Энэ бол бидний сүнслэг өв
«Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв» (ИС. 54:17).
1. Ехова бидний төлөө юу хийсэн бэ?
ЕХОВА бол мөнхийн Бурхан. Мөнх амьдрахын тулд юу хийх хэрэгтэйг бидэнд зааж өгсөн. Еховагийн заавар зөвлөгөө өөрчлөгддөггүй. Тийм учраас, «Эзэний үг мөнхөд оршино» гэж Библид бичсэн байдаг (1 Петр 1:23–25). Ийм чухал заавар зөвлөгөөг Үгэндээ бичүүлж, өнөөдрийг хүртэл хадгалж хамгаалсанд нь талархаад баршгүй!
2. Бурхан хүмүүст юу мэдүүлэхийг хүсдэг вэ?
2 Ехова бүх хүнд нэрээ мэдүүлэхийг хүсдэг. Библид «Тэнгэр, газар бүтээгдсэн нь ийн болой» хэмээн бичихдээ Ехова * гэдэг нэрийг анх удаа дурдсан байдаг (Эх. 2:4). Бурхан Арван тушаал бүхий хоёр чулуун хавтан дээр ер бусын аргаар өөрийн нэрийг сийлжээ. Эхний тушаал нь: «Би бол ... чиний Бурхан Ехова байна» гэдэг үгээр эхэлдэг (Ег. 20:1–17). Сатан хүмүүст Бурхныг болон нэрийг нь мэдүүлэхгүйн тулд Библийг устгах гэж янз бүрээр оролдсон. Гэлээ ч Хэмжээгүй эрхт Эзэн Ехова Сатаны оролдлогод саад хийж, нэрээ хадгалан үлдээжээ (Дуу. 73:28).
3. Бурхан Үгэндээ юуг бичүүлж, өнөөдрийг хүртэл хадгалж хамгаалж ирсэн бэ?
3 Хүмүүс Бурхны талаар буруу зөрүү ойлголттой байдаг. Харин Ехова өөрийнхөө тухай жинхэнэ үнэнийг Үгэндээ бичүүлж, өдий хүртэл хамгаалж ирсэн. Тиймээс «Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээсэн» Бурхандаа талархаад баршгүй! (Дуулал 43:3, 4-ийг уншина уу). Ихэнх хүн сүнслэг харанхуйд явдаг байхад, бид Бурхны өгсөн сүнслэг гэрэлд үргэлж баяр хөөртэй алхдаг (1 Иох. 1:6, 7).
БИД ҮНЭЛЖ БАРШГҮЙ ӨВТЭЙ
4, 5. Бид 1931 оноос хойш ямар онцгой эрх эдэлж байгаа вэ?
4 Христианууд бид үнэлж баршгүй өвтэй. Өв гэдэг бол үе дамжин уламжлагддаг зүйл юм. Бид Библийн сургаалыг зөв ойлгодог, Бурхны тухай үнэн зөв мэдлэгтэй, бас санаа зорилгыг нь тодорхой мэддэг. Энэ бол бидний сүнслэг өвийн нэг хэсэг юм. Өөр нэг онцгой завшаан эдэлдэг.
5 1931 онд АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо зохиогдсон чуулганаар сүнслэг өвийн маань нэг хэсэг болох тэрхүү завшаан бидэнд олдсон билээ. Тус чуулганы хөтөлбөр дээр «JW» (жэй даблю) гэж бичсэн байв. Нэг Гэрч эмэгтэй: «„JW“ гэдгийг хүмүүс янз бүрээр таамаглаж байсан. „Зүгээр л хүлээ, Зүгээр л хар“ (Just Wait, Just Watch) гэсэн үг юм болов уу гэж зарим нь хэлж байхад, онож таасан хүн ч байсан» гэж дурсжээ. Бурхны орчин үеийн үйлчлэгчдийг өмнө нь Библи Судлаачид гэдэг байсан. Харин 1931 оны 7 дугаар сарын 26-ны ням гаригт Еховагийн Гэрчүүд гэдэг нэрийг авсан юм. Библид үндэслэсэн нэртэй болсон маань үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал байв (Исаиа 43:12-ыг уншина уу). Нэг Гэрч: «Хүмүүс хашгиралдаж, нижигнэтэл алга ташихад газар доргиж байсан нь санаанаас гардаггүй юм» хэмээн ярьжээ. Энэ дэлхий дээр биднээс өөр хэн ч ийм нэртэй болохыг хүсээгүй. Бурхан бидэнд ивээлээ хайрлаж, нэрээр нь дуудуулах онцгой эрх олгосон тэр цагаас хойш 80 гаруй жил өнгөрчээ. Еховагийн Гэрч байх нь үнэхээр завшаантай хэрэг билээ!
