Ехова бол хамгийн сайн Найз
«Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон» (ИАК. 2:23).
1. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бид ямар чадвартай вэ?
«ХҮҮХЭД бол эцэг эхийн толь» гэлцдэг. Үнэхээр ч генийг нь өвлөж авдаг учраас хүүхдүүд эцэг эхтэйгээ адилхан байдаг. Ехова бидэнд амь өгсөн билээ (Дуу. 36:9). Бид хүмүүн хүүхдүүд нь учраас тэнгэрийн Эцэгтэйгээ ямар нэг байдлаар адилхан. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн болохоор аливааг бодож сэтгэх, дүгнэж цэгнэх, анд нөхөр бололцох чадвартай (Эх. 1:26).
2. Еховатай нөхөрлөх боломжтойн учир юу вэ?
2 Ехова Бурхантай анд нөхөр болох боломжтой. Учир нь Бурхан бидэнд хайртай. Бид ч Ехова Есүс хоёрт итгэдэг. «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж Есүс хэлжээ (Иох. 3:16). Еховатай дотно байсан хүмүүсийн жишээ Библид олон бий. Хоёр хүний тухай ярилцъя.
«МИНИЙ НАЙЗ АБРАХАМ»
3, 4. Ехова Абрахамыг яагаад «Миний найз» гэсэн бэ? Израильчуудыг анд нөхдөө гэж үзэхээ больсны учир юу вэ?
3 Ехова израильчуудын өвөг эцгийг «Миний найз Абрахам» гэжээ (Ис. 41:8). Шастирын дэд 20:7-д түүнийг Бурхны анд найз гэсэн байдаг. Абрахам бат итгэлтэй хүн байсан учир Бүтээгчтэйгээ анд нөхөр бололцжээ (Эх. 15:6; Иаков 2:21–23-ыг уншина уу).
4 Абрахамын үр удам болох эртний израильчуудын хувьд Ехова эхэндээ Эцэг нь ч байсан, Анд нөхөр нь ч байсан. Харамсалтай нь тэд амлалтад нь итгэдгээ үйл хэргээрээ харуулахаа больсон учраас Ехова Бурхан тэднийг анд нөхдөө гэж үзэхээ больжээ.
5, 6. а) Та Еховатай хэрхэн анд нөхрийн харьцаа тогтоосон бэ? б) Бид өөрсдөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?
5 Еховаг хэдийчинээ сайн таньж мэднэ, төдийчинээ их хайрладаг болж, итгэл бэхэжнэ. Бурхан бодитой оршдог Нэгэн бөгөөд хүмүүстэй нөхөрлөхийг хүсдэгийг мэдээд та ямар их баярлаж байснаа санаарай. Адам дуулгаваргүй загнасны гайгаар бүх хүн нүгэлтэй төрдгийг ч мэддэг болсон. Хүн төрөлхтөн Бурхнаас холдож хөндийрснийг ойлгосон (Кол. 1:21). Хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань хүнийг огт тоодоггүй, хүйтэн хөндий Нэгэн биш гэдгийг ухаарсан. Ехова Хүүгээ золиос болгон өгснийг мэдээд итгэсэн. Ингэж Бурхантай анд нөхрийн харьцаа тогтоосон.
6 Энэ бүхнийг бодоод «Би Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа зузаатгаж байна уу? Илүү их итгэж найддаг болж байгаа юу? Өдөр ирэх тусам улам их хайрладаг болж байна уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Еховатай дотно байсан өөр нэг хүн бол Гидеон юм. Ямар сайхан жишээ үлдээснийг нь ярилцаж, үлгэр дууриал авцгаая.
ЕХОВА БОЛ «АМАР ТАЙВАН»
7-9. а) Гидеонд ямар гайхалтай явдал тохиолдсон бэ? Үр дүн нь юу байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Еховатай дотносохын тулд яах хэрэгтэй вэ?
