Христиан гэр бүлүүд ээ, «бэлэн байгтун»
Христиан гэр бүлүүд ээ, «бэлэн байгтун»
«Та нар ч мөн бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ» (ЛУК 12:40).
1, 2. «Бэлэн бай» хэмээсэн Есүсийн сануулгыг анхаарах нь яагаад чухал бэ?
«ХҮНИЙ Хүү алдраа дуурсган» ирж, хүмүүсийг «нэг нэгнээс нь тусгаарлах» үед та болон танай гэр бүлийнхэн ямар байдалтай байх бол? (Мат. 25:31, 32). Энэ үйл явдал бидний бодоогүй цаг мөчид болох учир «бэлэн бай» хэмээсэн Есүсийн сануулгыг анхаарах нь үнэхээр чухал юм! (Лук 12:40).
2 Хүн бүр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлдэг бол гэр бүлээрээ сэргэг байхад хувь нэмэр оруулдгийг өмнөх өгүүллээр ярилцсан. Харин одоо, гэр бүлээрээ Еховатай дотно байхад туслах өөр ямар арга байдгийг авч үзье.
Нүдээ «цэвэр» байлгагтун
3, 4. а) Христиан гэр бүлүүд юунаас болгоомжлох ёстой вэ? б) Нүдээ «цэвэр» байлгах гэж яахыг хэлдэг вэ?
3 Христийг ирэхэд бэлэн байхын тулд гэр бүлүүд жинхэнэ шүтлэгээс анхаарал сарниулах зүйлээс болгоомжлох ёстой. Эд хөрөнгөнд урхидуулсан айл өрх цөөнгүй байдаг учир нүдээ «цэвэр» байлга гэсэн Есүсийн сануулгыг авч үзье (Матай 6:22, 23-ыг уншина уу). Дэнлүүгээр замаа гэрэлтүүлж, бүдэрч унахгүй явдгийн адилаар зүрхнийхээ мэлмийгээр сүнслэг зүйлийг хардаг бол бүдрэхгүй явж чадна (Еф. 1:18).
4 Эрүүл нүдтэй хүн юмыг сайн харж, тухайн зүйлээс нүд салгалгүй, анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Зүрхний мэлмийн тухайд ч ялгаагүй. Бэлгэдлийн нүдээ цэвэр байлгах гэдэг нь нэг л зүйлд анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. Тийм хүн эд хөрөнгөний төлөө амьдарч, гэр бүлийнхээ бие махбодын хэрэгцээнд хэтэрхий санаа зовохын оронд, сүнслэг зүйлийг голчлон анхаардаг (Мат. 6:33). Энэ нь гэр бүлээ тэжээх үүргээ умартана гэсэн үг биш, харин Бурхны өгсөн бүхэнд сэтгэл хангалуун байж, түүнд үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг хэлдэг (Евр. 13:5).
5. Нэгэн охин «нүдээ» цэвэр байлгаж, Бурханд үйлчлэхээр бат шийдсэнээ хэрхэн харуулсан бэ?
5 Нүдээ цэвэр байлгахыг хүүхдэд зааж сургах нь үнэхээр үр дүнтэй! Этиопт амьдардаг нэгэн охиныг жишээ болгон авъя. Дунд сургуулиа онц дүнтэй төгссөн түүнд тэтгэлэгтэй суралцах урилга иржээ. Гэвч нүдээ цэвэр байлгаж, Еховад үйлчлэхийг зорьж байсан учраас тэтгэлгийг авахаас татгалзсан байна. Дараахан нь сард 3000 еврогийн цалинтай ажлын санал иржээ. Энэ нь тэр улсын дундаж цалингаас хамаагүй өндөр байв. Гэсэн ч эхлэгчээр үйлчлэхээр бат шийдсэн тул уг саналыг хүлээж авах уу, үгүй юү гэж эцэг эхтэйгээ зөвлөлдөх хэрэг байсангүй. Охиныхоо шийдвэрийг эцэг эх нь сонсоод яасан бол? Ихэд баярлаж, охиноороо бахархаж байгаагаа хэлжээ.
6, 7. Ямар аюулаас «болгоомжлох» хэрэгтэй вэ?
6 Матай 6:22, 23-т байдаг Есүсийн үг цаанаа шунахайрахаас сэрэмжлүүлдэг. Учир нь «муу» гэж орчуулсан үг нь бас шунахай гэсэн утга агуулдаг. Ехова шунахайрахыг хэрхэн үздэг вэ? Библид: «Садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг» гэж бичжээ (Еф. 5:3).
