Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаанчлалд үргэлж үнэнч байя

Бурхны Хаанчлалд үргэлж үнэнч байя

«Тэд ... ертөнцийнх биш» (ИОХ. 17:16).

ДУУ: 18, 54

1, 2. а) Бурханд үнэнч байх нь христиануудын хувьд яагаад чухал бэ? Энэ нь төвийг сахих байр суурь баримтлахтай ямар холбоотой вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Хүмүүс юунд үнэнч байдаг вэ? Үүнээс болоод ямар асуудал гардаг вэ?

ЖИНХЭНЭ христианууд зөвхөн дайны үед бус, хэзээ ямагт Еховад үнэнч байж, төвийг сахих байр сууриа чанд баримталдаг. Яагаад гэвэл Еховад амь амьдралаа зориулахдаа чин сэтгэлээсээ хайрлана гэдгээ, үнэнч, дуулгавартай байна гэдгээ амласан билээ (1 Иох. 5:3). Улс орон, ахуй амьдрал, үндэс угсаа, хэл соёлоосоо үл хамааран Бурхныхаа тогтоосон өндөр хэм хэмжээг сахихыг хүсдэг. Бидний хувьд Еховаг болон Хаанчлалыг нь дэмжиж, үнэнч байх нь юу юунаас илүү чухал (Мат. 6:33). «Энэ ертөнцийнх биш» гэдэг маань ийм учиртай (Ис. 2:4; Иохан 17:11, 15, 16-г уншина уу).

2 Эх орон, яс үндэс, ахуй соёл, тэр байтугай үндэсний шигшээ багтаа үнэнч хүн өнөөгийн нийгэмд олон бий. Энэ нь дайсагналцал, тэмцэл мөргөлдөөн, цаашилбал алаан хядаан, хоморголон устгах явдалд хүргэдэг. Сатаны ертөнцөд амьдардаг бидэнд нийгмийн сөрөг үзэгдэл тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй. Тэр байтугай хүнд гарз хохирол амсаж мэдэх юм. Шударга байхаар бүтээгдсэн болохоор төр засгийнхны гаргасан шийдвэр шударга бус санагдвал уурлаж бухимдах, шударга гэж үзсэн талаа дэмжих хандлагатай байдаг (Эх. 1:27; Д.хууль 32:4). Та яах вэ? Төвийг сахих байр сууриа чанд баримтлах уу эсвэл аль нэг талд орох уу?

3, 4. а) Христианууд яагаад төвийг сахидаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Зөрчил мөргөлдөөн гарах үед төр засгийн байгууллагууд ард иргэдийг талдаа оруулах гэж дарамталдаг. Харин жинхэнэ христианууд аль нэг талд ордоггүй. Улс төрийн үйл ажиллагаанд ч оролцдоггүй, цэрэг дайнд ч явдаггүй (Мат. 26:52). Зөрчил мөргөлдөөн гаргаж буй талуудын аль нэгийг нөгөөгөөс нь дээр гэж боддоггүй (2 Кор. 2:11). Бид Сатаны ертөнцийнх биш учраас төвийг сахидаг (Иохан 15:18, 19-ийг уншина уу).

4 Гэхдээ төгс бусынхаа гайгаар ялгаварлан гадуурхах үзлээсээ бүрмөсөн ангижраагүй байж мэдэх юм (Иер. 17:9; Еф. 4:22–24). Ийм үзлээ таягдан хаяхад тус болох зарчмуудыг энэ өгүүллээр үзнэ. Бас Ехова Есүс хоёрынхтой адилхан үзэл бодолтой болж, Хаанчлалд үнэнч байхын тулд өөрийгөө хэрхэн сургаж бэлтгэхийг мэдэж аваарай.

ЕРТӨНЦИЙНХ БИШ БАЙДГИЙН УЧИР

5, 6. Есүс дэлхий дээр байхдаа янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн талаар ямар үзэлтэй байсан бэ? Яагаад?

