Skip to content

Гарчиг руу орох

Библи уншиж ач тусыг нь хүртье

Библи уншиж ач тусыг нь хүртье

«Би ... Бурханы хуульд баярладаг» (РОМ 7:22).

1-3. Библи уншиж, хууль тушаалыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийн ач тус юу вэ?

 «БИБЛИЙГ ойлгуулж өгдөгт нь Еховад өглөө бүр талархдаг». Энэ үгийг хэлсэн өндөр настай христиан эмэгтэй Библийг эхнээс нь дуустал 40 гаруй удаа уншсан гэдэг. Энэ хэвшлээ одоо ч орхиогүй аж. Нэгэн залуухан Гэрч бүсгүй Библи уншдагийнхаа ачаар Еховад илүү их итгэдэг болж, тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотноссон тухайгаа бичжээ. Тэрбээр: «Би одоогийнх шигээ ийм жаргалтай байж үзээгүй!» гэсэн байна.

2 Элч Петр «үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүлэхийг» бид бүгдэд уриалжээ (1 Петр 2:2). Энэ хүслээ хангах зорилгоор Библи судалдаг, сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог хүн цэвэр мөс чанартай, утга учиртай амьдардаг. Мөн жинхэнэ Бурхныг хайрладаг, үнэнчээр үйлчилдэг хүмүүстэй дотны анд нөхөд бололцдог. Энэ бүхэн «Бурханы хуульд баярлах» хүндтэй шалтгаан юм (Ром 7:22). Гэхдээ Библи судлахын ашиг тус үүгээр хязгаарлагдахгүй.

3 Еховагийн тухай, Хүүгийнх нь тухай илүү ихийг мэдэх тусам тэр хоёрыг төдийгүй хүмүүсийг улам бүр хайрладаг болно. Түүнчлэн Библийн үнэн зөв мэдлэгтэй болбол Бурхан ёс бус бүхнийг устгахдаа дуулгавартай хүмүүсийг хэрхэн аврахыг ойлгоно. Бас хүмүүст дуулгах сайхан мэдээтэй болдог. Бурхны Үгнээс уншиж мэдсэн зүйлээ бусдад заахын хэрээр Еховагийн ивээлийг хүртэнэ.

УНШИЖ, ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ НЬ

4. Библийг «нам дуугаар» уншина гэж яахыг хэлдэг вэ?

4 Бид Бурхны Үгийг яаран гүйлгэж харах биш, харин уншсанаа эргэцүүлэн бодож, ухаж ойлгох учиртай. Ехова биднээс үүнийг хүсдэг. Тэрбээр Иошуад «Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж [«нам дуугаар уншиж», ШЕ] яв» хэмээн тушаажээ (Иош. 1:8; Дуу. 1:2). Энэ нь «Эхлэл»-ээс «Илчлэлт»-ийг дуустал үг бүрийг нам дуугаар унших ёстой гэсэн үг үү? Үгүй. Яаралгүй уншаад түүнийгээ эргэцүүлэн бодно гэсэн үг. Ингэж уншвал өөрт хэрэг болох, сэтгэл сэргээм зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадна. Урам зориг хайрлах үйл явдал, үг хэллэг, Библийн зүйлийг олбол яаралгүй тогтож уншаарай. Чанга уншсан ч болно. Тэгвэл зүрх сэтгэлийг тань хөндөх нь эргэлзээгүй. Ингэж унших хэрэгтэйн учир юу вэ? Бурхны зөвлөгөөний учир холбогдлыг ойлгож ухаарвал хэрэгжүүлэх хүсэл өөрийн эрхгүй төрнө.

5-7. Бурхны Үгийг «нам дуугаар» унших нь а) ёс суртахууны хувьд цэвэр ариун байхад; б) хүмүүстэй эелдэг харьцахад; в) хэцүү бэрх үед ч Еховад найдахад ямар ач тустайг жишээгээр тайлбарлана уу.

5 Ойлгоход төвөгтэй санагддаг Библийн номуудыг яаралгүй, анхаарч унших нь эргэцүүлэн бодоход тустай байдаг. Дараах жишээг бодъё. Христиан хөвгүүн Библи унших хуваарийнхаа дагуу, Хосеагийн зөгнөлийг уншиж байна. Дөрөвдүгээр бүлгийн 11–13-р зүйлийг «нам дуугаар» уншсаны дараа хэсэг зогсов (Хосеа 4:11–13-ыг уншина уу). Яагаад тэр вэ? Сүүлийн үед ангийнх нь хүүхдүүд ёс бус юм хийлгэх гэж дарамтлаад байгаа аж. Хөвгүүн уншсан зүйлээ эргэцүүлэн бодоод, «Ганцаараа байхдаа муу юм хийхийг ч Ехова хардаг. Би Еховаг гомдоомооргүй байна» гэж өөртөө хэлнэ. Ингээд Бурхны өмнө ёс суртахууны хувьд цэвэр ариун байхаар шийднэ.

