Skip to content

Гарчиг руу орох

Бие биеэ анхаарч, урамшуулан зоригжуулъя

Бие биеэ анхаарч, урамшуулан зоригжуулъя

«Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя» (ЕВР. 10:24).

1, 2. Дэлхийн ІІ дайн дуусах дөхөж байх үед болсон үхлийн маршийг 230 Гэрч юуны ачаар эсэн мэнд давсан бэ?

 ДЭЛХИЙН ІІ дайны төгсгөл ойртож, нацист дэглэм нурах дөхөж байлаа. Энэ үед Гитлерийн засгийн газар бөөнөөр хорих лагериудад хоригдож байсан олон мянган хүнийг устгах тушаал гаргажээ. Хоригдлуудыг усан онгоцонд ачиж далайд живүүлэхийн тулд боомтууд руу тууж аваачсан энэ ажиллагааг хожим нь үхлийн марш гэж нэрлэсэн юм.

2 Нацистууд Заксенхаузен дахь хорих лагериас 33 000 хоригдлыг 250 километр зайтай орших Германы боомт хот Любек хүртэл тууж явав. Тэдний дунд зургаан орны 230 Еховагийн Гэрч байлаа. Өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэнээс болж бүх хоригдол сульджээ. Итгэл нэгтнүүд маань энэ хүнд үеийг хэрхэн давсан бэ? «Бид бие биеэ байнга зоригжуулж байсны хүчинд зогсолтгүй урагшилж байлаа» гэж тэдний нэг нь дурссан байдаг. «Хэрээс хэтэрсэн хүч» Бурхнаас авахын зэрэгцээ нэг нэгнээ хайрлаж байсан учраас эсэн мэнд үлдсэн гэдэг (2 Кор. 4:7, ШЕ).

3. Бидэнд итгэл нэгтнүүдийн маань дэм хэрэгтэй байдгийн учир юу вэ?

3 Үхлийн марш биш гэхэд өөр янз бүрийн зовлон бидэнд тохиолддог. Бурхны Хаанчлал 1914 онд байгуулагдахад Сатан тэнгэрээс дэлхий рүү хаягдсан. «Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» учраас «үлэмж их уур хилэнтэй» байна (Илч. 12:7–9, 12). Хармагедон ойртох тусам Сатан биднийг сүнслэгээр сулруулах гэж зовлон бэрхшээл учруулдаг. Түүнээс гадна, өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудал биднийг шаналгадаг (Иов 14:1; Ном. 2:23). Энэ бүхнээс болоод юу ч хийсэн сэтгэл сэргэхээ болих нь бий. Нэг Гэрч олон хүнийг урамшуулан зоригжуулж, Еховад үнэнч байхад нь тусалж явжээ. Харин насны эцэст өөрөө ч, эхнэр нь ч өвдөж зовоод сэтгэл санаагаар унасан аж. Энэ Гэрчид «хэрээс хэтэрсэн хүч», итгэл нэгтнүүдийнх нь дэм хэрэгтэй байлаа. Бидэнд ч мөн ялгаагүй.

4. Бусдадаа дэм өгч урам хайрлая гэвэл элч Паулын өгсөн ямар зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ?

4 Бусдадаа дэм өгч урам хайрлая гэвэл еврей христиануудад өгсөн элч Паулын зөвлөгөөг дагах хэрэгтэй. Тэрбээр: «Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя» хэмээн бичжээ (Евр. 10:24, 25). Энэ зөвлөгөө ямар утгатай болохыг ярилцаж, хэрхэн хэрэгжүүлэхийг авч үзье.

«БИЕ БИЕЭ ... АНХААР»

5. «Бие биеэ ... анхаарах» гэдэг нь ямар утгатай вэ? Яавал анхаарч байна гэсэн үг вэ?

5 «Бие биеэ ... анхаарах» гэдэг нь «бусдынхаа хэрэгцээ шаардлагыг мэдэх, тэдний талаар бодох» гэсэн утгатай. Хаанчлалын танхимд очоод итгэл нэгтэнтэйгээ мэнд мэдэлцэх юм уу аар саар юм л ярьдаг бол хэрэгцээ шаардлагыг нь мэдэж чадах уу? Үгүй л болов уу. Ер нь хүн «бусдын хэрэгт хөндлөнгөөс» оролцолгүй, «өөрийн хувийн ажлыг анхаарах» ёстой (1 Тес. 4:11; 1 Тим. 5:13). Гэхдээ ах дүүгээ мэдэхгүй бол урам хайрлаж чадахгүй шүү дээ. Тиймээс ахуй амьдрал, зан чанар, сүнслэг байдал, сайн муу талыг нь мэддэг байх нь чухал. Тэдэнтэйгээ дотно байж, хайртай гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд зөвхөн зовж зүдэрсэн, урам хугарсан үед нь биш, жирийн үед ч зориуд цаг зав гаргах учиртай (Ром 12:13).

