Skip to content

Гарчиг руу орох

«Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? ... Бидэнд хэлээч»

«Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? ... Бидэнд хэлээч»

«Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» (МАТ. 24:3).

1. Бид элч нарын адилаар, юу мэдэхийг хүсдэг вэ?

 ЕСҮС дэлхий дээр хийж гүйцэтгэх ажлаа дуусгах дөхөж байлаа. Ирээдүйд юу болохыг мэдэх гэж шавь нар нь ихэд хүсжээ. Тиймд түүнийг нас барахаас хэдхэн хоногийн өмнө дөрвөн элч нь: «Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» хэмээн асуув (Мат. 24:3; Марк 13:3). Есүс тэдний асуултад хариулахдаа гүн гүнзгий утгатай зөгнөл хэлснийг «Матай» номын 24, 25-р бүлэгт тэмдэглэсэн байдаг. Уг зөгнөл ёсоор, дэлхий нийтийн анхаарлыг татах олон үйл явдал болох ажээ. Есүсийн хэлсэн үг бидэнд чухал ач холбогдолтой. Учир нь бид бас ирээдүйгээ анхаарч сонирхдог.

2. а) Бид илүү тодорхой ойлголттой болохын тулд олон жил юу хийж ирсэн бэ? б) Энэ өгүүллээр ямар гурван асуултыг авч үзэх вэ?

2 Еховагийн үйлчлэгчид бид Есүсийн хэлсэн эцсийн өдрүүдийн тухай зөгнөл хэзээ биелэхийг илүү тодорхой ойлгох гэж олон жил анхааралтай судалж ирсэн. Тэр хэрээр зөв ойлголттой болсон. Жишээ болгон дараах гурван асуултыг авч үзье. «Агуу их гай гамшиг» хэзээ эхлэх вэ? Есүс «хонь», «ямааг» хэзээ ялгах вэ? Есүс хэзээ «ирэх» вэ? (Мат. 24:21; 25:31–33).

АГУУ ИХ ГАЙ ГАМШИГ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?

3. Өмнө нь бид агуу их гай гамшгийн талаар ямар ойлголттой байсан бэ?

3 Өмнө нь бид юу гэж ойлгодог байсан бэ? Дэлхийн І дайн 1914 онд дэгдэхэд агуу их гай гамшиг эхэлсэн. Ехова «тэр өдрүүдийг богиносгосноор» уг дайн 1918 онд дууссан. Үүний ачаар тослогдсон христиануудын үлдэгсэд бүх үндэстэнд сайн мэдээ дэлгэрүүлэх боломжтой болсон (Мат. 24:21, 22). Дэлгэрүүлэх ажил дуусахлаар Сатаны ертөнцийг устгана. Дүгнэж хэлбэл, агуу их гай гамшиг гурван үе шаттай. 1914 оноос эхэлж, 1918 онд завсарлаж, Хармагедоноор дуусна.

4. Эцсийн өдрүүдийн тухай Есүсийн зөгнөлийг нарийвчлан судлаад юу ойлгосон бэ?

4 Гэхдээ бид Есүсийн зөгнөлийг нарийвчлан судалж үзээд нэг зүйлийг ойлгосон юм. Эцсийн өдрүүдийн тухай зөгнөл өмнө нь нэг удаа биелсэн, ирээдүйд бас биелэх учиртай ажээ (Мат. 24:4–22). МЭ I зуунд Иудейд анх удаа биелсэн. Өнөө үед дэлхий даяар биелнэ. Энэ ойлголтын ачаар өөр зүйлүүд тодорхой болсон. *

5. а) 1914 онд эхэлсэн хүнд үеийг Библид юу гэж бичсэн бэ? б) Энэ үеийг МЭ I зууны ямар цаг үетэй адилтгаж болох вэ?