5 Ертөнцийнх биш байхад амаргүй санагдвал «Есүс яах байсан бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Есүсийн үед израиль үндэстэн Иудей, Галил, Самари гээд янз бүрийн мужийн хүмүүсээс бүрддэг байв. Тэд өөр хоорондоо эв түнжин муутай байсныг Библид тэмдэглэжээ (Иох. 4:9). Бас фарисайчууд садукайчууд хоорондоо таарахгүй (Үйлс 23:6–9), энгийн ардууд татвар хураагчдыг жигшдэг (Мат. 9:11), Хуулийн багш нар бусдыг боловсролгүй гэж дорд үздэг байжээ (Иох. 7:49). Нэгдүгээр зууны үед израильчууд Ромын захиргаанд байсан учир ромчуудад дургүй байв. Харин Есүс хэнийх нь ч талд ороогүй. Тэрбээр Еховагийн тухай үнэнийг хамгаалахын зэрэгцээ иудейчүүдийг Бурхны сонгосон онцгой ард түмэн гэж мэддэг байсан ч үндсэрхэг үзлийг дэвэргэхийг шавь нартаа хэзээ ч зааж байгаагүй (Иох. 4:22). Харин үүний оронд бүх хүнийг хайрлаж байхыг захисан (Лук 10:27).

6 Иудейчүүдийн дунд тархсан ялгаварлан гадуурхах үзлийг Есүс яагаад дэмждэггүй байсан бэ? Энэ асуултад хариулахын тулд Ехова Есүс хоёр хүмүүсийн талаар ямар үзэлтэй байдгийг саная. Ехова эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг Хүүгээрээ бүтээлгэхдээ хар, цагаан, шар арьстнаар дэлхийг дүүргэх зорилготой байв (Эх. 1:27, 28). Тиймээс Ехова Есүс хоёр арьс өнгө, үндэс угсаа, хэл соёлоор нь хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй (Үйлс 10:34, 35; Илч. 7:9, 13, 14). Бид ч бас тийм байх ёстой (Мат. 5:43–48).

7, 8. а) Бид хэний талд орох ёстой вэ? Яагаад? б) Христианууд юу мэддэг вэ?

7 Бид зөвхөн Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих ёстой. Сатан Еден цэцэрлэгт маргаантай асуудал дэгдээж Еховагийн захирах эрх мэдэлд халдсан. Сатан өөрийгөө Бурхнаас илүү сайн захирдаг гэж хүмүүст итгүүлэхийг оролддог. Хэнийх нь талд орохоо өөрсдөө шийдэх эрхийг Ехова хүмүүст олгосон. Та яадаг вэ? Аливааг өөрийнхөөрөө хийхийн оронд Еховагийн хэм хэмжээ, хууль тушаалыг дагадаг уу? Хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа асуудлыг зөвхөн Бурхны Хаанчлал шийднэ гэдэгт итгэдэг үү? Эсвэл хүн өөрөө өөрийгөө удирдаад явж чадна гэж боддог уу? (Эх. 3:4, 5).

8 Та юу гэж хариулахаас улс төрийн хүчнүүдийн талаар ямар бодолтой явдаг тань илэрхий болно. Нам, эвсэл, хөдөлгөөнийхөн тулгамдсан асуудлуудыг шийдэх гэж олон жил тэмцсээр ирсэн. Зарим нь хүмүүст туслах чин хүсэлтэй байж болох юм. Харин христианууд хүн төрөлхтөнд тулгардаг зовлон бэрхшээлийг зөвхөн Бурхны Хаанчлал арилгаж, шударга ёсыг тогтооно гэдгийг мэддэг. Тиймээс өөрийнхөө зөв гэж үзсэнээрээ бус, Еховагийн зөв гэж үзсэнээр асуудалд ханддаг. Эв нэгдэлтэй байдгийн маань учир энэ юм.

9. Коринтын хуралд ямар асуудал гарсан бэ? Элч Паул юу гэж зөвлөсөн бэ?

9 Нэгдүгээр зуунд Коринтын хурлын зарим христиан хэсэг бүлгээрээ талцан хуваагдаж «“Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг» байжээ. Паул үүнийг мэдээд ихэд цочирджээ. Энэ нь хурлын эв нэгдэлд аюул занал учруулсан ноцтой асуудал байв. Тийм болохоор Паул: «Христ хуваагдсан гэж үү?» хэмээн асуугаад «Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя» гэжээ. Өнөөдөр ч мөн ялгаагүй. Хурлын гишүүдийн дунд талцан хуваагдах явдал байх ёсгүй (1 Кор. 1:10–13; Ром 16:17, 18-ыг уншина уу).

10. Элч Паул христиануудад юу сануулсан бэ? Эндээс бид юу сурах хэрэгтэй вэ?

