Skip to content

Гарчиг руу орох

Энэ ертөнцийн төгсгөлийг хамтдаа давцгаая

Энэ ертөнцийн төгсгөлийг хамтдаа давцгаая

«Бид бие биедээ эрхтнүүд юм» (ЕФ. 4:25).

1, 2. Хөгшин залуу бүх үйлчлэгчээсээ Бурхан юу хүсдэг вэ?

 ЗАЛУУ христиан таныг дэлхий дахинд буй итгэл нэгтнүүд тань өндөр үнэлж, эрхэмлэн хайрладаг гэдэгт итгээрэй. Баптисм хүртэж буй хүмүүсийн ихэнх нь залуучууд байдаг улс орон олон бий. Еховад үйлчлэхээр шийдсэн хүүхэд залуусыг харахлаар сэтгэл сэргэдэг!

2 Охид хөвгүүд үе тэнгийнхэнтэйгээ хамт байх дуртай. Үеийн найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх нь сайхан байлгүй яах вэ. Гэхдээ нас хүйс, мэдлэг боловсрол, гарал үүсэл ямар ч бай бид бүгдээрээ хамтдаа эв нэгдэлтэйгээр Бурхнаа шүтэх ёстой. Ехова биднээс үүнийг хүсдэг. Бурхан «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж» хүсдэгийг элч Паул бичжээ (1 Тим. 2:3, 4). Бурхны үйлчлэгчдийг Илчлэлт 7:9-т «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн» гэж бичсэн байдаг.

3, 4. а) Орчин үеийн залуусын дунд ямар үзэл хандлага нийтлэг байдаг вэ? б) Ефес 4:25-д бичсэнээр хурлын гишүүд ямар байх ёстой вэ?

3 Еховад үйлчилдэг болон үйлчилдэггүй залуучуудын хооронд асар их ялгаа бий. Еховаг шүтдэггүй хүмүүс зөвхөн өөрийгөө бодож, өөрийнхөө хүслээр л явдаг. Орчин үеийн залуус өмнөх үеийнхнээсээ илүү хувиа хичээсэн үзэлтэй болсон гэж судлаачид дүгнэж байна. Бусдыг, ялангуяа ах захаа хүндлэхээ больсон нь үг яриа, өмссөн зүүснээс нь харагддаг.

4 Зөвхөн өөрийгөө анхаарах хандлага хаа сайгүй бий. Энэ хандлагад автахгүй байж, Бурхныхтайгаа адилхан үзэл бодолтой болохын тулд залуу христианууд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бүр I зуунд Паул ийм хандлагыг «дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнс» гээд, итгэл нэгтнүүдээ сэрэмжлүүлж байжээ (Ефес 2:1–3-ыг уншина уу). Хувиа хичээсэн хүн болохгүйг хичээдэг, итгэл нэгтнүүдтэйгээ хамт Еховад үйлчлэх хүсэлтэй залуусыг магтууштай. Хурлыг олон эрхтнээс бүтсэн нэг биетэй адилхан гэдгийг тэд ойлгодог. Паулын бичсэнээр, «бид бие биедээ эрхтнүүд юм» (Еф. 4:25). Энэ ертөнцийн төгсгөл ойртохын хэрээр итгэл нэгтнүүдтэйгээ бүр ч илүү дотно байж, нягт хамтарч ажиллах нь туйлын чухал. Ах дүүстэйгээ хамт байхын чухлыг ойлгуулах хэдэн жишээг Библиэс үзье.

ТЭД ХАМТ БАЙСАН

5, 6. Лот болон гэр бүлийнхнээс нь ямар сургамж авах хэрэгтэй вэ?

5 Эрт цагт Еховагийн ард түмэнд олон удаа аюул нүүрлэж байсан. Ард түмэн нь нэг нэгэндээ тусалж, эв нэгдэлтэй байх бүрд Ехова хамгаалдаг байжээ. Бурхны орчин үеийн үйлчлэгчид хөгшин залуу гэлгүй, Библийн түүхээс сургамж авах хэрэгтэй. Лотын тухай ярилцъя.