5 Бас агуу их гай гамшиг 1914 онд эхлээгүйг бид ойлгосон. Яагаад тэгж хэлж болох вэ? Агуу их гай гамшиг эхэлсний шинж тэмдэг нь улс үндэстнүүдийн хоорондох дайн тулаан бус, харин хуурамч шашин руу довтлох довтолгоо байх болно гэдгийг Библийн зөгнөл хэлж өгдөг. Тэгэхлээр 1914 онд болсон үйл явдал агуу их гай гамшиг эхэлсний шинж биш, харин «төрөх өвдөлтийн эхэн» ажээ (Мат. 24:8). Энэхүү «төрөх өвдөлтийг» МЭ 33–66 онд Иудей, Иерусалимд болсон үйл явдалтай адилтгаж болно.

6. Агуу их гай гамшиг эхэлсний шинж тэмдэг юу байх вэ?

6 Агуу их гай гамшиг эхэлсний шинж тэмдэг юу байх вэ? Есүс: «Эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг» гэжээ (Мат. 24:15, 16). МЭ 66 онд Ромын арми («бузар юм») Иерусалим болон сүм (иудейчүүдийн хувьд ариун газар) рүү довтлоход энэ зөгнөл эхний удаа биелсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага (орчин үеийн «бузар юм») христ шашны ертөнц (өөрсдийгөө христиан гэдэг хүмүүсийн хувьд ариун) болон Агуу Вавилоны үлдсэн хэсэг рүү дайрахад Есүсийн хэлсэн дээрх зөгнөл бас дахин биелнэ. Илчлэлт 17:16–18-д энэ довтолгооны тухай бичсэн байдаг. Тэгэхлээр уг үйл явдал нь агуу их гай гамшиг эхэлсний шинж тэмдэг байх юм.

7. а) Нэгдүгээр зууны христианууд яаж аврагдсан бэ? б) Ирээдүйд юу болох вэ?

7 Есүс: «Тэр өдрүүдийг богиносгоно» гэж зөгнөжээ. МЭ 66 онд Ромын арми бүслэлтээ түр зогсоосноор энэ зөгнөл эхний удаа биелсэн. Тэр үед Иерусалим, Иудейд байсан тослогдсон христианууд «махан бие» буюу амиа аврахын тулд хотоос зугтжээ (Матай 24:22-ыг уншина уу; Мал. 3:17). Тэгвэл агуу их гай гамшгийн үед юу болох вэ? Нэгдсэн Үндэстний Байгууллага хуурамч шашин руу довтлох үед жинхэнэ шашныг хамт устгуулахгүйн тулд Ехова хөндлөнгөөс оролцоно. Үүний дүнд Бурхны ард түмэн аврагдана. Есүсийн зөгнөл хоёр дахь удаагаа ийнхүү биелнэ.

8. а) Агуу их гай гамшгийн эхний шинж тэмдэг илэрсний дараа ямар үйл явдал болох вэ? б) Дэлхий дээр байх тослогдсон бүх христиан хэзээ тэнгэрийн шагналаа авна гэж үзэж болох вэ? (Тэмдэглэл үзнэ үү).

 8 Агуу их гай гамшгийн эхний шинж тэмдэг илэрсний дараа юу болох вэ? Есүсийн хэлсэн үгийг бодож үзвэл, Хармагедон болтол хэсэг хугацаа өнгөрөх ажээ. Тэр хугацаанд юу болохыг Езекиел 38:14–16; Матай 24:29–31-д бичсэн (Уншина уу). * Дараа нь агуу их гай гамшгийн оргил үе буюу Хармагедон болно. Энэ үйл явдлыг МЭ 70 оны Иерусалимын сүйрэлтэй адилтгаж болно (Мал. 4:1). Хармагедон бол «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл» болж байгаагүй үйл явдал юм (Мат. 24:21). Дараа нь Христийн мянган жилийн засаглал эхэлнэ.

9. Агуу их гай гамшгийн тухай зөгнөлийг мэдэх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

9 Агуу их гай гамшгийн тухай энэ зөгнөлийг мэдэхлээр урам зориг бадардаг. Яагаад? Агуу их гай гамшгийн үед юу ч тохиолдсон Еховагийн ард түмэн бөөнөөрөө эсэн мэнд үлдэхийг энэ зөгнөл хэлж өгдөг (Илч. 7:9, 14). Түүнээс гадна, Хармагедоны үед Ехова хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөн хамгийн сайн Удирдагч гэдгээ баталж, агуу нэрээ ариусгана (Дуу. 83:18; Езе. 38:23).

