Skip to content

Гарчиг руу орох

Эцэг хүн яавал хүүтэйгээ дотно байх вэ?

Эцэг хүн яавал хүүтэйгээ дотно байх вэ?

Эцэг хүн яавал хүүтэйгээ дотно байх вэ?

«ААВ аа, та яаж ийм их юм мэддэг юм бэ?» Хүү тань ингэж асууж таныг гайхашруулж байсан уу? Тэр үед та эцэг хүн гэдгээрээ бахархсан байх. Гэхдээ хүү тань мэдлэгийг тань үнэлээд зогсохгүй таны өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж, ухаалаг алхам хийхэд та бүр ч их баярласан биз ээ * (Сургаалт үгс 23:15, 24).

Хүү тань одоо ч урьдынх шигээ танаар бахархдаг уу? Эсвэл өсөж томрохын хэрээр таныг хүндэтгэхээ больж байгаа юм шиг санагддаг уу? Хүүхдээ өсөж томорсон ч бага балчир үеийнх шиг нь дотно байхын тулд яах хэрэгтэй вэ? Эхлээд, эцэг хүнд тохиолддог зарим бэрхшээлийг ярилцъя.

Нийтлэг гурван бэрхшээл

1. ЗАВГҮЙ ЯВДАГ: Ихэнх улс оронд эцэг хүн гэр бүлээ тэжээх гэж ажиллан гэрийн бараа хардаггүй. Зарим улсад эцгүүд хүүхдэдээ бараг цаг гаргадаггүй аж. Жишээлбэл, Франц улсад явуулсан саяхны нэг судалгаагаар эцгүүд хүүхдэдээ өдөрт дунджаар 12 хүрэхгүй минут гаргадаг нь тогтоогджээ.

БОДОЖ ҮЗНЭ ҮҮ: Та хүүдээ хэр их цаг гаргадаг вэ? Дараагийн нэг юм уу хоёр долоо хоногийн хугацаанд хүүдээ өдөр бүр хэдэн цаг зориулснаа тэмдэглэж байгаад нийт хэдэн цаг болохыг тооцож үзээрэй. Та гайхах байх.

2. САЙН ҮЛГЭР ДУУРИАЛ ДУТМАГ БАЙДАГ: Зарим эрчүүд эцэгтэйгээ бараг харьцалгүй өссөн байдаг. Францад амьдардаг Жан Мари: «Би эцэгтэйгээ бараг харьцдаггүй байлаа» гэж ярьжээ. Энэ нь түүнд яаж нөлөөлсөн бэ? Тэрбээр: «Би ёстой бодоогүй юмаа үзсэн. Би хөвгүүдтэйгээ олигтой юм ярьж чаддаггүйгээ анзаарсан юм» гэж хэлжээ. Нөгөө талаас, аавыгаа сайн мэддэг боловч дотно харьцалгүй өссөн хүмүүс бас байдаг. 43 настай Филипп гэдэг эрэгтэй: «Манай аав ёстой л хал нь гаднаа хүн байсан. Би хүүгийнхээ хувьд хайр нь гаднаа аав байх гэж их зүтгэсэн дээ» хэмээн ярьжээ.

БОДОЖ ҮЗНЭ ҮҮ: Та хүүтэйгээ харьцахдаа аавыгаа дууриадаг юм шиг санагддаг уу? Аавынхаа сайн, муу талыг яаж дууриадгаа анзаарч байсан уу?

3. СЭТГЭЛГЭЭНИЙ ЯЛГАА: Зарим оронд хүүхэд хүмүүжүүлэхэд эцэг хүн чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж үздэг. Баруун Европын оронд өссөн Лүка: «Манай оронд эхнэр хүн л хүүхэд хүмүүжүүлэх ёстой гэж үздэг» хэмээн ярьжээ. Зарим үндэстний ойлголтоор бол эцэг хүний гол үүрэг бол хатуу чанд хүмүүжүүлэх явдал аж. Жишээлбэл, Африкийн нэг улсад өссөн Жорж: «Манай нутагт аав нь хүүтэйгээ тоглодоггүй. Ингэвэл эцэг хүн үнэ хүндээ алдана гэж айдаг. Тиймээс хүүтэйгээ хамт тоглож наадах надад нэг л эвгүй санагддаг байсан» хэмээн ярьжээ.

БОДОЖ ҮЗНЭ ҮҮ: Танай нутагт эцэг хүнийг ямар үүрэгтэй гэж үздэг вэ? Хүүхэд хүмүүжүүлэхийг эмэгтэй хүний ажил гэж үздэг үү? Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлэхдээ хайр нь дотроо хал нь гаднаа байхыг зөв гэж үздэг үү?