7 Хүн бусдын шуналтайг амархан анзаардаг атлаа өөрийнхийгөө тэр бүр олж хардаггүй. Тиймээс бид «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил» хэмээн Есүсийн зөвлөснийг дагах нь ухаалаг хэрэг болно (Лук 12:15). Үүний тулд зүрх сэтгэлийнхээ гүнд юу байгааг шалгах хэрэгтэй. Христиан гэр бүлүүд юм худалдаж авах, зугаацаж цэнгэхэд хэдий хэрийн цаг хугацаа, мөнгө төгрөг зарцуулдгаа нухацтай бодох нь зүйтэй.
8. Юм худалдаж авахдаа хэрхэн «болгоомжлох» вэ?
8 Юм худалдаж авахдаа мөнгө хүрэх үү, үгүй юү гэдгийг бодохоос гадна дараах асуултыг өөрөөсөө асуугаарай: «Би энийг байнга хэрэглэх үү? Арчилж тордох цаг надад бий юү? Зааврын дагуу ажиллуулж сурахад хэчнээн хугацаа зарцуулах вэ?». Зар сурталчилгаа эрхлэгчид ямар нэг брэндийн хувцас, бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг хамгийн сайн гэж залуучуудад итгүүлэхийг оролддог. Гэтэл нэрнээс цаашгүй эдгээр зүйл нь асар их үнэтэй, үнэхээр хэрэгтэй юм биш байдаг. Сэтгэл хөдлөлдөө бүү автаарай. Тэр юмыг худалдаж авлаа гэхэд танай гэрийнхэн Хүний Хүүг ирэхэд бэлэн байж чадах уу? «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэсэн Еховагийн амлалтад итгээрэй (Евр. 13:5).
Сүнслэг зорилготой байгтун
9. Сүнслэг зорилготой байх нь гэр бүлд ямар ач тустай вэ?
9 Итгэлээ бэхжүүлж, гэр бүлээрээ Еховатай дотно байх өөр нэг арга бол сүнслэг зорилго тавьж, түүндээ хүрэх явдал юм. Ингэснээр тухайн гэр бүл Еховад хэр зэрэг сайн үйлчилж байгаагаа мэдэж, ямар ажлыг хамгийн чухал гэж үзэх ёстойгоо ойлгоно (Филиппой 1:10 *).
10, 11. Танай гэр бүлийн сүнслэг зорилго юу вэ? Цаашдаа ямар зорилго тавимаар байна вэ?
10 Хүрч болох жижиг зорилт тавихад ч гэр бүлийн гишүүн бүр асар их ач тус хүртдэг. Жишээ нь өдөр тутмын зүйлийг өдөр бүр унших зорилго тавилаа гэж бодъё. Өрхийн тэргүүн гэрийнхнийхээ хариултыг сонсоод, сүнслэг байдал нь ямар байгааг мэдэх боломжтой. Библийг гэр бүлээрээ тогтмол унших зорилго тавивал хүүхдийн унших чадвар сайжрахын зэрэгцээ Библид гарсан үйл явдлыг илүү сайн ойлгодог болно (Дуу. 1:1, 2). Залбирал бидний сүнслэг байдлыг харуулдаг учир чанарыг нь сайжруулах зорилго тавьж болохгүй гэж үү? Сүнсний үр жимсний хэсэг болсон зан чанаруудыг илүү сайн илэрхийлж сурах нь ч бас сайн зорилго юм (Гал. 5:22, 23). Хүмүүсийг ойлгож өрөвдөн, түүнийгээ илэрхийлж сурах зорилго тавивал ямар вэ? Гэр бүлээрээ энэ зорилгод хүрэх гэж хичээвэл хүүхдүүд бусдад санаа тавьж сурна. Улмаар байнгын эхлэгч эсвэл миссионерээр үйлчлэх оргилуун хүсэлтэй болно.
11 Та болон танай гэр бүл өөр ямар зорилго тавьж болох вэ? Илүү олон цагаар дэлгэрүүлэх боломжтой юу? Утсаар, гудамжаар, албан газраар дэлгэрүүлэхээс айдаг бол айдсаа ялахын тулд юу хийж болох вэ? Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй нутагт үйлчлэх тухай бодож үзсэн үү? Гадаад хүмүүст сайн мэдээ хүргэхийн тулд хэлийг нь сурч болно биз дээ?
12. Өрхийн тэргүүнүүд гэр бүлийнхэндээ сүнслэгээр өсөхөд нь хэрхэн туслах вэ?