10 Паул тослогдсон христиануудад «иргэний харьяалал нь тэнгэрт» байдгийг сануулж «дэлхийн юмыг» анхаарахгүй байхыг уриалсан (Флп. 3:17–20). * Тэд Ехова Есүс хоёрыг төлөөлдөг элчин сайдууд юм. Элчин сайд томилогдсон улсынхаа төр, нийгмийн асуудалд хутгалдан оролцдоггүй. Хаана ч байсан эх орондоо үнэнч байдаг (2 Кор. 5:20). Дэлхий дээр амьдрах найдвартай христианууд ч бас Хаанчлалын иргэд учраас энэ ертөнцийн асуудалд оролцдоггүй, аль нэг талд ордоггүй.

ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧИЛ

11, 12. а) Христианууд төвийг сахихын тулд юунаас зайлсхийх ёстой вэ? б) Нэг Гэрч эмэгтэй ямар үзэлтэй байсан бэ? Энэ үзлээсээ хэрхэн ангижирсан бэ?

11 Улс орон болгон өөрийн гэсэн түүх шастир, хэл соёлтой. Ард иргэд нь ч үүгээрээ бахархаж бардамнадаг. Харин жинхэнэ христианууд үндсэрхэг үзэлд автах учиргүй. Ямар ч үед төвийг сахих байр сууриа баримтлахын тулд үзэл бодлоо өөрчилж, мөс чанараа сургах ёстой. Ингэхийн тулд яах вэ?

12 Хуучнаар Югослав улсад төрж өссөн Мириетагийн * жишээг ярилцъя. Тэрбээр сербүүдийг үзэн яддаг байжээ. Ехова ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхдаггүй, харин Сатан ийм үзлийг дэвэргэдгийг мэдээд үзэл бодлоо өөрчилсөн байна. Гэтэл угсаатны мөргөлдөөн гарч Мириета сербүүдийг дахин үзэн ядаж тэдэнд дэлгэрүүлж чадахаа болив. Энэ бодлоосоо аяндаа салчихна гэж бодож болохгүйгээ ойлгоод Еховагаас тусламж гуйжээ. Буруу үзлээсээ ангижран эхлэгч болоход туслахыг гуйн залбирчээ. Мириета: «Дэлгэрүүлэх ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан нь миний хувьд их сайн болсон юм. Дэлгэрүүлэхдээ Еховагийнх шиг сайхан зан чанаруудыг илэрхийлэх тусам таагүй бодлууд маань замхарсан» гэж ярьсан юм.

13. а) Зойлад итгэл нэгтнүүд нь яаж хандсан бэ? Зойла яасан бэ? б) Зойлагаас юу сурч болох вэ?

13 Зойла гэдэг Гэрч эмэгтэй Мексикээс Европ руу нүүжээ. Шинэ хуралд нь Латин Америкийн орнуудаас ирсэн хүмүүс бас байв. Төрсөн нутаг, зан заншил, тэр байтугай дуу хөгжмийг нь муу хэлдэг хүмүүс тэдний дунд байдгийг Зойла анзаарчээ. Танд ингэж хандвал ямар санагдах байсан бэ? Зойла уурлаж бухимдсан нь гайхаад байх зүйл биш юм. Гэхдээ тэрбээр Еховад залбирч, гомдол дургүйцлээ мартахад туслахыг гуйсан нь сайшаалтай. Үнэнийг хэлэхэд үндэс угсаа, нутаг орныхоо талаар таагүй яриа сонсоод сэтгэлдээ хорсол бухимдал тээн, түүнтэйгээ одоо ч тэмцэж яваа хүмүүс бидний дунд байдаг. Гэсэн хэдий ч христиан хүн хүмүүсийн хооронд хагарал гаргах юм хэлж, хийх ёсгүй (Ром 14:19; 2 Кор. 6:3).

14. Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болохын тулд яах хэрэгтэй вэ?

14 Еховагийн үйлчлэгчид нэг үндэстэн мэт эв нэгдэлтэй байх ёстой. Тийм учраас бид улс үндэстнүүдийг ялгаварлан гадуурхах учиргүй. Гэхдээ та нутаг ус, үндэс угсаагаараа бахархан сайрхах үзэлтэй болж өссөн бол яах вэ? Энэ үзлээсээ хараахан салаагүй байна уу? Тэгвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд Ехова яаж ханддагийг сайн эргэцүүлэн бодоорой. Бие даасан судлал болон гэр бүлийн хичээлээрээ энэ сэдвийг дэлгэрэнгүй судлаарай. Тэгээд Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болоход туслахыг гуйж залбираарай (Ром 12:2-ыг уншина уу).

