Skip to content

Гарчиг руу орох

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ УНШААРАЙ

Худал ярьсан Петр Ананиа хоёроос ямар сургамж авах вэ?

Худал ярьсан Петр Ананиа хоёроос ямар сургамж авах вэ?

Мэдсээр байж үнэн биш юм яривал худал хэлсэн болохыг чи лав мэдэх байх. Чи худлаа хэлж байсан уу? * Бурхныг хайрладаг томчууд хүртэл худал хэлж байжээ. Библид гардаг тийм нэг хүнийг чи мэдэх байх. Есүсийн 12 элчийн нэг Петр шүү дээ. Яагаад худал хэлсни0йг нь мэдэж авцгаая.

Хүмүүс Есүсийг баривчлаад тэргүүн тахилчийн гэр лүү авч явдаг. Шөнө дунд нэлээд өнгөрсөн байлаа. Петр тэргүүн тахилчийн хашаанд ороод байж байв. Тэгтэл түүнийг хашаанд оруулсан шивэгчин галын гэрэлд Петрийг таньчихаад «Чи бас Есүстэй хамт байсан шүү дээ» гэв. Петр айж, тэр үгийг үгүйсгэжээ.

«Өөр нэг шивэгчин түүнийг хараад» «Энэ хүн ... Есүстэй хамт байсан» гэж хэлсэн нь Библид байдаг. Тэгтэл Петр дахиад энэ үгийг үгүйсгэдэг. Удалгүй тэнд байсан хэдэн хүн: «Чи тэдний нэг гарцаагүй мөн» гэжээ.

Петр их айсандаа, «Би энэ хүнийг танихгүй» гээд хэлчихэв. Ингээд гурав дахь удаагаа худал ярьжээ. Тэр даруй тахиа донгодов. Есүсийг өөр лүү нь харахад Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж хэдхэн цагийн өмнө хэлснийг нь санажээ. Ийм муухай хэрэг хийсэндээ маш их харамсан уйлав!

Чамд ийм юм тохиолдвол яах вэ?— Ангийн чинь хүүхдүүд Еховагийн Гэрчүүдийн тухай ярьж байна гэнэ. «Гэрч хүүхэд хачин юм. Төрийн дуулал дуулдаггүй» гэж нэг хүүхдийг хэлэхэд өөр нэг хүүхэд: «Бас баяр тэмдэглэдэггүй шүү дээ» гэв. Тэгтэл дахиад нэг хүүхэд: «Найзууддаа туслаад хуулуулъя гэж боддоггүй» гэж хэлжээ. Тэгээд нэг нь чамаас «Чи Еховагийн Гэрч биз дээ?» гэж асуулаа. Чи юу гэж хариулах вэ?

Урьдаас сайн бэлтгэвэл оновчтой хариулж чадна. Петр бэлтгэлгүй байсан. Тиймээс дарамт тулгарахад худал хэлчихсэн! Гэхдээ чин сэтгэлээсээ гэмшсэн учир Бурхан түүнийг уучилсан.

Худлаа хэлсэн бас нэг хүн бол Есүсийн шавь Ананиа юм. Бурхан Ананиаг ч, эхнэр Сапфирыг нь ч уучлаагүй. Тэд худал ярихаа урьдаас тохирсон байжээ. Бурхан тэднийг яагаад уучлаагүйг мэдэж авцгаая.

Есүсийг элч нараа орхин тэнгэр өөд буцсанаас хойш арван өдрийн дараа 3 000 орчим хүн Иерусалимд баптисм хүртжээ. Тэдний дунд Пентекостын баяр тэмдэглэхээр хол газраас ирсэн хүмүүс ч байв. Есүсийн шавь болоод удаагүй тэд мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд тэндээ хэсэг байхаар шийджээ. Тиймээс Иерусалимд амьдардаг зарим шавь тэдэнд мөнгөөр тусалж байв.

Ананиа Сапфир хоёр ч тийм хүмүүст туслах мөнгө олох гэж эд хөрөнгөө заржээ. Ананиа бүх мөнгөө авчирлаа гэж элч нарт хэлдэг. Гэвч энэ нь худал байв! Үнэндээ, өөртөө мөнгө үлдээжээ. Бурхан үүнийг Петрт мэдэгдсэнд, Петр: «Чи хүнд биш, харин Бурханд худал хэллээ» гэв. Үүнийг дуулсан Ананиа үхэтхийн унажээ! Нөхрийнхөө яасныг мэдээгүй эхнэр нь гурав орчим цагийн дараа ирээд бас худал хэлдэг. Тэгээд бас үхэтхийн унав!

Энэ явдал их сургамжтай. Худал ярьж болохгүй! Бид бүгдээрээ үнэнийг ярьж сурах хэрэгтэй! Ер нь, хүн худлаа ярьчихдаг. Ялангуяа багадаа. Ехова чамд хайртай бөгөөд Петрийг уучилсан шигээ чамайг уучилна гэхлээр сайхан санагдаж байна уу?— Гэхдээ бид дандаа үнэнийг хэлдэг байх ёстой. Хэрэв худал хэлчихвэл ийм том алдаа гаргасандаа Бурхнаас заавал уучлалт гуйх хэрэгтэй. Петр Бурхнаас уучлалт гуйсан нь лавтай. Тийм учраас Бурхан уучилсан. Дахиж худал хэлэхгүй байхыг хамаг чадлаараа хичээвэл Бурхан биднийг бас уучилна!

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

^ Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.