6 Лот болон эхнэр хүүхдэд нь аюул тулгарчээ. Тэдний амьдардаг Содом хотыг Бурхан устгах гэж байлаа. Тэнгэрийн элчүүд: «Зугтаа, амиа хамгаалагтун!» гэж Лотыг ятгав (Эх. 19:12–22). Лот үгэнд нь орж, охид нь ч аавыгаа даган хотоос гарчээ. Харин ойр дотны хүмүүс нь зааврыг дагасангүй. Охидтой нь сүй тавьсан залуучууд Лотыг настай хүн, «тоглоом хийж байна» гэж бодоод тоогоогүй юм. Үүнээсээ болж амиа алджээ (Эх. 19:14). Гагцхүү хоёр охин нь аавынхаа үгэнд орж, салахгүй дагаж явсан учраас амь аврагдсан.

7. Эв нэгдэлтэйгээр Египетээс гарсан израильчуудад Ехова хэрхэн тусалсан бэ?

7 Өөр нэг жишээ авъя. Израильчууд Египетээс гарахдаа хэсэг бүлэг болж талцан хуваагдалгүй эв нэгдэлтэйгээр хамт явсан. Ехова тэнгисийг хуваахад Мосе ганцаараа гатлаагүй. Бас цөөн хэдэн израиль хүнийг авч яваагүй. Харин ч израильчууд бүгдээрээ гаталсан бөгөөд Ехова тэднийг хамгаалсан (Ег. 14:21, 22, 29, 30). Олон хүн харь үндэстэн байсан хэр нь Еховад үйлчлэхээр шийдэж, израильчуудыг даган Египетээс гарчээ (Ег. 12:38). Цөөн хэдэн хүн, тухайлбал залуучууд дураараа дургин, илүү дээр гэж үзсэн замаараа явсан бол мунхаг явдал болох байв. Учир нь Ехова тийм хүмүүсийг хамгаалахгүй байх байсан (1 Кор. 10:1).

8. Иехошафатын үед Бурхны ард түмэн хэрхэн эв нэгдэлтэй байсан бэ?

8 Иехошафат хааны үед дайсны асар олон цэрэг Бурхны ард түмэнтэй тулалдахаар хөрш зэргэлдээ нутгуудаас иржээ (Ш.дэд 20:1, 2). Израильчууд өөрсдийн хүчээр дайснаа дарах гэж оролдолгүй, Еховад найдаж, удирдлага заавар өгөхийг гуйн залбирсан нь сайшаалтай (Шастирын дэд 20:3, 4-ийг уншина уу). Ингэхдээ тэд тус тусдаа биш, харин бүгдээрээ хамт байсан. «Бүх иудачууд өөрсдийн нялх үрс, эхнэрүүд, хүүхдүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв» гэж Библид бичжээ (Ш.дэд 20:13). Хөгшин залуу бүгдээрээ Еховад найдаж, хий гэснийг нь хамт хийсэн. Ехова ч тэднийг дайснаас аварчээ (Ш.дэд 20:20–27). Эсэргүүцэл тулгарсан үед Бурхны ард түмэн яах ёстойг энэ жишээ тод томруун харуулж байна.

9. Эртний христиануудаас эв нэгдлийн талаар юу сурах вэ?

9 Нэгдүгээр зууны христианууд эв нэгдэлтэйгээр Еховаг шүтдэг байсан. Тухайлбал, иудейчүүд болон Еховаг шүтдэг харь үндэстнүүд христиан болсныхоо дараа «байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа» (Үйлс 2:42). Тэд эв нэгдэлтэй байсан нь, ялангуяа хавчлагын үед бие биедээ илүү их хэрэг болоход бүр ч тод харагджээ (Үйлс 4:23, 24). Бид бас хүнд бэрх үед хамт байж, нэг нэгнээ дэмжих хэрэгтэй.

