Skip to content

Гарчиг руу орох

Христийн ах дүүст үнэнч байж, тэднийг дэмжих нь

Христийн ах дүүст үнэнч байж, тэднийг дэмжих нь

«Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг» (МАТ. 25:40).

1, 2. а) Есүс дотны нөхдөдөө ямар ямар үлгэр ярьж өгсөн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Энэ өгүүллээр ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

ЕСҮС дотны анд Петр Андрей Иаков Иохан нартайгаа их сонирхолтой юм ярьж байлаа. Итгэмжит ухаалаг боол, арван охин, талантын тухай үлгэр ярьсныхаа дараа «Хүний Хүү» «бүх үндэстнийг» шүүхээр ирэх тухай бас нэг үлгэр ярив. Энэ үлгэр шавь нарынх нь анхаарлыг татсан нь лавтай. «Хүний Хүү» хүмүүсийг хонь, ямаагаар нь ялгаж хоёр бүлэг болгон тусгаарлах ажээ. Түүнээс гадна, гурав дахь бүлэг хүн байх бөгөөд Есүс тэднийг «Хааны» «ах дүүс» хэмээн нэрлэсэн (Матай 25:31–46-г уншина уу).

2 Хүмүүсийн амь настай холбоотой болохоор Еховагийн орчин үеийн үйлчлэгчид энэ ёгт үлгэрийг сонирхон судалсаар ирсэн. Зарим хүн ямар учраас мөнх амьдрах, зарим нь яагаад бүрмөсөн устгагдах талаар Есүс хэлж өгчээ. Тийм учраас, ёгт үлгэрийн утгыг ойлгоод ажил хэрэг болгох эсэхээс бидний амь нас шалтгаална. Энэ өгүүллээр дараах асуултын хариуг авч үзнэ. Ехова энэ зүйрлэлийг бидэнд яаж аажим аажмаар илүү сайн ойлгуулсан бэ? Дэлгэрүүлэх ажлын чухлыг энэ үлгэр онцолдог гэхийн учир юу вэ? Дэлгэрүүлэх даалгаврыг хэнд өгсөн бэ? «Хаанд» болон Хааны «ах дүүст» яагаад одоо үнэнч байх хэрэгтэй вэ?

ЕХОВА ХЭРХЭН УЛАМ САЙН ОЙЛГУУЛСАН БЭ?

3, 4. а) Хонь ямааны тухай үлгэрийг ойлгохын тулд юу мэдэх хэрэгтэй вэ? б) 1881 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд энэ ёгт үлгэрийг юу гэж тайлбарласан бэ?

3 Хонь ямааны тухай үлгэрийг зөв ойлгохын тулд тэнд гарч буй баатрууд хэнийг төлөөлдөг, «Хүний Хүү» хэзээ хонь ямааг ялгадаг, яагаад зарим хүнийг хонь, заримыг нь ямаа гэснийг мэдэх хэрэгтэй.

4 1881 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд «Хүний Хүү» буюу «Хаан» нь Есүс гэж тодорхойлжээ. Хааны «ах дүүс» гэдэг нь Христтэй хамт захирах хүмүүс төдийгүй төгс болоод дэлхий дээр амьдрах бүх хүнийг хэлдэг хэмээн тайлбарласан. Хонийг ямаанаас тусгаарлах ажил Христийн Мянган жилийн засаглалын үед болно гэж уг сэтгүүлд бичжээ. Ямар ч үед Бурхны хайрыг илэрхийлдэг хүмүүс хонинд тооцогдоно гэж үзэж байв.

5. 1920-оод онд бидний ойлголт хэрхэн шинэчлэгдсэн бэ?

5 1920-оод оны эхээр Ехова өөрийнхөө үйлчлэгчдэд энэ үлгэрийн утгыг арай илүү тодорхой болгож өгчээ. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1923 оны 10 дугаар сарын 15-ны дугаарт үлгэрт гардаг баатрууд хэнийг төлөөлдөг, шүүлт хэзээ болох, яагаад зарим хүн хонинд тооцогдохыг тайлбарлажээ. «Хүний Хүү» нь Есүс гэдгийг бататгасан. Харин «ах дүүс» гэдэг нь Есүстэй хамт захирах хүмүүсийг л хэлдэг бөгөөд тэд Мянган жилийн засаглалын үеэр бүгдээрээ тэнгэрт байна гэдгийг Библийн зүйлүүдээр баталжээ. Хонинууд нь Есүс болон түүний ах дүүсийн удирдлага дор дэлхий дээр амьдрах хүмүүс гэжээ. Тэднийг Хааны ах дүүст тусалсан гэж үлгэрт өгүүлдэг болохоор хонь ямааг ялгах ажил тослогдсон христиануудыг дэлхий дээр байхад буюу Мянган жилийн засаглал эхлэхээс өмнө болно хэмээн тайлбарлажээ. Тэд Есүсийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрч, Хаанчлал хүн төрөлхтний амьдралыг сайжруулна гэдэгт итгэдэг учраас хонинд тооцогдоно гэж уг дугаарт бичсэн байна.