7 Израильчуудыг Амласан газар луу орсноос хойших ороо бусгаа үед шүүгч Гидеон Еховад үйлчилж байжээ. Гидеоныг Офрад байхад нь тэнгэр элч ирж уулзсан тухай «Шүүгчид» номын 6 дугаар бүлэгт бичсэн байдаг. Тэр цагт хөрш зэргэлдээх мидианчууд Израильд дайсагнадаг байсан учраас Гидеон улаан буудайгаа задгай талбайд биш, харин усан үзмийн шахуурга дотор цайруулж байжээ. Мидианчууд довтолбол тариагаа бушуухан нуух гэснийх аж. Тэнгэр элч ирээд өөрийг нь «эрэмгий дайчин» гэж хэлэхэд Гидеон ихэд гайхав. Ехова израильчуудыг Египетээс чөлөөлсөн ч энэ удаа тусална гэж бодохгүй байлаа. Ехова заавал тусална хэмээн амласныг тэнгэр элч дамжуулсан.
8 «Израилийг Мидианы гараас аварна» гэдэгт эргэлзэж байсан Гидеоныг Ехова тайвшруулж «Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ» хэмээн тодорхой хэлсэн (Шүү. 6:11–16). Чухам яаж гэдгийг Гидеон мэдэхгүй байсан тул «тэмдэг» үзүүлэхийг Еховагаас хүсжээ. Гэхдээ Еховаг бодитой оршдог Нэгэн гэдэгт огт эргэлзээгүйг анхаарууштай.
9 Үүний дараа Гидеоны итгэлийг бэхжүүлж, Бурхантай улам дотносоход нь туслах нэг явдал болжээ. Гидеон зоог бэлтгээд тэнгэр элчид авчирж өглөө. Тэнгэр элчийг таягаа хүргэмэгц гал дүрэлзэн зоогийг шатааж орхив. Үүнийг харсан Гидеон тэнгэр элчийг үнэхээр Еховагийн төлөөлөгч байсныг ойлгоод ихэд айн «Эзэн БУРХАН минь, би ЭЗЭНий тэнгэр элчтэй нүүр нүүрээрээ учрав» хэмээн өгүүлдэг (Шүү. 6:17–22). Энэ явдлаас болж Ехова Гидеон хоёрын харьцаанд ан цав суусан уу? Үгүй ээ! Харин ч Гидеон Еховаг амар тайвны Бурхан гэдгийг сайн ойлгожээ. Тэнд босгосон тахилын ширээгээ «ЭЗЭН бол Амар тайван» гэж нэрлэснээс нь үүнийг мэдэж болно (Шүүгчид 6:23, 24-ийг уншина уу). Бидний төлөө өдөр бүр юу хийдгийг нь эргэцүүлэн бодохлоор Еховаг жинхэнэ Анд найз гэдгийг ухаардаг. Бурханд хандан тогтмол залбирвал сэтгэл уужирч, андын холбоо зузаарна.
ЕХОВАГИЙН «АСАРТ ХЭН ОРШИН СУУХ ВЭ?»
10. Дуулал 15:3, 5-ын дагуу, Еховатай анд найз байхын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?
10 Бурхны анд нөхөр байхын тулд бид тодорхой шаардлага хангах ёстой. Еховагийн асарт оршин суух буюу анд нөхөр нь байхын тулд яах хэрэгтэйг Давид 15-р дуулалд тэмдэглэн үлдээжээ (Дуу. 15:1). Бусдыг гүтгэхгүй байх, аливаа зүйлд үнэнч шударга байх гэсэн хоёр шаардлагыг авч үзье. Еховагийн асарт оршин сууж анд нөхөр нь болсон хүн «хэлээрээ гүтгэдэггүй, ... гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй» хэмээн Давид дуулжээ (Дуу. 15:3, 5).
11. Бусдыг гүтгэхээс болгоомжлох хэрэгтэйн учир юу вэ?
11 Давид бас нэгэн дуулалдаа «Өөрийн хэлийг хорон муугаас ... сахин хамгаал» гэжээ (Дуу. 34:13). Ариун сүнсний удирдлагаар бичигдсэн энэ сануулгыг анхаарахгүй бол тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон анд нөхрийн харьцаагаа сэвтүүлнэ. Бусдыг гүтгэх нь Еховагийн гол дайсан Сатаны нэг онцлог юм. Грек хэлнээс гаралтай «Диавол» гэдэг үг «гүтгэгч» гэсэн утгатай. Бусдын тухай ярихдаа сайн бодож цэгнэдэг бол Еховатай үргэлж дотно байна. Ялангуяа хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдийн талаарх үзэл бодлоо анхаарах нь чухал (Еврей 13:17; 1 Тесалоник 5:12-ыг уншина уу).