6 Хоёр дахь жишээ. Христиан эмэгтэй Иоелын зөгнөлийг уншиж явсаар хоёрдугаар бүлгийн 13-р зүйл дээр ирэв (Иоел 2:13-ыг уншина уу). Энэ зүйлийг «нам дуугаар» уншаад, яаж Ехова шиг «нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам» болох вэ гэж бодно. Тэгээд нөхөртэйгөө болон бусадтай харьцахдаа уурын мунхгаар хорон үг хэлдэг дутагдлаа засахаар шийднэ.

7 Гурав дахь жишээ. Ажлаасаа халагдаад, эхнэр хүүхдээ яаж тэжээх вэ гэж санаа зовж байгаа нэг Гэрч эрэгтэйг төсөөлье. Ехова «Өөрт нь хоргоддог хүмүүсийг ... мэддэг» бөгөөд «гай зовлонгийн өдөр» тэднийг «бэхлэлт» адил хамгаална гэснийг Нахум 1:7-оос уншаад тайвширна. Ехова өөрийг нь болон эхнэр хүүхдийг нь хайрладгийг ойлгоод, хэтэрхий их санаа зовохоо болино. Дараа нь 15-р зүйлийг «нам дуугаар» уншина (Нахум 1:15-ыг уншина уу). Еховаг бэхлэлт гэж үздэгээ батлахын тулд хэцүү үед ч сайн мэдээ дэлгэрүүлэх хэрэгтэйгээ тэр Гэрч ойлгоно. Тэгээд ажил хайнгаа ажлын өдрүүдэд идэвхтэй дэлгэрүүлэхээр шийднэ.

8. Библи уншиж байхдаа ямар эрдэнэ олсноо товч ярина уу.

8 Ойлгоход амаргүй гэж зарим хүний хэлдэг Библийн номууд ямар ашиг тустайг цөөн хэдэн жишээгээр авч үзлээ. Өөртөө хэрэг болох санаа олбол тэдгээр номыг үргэлжлүүлэн уншъя гэж бодох нь дамжиггүй. Зөнчдийн бичсэн дээрх номууд мэргэн ухаан өгч, сэтгэл санаа тайвшруулна! Библийн бусад ном ч бас адилхан. Бурхны Үгийг барагдашгүй нөөц бүхий очир алмаазын уурхайтай зүйрлэж болно. Энэ «уурхайд» сайн ажиллаарай! Бурхны удирдлага заавар хэмээх «очир алмаазыг» хайж олох зорилгоор Библийг бүхэлд нь уншаарай.

ОЙЛГОХЫГ ХИЧЭЭХ НЬ

9. Яавал Библийг илүү сайн ойлгох вэ?

9 Библийг өдөр бүр унших нь чухал боловч ойлгох нь үүнээс дутуугүй чухал юм. Иймд Библид гарч байгаа газар орон, үйл явдал, хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдэхийн тулд Еховагийн байгууллагаас гаргасан ном хэвлэлийг сайтар судлаарай. Библиэс уншсан зүйлээ амьдралд яаж хэрэгжүүлэхийг мэдэхгүй байгаа бол хурлынхаа ахлагч юм уу төлөвшсөн христианаас асуугаарай. Үнэнийг илүү сайн ойлгодог болох нь хэчнээн чухал байдгийг нэгдүгээр зууны үеийн нэгэн христианд тохиолдсон явдал харуулдаг. Тэр христиан бол Апол юм.

10, 11. а) Сайн мэдээг илүү чадварлаг дэлгэрүүлдэг болоход нь Аполд хэн, яаж тусалсан бэ? б) Аполд тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ? («Та цаг үеэсээ хоцроогүй биз дээ?» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү.)

10 Апол «Судрыг сайн мэддэг», «гал цогтой сүнсээр» ярьдаг иудей христиан байжээ. «Үйлс» номд түүний талаар «Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Ингэхдээ гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг» гэж бичжээ. Есүс шавь нартаа баптисмын талаар шинэ юм заасныг Апол мэдээгүй аж. Ефес хотынхонд дэлгэрүүлж байхыг нь сонссон нөхөр эхнэр Акул Прискила хоёр «түүнд Бурханы замыг улам ч зөв тайлбарлаж өгөв» (Үйлс 18:24–26). Энэ нь Аполд ямар ач тустай байсан бэ?

