Бодол санаагаа хуваалцаж гэр бүлээ бат бэх байлгагтун
«Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» (СУР. 25:11).
1. Бодол санаагаа хуваалцах нь гэр бүлд ямар ач тустай вэ?
«БИ өөр хүнтэй бус, эхнэртэйгээ л хамт байхыг илүүд үзнэ. Баяр хөөрөө ханьтайгаа хуваалцахлаараа улам жаргалтай болж, зовлон гунигаа ярихлаараа сэтгэл уужирдаг» гэж канад Гэрч ярьсан юм. Австралийн нэг Гэрч: «Эхнэр бид хоёр ханилж суусан 11 жилийн хугацаанд ярилцаж үзээгүй өдөр нэг ч байсангүй. Хэнд маань ч салж сарних вий гэсэн айдас төрдөггүй. Санасан бодсоноо байнга ярилцдагт гол нууц нь байгаа юм» хэмээн бичжээ. Коста-Рикад амьдардаг нэг эмэгтэй: «Нөхөр бид хоёр бодол санаагаа хуваалцдагийн ачаар жаргалтай байгаад зогсохгүй Еховатай улам дотно болж байна. Бас уруу татах зүйлээс хол явж чаддаг. Эв нэгдэлтэй байж, бие биедээ улам хайртай болсон» гэжээ.
2. Бодол санаагаа хуваалцахад юу саад болдог вэ?
2 Та ханьтайгаа илэн далангүй ярилцдаг уу? Эсвэл хэцүү санагддаг уу? Аль аль нь төгс бус, хоёр өөр газар өсөж хүмүүжсэн, зан заншил, ахуй соёл ялгаатай учир амаргүй байх нь аргагүй (Ром 3:23). Бас хүн хүний бодол санаагаа илэрхийлэх арга ондоо шүү дээ. Гэр бүл судлаач Жон Готтман Нан Силвер нар: «Гэр бүлээ үргэлж бат бэх байлгая гэвэл зоригтой, шийдэмгий, уян хатан байх ёстой» хэмээн бичсэн нь санамсаргүй хэрэг биш юм.
3. Нөхөр эхнэр хоёр юуны ачаар гэр бүлээ бат бэх байлгаж чаддаг вэ?
3 Жаргалтай гэр бүлийг цогцлооё гэвэл сэтгэл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгж л байж нөхөр эхнэр хоёр жаргалтай амьдарна (Ном. 9:9). Жишээ нь Исаак Ребека хоёр айл гэр болж олон жил хамт амьдарсан ч бие биеэ хайрласаар байсан (Эх. 24:67). Тэдэн шиг гэр бүл орчин үед олон бий. Сэтгэл хөрдөггүйн нууц нь юундаа байдаг юм бол? Тэд хэрсүү байж, хайраа илэрхийлж, хүндэтгэлтэй хандаж, даруу байхыг хичээдэг учир юу бодож санаж, ямар сэтгэгдэлтэй байгаагаа эелдэг бөгөөд үнэн шударгаар хэлж сурчээ. Бодол санаагаа илэн далангүй хуваалцахад эдгээр чанар хэр чухал үүрэгтэйг энэ өгүүллээр үзье.
ХЭРСҮҮ БАЙГААРАЙ
4, 5. Нөхөр эхнэр хоёр хэрсүү байвал бие биеэ илүү сайн ойлгоно гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
4 «Үгэнд анхаарлаа хандуулдаг [«хэрсүү», ШЕ] хүн сайн сайхныг олно» гэж Сургаалт үгс 16:20-д бичсэн байдаг. Хань ижилтэй хүн хэрсүү байх нь үнэхээр чухал (Сургаалт үгс 24:3-ыг уншина уу). Бурхан эмэгтэй хүнийг эрэгтэй хүний туслагч буюу нөхөн дүүргэгч болгон бүтээснийг Эхлэл 2:18-аас мэдэж болно. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай гэсэн үг. Жишээ нь, ихэнх эмэгтэйчүүд сэтгэл санаа нь ямар байгаагаа, хүмүүс, гэр бүл, найз нөхдийнхөө тухай ярих дуртай. Тэд чин сэтгэлийн, илэн далангүй харьцааг эрхэмлэдэг. Учир нь ингэж харьцвал өөрийг нь хайрлаж байна гэж ойлгодог. Харин эрчүүд сэтгэл хөдлөлөө ярих тийм ч дуртай биш. Хийж байгаа зүйл, тулгарч буй асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар ярихыг илүүд үздэг. Тэд хүндлүүлэх дуртай.