ЕХОВАГИЙН ӨДӨР ОЙРТОХ ТУСАМ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙГААРАЙ

10. Хэзээ бүр ч илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй болох вэ?

10 Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бараан үе ойртож байна. Зөнч Иоел үүнийг «бүрхэг болон харанхуй өдөр» гэжээ (Иоел 2:1, 2; Зеф. 1:14). Тэр үед Бурхны ард түмэн урьд урьдынхаасаа илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй болно. «Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ» гэж Есүсийн хэлснийг санаарай (Мат. 12:25).

11. Дуулал 122:3, 4-өөс Бурхны орчин үеийн үйлчлэгчид юу сурч болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

11 Өнөөгийн ертөнц сүйрэх тэр үед бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Итгэл нэгтнүүдтэйгээ ойр дотно байхыг эртний Иерусалим дахь байшингуудыг ойр ойрхон зайтай барьдаг байсантай зүйрлэж болно. Нэгэн дуулалч Иерусалимыг «их шигүү хот» гэсэн байдаг. Байшингууд нь ийм шигүү баригдсан учраас оршин суугчид нь нэг нэгэндээ тусалж, бие биеэ хамгаалахад амар байсан. Түүнээс гадна, Израилийн овгууд Еховаг шүтэхээр хамт цугладаг байжээ (Дуулал 122:3, 4-ийг уншина уу). Еховагийн үйлчлэгч бид бас удахгүй болох хэцүү үед одооноос бэлдэж ойр дотно, эв нэгдэлтэй байх хэрэгтэй.

12. Гогийн довтолгооноос аврагдъя гэвэл яах хэрэгтэй вэ?

12 Ирээдүйд бид яагаад бүр ч илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй вэ? «Езекиел» номын 38-р бүлэгт Магогийн газрын Гог Еховагийн ард түмний эсрэг дайрна гэж зөгнөсөн байдаг. Тэр үед бид бие биеэсээ холдож хөндийрч огтхон ч болохгүй. Сатаны ертөнцөөс тусламж хайх нь асар том алдаа болно. Харин христиан ах дүүстэйгээ ойр дотно байх шаардлагатай. Бид нэг байгууллагын гишүүд учраас л аврагдах юм биш ээ. Дор бүрнээ Еховад найдаж, захирагдах учиртай. Тэгсэн цагт Ехова Есүс хоёр Гогийн довтолгооноос биднийг хамгаална (Иоел 2:32; Мат. 28:20). Гэхдээ ард түмнийх нь дунд байхаа больж өөрийнхөөрөө явахаар шийдсэн хүмүүсийг Ехова аварна гэж үү? (Мика 2:12).

13. Энэ өгүүллээр үзсэн жишээнүүдээс залуучууд юу сурч болох вэ?

13 Тэгэхлээр итгэл нэгтнүүдтэйгээ байнга хамт байх нь хэчнээн ухаалаг вэ! Зөвхөн үеийнхэнтэйгээ найзлах юм уу бусдаас зожгорохоос болгоомжлоорой. Удахгүй хөгшин, залуу гэлтгүй бид бүгдээрээ бие биедээ илүү их хэрэгтэй болох цаг ирнэ. Одоо бол ах дүүстэйгээ дотносож, хамтдаа Еховад үйлчилж сурах цаг мөн. Еховагийн ард түмэнтэй эв нэгдэлтэй, ойр дотно байсан цагт ирээдүйд аврагдана!

«БИД БИЕ БИЕДЭЭ ЭРХТНҮҮД ЮМ»

14, 15. а) Ехова биднийг яагаад эв нэгдэлтэй болгон сургаж байгаа вэ? б) Биднийг эв нэгдэлтэй байлгахын тулд ямар зөвлөгөө өгдөг вэ?