Хэрэв танд иймэрхүү бэрхшээл тулгардаг бол яаж даван туулах вэ? Дараах зөвлөгөөг авч үзье.

Аль болох багаас нь сургаарай

Ер нь, эрэгтэй хүүхэд аавыгаа дууриах төрөлхийн хүсэлтэй байдаг. Тийм учраас хүүтэйгээ багаас нь ойр дотно байгаарай. Ингэхийн тулд яах хэрэгтэй вэ? Та хүүдээ хэзээ цаг гаргаж чадах вэ?

Боломж гарах бүрд, өдөр тутмын гэр орны ажил хийхдээ хүүгээ оролцуулж байгаарай. Жишээлбэл, хүүдээ тохирсон жижиг шүүр юм уу хүрз өгөөд гэрийн ажилд туслуулаарай. Хүүхэд аавыгаа мундаг гэж боддог болохоор хамт ажиллаж байгаадаа баярлах нь гарцаагүй! Хүүгээ оролцуулахад цаг их орж болох ч хүүтэйгээ илүү дотносож, ажилд сургана. Эцгүүд үр хүүхдээ гэрийн ажилд оролцуулж байхаас гадна иймэрхүү ажлыг хүүхэдтэйгээ харьцах, тэднийг сургах боломж болгохыг Библид уриалсан байдаг (Дэд хууль 6:6–9). Энэ зөвлөгөө өнөөгийн бидэнд ч ач тустай.

Гэрийн ажлаа хүүтэйгээ хамт хийхээс гадна тоглох цаг гаргаарай. Энэ нь зөвхөн цагийг зугаатай өнгөрөөж буй хэрэг биш юм. Эцэгтэйгээ тоглож өссөн хүүхэд шинийг эрэлхийлдэг, эр зоригтой хүн болдгийг судалгаагаар тогтоожээ.

Хүүтэйгээ тоглох нь бас нэг чухал ач холбогдолтой. Мишель Фез гэдэг судлаач: «Эрэгтэй хүүхэд аавтайгаа тоглож байхдаа илүү сайн харьцдаг» хэмээн хэлжээ. Хөвгүүд аавтайгаа тоглож байхдаа үг яриа, үйлдлээс нь хайрыг нь мэдэрдэг аж. Ингэхлээр, хамт тоглох нь хайр илэрхийлэхийг зааж байгаа хэрэг юм. Германд амьдардаг Андрей гэдэг эрэгтэй: «Би хүүгээ бага байхад нь хамт их тоглодог байж билээ. Бас их тэвэрдэг байсан юм. Тэгээд хүү маань намайг хайрладгаа харуулдаг болсон» гэж ярьжээ.

Хүүгээ унтахаас нь өмнө хамт байх нь дотносох бас нэг арга юм. Тэр үед тогтмол ном уншиж өгч, тухайн өдөр юунд баярласан, юунд гуньсныг нь анхааралтай сонсож байгаарай. Хэрэв ингэвэл хүү тань өсөж том болсон хойноо ч тантай харьцахад илүү амар байх болно.

Сонирхол нэгтэй байгаарай

Аав нь өөртэй нь ярих гэхэд өсвөр насны хөвгүүд заримдаа цааргалах нь бий. Юм асуухад хариулахгүй байх юм уу булзааруулдаг болбол юу ч яриад нэмэргүй гэж яаран бүү дүгнээрэй. Өөр аргаар харьцах гээд оролдвол хүү тань илүү нээлттэй харьцаж болох юм.

Францад амьдардаг Жак гэдэг эрэгтэй, хүү Жеромд нь өөртэй нь харьцах заримдаа хэцүү байдгийг анзаарчээ. Тэрбээр хүүгээ яриулах гэж хүчлэхийн оронд харьцах аргаа өөрчилж хүүтэйгээ хөл бөмбөг тоглодог болжээ. Тэрбээр: «Бид хоёр тоглосныхоо дараа зүлгэн дээр сууж түр амсхийдэг байсан. Тэр үед хүү маань дотроо юу бодож явдгаа ярьдаг байсан. Хүү маань аавтайгаа хамт байж болдгийг, тэгэхдээ бүр хоёулхнаа байж болохыг ойлгосон учир бид улам дотноссон гэж би боддог» хэмээн ярьсан юм.

Хэрэв танай хүү спортод дургүй бол яах вэ? Хүүтэйгээ од хардаг байсан Андрей: «Орой болохлоор хүү бид хоёр дулаан хувцаслаж, халуун цай аваад эвхдэг сандал дээр суугаад од хардаг байсан. Одыг бүтээсэн Нэгэн, хувийн асуудал гээд бараг бүх юмны талаар ярилцдаг байсан» гэж дурсан ярьжээ (Исаиа 40:25, 26).

