Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ: ДЭЛХИЙ СӨНӨНӨ ГЭЖ АЙХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

Дэлхий сөнөнө гэж айх хэрэгтэй юү?

Дэлхий сөнөнө гэж айх хэрэгтэй юү?

2012 оны 12 дугаар сарын 21 гэхлээр танд юу бодогдож байна вэ? Энэ өдөр дэлхий дахинд өөрчлөлт гарна гэж олон хүн маяачуудын он тооллын бичигт үндэслэн ярьж байсан. Харин одоо, айсан нэгнийх нь санаа амарч, ямар нэг жигтэй юм болох нь гэж сонирхож байсных нь урам хугарч, харин төгсгөлийг хүлээж байсан нь цөхөрсөн байж болох юм. Энэ явдал дэлхий сөнөж, бүх юм төгсөх талаарх бас нэг буруу таамаг байв уу?

«Дэлхийн төгсгөл» гэж Библид бичсэн нь ямар учиртай юм бол оо? (Матай 24:3, ШГ). Галан галав юүлэх гэнэ лээ гэж айдаг хүмүүс байхад бүх юм яаж төгсөх бол гэж сонирхох хүн ч байдаг. Нөгөөтэйгүүр, төгсгөл удахгүй болно гэхийг сонссоор хүлээж цөхсөн хүн ч бий. Хүмүүс ингэж янз бүрээр хандаж байгаа нь бодитой баримтад үндэслээд тэр үү, эсвэл ургуулан бодоод тэр үү?

Төгсгөлийн талаар Библид чухам юу бичсэн байдгийг мэдээд та гайхах байх. Библид төгсгөлийг хүлээх хэрэгтэйн учрыг хэлээд зогсохгүй төгсгөлийг болох ёстой цагаасаа хоцроод байна гэж боддог хүний урам хугардгийг ч илэн далангүй бичсэн байдаг. Энэ сэдвээр хүмүүсийн сонирхлыг их татдаг хэдэн асуултын хариуг Библиэс авч үзье.

Дэлхий галан галаваар сөнөх үү?

БИБЛИЙН ХАРИУ: «Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд [Бурхан] газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан» (ДУУЛАЛ 104:5).

Галан галав, усан галав гэх мэтээс дэлхий сөнөхгүй юм. Библийн сургаалаар, бидний оршин суугаа энэ дэлхий бол хүн төрөлхтний мөнхийн гэр юм. Дуулал 37:29-д «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж байдаг (Дуулал 115:16; Исаиа 45:18).

Бурхан дэлхийг бүтээснийхээ дараа дэлхийг «нэн сайхан» гэж хэлсэн бөгөөд одоо ч тэгж үздэг (Эхлэл 1:31). Дэлхийг устгах ямар ч санаа агуулдаггүй. Харин ч «дэлхийг устгагчдыг устгаж», дэлхийд арилшгүй хор хохирол учрахаас сэргийлэхээ амласан (Илчлэлт 11:18).

Гэхдээ та 2 Петр 3:7-д бичсэнийг уншаад гайхах биз ээ. Библийн энэ зүйлд «Өнөөгийн тэнгэр болоод газар нь ... галд зориулагд[сан]» гэж байдаг. Энэ нь галан галав болно гэсэн үг биш үү? Библид «тэнгэр», «газар», «дэлхий», «гал» гэх зэргийн үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэх нь байдаг. Жишээ нь, Эхлэл 11:1-д «Бүх дэлхий нэг хэлтэй ... байлаа» гэж бичихдээ «дэлхий» гэдгээр хүний нийгмийг хэлжээ.