6. Ахлагчид ямар байвал хоньчны ажлаа сайн хийх вэ?

6 «Бурханы хонин сүргийг» сайн дураараа, хичээл зүтгэлтэй хариулахыг ахлагчдад уриалсан байдаг (1 Петр 5:1–3). Хоньчны ажлаа сайн хийхийн тулд хоньдоо сайн мэдэх хэрэгтэй (Сургаалт үгс 27:23-ыг уншина уу). Ахлагчид итгэл нэгтэндээ цаг зав гаргадаг, туслахад ямагт бэлэн байдаг бол хурлынхан нь айж цэрвэлгүй тусламж гуйна. Бас юу бодож, юунд санаа зовж явдгаа илэн далангүй ярина. Ингэсэн цагт ахлагчид тухайн хүнд зайлшгүй хэрэгтэй тусламжийг үзүүлж чадна.

7. Гуньж гутарсан хүн «гоомой үгс» хэлбэл бид юу санах ёстой вэ?

7 Паул Тесалоникийн хурлынханд илгээсэн захидалдаа «Дорой буурай хүмүүст тусал» гэж бичжээ (1 Тесалоник 5:14-ийг уншина уу). «Дорой буурай хүмүүс» гэдэг нь гуньж гутарсан, сэтгэлээр унасан хүмүүс юм. Сургаалт үгс 24:10-т «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж байдаг. Сэтгэл санаагаар их унасан хүнд тусалъя гэвэл тэдний амнаас «гоомой үгс» гардгийг бодолцох хэрэгтэй (Дуу. 106:33). Тэд хэлье гэж тийм үг хэлдэггүйг санаарай. Рашел гэдэг эмэгтэй үүнийг биеэрээ амсжээ. Нэг хэсэг, ээжийнх нь сэтгэл их хямарсан аж. «Ээж минь зэвүү хүрмээр үг хэлчихдэг байв. Тэр үед нь ээжийгээ ямар хүн билээ гэж бодохыг хичээдэг байсан. Миний ээж уг нь хайр халамжтай, сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай хүн. Сэтгэл санаа нь хямарсан хүмүүс хэлье гэж муухай үг хэлдэггүй юм билээ. Хамгийн аюултай нь тийм хүнд адилхан муухай үг хэлж ширүүн дориун хандчих гээд байдаг» гэж Рашел ярьсан юм. Сургаалт үгс 19:11-д «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» гэж байдаг.

8. Ямар хүнийг онцгой анхаарч, «хайраа бататгах» хэрэгтэй вэ? Яагаад?

8 Тэгвэл урьд үйлдсэн нүглийнхээ үр дагаврыг одоо ч амсдаг, түүнээсээ болоод ичиж зовдог хүнийг хэрхэн «анхаарах» вэ? Тэр хүн шаардлагатай бүхнийг хийж алдаагаа зассан хэр нь гуньж гутраад байдаг бол яаж туслах вэ? Паул Коринтын христиануудад илгээсэн захидалдаа нүгэл үйлдээд гэмшсэн хүний талаар бичихдээ: «Тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайвшруулах нь дээр юм. Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя» гэжээ (2 Кор. 2:7, 8). Тэгэхлээр «хайраа бататгах» хэрэгтэй байх нь ээ. Өөрөөр хэлбэл, хайрлаж, санаа тавьдгаа үг яриа, үйл хэргээрээ мэдрүүлэх хэрэгтэй. Эс тэгвэл тэр хүн мэдэхгүй шүү дээ.

«ХАЙР БОЛОН САЙН ҮЙЛСЭД ХӨХҮҮЛЭН УРАМШУУЛ»

9. «Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулна» гэж яахыг хэлдэг вэ?

9 «Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя» хэмээн Паул бичжээ. Бурханд болон бусдад хайраа илэрхийлэхийг, сайн үйлсэд оролцохыг итгэл нэгтнүүддээ уриалдаг бол энэ зөвлөгөөг дагаж байна гэсэн үг. Жишээ нь, улалзах төдий цогийг үлээхлээр гал асдаг (2 Тим. 1:6). Үүн шиг, Еховад үйлчлэх идэвх зүтгэлээ алдахгүй байя гэсэн хүслийг ах дүүдээ төрүүлэх хэрэгтэй. Ингэх нэг арга нь сайн юм хийхлээр нь магтах явдал юм.