12, 13. а) Бид яагаад аливаа зүйлд үнэнч шударга байх ёстой вэ? б) Үнэнч шударга байвал ямар үр дүнд хүрэх вэ?
12 Үнэнч шударга зан бол Еховагийн үйлчлэгчдийн нэг онцлог шинж юм. Элч Паул: «Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг [«үнэнч шударга байхыг», ШЕ] хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг» хэмээн бичжээ (Евр. 13:18). Бид ямар ч үед үнэнч шударга байхаар шийдсэн учир итгэл нэгтнүүдийнхээ юуг ч хувьдаа ашиглахыг хүсдэггүй. Жишээлбэл, христиан ах дүүгээ ажиллуулдаг бол хийсэн гэрээнийхээ дагуу цалин хөлсийг нь өгч, эрх тэгш хандах хэрэгтэй. Христианууд бид ажилчдадаа болон бусад бүх хүнд үнэнч шударгаар хандах учиртай. Харин удирдлага дор нь ажилладаг бол итгэл нэгтэн гэдгээр далимдуулан онцгой эрх дарх эдлүүлэхийг шаардах ёсгүй.
13 Еховагийн Гэрчүүдийг үнэнч шударга гэж магтдаг хүн дэлхийн хаана ч бий. Тухайлбал, Еховагийн Гэрчүүд амласнаа биелүүлдгийг барилгын салбар дахь нэгэн томоохон компанийн захирал анзаарсан байна. Тэрбээр: «Та нар хэлсэндээ хүрдэг хүмүүс» гэжээ (Дуу. 15:4). Үнэнч шударга байвал Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа зузаатгана. Хамгийн гол нь, тэнгэрийн Эцгээ алдаршуулна.
ЕХОВАГИЙН НАЙЗ БОЛОХОД НЬ ХҮМҮҮСТ ТУСАЛЪЯ
14, 15. Еховагийн анд найз болоход нь хүмүүст хэрхэн туслах вэ?
14 Дэлгэрүүлж явахад тааралддаг зарим хүн Бурхныг оршин байдаг гэдэгт итгэдэг ч хамгийн сайн Найзаа гэж үздэггүй. Тийм хүмүүст яаж туслах вэ? Есүс 70 шавиа хоёр хоёроор нь явуулахдаа «Ямар ч айлд орсон, эхлээд „Энэ айлд амар тайван байх болтугай“ гэж хэл. Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ» гэж захижээ (Лук 10:5, 6). Бид нөхөрсөг байвал хүмүүс Бурхны тухай үнэнийг мэдэх хүсэлтэй болж болох юм. Уурлаж эсэргүүцсэн хүмүүстэй эелдэг харьцвал тэд тайвширч, хожим нь үнэнийг нааштай хүлээн авах ч юм бил үү?
15 Хэт шүтлэгтэй юм уу хуурамч шашны зан үйл сахидаг хүмүүстэй таарсан ч бид нөхөрсөг, тайван байдаг. Бас бүх хүнийг, ялангуяа, өнөөгийн нийгмээс болж бухимддаг, Бурхны тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй хүмүүсийг цуглаандаа урьдаг. Нийтэд зориулсан «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библи хүнийг өөрчилдөг» буланд тийм хүмүүсийн жишээ олон бий.
ХАМГИЙН САЙН НАЙЗТАЙГАА ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ
16. Биднийг ямар учраас Еховагийн анд нөхөд төдийгүй «хамтран зүтгэгчид» гэдэг вэ?
16 Хамт ажилладаг хүмүүс дотно найзууд болох нь олонтаа. Еховад өөрийгөө зориулсан бүх хүн анд нөхөд нь төдийгүй «хамтран зүтгэгчид» нь болдог (1 Коринт 3:9-ийг уншина уу). Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд хэдийчинээ их оролцоно, тэнгэрийн Эцгийнхээ сайхан зан чанаруудыг төдийчинээ их мэдэж авдаг. Сайн мэдээг үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд ариун сүнс тусалдгийг бид хардаг.
17. Ехова бол бидний Найз гэдэг нь чуулганаас хэрхэн харагддаг вэ?