2 Петр 3:7-д дурдсан «тэнгэр», «газар», «гал» нь бас бэлгэдлийн утгатайг өмнөх зүйлүүдийг нь үзээд мэдэж болно. 5, 6-р зүйлд Ноагийн үед болсон Усан галавын талаар бичсэн байдаг. Тэр үед эртний нэг ертөнц устсан. Харин дэлхий устаагүй, одоо ч байсаар байгаа шүү дээ. Усан галаваар устсан «ертөнц» гэдэг нь хүчирхийллээр дүүрсэн хүний нийгэм юм. Бас «тэнгэр» буюу тэр нийгмийг удирдаж байсан хүмүүс устсан (Эхлэл 6:11). Үүнтэй адилаар, өнөөгийн ёс бус нийгэм, шударга бус засгийн газруудыг бүрмөсөн устгахыг галаар устгахтай зүйрлэн 2 Петр 3:7-д зөгнөжээ.

Дэлхийн төгсгөлд яг юу болох вэ?

БИБЛИЙН ХАРИУ: «Энэхүү дэлхий, түүний муу хүсэл нь өнгөрөвч, харин Бурханы тааллыг бүтээгч нь мөнхөд оршино» (1 ИОХАН 2:17, МАБ).

Энд «дэлхий» өнгөрнө гэсэн нь газар дэлхийн бус, харин Бурхны санаа зорилгын дагуу амьдардаггүй хүний нийгмийн үгүй болохыг хэлсэн. Мэс засалч өвчтөний амийг аврахын тулд хавдрыг нь авдгийн адил Бурхан сайн хүмүүсийг дэлхий дээр сайхан амьдруулахын тулд хорон муу хүмүүсийг «тасална» (Дуулал 37:9). Энэ үүднээс авч үзвэл, «дэлхийн төгсгөл» гэдэг нь сайн юм байх нь ээ.

«Дэлхийн төгсгөл» гэж орчуулсан үгийг Библийн зарим орчуулгад «үеийн төгсгөл» гэх зэргээр буулгасан нь эерэг ойлголт төрүүлдэг (Матай 24:3). Хүн төрөлхтөн ч мөхөхгүй, дэлхий ч сөнөхгүй гэдгийг дээр тэмдэглэсэн. Тэгэхлээр, нэг шинэ үе эхэлнэ гэж үзэх нь зүйд нийцэхгүй гэж үү? Ингэж дүгнэх нь Библийн сургаалтай тохирдог. Учир нь Библид «ирэх үе»-ийн талаар бичсэн байдаг (Лук 18:30).

Тэрхүү ирэх үеийг Есүс «шинэ үе» хэмээсэн бөгөөд тэрбээр хүн төрөлхтнийг Бурхны анхны санаа зорилгын дагуу амьдруулна (Матай 19:28, МАБ). Тэр үед хүний амьдрал ийм болно.

  • Бүх хүн диваажин дэлхийд амар тайван, хангалуун амьдарна (Исаиа 35:1; Мика 4:4).

  • Сэтгэлдээ нийцсэн ажил хийж, үр шимийг нь хүртэнэ (Исаиа 65:21, 23).

  • Бүх өвчин эмгэгээс ангижирна (Исаиа 33:24).

  • Хүмүүс залуужна (Иов 33:25).

  • Нас барагсад амилна (Иохан 5:28, 29).

«Бурханы тааллыг бүтээгч» буюу шаардлагыг нь биелүүлдэг хүн өнөөгийн нийгмийн төгсгөлөөс айдаггүй, харин ч төгсгөлийг тэсэн ядан хүлээдэг.

Төгсгөл тийм ойрхон байгаа юм уу?

БИБЛИЙН ХАРИУ: «Та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй» (ЛУК 21:31).

Профессор Ричард Кайл «гэнэтийн өөрчлөлт, нийгмийн эмх замбараагүй явдал гарахлаар дэлхий сөнөнө гэсэн таамаг дэвшүүлэх нөхцөл бүрддэг» хэмээн нэгэн номд бичжээ («The Last Days Are Here Again»). Ялангуяа, тийм өөрчлөлт, замбараагүй явдлын учрыг тайлбарлах аргагүй мэт санагдахад өөрийн эрхгүй тийм бодол төрдөг.