14 Ехова бидэнд бие биетэйгээ «мөр зэрэгцэн» үйлчлэхэд тусалж байна (Зеф. 3:8, 9). Тэрбээр «бүх юмсыг Христ дотор нэгтгэх» зорилготой. Тэр зорилгынхоо дагуу биднийг одооноос сургаж байна (Ефес 1:9, 10-ыг уншина уу). Ехова тэнгэр газар дээрх бүх үйлчлэгчээ нэг гэр бүлд нэгтгэх зорилгоо заавал биелүүлнэ. Залуучууд та нар ч тэр гэр бүлийн мөнхийн гишүүн байх боломжтой. Үүнийг бодвол Еховагийн байгууллагатай нягт хамтран ажиллах хүсэл төрөхгүй гэж үү?

15 Ехова биднийг шинэ ертөнцөд эвтэй амьдруулахын тулд одооноос эв нэгдэлтэй болгон сургаж байна. «Бие биедээ адилхан халамжтай бай», «ах дүүсийн хайраар бие биеэ хайрла», «нэг нэгнийгээ тайтгаруул», «нэг нэгнийгээ барьж байгуул» хэмээн дахин дахин заадаг (1 Кор. 12:25; Ром 12:10; 1 Тес. 4:18; 5:11). Христианууд төгс бус учраас эв нэгдэлтэй байх нь заримдаа амаргүйг Ехова мэддэг. Тийм учраас, үргэлж «бие биеэ уучил» гэдэг (Еф. 4:32).

16, 17. а) Хамтдаа цугладгийн маань нэг шалтгаан юу вэ? б) Охид хөвгүүд Есүсээс юу сурч болох вэ?

16 Итгэл нэгтнүүдтэйгээ дотно байхад цуглаан тус болдог. Хамтдаа цуглах ёстойн нэг шалтгааныг Еврей 10:24, 25-д бичжээ. Бид «бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулах» ёстой. Еховагийн өдөр ойртох тусам итгэл нэгтнүүдтэйгээ цуглах нь бүр ч чухал болно.

17 Есүс цуглааныг чухалд үздэг байсан нь бидэнд үлгэр дууриал болдог. Тэрбээр 12 настайдаа эцэг эхээ даган Иерусалимын сүмд болдог том цугларалтад очжээ. Нэг өдөр Есүс алга болчихжээ. Эцэг эх нь түүнийг хайж явсаар арай гэж олов. Есүс үеийнхээ хүүхдүүдтэй нийлээд тэнэж явсан уу? Үгүй. Сүмд багш нартай Судрын тухай ярилцаж байжээ (Лук 2:45–47).

18. Бие биетэйгээ дотносоход залбирал ямар ач тустай вэ?

18 Христианууд бид андын холбоогоо зузаатгахын тулд бие биеэ хайрлаж сурах, цуглаанд явахаас гадна бусдынхаа төлөө тодорхой залбирдаг байх хэрэгтэй. Ах дүүд маань юу хэрэгтэй байгааг нэгбүрчлэн хэлж залбирдаг бол бусдадаа үргэлж санаа тавихын чухлыг мартахгүй. Томчууд л бусдын төлөө залбирдаг, залбирах ёстой байдаг юм биш ээ. Охид хөвгүүд та нар хурлынхантайгаа улам дотносохын тулд энэ бүх боломжийг ашигладаг уу? Ашигладаг бол Сатаны ертөнцөд татагдахгүй, харин ах дүүтэйгээ дотно болно. Тэгээд энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давна.

Итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбираарай (18-р догол мөрийг үзнэ үү)

«БИЕ БИЕДЭЭ ЭРХТНҮҮД» ГЭДГЭЭ БАТЛАХ НЬ

19-21. а) «Бид бие биедээ эрхтнүүд» гэдгээ ялангуяа ямар үед батлах вэ? Жишээ хэлнэ үү. б) Гамшгийн үед ах дүү нар бие биедээ тусалж байсан нь танд ямар сургамжтай вэ?

