, Эзэн минь“ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно» гэж хэлсэн (Мат. 7:21). Бурханд дуулгавартай байна гэдэг нь түүний авсан арга хэмжээ буюу христиан хуралд томилогдсон ахлагч болох «хүн бэлгүүд»-д дуртайяа захирагдана гэсэн үг (Еф. 4:8, ШЕ).
19. Ивээл хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
19 «Хүн бэлгүүд» гэдэгт христиан хурлыг бүхэлд нь төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг Удирдах Зөвлөлийн гишүүд ордог (Үйлс 15:2, 6). Христ удахгүй болох Агуу их гай гамшгаар биднийг шүүхдээ сүнслэг ах дүү нартай нь хэрхэн харьцаж байсныг маань харгалзан үзнэ (Мат. 25:34–40). Тэгэхлээр ивээл хүртэх нэг арга нь Бурхны тосолсон хүмүүсийг үнэнчээр дэмжих явдал юм.
20. а) «Хүн бэлгүүд»-ийн гол үүрэг юу вэ? б) Тэдгээр ах дүү нарт талархдагаа хэрхэн харуулах вэ?
20 «Хүн бэлгүүд» гэдэгт бас Салбарын хорооны гишүүд, явуулын харгалзагчид, хурлын ахлагчид ордог. Тэд бүгдээрээ ариун сүнсээр томилогдсон хүмүүс юм (Үйлс 20:28). Эдгээр ах дүүс гол нь Бурхны ард түмнийг «итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл» тулж түших үүрэгтэй (Еф. 4:13). Үнэндээ тэд бидэн шиг л төгс бус хүмүүс. Гэхдээ Бурхны хонин сүргийг хайрын сэтгэлээр хариулдаг тэдэнд талархалтай ханддаг бол бид ивээл хүртэнэ (Евр. 13:7, 17).
21. Бурхны Хүүд дуулгавартай байх нь яагаад чухал бэ?
21 Христ удахгүй Сатаны ёс бус ертөнцтэй дайтна. Тэр үед бидний амь Есүсийн гарт байх болно. Учир нь зөгнөсөн ёсоор Бурхан түүнд «үй олон хүн»-ийг «амийн усны булгууд» руу хөтлөх бүрэн эрх олгоно (Илч. 7:9, 16, 17). Тийм учраас, Еховагийн сүнсээр удирдуулдаг Хаанд талархах сэтгэлээр дуртайяа захирагдахын тулд чадах бүхнээ хийцгээе.
Та дараах зүйлүүдээс юу мэдэж авсан бэ?
• Исаиа 11:1–5
[Догол мөрийн асуулт]
[17-р хуудасны зураг]
Есүс Иайрын охиныг амилуулахдаа өрөвч сэтгэлтэйгээ харуулсан
[18-р хуудасны зураг]
Есүс Христ түүхэн дэх хамгийн агуу дэлгэрүүлэх ажлыг удирдаж байна