6. Бидний сүнслэг өвд өөр юу ордог вэ?
6 Бурхны эртний үйлчлэгчдийн тухай үнэн зөв, үнэ цэнэтэй өч төчнөөн мэдээ баримтыг бас өв гэж хэлж болно. Жишээ нь, Абрахам Исаак Иаков нарын тухай аваад үзье. Тэд Еховагийн таалалд нийцэхийн тулд яах ёстойг гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаг байсан биз ээ. Тийм ч учраас Иосеф Потифарын эхнэртэй завхайраагүй. Ийнхүү «Бурхандаа нүгэл үйлдээгүй» (Эх. 39:7–9). Эртний христианууд бас сурч мэдсэнээ хэлж дамжуулдаг, бие биеэсээ суралцдаг байв. Тухайлбал, Эзний оройн зоогийн талаар Есүсийн хэлж захисныг элч Паул хурлуудад уламжилсан (1 Кор. 11:2, 23). Тэр бүхэн Библид байдаг учир Бурхнаа хэрхэн шүтэхийг судалж мэдэх боломж өнөөгийн бидэнд олддог (Иохан 4:23, 24-ийг уншина уу). Библи бүх хүнд зориулагдсан хэдий ч Еховагийн үйлчлэгчид бид Үгийг нь бүр ч их эрхэмлэх учиртай.
7. Ямар амлалтыг өв гэж хэлж болох вэ?
7 Ехова орчин үеийн үйлчлэгчдэдээ тусалдаг (Дуу. 118:7). Хэрхэн хамгаалж байгааг нь байгууллагын ном хэвлэлээс уншвал эсэргүүцэл хавчлагатай тулгарсан ч тайван байж болно. Бидний бас нэг сүнслэг өв бол дараах амлалт юм. Библид «„Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм“ гэж ЭЗЭН зарлиг болгов» хэмээн бичжээ (Ис. 54:17). Сатан ямар ч зэвсэг хэрэглэсэн бидэнд мөнхийн хор хөнөөл учруулж чадахгүй.
8. Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
8 Сатан Бурхны Үгийг устгаж, нэрийг нь арилгаж, үнэнийг нуун дарагдуулахыг оролдсоор ирсэн. Гэвч хамаг оролдлого нь талаар болсон билээ. Энэ болон дараагийн өгүүллээр 1) Бурхан Үгээ хэрхэн хамгаалсан; 2) нэрээ хүмүүст хэрхэн мэдүүлсэн; 3) үнэнийг хэрхэн ойлгуулсныг тус тус үзнэ.
ЕХОВА ҮГЭЭ ХАМГААЛСАН
9-11. Библи янз бүрийн дайралт довтолгоонд өртсөн ч тэсэж гарсныг батлах жишээ хэлнэ үү.