Гэтэл танай хүү та хоёрын сонирхол нийлдэггүй бол яах вэ? Ийм үед өөрийнхөө сонирхлыг хойш тавих хэрэгтэй болох байх (Филиппой 2:4). Өмнөд Африкт амьдардаг Ян: «Би спортод их дуртай, харин хүү маань спорт сонирхдоггүй байсан. Манай Вон онгоц, компьютерт дуртай хүүхэд л дээ. Тиймээс хүүгийнхээ сонирхдог зүйлийг би бас сонирхдог болж, хүүдээ нислэгийн шоу үзүүлж, хүүтэйгээ онгоц жолооддог тоглоом компьютерээр тоглодог байсан. Дуртай юмыг нь хамт хийдэг байсан болохоор Вон надтай илэн далангүй харьцдаг болсон» хэмээн хэлжээ.

Өөртөө итгэлтэй болоход нь туслаарай

Бяцхан хүү тань ямар нэг шинэ юм сурчихаад «Аав аа, хар даа!» гэж таныг дуудаж байсан уу? Өсвөр насанд хүрсэн ч танаар магтуулахыг хүсэж байгаагаа одоо ч багынх шигээ харуулдаг уу? Үгүй л болов уу. Гэхдээ өөртөө итгэлтэй хүн болоход нь хүүхдэд магтаал сайшаал зайлшгүй хэрэгтэй байдаг.

Ехова Бурхан нэг хүүтэйгээ хэрхэн харьцсаныг жишээ болгон авч үзье. Есүс дэлхий дэх амьдралынхаа нэгэн онцгой үеийг эхлэх гэж байв. Тэгэхэд нь Ехова: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж хэлэн, Хүүгээ хайрладгаа тодорхой харуулсан (Матай 3:17; 5:48). Та эцэг хүний хувьд хүүгээ сурган хүмүүжүүлж, сахилгажуулах үүрэгтэй нь үнэн (Ефес 6:4). Гэхдээ бас хүүгээ зөв юм ярьж, зөв юм хийхэд нь магтдаг уу?

Зарим эрэгтэй бусдыг магтаж, хайрлаж энхрийлэхийг сураагүй байдаг. Энэ нь тэднийг эцэг эх нь магтан сайшаахаасаа илүү загнаж зэмлэдэг байсантай холбоотой байж болох юм. Хэрэв та ийм эцэг эхийн гар дээр өссөн бол одоо хүүгээ өөртөө итгэлтэй хүн болгон хүмүүжүүлэхийн тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэгвэл яана гэсэн үг вэ? Өгүүллийн эхэнд дурдсан Лүка гэрийн ажилд 15 настай Мануэл хүүгээ оролцуулдаг аж. Тэрбээр: «Би заримдаа хүүдээ ямар нэг ажил даалгаж, туслуулах хэрэгтэй болбол хэлээрэй гэж хэлдэг. Хүү маань ихэнхдээ өөрөө хийчихдэг. Сайн хийхлээрээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй болдог. Сайн хийвэл би магтдаг. Гэхдээ санаандаа хүртэл хийж чадаагүй үед нь ч хичээж мэрийснийг нь үнэлж байгаагаа хэлдэг» хэмээн ярьжээ.

Хүүгээ өөртөө итгэлтэй хүн болоход нь туслах нэг арга бол амьдралдаа зорилго тавьж, тэр зорилгодоо хүрэхэд нь дэмжих явдал юм. Гэвч таны санаснаар болохгүй бол яах вэ? Эсвэл хүүгийн тань тавьсан зорилго таны бодсоноос өөр бол яах вэ? Ийм тохиолдолд та үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй байх. Дээр дурдсан Жак: «Би бодитой зорилго тавихад нь хүүдээ туслахыг хичээдэг. Гэхдээ хүү минь миний биш, өөрийнхөө зорилгод, бас өөрийнхөө чадлаар хүрэх учиртайг ойлгодог» гэж ярьжээ. Хүүгийнхээ саналыг сонсож, хүчин зүтгэлийг нь магтаж, алдаа дутагдлаа засахыг нь уриалдаг бол хүүгээ зорилгодоо хүрэхэд нь тусална.

Эцэг хүү хоёрын хооронд ч үл ойлголцол гардаг нь үнэн. Гэхдээ эцэг хүн чадах бүхнээ цөхрөлтгүй хийдэг бол хүү тань тантай үргэлж дотно байхыг хичээх биз ээ. Тэгээд ч, өөрийг нь амжилтад хүрэхэд тусалдаг хүнээс хэн зай барих билээ?

[Зүүлт]

^ Энэ өгүүллээр эцэг хүү хоёрын дотно харьцааны талаар авч үзэх боловч одоо хэлэлцэх зарчмыг эцэг хүн охинтойгоо харьцахдаа ч хэрэгжүүлж болно.