5 Их Британид амьдардаг нэг эмэгтэй: «Хэлэх үгийг минь сонсож, сэтгэлийг минь ойлгоосой гэж хүсээд л нөхөртэйгөө ярилцдаг. Гэтэл нөхөр маань миний яриаг сонсохын оронд надад тулгарсан асуудлыг тэр дор нь шийдэж өгөх гээд байдаг. Тэгэхлээр нь дургүй хүрчихдэг юм» гэжээ. Нэг Гэрч эрэгтэй гэрлээд удаагүй байхдаа ямар байснаа бичихдээ: «Эхнэрийгээ гачигдал зовлонгоо ярингуут би шийдэх аргыг нь шууд л заагаад өгчихдөг байлаа. Гэтэл эхнэр маань намайг зүгээр л сонсоосой гэж хүсдэг байсан юм билээ» гэсэн байна (Сур. 18:13; Иак. 1:19). Нөхөр хүн хэрсүү байвал ханийнхаа сэтгэл санааг ойлгож, тэр дагуу харьцах гэж хичээнэ. Үүний зэрэгцээ юу бодож, ямар сэтгэгдэлтэй явдгийг нь анхаарч сонирхдогоо мэдүүлнэ (1 Петр 3:7). Эхнэр нь ч нөхрийгөө ойлгохыг хичээнэ. Нөхөр эхнэр хоёр Бурхнаас авсан үүргээ ухамсарлан нэр төртэй биелүүлдэг бол эвтэй сайхан амьдарна. Түүнээс гадна аль аль нь ухаалаг байж, аливаад дүн нуруутай хандаж, зөв шийдвэрийг хамт гарган, түүнийгээ баримталдаг болно.
6, 7. а) Нөхөр эхнэр хоёр хэрсүү байхад Номлогчийн үгс 3:7-д байдаг зарчим хэрхэн туслах вэ? б) Эхнэр хүн яаж хэрсүү байх вэ? Нөхөр хүн яах хэрэгтэй вэ?
6 Түүнчлэн нөхөр эхнэр хоёр хэрсүү бол «дуугүй байх хийгээд ярих цаг» байдгийг мэддэг (Ном. 3:1, 7). Гэрлээд арван жил болсон нэг эмэгтэй: «Би ямар нэг асуудлын талаар ханьтайгаа хэдийд яривал тохиромжтойг мэддэг болсон. Нөхрийгөө ажил ихтэй эсвэл чухал даалгавар авсан үед ярихаа азнаж хэсэг зуур хүлээдэг. Тэгвэл уужуу тайван ярилцаж чаддаг» гэжээ. «Цагаа олсон зөв үг» сэтгэлд таатай, үнэ цэнэтэй байдгийг мэддэг хэрсүү эхнэр эелдэг боловсон ярьдаг (Сургаалт үгс 25:11-ийг уншина уу).
7 Нөхөр хүн эхнэрийнхээ ярихыг зүгээр л сонсох бус, өөрөө бас юу бодож санаж байгаагаа тодорхой хэлэх учиртай. Гэрлээд 27 жил болсон ахлагч: «Сэтгэл зүрхнийхээ угт юу байгааг эхнэртээ хэлэхийг одоо ч сайн сураагүй байна» гэжээ. Өрхийн тэргүүн болоод 24 жилийг өнгөрүүлсэн өөр нэг эрэгтэй: «„Энэ тухай одоо яриад яах юм, аяндаа л учир нь олдоно“ гэж бодоод чимээгүй өнгөрөөчихдөг. Гэхдээ санасан бодсоноо яриад байх нь сул доройн шинж биш гэдгийг ойлгосон. Бодол санаагаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй бол үгээ зөв сонгоод зөв ярихад туслахыг гуйн залбирдаг. Тэгээд урт амьсгаа аваад яриагаа эхэлдэг» хэмээн өөрийнхөө туршлагыг ярьсан. Бас тохиромжтой үед, тухайлбал, өдөр тутмын зүйлийг хоёулхнаа хэлэлцэх юм уу Библийг хамт уншихдаа ярилцах хэрэгтэй.