ЕСҮС ХОНЬ ЯМААГ ХЭЗЭЭ ЯЛГАХ ВЭ?

10. Хонь ямааг хэзээнээс ялгана гэж бид ойлгодог байсан бэ?

10 Есүсийн хэлсэн өөр нэг зөгнөл буюу хонь, ямааг ялгах тухай ёгт үлгэр хэзээ биелэхийг авч үзье (Мат. 25:31–46). 1914 оноос эхэлсэн эцсийн өдрүүдэд хүмүүсийг шүүж, хэн нь хонь мэт, хэн нь ямаа мэт болохыг ялгаж танина гэж бид ойлгодог байсан. Хаанчлалын мэдээг хүлээж аваагүй, агуу их гай гамшиг эхлэхээс өмнө нас барсан хүмүүсийг ямаанд тооцож, дахин амилах найдваргүй гэж үздэг байв.

11. Хонь ямааг ялгах ажил 1914 онд эхлээгүй гэхийн учир юу вэ?

11 Матай 25:31-д «Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж, Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно» хэмээн зөгнөснийг 1990-ээд дундуур дахин нягталж үзээд «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтэлсэн билээ. Есүс 1914 онд Бурхны Хаанчлалын Хаан болсон ч «бүх үндэстний» Шүүгч болоогүйг уг сэтгүүлд онцлон тэмдэглэжээ (Мат. 25:32; Даниел 7:13-тай харьцуулна уу). Харин хонь ямааны тухай ёгт үлгэрт Есүсийг Шүүгчээр дүрсэлсэн байдаг (Матай 25:31–34, 41, 46-г уншина уу). Тэгэхлээр Есүс бүх үндэстнийг шүүж, хонь ямаагаар нь ялгах ажлыг 1914 оноос хийж эхлээгүй гэж үзэх нь зүйд нийцнэ. * Тэгвэл хэзээнээс шүүж эхлэх вэ?

12. а) Есүс бүх үндэстнийг хэзээнээс шүүж эхлэх вэ? б) Матай 24:30, 31 болон Матай 25:31–33, 46-д ямар үйл явдал гардаг вэ?

 12 Эцсийн өдрүүдийн тухай Есүсийн зөгнөлөөс харвал хуурамч шашин устгагдсаны дараа тэрбээр бүх үндэстнийг анх удаа шүүх ажээ. Тэр үед болох зарим үйл явдлыг Матай 24:30, 31-д бичсэн байдгийг  8-р догол мөрд дурдсан билээ. Хэрэв та энэ хоёр зүйлийг судалж үзвэл тэнд гардаг үйл явдал хонь ямааны тухай ёгт үлгэрт гардаг үйл явдалтай төстэй болохыг ойлгоно. Жишээ нь, хүний Хүү цог жавхлантайгаар, тэнгэр элч нарынхаа хамт ирнэ; бүх овог, үндэстнийг цуглуулна; хонинд тооцогдсон хүмүүс «мөнх аминд орох» учир «тэргүүнээ өргөнө». * Ямаанд тооцогдсон хүмүүс өөрсдийг нь «мөнх шийтгэл» хүлээж байгааг мэдээд «гашуудан уйлна» (Матай 25:31–33, 46).

13. а) Есүс хонь ямааг хэзээ ялгах вэ? б) Энэ мэдлэгийн ачаар бид дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн ханддаг вэ?