Хамт дэлгэрүүлээрэй

10, 11. а) Хэнд магтаал хэрэгтэй вэ? б) «Буруу юманд эзэмдүүлсэн» хүнд магтаал ямар ач тустайг жишээгээр хэлнэ үү.

10 Гуньж гутарсан ч бай, баяр хөөртэй ч бай, бүх хүнд магтаал хэрэгтэй. Нэг ахлагч: «Намайг сайн юм хийхэд аав маань нэг ч удаа магтаж байгаагүй. Тийм болохоор би өөрийгөө үнэлдэггүй хүн болж өссөн. ... Одоо би 50-тай. Тэгсэн ч гэсэн найз нараасаа магтаал сонсоод баярладаг юм. Ахлагчийн үүргээ сайн биелүүлж байна гээд л магтана шүү дээ. ... Хүнд урам хайрлахын чухлыг өөрийн биеэр мэдэрсэн. Тиймдээ ч бусдыг урамшуулах боломж болгоныг хайдаг» гэж бичжээ. Ер нь бүх хүн, түүний дотор эхлэгч, настангууд, сэтгэлээр унасан хүмүүсийн аль аль нь магтуулахлаараа урамшиж, цаашдаа улам ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болдог (Ром 12:10).

11 Ахлагчид «ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн» хүнд туслахдаа, урьд нь хийж байсан зүйлийг нь хэлж магтвал тухайн хүн бодлоо өөрчилж, цаашдаа улам их хичээдэг (Гал. 6:1). Мириам гэдэг Гэрч эмэгтэйд ийм явдал тохиолдсон байна. Тэрбээр: «Миний амьдрал нэг хэсэг баргар байлаа. Дотны найзууд маань үнэнийг орхичихов. Яг тэр үед аав минь цус харваснаас болж зовж байлаа. Би сэтгэлээр их унасан. Энэ хэцүү үеийг давахын тулд Гэрч биш залуутай үерхдэг болов» хэмээн бичжээ. Үүнээсээ болоод Мириам өөрийгөө Еховагаар хайрлуулах зохисгүй хүн гэж санан, үнэнийг орхиё гэж бодож байлаа. Тэгтэл нэг ахлагч түүнтэй ярьжээ. Үнэнч үйлчилж байсныг нь дурсаж, Ехова одоо ч хайрладгийг хэлэхэд сэтгэл нь сэргэжээ. Ингээд итгэгч бус найз залуугаасаа холбоогоо тасалж, хайртай Бурхандаа урьдын адил үйлчлэх болсон байна.

Хайр ба сайн үйлсэд хөхүүлэн урамшуулаарай

12. Хүнийг бусадтай харьцуулах, шүүмжлэх юм уу өөрийгөө буруутгах сэтгэл төрүүлбэл юу болох вэ?

12 Итгэл нэгтнээ «хөхүүлэн урамшуулахдаа» нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэднийг бусадтай харьцуулах, илүү ихийг хийж чадсангүй гэсэн бодол төрүүлэх юм уу өөрийнхөө гаргасан хатуу дүрмийг сахисангүй гэж шүүмжилж болохгүй. Энэ арга нэг хэсэгтээ үр дүнд хүрч болох л юм. Гэхдээ удаан үргэлжлэхгүй. Харин итгэл нэгтнээ магтахын зэрэгцээ Бурхныг хайрлах сэтгэл төрүүлбэл идэвх зүтгэлтэй, үүрд мөнх үйлчлэх хүсэлтэй болно (Филиппой 2:1–4-ийг уншина уу).

«БИЕ БИЕЭ ЗОРИГЖУУЛ»

13. Бусдыг зоригжуулна гэж яахыг хэлдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

13 Бид «нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулах» учиртай. Хайр ба сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахыг улалзаж буй цогийг үлээхтэй, харин бусдыг зоригжуулахыг гал дээр мод нэмэхтэй зүйрлэж болно. Бусдыг зоригжуулах гэдэг нь Бурхандаа идэвх зүтгэлтэй, тууштай үйлчлэх зориг эрмэлзэлтэй болгоно гэсэн үг. Сэтгэлээр унасан хүнд туслахдаа эелдэг харьцаж, аядуу зөөлөн ярих нь чухал (Сур. 12:18). Түүнчлэн «сонсохдоо түргэн, ярихдаа удаан» байцгаая (Иак. 1:19). Яриаг нь анхааралтай сонсож, сэтгэл санааг нь ойлгохыг хичээвэл юунаас болоод гуньж гутарсныг нь мэдэж, тустай үг хэлж чадна.