11 Тэрбээр Ефест дэлгэрүүлснийхээ дараа Ахай руу явжээ. «Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэсэн хүмүүст үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Апол Судруудаар нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэйгээр няцааж байлаа» (Үйлс 18:27, 28). Тэгж явахдаа христиан хүний хүртвэл зохих баптисмын утга учрыг зөв тайлбарласан нь лавтай. Үнэнийг илүү сайн ойлгосон учир сүнслэгээр өсөхөд нь шинэ хүмүүст «үлэмж тусалжээ». Энэ явдал бидэнд юу хэлж өгдөг вэ? Библиэс уншсан зүйлээ ойлгохыг Аполын адилаар хичээх хэрэгтэй. Хэрэв туршлагатай итгэл нэгтэн маань зөвлөгөө өгч, илүү үр өгөөжтэй заахын тулд юу анхаарах ёстойг хэлбэл даруу байж, талархан хүлээж авах нь зүйтэй. Ингэвэл үйлчлэлийнхээ чанарыг сайжруулна.

МЭДЛЭГЭЭ АШИГЛАН БУСДАД ТУСЛАХ НЬ

12, 13. Суралцагчаа ахиж дэвшихэд нь туслахын тулд Библи хэмээх багажийг хэрхэн чадмаг ашиглах вэ? Жишээ хэлнэ үү.

12 Прискила Акул Апол нарын адилаар бид бас бусдад тусалж чадна. Жишээ нь, та сонирхогч хүнийг урамшуулан зоригжуулжээ. Үүний ачаар тэр хүн саадыг даваад сүнслэгээр өсвөл танд ямар санагдах вэ? Эсвэл ахлагч та итгэл нэгтэндээ Библийн үндэстэй зөвлөгөө өгчээ. Тэр хүн зөвлөгөөг тань хэрэгжүүлээд бэрхшээлээ давснаа хэлж талархвал танд ямар санагдах вэ? Өөрчлөгдөхөд нь бусдад туслахдаа Бурхны Үгийг багаж болгодог бол жинхэнэ ёсоор баяр жаргал эдэлнэ. * Тэгвэл энэ багажийг хэрхэн ашиглах вэ?

13 Елиагийн үеийн израильчууд жинхэнэ, хуурамч шүтлэгийн алийг дагахаа мэдэхгүй тээнэгэлзэж байжээ. Тэдэнд өгсөн Елиагийн зөвлөгөөг сүнслэгээр өсөхгүй, Еховад үйлчлэх эсэхээ шийдэж чадахгүй байгаа суралцагчид уншуулбал тустай (Хаадын дээд 18:21-ийг уншина уу). Харин найз нөхөд, гэр бүлийнхнээсээ айдаг сонирхогчтой бол Исаиа 51:12, 13-ыг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслаарай. Тэгвэл Еховаг шүтэхээр эргэлт буцалтгүй шийдэж болох юм (Уншина уу).

14. Тухайн хүнд хэрэг болох Библийн зүйлийг шууд олдог болъё гэвэл яах хэрэгтэй вэ?

14 Бурхны Үгэнд хүний урмыг сэргээх, алдааг нь засаж залруулах, эрч хүч өгөх олон сайхан үг сургаал байдаг. Гэхдээ та: «Тохирсон Библийн зүйлийг яг хэрэгтэй үед шууд олж чаддаг болъё гэвэл яах вэ?» гэж бодож магадгүй. Судрыг өдөр бүр уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож байгаарай. Ингэвэл Библийг илүү сайн мэддэг болох бөгөөд хэрэг болох цагт Ехова тэр зүйлийг ариун сүнсээрээ сануулж өгнө (Марк 13:11; Иохан 14:26-г уншина уу).

15. Бурхны Үгийг илүү сайн ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

15 Бурхнаас авсан үүрэг даалгавраа амжилттай биелүүлье гэвэл Соломон хааны адилаар мэргэн ухаан гуйж залбираарай (Ш.дэд 1:7–10). Еховагийн хүсэл тааллыг улам сайн мэддэг болохын тулд Библийг эртний зөнчид шиг «анхааралтай судалж, лавлаж» байгаарай (1 Петр 1:10–12). Элч Паул «эрүүл сургаалын болон итгэлийн үгсээр» өөрийгөө тэжээж байхыг Тимотод зөвлөсөн (1 Тим. 4:6). Библийг ингэж судлах аваас өөрөө сайн ойлгоно, бусдад ч тусалж чадна. Үүний зэрэгцээ итгэл улам батажна.

