Еховагийн хамгаалалтын хөндийд хоргодоцгооё
«ЭЗЭН . . . тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна» (ЗЕХ. 14:3).
1, 2. Удахгүй ямар дайн үнэхээр болох вэ? Энэ дайны үеэр Бурхны үйлчлэгчид яах шаардлагагүй вэ?
1938 оны 10 дугаар сарын 30-ны орой сая сая америкчууд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн «Гариг ертөнцийн дайн» гэдэг радио жүжгийг амьсгаа даран сонсож байв. Уг жүжигт мэдээ уншиж байгаа нэвтрүүлэгчид гардаг бөгөөд Ангараг гаригийнхан Дэлхийг устгахаар ирж, газардлаа гэж мэдээлдэг. Гэтэл үнэхээр ийм юм болж байна гэж ойлгоод айж сандарсан сонсогч олон байсан. Зарим нь бүр «Ангараг гаригийнхнаас» амиа аврах гэж оролджээ.
2 Тун удахгүй жинхэнэ дайн болно. Гэхдээ ихэнх хүн үүнийг тоодоггүй. Энэ бол шинжлэх ухааны зөгнөлт зохиол биш ээ. Харин энэ дайныг Бурхны Үг Библид зөгнөсөн байдаг. Үүнийг Хармагедон гэдэг бөгөөд өнөөгийн ёс бус тогтолцоог устгах Бурхны дайн юм (Илч. 16:14–16). Тэр үеэр Бурхны үйлчлэгчид өөрсдийгөө хамгаалах гэж «Ангараг гаригийнхантай» тэмцэхгүй. Ехова сүрдэм их хүчээрээ биднийг аварна.
3. Ямар зөгнөлийг ярилцах вэ? Энэ зөгнөлийг ойлгох нь яагаад чухал бэ?
3 «Зехариа» номын 14-р бүлэгт байдаг зөгнөл Хармагедонтой шууд холбоотой. 2 500 орчим жилийн өмнө бичигдсэн ч өнөөгийн бидэнд чухал ач холбогдолтой (Ром 15:4). Мессиагийн Хаанчлал 1914 онд тэнгэрт байгуулагдсанаас хойш Бурхны ард түмэнд юу тохиолдохыг төдийгүй тун удахгүй сэтгэл хөдөлгөм ямар үйл явдал болохыг зөгнөжээ. Уг зөгнөлд «өргөн хөндий» бий болж, «амийн ус» урсан гарч байгааг дүрсэлсэн байдаг (Зех. 14:4, 8). Хөндий гэдэг нь юу болох, ямар үүрэгтэйг энэ өгүүллээр үзнэ. Тэрчлэн амийн ус гэдгийн учрыг ойлгож, ямар ач тустайг мэдэж авна. Үүний дүнд энэ уснаас уух хэрэгтэйгээ ойлгоод зогсохгүй, уухыг өөрийн эрхгүй хүснэ. Тиймээс Зехариагийн зөгнөлийг анхааралтай авч үзье (2 Петр 1:19, 20).
«ЕХОВАГИЙН ӨДӨР» ЭХЭЛСЭН
4. а) «Зехариа» номын 14-р бүлэгт гардаг «Еховагийн өдөр» хэзээ эхэлсэн бэ? б) Еховагийн үйлчлэгчид 1914 онд юу болохыг тунхагласан бэ? Төр засгийн эрх мэдэлтнүүд, шашны удирдагчид яасан бэ?
4 «Зехариа» номын 14-р бүлэг «Еховагийн өдөр ирж байна» (ШЕ) гэж эхэлдэг (Зехариа 14:1, 2-ыг уншина уу). Еховагийн өдөр гэж юу вэ? «Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болох» үед эхлэх «Эзэний өдөр» юм (Илч. 1:10; 11:15). Мессиагийн Хаанчлал 1914 онд тэнгэрт байгуулагдахад энэ өдөр эхэлсэн. «Харь үндэстний цаг» 1914 онд дуусахад урьд хожид болж байгаагүй гай зовлон дэлхий дахинд нүүрлэхийг Еховагийн үйлчлэгчид олон арван жил тунхагласан (Лук 21:24). Төр засгийн эрх мэдэлтнүүд, шашны удирдагчид цагаа олсон уг сэрэмжлүүлгийг анхаарахын оронд идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг тэдгээр тослогдогсдыг гутаан доромжилж, хяхаж хавчсан. Энэ нь үнэн хэрэгтээ Төгс хүчит Бурхныг гутаан доромжилсон хэрэг байлаа. Учир нь тослогдсон христианууд бол «тэнгэрлэг Иерусалим» буюу Мессиагийн Хаанчлалыг төлөөлдөг элчин сайдууд юм (Евр. 12:22, 28).