Хамт цаг өнгөрөөгөөрэй

14. Сэтгэлээр унасан нэг Гэрчид ахлагч хэрхэн тусалсан бэ?

14 Хэдэн жил идэвхгүй байсан Гэрчид сайхан сэтгэлтэй ахлагч хэрхэн тусалсныг үзье. Ахлагч тэр хүнтэй уулзаж ярилцаж байхдаа «Харуулын цамхаг» сэтгүүлийн дугаар бүрийг нямбай судалж, цуглаанд тогтмол явахыг хичээдгийг нь мэдээд Еховад хайртай хэвээрээ байгааг нь ойлгожээ. Гэсэн ч тэр хүн хурлынхаа зарим хүнд гомдсон аж. Ахлагч түүнийг буруушаалгүй, сэтгэл санааг нь ойлгох гэж анхааралтай сонсжээ. Тэгээд хайрлаж явдгаа хэлэв. Тэгтэл тэр Гэрч урьдын таагүй явдлаас болоод хайртай Бурхандаа үйлчлэхээ больсноо ойлгосон байна. Ахлагч түүнтэй хамт дэлгэрүүлэхээр тохирчээ. Тэр ахлагчийн ачаар мөнөөх Гэрч урьдынх шигээ идэвхтэй үйлчилдэг болж, хожим нь дахин ахлагчаар томилогджээ.

Сэтгэлээр унасан хүнийг тэвчээртэй сонсоорой (14, 15-р догол мөрийг үзнэ үү)

15. Гутарсан хүмүүсийг зоригжуулах талаар Еховагаас юу сурч болох вэ?

15 Туслах гэж хэчнээн хичээсэн ч сэтгэлээр унасан хүн тийм хурдан сэргэхгүй байж магадгүй. Гэлээ ч туслахаа бүү болиорой. Паул: «Дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр ханд» гэсэн (1 Тес. 5:14). Тэвчээр алдаж цөхрөхийн оронд тусалж дэмжсээр байцгаая. Эрт үед Ехова сэтгэлээр унасан үйлчлэгчдэдээ тэвчээртэй хандаж байсан. Жишээ нь, Елиаг хүндэтгэн, энэрэнгүй сэтгэлээр тусалжээ. Тэгэхэд нь Елиа зоригжиж, дахин идэвх зүтгэлтэй үйлчилдэг болсон (Х.дээд 19:1–18). Бас чин сэтгэлээсээ гэмшсэн Давидыг өршөөн уучилсан (Дуу. 51:7, 17). Түүнээс гадна, өөрт нь үйлчлэхээ болих шахсан нэг хүнд тусалсан. Тэр хүн 73-р дууллыг бичигч юм (Дуу. 73:13, 16, 17). Ехова бидэнд, ялангуяа сэтгэлээр унаж, гутарсан хүнд энэрэнгүй, сайхан сэтгэлээр ханддаг (Ег. 34:6). Түүний өршөөл «өглөө бүр шинэ», хэзээ ч дуусахгүй (Гаш. 3:22, 23). Ехова өөрийг нь дууриагаасай, гутарсан хүмүүст сайхан сэтгэлээр хандаасай гэж хүсдэг.

БИЕ БИЕДЭЭ ДЭМ БОЛЖ АМИЙН ЗАМААР УРАГШИЛЦГААЯ

16, 17. Сатаны ёс бус тогтолцоо төгсгөл рүүгээ ойртохын хэрээр бид яах ёстой вэ? Яагаад?

16 Заксенхаузен дахь бөөнөөр хорих лагериас туугдаж явсан 33 000 хоригдлоос олон мянга нь амь үрэгджээ. Харин тэнд байсан 230 Гэрч бүгд энэ хүнд үеийг давж гарсан. Хэрэв тэд бие биеэ зоригжуулж, нэг нэгэндээ тус дэм болоогүй бол үхлийн маршийг эсэн мэнд давахгүй байх байсан.

17 Өнөөдөр бид «амь уруу хөтөлдөг» замаар явж байна (Мат. 7:14). Еховаг шүтдэг бүх хүн удахгүй «зөвт байдал оршдог» шинэ ертөнц рүү эв нэгдэлтэй алхаж орно (2 Петр 3:13). Сатаны ёс бус тогтолцоо төгсгөл рүүгээ ойртохын хэрээр нэг нэгэндээ тус дэм болж амийн замаар урагшилцгаая.