17 Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох тусам Ехова хэрхэн тусалж дэмждэгийг, эсэргүүцэгчдээс яаж хамгаалдгийг хардаг. Энэ хэрээр Еховатай улам дотно болдог. Ехова биднийг удирдаж, сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг хангадаг нь үнэхээр гайхалтай. Бидэнд юу хэрэгтэй, ямар бэрхшээл тулгараад байгааг халамжит Эцэг маань сайн ойлгодгийг чуулганаас мэдэж авдаг. Нэг гэр бүл талархсан сэтгэлээ илэрхийлэн «Чуулганаар сонссон бүхэн зүрх сэтгэлд маань хүрсэн. Ехова биднийг үнэхээр их хайрладгийг, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэгийг ойлгосон» хэмээн захидалдаа бичжээ. Ирландад болсон тусгай чуулганд Германаас ирж оролцсон нөхөр эхнэр хоёрын тухай ярья. Итгэл нэгтнүүд нь халуун дотноор угтан авч, халамж анхаарал тавьжээ. Тэр хоёр: «Хамгийн гол нь, биднийг эв нэгдэлтэй ард түмнийхээ дунд оруулсан Еховад болон Хаан Есүс Христэд маш их талархдаг. Гэрчүүд бид эв нэгдлийн тухай зүгээр нэг ярьдаг хүмүүс биш. Өөрсдөө өдөр бүр эв нэгдэлтэй байдаг. Дублинд болсон тусгай чуулганы тухай дурсах болгондоо та бүхэнтэйгээ хамт агуу Бурхандаа үйлчлэх хосгүй завшаантайгаа санаж явна» гэжээ.
АНД НАЙЗУУД ЯРИЛЦДАГ
18. Еховатай харилцах талаар өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
18 Найзууд байнга ярилцдаг бол улам дотносно. Өнөө үед хүмүүс мессеж бичих, олон нийтийн сүлжээ ашиглах зэргээр бие биетэйгээ харилцах нь түгээмэл болжээ. Тэгвэл бид хамгийн сайн Найз Еховатайгаа байнга харилцдаг уу? Тэрбээр «залбирлыг сонсдог Нэгэн» билээ (Дуу. 65:2). Та Еховатай ярих цаг зав хэр их гаргадаг вэ?
19. Тэнгэрийн Эцэгтээ сэтгэлээ уудлахад амаргүй байвал яах хэрэгтэй вэ?
19 Бурханд сэтгэлээ уудлан ярих нь зарим христианд амаргүй байдаг. Гэхдээ Ехова биднийг өөртэй нь илэн далангүй яриасай гэж хүсдэг (Дуу. 119:145; Гаш. 3:41). Сэтгэл дотроо байгаа юмыг үгээр илэрхийлэх нь танд хэцүү байдаг бол бүү цөхрөөрэй. Элч Паул Ромын христиануудад «Яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж, бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм» гэж бичжээ (Ром 8:26, 27). «Иов» «Дуулал» «Сургаалт үгс» зэрэг номыг Библиэс уншаад эргэцүүлэн боддог бол Еховад сэтгэлээ хэрхэн уудлахыг мэдэж авна.
20, 21. Филиппой 4:6, 7-д сэтгэл тайвшруулам ямар үг байдаг вэ?
20 Ярвигтай асуудал тулгарвал Филиппойн христиануудад өгсөн Паулын зөвлөгөөг дагацгаая. Тэрбээр: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл» хэмээн ариун сүнсээр удирдуулан бичжээ. Хамгийн сайн Найзтайгаа ийнхүү илэн далангүй ярьдаг бол жинхэнэ ёсоор тайвширна. Учир нь Паул цааш нь «Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж бичсэн байдаг (Флп. 4:6, 7). «Бурханы амар тайван» бидний зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаалдагт үргэлж талархаж явцгаая.
21 Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа зузаатгахад залбирал тустай. Тиймээс «тасралтгүй залбиръя» (1 Тес. 5:17). Еховатай улам дотносож, хууль тушаалыг нь биелүүлж явъя. Түүнчлэн хүртэж буй ивээлийнхээ тухай эргэцүүлэн боддог байя. Ехова бол үнэхээр бидний халамжит Эцэг, агуу Бурхан, хамгийн сайн Найз юм.