12 Өрхийн тэргүүн гэр бүлийнхнийхээ сүнслэг байдал юун дээр доголдож байгааг олж тогтоох хэрэгтэй. Тэгээд сүнслэгээр өсөхөд нь туслах үүднээс тодорхой зорилго тавиарай. Гэр бүлийн зорилго нь хүрч болохуйц, нөхцөл байдал, чадал чадварт нь тохирсон байх ёстой (Сур. 13:12). Зорилгодоо хүрэхэд нэлээд цаг хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс, зурагт үзэх цагаа «зольж аваад», сүнслэг үйл хэрэгт зориулаарай (Еф. 5:15, 16, ШЕ). Гэр бүлийн зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөөрэй (Гал. 6:9). Сүнслэг зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг гэр бүл ахиц дэвшлээ «бүгдэд илэрхий» болгоно (1 Тим. 4:15).
Гэр бүлийн Библийн хичээл тогтмол хийгтүн
13. Цуглааны хөтөлбөрт ямар өөрчлөлт орсон бэ? Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
13 Хүний Хүүг ирэхэд «бэлэн байхад» нь гэр бүлүүдэд туслах үүднээс долоо хоног тутмын цуглааны хөтөлбөрт өөрчлөлт оруулсныг 2009 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Түүнээс өмнө Ном судлалын гэгддэг байсан цуглааныг тусад нь нэг өдөр хийдэг байсан бол, одоо Теократ үйлчлэлийн сургууль болон Үйлчлэх цуглаантай хамтатган явуулж байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд христиан гэр бүлүүд сүнслэг байдлаа бэхжүүлэхийн тулд долоо хоногийн нэг өдрийг гэр бүлийн хичээлд зориулах боломжтой болсон. Уг өөрчлөлтөөс хойш нэлээд хугацаа өнгөрсөн болохоор бид өөрсдөөсөө: «Гэр бүлийн Библийн хичээл хийх, бие даан судлахад зориулан гаргаж өгсөн энэ цагийг сайн ашиглаж байгаа бил үү? Энэ арга хэмжээний зорилгыг ойлгож байгаа юу?» хэмээн асуувал зохино.
14. а) Гэр бүлийн Библийн хичээл хийх, бие даан судлахын гол зорилго юу вэ? б) Амьд үлдэхийн тулд судлах цаг гаргах нь чухал гэхийн учир юу вэ?
14 Гэр бүлийн хичээл хийх, бие даан судлахын гол зорилго нь Бурханд ойртох явдал юм (Иак. 4:8). Библи тогтмол судалж, Бүтээгчийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх тусам түүнтэй дотно болдог. Дотносохын хэрээр Еховаг «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ» хайрлах хүсэл бадардаг (Марк 12:30). Улмаар Бурханд захирагдаж, дууриах хүсэл эрмэлзэл төрдөг (Еф. 5:1). Гэр бүлийн Библийн хичээлийг тогтмол хийвэл гишүүн бүр «агуу их гай гамшгийн» үед сүнслэг утгаар «бэлэн байна» (Мат. 24:21). Бэлэн байвал амьд үлдэнэ.
15. Гэр бүлийн Библийн хичээл гишүүн бүрийн бие биедээ хандах хандлага хэрхэн өөрчлөгддөг вэ?
15 Гэр бүлийн хичээлийн бас нэг зорилго бол бие биетэйгээ улам дотно болох явдал юм. Долоо хоног бүр сүнслэг сэдвээр ярилцвал гэр бүлийн гишүүдийн бие биедээ хандах хандлага илэрхий өөрчлөгддөг. Нөхөр эхнэр хоёр Библийг хамтдаа судалж, шинэ юм мэдэж аваад баярлахлаараа улам дотносдог! (Номлогчийн үгс 4:12-ыг уншина уу). Ехова Бурхныг хамтдаа шүтдэг эцэг эх, хүүхдүүд «эв нэгдлийн төгс холбоос» болсон хайраар нэгддэг (Кол. 3:14).
16. Гурван Гэрч эмэгтэй нэг оройг хамтдаа Библи судлахад зориулснаар ямар ач тус хүртэж байгаа вэ?