13 Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Есүс агуу их гай гамшиг эхэлсний дараа ирээд бүх үндэстнийг шүүж, хонь ямаагаар нь ялгана. Тэгээд агуу их гай гамшгийн оргил болох Хармагедоны үед ямаа мэт хүмүүсийг бүрмөсөн устгана. Энэ мэдлэгийн ачаар бид дэлгэрүүлэх ажлын чухлыг улам бүр ухаардаг. Агуу их гай гамшиг эхлэхээс өмнө бодлоо өөрчилж, «амь уруу хөтөлдөг» нарийн замаар явах боломж хүмүүст бий (Мат. 7:13, 14). Одоохондоо, зарим хүн хонь мэт, зарим нь ямаа мэт санагдаж болох юм. Гэхдээ агуу их гай гамшгийн үеэр л хэн нь хонь, хэн нь ямаанд тооцогдох нь тодорхой болно. Үүнийг бид мартах ёсгүй. Тиймд Хаанчлалын тухай мэдээ сонсож, хүлээж авах боломжийг аль болох олон хүнд олгох нь нэн чухал.

Агуу их гай гамшиг эхлэхээс өмнө бодлоо өөрчлөх боломж хүмүүст бий (13-р догол мөрийг үзнэ үү)

ЕСҮС ХЭЗЭЭ ИРЭХ ВЭ?

14, 15. Христ ирээдүйд Шүүгчийн үүрэг гүйцэтгэхээр ирэхийг Библийн ямар дөрвөн зүйлд бичсэн байдаг вэ?

14 Есүсийн хэлсэн зөгнөлийг нарийвчлан судалбал юу ойлгох вэ? Бусад чухал үйл явдал хэзээ болох талаарх ойлголтоо өөрчлөх шаардлага гарах юм биш биз? Энэ асуултын хариуг зөгнөл өөрөө хэлж өгдөг.

15 Матай 24:29—25:46-д бичсэн зөгнөлд эцсийн өдрүүд болон агуу их гай гамшгийн үед юу болохыг онцолдог. Есүс өөрийнхөө «ирэхийг» уг зөгнөлд найман удаа дурджээ. Тэрбээр агуу их гай гамшгийн тухай хэлэхдээ «Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр ... ирэхийг харна»; «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй»; «Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» гэсэн. Түүнчлэн хонь ямааны тухай ёгт үлгэртээ «Хүний Хүү алдраа дуурсган ... ирнэ» гэжээ (Мат. 24:30, 42, 44; 25:31). Ирээдүйд Христ Шүүгчийн үүрэг гүйцэтгэхээр ирэхийг энэ дөрвөн зүйлд бичсэн байна. Өөр ямар дөрвөн зүйлд Есүсийн «ирэх» тухай байдаг вэ?

16. Өөр ямар зүйлд Есүсийн ирэхийг дурдсан байдаг вэ?

16 Есүс итгэмжит, ухаалаг боолын талаар «Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ!» гэсэн. Арван охины тухай ёгт үлгэртээ «Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирсэн» гэжээ. Харин талантын тухай ёгт үлгэр ярихдаа «Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирсэн» гэжээ. Мөнхүү үлгэрт тэр боолуудын эзэн: «[Би] буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм» гэж ярьдаг (Мат. 24:46; 25:10, 19, 27). Энэ дөрвөн зүйлд «ирэх» гэдгээр хэзээ болох үйл явдлын тухай өгүүлж байна вэ?

17. Матай 24:46-д «ирэх» гэж бичсэнийг бид юу гэж тайлбарладаг байсан бэ?

17 Бид өмнө нь энэ дөрвөн зүйлийг Есүс 1918 онд ирсэнтэй холбон тайлбарлаж ном хэвлэлд бичдэг байсан. Жишээ болгон «итгэмжит ухаалаг боолын» тухай ёгт үлгэрийг авч үзье (Матай 24:45–47-г уншина уу). 46-р зүйлд гардаг «ирэх» гэдгийг Есүс тослогдсон христиануудын сүнслэг байдлыг шалгахаар 1918 онд ирсэнтэй холбож ойлгодог байсан. Бас Эзэн хамаг эзэмшил хөрөнгөө 1919 онд тэр боолд даатгасан гэж үздэг байв (Мал. 3:1). Гэвч Есүсийн хэлсэн зөгнөлийг нарийн судлаад үзтэл зарим үйл явдал хэзээ болох талаарх ойлголтоо өөрчлөх шаардлага гарч байна. Яагаад?