9 Библийг устгах гэсэн оролдлого удаа дараа гарч байсан ч Ехова Үгээ хамгаалсан. Католик шашны нэвтэрхий тольд ийн бичжээ. «1229 онд болсон Тулузын хурлаас сүсэгтнүүд [эх хэлээрх Библи] уншиж болохгүй гэсэн тушаал гаргасан. Зорилго нь альбигчууд болон вальдэнсүүдийг нухчин дарах явдал байлаа. . . . Бас 1234 онд Испанийн Таррагонад I Жеймс хааны даргалсан хурлаар Библи уншихыг хориглосон хууль баталсан байна. ... 1559 онд Ромын пап IV Павел хориглох зүйлсийн жагсаалт гаргаснаар Ромын католик шашны дээд байгууллага анх удаа энэ асуудалд хөндлөнгөөс оролцжээ. Уг жагсаалтыг үзвэл, католик сүмийн эрх мэдэлтнүүдийн зөвшөөрөлгүйгээр нутгийн хэлээрх Б[иблийг] хэвлэх, хувьдаа тийм Библитэй байхыг хориглосон байна» («Enciclopedia Cattolica»).
10 Библи янз бүрийн дайралт довтолгоонд өртсөн ч тэсэж үлдсэн юм. 1382 оны орчим Жон Уиклиф хэсэг нөхдийнхөө хамт Библийг анх удаа англиар орчуулсан. Библийг орчуулсан өөр нэг хүн нь Уильям Тиндал байлаа. Тэрбээр 1536 онд цаазлагджээ. Шонд хүлүүлчихээд байхдаа «Бурхан минь, Английн хааны нүдийг нээж өгөөч» хэмээн чанга дуугаар хашгирсан гэдэг. Дараа нь түүнийг боомилон алж, шатаажээ.
11 1535 онд Майлс Ковердейл Библийг англи хэлнээ хөрвүүлжээ. Тэрбээр Тиндалын орчуулгаас «Шинэ Гэрээ»-г, мөн «Хуучин Гэрээ»-ний «Эхлэл»-ээс «Шастир» номыг авч ашигласан байна. Харин Библийн бусад номыг орчуулахдаа латин хэлээрх Судар болон Мартин Лютерийн герман орчуулгыг ашиглажээ. Өнөөдөр бидэнд «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга» байдаг. Энэ нь ойлгомжтой, үнэн зөв орчуулагдсан, дэлгэрүүлэх ажилд үнэхээр тустай байдгаараа олны талархлыг хүлээдэг. Еховагийн Үгийг Сатан ч, хүмүүс ч устгаж чадахгүй нь сайхан.
ЕХОВА НЭРЭЭ МЭДҮҮЛСЭН
12. Бурхны нэрийг хүмүүст мэдүүлэхэд «Шинэ ертөнцийн орчуулга» ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
12 Ехова Бурхан өөрийнх нь нэрийг Библиэс бүрмөсөн арилгахыг хэнд ч, хэзээ ч зөвшөөрөхгүй. Бурхны нэрийг мэдүүлэхэд «Шинэ ертөнцийн орчуулга» гол үүрэг гүйцэтгэдэг. «Эл орчуулгын хамгийн гол онцлог гэвэл Бурхны нэрийг байвал зохих газар нь бичсэнд оршино. „Ехова“ гэдэг нэр Еврей сударт 6 973 удаа, Христиан Грек сударт 237 удаа гардаг» гэж өмнөх үгэнд бичжээ. «Шинэ ертөнцийн орчуулга» бүтнээрээ болон хэсэгчлэн 116 хэлээр, 178 545 862 хувь хэвлэгдсэн.
13. Хүн төрөлхтөн бүтээгдсэн цагаасаа эхлэн Бурхны нэрийг мэддэг байсан гэж хэлэхийн учир юу вэ?
13 Анхны хүн Адам Ева хоёр Бурхны нэрийг мэддэг, нэрээр нь дууддаг байжээ. Ноа ч бас ялгаагүй. Тэрбээр: «Шемийн Бурхан Еховаг би магтъя» гэж хэлсэн байдаг (Эх. 4:1; 9:26). Ехова хүмүүстэй ярихдаа нэрээ хэлж: «Би бол Ехова. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад ... өгөхгүй. Би бол Ехова. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй» хэмээн айлджээ (Ис. 42:8; 45:5). Тэрбээр даян дэлхийн бүх хүнд нэрээ мэдүүлэх талаар санаа тавьсаар ирсэн. Еховагийн нэрээр дуудуулж, Гэрч нь байна гэдэг ямар агуу завшаан бэ! Тийм ч учраас «өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно» (Дуу. 20:5).