8. Жаргалтай гэр бүл болохын тулд христиан хосууд юу хийхэд бэлэн байдаг вэ?
8 Нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь бодол санаагаа илүү сайн хуваалцдаг болохыг хүсдэг, үүнийхээ төлөө залбирдаг байх нь нэн чухал. Сурсан юмыг өөрчлөх амархан биш байх л даа. Гэхдээ Еховаг хайрладаг, сүнсийг нь гуйдаг, гэр бүлийг ариун нандин зүйл гэж үздэг хосууд дадаж сурсан юмаа өөрчлөхийг эрмэлздэг. Хадамд гараад 26 жил болсон эмэгтэй: «Нөхөр бид хоёр гэрлэлтийн талаарх Еховагийн үзлийг хүндэтгэдэг учир салж сарних тухай бодож ч үзээгүй. Тиймээс хоёулаа ярилцаж байгаад гэр бүлийнхээ асуудлыг шийдэхийн тулд чадах бүхнээ хийдэг» гэж бичжээ. Бие биедээ болон Еховад үнэнч байдаг бол таалалд нь багтаж арвин их ивээл хүртэнэ (Дуу. 127:1).
УЛАМ ИХ ХАЙРЛААРАЙ
9, 10. Нөхөр эхнэр хоёр бие биедээ улам хайртай болохын тулд яах хэрэгтэй вэ?
9 «Эв нэгдлийн төгс холбоос» болсон хайр гэр бүлийн амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг (Кол. 3:14). Нөхөр эхнэр хоёр бие биедээ үнэнч байж жаргал зовлонг хамт туулах тусам хоёр биенээ улам их хайрлаж, хамгийн дотны найзууд болдог. Тэд үргэлж хамт байх дуртай. Ийм хосууд улам дотно, илүү их аз жаргалтай байхын тулд кинонд гардаг шиг хааяа нэг сүртэй том юм хийгээд л болчихдоггүй. Тэврэлдэх, эелдэг зөөлөн үг хэлэх, аятайхан дохиж зангах, инээмсэглэх, «Өнөөдөр ямар байв?» гэж чин сэтгэлээсээ асуух зэргээр өдөр бүр нэг нэгнээ баярлуулдаг. Ялихгүй гэмээр ийм зүйл ч гэр бүлд асар их ач холбогдолтой байдаг. Эхнэртэйгээ 19 жил жаргалтай амьдарч байгаа нэг нөхөр «сонин сайхнаа мэдэлцэх гэж» өдөр бүр бие биетэйгээ утсаар ярих юм уу мессеж бичдэг гэжээ.
10 Түүнчлэн бие биеэ үргэлж таньж мэдэхэд хайр чухал (Флп. 2:4). Төгс бус ч гэсэн хоёр биенээ хэдийчинээ сайн мэднэ, төдийчинээ хайрладаг болно. Гэр бүлээ сайн сайхан авч явдаг нөхөр эхнэр хоёр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүр ч илүү дотносож, улам жаргалтай болдог. Та хань ижилтэй бол дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би ханиа хэр сайн мэддэг вэ? Ямар ч үед ойлгодог уу? Би ханийнхаа талаар хэр их боддог вэ? Тухайлбал сэтгэлийг минь булаасан тэр сайхан зан чанарыг нь одоо ч боддог уу?».
ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДААРАЙ
11. Гэр бүлээ бат бэх байлгахад хүндэтгэл яагаад чухал бэ? Жишээ хэлнэ үү.