6. Бид хонь ямааны тухай ёгт үлгэрийг 1990-ээд оны дунд үеэс хэрхэн ойлгодог болсон бэ?

6 Ийнхүү өмнөх ойлголт шинэчлэгдсэний үр дүн юу байсан бэ? Төгсгөлийн цаг үед Хаанчлалын тухай мэдээнд яаж хандаж байгаагаар нь хүмүүсийг хонь эсвэл ямаанд тооцно гэж Еховагийн ард түмэн үзэх болжээ. Харин 1990-ээд оны дундуур бидний ойлголт шинэчлэгдсэн. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1995 оны 10 дугаар сарын 15-нд гарсан хоёр өгүүлэлд Матай 24:29–31 (уншина уу) болон Матай 25:31, 32-ыг (уншина уу) хооронд нь харьцуулж төстэй талуудыг бичжээ. * Тэгээд юу гэж дүгнэсэн бол? «Хонь ямааг шүүх ажил ирээдүйд болно» гэжээ. Яг хэзээ вэ? «Матай 24:29, 30-д дурдсан тэрхүү “гамшиг” эхэлж, хүний Хүүг “цог жавхлантайгаар ирэхэд” болно. ... Өнөөгийн бузар муу ертөнцийг устгах үед Есүс шүүлт явуулж шийдвэр гаргаад түүнийгээ хэрэгжүүлнэ» гэжээ.

7. Өнөөдөр бид хонь ямааны тухай үлгэрийг хэрхэн тодорхой ойлгодог болсон бэ?

7 Өнөөдөр бид хонь ямааны тухай үлгэрийг тодорхой ойлгодог болсон. Үлгэрийн баатрууд нь хэнийг төлөөлдөг вэ? «Хүний Хүү» буюу «Хаан» нь Есүс юм. «Ах дүүс» нь тослогдсон христианууд бөгөөд тэд Христтэй хамт тэнгэрээс дэлхийг удирдана (Ром 8:16, 17). «Хонь», «ямаа» нь бүх үндэстнийг төлөөлдөг. Шүүлт хэзээ болох вэ? Агуу их гай гамшиг дуусахын алдад болно. Яагаад зарим хүнийг хонь, заримыг нь ямаанд тооцох вэ? Дэлхий дээр амьдарч буй тослогдсон христиануудад хэрхэн хандаж байснаар нь тийнхүү шүүх ажээ. «Матай» номын 24, 25-р бүлэгт гардаг хонь ямааны тухай болон бусад ёгт үлгэрийн утгыг олон жилийн хугацаанд аажим аажмаар ойлгуулж өгсөн Еховадаа талархъя!

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН ЧУХЛЫГ ХЭРХЭН ОНЦОЛДОГ ВЭ?

8, 9. Хоньтой зүйрлэм хүмүүсийг яагаад «зөвт» гэсэн бэ?

8 Хонь ямааны тухай үлгэрт дэлгэрүүлэх ажлын тухай гардаггүй. Тэгвэл яагаад дэлгэрүүлэх ажлын чухлыг онцолдог гэж хэлж болох вэ?

9 Нэгд, Есүс шавь нартаа зааж сургахдаа жишээ татдаг байсныг саная. Энэ удаа ч хонь, ямаа гэдэг амьтны тухай яриагүй нь тодорхой. Хонинд тооцогдсон хүн бүр ах дүүсийг нь хооллож, хувцаслаж, асарч тойлон, шоронд байхад нь эргэж тойрох ёстой гэж Есүс хэлээгүй. Харин ах дүүст нь хэрхэн хандах хэрэгтэйг жишээгээр хэлсэн ажээ. Хоньтой зүйрлэм хүмүүсийг «зөвт» гэсэн. Яагаад гэвэл тэд тослогдсон христиануудыг Христийн ах дүүс гэж үздэг бөгөөд эцсийн хэцүү өдрүүдэд тэдэнд үнэнч байж тусалж дэмждэг (Мат. 10:40–42; 25:40, 46; 2 Тим. 3:1–5).

10. Христийн ах дүүст хэрхэн туслах вэ?