14. Бурхны нэр Библиэс өөр хаана байдаг вэ?
14 Бурхны нэр зөвхөн Библид байдаг юм биш ээ. Сөнөсөн тэнгисээс зүүн тийш 21 километр зайтай орших Дхибан (Дибон) гэдэг газраас олдсон Моабын чулууг аваад үзье. Тэр чулуун дээр Израилийн хаан Омрийг дурдсан ба Моабын хаан Меша Израилийн эсрэг боссон талаараа юу гэж хэлснийг сийлжээ (Х.дээд 16:28; Х.дэд 1:1; 3:4, 5). Хамгийн гол нь Бурхны нэрийг тетраграмматон гэдэг дөрвөн еврей үсгээр бичсэнээрээ Моабын чулуу онцгой юм. Түүнээс гадна, Израилиас олдсон Лахишийн захидал бүхий шавар савны хэлтэрхий дээр сийлсэн тетраграмматон олон байжээ.
15. «Септуагинт» гэж юу вэ? Энэ орчуулгыг гаргах болсон шалтгаан юу вэ?
15 Эрт цагт Библийг орчуулсан хүмүүс Бурхны нэрийг хадгалан үлдээхэд хувь нэмэр оруулжээ. Израиль МЭӨ 607 онд Вавилонд олзлогдон МЭӨ 537 онд чөлөөлөгдсөн юм. Тэр үеэр нутаг буцалгүй үлдсэн олон иудейчүүд МЭӨ III зуун гэхэд Египетийн Александр хотод суурьшжээ. Тухайн үедээ дэлхийд зонхилж байсан грек хэлээр ярьдаг тэдэнд зориулж Еврей Судрыг грекээр орчуулах шаардлага гарсан. МЭӨ II зуунд орчуулж дууссан энэхүү орчуулгыг «Септуагинт» гэдэг. Септуагинт орчуулгын зарим хуулбарт Ехова гэдэг нэрийг еврейгээр бичсэн байжээ.
16. Бурхны нэрийг Библиэс гадна өөр номд бичсэн байдгийг жишээгээр хэлнэ үү.
16 Умард Америк дахь Английн колонид хэвлэгдсэн анхны номд Бурхны нэр байдаг («Bay Psalm Book»). 1640 онд хэвлэгдсэн уг номд еврей хэлнээс тухайн үеийн англи хэлнээ хөрвүүлсэн «Дуулал» ном багтжээ. Зарим хэсэгт нь Бурхны нэрийг бичсэн байдаг. Тухайлбал, Дуулал 1:1, 2-т «жаргалтай хүн» хорон муугийн зөвлөгөөг дагадаггүй, харин «Иэховахын хууль дотор алхдаг ба үүнийг баярлан хүлээдэг» гэжээ. Бурхны нэрийн талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «Библийн сургаал» номын 195–197-р хуудасны хавсралтыг үзээрэй.
ЕХОВА ҮНЭНИЙГ ОЙЛГУУЛДАГ
17, 18. а) «Үнэн» гэдгийг хэрхэн тодорхойлж болох вэ? б) Юу юуг «сайн мэдээний үнэн» гэдэг вэ?
17 Бид «Үнэний Бурхан» Еховадаа баяр хөөртэй үйлчилдэг (Дуу. 31:5). «Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д «жинхэнэ бодит байдалд тохирох, худал ташаа биш» юмыг «үнэн» гэж тайлбарлажээ. Библийн эх бичигт байдаг, «үнэн» гэж орчуулсан еврей үгээр зөв, найдвартай, үнэмшилтэй, баттай зүйлийг хэлдэг байна. Харин грек үг нь үнэн, зөв, бодит байдалд нийцдэг гэсэн утгатай аж.