БИБЛИ УНШИХ НЬ ХАМГААЛАЛТ БОЛДОГ

16. а) «Судрыг өдөр бүр нягтлан үзэх» хэвшил нь беройчуудад ямар ач тустай байсан бэ? б) Библийг өдөр бүр унших нь ямар учраас туйлын чухал бэ?

16 Македонийн Берой хотын иудейчүүд «Судрыг өдөр бүр нягтлан үздэг» хэвшилтэй байв. Паул тэдэнд сайн мэдээ дэлгэрүүлжээ. Тэгэхэд нь тэд сонссон бүхнээ Судраас мэдэж авсан зүйлтэйгээ харьцуулж үзсэн. Тэгээд яасан бол? Паул үнэнийг зааж байгаа гэдэгт олон хүн итгэжээ (Үйлс 17:10–12). Беройчуудаас юу сурч болох вэ? Библийг өдөр бүр уншвал Еховад итгэх итгэл батаждаг байх нь. Бурхны байгуулах шинэ ертөнцөд эсэн мэнд очъё гэвэл ийм л итгэлтэй байх нь туйлын чухал (Евр. 11:1).

17, 18. а) Итгэл, хайр бэлгэдлийн зүрхийг яаж хамгаалдаг вэ? б) Найдвар биднийг яаж хамгаалдаг вэ?

17 Паул: «Бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая» хэмээн уриалсан нь учиртай (1 Тес. 5:8). Цэрэг хүн дайсны суманд оногдохгүйн тулд зүрхээ хамгаалж хуяг өмсдөг. Үүнтэй адилаар, христиан хүн нүгэлт хандлагадаа автахгүйн тулд бэлгэдлийн зүрхээ хамгаалж сүнслэг хуяг өмсөх шаардлагатай. Еховаг болон итгэл нэгтнээ чин сэтгэлээсээ хайрладаг, амлалтад нь бат итгэдэг бол сүнслэг хуяг өмсөж байна гэсэн үг. Ийм хүн Бурхны тааллыг алдах юм хийхгүй нь лав.

18 Паул бас дуулга буюу «авралын найдварыг» дурдсан. Цэрэг хүн дайн тулааны үед дуулга өмсөхгүй бол амиа алдах нь энүүхэнд. Харин сайн дуулгатай бол цохиулсан ч амиа алдахгүй. Библи судалбал Ехова аврах чадалтай гэдэгт бат найддаг болно. Ийм найдвар ухаан санааг дуулга адил хамгаалдаг. Үүний ачаар тэрслэгчдээс хол байж, тэдний «хоосон үг ярианаас зайлсхийж» чадна (2 Тим. 2:16–19). Бас бусад хүн Еховагийн буруушаадаг зүйлийг хийлгэх гэж дарамтлахад нь үгүй гэж хэлэх зоригтой болно.

ЯАВАЛ ЭСЭН МЭНД ҮЛДЭХ ВЭ?

19, 20. Бид Бурхны Үгийг яагаад үнэлж эрхэмлэдэг вэ? Энэ нь юунаас харагддаг вэ? («Еховагийн өгдөг зөвлөгөө цагаа олдог» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү.)

19 Энэ тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр Еховад найдаж, Үгийг нь илүү их анхаарах шаардлагатай. Библийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл муу зуршлаасаа сална, нүгэлт хүсэлтэйгээ тэмцэж чадна. Бурхны Үгийг уншаад тайвширч, сэтгэлийн тэнхээтэй болбол Сатан болон энэ ертөнцийн зүгээс учирдаг сорилтыг тэсвэрлэн давна. Үгээрээ дамжуулж өгдөг Еховагийн удирдлага зааврыг дагавал амийн замаас гарахгүй.

20 Бурхан «бүх хүнийг аврагдаасай» гэж хүсдэгийг саная. «Бүх хүн» гэдэгт Еховагийн үйлчлэгчид орох нь лавтай. Бас дэлгэрүүлэх, заах ажлын маань үр шимийг хүртэх хүмүүс орно. Гэхдээ аврагдахыг хүссэн бүх хүн «үнэний мэдлэг» олж авах ёстой (1 Тим. 2:4). Тэгэхлээр, энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давъя гэвэл Бурхны Үгийг уншиж, заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлэх учиртай. Тийм ээ, Еховагийн Үгийг үнэлж эрхэмлэдэг хүн Библийг өдөр бүр уншдаг (Иох. 17:17).

^ Бусдыг дарамтлах, буруушаах зорилгоор Библийг ашиглах ёсгүй. Еховаг дууриан суралцагчдаа сайхан сэтгэлээр хандаж, тэвчээртэй байх учиртай (Дуу. 103:8).