Та Бурхны байгууллагатай хөл нийлүүлэн алхдаг уу?
«[Еховагийн] мэлмий зөвт хүмүүс дээр байдаг» (1 ПЕТР 3:12).
1. Ехова тэрслүү Израилийн оронд ямар үндэстнийг өөрийнхөө нэрээр нэрлэх болсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
ОРЧИН үеийн үйлчлэгчид нь Еховаг таалалд нь нийцүүлэн шүтдэг. Эрт цагт израильчууд Бурхны ард түмэн байсан хэдий ч тэрсэлсэн учир Христийн дагалдагчдаас бүрдсэн шинэ үндэстнийг Ехова өөрийнхөө нэрээр нэрлэх болсныг өмнөх өгүүллээр үзсэн билээ. Еховагийн сайшаалыг хүлээсэн энэ үндэстэн МЭ 70 онд Иерусалимын сүйрлээр устгагдаагүй үлдсэн юм (Лук 21:20, 21). Нэгдүгээр зуунд болсон эдгээр үйл явдал Еховагийн орчин үеийн байгууллагын хөгжил цэцэглэлтийн эхлэл болсон. Сатаны ертөнц удахгүй сөнөнө. Харин Бурхны байгууллагын дэлхий дэх хэсэг байсаар байх болно (2 Тим. 3:1). Үүнд итгэж болохын учир юу вэ?
2. «Агуу их гай гамшгийн» талаар Есүс юу гэж хэлсэн бэ? Яаж эхлэх вэ?
2 Есүс энэ тогтолцооны төгсгөл хийгээд өөрийнхөө залран байх үеийн тухай зөгнөхдөө «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэжээ (Мат. 24:3, 21). Урьд өмнө болж байгаагүй энэ агуу их гай гамшиг яаж эхлэх вэ? Ехова улс төрийн хүчнүүдийг ашиглан хуурамч шашны ертөнц буюу «агуу их Вавилоныг» устгаснаар эхэлнэ (Илч. 17:3–5, 16). Дараа нь юу болох вэ?
САТАНЫ ДОВТОЛГОО, ТЭГЭЭД ХАРМАГЕДОН
3. Хуурамч шашин устгагдсаны дараа Еховагийн ард түмэнд юу тохиолдох вэ?
3 Хуурамч шашин устгагдсаны дараа Сатан болон түүний гар хөл бологчид Еховагийн ард түмэн рүү довтолно. Жишээ нь, «Магогийн газрын Гогийн» талаар Библид «Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно» хэмээн зөгнөсөн байдаг. Еховагийн Гэрчүүдэд зэвсэгт хүчин гэж байхгүй бөгөөд дэлхий дээрх хамгийн тайван амгалан хүмүүс учир хялбар олз шиг харагдана. Гэвч тэдэн рүү довтлох нь мунхаг хэрэг болно (Езе. 38:1, 2, 9–12).
4, 5. Сатан ард түмнийг нь устгах гэж оролдоход Ехова ямар арга хэмжээ авах вэ?
4 Сатан ард түмнийг нь устгах гэж оролдоход Ехова ямар арга хэмжээ авах вэ? Ард түмнийхээ төлөө орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдлээ ашиглана. Үйлчлэгчид рүү нь довтлохыг өөр лүү нь довтолж байна гэж Ехова үздэг (Зехариа 2:8-ыг уншина уу). Тиймээс тэнгэрийн Эцэг маань цаг алдалгүй биднийг аварна. Үүний дүнд «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайн» Хармагедон болж Сатаны ертөнц устгагдана (Илч. 16:14, 16).
5 Хармагедоны талаар Библид ийн зөгнөсөн байдаг. «„ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан. ... Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ“ гэж ЭЗЭН тунхаглаж байна. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. „Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна. Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно“» (Иер. 25:31–33). Сатаны ёс бус тогтолцоо Хармагедоноор ул мөргүй устгагдана. Харин Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг бүрэн бүтэн үлдэнэ.
ЕХОВАГИЙН БАЙГУУЛЛАГА ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙГААГИЙН УЧИР
6, 7. а) «Үй олон хүн» юуны ачаар цугларч байна вэ? б) Бурхны байгууллага өргөжиж байгааг юу баталдаг вэ?