16 Гурван Гэрч эмэгтэй нэг оройг хамтдаа Библи судлахад зориулснаар ямар ач тус хүртэж байгааг ярилцъя. Бэлэвсэрч үлдсэн, ахимаг насны энэ гурван эмэгтэй нэг хотод амьдардаг, олон жил үерхсэн найзууд аж. Тэд арай олон удаа уулзаж байхыг хүсжээ. Гэхдээ зүгээр нэг таван үг солих биш, сүнслэг зүйлийг ярилцаж байя гэсэндээ долоо хоногт нэг удаа Библи хамт судлахаар шийджээ. Тэгээд «Бурхны Хаанчлалыг „сайтар гэрчлэх нь“» гэдэг номоор Библи судалж эхэлсэн байна (“Bearing Thorough Witness” About God’s Kingdom). Тэдний нэг нь: «Бид ихэнхдээ нэгээс олон цагаар судалдаг. Гэхдээ маш их баяртай байдаг. Судалж байхдаа нэгдүгээр зууны христиануудын нөхцөл байдлыг төсөөлж, өөрсдөө тийм нөхцөлд байсан бол яах байснаа ярилцдаг. Дараа нь сурч мэдсэн зүйлээ дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэхийг хичээдэг. Үүний ачаар дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлаа илүү баяр хөөртэй, үр бүтээлтэй хийдэг болсон» хэмээн ярьсан юм. Гурван найз сүнслэг мэдлэгээ арвижуулаад зогсохгүй, улам дотно болцгоожээ. Тэд энэ завшааныг их өндөр үнэлдэг ажээ.
17. Гэр бүлийн Библийн хичээлийг үр дүнтэй болгохын тулд юу анхаарах хэрэгтэй вэ?
17 Тэгвэл та Гэр бүлийн Библийн хичээл юм уу бие даасан судлалаас ямар ач тус хүртэж байгаа вэ? Алдаг оног хийдэг бол хүссэн зорилгодоо хүрч чадахгүй. Гэр бүлийн гишүүн бүр хичээл хийхээр товлосон цагтаа бэлэн байх хэрэгтэй. Жижиг сажиг зүйлээс болж хичээлээ бүү завсардуулаарай. Гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралд хэрэгтэй сэдвийг сонгож судлаарай. Гэр бүлийн хичээлийг сонирхолтой болгохын тулд юу хийж болох вэ? Үр дүнтэй аргаар зааж, хоорондоо хүндэтгэлтэй харьцаж, тайван дөлгөөн байгаарай (Иак. 3:18). *
«Сэргэг бай», «бэлэн бай»
18, 19. Хүний Хүүгийн ирэх цаг ойрхон байгаа учир та болон танай гэр бүлийнхэн яах ёстой вэ?
18 Сатаны ёс бус ертөнцийн эцсийн өдрүүд 1914 оноос эхэлснийг улам бүр дордож буй өнөөгийн нөхцөл байдал харуулдаг. Хармагедон хэмээх хар шуурга ойртож байна. Тун удахгүй Хүний Хүү Еховагийн оноосон ялыг гүйцэтгэж, ёс бус бүхнийг шийтгэхээр ирнэ (Дуу. 37:10; Сур. 2:21, 22). Тэгвэл та болон танай гэр бүлийнхэн яах ёстой вэ?
19 Та Есүсийн зөвлөснөөр, нүдээ «цэвэр» байлгаж байна уу? Энэ ертөнцийн хүмүүс эд баялаг, алдар нэр, эрх мэдэлтэй болохын төлөө амьдардаг. Харин танайх яадаг вэ? Сүнслэг зорилгодоо хүрэх гэж хичээдэг үү? Гэр бүлийн Библийн хичээл хийж, эсвэл бие даан судалж байгаа юу? Тавьсан зорилгодоо хүрч байна уу? Өмнөх өгүүлэлд ярилцсаны дагуу, нөхөр, эхнэр, хүүхдүүд та нар Бурхнаас авсан үүргээ биелүүлэн, улмаар гэр бүлээрээ «сэргэг байх» гэж хичээдэг үү? (1 Тес. 5:6). Тийм бол та нар хүний Хүүг ирэхэд «бэлэн байх» болно.
[Зүүлт]
^ Филиппой 1:10: «Ингэснээр та нар Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах [«илүү чухал юм нь юу болохыг магадлах», ШЕ] чадвартай болох юм».
^ Гэр бүлийн Библийн хичээлийг яаж хийвэл сонирхолтой, ач холбогдолтой болох талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны дугаарын 27, 28-р хуудаснаас үзнэ үү.
[Давтах асуулт]
• Христиан гэр бүлүүд ...
«цэвэр» нүдтэй байвал
сүнслэг зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээдэг бол
Гэр бүлийн Библийн хичээл тогтмол хийдэг бол
... бэлэн байж чадна гэхийн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны зураг]
«Цэвэр» нүдтэй бол анхаарал сарнихгүй