5, 6. а) Төр засгийн эрх мэдэлтнүүд «хотын» эсрэг юу хийсэн бэ? б) «Ард түмний бусад нь» гэж хэн бэ?
5 Зехариа: «[Иерусалим] хот эзлэгдэнэ» гэж хэлсэн нь төр засгийн эрх мэдэлтнүүд юу хийхийг зөгнөсөн хэрэг байлаа. «Хот» нь Мессиагийн Хаанчлал юм. Одоо дэлхий дээр амьдарч байгаа тослогдсон христианууд энэхүү Хаанчлалыг төлөөлдөг (Флп. 3:20). Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүмүүс дэлхийн І дайны үед «эзлэгдэж», өөрөөр хэлбэл, баривчлагдаж, АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын шоронд хоригджээ. Дайснууд тослогдогсодтой зүй бусаар харьцаж, харгис хэрцгий хандан, ном хэвлэл тараахыг хориглож, дэлгэрүүлэх ажлыг нь зогсоохыг оролдсон. Ийнхүү «Гэр орнуудыг тононо» гэсэн зөгнөл биелсэн.
6 Тооны хувьд илт давуу дайснууд Бурхны ард түмнийг гүтгэж, эсэргүүцэж, хавчиж байсан ч жинхэнэ шашныг устгаж чадаагүй. Тэгэхэд «ард түмний бусад нь» буюу үнэнч үлдсэн тослогдсон христиан олон байсан. Тэд ийм хэцүү үеийг даван туулж үнэнч байснаар «хотоос таслагдахгүй» гэсэн Зехариагийн зөгнөл биелжээ.
7. Тослогдсон христианууд ямар үлгэр дууриал үзүүлдэг вэ?
7 Дэлхийн І дайнаас хойш Бурхны ард түмнийг хавчин гадуурхахаа больсон уу? Үгүй. Тослогдогсод болон дэлхий дээр мөнх амьдрах найдвартай христиануудад дайсагнаж, бүр ч илүү хавчсан (Илч. 12:17). Дэлхийн ІІ дайн бол үүний нэг баталгаа юм. Ямар ч үед Бурханд үнэнч байж чадсан тослогдсон христиануудын үлгэр дууриалыг санаж явбал гэр бүлийнхэн, хамаатан садан, ажлын газрын хүмүүс эсэргүүцэж, ангийн хүүхдүүд шоолох гэх зэргийн ямар ч сорилт бэрхшээлийг даван туулах зоригтой болдог (1 Петр 1:6, 7). Жинхэнэ христианууд хаана амьдардгаасаа үл хамааран «нэг сүнс дотор бат зогсоцгоож», «эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй» байх шийдвэр төгс байдаг (Флп. 1:27, 28). Энэ ертөнцийнхөнд үзэн ядагддаг тэд яавал аюулгүй байх вэ? (Иох. 15:17–19).
ЕХОВА «ӨРГӨН ХӨНДИЙ» БИЙ БОЛГОСОН
8. а) Библид уулаар юуг бэлгэддэг вэ? б) «Чидун уул» юуг төлөөлдөг вэ?
8 «Хот» буюу Иерусалим нь Бурхны Хаанчлалын бэлгэдэл гэж дээр ярилцсан билээ. Тэгвэл уг зөгнөлд гардаг «Иерусалимын урд, дорно зүгт» байдаг «чидун уул» юуг төлөөлдөг вэ? Энэ уул хэрхэн «голоороо хуваагдан» хоёр уул болох вэ? Ехова тэр хоёр уулыг «миний уулс» хэмээсний учир юу вэ? (Зехариа 14:3–5-ыг уншина уу). Библид хаанчлал буюу засгийн газрыг заримдаа уулаар бэлгэддэг. Бас ивээл, хамгаалалтыг Бурхны уултай холбон тайлбарладаг (Дуу. 72:3; Ис. 25:6, 7). Тиймээс чидун уул нь орчлонт ертөнцийг захирах Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг төлөөлдөг.
9. «Чидун уул» хуваагдана гэсэн нь ямар утгатай вэ?
