Уншигчдын асуулт
Израильчууд гэмт хэрэгтнүүдийг шонд хадаж цаазалдаг байсан уу?
Эрт үед ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг шонд хадаж цаазалдаг үндэстнүүд олон байсны нэг нь ромчууд юм. Шонд хүлүүлсэн юм уу хадуулсан ялтан хэд хоног нар салхинд гандаж, бороо шороонд нүдүүлж, өлсөж цанган, зовж тарчилж байгаад амьсгал хураадаг байжээ. Шонд хадуулах шийтгэл авна гэдэг бол хамгийн шившигтэйгээр үхэж байгаа хэрэг хэмээн ромчууд үздэг байв.
Эртний израильчууд яадаг байсан бэ? Гэмт хэрэгтнүүдийг шонд хадаж цаазалдаг байсан уу? Мосегийн хуульд «Үхвэл зохих нүгэл үйлдсэн хүнийг алж, түүнийг модонд өлгөвөл хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг тэр өдөрт нь булшил» хэмээн заажээ (Д.хууль 21:22, 23). Тэгэхлээр, үхвэл зохих хүний амийг хороочихоод, дараа нь хүүрийг нь шонд юм уу модонд өлгөдөг нь Еврей Судар бичигдэж байх үеийн ёс байжээ.
Левит 20:2-т «Израилийн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна» гэжээ. «Бөө болон сүнс дуудагч» хүмүүсийг бас алах ёстой бөгөөд ингэхдээ «чулуугаар чулууддаг» байсан (Лев. 20:27).
Дэд хууль 22:23, 24-т «Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад, унтвал та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул» хэмээн бичжээ. Эртний израильчуудын хувьд, чулуу нүүлгэж алах нь ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэх гол арга байжээ. *
Тэгэхлээр, үхвэл зохих хүний амийг хороочихоод, дараа нь хүүрийг нь шонд юм уу модонд өлгөдөг нь Еврей Судар бичигдэж байх үеийн ёс байжээ.
Дэд хууль 21:23-т «Модон дээр өлгөгдсөн хүн бол Бурханаар хараагдсан болой» гэж байдаг. «Бурханаар хараагдан» шившигтэйгээр үхсэн хүний хүүрийг шон юм уу модонд өлгөдөг нь бусад израильчуудад сануулга болдог байсан.
^ Мосегийн хуулиар бол гэмт хэрэгтэнг цаазлан хороосны дараа цогцсыг нь шонд өлгөдөг байсныг олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Харин нэгдүгээр зууны үед иудейчүүд зарим гэмт хэрэгтэнг амьдаар нь шонд хаддаг байсан бөгөөд тухайн гэмт хэрэгтэн шонд хадуулсныхаа дараа амьсгал хураадаг байсан нь баримтаар батлагддаг.