11 Төгс төгөлдөр гэр бүл гэж байхгүй. Хамгийн жаргалтай, бие биедээ үнэхээр хайртай хосууд ч дандаа нэг хүн шиг байдаггүй. Абрахам Сара хоёрт санал зөрөлдөх үе гарч байсан (Эх. 21:9–11). Гэлээ ч тэдний харьцаанд сэв суугаагүй юм. Яагаад? Хоёр биендээ хүндэтгэлтэй ханддаг байсных ажээ. Жишээ нь, Абрахам Сарад «Чи өөрийгөө миний охин дүү гэж хэлнэ үү» хэмээн ихэд хүндэтгэлтэй хэлсэн (Эх. 12:11, 13). Сара Абрахамыг «эзэн» хэмээн хүндэтгэж, захирагддаг байжээ (Эх. 18:12). Нөхөр эхнэр хоёр бие биеэ хүндэтгэхээ больсон нь ихэнхдээ үг яриа, дуу хоолойных нь өнгөнөөс илэрхий харагддаг (Сур. 12:18). Бие биеэ хүндэтгэхгүй бол гэр бүлийн амьдрал нь сүйрэх аюултай (Иаков 3:7–10, 17, 18-ыг уншина уу).
12. Шинэхэн хосууд хүндэтгэлтэй ярьж сурахыг онцгой их анхаарах хэрэгтэйн учир юу вэ?
12 Шинэхэн хосууд эелдэг бөгөөд хүндэтгэлтэй ярьж сурахыг онцгой их анхаарах нь зүйтэй. Ингэвэл бодол санаагаа нууж хаалгүй, чөлөөтэй хуваалцах нөхцөл бүрдэнэ. Нэг эрэгтэй: «Гэрлэсэн анхны жил жаргалтай байдаг ч уур хүрэх юм заримдаа гардаг. Нөхөр нь эхнэрийнхээ, эхнэр нь нөхрийнхөө сэтгэл санаа, дадал зуршил, хэрэгцээ шаардлагыг мэддэг болоод ирэхлээр „Ийм хүн байсан юм уу?“ гэсэн бодол төрдөг л юм! Гэхдээ ухаалаг байж, юмыг тоглоом шоглоом болгож өнгөрөөдөг, Еховад найддаг, даруу, тэвчээртэй бол хэн хэнд нь тустай» гэж хэлсэн. Юутай үнэн үг вэ!
ЖИНХЭНЭ ЁСООР ДАРУУ БАЙГААРАЙ
13. Гэр бүлээ жаргалтай байлгая гэвэл даруу байх нь яагаад чухал бэ?
13 Нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь «сүнс дотор даруу» байсан цагт л эв найртай, эелдэг зөөлөн байж бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж чадна (1 Петр 3:8). Гэрлээд 11 жил болсон нэг Гэрч: «Даруу байвал санал зөрөлдөөнийг дор нь шийдэж болдог. Яагаад гэвэл даруу хүн: „Намайг уучлаарай“ гэж хэлж чаддаг» хэмээсэн. Эхнэртэйгээ 20 жилийн турш жаргалтай амьдарч байгаа нэг ахлагч: «„Намайг уучлаарай“ гэж хэлэх нь заримдаа „Би чамд хайртай“ гэхээс илүү чухал байдаг» гээд цааш нь «Даруухан байх хамгийн хялбар арга бол залбирах юм. Эхнэр бид хоёр хамт залбирахлаараа өөрсдийнхөө төгс бусыг, Еховагийн нигүүлсэнгүйг санадаг. Тэгээд юманд зөв ханддаг» гэжээ.
14. Бардам зан ямар аюултай вэ?