18. Есүсийн хэлсэн зөгнөлийг бүхэлд нь авч үзвэл түүний ирэх талаар ямар дүгнэлт хийж болох вэ?

18 Матай 24:46-ийн өмнөх зүйлүүдэд бичсэн «ирэх» гэдэг нь агуу их гай гамшиг эхэлсний дараа Есүс ирээд шүүх ажиллагаа явуулахаар ирэх тэр цаг үед хамаатай (Мат. 24:30, 42, 44). Түүнчлэн  12-р догол мөрд үзсэнээр, Матай 25:31-д Есүсийн «ирэх» нь мөн л ирээдүйд болох шүүх ажиллагаатай холбоотой. Тэгэхлээр Матай 24:46, 47-д бичсэн үйл явдлыг ирээдүйд болно гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, агуу их гай гамшиг эхэлсний дараа Есүс ирээд итгэмжит боолд хамаг эзэмшил хөрөнгөө даатгана. Есүсийн хэлсэн зөгнөлийг ийнхүү бүхэлд нь авч үзвэл түүний ирэх тухай энэ найман зүйл агуу их гай гамшгийн үеэр шүүх ажиллагаа явуулахаар ирэх цагт хамаатай нь тодорхой болдог.

19. Энэ өгүүллээр юу үзсэн бэ? Дараа дараагийн өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?

19 Одоо, юу үзсэнээ дүгнэе. Өгүүллийн эхэнд «хэзээ» гэсэн гурван асуултыг хөндсөн. Нэгдүгээрт, агуу их гай гамшиг хэзээ эхэлсэн бэ гэдэг асуултад: 1914 онд эхлээгүй, харин НҮБ Агуу Вавилон руу довтлоход эхэлнэ гэж ярилцсан. Хоёрдугаарт, Есүс хонь ямааг хэзээ ялгах вэ гэсэн асуултад: 1914 оноос ялгаж эхлээгүй, харин агуу их гай гамшгийн үеэр ялгана гэхийн учрыг авч үзсэн. Гуравдугаарт, Есүс хамаг эзэмшил хөрөнгөө итгэмжит боолд 1919 онд даатгахаар ирээгүй, харин агуу их гай гамшгийн үед даатгахаар ирнэ гэхийн учрыг мэдэж авсан. Тэгэхлээр «хэзээ» гэсэн энэ гурван асуулт нэг л цаг үе буюу агуу их гай гамшигтай холбоотой байх нь ээ. Бидний ойлголт ийнхүү өөрчлөгдсөн нь итгэмжит боолын тухай ёгт үлгэрийг зөв ойлгоход хэрхэн тус болох вэ? Түүнчлэн эцсийн өдрүүдэд биелж байгаа Есүсийн хэлсэн бусад ёгт үлгэрийг ойлгоход ямар ач холбогдолтой вэ? Энэ чухал асуултуудыг дараа дараагийн өгүүллээр үзнэ.

 

^ Догол мөр 4: Дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1994 оны 2-р сарын 15-ны дугаарын 8–21-р хуудас; 1999 оны 5-р сарын 1-ний дугаарын 8–20-р хуудаснаас үзнэ үү (англи).

^ Догол мөр 8: Эдгээр зүйлд дурдсан үйл явдлын нэг нь «сонгогдогсдыг ... цуглуулах» юм (Мат. 24:31). Тэгэхлээр, агуу их гай гамшиг эхлэх үед дэлхий дээр байх тослогдсон бүх христиан Хармагедон болохоос урьтаж тэнгэрт гарах бололтой. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1990 оны 8 дугаар сарын 15-ны дугаарын 30-р хуудсан дахь «Уншигчдын асуулт» буланд гарсан хариу ийнхүү өөрчлөгдөж байна.

^ Догол мөр 11: «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1995 оны 10-р сарын 15-ны дугаарын 18–28-р хуудсыг үзнэ үү (англи).

^ Догол мөр 12: Лук 21:28-ыг үзнэ үү.