Еховагийн Гэрчүүд ямар хүмүүс вэ?
Еховагийн Гэрчүүд бол бусад шашнаас тусдаа, бие даасан олон улсын байгууллага юм. Байгууллагынх нь төв АНУ-д байдаг ч Гэрчүүдийн ихэнх нь бусад улс оронд амьдардаг. 230 гаруй оронд 8 сая гаруй Гэрч бусдад Библи заадаг. Ийнхүү «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» гэж хэлсэн Есүсийн үгийг дагаж байгаагаа харуулдаг (Матай 24:14).
Амьдарч байгаа улс орныхоо хуулийг чанд мөрддөг ч улс төрийн асуудлаар төвийг сахидаг. Учир нь Христийн дагалдагчид «ертөнцийнх биш» байх ёстой гэсэн Есүсийн тушаалыг дагадаг (Иохан 15:19; 17:16). Дэлхийн II дайны үед Еховагийн Гэрчүүдийг, төвийг сахих байр сууриас нь болж шоронд хорьж, эрүүдэн шүүж, заримынх нь амь насыг хороосон. Германы хамба лам Гэрчүүдийн тухай «Тэд нацист дэглэмийн үед төвийг сахиж, цэргийн алба хаагаагүй цорын ганц хүмүүс» гэжээ.
Еховагийн Гэрчүүд жирийн л хүмүүс. Есүс шавь нарынхаа төлөө «Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй» хэмээн залбирсан байдаг (Иохан 17:15). Тиймээс, тэд бусадтай л адил ажил хөдөлмөр эрхэлж, боловсрол эзэмшдэг.
«[Еховагийн Гэрчүүд] ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг. Хувиа боддоггүй ийм хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилсон ч болмоор. Даанч санасаар болдоггүй юм. ... Тэд төр засгийн эрх мэдлийг хүндэтгэдэг ч Бурхны Хаанчлал л хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийднэ гэдэгт итгэдэг»—Нова Свобода сонин, Чех