14 Бодол санаагаа хуваалцаж, асуудлаа шийдэхэд бардам зан саад болдог. «Намайг уучлаарай» гэж хэлэх зориг ч, хүсэл ч байдаггүй. Бардам хүн өөрийгөө өмөөрдөг. Алдаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд бусдыг буруутгадаг. Гомдохлоороо эвлэрэх гэж хичээдэггүй. Харин ч хэдэр үг хэлэх юм уу хүйтэн цэвдэг царайлан дуугаа хураадаг (Ном. 7:9). Бардам зангийн балгаар гэр бүл сүйрэх аюултай. «Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдгийг» санах нь зүйтэй (Иак. 4:6).
15. Гэрлэсэн хос маргаанаа шийдэхэд Ефес 4:26, 27-д байдаг зарчим ямар ач тустай вэ?
15 Нөхөр эхнэр хоёр санал зөрөлдсөн үедээ бардам загналгүй, асуудлаа түргэн шийдэхийг хичээх хэрэгтэй. Паул итгэл нэгтнүүддээ «Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» гэж хэлсэн (Еф. 4:26, 27). Бурхны Үгийг үл тоомсорловол зовлон амсана. Нэг Гэрч эмэгтэй: «Нөхөр бид хоёр Ефес 4:26, 27-г хааяа хэрэгжүүлж чаддаггүй юм. Тэр шөнө нь би их муу унтдаг» гэж харамсан өгүүлжээ. Тайван ярилцаж, асуудлаа даруйхан шийдэх нь хэчнээн сайн бэ! Ингэж ярилцахын өмнө нөхөр эхнэр хоёрын хэн хэн нь тайвширсан байх хэрэгтэй. Бас даруу байхад туслахыг Еховагаас гуйж залбирах нь чухал. Даруу хүн өөрийгөө бодохын оронд, асуудлаа шийдэхийг л хичээнэ (Колоссай 3:12, 13-ыг уншина уу).
16. Хосууд нэг нэгнийхээ сайн талыг үнэлж эрхэмлэхэд даруу зан тус болдог гэхийн учир юу вэ?
16 Даруу, дөлгөөн зантай хүн ханийнхаа чадал чадварыг үнэлдэг. Жишээлбэл эхнэр нь нөхрөөсөө илүү авьяас чадвартай байлаа гэж бодъё. Нөхөр нь даруу бол эхнэртэйгээ өрсөлдөхгүй, харин ч авьяас чадвараа гэр бүлдээ зориулахыг хөхүүлэн дэмжинэ. Ийнхүү эхнэрээ хайрлаж, хүндэтгэдэг (Сур. 31:10, 28; Еф. 5:28, 29). Нөгөөтэйгүүр, даруу эхнэр чадал чадвартаа эрдэн нөхрөө дорд үздэггүй. Тэд «нэг бие махбод» учраас нэг нь зовбол нөгөө нь бас зовно (Мат. 19:4, 5).
17. Жаргалтай байж, Бурхныг алдаршуулахын тулд нөхөр эхнэр хоёр яах хэрэгтэй вэ?
17 Та Абрахам Сара, Исаак Ребека нарынх шиг жинхэнэ аз жаргалтай, бат бэх гэр бүлтэй байж, Еховаг алдаршуулахыг хүсдэг байх. Тэгвэл гэр бүлийн талаарх Бурхны үзэл бодлыг үргэлж анхаарч яваарай. Үгийг нь судалж хэрсүү болоорой. «ЭЗЭНий дөл» болсон жинхэнэ хайрыг илэрхийлж, ханиа хүндэлж яваарай (Сол. 8:6). Даруу байхыг хамаг чадлаараа хичээгээрэй. Ханиа хүндлээрэй. Ингэж гэмээнэ та хоёр ч, тэнгэрийн Эцэг тань ч баяртай байна (Сур. 27:11). Ханийн жаргал эдлээд 27 жил болж байгаа нэгэн нөхөр: «Эхнэр минь үгүй бол амьдрал ямар байхыг төсөөлж чадахгүй. Гэр бүл минь өдөр ирэх бүр бат бэх болж байна. Бид хоёр Еховаг хайрладаг, бие биетэйгээ бодол санаагаа тогтмол хуваалцдаг учраас тэр юм» гэж бичжээ. Та ч бас ингэж хэлэх биз ээ.