6 Бурхны байгууллагын дэлхий дэх хэсэг өргөжин тэлж байна. Еховагийн сайшаалыг олсон хүмүүсээс бүрддэг учраас тэр юм. Библид «[Еховагийн] мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг» гэж бичжээ (1 Петр 3:12). Зөвт хүмүүсийн тоонд «үлэмж их зовлонгоос гарч» ирсэн «үй олон хүн» ордог (Илч. 7:9, 14). Та өөрийгөө «үлэмж их зовлон» буюу агуу их гай гамшгийг эсэн мэнд давсан тоо томшгүй олон хүний дунд байгаагаар төсөөлдөг үү?
7 «Үй олон хүнийг» бүрдүүлдэг бүх үндэстний хүмүүс дэлгэрүүлэх ажлын үрээр цугларч байна. Есүс: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн зөгнөжээ (Мат. 24:14). Тийм учраас эцсийн энэ өдрүүдэд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх нь Бурхны ард түмний гол ажил юм. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг дэлхий даяар хийж байгаагийн ачаар сая сая хүн Бурхныг «сүнс ба үнэнээр» шүтэж байна (Иох. 4:23, 24, ШЕ). Баримт дурдъя. 2003–2012 оны хооронд 2 707 000 гаруй хүн Бурханд өөрийгөө зориулснаа харуулж баптисм хүртсэн. Дэлхий дахинд буй Гэрчүүдийн тоо 7 900 000 хол давжээ. Жил бүр түүнээс ч олон сая хүн Христийн нас барсныг Дурсах цуглаанд ирдэг. «Бурхан ургуулдаг» болохоор хүмүүсийн тоо ийм хурдан нэмэгдэж байна (1 Кор. 3:5–7).
8. Еховагийн байгууллага маш хурдан өргөжин тэлж байгаагийн учир юу вэ?
8 Ехова дэмжиж, ивээж байгаа учир Гэрчүүдийнх нь тоо гайхалтай хурдан өсөж байна (Исаиа 43:10–12-ыг уншина уу). «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» хэмээн Библид зөгнөсөн байдаг (Ис. 60:22). Тослогдогсдын үлдэгсэд цагтаа «өчүүхэн нэгэн» байсан ч тоо нь нэмэгдэхийн хэрээр Бурхны байгууллага өргөжин тэлсэн (Гал. 6:16). Ехова ивээдгийн ачаар дэлхий дээр амьдрах найдвартай олон сая хүн үнэнийг хүлээн авч байна.
ЕХОВА БИДНЭЭС ЮУ ХҮСДЭГ ВЭ?
9. Бурхны амласан гэрэлт ирээдүйг үзье гэвэл яах хэрэгтэй вэ?
9 Та тослогдсон христиан, үй олон хүний аль нь ч байлаа гэсэн Бурхны амласан гэрэлт ирээдүйг үзнэ. Үүний тулд Еховагийн тушаалуудыг сахидаг байх хэрэгтэй (Ис. 48:17, 18). Израильчуудад өгсөн Еховагийн хуулийн тухай бодож үзье. Ёс суртахуун, ажил хэрэг, хүүхэд хүмүүжүүлэх, бусадтай зөв харьцах гэх зэргийн олон асуудлыг багтаасан энэ хууль тэднийг хамгаалах зорилготой байв (Ег. 20:14; Лев. 19:18, 35–37; Д.хууль 6:6–9). Өнөөдөр ч мөн ялгаагүй. Бурхны хууль тушаалууд бидний сайн сайхны төлөө байдаг бөгөөд хамгаалалт болдог. Бурхны хуулийг сахих нь бидэнд дарамттай санагддаггүй (1 Иохан 5:3-ыг уншина уу). Израильчууд Мосегийн хуулийг сахидаг байхдаа сайн сайхан амьдардаг байсан шиг, бид Ехова Бурхны хууль, зарчмыг дагаж мөрдвөл аз жаргалтай амьдарна. Хамгийн гол нь Еховад итгэх итгэл батажна (Тит 1:13).