9 Зөгнөлд «голоороо хуваагдах» чидун уулын тухай гардаг. Энэ нь ямар утгатай вэ? Ехова тусгай зорилгоор хоёр дахь засаглал байгуулахыг хэлжээ. Энэ засаглалын тэргүүн нь Есүс Христ юм. Аль ч засаглал нь Еховагийнх учир «миний уулс» гэсэн ажээ (Зех. 14:4).
10. Хоёр уулын хоорондох «өргөн хөндий» нь юуны бэлгэдэл бэ?
10 Бэлгэдлийн уул хойд, урд уул болон хуваагдсан. Тэр үед Ехова нэг хөлөөрөө хойд уулыг, нөгөө хөлөөрөө урд уулыг гишгэж байв. Еховагийн хөлийн хооронд «өргөн хөндий» бий болжээ. Бэлгэдлийн энэ хөндий нь ард түмнээ хамгаалахаар авдаг Бурхны арга хэмжээ юм. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжин, Мессиагийн Хаанчлалд захирагддаг хүмүүс аюулгүй байдаг. Ехова хамгаалдаг учир цэвэр шүтлэгийг хэн ч, хэзээ ч устгаж чадахгүй. Чидун уул хэзээ хуваагдсан бэ? Харь үндэстний цаг дуусаж Мессиагийн Хаанчлал байгуулагдахад буюу 1914 онд хуваагджээ. Зөгнөлд Еховагийн ард түмэн «өргөн хөндий» рүү зугтаж очно гэж байдаг. Энэ зөгнөл хэзээ биелсэн бэ?
БУРХНЫ АРД ТҮМЭН ХӨНДИЙ РҮҮ ЗУГТСАН НЬ
11, 12. а) Бурхны ард түмэн бэлгэдлийн хөндий рүү хэзээнээс зугтаж очих болсон бэ? б) Ехова хүчирхэг мутраараа ард түмнээ хамгаалсаар байгаагийн баталгаа юу вэ?
11 Есүс дагалдагчдадаа «Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» хэмээн анхааруулсан (Мат. 24:9). 1914 оноос эхэлсэн өнөөгийн тогтолцооны эцсийн өдрүүдэд үндэстнүүд Есүсийн дагалдагчдыг улам их үзэн ядах болсон. Дэлхийн І дайны үед дайснууд тослогдсон үнэнч христианууд руу дайрч довтлон, харгис хэрцгийгээр хавчиж байсан ч бүгдийг нь устгаж чадаагүй. Бурхны ард түмэн 1919 онд Агуу их Вавилон буюу хуурамч шашнаас чөлөөлөгдсөн (Илч. 11:11, 12). Энэ үеэс Еховагийн ард түмэн хөндий рүү зугтаж очих болсон.
12 Ехова дэлхий даяар буй өөрийн үнэнч үйлчлэгчдийг ийнхүү 1919 оноос хамгаалж ирсэн. Еховагийн Гэрчүүдийг ном хэвлэлээ тараах, сайн мэдээ дэлгэрүүлэхийг нь дэлхийн олон оронд хэдэн арван жилийн турш хориглож, хязгаарлаж байсан. Энэ байдал зарим оронд одоо болтол үргэлжилж байна. Гэлээ ч жинхэнэ шүтлэгийг устгаж үгүй хийх гэсэн оролдлого бүтэхгүй! Ехова хүчирхэг мутраараа ард түмнээ хамгаалсаар байх болно (Д.хууль 11:2).
13. Яавал хамгаалалтын хөндийд хоргодож байна гэсэн үг вэ? Энэ хөндийд хоргодсоор байх нь одоо бүр ч чухал болсны учир юу вэ?
13 Еховагаас зуурч, үнэний талд бат зогсвол хамгаалалтын хөндийд хоргодож байна гэсэн үг. Тийм үед Ехова Есүс хоёр биднийг хэнээс ч, юунаас ч хамгаалсаар байх болно (Иох. 10:28, 29). Ехова бидэнд хэрэгтэй бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байдаг. Бурхны тусламжтайгаар бид Хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжин, Мессиагийн Хаанчлалын үнэнч иргэд байж чадна. Тун удахгүй болох агуу их гай гамшгийн үед Еховагийн тусламж бүр ч их хэрэгтэй. Тиймээс хамгаалалтын хөндийд хоргодох нь туйлын чухал.
«ТУЛААНЫ ӨДӨР» БОЛОХ ГЭЖ БАЙНА
14, 15. «Өргөн хөндийд» хоргоддоггүй хүмүүст Бурхны тулааны өдөр юу тохиолдох вэ?