Библид төгсгөлийн талаар бичсэн зөнчид тухайн үеийнхээ үйл явдлыг тайлбарлахыг оролдсон юм биш ээ. Харин төгсгөл хаяанд ирсний дохио болох үйл явдлыг Бурхнаар удирдуулан бичсэн юм. Тэдний бичсэн зөгнөлөөс заримыг нь авч үзье. Өнөө үед биелж байгаа эсэхийг нь та бодож үзээрэй.

  • Дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болж, тахал дэлгэрнэ (Матай 24:7; Лук 21:11, ШГ).

  • Гэмт хэрэг ихэснэ (Матай 24:12).

  • Хүн төрөлхтөн дэлхийг сүйтгэнэ (Илчлэлт 11:18).

  • Хүмүүс Бурхныг бус, өөрсдийгөө, мөнгийг, зугаа цэнгэлийг хайрлана (2 Тимот 3:2, 4).

  • Гэр бүл салах нь ихэснэ (2 Тимот 3:2, 3).

  • Төгсгөл удахгүй болохыг батлах баримтыг нийтээрээ үл тоомсорлоно (Матай 24:37–39).

  • Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар түгнэ (Матай 24:14).

«Энэ бүхнийг хараад» төгсгөл ойрхон гэж мэдэж болохыг Есүс хэлсэн (Матай 24:33). Еховагийн Гэрчүүд эдгээр үйл явдлыг гарцаагүй биелж байгаа гэж үздэг бөгөөд дэлхийн 236 оронд итгэл үнэмшлээ хүмүүстэй хуваалцдаг.

Хүмүүс төгсгөлийн талаар янз янзаар төсөөлдөг юм чинь төгсгөл болох юм уу?

БИБЛИЙН ХАРИУ: «ХүмүүсийгАмар тайван, аюулгүй байдалгэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй» (1 ТЕСАЛОНИК 5:3).

Нийгэм сүйрэхийг жирэмсэн эмэгтэйн гэнэт дуншдагтай Библид зүйрлэсэн байна. Хөл хүнд эмэгтэй ойр ойрхон, улам бүр хүчтэй дуншихад удахгүй амаржихаа мэддэг шиг төгсгөлийн өмнөх үед тодорхой шинж тэмдэг илрэх учир төрөхийн өвдөлттэй адилтгажээ. Жирэмсэн эмэгтэйн хэзээ амаржихийг эмч тооцоолдог. Гэхдээ тооцоолсон үед төрөхгүй байлаа ч удахгүй төрөх нь гарцаагүй. Үүнтэй адилаар, төгсгөлийн талаар хүмүүс андуу ойлгодог нь өнөө үеийг «эцсийн өдрүүд» гэж баталдаг хөдөлгөөнгүй нотолгоог хүчингүй болгохгүй шүү дээ (2 Тимот 3:1).

«Төгсгөл хаяанд ирснийг батлах шинж тэмдэг тийм л илэрхий юм бол яагаад хүмүүс олж хардаггүй юм бэ?» гэж асуумаар санагдаж болох юм. Төгсгөл тун ойртчихоод байхад ч хүмүүс баримтыг үл тоомсорлохыг Библид бичсэн байсан. Хүмүүс эцсийн өдрүүдэд өөрчлөлт гарч байгааг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, «Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ» хэмээн элэглэх аж (2 Петр 3:3, 4). Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илт байх боловч олон хүн тоохгүй гэсэн үг (Матай 24:38, 39).

Төгсгөл тун удахгүй болохыг баталдаг Библийн баримтаас хэдийг л энэ өгүүллээр авч үзлээ. * Та илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдтэй холбоо барьж, Библийн хичээл үнэ төлбөргүй заалгаарай. Гэртээ юм уу өөр тохиромжтой газар эсвэл бүр утсаар хичээл хийж болно. Та бага ч болов цаг гаргавал маш их ач тус хүртэнэ.

^ Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын «Өнөө үе „эцсийн өдрүүд“ үнэхээр мөн үү?» гэсэн 9-р бүлгээс үзнэ үү.