10. Библи тогтмол судлах болон долоо хоног бүр Гэр бүлийн хичээл хийх хэрэгтэйн учир юу вэ?
10 Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг урагшилж байгаа нь хэд хэдэн зүйлээс харагддаг. Тухайлбал, Библийн үнэний талаарх ойлголт маань улам тодорхой болж байна. «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэсэн зөгнөл яахын аргагүй биелж байна (Сур. 4:18). Гэхдээ бид дор бүрнээ дараах асуултыг өөртөө тавих хэрэгтэй. «Библийн сургаалын талаарх зарим ойлголт шинэчлэгдсэнийг би мэддэг бил үү? Библийг өдөр бүр унших хэвшилтэй юү? Шинээр гарсан ном хэвлэлийг амтархан уншдаг уу? Би гэрийнхэнтэйгээ Гэр бүлийн Библийн хичээлээ долоо хоног бүр хийдэг үү?». Эдгээрийг хийхэд хэцүү биш гэдгийг ихэнх хүн хүлээн зөвшөөрнө. Гагцхүү цагаа зөв хуваарилах шаардлагатай. Библийн тухай гүнзгий мэдлэгтэй болж, түүнийгээ ажил хэрэг болгон, сүнслэгээр өсөх нь агуу их гай гамшиг ойртсон өнөө үед бүр ч чухал!
11. Еховагийн үйлчлэгчид цуглаан, чуулганд очдогийн учир юу вэ?
11 Элч Паул: «Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя» гэж зөвлөсөн байдаг. Энэ зөвлөгөөг дагахыг Еховагийн байгууллага уриалдаг нь бидний сайн сайхны төлөө юм (Евр. 10:24, 25). Эртний израильчууд Еховаг шүтэж, хууль тушаалыг нь заалгахаар тогтмол цуглаж баяр наадам тэмдэглэдэг байжээ. Нехемиагийн үед тэмдэглэж байсан Майхан баяр нь тийм тэмдэглэлт өдрүүдийн нэг юм (Ег. 23:15, 16; Нех. 8:9–18). Орчин үед ч цуглаан, чуулган болдог. Сүнслэгээр «эрүүл» байж, баяр баясгалантай үйлчлэхэд тустай эдгээр цуглаан, чуулганд тогтмол очицгооё (Тит 2:2).
12. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг юу гэж үзэх ёстой вэ?
12 Бид Еховагийн байгууллагын гишүүд учир сайн мэдээ тунхаглах ажилд оролцох ёстой. Библид энэ ажлыг «ариун» гэсэн байдаг (Ром 15:16, ШЕ). Дэлгэрүүлэх ажилд оролцдог хүн «Ариун Нэгэн» болох Еховатай хамтран ажилладаг (1 Кор. 3:9; 1 Петр 1:15). Бас Еховагийн ариун нэрийг алдаршуулдаг. «Бурханы алдарт сайн мэдээ» дэлгэрүүлэх ажлыг хийх нь үнэлж баршгүй завшаан билээ (1 Тим. 1:11).
13. Сүнслэгээр эрүүл байж, мөнх амьдрах эсэх маань юунаас шалтгаалах вэ?
13 Биднийг сүнслэгээр эрүүл байгаасай гэж Ехова хүсдэг. Тийм учраас, өөртэй нь дотно байж, байгууллагыг нь дэмжиж ажиллахыг уриалдаг. Мосе израильчуудад «Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай. Тэр бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм. Тиймээс чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно» хэмээн хэлжээ (Д.хууль 30:19, 20). Еховаг хайрлаж, хүсэл тааллыг нь биелүүлж, үг тушаалыг нь дуулгавартай сахиж явахаас бидний амь нас шалтгаална.
14. Бурхны байгууллагын талаар нэг ах ямар бодолтой байсан бэ?