Еховад үнэнч байна гэдэг нь хүмүүс яаж ч дарамталсан ухарч няцахгүй байхыг хэлнэ (15, 16-р догол мөрийг үзнэ үү)

15, 16. а) Бусдаас ялгардгийг маань хараад бусад хүн яаж магадгүй вэ? б) Эцэг эхчүүд хүүхдэдээ Еховад үнэнч байхад нь хэрхэн туслах вэ?

15 Еховад үйлчилдэг бүх хүн мөс чанараасаа болоод эрт орой хэзээ боловч ажлын хамт олон, ангийн хүүхдүүд, хамаатан садан гээд эргэн тойрныхоо хүмүүсээс онцгой ялгарах нь гарцаагүй (1 Петр 2:19). Ингэх ч ёстой! Бусдаас ялгардгаас маань болоод хүмүүс үзэн ядахыг Есүс анхааруулсан. Биднийг эсэргүүцдэг ихэнх хүн Бурхны Хаанчлалын талаар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас тэд төвийг сахих байр суурь баримталдгийг маань ойлгодоггүй. Харин бидний хувьд энэ нь амин чухал асуудал юм.

16 Еховад үнэнч байна гэдэг нь хүмүүс яаж ч дарамталсан ухарч няцахгүй байхыг хэлнэ (Дан. 3:16–18). Ер нь ямар ч насныхан, түүний дотор хүүхэд залуус хүнээс айдаг. Эцэг эхчүүд ээ, хүүхэд тань туг далбаанд мөргөхгүй, үндэсний баяр ёслол тэмдэглэхгүй гэж хэлэхээс айж байгаа бол туслаарай. Ехова иймэрхүү зүйлийг юу гэж үздэгийг Гэр бүлийн хичээлээрээ ярилцаарай. Итгэл үнэмшлээ тодорхой бөгөөд хүндэтгэлтэй тайлбарлахыг зааж өгөөрэй (Ром 1:16). Бас шаардлагатай бол багш нартай нь уулзаж ярилцаарай.

ЕХОВАГИЙН БҮХ БҮТЭЭЛИЙГ ҮНЭЛ

17. Бид ямар хандлагатай болохоос зайлсхийх ёстой вэ? Яагаад?

17 Төрж өссөн нутаг ус, хэл соёл, хоол ундаа эрхэмлэх нь хүн болгонд байдаг л зүйл. Гэхдээ «минийх л хамгийн сайн» гэсэн хандлагатай болохоос болгоомжлох хэрэгтэй. Ехова биднийг жаргалтай амьдруулахын тулд бүх юмыг асар олон төрлөөр нь бүтээж өгсөн (Дуу. 104:24; Илч. 4:11). Тиймээс нэгийг нөгөөгөөс нь илүү гэж үзэх хэрэг байна уу?

18. Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болохын ач тус юу вэ?

18 Бурхан бүх үндэстэнд өөрийнхөө талаар үнэн зөв мэдүүлж, мөнх амьдруулахыг хүсдэг (Иох. 3:16; 1 Тим. 2:3, 4). Бусдынхаа саналыг дуртайяа сонсож, хүлээж авдаг бол амьдрал маань сонирхолтой болж, итгэл нэгтнүүдтэйгээ ч эв нэгдэлтэй байна. Бид Еховад болон Хаанчлалд үнэнч учраас ертөнцийн үйл хэрэгт оролцдоггүй. Сатаны ертөнцөд газар авсан талцан хуваагдах, бардамнан бахархах, өрсөлдөн тэмцэлдэх явдлыг үзэн яддаг. Эв нэгдэлтэй, даруу байхад сургадаг Еховадаа талархаад баршгүй! Дуулалч нэгэнтээ «Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» хэмээн дуу алдсан байдаг. Бид бас ийм сэтгэлтэй явдаг (Дуу. 133:1).

^ д/м 10 Филиппой хот Ромын харьяанд байсан болохоор тэндхийн зарим христиан тус улсын иргэн нь байсан бололтой. Тиймээс тэд Ромын иргэн биш ах дүүсээсээ давуу эрх эдэлдэг байсан.

^ д/м 12 Зарим нэрийг өөрчлөв.