10 Хоёрт, Есүс хонь ямааны тухай сургаалт зүйрлэлийг хэлэхээсээ өмнө төгсгөлийн цаг үед юу болох тухай ярьж байсан (Мат. 24:3). Жишээ нь, «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» гэжээ (Мат. 24:14). Тэгээд хонь ямааны тухай үлгэрийн өмнө талантын тухай үлгэр ярьдаг. Өмнөх өгүүлэлд үзсэнээр, Есүс тослогдсон шавь нараа дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоорой хэмээн захих гэж энэ үлгэрийг ярьсан. Гэхдээ тослогдсон христианууд Есүсийн залран байх үед дэлхий дээр цөөхүүлхнээ үлдэнэ. Тийм учраас төгсгөл болохоос өмнө «бүх үндэстэнд» дэлгэрүүлэх даалгавраа биелүүлэхэд нь тусламж хэрэгтэй. Тэдэнд туслах хүмүүс байна гэдгийг хонь ямааны тухай үлгэр хэлж өгдөг. Христийн ах дүүст туслах нэг гол арга юу вэ? Дэлгэрүүлэх ажлаа хийхэд нь тэднийг дэмжих явдал юм. Гэхдээ эд материал, хөрөнгө мөнгө хандивлаж, сэтгэлийн дэм өгөөд л боллоо юу? Эсвэл өөр зүйл хийх хэрэгтэй юү?

ДЭЛГЭРҮҮЛЭХ ДААЛГАВРЫГ ХЭНД ӨГСӨН БЭ?

11. Ямар асуулт гарч болох вэ? Яагаад?

11 Өнөөдөр Есүсийн 8 сая шахам шавийн дийлэнх нь тослогдоогүй хүмүүс. Есүс зөвхөн тослогдсон боолууддаа «талант» өгсөн (Мат. 25:14–18). Тиймд зарим хүн: «Дэлгэрүүлэх даалгавар тослогдоогүй хүмүүст хамаагүй юм биш үү?» гэж асууж болох юм. Үнэндээ бол хамаатай. Яагаад гэдгийг ярилцъя.

12. Матай 28:19, 20-д байдаг Есүсийн хэлсэн үгнээс юу ойлгох хэрэгтэй вэ?

12 Есүс дэлгэрүүлэх ажлыг бүх шавьдаа даалгасан. Тэрбээр амилсныхаа дараа дагалдагч нартаа шавь бэлдэх даалгавар өгч, «Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэсэн. Тушаасан бүхэн гэдэгт дэлгэрүүлэх ажил бас ордог (Матай 28:19, 20-ийг уншина уу). Тийм учраас, Христийн шавь нар тэнгэрт амьдрах уу, дэлхий дээр амьдрах уу гэдгээс хамаарахгүйгээр бүгдээрээ дэлгэрүүлэх ёстой (Үйлс 10:42).

13. Иоханы үзсэн зүйлээс бид юу ойлгодог вэ?

13 Дэлгэрүүлэх ажлыг тослогдсон, тослогдоогүй бүх христиан хийхийг «Илчлэлт» ном харуулдаг. Есүс «сүйт бүсгүй» буюу тослогдсон 144 000 хүнийг элч Иоханд ер бусаар үзүүлжээ. Христтэй хамт хаанчлах тэр хүмүүс «амийн усыг үнэгүй авахыг» хүмүүст уриалж байлаа (Илч. 14:1, 3; 22:17). Хүн төрөлхтнийг Христийн золиосны үндсэн дээр нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд Еховагийн авч явуулдаг арга хэмжээг усаар төлөөлүүлжээ (Мат. 20:28; Иох. 3:16; 1 Иох. 4:9, 10). Золиос бол бидний тунхагладаг мэдээний гол цөм нь юм. Золиосны тухай ойлгуулж, ямар ач тустайг мэдүүлэхэд тослогдсон христианууд манлайлан оролцдог (1 Кор. 1:23). Иохан цааш нь сүйт бүсгүйн ангид багтдаггүй өөр хүмүүсийг үзсэн. Олон түмнийг урьж, «Ирээрэй» гэж хэлэхийг тэдэнд бас тушаадаг. Тэд ч дуулгавартай байж, амийн ус авахыг хүмүүст уриалж байв. Энэхүү хоёр дахь бүлэг хүн дэлхий дээр амьдрах найдвартай. Урилгыг хүлээж авсан бүх хүн бусдад дэлгэрүүлэх үүрэг хүлээдэг.

14. «Христийн хуулийг» сахих гэдэгт юу орох вэ?