14 Бурхнаас бат зуурч, байгууллагатай нь хөл нийлүүлэн эцсээ хүртэл алхсан Прайс Хьюз: «Би 1914 оны өмнөхөн Еховагийн санаа зорилгыг мэдээд, тэр мэдлэгийнхээ дагуу амьдарсандаа үнэхээр баярладаг. ... Миний хувьд хамгийн чухал юм бол Еховагийн байгууллагаас зуурах явдал юм. Хүний ухаанд найдах нь хэчнээн мунхаг байдгийг би залуу насандаа үзсэн. Үүнийг ойлгосон учраас энэ найдвартай байгууллагаас зуурахаар шийдсэн. Өөр хаанаас Еховагийн ивээл, сайшаалыг хүртэх билээ?» хэмээн бичжээ.
БУРХНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ҮРГЭЛЖ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХЪЯ
15. Библийн сургаалын талаарх ойлголт шинэчлэгдэхэд бид яах ёстой вэ? Библид ямар жишээ байдаг вэ?
15 Еховагийн ивээл, сайшаалыг дор бүрнээ хүртье гэвэл байгууллагыг нь дэмжиж, Библийн сургаалын тухай ойлголт шинэчлэгдэхэд хүлээж авах хэрэгтэй. Нэгдүгээр зууны зарим иудей христиан Мосегийн хуулийг сахисаар байжээ (Үйлс 21:17–20). Гэвч нүглээ уучлуулахын тулд «хуулийн дагуу» амьтнаар тахил өргөх бус, Есүсийн золиосонд итгэх ёстойг Паул тайлбарлаж тэдний буруу ойлголтыг зассан (Евр. 10:5–10). Иудей христиануудын ихэнх нь үзэл бодлоо өөрчлөөд сүнслэгээр өссөн нь эргэлзээгүй. Бид тэднээс сурах хэрэгтэй. Библи болон Библид үндсэлсэн ном хэвлэлийг нямбай судалж, Еховагийн байгууллагаас ямар нэгэн өөрчлөлт гаргавал уужим сэтгэлээр хүлээж авах хэрэгтэй.
16. а) Диваажинд амьдрал яагаад гайхалтай сайхан байх вэ? б) Та ямар ивээл хүртэхийг тэсэн ядан хүлээж байна вэ?
16 Еховад болон байгууллагад нь үнэнч байдаг бүх хүн ирээдүйд бүр ч их ивээл хүртэнэ. Тослогдогсод Христтэй хамт тэнгэрт өв залгамжлах агуу завшаан эдэлнэ (Ром 8:16, 17). Харин дэлхийд амьдрах найдвартай хүмүүс Диваажинд мөнх амьдрах цагаа тэсэн ядан хүлээж байгаа. Еховагийн байгууллагын гишүүн бид энэ сайхан ирээдүйн талаар бусдад мэдүүлэхийн баяр хөөрийг амсдаг (2 Петр 3:13). Дуулал 37:11-д «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэж байдаг. Хүмүүс «гэр барьж, түүн дотроо суун» «өөрсдийнхөө гарын бүтээлд» баясна (Ис. 65:21, 22). Хавчлага дарамт, ядуу зүдүү байдал, өлсгөлөн гуйланчлал үгүй болно (Дуу. 72:13–16). Агуу их Вавилон бүрмөсөн устгагдах учир хэн ч дахин мэхлүүлэхгүй (Илч. 18:8, 21). Нас барагсад амилж, мөнх амьдрах боломжтой болно (Ис. 25:8; Үйлс 24:15). Еховад амь амьдралаа зориулсан олон сая хүнийг юутай сайхан ирээдүй хүлээж байна вэ! Бурхны амлалт биелэхийг өөрийн биеэр үзье гэвэл сүнслэгээр тасралтгүй өсөж, Бурхны байгууллагатай цаг ямагт хөл нийлүүлэн алхах учиртай.
17. Ехова болон түүний байгууллагын талаар ямар хандлагатай байх хэрэгтэй вэ?
17 Өнөөгийн тогтолцоо тун удахгүй устгагдана. Тэр цагийг эсэн мэнд давахын тулд Еховад бат итгэлтэй байж, байгууллагаараа авч явуулдаг бүхнийх нь төлөө талархацгаая. Давид бас ийм сэтгэлтэй байсан. Тэрбээр: «Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан» хэмээн дуулжээ (Дуу. 27:4). Бурхантай үргэлж ойр дотно байж, байгууллагатай нь хөл нийлүүлэн алхацгаая!