19 Еховагийн ард түмэн Ром 12:5-д байдаг «Хүн бүр нэг нэгэндээ эрхтэн» гэдэг зарчмын дагуу амьдардаг. Үүний баталгаа байгалийн гамшгийн үеэр тод харагддаг. 2011 оны 12 дугаар сард Филиппиний Минданао арлыг далайн хар шуурга дайрсны улмаас томоохон үер болжээ. Ганц шөнийн дотор 40 000 айлын байшин усанд автсан байна. Түүний дотор цөөнгүй итгэл нэгтнүүдийн маань гэр орон сүйджээ. Салбараас ирүүлсэн тайланг үзвэл, гамшигт нэрвэгдээгүй газрын Гэрчүүд тусламжийн хорооноос томилогдсон хүмүүсийг очихоос өмнө эд бараа, хүн хүч илгээсэн байжээ.

20 Японы зүүн хэсэгт асар хүчтэй газар хөдөлж, үүний улмаас цунами болоход ах дүүс маань олноороо нэрвэгдсэн юм. Зарим нь юу ч үгүй хоцорчээ. Жишээ нь, Ёшко гэдэг Гэрч эмэгтэй орон гэргүй болсон байна. Гэр нь Хаанчлалын танхимаас 40 километрт байжээ. Тэрбээр: «Газар хөдөлсний дөнгөж маргааш нь дүүргийн харгалзагч нэг ахтай хамт биднийг эргэхээр ирэхэд үнэхээр гайхсан» гээд нүүр дүүрэн инээмсэглэн: «Бурхантайгаа дотно байхад шаардлагатай бүхнийг хурлаар дамжуулан элбэг дэлбэг өгч байсанд маш их баярласан. Бидэнд бас куртка, гутал, цүнх, унтлагын хувцас өгсөн» гэж ярьсан юм. Тусламжийн хорооны нэг гишүүн: «Японы өнцөг булан бүрд байдаг ах дүүс нэг хүн шиг ажиллаж, бие биедээ тусалж байсан. Бүр холын Америкаас ах дүү нар ирсэн. Яагаад ийм хол газраас ирснийг нь асуухад тэд: “Бид чинь Японд байгаа ах дүүстэйгээ сэтгэлээрээ нэг юм шүү дээ. Тэдэнд маань тусламж хэрэгтэй” гэсэн» хэмээн ярьжээ. Гишүүдийнхээ төлөө ингэж их санаа тавьдаг байгууллагад байдгаараа та бахархдаг уу? Үйлчлэгчид нь ийм эв нэгдэлтэй, ойр дотно байдгийг Ехова хараад үнэхээр баярладаг.

21 Одооноос бие биетэйгээ дотно байж, нэг нэгнээ дэмжиж сурвал ирээдүйд хүнд хэцүү үе тулгарахад бэлтгэлтэй байна. Бусад орны ах дүүсээсээ холбоо тасарлаа ч нутгийн Гэрчүүдтэй байнга холбоотой байж чадна. Японд болсон хар салхины улмаас хохирол амссан Фүмико гэдэг Гэрч эмэгтэй: «Төгсгөл маш ойрхон байна. Байгалийн гамшиг дахин хэзээ ч болохгүй тэр цаг болтол итгэл нэгтнүүддээ бид тусалсаар байх болно» гэжээ.

22. Бид итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй, ойр дотно байвал ирээдүйд ямар ач холбогдолтой вэ?

22 Өнөөгийн бузар муу, хуваагдмал ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давахад одооноос бэлдээрэй. Ах дүүтэйгээ эв нэгдэлтэй байж ойртон дотносоорой. Бурхан эрт үед ард түмнээ аварч байсан шигээ ирээдүйд биднийг ч аварна (Ис. 52:9, 10). Тиймээс аврагдахын тулд Бурхны эв нэгдэлтэй ард түмний дунд байх гэж хичээж мэрийгээрэй. Түүнээс гадна, Бурхнаас авсан зүйлээ үнэлж эрхэмлэх хэрэгтэй. Энэ тухай дараагийн өгүүллээр үзье.