14 «Христийн хуулиар» холбогдсон бүх хүн дэлгэрүүлэх ёстой (Гал. 6:2). Ехова үйлчлэгчдэдээ нэг л хэм хэмжээ тогтоож өгсөн. Эрт үед израильчуудад «Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг» гэж айлджээ (Ег. 12:49; Лев. 24:22). Христианууд Мосегийн хуулийг сахидаггүй. Гэхдээ тослогдсон ч бай, үгүй ч бай бид бүгдээрээ «Христийн хуулийг» сахих ёстой. Энэ хуульд Есүсийн тушаасан бүх зүйл багтдаг. Дагалдагчид нь бусдыг хайрлах ёстой гэдэг сургаал хамгийн чухал нь юм (Иох. 13:35; Иак. 2:8). Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх нь Ехова Есүс хоёрт болон хүмүүст хайртайгаа батлах нэг гол арга болдог (Иох. 15:10; Үйлс 1:8).

15. Есүсийн тушаал бүх дагалдагчид нь хамаатай гэхийн учир юу вэ?

15 Цөөхөн хүнд хандаж хэлсэн Есүсийн үг олон хүнд хамаатай байдаг. Жишээ нь, Есүс Хаанчлалын гэрээг 11 шавьтайгаа байгуулсан боловч 144 000 хүнд бүгдэд нь хамаатай (Лук 22:29, 30; Илч. 5:10; 7:4–8). Бас Есүс амилсныхаа дараа харьцангуй цөөхөн дагалдагчтайгаа уулзаад, сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавар өгсөн (Үйлс 10:40–42; 1 Кор. 15:6). Гэхдээ нэгдүгээр зуунд амьдарч байсан бүх үнэнч шавь нь энэ тушаалыг биелүүлсэн (Үйлс 8:4; 1 Петр 1:8). Өнөөдөр ч мөн ялгаагүй. Хаанчлалын тухай идэвхтэй тунхагладаг 8 сая орчим дэлгэрүүлэгчийн нэгэнд нь ч Есүс тушаалаа биечлэн өгөөгүй. Тэгсэн хэр нь тэд бүгдээрээ Христэд итгэдгээ үйлсээрээ батлан дэлгэрүүлэх ажилд оролцдог (Иак. 2:18).

ОДОО Л ҮНЭНЧ БАЙЖ, ДЭМЖЭЭРЭЙ

16-18. Христийн ах дүүсийг хэрхэн дэмжих вэ? Яагаад одоо л дэмжих хэрэгтэй вэ?

16 Сатан дэлхий дээр байгаа тослогдсон христианууд руу улам ширүүн довтолж байна. Яагаад гэвэл «өөрт нь богинохон хугацаа» үлдсэнийг мэдэж байгаа (Илч. 12:9, 12, 17). Гэхдээ Сатаныг хэчнээн ширүүн довтолсон ч тослогдсон христианууд дэлгэрүүлэх ажлаа хийсээр байгаа бөгөөд урьд урьдынхаасаа илүү олон хүн сайн мэдээ сонсож байна. Есүс тослогдсон ах дүүстэйгээ хамт байж, ажлыг нь удирдаж байгаа нь тодорхой (Мат. 28:20).

17 Хонинд тооцогдох ирээдүйтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Тэд Христийн ах дүүсийг дэмжихийг завшаан гэж үздэг. Яаж дэмждэг вэ? Дэлгэрүүлээд зогсохгүй хөрөнгө мөнгө хандивлаж, Хаанчлалын болон Чуулганы танхим, салбарын барилгын ажилд оролцдог. Мөн «итгэмжит, ухаалаг боолын» томилсон хүмүүст үнэнч байж, дуртайяа захирагддаг (Мат. 24:45–47; Евр. 13:17).

Бид Христийн ах дүүсийг янз бүрийн аргаар дэмждэг (17-р догол мөрийг үзнэ үү)

18 Тун удахгүй тэнгэр элчүүд агуу их гай гамшгийн хөнөөлт салхийг сул тавина. Дэлхий дээр үлдсэн Христийн ах дүүсийг эцсийн удаа тамгалуулсны дараа энэ үйл явдал болох юм (Илч. 7:1–3). Тослогдсон христианууд Хармагедон эхлэхийн өмнө тэнгэрт очно (Мат. 13:41–43). Тийм учраас, Есүсийг ирэхэд хонинд тооцогдъё гэвэл одоо л ах дүүст нь үнэнч байж, тэднийг дэмжих цаг мөн.

^ д/м 6 Энэ үлгэрийн талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1995 оны 10-р сарын 15-ны дугаарт нийтэлсэн цуврал өгүүлэлд дэлгэрэнгүй бичсэн («How Will You Stand Before the Judgment Seat?», «What Future for the Sheep and the Goats?»).