14 Сатан Еховагийн үйлчлэгчид рүү байнга довтолдог. Өнөөгийн тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр түүний довтолгоо улам ширүүснэ. Харин тун удахгүй эцсийн удаа довтолно. Тэгэхэд Бурхны «тулааны өдөр» эхэлнэ. Тэр өдөр орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова бүх дайснаа дарж, сүр жавхлант Дайчин гэдгээ урьд хожид байгаагүйгээр батлан харуулна (Зех. 14:3).
15 «Өргөн хөндийд» хоргоддоггүй хүмүүст Бурхны тулааны өдөр юу тохиолдох вэ? «Гэрэл гэгээгүй болох» буюу Бурхан тэднийг ивээхгүй. Улс үндэстнүүдийн зэр зэвсгийг бэлгэддэг «морь, луус, тэмээ, илжиг, бүх мал» тэр өдөр гамшигт өртөнө. Тэдгээр зэр зэвсэг «царцаж» хөлдсөн мэт ямар ч хэрэгцээгүй болно. Ехова дайснууддаа «гамшиг» учруулахад «нүднүүд нь бээж, ... хэл нь өмхийрнө» гэж Зехариа зөгнөжээ. Энэ нь бодитой ч бай, бэлгэдлийн утгаар ч бай дайснууд биднийг айлган сүрдүүлж, Бурхныг эсэргүүцэн ярьж чадахгүй болно (Зех. 14:6, 7, 12, 15). «Газрын хаад, тэдний дайчид» бүгдээрээ Сатантай нэгдэнэ. Гэхдээ тэд дэлхийн аль ч хэсэгт байсан сүйрлээс зугтаж чадахгүй (Илч. 19:19–21). «Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна» (Иер. 25:32, 33).
16. Бурхны «тулааны өдөр» ойртож байгаа энэ үед ямар асуултыг өөртөө тавих ёстой вэ? Агуу их гай гамшгийн үед бид яах шаардлагатай вэ?
16 Ер нь дайны уршгаар бүх хүн, тэр байтугай ялсан тал ч зовдог. Агуу их гай гамшгийн үеэр христианууд бидэнд бас зовлон тохиолдож мэдэх юм. Хоол хүнс хомсдох, эд хөрөнгөө алдах, амьдралын нөхцөл муудахыг үгүйсгэх аргагүй. Эрх чөлөө маань хумигдаж магадгүй. Ийм юм болбол та яах вэ? Сандарч тэвдэх үү? Дарамт шахалтаас болоод итгэл үнэмшлээсээ ухарч няцах уу? Ирээдүйд итгэж найдахаа больж, цөхрөх үү? Агуу их гай гамшгийн үеэр хамгаалалтын «хөндийд» хоргодож, Ехова аварч хамгаална гэж итгэж найдах нь хэчнээн чухал бэ! (Хабаккук 3:17, 18-ыг уншина уу).
«АМИЙН УС ... УРСАН ГАРНА»
17, 18. а) «Амийн ус» гэж юу вэ? б) «Дорнын» ба «өрнийн» тэнгис юуг бэлгэддэг вэ? в) Бид яах ёстой вэ?
17 Хармагедоны дараа «амийн ус» Мессиагийн Хаанчлалын сэнтийгээс тасралтгүй урсах болно. «Амийн ус» гэдэг нь хүмүүсийг мөнх амьтай болгохын тулд авдаг Еховагийн бүх арга хэмжээ юм. «Дорнын тэнгис» нь Сөнөсөн тэнгис бөгөөд хүн төрөлхтний нийтийн булшинд байгчдыг, «өрнийн тэнгис» нь Газрын дундад тэнгис бөгөөд Хармагедоныг эсэн мэнд давах «үй олон хүнийг» бэлгэддэг (Зехариа 14:8, 9-ийг уншина уу; Илч. 7:9–15). Энэ хоёр бүлэг хүн «амийн усны голоос» байнга ууна. Үүний ачаар төгс болж, мөнх амьдарна (Илч. 22:1, 2).
18 Ехова өнөөгийн ёс бус тогтолцоог устгахдаа биднийг авран хамгаалж, шинэ ертөнцийн босгоор алхуулна. Бүх үндэстэн биднийг үзэн яддаг ч Бурхны Хаанчлалын үнэнч иргэн хэвээрээ байж, Еховагийн хамгаалалтын хөндийд хоргодоцгооё.