Нөхрүүд ээ, орон гэрээ амар тайван байлгаарай
НӨХРИЙН үүрэг юу вэ? Ар гэрээ тэжээх нь өрхийн тэргүүний гол үүрэг гэж олон хүн боддог. Харамсалтай нь, зарим эхнэр дутах юмгүй амьдардаг хэр нь сэтгэл санааны хувьд тайван бус, бүр нөхрөөсөө айдаг. Роса гэдэг испани эмэгтэй: «Нөхөр маань олны дунд эелдэг мөртлөө гэртээ бол ширүүн хүн байсан» гэж ярьсан юм. Жой гэдэг Нигери эмэгтэй ингэж хэлжээ. «Санал зөрөлдөх юм гарахлаар нөхөр маань шууд л “Би энэ гэрийн тэргүүн. Чи миний хэлснээр байх ёстой” гэдэг байсан».
Эхнэрээ хайрладаг нөхөр хүн ямар байдаг вэ? Орон гэрээ амар тайван байлгахын тулд яах ёстой вэ? (Рут 1:9).
НӨХРИЙН ЭРХ МЭДЛИЙН ТАЛААР БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?
Бурхан эхнэр нөхөр хоёрын нэгийг нь нөгөөгөөс нь илүү гэж үздэггүй. Гэхдээ Библид бичсэнээр эхнэр нөхөр хоёр өөрийн гэсэн үүрэгтэй. Эхнэр хүн «нөхрийн хууль» доор байдаг гэж Ром 7:2-т (ШГ) бичжээ. Ер нь, байгууллагуудад тэргүүн байдаг. Харин Бурхны санаа зорилгын дагуу бол нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм (1 Коринт 11:3). Эр хүн орон гэрээ авч явах учиртай.
Нөхөр хүн, Бурхнаас авсан үүргээ яаж биелүүлэх ёстой вэ? «Христ чуулганыг хайрла[сны] ... адил эхнэрүүдээ хайрла» гэж Библид байдаг (Ефес 5:25). Есүс эхнэртэй байгаагүй ч гэлээ нөхрүүдэд төгс үлгэр дууриал болдог. Ингэж хэлэхийн учрыг дэлгэрэнгүй авч үзье.
ЕСҮС НӨХРҮҮДЭД ТӨГС ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛДОГ
Есүс хүмүүсийг тайтгаруулж, ачааг нь хөнгөлдөг байсан. Сэтгэл санаагаар унасан, дарамтад орсон хүмүүст Есүс: «Над уруу ир. Би та нарыг амраая» гэж хэлсэн (Матай 11:28, 29). Есүс хүмүүсийг өвчин зовлонгоос ангижруулж, Еховатай дотно болоход нь тусалдаг байлаа. Олон түмэн Есүс дээр ирдэг байсан нь ийм учиртай.
Нөхрүүд Есүсийг яаж дууриах вэ? Гэрийн ажлаас хийлцэж байгаарай. «Би ч бараг л нөхрийнхөө
зарц нь байлаа даа» гэж хэлсэн Росагийн сэтгэлийг зарим эхнэр ойлгох байх. Харин Есүсийг дууриадаг нөхөр, эхнэрээ зарц гэж үздэггүй. Гэр орноо сайхан авч явдаг Квекү: «Би эхнэрээсээ “Яаж туслах вэ?” гэж асуудаг. Эхнэртээ хайртай болохоор санаачилга гаргаж гэрийн ажлыг нь хөнгөвчлөхийг хичээдэг» гэжээ.Есүс хүнийг ойлгодог, уян зөөлөн сэтгэлтэй байсан. Өвчнөөсөө болж 12 жил шаналсан эмэгтэй байжээ. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж байгааг дуулсан тэрбээр: «Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ» гэж өөртөө хэлсээр байв. Нээрээ ч бүх юм санаснаар нь болов. Есүсийн хувцсанд хүрэнгүүт өвчин нь эдгэрчээ. Хүмүүс энэ эмэгтэйг дураараа загналаа гэж бодсон байж болох юм. Харин Есүс түүнийг аргаа барсандаа ингэсэн гэдгийг нь ойлгосон. * Загнаж зэмлэлгүй, «Охин минь, ... зовлонгоосоо ангижрагтун» гэж хэлсэн. Есүс үнэхээр хүнийг ойлгодог, уян зөөлөн сэтгэлтэй хүн байжээ (Марк 5:25–34).
Нөхрүүд Есүсийг яаж дууриах вэ? Эхнэрийн тань бие тааруу байвал жирийн үеийнхээс илүү анхааран халамжилж, хүлээцтэй байгаарай. Сэтгэл санааг нь ойлгоорой. Рикардо: «Эхнэрээ эмзэг байхад нь гомдоож бухимдуулах юм хэлэхгүй байхыг боддог» гэжээ.
Есүс дагалдагчидтайгаа ярилцдаг байсан. Есүс анд найзуудтайгаа илэн далангүй ярилцдаг байжээ. Тэрбээр: «Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ» гэсэн (Иохан 15:15). Заримдаа ганцаараа байгаад юм бодож эргэцүүлж залбирдаг байсан нь үнэн. Гэхдээ дагалдагчдадаа сэтгэлээ уудалдаг байв. Хилсээр буруутгагдаж үхлийн ял авахынхаа өмнөх шөнө «Сэтгэл минь ... зовж байна» гэж хэлсэн (Матай 26:38). Шавь нар нь урам хугалах юм хийдэг байсан ч Есүс дуугаа хурааж байгаагүй (Матай 26:40, 41).
Нөхрүүд Есүсийг яаж дууриах вэ? Эхнэртэйгээ санал бодлоо хуваалцаж байгаарай. Нөхөр нь хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг ч гэртээ таг дуугүй болчихдог гэж зарим эмэгтэй гомдоллодог. Харин нөхөр нь санал бодлоо хуваалцахад ямар санагддагийг Ана гэдэг эмэгтэй: «Намайг хайрладаг юм байна, би дотных нь хүн юм байна гэдгийг ойлгодог» гэж хэлжээ.
Эхнэрээ хашраах гэж дуугаа битгий хураагаарай. Нэг эмэгтэй: «Нөхөр маань надад гомдохоороо хэдэн өдрөөр дуугаа хураачихдаг юм. Ингэж байгаа нь намайг жигшиж байгаа юм шиг санагддаг. Би ч өөрийгөө их буруутгадаг» гэжээ. Есүсийг дууриахыг хичээдэг Эдвин: «Би бухимдлаа шууд илэрхийлдэггүй. Эвийг нь олж байгаад ярилцдаг» гэсэн юм.
Өгүүллийн эхэнд гарсан Жой гэдэг эмэгтэйн нөхөр Еховагийн Гэрчүүдтэй Библи судалдаг болжээ. Жой: «Манай хүн их өөр болсон. Есүсийг дууриаж халамжтай нөхөр байх гэж их чармайж байгаа» гэжээ. Библийг удирдлага заавар болгодог олон сая хос жаргалтай амьдарч байна. Та хоёр бас жаргалтай амьдрахыг хүсдэг үү? Еховагийн Гэрчүүдтэй уулзаж Библийг үнэ төлбөргүй заалгаарай.
^ д/м 10 Мосегийн хуулиар бол энэ эмэгтэй болон түүнд хүрсэн хүн бузар гэж тооцогдож байсан (Левит 15:19, 25).