18 Ехова үг сургаалаа өнөөдрийг хүртэл хамгаалсаар ирсэн билээ. Эдүгээ бид жинхэнэ үнэнийг улам тодорхой ойлгодог болсон (2 Иох. 1, 2). Учир нь Сургаалт үгс 4:18-д «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэсэн байдаг (Сур. 4:18). Есүс залбирахдаа: «Таны үг бол үнэн мөн» хэмээн хэлснийг бид зуун хувь хүлээн зөвшөөрдөг (Иох. 17:17). Бурхны Үгэнд байдаг «сайн мэдээний үнэн» бол христианууд бидний итгэдэг сургаалын цөм нь юм (Гал. 2:14). «Сайн мэдээний үнэн» гэдэгт Еховагийн нэр, хэмжээлшгүй эрх мэдэл, Есүсийн золиос, амилалт болон Хаанчлалын тухай үнэнийг дурдаж болно. Сатан энэ бүхнийг нуун дарагдуулахыг оролдсоор ирсэн боловч Бурхан түүний төлөвлөгөөг нураасан. Энэ талаар одоо ярилцъя.
ЕХОВА САТАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ НУРААСАН
19, 20. Нимрод гэж хэн бэ? Түүний удирдсан ямар ажил нурсан бэ?
19 Усан галавын дараа «Еховаг эсэргүүцдэг хүч чадалтай анчин Нимрод шиг» гэсэн яриа гарчээ (Эх. 10:9, ШЕ). Ехова Бурхныг эсэргүүцэгч Нимрод үнэн хэрэгтээ Сатаныг шүтдэг байв. Тийм хүмүүст Есүс: «Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ . . . үнэн дотор зогсдоггүй» гэж хэлжээ (Иох. 8:44).
20 Нимрод Тигр, Евфрат гэдэг хоёр мөрний хооронд оршдог Бабел гэх мэтийн хотуудыг захирдаг байв (Эх. 10:10). Өндөр цамхаг бүхий Бабел хотыг барьж байгуулах ажлыг МЭӨ 2269 оны орчим эхлүүлсэн хүн нь Нимрод байсан бололтой. Хүн төрөлхтнийг дэлхий даяар тархаан суурьшуулах гэсэн Еховагийн хүсэл таалалд харшлах зүйл хийсэн барилгачид: «За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно» гэж хэлэлцжээ. Гэвч Бурхан «бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулахад» цамхаг баригчдын төлөвлөгөө нурж, тэд өөрсдөө тарж бутарсан (Эх. 11:1–4, 8, 9). Бүх хүнээр өөрийгөө шүтүүлэх гэсэн Сатаны санаархал ийнхүү талаар болжээ. Хүн төрөлхтний түүхийг үзвэл жинхэнэ шүтлэг устаж үгүй болоогүйгээр үл барам Еховад үйлчилдэг хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
21, 22. а) Жинхэнэ шашныг хэн ч, хэзээ ч устгаж чадахгүйн учир юу вэ? б) Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?
21 Жинхэнэ шашныг хэн ч, хэзээ ч устгаж чадахгүй. Учир нь, Агуу Багш Ехова өөрийн Үг Библийг хадгалан хамгаалж, нэрээ хүн төрөлхтөнд мэдүүлж, үнэнийг ойлгуулж ирсэн (Ис. 30:20, 21). Бурхныг хүсэл таалалд нь нийцүүлж шүтвэл жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна. Үүний тулд сүнслэгээр сэргэг байж, Еховад бүрэн найдаж, ариун сүнсээр удирдуулах шаардлагатай.
22 Дараагийн өгүүллээр зарим хуурамч сургаалын гарал үүслийн тухай ярилцаж, эдгээр сургаал нь Библийн үндэслэлгүй болохыг үзнэ. Түүнчлэн, Ехова биднийг ивээж өөрийгөө үнэн зөвөөр мэдүүлдгийг авч үзнэ. Энэ бүхэн бол бидний эрхэмлэн үнэлдэг сүнслэг өв мөн.